| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00078/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.О
Улсын яллагч Д.Б
Хохирогч М.А
Шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ж-д холбогдох эрүүгийн 1822002070085 тоот хэргийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р баг Бор толгой гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, Б овгийн М-н Ж /РД: ЗВ83083115/ гэв.
Шүүгдэгч М.Ж нь 2018 оны 6 сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р багийн нутаг дэвсгэр Зүлэгтий гэх газарт иргэн М.А-г уурганы модоор цохисны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч М.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 6 сарын 4-ний өдөр бид гэр бүлээрээ хонио хориод зогсож байтал А гэх хүн малчин Б-гаа цуг айлын хонийг мориныхоо ергөөгөөр хөөгөөд манай хонь руу нийлүүлэх гээд дөхөж ирсэн. Тэгэхээр нь бид “манай хонь биш, та айлын хонийг манай хоньтой нийлүүлэх гээд байна” гэж хэлээд бид хонио хорьсон. А гэдэг хүн манай хадам аав Б-д “та нар яасан их хониороо даралдаг юм, хонийг чинь услуулахгүй, одоо явцгаа” гэж хэлсэн. Тэгээд над дээр ирээд намайг барьж байсан шилбүүрээрээ хоёр цохьсон. Цохихоор нь би уурганыхаа үзүүрээр цохьтол А гуай гараараа хаасан, гаран дээр нь цохьсон. Б ирэхэд А гэх хүн “гэрт байгаа буу аваад ир, энийг буудаж алъя” гэсэн. Би “хүн буудах хуультай байдаг юм шүү, та яваад бууг нь аваад ир” гэж хэлээд уурганыхаа бөгсөөр зүүн дал хэсэгт нь 2 удаа цохьсон. А гэх хүн бууж ирээд гар хугалчихлаа гэхээр нь үзсэн чинь гар нь хавдсан, атгаж болохгүй байсан. Хугарсан бол салганах ёстой, хугараагүй юм биш үү гэж хэлсэн. А намайг гэрт хүргээд өгөөч гэхэд нь эхнэр хүргэж өгөхгүй гээд морин дээр нь мордуулж өгөөд явуулсан” гэв.
-Хохирогч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 6 сарын 4-ний өдөр хонь нийлсэн байсан учраас хонио ялгасан. Энэ айлын мал манай малын бэлчээр лүү гараад ирдэг. Тэр өдөр би эдний мал байна гэж бодсон. Энэ залуу ирээд “энэ мал манай мал биш хүний мал. Та мал малладаг байж малаа таньдаггүй юм уу” гэхээр нь танай олон малыг би яаж мэдэх юм гэсэн. Би Б гуайтай уулзаж байхад манай малчин Б руу Б гуайн хүү Ц, хүргэн 2 нь чулуу шидээд байхаар нь би “та нар яагаад хүн рүү чулуу шидээд байгаа юм бэ” гээд энэ залууг шилбүүрээрээ ороолгосон. Миний морь догшин морь байсан. Энэ уургаа барьж очиход морь зог тусаад миний барьж байсан модыг булааж аваад намайг цохиод хугалсан. Энэ хүний барьж байсан уурганы мод бүдүүн мод байсан, түүгээр намайг балбаж гар хугалсан. Би уурандаа айлгах гэж бууны талаар хэлсэн, буу гэж юу байх вэ дээ. Цохиулчихаад яаж ч чадахгүй та нар намайг хүргээд өг гэхэд хүргэж өгөхгүй байсан. Эхнэр нь айхтар хүн байсан. Нутгаасаа хөөдөг хүн өөрөө унаагаа олоод яв гэж хэлсэн. Моринд мордуулж өгсөн гэж энэ хүн худлаа хэлж байна, мордуулж өгөөгүй. Би найзтайгаа элбэж байж морин дээрээ мордоод гэртээ хариад цагдаа руу утсаар залгахад эзгүй байна гэсэн. Тэгээд эмнэлэг рүү залгаж хэлээд эмнэлгийн машин 2, 3 цагийн дараа ирсэн. 5 км зайтай гэж худлаа ярьж байна. Манай өвөлжөөнөөс энэ хүний мал маллаад байгаа бэлчээр 3 км хүрэхгүй газар байдаг. Би тэр нутагт олон жил амьдарч байна. Манай өвөлжөө, хаваржаа хоёр 200 метр зайтай байдаг, би машингүй хүн. Манай хаваржаа байдаг газрын овооны ард очоод буучихсан, эдний хоёр, гурван мянга мал нь манай малын бэлчээрээр нэг явахад л бэлчээрийг юу ч үгүй талхлаад байсан учраас “та нар нүүж болдоггүй юм уу” гэж Б гуайд хэлсэн” гэв.
-Яллагдагч М.Ж-ийн “...2018 оны 6 сарын 4-ний өдөр манай хадам бид нар Дэрэн сумын 4-р багийн нутаг дэвсгэр Зүлэгтий гэх газар 10:00 цагийн үед хонио услах гээд байж байтал манай нутгийн М.А гэдэг хүн морьтойгоо нүүдлийн айлын хонийг туугаад манай хоньтой нийлүүлэх гээд малчинтайгаа цуг хүрч ирсэн. Тэгэхээр нь хонь нийлэх юм болов уу гээд бид нар хэдэн талд нь зогсоод хорьж байтал М.А нь манай хадам Н.Б-д хандаж танай хонийг услуулахгүй гэх мэтээр загнаад явсан гэсэн. Тэгээд морин дээрээсээ өөрийнхөө барьж байсан шилбүүрээр миний зүүн дал, харьт орчимд 2 удаа цохьсон. Тэгэхэд шилбүүрийнх нь үзүүр хугарсан ба тухайн үед би гадуураа дээл өмссөн байсан болохоор миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Эмнэлэгт үзүүлэх хэмжээний асуудал болоогүй. Тэгээд А намайг цохихоор нь би зөрүүлээд барьж байсан уурганыхаа цээж хэсгээр цохиход М.А зүүн гараараа хаасан. Тэгэхэд миний уурга цээж хэсгээрээ хугарсан. Тэгтэл М.А малчиндаа буу аваад ир буудна гэж айлган сүрдүүлж байсан. Тэгэхэээр нь би чи яасан их хүн бууддаг юм бэ гээд хугарсан уургаараа зүүн дал хэсэгт нь 2 удаа цохьсон. Тэгсэн удалгүй М.А гар эвгүй болгочихлоо гэхээр нь зүүн гарыг нь барьж үзсэн чинь зүүн гарынх нь шуу хэсэгт бага зэрэг хавдсан, зүүн гарынхаа сарвууг гүйцэд тэнийлгэж чадахгүй байсан. Үнэхээр тэнийхгүй байсан уу, эсвэл өөрөө тэнийлгэхгүй байсан уу мэдэхгүй. Тэгээд М.А-г морин дээр нь мордуулж өгөөд явуулсан. Хэрэг болох үед М.А бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
-Гэрч С.Б-ны: “...Би Дундговь аймгийн Дэрэн сумын 3-р багийн малчин. А гэдэг найздаа туслах малчин хийж тусладаг. Манай найз Агийн малын бэлчээр дээр 2018 оны 5 сарын 27-ны өдрийн орчим Дэрэн сумаас урагш нутагладаг гэх айл оторлож яваа гээд буусан. Тухайн айлын мал нь манай бэлчээрт орж малын бэлчээр сүйтгээд байхаар нь 2018 оны 6 сарын 4-ний өдөр 14 цагийн орчим А бид хоёр Б гэх хүний малыг цааш нь туух санаатай морьтой очиж цааш нь тууж байтал тухайн Б гэдэг айлын хүмүүс цагаан өнгийн машинтай ирээд Б-гийн хүү Ц гэдэг залуу надад чи яагаад манай малыг хөөгөөд байгаа юм гээд хүрээд ирсэн. Түүний араас Б гуайн хүргэн болох Ж гэдэг залуу ирж мөн адил намайг загнаж над руу чулуу шидсэн боловч намайг оноогүй. Үүнийг А хараад Ж чи яагаад манай найз руу чулуу шидээд байгаа юм бэ гэсээр хүрч ирсэн чинь Ж Агийн морины цулбуураас нь барьж аваад уурганы шилбүүрийн модоор А-гийн дал, мөр, гар луу нь хэд хэд цохиж байхыг хараад би очоод А-г мориоос нь буулгахад гар нь гэмтсэн бололтой байна гэхэд тэд тоохгүй орхиод явцгаасан. Би А-г гэртээ авч ирээд сум руу түргэн дуудаад түргэнээр өгч явуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
-Хохирогч М.А-ны: “...Би 2018 оны 6 дугаар сарын 3-ны өглөө 5 цагт босоод малдаа явахад гадаа шороон шуургатай байсан. Манай гэрээс 300 орчим метр зайд манай мал Багийн малтай нийлсэн байсан. Би малаа ялгаж байтал Ба гуайн хүү Цо, хүргэн нь болох нэг залуу хоёр ирсэн. Би тэр хоёрт та нар өглөө эрт босч малаа харахгүй мал нийлүүлээд байх юм гэж хэлээд манай өвөлжөөн дээр очиж малаа цуг ялгасан. Малаа ялгаж байхад Цо-ийн эхнэр бололтой нэг эмэгтэй Цо-гийн унаж явсан Прадо маркийн машинд суугаад байхаар нь би очоод бууж малаа ялгаач гэж хэлсэн чинь тэр эмэгтэй хуц чи муу өөрөө ялгахгүй юу гэж хэлээд машинаасаа буугаад ирсэн. Миний уур хүрээд барьж явсан шилбүүрээрээ баруун гарын булчин хэсэгт 2 удаа цохьсон. Тэгээд бид нар малаа ялгаж дуусаад салаад явцгаасан. Маргааш буюу 2018 оны 6 сарын 4-ний өдөр 14 цагийн орчим би малаа усалж гаргачихаад Ба-гийн малд нийлээд үлдсэн байсан хонь, ямаагаа ялгаж аваад гэртээ ирэхэд Ба-гийн хонь манай бэлчээрт бэлчиж байхаар нь би найз Б-ны хамт морьтой очоод Багийн малыг хойш нь туусан. Гэтэл Ба гуай, түүний хүү Цо, эхнэртэйгээ, мөн охин нь нөхөртэйгээ 2 машинтай ирээд бүгд буугаад ирсэн. Би Ба гуайтай уулзаад юм яриад зогсож байтал манай малчин болох Ба рүү Ба гуайн хүү Цо, хүргэн 2 нь чулуу шидээд хөөгөөд байхаар нь би очоод та нар яагаад хүн рүү чулуу шидээд байгаа юм бэ гэсэн чинь хүргэн нь гэх залуу над руу дөхөж ирээд миний унаж явсан морины цулбуураас барьж аваад гартаа барьж явсан уурганы бөгсөөр миний зүүн мөр, зүүн гарын шууны хэсэг рүү 5-6 удаа цохьсон. Би миний гарыг хугалчихлаа гэж хэлсэн чинь цохихоо больсон. Би мориноосоо буух гэсэн боловч миний гар янгинаж өвдөөд хөдлөж чадахаа больсон байсан. Тэгээд би та нар намайг сум руу хүргэж өг гэсэн чинь хүргэж өгөлгүй орхиод явцгаасан. Би сумын төв рүү түргэн дуудаж сумын төвд очиж багийн эмчид үзүүлээд өвчин намдаах тариа хийгээд намайг аймгийн төв рүү авч явсан. Аймгийн эмнэлэгт үзүүлэхэд хугарсан байсан учраас миний гарыг гипсдэж эмчилгээ хийсэн. Тухайн хүмүүс надад 500000 төгрөг өгөхөөр тохиролцоод миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би эхнэр лүүгээ залгаад хэлсэн чинь манай эхнэр чи битгий 500000 төгрөгийг нь ав. Буцааж өг гэхээр нь би данснаасаа тэр мөнгийг аваад бэлнээр буцаагаад Цогийн төрсөн ах нь болох Түвшин гэдэг хүнд өгсөн. Тэгээд би эмчилгээ хийлгэх мөнгө нэмж өг гэж хэлэхэд нэмж мөнгө өгч чадахгүй гэсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/
- Гэрч Б.Т-ийн “...2018 оны 6 сарын 4-ний өдөр манай хүргэн Ж бид нар хонио услах гээд байж байтал манай нутгийн М.А өөрийнхөө малчинтай хонио услах гээд хүрч ирсэн. Тэгэхээр нь хонь нийлчих байх гэж бодоод хэдэн талд нь зогсож хорьсон чинь М.А манай хонийг услуулахгүй гээд хонио улам л ойртуулаад байсан. Тэгж байтал манай хүргэн М.Ж, М.А хоёр муудалцсан. Муудалцах үед М.А-гийн малчин гэх залуу хамт байсан. Хонь нийлэх гээд сандарсан байсан болохоор би хараагүй. Дараа нь М.А гар эвгүй болчихлоо гэж манай хүргэн М.Ж-д хэлж байсан. Юугаар цохиж гэмтэл учруулсныг нь мэдээгүй. М.А-гийн биед ямар гэмтэл учирсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
- Гэрч Э.О-ын “...2018 оны 6 сарын 4-ний өдөр М.Ж бид нар хонио услах гэж байтал нутгийн М.А өөрийнхөө малчинтай айлын хонь туугаад ирсэн. Тэгэхээр нь хонь нийлэх байх гэж бодоод хэдэн талд нь зогсож хорьж байсан чинь А манай хонийг услуулахгүй гээд айлын хонийг улам ойртуулаад байсан. Тэр нь биднийг хорлох гэсэн санаа байсан юм шиг байна лээ. Тэгсэн М.Ж, М.А нар муудалцсан байсан. Муудалцах үед хажууд нь М.А-гийн малчин гэх залуу байсан. Хонь нийлэх гээд сандарсан байсан болохоор би хараагүй. Дараа нь М.А гар эвгүй болчихлоо гэж манай хүргэн М.Ж-д хэлж байсан. Юугаар цохиж гэмтэл учруулсан, Агийн биед ямар гэмтэл учирсныг мэдээгүй. 2018 оны 6 сарын 2-ны өдөр манай хонь А-гийн хоньтой нийлээд, малаа ялгаж байтал элдвээр харааж зүхээд шилбүүрний модоор миний баруун мөрөнд 1 цохьсон. Тухайн үед миний баруун мөрөнд хөхөрсөн байсан ба энэ талаараа эмнэлгийн байгууллагад хандсан асуудал байхгүй. Би шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
- Шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 180200137 дугаартай дүгнэлтэнд: “1.М.А-гийн биед зүүн гарын богтос яс хугарамтгай хэсгээр далд хугарсан гэмтэл тогтоогдлоо. 2.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 15/
-Хэрэгт цугларсан бусад бичгийн болон эд мөрийн баримт зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч М.Ж нь 2018 оны 6 сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р багийн нутаг дэвсгэр Зүлэгтий гэх газарт иргэн М.А-г уурганы модоор цохьсон, үүний улмаас иргэн М.А-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Ж-ийг хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч М.Ж-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсны дараа түүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүй, татгалзсан, гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санаачилга гаргаагүйг харгалзан 4500 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргаж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь: Шүүгдэгч нь хохирогч Н.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсаны дараа түүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүй болох нь хэрэгт авагдсан гэрч Б-ны мэдүүлгээр тогтоогдож байх боловч энэ нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон түүний гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл буюу эхэлж бусдын эрүүл мэндэд халдсан үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл болно.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч М.А нь шүүгдэгч М.Ж-с 2750850 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 950850 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, хохирогчийн нэхэмжлэлээс хүүхдийн ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин 1800.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хохирогч нь өөрийн гар гэмтсэний улмаас мал аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд хүү А овогтой Д-г ажлаас нь 2 сар чөлөө авахуулж, ажилгүй байсан хугацааны цалин 1800.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардах эрхэд нийцсэн байна. Хохирогчийн хүү А.Д нь сард 900.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг гэсэн Дөрвөн-Очирт ХХК-ийн тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан бөгөөд хэзээнээс эхлэн хэдий хүртэл ажил хөдөлмөр эрхлэхгүй чөлөөтэй байсан талаарх баримтыг /нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон тодорхойлолт/ хэрэгт ирүүлээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь заалаа.
Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Г.М