Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/554

 

С.Л-, “П” хязгаарлагдмал

хариуцлагатай компани нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч С.Л-,

шүүгдэгч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Батзоригт, Н.Нарангуа,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/372 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Л-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батзоригт, Н.Нарангуа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч С.Л-, “П” хязгаарлагдмал хариуцлагатай компани нарт холбогдох 2302007720060 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Ж овгийн С-ын Л, 1956 онд Говь-Алтай аймагт төрсөн, 69 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, “П” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

2.“П” хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2016 онд үүсгэн байгуулагдсан, лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс, хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инновац, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ, мэргэшүүлэх сургалт чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ...-гийн байранд байрлах хаягтай, ял шийтгэлгүй, (РД:...),

Шүүгдэгч лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс, хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инновац, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ, мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, шүүгдэгч С.Л- нь өөрийн “П” ХХК-аар дамжуулан Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны (нийтийн орон сууц) оффисын ... тоотод байрлах байрандаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 520 дугаарт багтсан калийн хромат (K2CrO4), 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид (0.1N NaOH), 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат (АgNО3), 60 граммын хуванцар 2 ширхэг савтай,

мөн Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...-гийн ... тоот өрөөнд “К2СrO4, 500g” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат (K2CrO4), “Sodium nydroxide 500” содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561,9 грамм натрийн гидроксид (0.1N NaOH), “АgNО3” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103,3 грамм мөнгөний нитрат (АgNО3) зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр мах, сүүний магадлан шинжилгээнд химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах түүнчлэн сүү, айрагт болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: “П” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

-С.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.Л-г “химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр”, шүүгдэгч “П” ХХК-ийг “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-г 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “П” ХХК-ийн инновац, технологи дамжуулалтын үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Л- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн шүүх, цагдаагийн мэдлэг, хандлага, ур чадвар дэндүү дорой, мэдрэмжгүй, бага ч гэлээ иргэнээ гэх хандлагагүйгээс шударга ажиллах чадваргүй болжээ. Төрдөө ингэж хүндэтгэлгүй, увайгүй хандах болсон шалтгаан нь 3 жилийн турш шүүхийн өмнө толгой гудайлган шүүгдсэний эцэст тэвчээр минь барагдлаа.

Шүүх цагдаа, Химийн хортой, аюултай бодис (ХХАБ)-ын талаар хуулийн болоод техникийн наад захын мэдлэг ойлголтгүй мөртөө хүний эрхийг хамгаалах хандлагагүй, цаашлаад химийн бодисын ангилал, орц найрлага, тун, хүлцэх хэмжээг мэдэхгүй, хор аюулыг тогтоох техникийн чадваргүй нөхцөлөөр зөвхөн Химийн хорт болон аюултай бодис гэсэн томьёоллоор иргэнээ ялтан болгох хуулийн институци болсон байна.

1.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлд химийн хорт бодис, химийн аюултай бодис, хориглосон химийн бодис, хязгаарласан химийн бодисын нэр томьёог тайлбарласан. Дээрх бодисууд нь хурааж авсан бодис дотор байхгүй.

Шүүх, цагдаа Засгийн газрын 95 дугаар тогтоол, хуульд заасан дээрх тодорхойлолт, хориглосон бодисын жагсаалт, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан бодисын жагсаалт, Засгийн газрын 448 дугаар тогтоолоор батлагдсан инновацын бүтээгдэхүүнд ашиглах химийн хортой, аюултай бодисыг харсангүй, Шадар сайд, Эрүүл мэнд, Байгаль орчны сайд нарын 54\136\215 тушаалаар баталсан журмын 5.1.5, 5.1.6. заалтыг ойлгосонгүй.

 2.Мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн  4.1.5-д “Оношлуур гэж мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон орчны сорьцын шинжилгээнд хэрэглэдэг тодорхой тун, хэмжээ, найрлага, өвөрмөц чанар, идэвх бүхий бүтээгдэхүүнийг” гэж заасан.

Натрийн шүлт (NаОН)-ын 0.1 нормал уусмал, мөнгөний нитрат (AgNO3) 0,5%-ийн уусмал, кали хромат (K2CrO4)-ын 5%-ийн уусмал бол фармокопейн өгүүлэлтэй, М1М5 стандарттай, патенттай, 2009 оноос хойш практикт хэрэглэж байгаа оношлуур байсан. Химийн хортой аюултай бодис гэж үзэж байгаа бол оюуны өмчийн эзэмшигч ХААИС-ийг мөн шалгаж баталгаажуулдаг Малын эм бэлдмэлийг шалгах улсын лабораторийг, Сорилт, шинжилгээ хийдэг УМЭАЦТЛ, 21 аймгийн МЭАЦ-ийн лабораторийг, үйлдвэрлэх эрх өгсөн ЗГХА МЭЕГ-ыг, инновацын бүтээгдэхүүн турших, судлах эрх өгсөн БШУЯ, Хүнс ХХААЯ-ны шийдвэрүүд юу байсан бэ.

Шударга хөдөлмөрөөр бүтээсэн инновацын бүтээгдэхүүнийг ингэж үгүйсгэж, гутаасныг би хэзээ ч зөвшөөрөхгүй, шүүх үнэхээр сохор байна. Дээрх 3 химийн бодис нь химийн хортой, аюултай бодис биш, лабораторийн оношлуур юм. Хуульд химийн бодис гэсэн нэр томьёо байхгүй учраас практикт химийн хортой бодис гэж нэрлэдэг.

3.Экологийн цагдаагийн мөрдөгч Баасанхүү, 2 хүний хамт нэгжлэгээр Зайсангийн ... тоотын сургалтын лабораторид байсан татах шүүгээний доод булангаас хугацаа дууссан хаягдал оношлуурыг авч явсан. Хэргийн материалд бүгд байгаа хэдий ч 3 жилийн турш үнэн бодит байдлыг тогтоож чадахгүй байгаа учраас мөрдөгч шүүх хуралд оролцон ямар зорилгоор, ямар бодисыг, хэзээ, хаанаас, ямар хэмжээтэй, ямар төлөвтэй бодис, ямар хаяг шошготой авч явснаа шүүхэд тайлбарлахыг шаардаж байна.

4.Тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй зохицуулалт байдаг. Оношлуурын орц найрлагад Засгийн газрын 95 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан химийн хортой аюултай бодисын жагсаалтад орсон ХХАБ байхгүй учраас ашиглах, хадгалахад тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байсан.

Хууль бусаар ХХАБ ашигласан гэх гэм буруу өгөөд байгаа 3 төрлийн ХХАБ нь дээрх 2 жагсаалтад ороогүй учраас энэ хэрэг дээр зөвшөөрөл шаардахгүй байсан боловч инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэх үүргийнхээ дагуу бид химийн хортой, аюултай бодис ашиглах зөвшөөрлөө 3 жилийн турш хөөцөлдөж байгаад 2024 онд авсан.

Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис”-ын жагсаалтын 5.1.6 дахь заалт нь ажлын байрны дүгнэлт гаргуулахгүй, тусгай зөвшөөрөл авахгүйгээр ХХАБ-ыг ашиглах шаардлагыг тогтоосон. Монгол Улсын бүх их дээд сургууль, хүрээлэн, лаборатори энэ тогтсон практикаар сүүлийн 30-40 жилийн турш ХХАБ-г харьяа дүүргийн байгаль орчны газар бүртгүүлээд хэрэглэж байна.

ХХАБ ашиглахад 5.1.5 “ажлын байрны дүгнэлт, байгаль орчны дүгнэлт, заавал тусгай зөвшөөрөл” заалтууд нь тодорхой, шаардлага тавьсан, зөвшөөрөл авах горимыг тогтоосон.

ХХАБ-ыг ашиглах 5.1.6 “ажлын байрны дүгнэлт гаргуулахгүй, тусгай зөвшөөрөл авахгүй, нөхцөл хангагдсан тохиолдолд” онцгой, хөнгөлөлттэй зохицуулалт буюу зөвшөөрөлгүй ашиглаж болно гэсэн агуулгатай.

Энэ нь Засгийн газрын 95 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад орсон ХХАБ ашиглахад тусгай зөвшөөрөл авах буюу ажлын байрны болон ХХАБ-н үндэсний зөвлөлийн дүгнэлт шаардлагатай гэсэн үг. Хэрэг үүсгэсэн 3 бодис нь энэ жагсаалтад ороогүй.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд зааснаар “хүлцэх хэмжээ” гэж химийн хорт болон аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх хамгийн дээд агууламжийг хэлнэ.

Хуульд заасан энэ үзүүлэлтийг тогтоосон уу, хүний эрүүл мэнд хохирсон уу, байгаль экологид нөлөөлсөн үү, эрсдэл гарах нөхцөл бүрдсэн үү, бүгд үгүй.

Химийн бодисын хор, аюулыг хэмжих үндсэн үзүүлэлт нь LD50 ба LT50 бөгөөд энэ нь тухайн бодисын тун хэмжээ, концентраци, өртөх хэлбэр, өртсөн амьтны төрөл зүйлээс хамаардаг. Шинжлэх ухааны туршилтаар туршилтын амьтан ашиглан химийн хортой бодисын хорт чанарын үзүүлэлтүүдийг тогтоодог. Эцсийн бүтээгдэхүүнийг баталгаажуулахдаа энэ бүхнийг тооцдог олон улсын заавартай. Эсвэл агаар орчны бохирдлыг тодорхойлдог. Химийн хортой аюултай бодисыг 10 үндсэн, 20 гаруй дэд ангилалд ангилан, эрсдэлийн үнэлгээ хийж хор, аюулыг тогтоох, ашиглах, хадгалах зохицуулалтад ашигладаг.

Хэрэгт холбогдолтой натрийн шүлтийн 0,1 нормал уусмал, кали хроматын 0,5% спиртэн уусмал, мөнгөний нитратын 5%-ийн усан уусмалын LD50 ба LT50-н тооцоолон харуулбал: ямар буфер, уусгагч тогтворжуулагч, саармагжуулагч хэрэглэснээс үүдэн тухайн бодисын хоруу чанарыг нарийвчлан тогтоож баттай, тогтвортой үр дүн гаргах магадлал бага байдаг.

Шинжээч, аудитор мэргэжилтний хувьд, цэвэр химийн, хортой, аюултай тухайн бодисын хор аюулын лавлах (MSDS) дээр суурилан тооцооллыг хийж, химийн хортой аюултай бодисыг оношлуураас ялгаатай байдлыг харуулахыг хичээлээ. Дээр нь саармагжуулагч, тогтворжуулагч буфер, спирт, индикатор уусмал нэмж эцсийн бүтээгдэхүүн болдог.

Монголын нөхцөлд, химийн хортой, аюултай бодисын хэмжээ, хор аюулын түвшнийг тогтоох техникийн чадавх сул байгаа нь иргэн, аж ахуйн нэгж эрүүгийн хариуцлага хүлээх шалтгаан болох ёсгүй. Оношлуур буюу бүтээгдэхүүнд 0.5% хэмжээтэй химийн бодисыг хольсон ч тогтоож чадаагүй атлаа хэрэг тулгаж байгаа.

Оношлуур хурааж авч явсан атлаа химийн бодис байсан гэж ял тулгаж байгаа байдал нь үнэхээр харамсалтай байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батзоригт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Л- нь химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. “П” ХХК-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нь С.Л- юм.

Шүүгдэгч С.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “П” ХХК-ийг /Б.М-ыг/ мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, шүүхээс гэм буруутайд тооцон ял оногдуулсан нь ойлгомжгүй. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэснийг шүүх зөрчсөн.

Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, С.Л-гийн болон “П” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалган хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлын 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоож чадаагүй.

Лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инновац, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ, мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, ашиг сонирхлын төлөө “П” ХХК нь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны оффисын ... тоотод 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оноос эхлэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ашигласан, хадгалсныг тухайн хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэхгүй. Уг ... тоот байрыг 2022 онд худалдан авч хууль ёсны өмчлөгч нь болсон.

Эрүүгийн хуульд заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн. “П” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал С.Л- нь өөрийн ажил мэргэжлийн хүрээнд зохих эрх бүхий лаборатори ажлын байранд эрдэм шинжилгээ туршилтын ажлыг зохих зөвшөөрөлтэйгөөр үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан. Эрдэм шинжилгээний туршилт судалгаанд дээрх 3 бодисыг ашиглаж хадгалж байсан нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэж яллаж байгааг зөвшөөрөхгүй. “П” ХХК нь химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл авах талаар 3 жил хөөцөлдсөн, яагаад олгохгүй байсныг мөрдөгч шалгах үүрэгтэй. Дээрх химийн бодисуудыг эрдэм шинжилгээ туршилтын үйл ажиллагаанд Мал аж ахуйн хүрээлэнгийн захиалгаар ажлыг гүйцэтгэхдээ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй химийн хорт бодисыг ашиглаж, хадгалсан. Эрдэм шинжилгээ туршилтын ажилд зориулан зөвшөөрөлтэй “Грийн химистр” ХХК-аас Натрийн гидроксид бодисыг худалдан авч, ашиглаж, хадгалсан үйлдэл нь хууль бусаар ашигласан, хадгалсан үйлдэл мөн үү гэдгийг тогтоож чадсангүй. Дээрх химийн хорт бодисууд нь ...-гийн 124 тоот зориулалтын байранд хадгалагдаж байсан. Химийн хорт болон аюултай бодисыг ашиглахад хяналт тавих шаардлагын 5.1.6-т “энэ журмын 5.1.5-т заасан дүгнэлт хамаарахгүй” байхаар заасан нь туршилт, судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэнд хамаарахгүй, химийн хорт бодис ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөл шаардахгүй хуулийн зохицуулалтыг шүүх анхаарч үзсэнгүй.

Урьд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шийтгэлийн хуудсаар 3,000,000 төгрөгөөр торгож гэмт хэрэг төгссөн. Гэтэл прокурор 2018 оноос 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй.

С.Л- гэмт хэрэг үйлдсэн үү, “П ХХК” хууль бусаар үйл ажиллагаандаа ашигласан, хадгалсан уу гэдгийг шалгах үүрэгтэй боловч С.Л-, “П” ХХК-ийг хоёуланд нь ял оногдуулсан нь үндэслэлгүй. Дээрх 3 төрлийн бодисууд нь хориглосон бодисын жагсаалтаас хасагдсан эсэхийг тогтоох үүрэгтэй. Мөн Б.М- нь шүүгдэгч “П” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байхад Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэснийг шүүх зөрчиж, Б.М-ыг оролцуулан ял оногдуулсан нь буруу.

С.Л-, “П” ХХК нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд шүүхэд эргэлзээ төрүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл 2 дахь хэсгийг хэрэглээгүй. Миний өмгөөлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, үйлдэл холбогдлыг шүүх нотолж чадаагүй. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үйлдэл холбогдол нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан байдлууд тогтоогдоогүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй тул, мөн Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Л-, “П” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Нарангуа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Химийн хорт болон аюултай бодисын хувийн жин, хэмжээг харвал “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ын 5.1.6-д заасантай нийцсэн, журамд заасан хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр ашиглаж, хадгалсан байхад гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж дүгнэхдээ тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хэзээ эхэлж, хэзээ төгссөнийг ямар баримт нотолгоонд үндэслэн тогтоосон нь тодорхойгүйн дээр хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн огноотой цаг хугацааны хувьд тохирдоггүй. Гэрч Т.Анарын мэдүүлэг нь баримт нотолгоогүй, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхойгүй байхад дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.

Гэрч С.О-ийн мэдүүлгээс харахад, “П” ХХК нь мах, сүүний тест хийдэг болохыг нотолж байгаа бөгөөд шүүгдэгч нар ч мэдүүлгээрээ сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг тест буюу “оношлуур” нь дээрх нэр төрлийн химийн бодисыг найрлагадаа агуулдаг болохыг тогтвортой мэдүүлсэн.

Гэрч Д.З-ын мэдүүлгээс үзэхэд, шүүгдэгч нар нь тухайн байгууллагаас химийн хортой болон аюултай бодис худалдан аваагүй болохыг нотолж байхад эсрэгээрээ шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар нотлох баримтыг үнэлсэн нь нотлох баримтын шаардлагад нийцэхгүй. Харин ч дээрх гэрчийн мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгдэгч нарын эрх зүйн байдалд ашигтай байр суурийг илэрхийлсэн байхад буруу дүгнэсэн.

Гэрч О.Х-гийн мэдүүлгээс дүгнэхэд, тухайн компани нь тусгай зөвшөөрөлгүй компанид химийн хорт болон аюултай бодис зарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөнд нь ач холбогдол өгч шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон ч химийн хорт болон аюултай бодис гэх “линолын хүчил”-ын хэмжээ, тун тодорхойгүй, О гэх хүнд зарсан гэсэн атлаа төлбөрөө тухайн үед нь аваагүй, “П” ХХК-аас шилжиж орж ирсэн мөнгийг О гэх хүний худалдан авсан линолын хүчлийн төлбөр гэдгийг яаж тодорхойлж, тогтоосон нь тодорхойгүй байгаа зэрэг нь харин ч О.Х гэх хүн болон түүний ажилладаг хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлгүй, “багш” гэхээр нь л химийн хорт болон аюултай бодис зараад байх уу. Энэ нь хууль зөрчсөн тодорхой үйлдэл байхад түүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгээгүй атлаа худалдсан бодисын төлбөр төлсөн гэх мэдүүлгээр шүүгдэгч нарыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Гэрч Э.У-гийн мэдүүлгээс харахад, “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ын 5.1.6-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодис ашигласан, хадгалсан гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмыг удирдлага болгосон. Тус журмын 5.1, 5.1.5, 5.1.6-д заасныг харгалзан үзнэ үү. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/113 дугаар тушаалын хавсралтаар Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам шинэчлэгдсэн. Энэ журмын 2.2 дугаар зүйлийн 2.2.1-т судалгаа, шинжилгээний зориулалтаар химийн хорт болон аюултай бодисыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр ашиглах, хадгалахад тусгай зөвшөөрөл шаардахгүй болохыг зохицуулсан.

Гэрч Т.Г-ийн мэдүүлгээс харахад, шүүгдэгч С.Л-г мөнгөний нитрат авсан гэж баттай нотлоогүй “авсан байх” гэх байдлаар таамаглан мэдүүлсэн байтал түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5657 дугаар дүгнэлтээр  “П” ХХК-ийн сургалтын байрнаас хураан авсан бодисууд байх бөгөөд 2025 оны Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмын 2.2.1-т заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй.

Шинжээч Г.Золжаргалын мэдүүлгээс харахад, 5 ширхэг бодисуудын агуулгыг 5657 дугаар шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон болохыг нотлохын дээр үлдсэн 10 ширхэг бодисуудын найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй гэсэн нь тухайн нотлох баримт хэрэгт ач холбогдолгүй, эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1392 дугаар дүгнэлтээр шинжилгээний объектын хуванцар савтай үеийн жинг тодорхойлсон байх хуванцар савнаас тусад нь хэмжвэл дээрх хэмжээнээс илэрхий бага хэмжээтэй байх нь тодорхой байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай, бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр нотолж чадаагүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14, 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг зөрчиж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн буюу үргэлжилсэн үйлдлийг яв цав тогтоогоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл бүрэн гүйцэт тогтоогдоогүй.

Түүнчлэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэрэгт хохирол, хор уршиг учраагүйн дээр тэдгээрийн ашигласан, хадгалсан гэх химийн хорт болон аюултай бодисуудын найрлага бүхий “оношлуур” буюу мах, сүүний шинжилгээнд хэрэглэх урвалжийг хураан авч, түүнд шинжээчийн дүгнэлт хийлгэн, улмаар гэрч нарын “байх”, “магадгүй” гэх утга агуулга бүхий мэдүүлгүүдэд үндэслэн хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хэмжээгээр буюу тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр ашиглах боломжтой бодисуудыг сургалтын зорилгоор ашигласны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж, шийтгэл оногдуулсанд гомдолтой.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэт нэг талыг барьсан үндэслэл муутай шийдвэр болсны дээр шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч биш, компанийн өмч хувьчлал болон орон тооны хувьд боломжгүй. Тухайн үед би Америкийн хөгжлийн агентлагт үндэсний зохицуулагч хийдэг байсан. Эхийнхээ мэргэжлийг эзэмшсэн учраас ажилд нь тусалдаг. “П” ХХК-д холбоо хамаарал байхгүй. ...” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй. Химийн хорт аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласнаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг хуульчилсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад, иргэн Т.А-аас гаргасан гомдол, мэдээллийн дагуу ...-гийн 124 тоот, мөн Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоот гэсэн газарт хэргийн газрын үзлэг хийж 10 нэр төрлийн химийн бодис байж болзошгүй хэмээн хураан авч, шинжилгээнд хүргүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр “10 нэр төрлийн бодисоос 3 нь химийн хортой, аюултай бодисын жагсаалтад хамаарна, хэмжээг тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Э.У- тодорхой “нэг кг эсвэл нэг литрээс бага хэмжээтэй Монгол Улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан химийн бодисыг ашиглахад Химийн хорт, аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөлийн дүгнэлт хамаарахгүй гэсэн болохоос тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй” талаар тодорхой мэдүүлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй. Хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсантай холбоотой хууль ёсны төлөөлөгчийг томилуулах албан бичиг явуулсны дагуу “П” ХХК-ийн захирал С.Л-гийн гарын үсэгтэй 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 2/15 дугаар “Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийг төлөөлөх хүнээр гүйцэтгэх захирал албан тушаалтай Б.М-ыг томилж байна” гэсэн албан бичиг ирүүлсэн. Тухайн албан бичигт үндэслэж Б.М-ыг тухайн компанийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн.

Гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2018-2024 оны үеийн журмаар химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалах талаарх журам хэрэгт авагдсан. “П” ХХК нь лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа, үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс, хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инновац, технологи дамжуулалт, мал эмнэлгийн мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагаа явуулдаг гэж хэд хэдэн нэр төрлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн лавлагаа, гэрчилгээ, холбогдох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Иймд дээрх хуулийн этгээд, шүүгдэгч нар 3 нэр төрлийн химийн хорт, аюултай бодисыг тодорхой үргэлжилсэн хугацаанд зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалсан нь тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Л-, “П” хязгаарлагдмал хариуцлагатай компани нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

гэрч Т.А-ын: “...Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байранд 2014 оноос амьдарч байна. Манай оршин суугчдын фейсбүүк группт “нэг давхарт хана цоолох гэж байна” гэсэн постын дагуу өөрөө харахаар тухайн аж ахуйн нэгжийн байранд ороход ахимаг насны эмэгтэй хүн нураасан ханыг үзүүлсэн. Байрны урд талын цонх байсан хэсгийг сэтлээд хаалга гаргаж шууд гадагшаа гарах зориулалттай болгосон байсан ба түүний эсрэг талд лабораторын үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй шилэн хаалга бүхий өрөөнд орох гэхэд “манай лабораторын хэсэг тул оруулах боломжгүй” гээд оруулаагүй. Шилэн бортоготой шингэн зүйлүүд байсан /химийн хортой бодис байж магадгүй/...” (1хх 49),

гэрч С.О-ийн: “...Манай “П” ХХК нь спирт, хүхэр, хүчлийн зэс, хурган чихний хүчил, фуксин, генциоволет, люголын уусмал /кристаль иод, калийн иод/, борнтимал, розолийн хүчил, натрын хлорид, ус төрөгчийн хэт исэл /перкес/ фенолфталейн, карболын хүчил, бензидин гэх нэршилтэй бодисуудыг ашиглаж үйлдвэрлэл хийдэг. Эдгээр бодисоос Монгол Улсын химийн хортой гэсэн ангилалд нь бензидин гэх нэртэй бодис багтдаг ба үүнийг тусгай зөвшөөрлөөр ашиглаж хэрэглэдэг. Бусад бодис нь Монгол Улсын химийн хортой, аюултай бодисын ангилал, жагсаалтад байдаггүй. Дээрх бодисуудыг ашиглаж мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний мах, сүүний тест үйлдвэрлэдэг. Тус хоёр тестийг 21 аймаг сумдын мал эмнэлгийн салбар нэгжүүд нийслэл, дүүргийн хүнсний зах, худалдааны төвүүдийн мал эмнэлгийн лабораториуд махны үйлдвэрийн бүх лабораторид махны ариун цэвэр, шинэлэг байдал, үхсэн, өвчтэй малын махыг илрүүлэх зорилгоор ашиглаж байна. Харин сүүний тестээр сүүний хольцыг тогтоох чиглэлээр ашигладаг. Энэ хоёр тест нь улсын баталсан стандарттай, зохиогчийн эрхтэй, патенттай, малын эм, бэлдмэлийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид жил бүр баталгаажуулж хэрэглэдэг. Тухайн үед манай молекул биологийн хөргөгчөөс гарсан 4 ширхэг бодисуудыг би ашиглаж хэрэглэдэггүй болохоор мэдэхгүй байна. Манай “П” ХХК нь мал эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Г компани тул тухайн байгууллагын лабораторийг ашигладаг. Тэр 4 ширхэг бодисыг мал эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээнд ДНХ ялгахад ашигладаг бодис юм...” (1хх 57-58),

гэрч Д.З-ын: “...Г “П” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр микробиологийн шинжилгээнд ашигладаг нэг удаагийн ариун 4 нэр төрлийн 252 ширхэг хэрэгсэл сав, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр микробиологийн шинжилгээнд ашигладаг 11 нэр төрлийн тэжээлт орчин, нэг удаагийн ариун хэрэгсэл, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр маханд антибиотикийн идэвхт бүтээгдэхүүний тодорхойлдог түргэвчилсэн тест, түүнд ашигладаг багаж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр лабораторын нэг удаагийн 2 нэр төрлийн ариун хэрэгсэл 203 ширхэг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4 нэр төрлийн лабораторийн нэг удаагийн хэрэгсэл, 1 нэр төрлийн тэжээлт орчин 1705 ширхэг, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 3 нэр төрлийн лабораторийн нэг удаагийн хэрэгсэл, 2 нэр төрлийн тэжээлт орчин маханд антибиотикийн үлдэгдэл тодорхойлдог түргэвчилсэн тест нийт 403 ширхэг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4 нэр төрлийн лабораторийн нэг удаагийн хэрэгсэл 661 ширхэг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2 нэр төрлийн тэжээлт орчин, лабораторийн нэг удаагийн хэрэгсэл, нийт 1503 ширхэг, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “П” гэдэг нэрээр 1 нэр төрлийн лабораторын нэг удаагийн хэрэгсэл, 1 нэр төрлийн тэжээлт орчин нийт 7 ширхэг бүтээгдэхүүн худалдан авсан...” (1хх 72-73),

гэрч О.Х-гийн: “...2023 оны 01 дүгээр сард Хөдөө аж ахуйн их сургуулиас Линолын хүчин худалдан авахаар хүсэлт ирүүлсний үндсэн дээр манай компани 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ... их сургуулийн багш н.О гэх хүнд хүлээлгэн өгсөн. Тухайн бодисын төлбөрийг “П” ХХК-аас шилжүүлсэн. Манай компани химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй компанид худалдан борлуулдаг. Харин Г “П” ХХК-ийг ... их сургуулийн харьяа эхлэлийн компани гэхээр нь зөвшөөрөлтэй гэж найдаад зарсан байх...” (1хх 93-94, 120-121) ,

гэрч Э.У-гийн: “...Химийн хорт аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудал нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар хариуцдаг ба тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохион байгуулж, олгодог. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Шадар сайд, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан 54/А/136/А/215 дугаар “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах устгах журам”-ын 5.1.6-д судалгаа шинжилгээний зориулалтаар 1 килограмм эсвэл 1 литрийн бага хэмжээтэй Монгол Улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан химийн бодисыг ашиглахад химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын ундэсний зөвлөлийн дугнэлт хамаарахгуй гэсэн биш, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болно гэсэн зүйл байхгүй. K2CrO4, АgNО3, 0.1N, NaOH гэх нэршилтэй бодисууд нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад ордог, тусгай зөвшөөрөл авах шаардлагатай...” (1хх 108-109),

гэрч Т.Г-ийн: “...Мөнгөний нитрат бодисыг манай лаборатори нь тухайн үедээ зөвшөөрөлтэй компаниас эрдэм шинжилгээний төслийн хүрээнд авч байсан санагдаж байна. Яг хэн нь очиж авсныг санахгүй байна. Миний хувьд хувиараа бодис аваад С.Л-д өгсөн асуудал байхгүй. Эрдэм шинжилгээний ажилд зарцуулагдсан мөнгөний нитрат бодисоос үлдсэнийг нь С.Л- авсан байх...” (1хх 124-125),

шүүгдэгч С.Л-гийн: “....Манай компани оффис сургалтын төвдөө мах үйлдвэрлэгч, экспортлогч компаниудад сургалт зөвлөгөө үзүүлж, лабораторид компаниудын малын мах сүүг шинжлэх, мах сүүний магадлан шинжилгээний оношлуур үйлдвэрлэдэг. Лабораторийн дээрх ажилд 60 гаруй төрлийн химийн бодис ашигладаг. Манай компани анх үүсгэн байгуулагдаад ...-гийн байранд үйл ажиллагаа явуулж байгаад 2021 онд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод нүүж орж үйл ажиллагаа явуулсан. 2023 оны 10 дугаар сард малын эмч нарт сургалт орохдоо сургалтын зориулалтаар ашиглах гээд лабораторийн байрнаас 15 ширхэг жижиг хуванцар савтай бодисыг авчирч, ашиглачхаад буцаагаад лабораторид аваачиж амжаагүй оффис, сургалтын байрандаа байлгаж байхад Экологийн цагдаагийн албанаас шалгалт ирж хураан авсан. Уг хураан авсан 5 савтай бодисоос давхардсан 3 нэр төрлийн химийн хорт болон аюултай бодис илэрсэн. Тухайн калийн хромат, натрийн гидроксид, мөнгөний нитрат бодисууд нь химийн хортой бодис мөн тул ямар нэгэн байдлаар маргахгүй. Үлдсэн 10 ширхэг савтай бодисууд нь тодорхойлогдохгүй. Учир нь хугацаа дууссан, үйлчлэх химийн шинж чанар алдагдсан. Шинжилгээнд ашигладаг дусал тестээр мах, сүүний чанар байдлыг шалгаж шинжилгээний хариу гаргахад ашигладаг. Манай компани тухайн 3 ширхэг савтай бодисуудыг мах сүүний магадлан шинжилгээний оношлуур хийхэд түүхий эд болгон ашигладаг. Тухайн 3 савтай бодис эх хувиараа байсан, ямар нэгэн бодистой хольж шингэлээгүй. Натрийн гидроксид бодисыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Г” химийн бодис худалдаалдаг компаниас худалдан авсан. Хром хүчлийн кали бодисыг “Ц” химийн бодис худалдаалдаг компаниас 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авсан. Мөнгөний нитрат бодисыг ...-гээс Олдмол ба хиймэл нуурын загасны аюулгүй байдлын судалгаа төслийн хүрээнд зун олж авсан...” (1хх 111-112, 2хх 102-103),

шүүгдэгч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын: “...Ээж С.Л-гийн хамт “П” ХХК-ийг 2016 оны 06 дугаар сард үүсгэн байгуулсан. “П” ХХК нь анх Инновацын тухай хуулиар ... их сургуулийн дэргэдэх ...-г түшиглэн орчин нөхцөл, тоног төхөөрөмжөөр хангагдан шинжлэх ухаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн. 2022 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас манай компанид шалгалт орж химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй, мөн лаборатори нь орон сууцанд байж болохгүй гээд торгуулийн арга хэмжээ авч, манай лабораторийн байрыг лацдаж үлдээсэн. Ингээд лабораторын байраа ...-ийн байр руу нүүлгэн шилжүүлж, химийн бодис ашигладаг лаборатори, сургалт, оффис тусдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Лабораторын байранд нунтаг бодис ашиглан шинжилгээний оношлуур хийж сургалтын төвдөө ашигладаг. Шинжилгээний оношлуур нь шингэн бодис байгаа юм. Сургалтын төв дээр аваачиж хураалгасан бодисууд байгаа юм. Одоо нэлээн бага хэмжээтэй 3-4 нэр төрлийн бодис үлдсэн байх, үлдсэнийг ашиглаад дууссан. Сургалтын төвд аваачсан бодисууд нь хугацаа нь дууссан үлдэгдэл бодисууд байсан. 3 савтай бодис нь эх хувиараа байсан ба ямар нэгэн бодистой хольж, шингэлээгүй. Тухайн хуурай бодисуудыг маш бага хэмжээгээр буюу 0,1 хувиар 0,5 хувиар нэрсэн усанд хольж хэрэглэсэн тул удаан хэрэглэдэг. Эдгээр гурван бодисоос маш бага хэмжээгээр буюу 0,1 0,5 0,1 нормал авч уусмал бодис болгон мах сүүний оношлуурын тестер болгоод сургалтад ашиглах гээд сургалтын байранд аваачсан байж байгаад хураалгасан. Химийн хорт аюултай бодис ашигласан асуудал дээр маргахгүй. Эрх бүхий байгууллагаас химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаанд хөөцөлдөөд бүх бичиг баримтуудыг бүрдүүлсэн боловч ажлын байрны дүгнэлтийг авч чадахгүйгээс болж тусгай зөвшөөрөл авч чадаагүй. Ажлын байрны дүгнэлтийг өгөх эрх бүхий байгууллага одоо Монгол Улсад байхгүй байна...” (2хх 83-84, 86-88) гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5657 дугаар: “...Шинжилгээнд ирүүлсэн 5 бодисуудыг калийн хромат /K2CrO4/, мөнгөний нитрат /АgNО3/, натрийн гидроксид /NaOH/ гэж тодорхойлсон ба Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын 520-т калийн хромат /K2CrO4/, 158-т натрийн гидроксид /NaOH/, 601-т мөнгөний нитрат /АgNО3/ гэх бодисууд нь хамаарна...” (1хх 131-137) гэсэн дүгнэлт,

дээрх дүгнэлттэй холбогдуулан өгсөн шинжээч Г.Золжаргалын: “...Шинжилгээнд ирүүлсэн 15 ширхэг дээжид Стандарт ажлын заавар /СНЕМ-13, СНЕМ-17, РН-7/-ын дагуу физик, химийн шинжилгээг хийсэн. K2CrO4, АgNО3, АgNО3, 0.1N NaOH, 0.1N NaOH гэх нэршилтэй 5 ширхэг бодисуудын агуулгыг тодорхойлсон. Үлдсэн бодисын НЕС, БРОМТИМОЛ, 1% ФЕНОЛТАПЕЙНЫ СПИРТЭН УУСМАЛ, ЛЮГОЛИЙН УУСМАЛ, SDS Electrophoresis purity reagent, 1M Tris-HCI (pH6.8), Betaine, TWEEN20, БЕНЗИДИН, Метилийн хөхийн спиртийн ханасан уусмал гэх нэршилтэй 10 ширхэг бодисуудын найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй...” гэсэн мэдүүлэг (1хх 142-144),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1392 дугаар: “...“K2CrO4 500g” гэсэн шошготой шар өнгийн бодис нь калийн хромат (K2CrO4), “Sodium hydroxide 500g” гэсэн шошготой цагаан өнгийн бодис нь натрийн гидроксид (NаOН), “АgNО3” гэсэн шошготой цагаан өнгийн бодис нь мөнгөний нитрат (АgNО3) байна. Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад тус тус багтсан...” гэсэн дүгнэлт (2хх 125-127),

Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт (1хх 114-117),

“П” ХХК, компанийн захирал С.Л- нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл авч байгаагүй талаарх тус яамны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07/28 дугаар албан бичиг (1хх 168),

“П” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1хх 24),

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 8-23, 2хх 110-117),

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх 4) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:

шүүгдэгч “П” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, шүүгдэгч С.Л- нь өөрийн “П” ХХК-аар дамжуулан Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны (нийтийн орон сууц) оффисын ... тоотод байрлах байрандаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 520 дугаарт багтсан калийн хромат (K2CrO4), 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид (0.1N NaOH), 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат (АgNО3), 60 граммын хуванцар 2 ширхэг савтай,

мөн Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...-гийн 124 тоот өрөөнд “К2СrO4, 500g” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат (K2CrO4), “Sodium nydroxide 500” содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561,9 грамм натрийн гидроксид (0.1N NaOH), “АgNО3” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103,3 грамм мөнгөний нитрат (АgNО3) зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр мах, сүүний магадлан шинжилгээнд химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах түүнчлэн сүү, айрагт болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалсан гэмт хэргийн үйл баримт шүүгдэгч тус бүрд нотлогдон тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд С.Л-, “П” ХХК нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд дээрх хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч С.Л-г хуулийн этгээдээр дамжуулан, шүүгдэгч “П” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашиглаж, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болжээ.

1.Хорт бодис гэдэгт байгалийн гаралтай бодисыг дахин боловсруулж хорт чанарыг нэмэгдүүлдэг, хими, биологийн үйлдвэрлэл, лабораторийн аргаар зориудаар гаргаж авсан бодисуудыг хамруулан ойлгоно.

Дээрх бодисуудын тунг өчүүхэн төдий хэтрүүлэхэд амь насанд аюултай хор уршигт хүргэж болно. Түүгээр зогсохгүй зарим бодисыг агаар, усанд их хэмжээгээр хийхэд амьтай бүхнийг устгах, хордуулах, гэмтээх аюултай байдаг.

Тиймээс химийн бодисын зохистой хэрэглээг бий болгож, түүний хор нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахын тулд хорт, аюултай бодистой холбоотой бүхий л төрлийн харилцааг хуулиар зохицуулах шаардлага бий болж, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийг батлан, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт химийн бодисыг уг ангиллын дагуу хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь хортой ба аюултай гэж ангилахаар заасан.

Химийн хорт бодис гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, химийн аюултай бодис гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг тус тус ойлгоно.

Эдгээр бодисыг хууль бусаар хадгалсан гэдэгт тэдгээрийг хадгалах шаардлагыг хангаагүй нөхцөлд тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулах, тээврийн хэрэгсэл, хашаа саравч, агуй, хонгилд нуух, байрлуулахыг, зориулалтын бусаар ашигласан гэдэг нь тэдгээрийн зориулалтыг дур зоргоороо өөрчилж, өөр зорилгоор хэрэглэх тухай ойлголт юм.

Энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь химийн хорт, аюултай бодис бөгөөд тэдгээрийг үйлдвэрлэх, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, ашиглах журмыг зөрчсөн үйлдлээр илэрдэг.

Өөрөөр хэлбэл, химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бус үйлдэл хийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангана.

Тодруулбал, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд:

-химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран,

-Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг Засгийн газар,

-дээрх жагсаалтад орсон тухайн бодисын бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тус тус батлахаар заажээ.

Үүний дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд,  спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  А/356/396 хамтарсан  тушаалын 3 дугаар хавсралтаар “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ыг баталсан.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотоос 60 граммын савтай калийн хромат (K2CrO4), 60 грамм, 100 граммын 2 савтай натрийн гидроксид (0.1N NaOH), 60 граммын савтай мөнгөний нитрат (АgNО3),

мөн Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...-гийн 124 тоотоос 448.7 грамм калийн хромат (K2CrO4), 561.9 грамм натрийн гидроксид (0.1N NaOH), 103.3 грамм мөнгөний нитрат (АgNО3) гэсэн 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг илрүүлж, хураан авсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон.

Дээрх бодисуудын тухайд, “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 520 дугаарт калийн хромат, 158 дугаарт натрийн гидроксид, 601 дүгээрт мөнгөний нитрат тус тус хамаардаг.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагаа эрхлэхдээ холбогдох хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөх үүрэгтэй.

Химийн хорт болон аюултай бодисыг түүний онцлог шинж чанарыг нь харгалзан зориулалтын тусгай агуулахад хадгалах, мөн ашиглахдаа Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/А/215  дугаар хамтарсан  тушаалын хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-д заасны дагуу батлагдсан журмыг баримтална.

Тус журмын 3 дугаар зүйлд химийн хорт болон аюултай бодисыг хадгалахад тавих нэмэлт шаардлагыг дараах байдлаар зохицуулсан.

3.1.Химийн бодисыг “Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулах” стандартын шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгална.             

3.2.Химийн бодис хадгалах агуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хүрээнд эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байна.             

3.3.Химийн бодисыг орон сууцны, худалдаа үйлчилгээний газрын болон албан байгууллагын байшингийн зоорийн давхарт хадгалахыг хориглоно.

Түүнчлэн, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл тусгай болон энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно” гэж заажээ.

Тус хуулийн 8.1 дүгээр зүйл болон Химийн хорт, аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд уг зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

Гэтэл шүүгдэгч С.Л- нь дээрх тусгай зөвшөөрлийг аваагүй хэрнээ хорт, аюултай бодисын жагсаалтад орсон 3 нэр төрлийн бодисыг сургалт болон оношлуур хийхэд ашиглаж, улмаар түүнийгээ нийтийн орон сууцны оффисын ... тоот хаяг, мөн ...-гийн ... тоотод тус тус хадгалсан үйл баримт Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн 07/28 дугаар албан бичиг, мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5657 дугаар, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1392 дугаар дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон тул түүний үйлдэл Эрүүгийн хуульд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

2.Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “...Хан-Уул дүүргийн ... дүгээр байрны ... тоотод тусгай зөвшөөрөл авалгүйгээр химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус агуулахад хадгалсан...” зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлсний дагуу лабораторийн байраа ...-ийн байр руу нүүлгэн шилжүүлж, уг ... тоот байранд сургалт, оффисын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж шүүгдэгч С.Л- мэдүүлдэг.

Гэвч мэдэгдэл хүргүүлсээр байхад гэмт хэргийн шинжтэй үйлдлээ таслан зогсоолгүйгээр үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн ... дүгээр байрны ... тоотод химийн хорт, аюултай бодисуудыг хадгалсаар байсан нь мөрдөгч үзлэг хийхэд илэрч хураагдсан.

Шүүгдэгч “2023 оны 10 дугаар сард малын эмч нарт сургалт орохдоо лабораториос 15 ширхэг жижиг хуванцар савтай бодисыг авчирч, сургалтдаа ашиглаад буцааж лабораторид аваачиж амжаагүй байсан” гэж мэдүүлдэг боловч тус байранд тухайн хорт бодисуудыг ямар зорилгоор аваачиж, яах гэж хадгалж байсан нь ач холбогдолгүй.

Харин дээрх хэсэгт дүгнэсэнчлэн, тусгай зөвшөөрөлгүйгээр калийн хромат, натрийн гидроксид, мөнгөний нитрат бодисуудыг Хан-Уул дүүргийн ... дүгээр байрны ... тоотод байлгаснаар химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг төгсөнө.

3.Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмын 5.1.6-д “Судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах, нэг килограмм эсхүл нэг литрээс бага хэмжээтэй “Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодис” болон “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис”-ын жагсаалтад орсон бодист Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн дүгнэлт хамаарахгүй” гэж заасныг тусгай зөвшөөрөл шаардахгүй гэсэн байдлаар тайлбарлаж хэрэглэхгүй.

Учир нь, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлөөс гаргаж буй дүгнэлтийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгох зөвшөөрөлтэй адилтгах үндэслэлгүй бөгөөд эдгээр нь зохицуулах зүйл, хэрэглэгдэх харилцаа, түүнчлэн, үүсгэх үр дагаврын хувьд ч ялгаатай юм.

Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын хяналтын газрын байцаагч Э.У-гаас гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр “тус журмын 5.1.6 дахь заалт нь дүгнэлт хамаарахгүй гэсэн болохоос тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болно гэсэн зүйл байхгүй” гэж мэдүүлсэн.

Шинжээчийн дүгнэлтүүдээр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоот, ...-гийн ... тоотоос хураан авсан бодисууд нь “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д хамаарахыг тогтоосон бөгөөд урьдчилж тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр тухайн бодисыг хадгалж, тодорхой төрлийн үйл ажиллагаандаа ашиглах боломж хуулиар нээгдэхээр байхад зөвшөөрөл аваагүй байж санаатайгаар химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан нь шүүгдэгчийн гэмт санааг нотлохын зэрэгцээ тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн, шүүгдэгч С.Л-гийн зүгээс тусгай зөвшөөрөл авахаар 3 жилийн хугацаанд хөөцөлдсөн, яагаад авч чадаагүй зэрэг асуудал нь шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэхэд ач холбогдолгүй төдийгүй тусгай зөвшөөрөл олгоогүй шалтгааныг мөрдөгч шалган тогтоох үүрэггүй болохыг дурдаж байна.

4.Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах нь байгаль орчин, байгаль хамгаалах үйл ажиллагаа болон хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, харин химийн хорт, аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан хууль бус аль нэгэн үйлдлийг хийснээр төгсдөг, хүрээлэн байгаа орчинд нэн аюултай гэмт гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Л-гийн тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалж, үйл ажиллагаандаа ашигласан дээрх бодисууд нь тухайн газар байснаар ойр орчиндоо болон хүн амын эрүүл мэнд, байгаль экологи зэрэгт заавал хор уршиг учирсан байх албагүй.

Харин химийн хорт болон аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулснаар хүмүүсийн эрүүл мэндэд хүнд хор уршиг учруулах, амь насыг нь хөнөөх, их хэмжээний хөрөнгийн хохирол учруулж, өөр төрлийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан, нөхцөл болох аюултай үр дагаварт хүргэж болзошгүй эрсдэлтэй тул заавал хор уршиг учирсны дараа бус, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр тухайн бодистой хууль бусаар харьцсан үйлдэл хийснийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Тиймээс шүүгдэгч С.Л-гийн “хүний эрүүл мэнд хохироогүй, байгаль экологид нөлөөлөөгүй, эрсдэл гарах нөхцөл бүрдээгүй” гэж байгаа нь огт үндэслэлгүй тайлбар төдийгүй энэ гэмт хэргийн улмаас хохирол учраагүй нь шүүгдэгчийн гэмт үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

5.Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сард баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх талаар санхүүгийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх олон улсын байгууллагын шинэчилсэн 40 зөвлөмж”-ийн 3-т “хувь хүнд хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх талаар хуульд тусгах шаардлагатай” гэснийг дурдаж, Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан.

Дээрх давхар хариуцлагын тогтолцооны дагуу Монгол Улсын эрх зүйн зохицуулалтын хувьд, хуулийн этгээд болон түүнийг төлөөлөн шийдвэр гаргасан этгээдэд аль алинд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын дагуу хуульчлагдсан давхар хариуцлагын талаарх дээрх заалт нь “Double non jeopardy” буюу “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн заалтыг зөрчихгүй болох нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтаар илэрхийлэгдэнэ.

Иймд “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийг үйлдэх нь тухайн хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтын шийдвэр гаргаж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тухайн хуулийн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгах үндэслэл болж, давхар хариуцлага хүлээлгэдэг.

Хуулийн этгээд гэдэг нь өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл юм.

“П” ХХК-ийг улсын бүртгэлд 2016 онд лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс, хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инноваци, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ, мэргэшүүлэх сургалт гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Тухайн хугацаанаас хойш тус компани нь мал эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх зэрэг тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн нь хэрэгт хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна.

Тиймээс шүүгдэгч С.Л-гийн өөрийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК-ийн нэрийн өмнөөс “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан калийн хромат, натрийн гидроксид, мөнгөний нитратыг тусгай зөвшөөрөлгүйгээр хориглосон газарт байлган, түүнийгээ тодорхой төрлийн үйл ажиллагаанд ашигласан үйлдэлд нь түүнд болон “П” ХХК-д давхар эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх ба анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.  

6.Шүүхээс шүүгдэгчийг давтан үргэлжилсэн хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр нэг гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж ял оногдуулах бол энэ шинжийг харгалзан хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэргийн нийгэм, хүн амд үзүүлэх аюулын шинж төдийгүй шүүгдэгч гэмт үйлдлээ ойлгон ухамсарлаж байгаа эсэх болон бусад бүхий л нөхцөлд тохируулан ялыг шударга ёсны зарчимд нийцүүлж, нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас ялгамжтай байдлаар оногдуулах учиртай.

Ийм учир гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлын хүрээнд зайлшгүй шалгаж тогтоосноор шүүхээс хуульд нийцсэн шийдвэр гарах үндэслэл болдог.

Энэ хэргийн хувьд, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.Л-, “П” хязгаарлагдмал хариуцлагатай компани нарыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж хадгалсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэд дурдсан хугацаанд буюу үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй.

Учир нь, шүүгдэгч С.Л- 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ:

-“K2CrO4 нэршилтэй хром хүчлийн кали гэх бодисыг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Ц” ХХК-аас 500 граммыг худалдан авч, 2018 оноос хойш зарцуулаад 120 грамм үлдсэн,

-АgNО3 нэршилтэй бодисыг “...-”-ээс “Олдмол ба хиймэл нуурын загасны аюулгүй байдлын судалгаа” төслийн ажилд зарцуулахаар тус хүрээлэнгийн хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Г-ээс 2021 оны 01 дүгээр сард авч, үйл ажиллагаандаа ашиглан дууссан,

-0.1N NaOH нэршилтэй бодисыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “G” ХХК-аас 500 граммыг худалдан аваад 2021 оноос хойш зарцуулж, 280 грамм үлдсэн” гэжээ.

Түүний мэдүүлэг “Г П” ХХК (“П” ХХК) нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Ц” ХХК-аас “K2CrO4 (калийн хромат)”-ыг худалдан авсан, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “G” ХХК-аас “натрийн суурь NaOH 500г”-ыг худалдан авсан зарлагын падаанууд болон гэрч Т.Г-ийн мэдүүлгээр давхар нотлогдсон.

Тиймээс химийн химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бусаар хадгалж, ашигласан үйлдэл 2018 оны 10 дугаар сараас үйлдэгдсэн байх тул тухайн үеэс шүүгдэгчийн гэмт үйлдэл эхэлсэн гэж үзнэ.

Улмаар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн ...-гийн байрны ... тоотод хэргийн газрын үзлэг хийж, бодисуудыг хураан авсан тул гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн гэж тодорхойлно.

Түүнчлэн, аливаа гэмт хэргийн үйлдэгдсэн цаг хугацааг тодорхойлохдоо гэмт үйлдэл эхэлснээс дахин үйлдэгдэхгүй болж таслан зогсоогдсон хүртэл үеэр тооцдог.

 Гэтэл өмгөөлөгчийн зүгээс 2022 онд шийтгэлийн хуудсаар торгуулсан гэх боловч түүнээс хойш 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх хорт, аюултай бодисуудыг хадгалж, үйл ажиллагаандаа ашигласаар байсан тул гэмт хэрэг 2022 онд төгссөн гэж үзэхгүй.

7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг татан оролцуулах тохиолдолд мөрдөгч, прокурор хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, улмаар түүнд эрх, үүргийг нь танилцуулаад түүгээр дамжуулан хуулийн этгээдийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулдаг.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж, “П” ХХК-ийн дүрмийн 13.1-д “Компанийн гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд, “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлнө.

Энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.М- нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гаргасан “Тамга тэмдэг хүчингүй болгох талаар” хүсэлт болон “Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл”-ийг “гүйцэтгэх захирал Б.М-” гэж өөрийн статусыг илэрхийлэн гарын үсэг зурж явуулж байсан талаарх баримт 1 дүгээр хавтаст хэргийн 176-177, 178 дахь талд авагдсан тул Б.М-ыг “П” хязгаарлагдмал хариуцлагатай компаниийн гүйцэтгэх захирал буюу хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд мөн гэж үзнэ

Түүнээс гадна, Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс “П” ХХК-д холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсантай холбогдуулан хууль ёсны төлөөлөгч тогтоолгох зорилгоор тус компанид албан бичиг хүргүүлжээ.

Үүний дагуу “П” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/15 дугаар хүсэлтээр хуулийн этгээдийг төлөөлөх хүнээр Б.М-ыг томилсон нь Б.М-оор компанийг төлөөлүүлэх хүсэл зоригийг хангалттай илэрхийлсэн гэж үзэх тул мөрдөгчөөс Б.М-ыг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн, “П” ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдал нь түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээд болох Б.М-од ял шийтгэл оногдуулж буй асуудал биш бөгөөд энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй юм.

8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Л-, “П” ХХК нарыг анх удаа, мөн хөнгөн гэмт хэрэгт холбогдсоныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, “үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт тус тус хамгийн хөнгөн ялыг доод хэмжээгээр оногдуулсан” дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж хуульчилсан.

Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байдаг.

Тиймээс “П” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлийн нэг болох инноваци, технологи дамжуулалтын үйл ажиллагаа явуулах эрхийг хассан нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх ба хууль тогтоогчоос энэхүү нэмэгдэл ялд ямар нэгэн хугацаа тогтоогоогүй болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч С.Л-, “П” хязгаарлагдмал хариуцлагатай компани нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гэм бурууд маргаж гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх байгууллага нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлэгч онцгой субъект болохын хувьд хууль тогтоогчоос баталсан хуулийг хэрэглэх байдлаар хуулиар хориглосон үйлдэл хийж, хууль зөрчсөн этгээдийн үйлдлийг дүгнэн тогтоосны эцэст хариуцлага хүлээлгэдэг бөгөөд үүгээрээ нийгмийн дэг журмыг ханган сахиулж, нийт иргэдийн жам ёсны болоод түүнийг дагалдан үүсэх бусад эрх ашгийг хууль бус байдлаас хамгаалдаг.

Ийнхүү шүүхээс шүүгдэгч С.Л-гийн бусдын амь нас, эрүүл мэндийг үл хайхран нийтийн орон сууцанд химийн хорт, аюултай бодисыг хадгалсан хууль бус үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээний дагуу гэмт хэрэгт тооцож, түүнд болон “П” ХХК-д ял шийтгэсэн байхад шүүгдэгч нь өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгож, өөртөө дүгнэлт хийлгүйгээр шүүх байгууллагыг хууль тогтоомжоо мэддэггүй, шударга ажиллах чадваргүй болсон, мэдлэг ур чадвар дорой, сохорсон гэх мэтээр давж заалдах гомдолдоо шүүх эрх мэдлийн байгууллагын эсрэг хувийн чанартай зүйл бичсэнийг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээдэд химийн хорт, аюултай бодис худалдан борлуулсан, өгсөн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тохиолдолд зохих байгууллагад өргөдөл, гомдлоо гаргаж, шалган шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/372 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Л-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батзоригт, Н.Нарангуа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                           Н.БААСАНБАТ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН