| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00079/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.О
Улсын яллагч Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Хохирогч Ц.У, Б.Д, М.Э
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох 1822001100054 тоот хэргийг 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд 1978 оны 10 дугаар сарын 01-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р баг Алаг-Өндөр гэх газарт оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй /РД:ЗЖ78100116/ О Овогт Б-н М
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 3 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 12-11 тоотод байх хохирогч Б.Д, М.Э нарын гэрээс эд зүйл хулгайлж 6180.000 төгрөгийн хохирол,
2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р багийн нутаг Цантын 8-7 тоотод байх хохирогч Ц.У-ын байшингаас эд зүйл хулгайлан 10700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 3 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 12-11 тоотод байх хохирогч Б.Д, М.Э нарын гэрээс эд зүйл хулгайлж 6180.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....би энэ айлаас юм авах нь авсан. Хулгай хийсэндээ гэмшиж байна. Энэ айлыг хохирол гомдолгүй болгоно...”гэв.
-Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 3 сарын 29-ний өдөр хөдөө явсан. 2018 оны 3 сарын 30-ны өдөр гэрт хулгай орсныг эхнэр мэдээд, би 3 сарын 30-ний орой ирсэн. Манайхаас шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс, эмэгтэй гутал хулгайд алдсан. Үндсэн хул, тагшаа буцааж авсан. Одоо мөнгөн аяга, эрэгтэй мөнгөн бүсээ олж авмаар байна гэв.
-Хохирогч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүү ямаа самнах гээд явсан хойгуур гэрт хулгай орсон байсан. Аймагт байсан хүүхэд мэдээд бидэнд утсаар хэлсэн. Манайхаас хуучин цагийн нэг мөнгөн аяга, шинэ цагийн нэг мөнгөн аяга, хоёр мөнгөн бугуйвч, хромон гутал, эмэгтэй мөнгөн бүс, жижигхэн шинэ, хуучин хоёр ширхэг модон тагш гэсэн зүйл авсан байсан. Хуучин цагийн мөнгөн аягаа буцааж авсан гэв.
- Хохирогч Б.Д-ын: “...2018 оны 3 сарын 30-ны өдөр Хулд сум руу хөдөө гэртээ очих гэж явсан. 2018 оны 4 сарын 1-ний өдөр эхнэр Л.Ц утсаар залгаад гэрт хулгайч ороод мөнгөн аяга, эд зүйл хулгайд алдагдсан байна гэхээр нь Хулд сумаас 17 цагийн үед гэртээ ирсэн. Манай баруун гэрийн цоож нь эвдэрсэн байсан. Зүүн талын гэрийн авдарнаас эд зүйл хулгайд алдагдсан. Нэг ширхэг хуучны ёроол нь хазгай мөнгөн аяга, нөгөө хоёр аяга нь шинэ цагийн аяга, хүрэн ширтэй, ширэн дээрээ хастай эрэгтэй мөнгөн бүс, хуучны эмэгтэй мөнгөн бүс, эмэгтэй нэг ширхэг түрийтэй гутал, үндсэн тагш байсан. Баруун гэрийн авдранд хуучны мөнгөн аяга хоёр ширхэг, шинэ цагийн 2 ширхэг мөнгөн аяга, 39 размерын хромон гутал, 2 ширхэг мөнгөн бугуйвч байсан нь хулгайд алдагдсан. Би үндсэн тагшаа 500.000 төгрөгөөр, шинэ цагийн мөнгөн аяга тус бүрийг 150.000 төгрөгөөр, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг байсныг 1 сая төгрөгөөр, мөнгөн бугуйвчаа 1 ширхэг байсныг 50.000 төгрөгөөр, хромон гутлаа 500.000 төгрөгөөр, эмэгтэй өвлийн гутлаа 60.000 төгрөгөөр, эрэгтэй мөнгөн бүсээ 400.000 төгрөгөөр, эмэгтэй мөнгөн бүсээ 600.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-27-28/
- Хохирогч М.Э-ийн: “...Би нөхөр Б Хулд суманд мал маллаж амьдардаг, манай нэг гэр Сайнцагаан суманд Мандалын 12-11 тоотод байдаг. 2018.04.01-ний өдөр хөдөө байж байтал манай бэр Ц утсаар залгаад аймгийн төв дээр байдаг танай гэрт, манай гэрт урд шөнө хулгай орсон байна, гэрийн цоож, авдарны цоож эвдээд эд зүйл авсан байна гэсэн....Гэртээ ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд эрэгтэй эмэгтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, жижиг модон тагш 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, хуучин орос хромон гутал, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга нэг ширхэг алдагдсан байсан. Мөнгөн бугуйвч хээгүй, цулгай бугуйвч байсан, бугуйвчаа тус бүрийг нь 50.000 төгрөгөөр, дунд гарын мөнгөн аягаа 1 сая төгрөгөөр, шинэ цагийн дунд гарын бичиггүй энгийн мөнгөн аягаа 150.000 төгрөгөөр, гуулин дэгээтэй 5 товруутай, хээтэй тольтой эмэгтэй мөнгөн бүсээ 600.000 төгрөгөөр, 2 ширхэг жижиг модон тагшаа тус бүрийг нь 50.000 төгрөгөөр, орос хромон гутлаа 500.000 төгрөгөөр үнэлнэ...”гэх мэдүүлэг /хх-32/
-Гэрч Б.Ц-н: “...2018.03.30-ны өдрийн 16 цагийн орчим Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 12-11 тоотоос Б-н гэрт очиж байж байгаад 2018.04.01-ний өдөр буцаж ирэхэд манай гэрийн хаалгыг хөшсөн юм шиг мөр гарсан, авдарны цоожийг эвдээд дээр нь тавьсан, авдар дотор байсан зүйл замбараагүй байсан. Баруун гэрийн цоож нь эвдэрсэн, доторх зүйл нь замбараагүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай найз Б манай гэрийн урдуур 2018.03.31-ний өдрийн 22 цагийн орчим явахад гэрэл нь асаалттай байсан гэсэн. Гэрээс гарахдаа би гэрлээ унтрааж явсан болохоор 22 цагийн орчим хулгай орсон байх гэж бодож байна...”гэх мэдүүлэг /хх-33/
- Гэрч Н.Б-йн:”...Би 2018.03.31-ний өдөр Сайнцагаан сумын Мандалын 9-р гудамжинд байх “Баба”-ийн дэлгүүр ороод тэр гудмаар баруун зүг рүү хөдөө явж байхад Б.Д-ын Сайнцагаан сумын 9-р Мандалын 12-11 тоотод байх хоёр гэрийн баруун талын гэрийн гэрэл нь асаалттай байна гэж харагдсан...”гэх мэдүүлэг /хх-34/
-Гэрч Т.А-н: “...2018.04.01-ний өдрийн 13 цагийн үед Б.А утсаар яриад Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгийн баруун талд хүрээд ир, ганц юм ууя гэж дуудахаар нь эхнэр Д.Б-Н хамт очтол тэр айлд А , О нар байсан, тэнд Алтантүрүү архи уугаад гарах гэтэл М ломбард руу хүргээд өг гэсэн. Яах гэж байгааг нь асуухад мөнгөн аяга, хул зэргийг 380.000 төгрөгөөр зарна гэхээр нь мөнгө байхгүй, 110.000 төгрөг л байна гэсэн. Наад 110.000 төгрөгөө өгчих гэхээр нь манай эхнэр тэр мөнгийг өгөөд эд зүйлийг авсан. Мийн ээжийнх нь эд зүйл байх гэж бодоод барьцаанд авсан. М Боржигоны 22-р гудамжны үзүүрт буухдаа эрэгтэй мөнгөн бүс авах уу гэхээр нь хулгай хийсэн юм болов уу гэж хар санасан...” гэх мэдүүлэг /хх-35-36/
-Гэрч Д.Б-н: “...2018.04.01-ний өдрийн 13 цагийн орчим А утсаар яриад ах нь хөдөө явах гэж байна, ганц юм амсуулах гэсэн юм, ээжийнд хүрээд ир гэхээр нь нөхөр А-гээ Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгийн баруун талд байх гэрт нь очсон. Тэнд М, А, О нар байсан. Алтантүрүү нэртэй тал шил архи байсан. Манай нөхөр А нэг хундага татаад гарах гэтэл М төв рүү хүргээд өг, хот явна гээд миний машинд суусан. Машинтай очиход Мандал худалдааны төв хаалттай байсан. М мөнгөн аяга, хул зэргийг гаргаж ирээд ломбарданд 380.000 төгрөгөөр тавих гэсэн юм гэхээр нь тийм мөнгө байхгүй, 110000 төгрөг байна. 110000 төгрөгөөр надад түр тавиад, удаахгүй мөнгөө өг гэж хэлээд мөнгөн аяга хул зэргийг барьцаанд авсан. Тэр эд зүйлийг Мийн ээжийнх нь эд зүйл байх гэж бодоод барьцаанд авсан. М Боржигоны 22-р гудамжны үзүүрт буухдаа эрэгтэй мөнгөн бүс авах уу гэж хэлэхэд нь хулгай хийсэн юм болов уу гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-37-38/
-Гэрч Б.О-н: “...2018.03.31-ний үдэш 21 цагийн үед манай ах Б.М гараад ирье гэж яваад 2018.04.01-ний 03-04 цагийн үед гэртээ ирсэн. Маргааш өглөө нь М ах надад цүнхэнд хийсэн мөнгөн эдлэл үзүүлэхээр нь ямар учиртайг нь асуухад найз маань өгсөн гээд гарсан. Орой 21 цагийн үед согтуу ирээд надад эмэгтэй мөнгөн бүсний 8 ширхэг цэцгэн чимэглэл, 2 ширхэг мөнгөн бугуйвч өгөөд, хадгалж байгаарай, хүнд битгий өгөөрэй, ирээд авна гэж хэлээд хот явсан. Би тэр зүйлийг нь амбаарын баруун талд газар нүх ухаж байгаад булаад орхисон. Өмнөговь аймагт ажлаа хийж байхад М ах утсаар яриад чамд өгсөн зүйл хаана байна гэхээр нь байгаа газрыг нь хэлсэн. Нуусан газраа шалгаж үзээгүй учраас байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би М ахыг хулгай хийснийг огт мэдээгүй, найз маань өгсөн гэж хэлсэн, тэр мөнгөн эдлэлийг нь алга болох вий гэж бодоод нуусан. Түүнээс энэ хэрэгт би оролцсон, авсан, зарсан, нууж дарагдуулсан зүйл байхгүй. Хэзээ авч ирсэн талаар нь мэдэхгүй, эмэгтэй хар өнгөтэй хуучин гутал манай амбаарт байсан, одоо байгаа байх гэж бодож...”гэх мэдүүлэг /хх-42/
-Гэрч Б.У-н: “...2018 оны 4 сарын эхээр ээж А-н гэрт, Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгийн баруун талын хашаанд очсон. Манай дүү О ээж А хамт амьдардаг. Намайг очиход О эмэгтэй хүний мөнгөн бүсний 8 ширхэг чимэг, 2 ширхэг мөнгөн бугуйвчийг М ах хадгалж бай гэж үлдээсэн, үүнийг яах вэ гэж асуухаар нь цагдаад мэдэгдээд, хүлээлгэж өг гэж хэлээд явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-43-44/
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-18/
-Эд зүйл үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-52-53/
- Яллагдагч Б.М-ийн “...Би одоогоос сарын өмнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгийн баруун хашаанд байх гэртээ байж байгаад 21 цагийн үед Мандал хороолол руу найз Г-гоо уулзахаар явсан. Буцаж явахдаа Баба-ийн дэлгүүрийн гудамжаар зүүн зүгт явж байгаад 11 тоот, будаггүй цагаан төмөр хаалгатай хашаа руу орж хашаанд нь байсан хоёр гэрийн зүүн талд байсан гэрийн цоожийг эвдэж ороод үндсэн хул, 4 ширхэг дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга авсан. Баруун авдарных нь цоожийг эвдээд шинэ цагийн эрэгтэй мөнгөн бүс авсан. Баруун талынх нь гэрийн цоожийг эвдэж ороод баруун авдарнаас нь эмэгтэй хүний мөнгөн бүс нэг ширхэг, хуучин цагийн мөнгөн аяга нэг ширхэг, 2 ширхэг мөнгөн бугуйвч аваад гэрт очиход охин дүү О байсан. Маргааш нь Бүрнээ гэх танилдаа хуучин цагийн мөнгөн аяга нэг ширхэг, үндсэн хул 1 ширхэгийг 100.000 төгрөгөөр зарсан. 4 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, шинэ цагийн эрэгтэй мөнгөн бүс зэргийг Бөхт дэлгүүрийн хойд талд зогсож байсан хар машинтай үл таних 2 залууд 150.000 төгрөгөөр зарсан. О-т 2 ширхэг мөнгөн бугуйвч хадгалуулсан. Дээрх зүйлийг зарсан мөнгөөрөө өөртөө ойр зуурын эд зүйл, архи, шатахуун аваад дуусгасан, би ганцаараа үйлдсэн, өөр зүйл аваагүй, би хар куртка, ногоон өмд, цагаан пүүзтэй явсан, хөдөө явах унааны зардлаа хийх гэж хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх-64-65/
2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р багийн нутаг Цантын 8-7 тоотод байх хохирогч Ц.У-ын байшингаас эд зүйл хулгайлан 10700.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
-Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...У-хаас эмээл, хормойн боолт авсан нь үнэн. Гэхдээ Дэрэн сумын харьяат А-н А буюу Г гэх хүнтэй хамтран хулгайлсан...” гэв.
-Хохирогч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би өнгөрсөн 11 сард хормойн боолтоо алдсанаа мэдсэн. 11 сарын 20-ны үед гэрээ гаргаж бариад хормойн боолтоо авах гэсэн байгаагүй. Цагаан сараар эмээлээ гаргаж тохох гэсэн байгаагүй. Тэгээд эд зүйл алга болсныг мэдээд цагдаад мэдэгдсэн. Тухайн үед эмээлээ анзаараагүй. Байшинд тусдаа байсан. Хормойн боолт авдранд байсан. Одоо буцааж авсан эд зүйл байхгүй. Тэд нарынхаа хохирлыг барагдуулмаар байна гэв.
- Хохирогч Ц.У-ын: “...Би 2017 оны 11 дүгээр сарын эхээр Хулд сумын төвийн Цантын 8-7 тоотод байх өөрийн байшингаас хормойн боолтоо авч зүүх гээд үзтэл байхгүй байсан. Тэр үед цагдаад мэдэгдээгүй, манайд туслах малчин хийж байсан М-ийг сэжиглээд өнгөрсөн. Би ааваасаа өвлөж ирсэн 12 цагаантай мөнгөн эмээл хэрэглэдэг юм. Түүнийгээ Дэрэн сумын наадмаар тохоод суманд байх өөрийн байшиндаа хийсэн байсан. Сая цагаан сараар гаргаж хэрэглэх гэхэд алга болсон байсан...”гэх мэдүүлэг /хх-128-133/
- Гэрч А.Д-н: “...2017 оны 10 сард Дэрэн сумаас баруун хойш 2 км газарт малд явж байтал булгийн наад талын аманд улаан хүрэн олонцог, дөрөөн сур, дөрөөтэй, улаан шаргал дэвстэй, 4 ганзагатай эмээлийн мод талаараа байж байхад нь олсон. Тэр хавьд нь ул мөр байсан эсэхийг нь анзаараагүй, аваад сумын цагдаа Э-д хүлээлгэж өгсөн...”гэх мэдүүлэг /хх-134/
- Гэрч С.Ц-н: “...2017 оны 10 сард манай хүү У-н 100.000 төгрөгийн үнэтэй ухаалаг гар утас алга болсон, 2017 оны 4 сард 750.000 төгрөгийн үнэтэй эмээлийн хормойн боолт нь алга болсон. Сумын төвд байх манай хүүгийн байшинд байсан 12 цагаантай мөнгөтэй эмээл нь алга болсон ба эмээлийн модыг сумын баруун хойд талд байх хадан дотроос Д гэдэг хүн олсон байсан. 2017 оны 10 сард манайхаас явахдаа хэлэлгүйгээр манай хүүгийн мотоциклийг унаж явсан байсан. Тэгээд утсаар асууж байж Боржигонд байх айлын хашаанаас мотоциклийг нь олж авсан. Би энэ хэрэгт М-ийг сэжиглэж байна. М 2017 оны 3 сараас 10 сар хүртэл манай хүүгийн гэрт туслах малчин хийсэн. М 2017 оны 7 сард хөдөөгүүр, 4-р багийн хүмүүсээс хормойн боолт авах уу гэж асууж байсан гэсэн. Түүнийг би дүүгээсээ бэлгэнд авч, хүүдээ өгсөн юм. 2002 онд 1500.000 төгрөгийн үнэтэй байсан, одоо 10 сая төгрөгөөр үнэлж байна. Гар утсыг нь 100.000 төгрөгөөр үнэлж байна. Хормойн боолтыг 750.000 төгрөгөөр үнэлнэ. Мийг шалгуулж, хүүгийнхээ алдагдсан эд зүйлийг олж хохиролгүй болмоор байна...”гэх мэдүүлэг /хх-135-136/
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-115/
- Яллагдагч Б.М-ийн: “...2017.03.22-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 2-р баг Шинэ-Ус гэх газар нутаглах Ц.У-ынд төлчнөөр ажиллахаар очсон. Тэднийд 6 сар мал малласан. Сард 500.000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон боловч надад цалин өгөөгүй. 2017 оны 9 сарын сүүлээр У намайг хонины өт түү гэхээр нь өчигдөр түүсэн, одоо түүхгүй, чи мал маллуулсан хөлсөө өгөөгүй шүү дээ гэж маргаад, барилцаж авсан, У намайг 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед надад гэмтэл учраагүй. Би гэрийнх нь гадаа байсан мотоциклийг нь унаад аймгийн төв рүү явсан. У араас ирж мотоциклоо авсан. Би аймгийн төвд ирээд У руу утсаар залгаад ажлын хөлсөө авъя гэхэд өгөхгүй гэхээр нь уур хүрээд тэдний хормойн боолтыг нь ажлын хөлсөндөө авъя гэж санаад Дэрэн сумын төвд байдаг У-ын аав Ц-н хашаанд шөнийн 01 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд байшингийн цоожийг эвдэж ороод хормойн боолтыг нь авсан. Тэндээс баруун хойш 2-3 км газар яваад эмээлийн мөнгөн чимэг, модыг нь орхиод засмал орж автобусанд суугаад Улаанбаатар хот орж Нарантуул зах дээр зогсдог өндөр бор өвгөнд эмээлийн мөнгөн чимэг, хормойн боолтыг нийтэд нь 600.000 төгрөгөөр зарсан. Хүмүүстэй архи ууж, буудалд орж мөнгөө дуусгаад аймагт ирсэн. У хормойн боолтыг 700.000 төгрөгөөр авсан гэж гэртээ ирж байсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн, эмээл нь 10 цагаантай, шинэ цагийн, улаан будагтай, ногоон оломцогтой байсан. Хормойн боолт нь арал дээрээ дөрвөн амьтантай байсан...”гэх мэдүүлэг /хх-158-159/
-Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Гэм буруугийн асуудал болон оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Б.Д, М.Э нар нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 12-11 тоотод байх гэрээсээ 2018 оны 3 сарын 30-ны өдөр эд зүйл хулгайд алдсан,
Хохирогч Ц.У нь Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р багийн нутаг Цантын 8-7 тоотод байх байшингаасаа 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд 10.700.000 төгрөгийн /яллах дүгнэлтэнд дурдаснаар/ 10 цагаантай эмээл /гөлөмгүй/, хормойн мөнгөн боолт зэрэг эд зүйл тус тус хулгайд алдсан, дээрх эд зүйлийг шүүгдэгч Б.М авсан болох нь нотлогдож байна.
Улсын яллагчийн 2018 оны 07 сарын 16–ны өдрийн 76 дугаар яллах дүгнэлтэнд хохирогч Ц.Ут 10700.000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хулгайд алдагдсан гэх эд зүйл буюу 10 цагаантай гөлөмгүй эмээлийн үнэлгээг Уваа –Уул ХХК-иар дахин үнэлгээ хийлгэхэд зах зээлийн үнэлгээг 5160.000 төгрөг гэж гаргасан бөгөөд хохирогч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч дахин шинжээч томилуулах хүсэлт шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй тул хохирогч Ц.Ут 5860.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзлээ.
Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Б.Д, М.Э нарт 6180.000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон хохирогч нарын мэдүүлгийг судлаж үзэхэд хохирогч Б.Д-д 820.000 төгрөгийн /хх-ийн 52/, хохирогч М.Э-т 1.710.000 төгрөгийн /хх-ийн 53/ буюу нийт 2530.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хулгайд алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн гол шинж нь нууц далд аргаар авах бөгөөд шүүгдэгч Б.М нь бусдын эзэмшлийн гэр, байшинд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйлийг нь эмэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авсан, бусдад найз өгсөн эд зүйл гэж итгүүлэн зарж борлуулсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ц.Уын эмээл, хормойн боолт зэргийг Дэрэн сумын харьяат, А буюу Г гэх хүнтэй хамтарч хулгайлсан. Би эмээл болон хормойн боолт хаана байсныг нь мэдэхгүй, Г надад зааж өгсөн, би үүдэн дээр хүн харж байсан, Г орж авч ирсэн тул үүнийг дахин шалгуулмаар байна гэж мэдүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудыг судалж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.М нь хохирогч Ц.У-ын байшингаас эд зүйлийг ганцаараа хулгайлсан гэж мэдүүлж байсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /гэрэл зураг/-с үзэхэд хохирогч Ц.У-ын байшин болон хулгайд алдагдсан гэх хормойн боолт, эмээл зэргийг хаана байсныг тодорхой зааж мэдүүлсэн байна.
Хохирогч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт “...алдагдсан эд зүйл байсан газрыг зөв заасан байна. Г гэдэг хүн манай эмээл хормойн боолтыг хаана байгааг мэдэхгүй, харин М мэдэж байгаа. Хавар нь М-тэй хамт хормойн боолтыг авдранд хийгээд гэрээ байшинд хурааж байсан” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.М-ийн “хохирогч Ц.У-ын эд зүйлийг бусадтай бүлэглэн хулгайлсан” гэх мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.М болон хохирогч Ц.У нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.М-ийг 2 удаагийн үйлдлээр орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 сарын 27-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор О овогт Б-н М-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон,
- Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 4 сарын 1-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Б.М-д Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 145 дугаар зүйлийн 145.2 -т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь багтаан, шүүгдэгч Б.М-ийн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын /хх-ний 75-79/ хуулбараар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хорих ял оногдуулахаар заасан байх тул шүүгдэгч Б.М-д хорих ялыг оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Хэргийн 9-13-рт авагдсан баримтуудаас үзэхэд мөрдөн байцаалтын шатанд 4 ширхэг цоожийг хураан авч энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон байх боловч хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй ба “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг цоож нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй” гэсэн оролцогч нарын хүсэлтийг харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг цоож, хаана хадгалагдаж байгаа, хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй шалтгаан нөхцлийг шалгаж хариуг эргэж мэдэгдэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Э нь хуучин цагийн 1 сая төгрөгний үнэлгээ бүхий дунд гарын мөнгөн аягыг, хохирогч Б.Д нь 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий үндсэн тагшыг /хх-ийн 19-20/ , хохирогч Ц.У нь гуулин дөрөөтэй, улаан шар өнгийн модтой, мөнгөн чимэглэлүүд байхгүй, улаан өнгийн олонцогтой, угалзтай ширэн дэвстэй, 8 ширхэг суран ганзагатай эмээлийн модыг /хх-117/ тус тус хүлээн авсан байна. Иймд дээрх эд зүйлийн үнэлгээг хасч шүүгдэгчээс 6.180.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Э-т 710.000 төгрөгийг, хохирогч Б.Д-д 570.000 төгрөгийг, хохирогч Ц.У-т 4.900.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ