| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00047/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.О
Улсын яллагч Д.Б
Хохирогч Г.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1822001370051 тоот хэргийг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 9, эцэг эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р баг Рашаантын 11-2 тоот, /одоо Дундговь аймгийн Өлзийт сум 1-р баг “Цагаан хавирга”-д нутаглах/ оршин суух, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Д овгийн Б-н Б /РД:ЗИ96040302/ гэв.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 4 сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 6-р баг Рашаантын 11-р гудамжны 2 тоотод байх гэртээ Г.Б-тай маргалдаж, улмаар түүний нуруун тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...3 цаг өнгөрөөгөөд сүүлийн архиа ууж дуусчихаад О-ыг гараад явангуут нь би хаалгаа түгжчихсэн. О нилээн байж байгаад буцаж ирээд хаалга тогшсон. Би тавихгүй гэж хэлэхэд О дөрвөн пизда чинь дөрвүүлээ юу хийгээд байгаа юм бэ гэхэд бид дөрөв дотор юм уугаад сууж байсан. Миний уур хүрээд чи хатавч эвдэж орж ирж байсан юм чинь тэгээд ороод ирэхгүй юу гээд найз охиных нь хажууд хэлчихсэн. Хаалганы нэг самбарыг цөм өшиглөчихсөн. Тэгээд би хаалгаа тавьсан. Орж ирээд намайг нэг алгадсан гэсэн би мэдэхгүй байгаа. Ш, О-ыг угаалтуур луу түлхсэн байх. Манай дүү От унтаж байхад О дээр нь гарчихсан багалзуурдаж байсан. Отгоноо сэрээд босч ирээд аавын бакалыг өмсчихөөд О-той муудалцах гээд яваад байхаар нь чи яах гээд байгаа юм. Хоёр дүүгийнхээ өвөрт ороод хэвт гэж хэлсэн. О-ыг би галын хайчаар гурваас дөрвөн удаа цохьсон байх. О буцаад багананы тийшээ манай дүү рүү явж байхаар нь гал тогооны савнаас хутга аваад ардаас нь дүрсэн...” гэв.
- Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бие засах гээд гараад явсан. Тэгээд эргэж орж ирэхдээ хаалга эвдэж орж ирээд агсарсан юм шиг байна лээ. Би Ш-тэй муудалцаад Б-г алгадсан гэж байсан. Би мэдээгүй. Штэй муудалцахад Б голоор орж ирж, Б-тэй муудалцсан. Би дүүг нь очиж багалзуурдсан. Тэгээд эргээд Ч-ийг түшээд зогсож байхад ардаас хутгалсан .Зарим нэг зүйлийг нь сайн санахгүй байна. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй ...” гэв.
- Гэрч Ч.Ч-ийн “...Бат-О бие засна гээд гарсан. Тэр хойгуур нь Б гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжсэн. Б-О хаалга өшиглөөд цөмөлчихсөн. Тэгээд Б хаалгаа онгойлгоод О-ыг орж ирэнгүүт нь угаалтуур луу түлхэж унагаасан. О босч ирээд Бг 1 удаа алгадсан. Тэгэнгүүт Ш босч ирээд Б-О-ыг цохиод авсан. Тэгээд Б-О, Ш 2 барилцаад авахад Б араас нь галын хайчаар 4-5 удаа цохьсон. Нэг мэдсэн Б араас нь хутгалсан байсан. Тэгээд би гараад цагдаагийн хэсэгт болон эмнэлэгт дуудлага өгсөн...”гэх мэдүүлэг /хх-27/
- Гэрч Т.Ш-н “...2018.04.16-ны өдрийн 23 цагийн үед Б-гийнд ганцаараа очсон. Тэднийд Б-О байсан. Гаднаас Б У нар нэг шил 750 гр архи, 3 ширхэг том пиво аваад ирсэн. Тэгээд Б Б-О Ч У бид нар юм ярьж ууцгаасан. Архи пиво ууж дуусахад Б-О Б нар хамт гарч бас нэг шил 750 гр архи аваад ирсэн. Хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй. Шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй. Б Б-О нар гэрээс гарч яваад эргэж гэрт орж ирсэн. Бат-Оыг гарангуут Б гэрийнхээ хаалгыг түгжсэн. Гэтэл Бат-О хаалга нүдээд, хаалга нээгээч гэж хашгираад, хаалгыг нь цөм өшиглөсөн. Б хаалга нээж өгөхөд нь Бат-О хаалга нээж өгсөнгүй гээд нэг алгадсан. Бат-О унтаж байсан Бгийн дүү От-г сэрээсэн. У Бат-Оыг От-с холдуултал нэг мэдсэн чинь Б нурууных нь орчим хутгалсан байсан. Архи пиво хувааж ууж байхад хэрүүл огт болоогүй. Б-О өөр хүнтэй маргаж муудаагүй, нилээд согтсон байсан. Бид нарын согтолт гайгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-117-118/
- Яллагдагч Б.Б-гийн “...Б-О манай гэрт худлаа унтах гээд байхаар нь Ч манай гэрээс дагуулж гараад, гадаа хэвтээд явахгүй байна гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжсэн. Б-О хаалгыг маань хэд хэдэн удаа өшиглөж байгаад цөмлөхөөр нь би хаалга тавьж өгсөн чинь орж ирээд намайг алгадаад, зуух өшиглөсөн. Тэгэхэд У гэрээс гараад явсан байсан. Унтаж байсан манай дүү От-н дээр гараад суучихсан багалзуурыг нь шахаж байсан. Ш Бат-Оыг манай дүүгээс холдуулсан. Тэгээд би уурлаад гал тогооны шүүгээнээс хүрэн иштэй хутга аваад Бат-О манай дүү рүү явж байхаар нь араас нь баруун талынх нь бөөр рүү 1 удаа хутгалсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг /хх-120-121/
-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.04.18-ны өдрийн 189200150 тоот “...Г.Б-ын биед нуруунд хатгагдсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй болон мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-32/
-Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 4 сарын 16-аас 17-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дундговь аймгийн Өлзийт сумын 6-р баг Рашаантын 11-р гудамжны 2 тоотод байр гэртээ Г.Б-той маргалдаж, улмаар түүний нуруун тус газар нь хутгалсан, дээрх үйл явдлын улмаас хохирогч Г.Б-ын бие эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь тухайн үед согтуу байсан, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж заасан байх тул түүнийг болгоомжгүйгээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид 2500.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд “хохирогч Г.Б-д хохиролд илүү төлсөн 2.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.
Учир нь: Хохирогч Г.Б нь 15 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, ямаа самнаж өдрийн 100.000 орчим төгрөг олдог байсан гэх боловч энэ талаарх баримтаа хохирол төлөгдсөн үндэслэлээр шүүхэд ирүүлээгүй байна. Шүүгдэгч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Д овгийн Б-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 2500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн илүү төлсөн 2 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Г.М