Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2022/00081

 

2022.08.22 207/МА2022/00081

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ц.*******т

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/00767 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.*******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ц.*******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хулан, хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.******* миний бие иргэн Ц.*******тэй 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 10.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар ямар нэг хүү, алданги тооцохгүй нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Зээлдэгч болох Ц.*******ийн хүсэлтээр уг зээлийн гэрээний хугацааг 2 удаа сунгаж, хамгийн сүүлд 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр зээлсэн 10 сая төгрөгөө өгөхөөр бичгээр тохиролцсон байдаг. Ц.*******ийн зүгээс 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг л эргүүлэн төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 9.200.000 төгрөгийг энэхүү нэхэмжлэлийг гаргах өдрийн байдлаар төлж дуусгаагүй байна. Зээлдэгч Ц.*******ийн зүгээс утсаар болон мессежээр зээлсэн мөнгөө өгнө гэдэг амлалтыг удаа дараа өгч байсан боловч үлдэгдэл мөнгөө одоо болтол төлж дуусгаагүй байгаа. Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу иргэн Ц.*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.200.000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ц.******* нь Б.*******ийн гаргасан 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Б.*******ээс би ууг нь мөнгө зээлээгүй юм. Б.*******ийн нөхөр Бат-Эрдэнэ гэдэг хүн 2018 оны 02-р сараас манай нөхөр Батболдын машинаар ажилдаа таксидаж явж байхдаа ... НДГ-т ажилладаг юм. Солонгос явах найдвартай хүн байвал мэдэж байгаарай. НДД-р ажил хийдэг гэдгээр найдвартай бөглөж өгнө шүү.. гэж ярьсан байсан. Ингээд нөхөр маань .. НДГ-т ажилладаг хөөрхөн дүү хүүтэй танилцлаа, байнга надтай таксиддаг худлаа ярихааргүй залуу байна.. гэсэн. Бид 2 Солонгос явах маш их хүсэлтэй байсан тул би өөрөө НДГ ажил дээр нь очиж уулзсан. Найдвартай эсэхийг асуухад, найдвартай би олон хүнд тус болж гаргасан гэж ярьсан. Ингээд бид ярьж тохиролцоод дансаар нь 7.500.000 төгрөг цувуулж өгсөн. Энэ мөнгө хүүхдийнхээ байрыг ББСБ-д барьцаалж зээл авсан мөнгө байсан. Ингээд *******ийн нөхөр Бат-Эрдэнэ өнөөдөр бүтлээ, яг одоо бүтэх гэж байна гэж хэлсээр 2018 оны 10-р сар хүрсэн. Ингээд би эхнэр болох Б.*******тэй гэрт нь очиж уулзсан. Өдөр цайны цагаар Бат-Эрдэнэ тэр хоёр хоёулаа гэртээ ирсэн байсан. Ингээд ийм байдлаар мөнгө авсан, мөнгөө авмаар байна гэдгээ хэлсэн. Балай юм хийх юм, та битгий цагдаад өгөөч гэж гуйгаад байсан. Би бас бүх учир байдлаа хэлээд банкны хүү төлдөг гэсэн. 12.000.000 төгрөг төлсөн гэдгээ тайлбарласан. Б.*******, Бат-Эрдэнэ хоёр мөнгө олж өгье гэсэн. Хэд хоногийн дараа Бат-Эрдэнэ цайны цагаар хүрээд ир, эхнэр газар зарсан 10.000.000 төгрөг дансанд нь байгаа тэрийг өгье, та харин цагдаад битгий өгөөрэй гэж гуйсан. Гэрт нь очсон хоёулаа цагдаад өгөөгүйд баярлалаа, маш их баярлалаа. Би хүнээс 10.000.000 төгрөгийг зээлж аваад зээлийн гэрээ хийж авч өгье, түр зээлж авсан болохоор танд зээлийн гэрээ хийж өгье гэж хэлээд 10.000.000 төгрөг өгсөн. Гэхдээ таны юмыг хаяхгүй, бүтээж өгнө гэсэн. Энэ мөнгөнөөс өөрийн өгсөн 7.500.000 төгрөгийг тооцон авахаа ярьж тохирсон. Үүнээс хойш хэд хоногийн дараа Бат-Эрдэнэ таараад (5-1-ийн уулзвар дээр) таны юм бараг болчихсон, ногоон паспортоор гарахаар боллоо. Ногоон паспорт 1 жилийн хугацаатай, жилдээ 1 ирж сунгуулна, бэлэн болж байгаа, одоо яг бүтлээ гээд 8.500.000 төгрөг нэмж өг гээд нэмж мөнгө авсан. Гэтэл энэ нь бүр худлаа болоод таг болсон. Ийм байдлаар ******* нөхөр Бат-Эрдэнийгээ ЦГ-т өргөдөл битгий өгөөч мөнгийг чинь олж өгье гээд 10.000.000 төгрөг өгсөн. Өгөхдөө үүнийгээ хүнээс зээлж авч буй тул гэрээ хийж өгнө, зээлсэн хүндээ өгнө гэж гэрээ хийсэн. Бат-Эрдэнэ надад эхнэр газрын албанд ажилладаг. Газар зарсан 10.000.000 төгрөг дансанд байгаа гэж хэлж байсан. Б.*******тэй би урьд танилын харилцаа холбоо байхгүй, тэрээр нөхрийгөө битгий цагдаагийн газарт өгөөч гэж гуйж нөхрийнхөө авсан мөнгийг надад төлсөн юм. Сүүлд нэмж авсан 8.500.000 төгрөгийн талаар уулзахад би Бат- Эрдэнээс салсан гэж ярьж байсан. Энэ хоёр хүн хоёулаа нийлж луйвардаж өр төлбөр төлөхгүй гэж салсан гэж жүжиг тоглож байна. Нөхөртэйгөө цуг байж байгаад нөхрийнхөө олж ирсэн мөнгийг эргүүлж надад төлсөн мөнгөө нөхрөөсөө нэхэх ёстой. Нэг гэр бүл байсан. ...2 хүүхэдтэй, ажил төрөлгүй болчихно, битгий ЦГ-т өгөөч .. гэж гуйж уг мөнгийг өгсөн. Харин намайг хуурч мөнгө зээлсэн мэт гэрээ хийжээ. Иймд уг зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Учир нь бид хэн хэн нь тухайн хэлцлээс үүсэх хууль зүйн үр дагаврыг хүсэж гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Бат-Эрдэнэ, Б.******* нар нийлж биднийг залилсан байна гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/00767 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.*******ээс 9.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ээс 162.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Наранцэцэг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Ц.******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 767 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.*******ийн нөхөр .Бат-Эрдэнэ Солонгос найдвартай гаргаж өгнө, явуулж өгнө гэж 7.500.000 төгрөг дансаар, бэлнээр 6.200.000 төгрөг, 2.300.000 төгрөг нийт 8.500.000 төгрөг авсан бөгөөд дансаар авсан 7.500.000 төгрөгөө ******* болон түүний нөхөр Бат-Эрдэнэ 2 төлсөн бөгөөд бэлэн авсан 7.500.000 төгрөгийг огт төлөхгүй байж байгаад эхнэр ******* нь 10.000.000 төгрөг зээлийн гэрээгээр хүнээс авч байгаа юм. Бат-Эрдэнэ найдвартай Солонгос гаргаж өгнө, өнөөдөр бүтэж байна, маргааш яг боллоо гэж худал ярьж хагас жил хуурсан бөгөөд нэг өдөр гэрт нь очиж танай нөхөр ийм учиртай мөнгө аваад өгөхгүй байна гэхэд, эхнэр ******* нь та цагдаа шүүхэд битгий өгөөч гуйж байна. Ажил төрөлгүй болчих юм бол бид нарт хэцүү байна. Та манайд 3 хоногийн дараа хүрээд ир. Би олж өгье гэхдээ танд мөнгө олж өгсөн ч гэсэн Солонгос явах ажлыг чинь зогсоохгүй хөөцөлдөж өгнө, та битгий санаа зовоорой гээд эхнэртэйгээ хоёулаа надаас цагдаа шүүхэд л битгий өгөөрэй гэж байсан. Би эхнэр нь 7.500.000 төгрөгийг ББСБ-аас аваад хүү өндөр төлж чадахгүй байна гэж хэлсэн. Ингээд 3 хоногийн дараа Бат-Эрдэнэ над руу утасдаад манай эхнэр газрын албанд нягтлан хийдэг. 11 дүгээр хороололд газар зарсан. 10 сая төгрөг бэлэн эхнэрийн дансанд байгаа, та өдөр цайны цагаар гэрт хүрээд ир гэж ярьсан. 12 цаг өнгөрч байхад гэрт нь очсон хоёулаа цуг байсан эхнэр ******* нь би хүнээс танд 10 сая төгрөг авч өгье гэхдээ зээлийн гэрээгээр авч өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нөгөө хүн өгөхгүй байна. Надтай зээлийн гэрээ хийж 10 сая төгрөг өгсөн. Тэгээд нэлээд хугацааны дараа Бат-Эрдэнэ бид 2 салсан. Одоо надад хамаагүй гээд мөнгөө авмаар байна. Цагдаа шүүхэд өгнө гэж байнга дарамталдаг байсан. Бид тухайн зээлийн гэрээгээр хүү тохироогүй. Уг гэрээг хууль зүйн үр дагавар гаргах гэж хийгээгүй гэрээ байсан. Сүүлд ******* нөхрөөсөө салсан хурдан мөнгө өг шүүхэд өгнө гэж янз бүрээр дарамталж хараагаад байсан тул 800.000 төгрөг данс руу нь хийсэн юм. Иймээс би шүүхээс 9.200.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагчаас 9.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.******* нар нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар хүү, алданги тооцохгүй зээлэхээр зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулжээ. Зээлийн гэрээний хугацааг 2 удаа сунгаж, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зээлсэн 10 сая төгрөг буцаан өгөхөөр тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч Б.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Ц.*******ийн Хаан банкний 5094057847 дугаар данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 300.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг нийт 800.000 төгрөгийг төлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж 9.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хариуцагч Ц.******* ...шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан ...өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан ...нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй болно.

Хариуцагч Ц.*******ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн Тогоох хэсэгт нэхэмжлэгч Б.*******ийн нэрийг Б.Алтанцэцэг гэж буруу бичсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 162.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/00767 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.*******ээс 9.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч Ц.*******ээс 9.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ц.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 162.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР