| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2513000000044 |
| Дугаар | 2026/ДШМ/11 |
| Огноо | 2026-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/11
Ж.Б-, Б.Ш- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/345 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ж.Б-, Б.Ш- нарт холбогдох эрүүгийн 2513000000044 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Ж.Б-, Б.Ш-, хэлмэрч, орчуулагч М.Нурасыл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******** төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт **********оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Ж.Б- /РД:**********/.
2. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ****оны ** дугаар сарын **-ний өдөр ************ төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт ********** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б.Ш- /РД:***********/.
3. Холбогдсон хэргийн талаар:
3.1. Яллагдагч Ж.Б- 2024 оны 5 дугаар сарын 07-ны шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Е-ын хашаан дотор түүнтэй урьд үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогч С.Е-ыг зодож, улмаар цээжний зүүн талд шалбарсан шарх, зүүн бугалгад цус хуралт, баруун эгэм орчим зулгаралттай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
3.2. Яллагдагч Б.Ш-, Ж.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт байх нүүрс зардаг газарт хохирогч С.Е-тай “... над руу дайрлаа...” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа, түүний эрүүл мэндэд баруун гайморын хөндийд хана дагасан бага зэрэг агууламжтай, хамрын таславч мурийлт, баруун доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зүүн дээд зовхинд зулгаралттай гэмтлүүд болох хөнгөн хохирлыг бүлэглэж, санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
4. Прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 89/а дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Ж.Б-ын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, Б.Ш-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/345 дугаар шийтгэх тогтоолоор:
5.1. Шүүгдэгч Ж овогт Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ж овогт ЖБ-, Т овогт Б.Ш- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 1,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Ш-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох тус тус шийтгэж,
5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Б.Ш- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Б.Ш- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
5.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-аас хүний сэтгэцэд учирсан хор уршигт 4,960,000 төгрөг, шүүгдэгч Б.Ш-аас хүний сэтгэцэд учирсан хор уршигт 2,300,000 төгрөг тус тус гаргуулан хохирогч С.Е-ад олгож, хохирогч С.Е-ын хүний сэтгэцэд учирсан хор уршигт 1,313,400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,
5.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Е- нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг цаашид эмчлүүлэх, үүнтэй холбоотой олох байсан орлого, бусад зардлыг шүүгдэгч Ж.Б-, Б.Ш- нараас нэхэмжлэх бол нотлох баримтуудаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгч Ж.Б-, Б.Ш- нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Хохирогч гэх С.Е- нь үндэслэлгүйгээр биднийг гүтгэсэн. Тодруулбал бид хоёр нүүрсээ худалдаад нүүрсний хашаанаас гарч явж байхад өөрийн тээврийн хэрэгслээр ирж дотроос нь хүүхдээ дагуулж бууж “Бичлэг хийж бай” гэж утсаа өгөөд бид хоёр руу өөрөө шууд дайрч, цохиж өшиглөж зодож дайрсан. Тэр үед бид хоёр Ж.Б- би цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн юм. Бид С.Е-ын хууль бус дайран, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй довтолгооноос зайлсхийн биеэ хамгаалах үйлдэл буюу аргагүй хамгаалалт хийсэн болохоор шүүх үүнийг санаатай үйлдэл гэж гэм буруутанд тооцсонд гомдож байна.
6.2. С.Е- нь хөнгөн гэмтэл авчхаад сэтгэл санааны хохиролд 14.520.000 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх нь 7.360.000 төгрөгөөр их болгож өгөхөөр тогтсон. Бид хоёр 2.400.000 төгрөгөөр торгогдож, хохирол 7.360.000 төгрөг төлөх буюу бүгд 10.000.000 төгрөгөөр хохирч байна.
6.3.Иймд хэргийг дахиж шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлж өгнө үү.
7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Шүүгдэгч нарын зүгээс 3 үндэслэлээр гомдол гаргасан гэж ойлголоо. Сүүлд машины гадаа шөнө зодолддог асуудлын хувьд утсанд хийсэн бичлэг байгаа. Тэрүүгээр бүх зүйл тодорхой байдаг. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэхээс биш гэмт хэрэг гарахад аргагүй хамгаалалт байгаагүй. Үүнийг ч гэсэн анхан шатны шүүх хуралдаанд дүгнэлт хэлэхдээ хохирогчийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэгт нөлөөлсөн байна гэж үзсэн. Хохирогч Е-ын хашаан дотор болсон асуудлын хувьд хохирогчийн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Хохирогчийн холбогдох мэдүүлэгт үндэслэж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байгаа.
7.2. Иймд шүүгдэгч нарын хувьд хохирогч Е-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн. Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийн оролцогч нар буюу шүүгдэгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Б-, Б.Ш- нарын хамтран гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
10. Шүүгдэгч Ж.Б- 2024 оны 5 дугаар сарын 07-ны шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Е-ын хашаан дотор түүнтэй урьд үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн түүнтэй маргалдаж, улмаар зодож, цээжний зүүн талд шалбарсан шарх, зүүн бугалгад цус хуралт, баруун эгэм орчим зулгаралттай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах;
- шүүгдэгч Б.Ш-, Ж.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт байрлах нүүрс зардаг газарт хохирогч С.Е-тай “... над руу дайрлаа...” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа, түүний эрүүл мэндэд баруун гайморын хөндийд хана дагасан бага зэрэг агууламжтай, хамрын таславч мурийлт, баруун доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зүүн дээд зовхинд зулгаралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирлыг бүлэглэж, санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, гэрчүүдийн мэдүүлгүүд, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хэрэгт ач холбогдолтой бусад нөхцөл байдлууд эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
11. Шүүгдэгч Ж.Б-ын хохирогч С.Е-ыг өөр өөр цаг хугацаанд, тухайлбал эхний удаад нь 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дангаараа зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2 дахь удаад нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Ш-тай бүлэглэн зодож, хохирогчид хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдлийг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь дэх хэсэгт зааснаар тус тусад нь зүйлчилж;
шүүгдэгч Б.Ш-ыг 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ж.Б-тай бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч тус бүрийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчмуудад тус тус нийцсэн байна.
12. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ш-, Ж.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний тус тус үйлдсэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч тус бүр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа түүнийг хүсэж үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохируулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг өөр өөр цаг хугацаанд үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, аль хүнд ялтай зүйлээр буюу шингээх зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Ш-ыг мөн зүйл, хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
13. Шүүгдэгч нарын “...хохирогч гэх С.Е- нь үндэслэлгүйгээр биднийг гүтгэсэн. Тодруулбал бид хоёр нүүрсээ худалдаад нүүрсний хашаанаас гарч явж байхад өөрийн тээврийн хэрэгслээр ирж дотроос нь хүүхдээ дагуулж бууж “Бичлэг хийж бай” гэж утсаа өгөөд бид хоёр руу өөрөө шууд дайрч, цохиж өшиглөж зодож дайрсан. Тэр үед бид хоёр Ж.Б- би цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн юм. Бид С.Е-ын хууль бус дайрсан, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй довтолгооноос зайлсхийн биеэ хамгаалах үйлдэл буюу аргагүй хамгаалалт хийсэн болохоор шүүх үүнийг санаатай үйлдэл гэж гэм буруутанд тооцсонд гомдож байна. С.Е- нь хөнгөн гэмтэл авчхаад сэтгэл санааны хохиролд 14.520.000 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх нь 7.360.000 төгрөгөөр төлүүлэхээр тогтсон. Бид хоёр 2.400.000 төгрөгөөр торгогдож, хохирол 7.360.000 төгрөг төлөх буюу бүгд 10.000.000 төгрөгөөр хохирч байна. Иймд хэргийг дахиж шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
14. Нийгэмд аюултай халдлагаас хамгаалж аргагүй хамгаалалт хийх нь Эрүүгийн хуулиар тогтоож, зөвшөөрсөн хувь хүний эрх бөгөөд аргагүй хамгаалалт нь бусдад гэм хор учруулдаг санаатай бөгөөд идэвхтэй үйлдэл учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн хэдий ч бодит агуулгаараа өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн байдаг. Аргагүй хамгаалалтыг хүч хэрэглэсэн довтолгоо үйлдэж буй этгээдийн эсрэг халдагч этгээдийн эрх чөлөө, эрүүл мэнд, амь биед хохирол учруулах замаар хийдэг бөгөөд гэм хор нь хэлбэрийн хувьд эд хөрөнгийг нь устгасан буюу гэмтээсэн, бие махбодид нь гэмтэл учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан, амь насыг нь хохироосон байж болно. Нийгэмд аюултай халдлага, өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн довтолгоо эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх учиртай. Түүнээс довтолгоо төгссөн хойно хийсэн хариу үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй бөгөөд довтолгоо бодитой байх нь аргагүй хамгаалалтын бүтээцийг тодорхойлох гол бүрдүүлбэрийн нэг болно.
15. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Ш-, Ж.Б- нарын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал бодитой тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б- нь 2024 оны 5 дугаар сарын 07-ны шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Е-ын хашаан дотор түүнтэй урьд үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн түүнийг зодож, улмаар цээжний зүүн талд шалбарсан шарх, зүүн бугалгад цус хуралт, баруун эгэм орчим зулгаралттай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл холбогдол тогтоогдсон, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 20 цагийн орчимд шүүгдэгч Б.Ш-, Ж.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт байх нүүрс зардаг газарт хохирогч С.Е-тай “... над руу дайрлаа...” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа, түүний эрүүл мэндэд баруун гайморын хөндийд хана дагасан бага зэрэг агууламжтай, хамрын таславч мурийлт, баруун доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зүүн дээд зовхинд зулгаралттай гэмтлүүд болох хөнгөн хохирлыг бүлэглэж, санаатай учруулсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжийг агуулаагүй, хохирогчтой урьд өмнө үүссэн таарамжгүй харилцаа, шүүгдэгч нар болон хохирогчийн хооронд үүссэн хэрүүл маргаан, тэмцэлтэй шууд харилцан хамааралтай, холбоотойгоос гадна шүүгдэгч нар хохирогчийн тулгарсан довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас шүүгдэгч нарын энэ талаарх давж заалдах гомдол хууль зүйн болон бодит үндэслэлгүй.
16. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдүүдээс тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн төрөл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан шинжээчийн дүгнэлтийг баримтлан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-аас хүний сэтгэцэд учирсан хор уршигт 4,960,000 төгрөг, шүүгдэгч Б.Ш-аас хүний сэтгэцэд учирсан хор уршигт 2,300,000 төгрөг тус тус гаргуулан хохирогч С.Е-ад олгож, хохирогч С.Е-ын хүний сэтгэцэд учирсан хор уршигт 1,313,400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу торгох шийтгэл оногдуулах зэрэг эрх зүйн ойлголтуудыг хооронд нь “тоон утгаар” жишиж болохуйц ойлголтууд биш тул шүүгдэгч нарын “бид хоёр 2.400.000 төгрөгөөр торгуулж дээр нь хохиролд 7.360.000 төгрөг төлөх буюу бүгд 10.000.000 төгрөгөөр хохирч /шийтгүүлж/ байна” гэсэн агуулгатай давж заалдах гомдол хууль зүйн хувьд үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/345 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-, Б.Ш- нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК