Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2022/00078

 

 

 

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2022/00078

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/00711 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ТӨҮГ-т холбогдох,

“Гэрээний алданги 185.780.000 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

******* ХХК нь ******* ТӨҮГ-тай 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 2020/02-21-1049 дугаартай Хайлуулах төмөр нийлүүлэх гэрээ байгуулж 928.900.000 төгрөгийн үнэ бүхий 2000 тонн хайлуулах төмөр нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд ковидын хязгаарлалтай хүнд нөхцөл байдалд ихээхэн чармайлт, нэмэлт зардал гаргаж, үүргээ бүрэн гүйцэтгэсэн болно. Гэрээний дагуу нийлүүлэх хайлуулах төмрийг овор хэмжээ ихтэй учир хэсэгчлэн нийлүүлж, ******* ТӨҮГ-ын гэрээг хариуцсан төлөөлөлтэй 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болон 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд тус тус бараа хүлээлгэн өгөх хүлээн авах акт үйлдэж, санхүүд нь нэхэмжлэх хүргүүлсэн боловч төлбөр нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ба 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд төлөгдөж дууссан. Иймд мөнгөн төлбөр гүйцэтгэх хугацааг дээрх байдлаар хэтрүүлснийг Хайлуулах төмөр нийлүүлэх гэрээ-ний 9.1-т заасны дагуу дараах хүснэгтээр тооцож, гарсан дүн болох 185.780.000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байгаа болно. Хугацаа хэтрүүлсэн төлбөрийн дүн 423.253.285.00 төгрөг, хэтрүүлсэн хоног 106, нэг хоногт тооцох алданги 0.5 хувь, нийт 224.324.241.00 төгрөг, хугацаа хэтрүүлсэн төлбөрийн дүн 505.646.715.00 төгрөг, хэтрүүлсэн хоног 50, нэг хоногт тооцох алданги 0.5 хувь, нийт 126.411.679.00 төгрөг, бүгд 350.735.920.00 төгрөг, нэхэмжлэх алданги нэг хоногт тооцох алданги 20 хувь, нийт дүн нь 185.780.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алданги төлүүлэх тухай манай гаргасан шаардлагыг ******* ТӨҮГ хүлээж аваагүй, түүнчлэн хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь манай компанийн эд хөрөнгийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Доголдол илэрсэн боловч бид арилгуулсан тул гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй алдангийн төлбөрийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч ******* ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, шүүхэд гаргасан тайлбартаа:

******* ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийн дагуу үйлдвэрийн хэрэгцээнд ашиглагдах 2000 тн төмрийг нээлттэй тендер шалгаруулан зарласан. Уг тендерт Мон Энергео ХХК шалгарч, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2/1420 дугаартай гэрээ албан ёсоор баталгаажсан. Мон Энергео ХХК нь Монгол Улсын MNS стандартаар баталгаажсан 4852:1999 стандартын дагуу 2000 тн хаягдал хар төмрийг үйлдвэрийн хэрэгцээнд нийлүүлэх ёстой байсан ба стандартын 9-д заасны дагуу тэсэрч дэлбэрэх аюулгүй 2000 тн төмөр нийлүүлэх байсан. Үүнээс 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зэвсгийн чанартай 7 төрлийн зүйл илэрсэн. Үүнийг мэргэжлийн анги болох Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хандаж устгуулсан. ******* ХХК нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний 3.2-т бараа нийлүүлэх хугацаа 90 хоног байна, 3.3-т гэрээнд хуулийн хэлтэст бүртгүүлсэн өдрөөс барааг нийлүүлэх хугацааг тоолно, 3.1-д худалдагдсан барааг энэхүү гэрээнд худалдан авагч барааг бүрэн хүлээн авч талууд баримт үйлдсэнээр тооцно гэсэн гэрээний харилцан тохиролцсон заалт байгаа. Уг гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс буюу Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар хугацаа тоологдож эхэлсэн. 2020 оны 12 дугаар сар 31 хоногтой, 2021 оны 01 дүгээр сар 31 хоногтой, 2021 оны 02 дугаар сар 28 хоногтой буюу нийлээд 90 хоног болж байгаа юм. Мон Энергео ХХК-ийн 2 000 тн хар төмөр нийлүүлэх хугацаа 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон байна. Гэтэл талуудын бараа хүлээлцсэн баримт дээр 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр сүүлийн хар төмрийг нийлүүлсэн. Үүнээс үзэхэд Мон Энергео ХХК нь гэрээнд заасан үүргээ 43 хоногоос 44 хоног хэтрүүлж нийлүүлсэн. Нэхэмжлэгч тал өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гэрээний 9-д талуудын хариуцлагын талаар заасан. Үүний 9.3-т алданги тооцох гомдлын шаардлага хүлээн авсан тал хуанлийн 7 хоногийн дотор албан бичгээр хариу өгөх ба заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, 9.4-д алданги тооцсон талуудын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, 9.5-д талууд нөгөө талын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ шилжүүлэхгүй гэж байгаа юм. Үүнээс үзэхэд хавтаст хэрэгт алданги тооцох гомдлын шаардлага ирүүлсэн баримт байхгүй. Энэхүү заалтаар алданги хүлээх боломжгүй юм. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198 дугаар зүйлийн 198.2-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан байдаг. Дээрх заалтууд нь хоорондоо харилцан уялдаатай байгаа юм. Гэнэтийн болон давагдашгүй зүйлийн талаар нөгөө талдаа мэдэгдээгүй бол цаашид уг заалтыг үндэслэл болгохгүй гэсэн заалт байгаа. ******* ХХК гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар албан ёсоор бичиг ирүүлээгүй. Худалдаа аж үйлдвэрийн газрын хэдний өдрийн гэрчилгээ гарсан талаар болон он сар өдөртэй нь харьцуулаад өгсөн нотлох баримт байхгүй. Мон Энергео ХХК нь ******* ТӨҮГ-т гэрээний хугацааг сунгах ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Иймд тус компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/00711 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ТӨҮГ-аас 185.780.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 1.086.850  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 1.086.850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

“*******” ТӨҮГ нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдах хайлуулах төмөр худалдан авахаар “Мон-Энергео” ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2/1004-20 дугаартай гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу тус компани нь 423253285 төгрөгийн үнийн дүн бүхий 911.3 тн хайлуулах төмрийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 505646715 төгрөгийн үнийн дүн бүхий 1.088.7 тн хайлуулах төмрийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор тус тус нийлүүлсэн. Гэрээний 3.2-т “Бараа нийлүүлэх хугацаа нь 90 хоног байна”; 3.3-т “Гэрээг Худалдан авагчийн Хуулийн хэлтэст бүртгүүлсэн өдрөөс бараа нийлүүлэх хугацааг тоолно” гэж тус тус заасан ба гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэж дугаар олгосноор уг хугацаанаас бараа нийлүүлэх хугацааг тоолж эхэлсэн. Гэрээ бүртгэгдсэн өдрөөс бараа нийлүүлэх хугацааг тоолоход 2020 оны 12 дугаар сард 31 хоног, 2021 оны 01 дүгээр сард 31 хоног, 2021 оны 02 дугаар сард 28 хоног буюу нийт 90 хоногийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсгүүдэд зааснаар “Мон-Энергео” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, тус компани барааг нийлүүлэхдээ хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан талаар хавтаст хэрэгт ямар ч баримт байхгүй байхад зөвхөн бараа хүлээлцсэн актын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үлдэгдэл барааг хүлээлцсэн акт үйлдсэн хугацааг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар “Мон-Энергео” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон хугацаа гэж тодорхойлогдох байтал анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. “Мон-Энергео” ХХК гэрээний дагуу үлдэгдэл 1,088.7 тн төмрийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор нийлүүлснийг Талуудын хооронд байгуулагдсан 55 гэрээний 3.1-т “Худалдагч нь барааг энэхүү гэрээнд заасан DDP “******* ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлнэ. Худалдан авагч барааг бүрэн хүлээн авч талууд баримт үйлдсэнээр нийлүүлсэнд тооцно” гэж заасантай уялдуулахад 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөр гэрээний зүйлийг бүрэн нийлүүлсэнд тооцогдоно. Гэрээний 9.3-т “Алданги тооцох гомдлын шаардлагыг хүлээн авсан тал хуанлийн 7 хоногийн дотор албан бичгээр хариу өгөх ба заасан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар ямар нэг баримт байхгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”; 198.2-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус заасан. Хуулийн дээрх заалтуудыг гэрээний заалтуудтай харьцуулан үзэхэд гэрээний 3.1 дэх заалтаар барааг бүрэн нийлүүлсэн хугацаа нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, 3.2 дахь заалтаар бараа нийлүүлэх хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсныг, 3.3 дахь заалтаар бараа нийлүүлж эхлэх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцогдохоор тайлбарлагдах атал шүүх нотлох баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. “Мон-Энергео” ХХК-иас гэрээний дагуу нийлүүлсэн хайлуулах төмрийг хүлээн авч байх үед 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сөнөөгч онгоцны цэнэгтэй бөмбөг 1 ширхэг, бялттай тэсрээгүй хонгио 4 ширхэг тус тус илэрсэн ба бусдын эд хөрөнгө, амь насанд аюул учруулахгүй байх зорилгоор нийлүүлэлтийг түр хугацаанд зогсоосон болно. Тэсэрч дэлбэрэх магадлалтай зэвсгийн чанартай зүйл илэрсэн даруйд мэргэжлийн байгууллага болох Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн бие бүрэлдэхүүнээр аюулгүй болгуулахын зэрэгцээ тус ангийн галт зэвсгийн мэргэжилтэнг оролцуулан бараа хүлээн авах ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс үргэлжлүүлэн хийсэн. “Мон-Энергео” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1, 5.2.1 дэх заалтуудад заасан биет байдлын доголдолтой тэсэрч дэлбэрэх магадлалтай эд зүйл /хөрөнгө/ нийлүүлсэн. “Мон-Энергео” ХХК гэрээний дагуу үлдэгдэл 1,088.7 тн төмрийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор нийлүүлэн талуудын хооронд ХА-21/507 тоот акт үйлдсэн баримтаас тус компани 2021 оны 03 дугаар сарын 01 -ний өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 44 хоногийн хугацаа хэтрүүлэн хайлуулах төмөр нийлүүлсэн хугацааг мөн шүүх харгалзан үзээгүй. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/00711 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу “Мон-Энергео” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Анхан шатны шүүх Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан хариуцагчаас гэрээнд заасан анз төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэр гаргасан. Хариуцагчийн гомдолд дурдсан нөхцөл байдлууд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагыг хангах болон хангахаас татгалзах үндэслэлд хамаарах нөхцөл байдал нь “*******” ХХК гэрээний үнийн төлбөр авах эрхтэй эсэх, мөн үүрэг гүйцэтгэгч буюу “*******” ТӨҮГ уг төлбөрийг төлөх үүргийн хугацааг хэтрүүлсэн эсэх нөхцөл байдлууд байх юм. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийлүүлсэн барааныхаа үнийн төлбөрийг авах эрхтэй, Хариуцагч нь Зохигчдын хооронд байгуулсан гэрээнийхээ мөнгөн төлбөрийн үүргийн хугацааг хэтрүүлсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн шийдвэл үндэслэлтэй гарсан гэж бид үзэж байна. Хариуцагчийн гомдолд дурдсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа үндэслэлүүд нь тухайн гэрээгээр бараа нийлүүлсэн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн бараа нийлүүлэх үүргээ хугацаа хэтрүүлсэн гэх нөхцөл байдлууд байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн шаардлагаас өөр эрх, үүрэгт хамаарах буюу “*******” ТӨҮГ-ын анз төлүүлэх эрхэд хамаарах үйл баримт болно. Анхан шатны шүүх шүүх хуралдаан дээр судлагдсан нотлох баримтуудыг үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгч нийлүүлсэн барааны доголдлыг арилган барааг хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн болно. Эдгээр үндэслэлээр Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд гаргасан 142/ШШ2022/00711 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх талаар хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.  

ХЯНАВАЛ :

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх   шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу хянав.

            Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэл  алданги 185.780.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            Хариуцагч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар нь “******* ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийн дагуу үйлдвэрийн хэрэгцээнд ашиглагдах 2000 тн төмрийг нээлттэй тендер шалгаруулан зарласан. Уг тендерт Мон Энергео ХХК шалгарч, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2/1420 дугаартай гэрээ албан ёсоор баталгаажсан. Мон Энергео ХХК-ийн 2.000 тн хар төмөр нийлүүлэх хугацаа 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон байна. Гэтэл талуудын бараа хүлээлцсэн баримт дээр 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр сүүлийн хар төмрийг нийлүүлсэн. Үүнээс үзэхэд гэрээнд заасан үүргээ 43 хоногоос 44 хоног хэтрүүлж нийлүүлсэн. Нэхэмжлэгч тал өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тус компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

            Талуудын хооронд 2020 оны 11 дүгээр  сарын 30-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж улмаар  нэхэмжлэгч  тал  928.900.000 төгрөгийн үнэ бүхий   2.000 тн “Хайлуулах төмөр”  худалдах,  гэрээний зүйлийг  худалдан авагчийн Хуулийн хэлтэст бүртгүүлсэн өдрөөс  90  хоногийн хугацаанд  нийлүүлэх, хариуцагч тал барааг бүрэн хүлээж авч акт үйлдэх, төлбөрийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.  

            Шүүх хариуцагч талыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж нотлох чиг үүргийг хариуцагчид хүлээлгэж  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч тал  гэрээнд заасан хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 423.253.285 төгрөгийн үнэ бүхий хайлуулах төмөр нийлүүлсэн, харин гэрээний хугацааг хэтрүүлж  2021 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр 505.646.715 төгрөгийн үнэ бүхий хайлуулах төмрийг  нийлүүлж гэрээний үүргээ  зөрчсөн  байх тул гэрээний 9.1-д “Худалдагч нь гэрээнд заасан бараа нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдан авагчид төлөх ба алдангийн нийт дүн нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэж зааснаар хариуцлага хүлээхээр байна.  

Гэрээнд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ  зөрчсөн, хариуцагч гэрээнд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болохоо нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул  гэрээний хугацаа хэтрүүлэн төлсөн (2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлөх төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн) 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нийлүүлсэн хайлуулах төмрийн үнэ 423.253.285 төгрөгөөс гэрээний 9.2-т “Худалдан авагч нь гэрээнд заагдсан барааны үнэ төлбөрийг шилжүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдан авагчид төлөх ба алдангийн  нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэж  заасны дагуу гэрээний хариуцлага хүлээлгэж алданги 84.650.657 төгрөгийг хариуцагч талаар төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх зохигчдын хэн аль нь гэрээний хугацаа зөрчсөн байхад зөвхөн хариуцагчийг буруутгаж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь талууд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж байсан эсэхийг нотлох баримтад үндэслэн ялгамжтай хандаж дүгнэлт хийж чадаагүй нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д нийцээгүй байна.

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/00711 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу “Мон-Энергео” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ТӨҮГ-аас 185.780.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай...” гэснийг “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч ******* ТӨҮГ-аас 84.650.657 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 101.129.343 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 1.086.850  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 1.086.850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 1.086.850  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 581.203 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.086.850 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                             С.УРАНЧИМЭГ