| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2413001060178 |
| Дугаар | 2026/ДШМ/12 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/12
Х.Б-, Л.У- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/319 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Б-, Л.У- нарт холбогдох эрүүгийн 2413001060178 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгч Х.Б- болон түүний өмгөөлөгч, шүүгдэгч Л.У-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Х.Б-, Л.У-, тэдгээрийн өмгөөлөгч Я.С-, Д.Э-, Х.З-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ********** төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ******** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ************** оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай З овогт Х.Б- /РД: **************/;
2. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ****** төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ***********ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, ************** оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Э овогт Л.У- /РД:************/.
3. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /прокурорын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаар яллах дүгнэлт, хэргийн 2 дугаар хавтасны 204 дугаар тал/:
3.1. Шүүгдэгч Х.Б- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 2.5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзсан албан бичгийг компаниудад хүргүүлснээс хойш ажлын 6 хоног өнгөрөөгүй байхдаа 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж бусдад давуу байдал олгосон гэх,
3.2. Шүүгдэгч Л.У- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсөв гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан ба энэ үеэр 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамнаас тус яамны Төрийн нарийн бичгийн даргын Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт хандсан 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаар “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийг түүний ***************@gmail.соm гэх цахим шуудан руу илгээж (уг сонгон шалгаруулалтын ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой баримт материалыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор Сангийн яаманд) ирүүлэхийг мэдэгдсээр байхад материалыг хугацаанд нь илгээгээгүй буюу өөрийн хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэсэн эрх бүхий байгууллагын эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, мөн зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад буюу “К” ХХК-д давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
4. Прокурорын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаар яллах дүгнэлтээр Х.Б-, Л.У- нарын дээрх үйлдлийг тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/319 дүгээр шийтгэх тогтоолоор:
5.1. Шүүгдэгч З овогт Х.Б-, Э овогт Л.У- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Л.У-гийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-, Л.У- нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ тэдний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Я.С- нарын давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэх Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа явдлыг эс зөвшөөрч байна. Эрүүгийн 2413001060178 дугаартай хэрэгт хууль, журмын дагуу бэхжүүлж авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс үнэлэн шүүгдэгч гэх Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Үүнд:
6.2. Баян-Өлгий аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын 2023 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хавсралтын 1.3.Засмал замын зураг төсөв /эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр/ 4 дүгээр баг 2023 он төсөвт өртөг нь 31222,3 мянган төгрөг гэжээ.
6.3. Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 3 км авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах 01/08 дугаар ажлын даалгаврыг 2023.08.29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг дарга Н.Х баталсан байна.
6.4. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/14 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын 1-т “Тус суманд 2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Сумын төвийн хатуу хучилттай авто замын зураг төслийг боловсруулах”, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн дараах бүрэлдэхүүнтэй байгуулж, даргаар Т.М- /ХАА хариуцсан мэргэжилтэн, гишүүн Х.О- /цэцэрлэгийн нярав/, нарийн бичиг Л.У- /ЗДТГ-ын нягтлан бодогч/ нарыг баталж, дээрх төсөл арга хэмжээний холбогдох материал ажлын даалгаврыг бэлтгэж, ажлын хэсгийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган, тендер шалгаруулалтыг хууль журмын хүрээнд зохион байгуулахыг ажлын хэсэг /Т.М-/-т үүрэг болгожээ.
6.5. “К” ХХК-аас 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр № 1/184 дугаар албан бичгээр уг тендерт оролцох хүсэлт гарган 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр № 1/207 дугаар холбогдох бичиг баримтуудыг Буянт сумын Тендерийн хороонд хүргүүлсэн байна. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлд “Тус суманд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх“ сумын төвийн хатуу хучилттай авто замын зураг төсөл"-ийг хийж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023.11.26-ны өдрийн 11 цагт нээв. Тендерт оролцогч хоёр компани дараах санхүүгийн санал ирүүлсэн байна. Үүнд: 1. “И” ХХК-ны санал 28,248,980 төгрөг, 2. “К” ХХК 27,992,883 төгрөгөөр дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр санал ирүүлсэн байна. Шийдвэрлэсэн нь: Тендерт оролцсон зөвлөхүүдээс хуулийн 36.7, 39.14 заасан шаардлагуудыг хамгийн сайн хангаж, техникийн чадавх, санхүүгийн чадавх, ТИА, ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагаараа бусад зөвлөхүүдээс оноогоор дээгүүр бөгөөд хамгийн бага үнийн санал /39.14/ ирүүлсэн “К” ХХК-ийг сонгон шалгаруулж, уг компанитай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр санал нэгтэй тохиров.” гэжээ.
6.6. Баян-Өлгий аймгийн Буянт сумын ЗДТГ-ын дарга Х.Б-т 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үнэлгээний хорооноос зөвлөмж хүргүүлэн “К” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлсэн байна. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2023.11.29-ний өдрийн 3/210 дугаар албан бичигт: “К” ХХК-ийн захирал С.Г-т "Тус суманд 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийн гүйцэтгэгчээр хамгийн сайн үнэлэгдэж шалгарсан тул Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн 39.14 дүгээр зүйлийг үндэслэн хэлэлцээр хийх урилгыг хүргүүлж байна” гэжээ.
6.7. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2023.11.29-ний өдрийн 3/211 дугаар албан бичигт: “И” ХХК-ийн захирал Ч.М-ад “Тус суманд 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт танай компаниас ирүүлсэн тендер шалгараагүй тул үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
6.8. Баян-Өлгий аймгийн Буянт сумын ЗДТГ-ын 2023.11.30-ны өдрийн 3/214 дугаар албан бичигт “Тус сумын ЗДТГ-аас зарласан “2,5” км хатуу хучилттай авто зам тавих” замын зураг төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн бичиг баримт боловсруулах явцад техникийн алдаа гарч Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоолд заасан босго үнийг мөрдөөгүй болох нь тогтоогдсон боловч захиалагчийн зүгээс гаргасан шийдвэр өөрчлөгдөөгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.
6.9. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг дарга Н.Хн баталсан “Сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсөв боловсруулах” 11 дүгээр гэрээг Буянт сумын ЗДТГ-ын дарга Х.Б-, “К” ХХК-ны захирал С.Г- нар 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан байна. Монгол улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 03/8925 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймгийн Буянт сумын ЗДТГ-т хаягласан албан бичигт гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх шийдвэр гарчээ.
6.10. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр Буянт сумын орон нутгийг хөгжүүлэх сангаас 13,996,441,00 төгрөгийг “К” ХХК-ны дансанд шилжүүлсэн байна.
6.11. Монгол улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 03/9236 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газарт уг тендерийн үйл ажиллагааны тухай мэдээлэл хүргүүлсэн байна.
6.12. Баян-Өлгий аймгийн Буянт сумын ЗДТГ-ын 2024.01.04-ний өдрийн 3/01 дүгээр албан бичгээр Монгол улсын Авлигатай тэмцэх газрын комиссоор н.Чинбатад хаяглан уг тендерийн үйл ажиллагаа хэрхэн явагдсан тухай дэлгэрэнгүй тайлбар хүргүүлжээ.
6.13. Баян-Өлгий аймгийн Буянт сумын ЗДТГ-ын 2024.01.10-ны өдрийн 3/11 дугаар албан бичгээр Монгол улсын Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатад уг тендерийн үйл ажиллагаа хэрхэн явагдсан тухай дэлгэрэнгүй тайлбар хүргүүлжээ.
6.14. “И” ХХК-ийн захирал Ч.М-аас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А/24 дүгээр албан бичгээр Баян-Өлгий аймгийн Буянт сумын ЗДТГ-ын дарга Х.Б-т хаяглан тендерээс татгалзсан тухай хүсэлт явуулжээ.
6.15. Баян-Өлгий аймгийн Буянт сумын ЗДТГ-ын 2024.01.19-ний өдрийн 3/26 дугаар албан бичгээр Монгол улсын Авлигатай тэмцэх газрын комиссоор н.Чинбатад хаяглан уг тендерийн үйл ажиллагаа хэрхэн явагдсан тухай дэлгэрэнгүй тайлбар хүргүүлжээ.
6.16. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр уг тендерээр гүйцэтгэсэн ажлыг Буянт сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Т.М- нь “К” ХХК-ийн инженер Б.О-оос хүлээж авсан байна.
6.17. 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Төлбөрийн хүсэлтээр Буянт сумын орон нутгийг хөгжүүлэх сангаас 5,000,000,00 төгрөгийг “К” ХХК-ны дансанд шилжүүлсэн байна.
6.18. 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Төлбөрийн хүсэлтээр Буянт сумын орон нутгийг хөгжүүлэх сангаас 8,996,441,00 төгрөгийг “К” ХХК-ны дансанд шилжүүлсэн байна.
6.19. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц-гийн “...2022 оноос хойш Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газрын Санхүү албаны даргаар ажиллаж байна. Надад тендерийн талаар мэдэх зүйл байхгүй. Баян-Өлгий аймгийн Буянт төвд авто замын ажил хийх зураг төсвийн ажил гүйцэтгэгдэж хүлээж авсан. Тус ажлыг үр дүнтэй сайн хийсэн гэж үзэж байгаа. Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвд авто замын ажил хийх зураг төсвийн ажлын гүйцэтгэгдэж санхүүжилт нь тус сумын Орон нутаг хөгжүүлэх сангаас гарсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, манай сумын орон Нутгийн хөгжлийн сангаас хийгдсэн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэжээ.
6.20. Гэрч Т.М-ын “...Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 3 км авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгавар 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гарч улмаар намайг Үнэлгээний хорооны даргаар Буянт сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар томилсон. Тус төслийн ажил нь Буянт сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил байсан бөгөөд нийт 31 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажилд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр арлаж, 11 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн. Ингээд тендерийг 2023 оны үнэлгээний хороо хуралдаж олонхын саналаар “К” ХХК нь шаардлага хангах юм байна гээд шалгаруулсан. Тухайн үед “К ХХК-тай цуг “И’’ ХХК өрсөлдөж улмаар 2 компанийн аль аль нь техникийн шаардлага хангасан боловч “И” ХХК нь “К” ХХК-аас өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзаж “К” ХХК-ийг шалгаруулж захиалагч болох Засаг даргын Тамгын газрын даргад зөвлөмж хүргүүлсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Засаг даргын Тамгын газрын дарга “К” ХХК-тай гэрээг байгуулсан. Сангийн яамнаас албан бичиг ирсэн. Ингэхдээ ирүүлсэн албан бичигт “...түүнчлэн журмын 4.7-д заасны дагуу тендерт оролцогч нарт энэхүү мэдэгдлийн тухай мэдээлэх арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байсан тул үүний дагуу “К”, “И” ХХК-дад мэдэгдэхэд манайх гомдлоосоо татгалзаж байна. Та бүхэн үйл ажиллагааг хэвийн явуулж бай гэхээр нь бид нар Сангийн яам рүү материал явуулаагүй. “К” ХХК-д мэдэгдэхэд “И” ХХК-тай ярьчихъя гэсэн тэгээд “И” ХХК рүү ярихад та бүхэн ажлаа явуулж бай бид бүхэн гомдлоо татлаа гэхээр нь Сангийн яаманд материал явуулаагүй. Гэрээ байгуулсны дараа Сангийн яамнаас албан тоот ирсэн. “К” ХХК нь Буянт сумын ЗДТГ-ын хэн нэгэнтэй хамаарал байхгүй гэх компани Улаанбаатар хотын компани байсан. Сангийн яамны бичиг нь Засаг даргын Тамгын газрын нарийн бичиг Х.А-ар дамжиж ирсэн. Сангийн яамнаас ирсэн өдөр нь би бичгийн хүлээж авсан. Материал сангийн яам рүү явуулах гэж байгаад нөгөө компаниудаас гомдол байхгүй гэж сумын Засаг даргын тамгын газрын дарга рүү ярьсан гэхээр нь материал явуулах шаардлага байхгүй байх гэж ойлгоод явуулаагүй. Нэгэнт “И” ХХК гомдлоо татсан гэсэн болохоор явуулах шаардлагагүй гэж ойлгосон. Энэ асуудал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхлэхээр нь Сангийн яам рүү явуулсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-43 дугаар хуудас/
6.21. Гэрч О.О-гийн “...Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 3 км авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгавар 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гарч улмаар намайг үнэлгээний хорооны гишүүнээр Буянт сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар томилсон..... Ингээд тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нээхэд 2 компани материал ирүүлсэн байсныг үнэлгээний хорооны дарга М-, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга У- бид 3 хуралдаж олонхын саналаар буюу 100 хувийн саналаар “К” ХХК нь шаардлага хангах юм байна гээд шалгаруулсан. Тухайн үед “К” ХХК-тай цуг “И” ХХК өрсөлдөж улмаар 2 компани аль аль техникийн шаардлага хангасан боловч “И” ХХК нь “К” ХХК-аас өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзаж, “К” ХХК-ийг шалгаруулж захиалагч болох Засаг даргын Тамгын газрын даргад зөвлөмж хүргүүлсэн. Миний хувьд үүнээс өөр зүйл мэдэхгүй. Би үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан ба 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалт болж би шалгаруулалтад өөрийн саналыг өгөөд шалгаруулалт болоод өндөрлөсөн түүнээс цааш юу болсныг мэдэхгүй, хэрэв сангийн яамнаас бичиг ирсэн бол түүний дагуу материал илгээх үүрэг нь нарийн бичгийн дарга У-д байсан. Тийм болохоор шалгаруулалтаас хойш юу болсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-46 дугаар хуудас/ ,
6.22. Яллагдагч Х.Б-ын “...би бусдад давуу байдал олгоогүй, тендер хуулийн дагуу зарлаж 2 компани материал илгээснээс үнэлгээний хороо шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн компанитай би гэрээг байгуулсан. .. Сангийн яамны албан бичиг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн огноотой 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар ирүүлсэн. Би тэр өдөр л бичиг ирүүлснийг мэдсэн. Хугацаанаас өмнө гэрээ байгуулсан асуудлын тухайд гэвэл 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тендер шалгаруулж улмаар гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн. Ингээд тоолоод үзэхээр 6 хоног хангалттай дууссан байсан. Албан бичиг бол сүүлд хүлээж авсан. У-гийн мэйлээр бичиг ирээгүй байсан. Сангийн яамнаас ирүүлсэн гэдэг боловч яг мэйлээр бол ирүүлээгүй байсан. Манайх бол эх хувиар л авсан. Тухайн өдөр хүлээж авсан материал явуулах боломжгүй байсан. Тухайн өдөр бичгийг аваад ажлын цаг дууссан. Мөн сангийн яаманд гомдол гаргасан “И” ХХК-ний захирал надтай утсаар яриад гомдлоо татсан гэсэн тул явуулах шаардлагагүй гэж үзсэн. Би “И” ХХК-ийг гомдлоо тат гэж гуйгаагүй. Би бол ажлын 6 хоног дууссан гэж тооцсон. Би тоолохдоо 11 дүгээр сарын 29-ний өдрийг оруулаад тоолоод 12 дугаар сарын 06-ны өдөр дуусаж байна гэж үзсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 193, 198-199 дүгээр хуудас/
6.23. Яллагдагч Л.У-гийн “ ...би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Сангийн яамнаас илгээсэн мэйл хаягийг хүлээж аваагүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Сангийн яамнаас над рүү албаны дугаараас нэг эмэгтэй хүн 2023 оны 12 дугаар сард яг хэдний өдөр ярьсныг мэдэхгүй залгаад танайх рүү Хатуу хучилттай замын зураг төсвийн тендер сонгон шалгаруулалттай холбоотой материал ирүүлэх шаардлагатай байна. Эх хувийг шуудангаар явуулсан гэж ярьсан. Ямар ямар материал юу юу явуулахыг мэдээгүй учраас явуулаагүй. Шуудан ирчих байх гэж бодсон мөн хугацаатай бичиг гэдгийг мэдээгүй. Би гэрээ байгуулсныг мэдээгүй, энэ талаар мэдэхгүй. Гэхдээ Засаг даргын тамгын газрын дарга Х.Б- байгуулсан. Сангийн яамны бичиг нь Засаг даргын тамгын газрын нарийн бичиг Х.А-ар дамжиж ирсэн. Би өөрөө бол 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авсан. Тэгээд би бичгийг 2024 оны 01 дүгээр сард Авлигатай тэмцэх газарт тайлбар хүргүүлсний дараа материалыг Сангийн яаманд хүргүүлсэн. “И” ХХК гомдлоо буцааж авсан гэж сонссон болохоор би тус бичгийг явуулах шаардлагагүй гэж ойлгосон “ гэх мэдүүлэг /ХХ-ийн 208-209 дүгээр хуудас/
6.24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйл. Гэм буруу 1. “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжтой хэлбэртэй байна. 2. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч гэх Х.Б- нь уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг өөрөө хүсэж үйлдсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Х.Б- нь өөрөө хүсэж санаатайгаар гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч гэх Х.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн боловч уг гэрээ нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр Буянт сумын ОНХСангаас 13,996,441,00 төгрөгийг “К” ХХК-ны дансанд шилжүүлснээр бодитой хэрэгжиж эхэлснийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Ингэхээр зохих журмын дагуу уг тендерт шалгарсан “К” ХХК-тай гэрээ байгуулсан гэх үйлдэлд шүүгдэгч Х.Б-ын хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүсэж үйлдсэн эсэхийг ялган тогтоолгүйгээр түүнийг албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй үзээгүй гэж үзэж байна.
6.25. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байдаг юм.
6.26. Иймд шүүгдэгч Х.Б- нь уг гэрээнд гарын үсэг зурахдаа сумын ЗДТГ-ын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн, тендер шалгаруулах ажлын хэсгийн ахлагч Т.М-ын бэлтгэ ирсэн гэрээний төсөлд гарын үсэг зурахдаа нягтлан шалгах, хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.М-ын бэлтгэж ирсэн бичиг баримтууд үнэн зөв байна гэж итгэн гэрээнд гарын үсэг зурсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинжийн объектив талыг хангаж байгаа боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг учраас Х.Б-ын үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг бус, харин эрх зүйн бусад зөрчлийн шинжтэй гэж үзэж байна.
6.27. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2025\ШЦТ\319 дугаар шийтгэх тогтоол шүүгдэгч Х.Б-ыг гэм буруутайд тооцсон хэсгийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-ын 1 дүгээр хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй" гэсэн хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
7. Шүүгдэгч Л.У-гийн давж заалдах гомдлын агуулга:
7.1. Шүүгдэгч Л.У- /РД:95092405/ миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/319 дугаартай “ Шийтгэх тогтоол”-ыг 2025 оны 12 дугаар сарын 11-ны өдөр бичгээр хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмаар давж заалдах гомдол гаргаж байна.
7.2. Холбогдсон хэргийн товч утга нь: Шүүгдэгч Л.У- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамнаас Баян- Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт албан бичиг илгээж, улмаар түүний *******************гэх мэйл хаяг руу материал илгээх талаар мэдэгдсээр байхад материалыг хугацаанд нь илгээгээгүй өөрийн хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2-т заасан “ Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэсэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж. албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, мөн зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад буюу “К” ХХК-д давуу байдал бий болгож. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон.
7.3. Давж заалдах гомдлын үндэслэл: Л.У- миний бие Буянт сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд тус сумын төвд “Хатуу хучилттай авто зам барих тендер сонгон шалгаруулалт”-ын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан юм. Уг тендер сонгон шалгаруулалтад “К” ХХК, “И” ХХК гэх хоёр компани материал ирүүлсэн ба “Бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу хамгийн бага үнийн санал ирүүлсэн “К" ХХК -ыг шалгаруулах нь бусдад давуу байдал олгосон явдал биш бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг огт хангаагүй болно.
7.4. Сангийн яамнаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Л.У- надад мэйлээр болон бичгээр “И” ХХК-ны гомдолтой холбогдуулан сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад сангийн яамны эрх бүхий албан тушаалтан Отгонсүрэн шүүгдэгч Л.У- миний ашиглаж байсан мэйл хаягт үзлэг хийх, шинжилгээний дүгнэлт гаргуулахад миний мэйл хаягт Сангийн яамны ажилтан Отгонсүрэнгээс ямар нэгэн мэдээлэл орж ирсэн үйл баримт тогтоогдоогүй хэргийн үйлдэл нотлогдоогүй болно.
7.5. Сангийн яамны зүгээс Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргад хаяглаж, шуудангаар явуулсан гэх 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар Буянт сумын шуудан хүргэгчид хүргэгдэж Буянт сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан хүлээн авсан үйл баримт тогтоогдсон нь шүүгдэгч Л.У- би уг хэрэгт огт хамааралгүй болохыг нотолж байна.
7.6. Шүүгдэгч Л.У- миний бие Авлигын эсрэг тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар нийтийн албан тушаалтан биш бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект өөрийгөө албан тушаалын хувьд хамаарахгүй гэж үзэж байна.
7.7. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт шүүх хуралдааны мэтгэлцээний явцад Л.У- миний үйлдэлд гэмт хэргийн шинж нотлогдохгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/319 дугаартай “Шийтгэх тогтоол”-ыг хүчингүй болгож, Л.У- надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд шүүгдэгч Х.Б- болон түүний өмгөөлөгчийн гаргасан, мөн шүүгдэгч Л.У-гийн гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Х.Б-т холбогдох хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүгдэгч Л.У-д холбогдох үйлдэл холбогдолд хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсэг хууль ёсны болон гэм буруугийн зарчмыг хангаагүй гэж дүгнэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтооход хүрэлцээтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
9. Шүүгдэгч Х.Б- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа, захиалагчийн хувьд тус сумын төвийн 2.5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны гэрээ байгуулах санал, зөвлөмжийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сонгон шалгаруулалтад оролцсон “К” ХХК, “И” ХХК нарт хэлэлцээр хийх урилга болон сонгон шалгаруулалтад шалгараагүй талаар тус тус мэдэгдэж 3/210, 3/211 дугаартай албан бичгүүдийг хүргүүлсний дараа тухайн үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан[1] 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан хуулийн илэрхий тодорхой заалтыг санаатай зөрчиж, “И” ХХК нь тус сонгон шалгаруулалтын талаар холбогдох байгууллагад гомдол гаргасныг мэдсээр атал тус компанид 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/214 дугаар албан бичгээр “захиалагчийн зүгээс гаргасан шийдвэр өөрчлөгдөхгүй” гэж урьдчилж мэдэгдэн, улмаар 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “К” ХХК-тай “Сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсөв боловсруулах” тухай 11 дугаартай гэрээг байгуулж, хуулиар тодорхойлсон (1) “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дотор”, (2) “тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах” зэрэг хуульчилсан нөхцөлүүдийн эхнийхийг санаатай зөрчиж, “ажлын 6-аас доошгүй” буюу 6-аас дээш ажлын өдрийн дотор үнэлгээний хорооноос санал болгосон хуулийн этгээдтэй гэрээ байгуулах байтал уг хугацааг хүлээхгүйгээр, сонгон шалгаруулалтад оролцогчдод мэдэгдсэнээс хойш 4 дэх ажлын өдөрт буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “К” ХХК-д давуу байвал бий болгожээ.
10. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтууд, тухайлбал Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/9236 дугаар албан бичиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц-, гэрч Т.М-, Х.О-, Ч.М- нарын мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/211, 3/210 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/214 дугаар албан бичгүүд, Буянт сумын Засаг даргын Тамгын газар болон “К” ХХК-ийн хооронд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтууд, яллагдагч Х.Б-ын “...би бусдад давуу байдал олгоогүй, тендер хуулийн дагуу зарлаж 2 компани материал илгээснээс үнэлгээний хороо шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн компанитай би гэрээг байгуулсан. ...хугацаанаас өмнө гэрээ байгуулсан асуудлын тухайд гэвэл 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тендер шалгаруулж улмаар гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн. Ингээд тоолоод үзэхээр 6 хоног хангалттай дууссан байсан. ...би бол ажлын 6 хоног дууссан л гэж тооцсон. Би тоолохдоо 11 дүгээр сарын 29-ний өдрийг оруулж тоолоод 12 дугаар 06-ны өдөр дуусаж байна гэж үзсэн...” гэх мэдүүлэг зэргийг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Х.Б-т холбогдох хэргийн дээрх үйл баримт хангалттай тогтоогджээ.
11. Х.Б- нь захиалагчийг төлөөлөх нийтийн албан тушаалтны хувьд үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зөвлөмж, саналыг хүлээж авсны дараа тус сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/211, 3/210 дугаар албан бичгүүдээр сонгон шалгаруулалтад оролцсон “И” ХХК-д тендерт шалгараагүй талаар, харин “К” ХХК-д гэрээ байгуулах санал хүргүүлж, маргааш нь “И” ХХК-аас тус сонгон шалгаруулалтын талаар гомдол гаргасаар байхад шалгарсан компанитай гэрээ байгуулаагүй буюу гэрээ байгуулах хуульд заасан хугацаа нь болоогүй байхад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 03/214 дугаартай албан бичгээр “И” ХХК-д “захиалагчийн зүгээс гаргасан шийдвэр өөрчлөгдөхгүй” гэж урьдчилж мэдэгдэн, улмаар 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад “К” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хэргийн нөхцөл байдал, “И” ХХК-ийн захирал гэрч Ч.М-ын “... Сангийн яамнаас дээрх албан бичгийг ирүүлсний дараа Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б- гэх шиг санагдаж байна, нэрийг нь буруу санаж байж магадгүй, энэ хүн миний ************ дугаарын утас руу залгаж, гомдлоо татчих, дараагийн удаа хамтарч ажиллаж болно гэсэн утгатай зүйлийг хэлсэн, тэгэхээр нь би за тэгье гэж хэлээд тендерийн баталгаанд байршуулсан мөнгөө цуцлуулж авсан” гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэвэл, Х.Б-ын хуульд заасан хугацааг хүлээхгүйгээр “К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, тус компанитай гэрээ байгуулах гэсэн урьдчилсан хүсэл, сонирхлоо гүйцэлдүүлж, хуульд заасан хугацааг хүлээхгүйгээр “К” ХХК-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан идэвхтэй үйлдэл нь “И” ХХК-ийн шударгаар өрсөлдөх, мөн Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж шийдвэрлүүлэх, улмаар эрх бүхий дээд шатны байгууллагаас тухайн үед үйлчилж байсан хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 55.4 дэх заалтад заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг агуулсан байна.
12. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь үндсэн бүрэлдэхүүний хувьд, хамгаалагдах харилцаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чандлан баримтлах нийтийн албаны ашиг сонирхол, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, эрх ашиг байдаг бол объектив талыг тодорхойлох үйлдэл, эс үйлдэхүй нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй байх нөхцөлөөр илэрдэг. “Урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглахыг ойлгохоор хууль тогтоогч аутентик тайлбар хийснийг шүүх баримтлах нь хууль ёсны зарчимд нийцэх юм.
13. Тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг тодорхойлох эрх зүйн үр дагаврын хувьд, гэмт этгээд өөрт олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаар өөртөө, эсхүл бусдад “давуу байдал” бий болгосон байдаг. “Давуу байдал” гэдэгт Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад зааснаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгох ба “давуу байдал” нь тухайн албан тушаалтны урвуулан ашигласан “үйлдэл, эс үйлдэхүй”-тэй шууд шалтгаант холбоотой, бодит хамааралтай байна. Харин хуулиар тусгайлан тодорхойлсон субъект (нийтийн албан тушаалтан)[2] гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлан мэдэж, бусдад давуу байдал бий болгохыг хүсэж үйлдсэнээр тухайн гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж бүрдэх юм.
14. Шүүгдэгч Х.Б- нь захиалагчийн хувьд 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дэх заалтад “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3 дахь заалтад “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж заасан бүрэн эрхээ нийтийн албанд хууль дээдлэх, шударга ёсны зарчмыг баримтлах албаны эрх ашгийн эсрэг, мөн “К” ХХК-д давуу байдал олгох зорилгоор урвуулан ашиглаж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг зөрчиж тухайн компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг бүрдэл төгссөн бөгөөд түүний уг үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дангаар нь буюу гүйцэтгэгчээр зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дахь норматив үндэслэл заасан хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчимд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт, шийдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны болон үндэслэл бүхий байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудыг тус тус хангасан байна. Иймд шүүгдэгч Х.Б- болон түүний өмгөөлөгч Я.С-ийн “шүүгдэгчийн үйлдэл холбогдолд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүй” тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хайнга хандах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, тодорхой үүрэг хүлээсэн этгээд үүргээ хэрэгжүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хуульд заасан хохирол, хор уршгийг бий болгодог материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэтэл хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг харьцуулах замаар шүүгдэгч Х.Б-ын гэмт санаа тогтоогдсон байдалд үнэлэлт өгвөл, захиалагч нь үнэлгээний хорооны гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах санал, зөвлөмжийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сонгон шалгаруулалтад оролцсон “К” ХХК, “И” ХХК нарт хэлэлцээр хийх урилга болон сонгон шалгаруулалтад шалгараагүй талаар мэдэгдсэн 3/210, 3/211 дугаар албан бичгүүдийг хүргүүлж, тухайн сонгон шалгаруулалтын талаар өрсөлдөгч хуулийн этгээд гомдол гаргасныг мэдсээр атлаа хуульд заасан үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байдал, гэрч Ч.М-ын мэдүүлэг, Х.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээс үзвэл, тэрээр тендер сонгон шалгаруулалтын ажиллагааны үр дүнд шалгарсан хуулийн этгээдтэй хуульд заасан хугацааг зөрчиж ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан үйлдэлдээ “И” компанийн шударгаар өрсөлдөх боломж зөрчигдөхийг урьдчилан мэдсэн атлаа түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл уг үр дагаврыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн буюу хууль бус үйлдэлдээ сэтгэхүйн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй гэдгийг лавтай сайн мэдсээр байж, уг үйлдлээ гүйцэлдүүлэхийн тулд гэрээ байгуулах хуульд заасан хугацаа болоогүй байхад “И” ХХК-д захиалагчийн шийдвэр өөрчлөгдөхгүй талаар урьдчилж мэдэгдсэн, үүний дараагаар “К” ХХК-тай ажил гүйцэтгэх хэрээг хуульд заасан хугацаанаас өмнө байгуулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрт хамаарах тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “албан үүрэгтээ хайнга хандсан” гэх давж заалдах гомдол бодит үндэслэлгүй болно.
16. Анхан шатны шүүх хуульд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон шүүгдэгч Х.Б-ыг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуулиар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэн, тухайн ялыг шүүгдэгчийн оршин суугаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх байдлаар эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго хийгээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журам, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Анхан шатны шүүх гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг хуульд зааснаар тал бүрээс нь харгалзан үзсэн байна.
17. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ХШТ/24 дүгээр тогтоолын Тодорхойлох хэсгийн 7 дахь цогцолборт “Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналд “К” ХХК тендерийн баталгаа хэсэгт тэмдэглэл хийгдээгүй байна. “К” ХХК тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй бол 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт зааснаар захиалагч тухайн тендерээс татгалзах үүрэгтэй байсан эсэхийг бүрэн бодитойгоор шалгах шаардлагатай тул энэ талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмын агуулгыг тодорхойлсон тул хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан дээрх нөхцөл байдлыг тодруулахаар мөрдөгчөөс Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Х.Н-аас гэрчийн мэдүүлэг авах зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны магадлалд тодорхой хууль зүйн дүгнэлт хийх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ.
18. Хэргийн 1 дүгээр хавтасны 81 дүгээр талд авагдсан тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналын талаарх хүснэгт, “И” ХХК-ийн захирал Ч.М-ын гэрчийн мэдүүлгүүд зэргийг харьцуулан үзвэл, тендерт оролцогч “И” ХХК нь 31,222,300.00 төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаанд тухайн үед мөрдөгдөж байсан 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт зааснаар төсөвт өртгийн 0,5 хувиар тооцож 156,111.00 төгрөгийн баталгаа байршуулж байсан, харин оролцогч “К” ХХК нь тендерийн баталгаа гаргаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэвч 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Захиалагч ... 100 сая төгрөгөөс дээш өртөгтэй зөвлөх үйлчилгээ худалдан авах тендерт оролцогчоос тендерийн баталгаа ирүүлэхийг шаардана” гэж хуульчилсан, Баян-Өлгий аймгийн Буянт суманд 2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх сумын төвийн хатуу хучилттай авто замын зураг төслийг боловсруулах сонгон шалгаруулалт нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15 дахь заалтад заасан “зөвлөх үйлчилгээ”-нд хамаарах нь Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/14 дүгээр тушаал болон тендерийн бусад баримт бичгүүдээр тогтоогдож байна. Тухайн тендерийн зарлагдсан үнэ 100,000.00 төгрөгт хүрэхгүй буюу төсөвт өртөг нь 31,222,300.00 төгрөг байсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсоныг гэрч Х.Н-ы мэдүүлэгтэй харьцуулан дүгнэвэл, захиалагчийг төлөөлөх бүрэн эрхтэй албан тушаалтан болох Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б- нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт зааснаар тухайн тендерээс “К” ХХК-ийг тендерийн баталгаа гаргаагүй үндэслэлээр татгалзах хууль ёсны үүрэг хүлээхгүй, нөгөө талаар хуульд зааснаар тендерийн баталгаа шаардсан нөхцөл тогтоогдоогүй байхад “И” ХХК нь тендерийн баталгаа гаргаж ирүүлсэн нөхцөл байдлууд тус тус Х.Б-ын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхэд нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
“И” ХХК нь хуульд зааснаар тендерийн баталгаа шаардаагүй нөхцөлд тендерийн нийт үнийн 0,5 хувьд тэнцэх хэмжээний тендерийн баталгаа гаргаж, сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд уг мөнгөн хөрөнгийг хожим зохих журмын дагуу буцаан гаргуулж авсан талаар тус компанийн захирал, гэрч Ч.М- “...тендерийн баталгаанд байршуулсан мөнгөө цуцлуулж авсан” гэж мэдүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Х.Б-т холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэсгийг хэвээр нь үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
19. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд, шүүгдэгч Л.У- нь:
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар тус сумын төвийн авто замын зураг төсөв гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан,
- үнэлгээний хороо Буянт сумын төвийн 2.5 км хатуу хучилттай авто замын зураг төсөв гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, улмаар захиалагч нь “К” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараа “И” ХХК-ийн гомдлын дагуу Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаар албан бичгийг Л.У-гийн хувийн цахим шууданд ирүүлсэн,
- энэхүү албан бичгээр Сангийн яамнаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт хандаж “И” ХХК тендер сонгон шалгаруулалттай холбоотой гомдол гаргасан талаар, мөн захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлснийг, түүнчлэн тухайн сонгон шалгаруулалттай холбоотой шаардлагатай баримт материалыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний дотор тус яаманд ирүүлэхийг мэдэгдсэн боловч тэрээр материалыг хугацаанд нь илгээлгүй, өөрийн хийх ёстой үйлдлийг зориуд хэрэгжүүлээгүй ба үүний улмаас төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гомдол хянан шийдвэрлэх эрхийг хязгаарлаж, "К" ХХК-д давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
20. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Л.У-гийн дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дангаар нь гүйцэтгэгчээр, анхан шатны шүүх яллах дүгнэлтэд зааснаар хэргийг тус тус зүйлчилж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн мөн зүйл, хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг тус магадлалын Тодорхойлох хэсгийн 12-13 дугаар цогцолборт тухайлан тайлбарласан.
21. Шүүгдэгч Л.У-гийн үйлдэл холбогдлын хувьд, түүнийг прокурорын яллах дүгнэлтэд “нийтийн албан тушаалтны хувьд өөрийн хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр эрх бүхий байгууллагын хяналт шалгалт хийх эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүйгээр бусдад давуу байвал олгосон” гэж ялласан бөгөөд захиалагч нь “К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсны дараа Сангийн яамнаас Л.У-гийн цахим шууданд маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн албан бичгийн дагуу холбогдох тендерийн баримт материалыг хүргүүлээгүй түүний эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж дүгнэжээ.
22. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байх эс үйлдэхүйгээр төгсөх авлигын гэмт хэрэг нь дээр дурдсан (20 дахь цогцолбор) тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг агуулдгаас гадна холбогдох нийтийн албан тушаалтан прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсон буюу хийх ёстой гэх үйлдлийг хууль, захиргааны хэм хэмжээний акт, гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эсхүл бусад зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлын улмаас заавал хийх эрх зүйн үүрэг (legal duty) хүлээсэн байх, энэхүү үүргийг буюу үйлдлийг хийх бие физиологийн болон нөхцөл байдлын бодит шаардлага хийгээд боломж байсан боловч санаатайгаар зориуд хийгээгүй байх нөхцөлийг давхар шаардана.
23. Гэтэл Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаар албан бичгийг тус яамны Хууль эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн шинжээч ажилтай Д.Отгонсүрэн нь үнэлгээний хорооны нарийн бичгээр ажиллаж байсан Л.У-гийн хувийн цахим шууданд хүргүүлснээр түүнд тухайн албан бичгийн дагуу хариу арга хэмжээ авах, тус албан бичигт тусгасан үүргийг гүйцэтгэх буюу холбогдох тендер сонгон шалгаруулалтын баримт материалыг Сангийн яаманд хүргүүлэх хуульчилсан үүрэг үүсэхгүй юм.
Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журмуудад, тодруулбал 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Захиалагч худалдан авах ажиллагаа явуулсан тухай бүр тендер шалгаруулалтын хавтаст хэрэг бүрдүүлж архивын нэгж болгон хадгална” гэж, Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 5.1-т “Үнэлгээний хороо нийт гишүүдийн олонх дэмжсэн үнэлгээний дүгнэлтийг дараах баримт бичгийн хамт захиалагчид хүргүүлнэ: 5.1.1. холбогдох журам, заавар, аргачлалын дагуу боловсруулж, захиалагчаар батлуулах баримт бичиг, мэдэгдлийн төсөл; 5.1.2. тендер шалгаруулалттай холбогдох бусад баримт бичиг” гэж, мөн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаартай “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 4.6-д “Сангийн яам тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гарсан тухай захиалагчид утсаар, албан бичгээр эсхүл цахим системээр дамжуулан мэдэгдэх бөгөөд захиалагч нь мэдсэн даруйд түр түдгэлзүүлсэн тендер шалгаруулалтыг зогсоох, гомдол гаргагчийн тендерийн баталгааг чөлөөлөхгүй байх ба энэ журмын 5.1-д заасан баримт бичгийг 3 хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлнэ” гэж хуульчилж, журамласан.
24. Шүүгдэгч Л.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял халдаах гол үндэслэл нь тэрээр хийх ёстой үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байх эс үйлдэхүй тогтоогдсон байх бөгөөд энэхүү үүрэг нь хууль, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт, эсхүл захиргааны акт, гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр эрх зүйн дагуух үүрэг байх ёстой. Дээр дурдсан хэм хэмжээнүүдэд тусгагдсан зохицуулалтыг системчилсэн аргаар тайлбарлан үзвэл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаар албан бичигт дурдсан бичиг баримтуудыг журамд зааснаар үнэлгээний хороо нь зөвлөмжийн хамт захиалагчид хүргүүлчихсэн, харин хуульд зааснаар захиалагч нь архивлаж өөртөө хадгалах, улмаар уг баримтуудыг төрийн захиргааны төв байгууллагад татаж хянан шалгах талаар Сангийн яамнаас захиалагчид буюу Буянт сумын Засаг даргын Тамгын газарт, эсхүл тус байгууллагын холбогдох, үүрэг бүхий албан тушаалтанд мэдэгдэх, захиалагч нь мэдсэн даруйд тухайн баримт бичгийг Сангийн яаманд хүргүүлэх үүрэгтэй болохоос тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Л.У- нь ийм үүрэг хүлээхгүй нь тогтоогдож байна.
25. Иймд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан Л.У-аас өөртэй нь шууд холбогдсоноос үл хамаарч, түүний хувийн цахим шуудангаар дамжуулан тендер сонгон шалгаруулалттай холбоотой баримт, материалыг шаардсан Сангийн яамны мэргэжилтний үйл ажиллагаа хууль, журамд нийцээгүй, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь тендерийн баримт материалыг Сангийн яаманд хүргүүлэх хууль ёсны болон бодит шаардлагад тулгуурлах зүй ёсны үүрэг хүлээхгүй, энэ үүргийг захиалагч буюу Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газар хүлээж хэрэгжүүлэхээр тодорхой хуульчилж, журамласан байхад “Сангийн яамнаас шаардсан баримт бичгийг тус яаманд хүргүүлээгүй” гэж Л.У-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, тэрээр хууль болон журам, ажлын байрны чиг үүрэгт зааснаар уг баримт бичгийг Сангийн яаманд хүргүүлэх үүрэг хүлээгээгүй, харин уг үүргийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан тодорхой байхад түүнийг албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой үйлдлийг хийгээгүй, эсхүл чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр бусдад давуу байдал олгосон гэж үзэх нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
26. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримт, түүнд ач холбогдолтой бусад бүхий л нөхцөл байдлуудын талаар үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч Л.У-гийн үйлдэл холбогдлын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, эс үйлдэхүйгээр төгсөх гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хэргийн үйл баримтад буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Л.У-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, прокурорын яллах дүгнэлтээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Л.У-д холбогдох хэргийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
27. Прокурорын яллах дүгнэлтэд цагаатгагдсан этгээд Л.У-гийн үйлдэл холбогдлыг тусад нь, бие даасан гэмт хэргийн шинжээр нь буюу Х.Б-ын үйлдэл холбогдолд хамтран оролцох хэлбэр тогтоогдоогүй байдлаар зүйлчилсэн бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд бодитой. Х.Б-ын гэмт санаа бүхий үйлдэл нь “К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулснаар дуусгавар болсон, харин Л.У-г түүний хувийн цахим хуудаст Сангийн яамны мэргэжилтнээс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр илгээсэн албан бичигтэй холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн ба Л.У-гийн үйлдэл холбогдолд гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр нь шүүгдэгч Х.Б-ын үйлдэл холбогдлыг зүйлчилсэн эрх зүйн дүгнэлтэд нөлөөлөхгүйг тэмдэглэх нь зүйтэй.
28. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ХШТ/24 дүгээр тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.2 дахь цогцолборт прокурорын яллах дүгнэлтэд Л.У-г Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч, авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбоотойгоор “хоёрдмол утгатай” ялласан бөгөөд энэ тохиолдолд тэрээр холбогдох тендер сонгон шалгаруулалтын баримт материалыг Сангийн яаманд хүргүүлэх үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, иймд Сангийн яамнаас түүний хувийн цахим шууданд холбогдох албан бичгийг түүний Буянт сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажилладаг байдлыг захиалагч гэж үзэж, эсхүл сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувьд илгээсэн эсэх, ямар ажлын хэрэгцээ шаардлагын улмаас түүний хувийн цахим хуудас Монгол Улсын Сангийн яамны ажилтанд байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмын хүрээнд, хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан дээрх нөхцөл байдлыг тодруулахын тулд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс Л.У-гийн хувийн цахим шууданд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан бичгийг илгээсэн гэрч, тус яамны Хууль эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн шинжээч ажилтай Д.Отгонсүрэнгээс 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дахин мэдүүлэг авсан бөгөөд тэрээр “...албан хэрэгцээнд ашигладаг мэйл хаягаас гомдол гаргасантай холбогдуулан тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлэх тухай албан бичгийг Л.У- гэх хүнд илгээж, албан бичгийн эх хувийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт гэж хаяглан шууданд хийсэн. Мэйл илгээсэн Л.У- гэх хүнийг хаана, ямар ажил эрхэлдэг гэдгийг би мэдэхгүй байсан ба Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор ажилладаг гэж үзэж илгээгээгүй. Харин Л.У- нь тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга байсан учир илгээсэн. Л.У- нь ... үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга гэдгийг tender.gov.mn цахим системээс харж мэдсэн” гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж, тодорхой мэдүүлжээ.
29. Гэрчийн уг мэдүүлгээс дүгнэвэл, Л.У-д тухайн үед Сангийн яамны мэргэжилтнээс үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын хувьд нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан бичгийг илгээсэн, харин эх хувиар нь Буянт сумын Засаг даргын Тамгын газарт гэж хаяглан илгээсэн бөгөөд 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 5.1, 5.1.1, 5.1.2, Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 4.6-д зааснаар үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь Сангийн яамны албан бичигт дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, холбогдох баримт материалыг тус яаманд хүргүүлэх үүрэг хүлээхгүй, энэ үүргийг захиалагч хүлээх ба захиалагчаас уг үүргийн биелэлтийг шаардах учиртай. Хууль, журамд зааснаар оролцогчоос гомдол гаргасан тохиолдолд Монгол Улсын Сангийн яаманд сонгон шалгаруулалтын холбогдох баримт материалыг даруй хүргүүлэх үүргийг захиалагч хүлээх бөгөөд Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч ажилтай Л.У-д захиалагчийн хувьд түүний хувийн цахим шууданд тухайн албан бичгийг илгээгээгүй талаар Сангийн яамны холбогдох албан тушаалтан гэрчээр тодорхой мэдүүлжээ.
Сангийн яамнаас тендер сонгон шалгаруулалттай холбоотой “И” ХХК-ийн гомдлын хүрээнд тухайн сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн болон холбогдох баримт материалыг ирүүлэх тухай тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан бичгийг үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын албаны бус, хувийн цахим хуудсаар явуулсан нөхцөл байдал нь хууль, журамд зааснаар үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга бус, харин захиалагчийн хүлээх үүргийг Л.У-д үүсэх хууль ёсны үүрэг гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нь гэрчийн мэдүүлгээр давхар тогтоогдсон байна.
30. Анхан шатны шүүх холбогдох мэргэжилтний уг мэдүүлгийг хуульд заасан журмаар буюу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй бөгөөд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос Л.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгаж, Л.У-гийн “гэмт хэргийн шинж нотлогдоогүй, холбогдох нотлох баримтууд үгүйсгэгдсэн” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд гэм буруугийн зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
31. Цагаатгагдсан этгээд Л.У- нь өөрт хохирол төлбөр учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд мэдүүлэх эрхтэй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/319 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Х.Б-т холбогдох хэсгийг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Х.Б- болон түүний өмгөөлөгч Я.С- нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/319 дүгээр шийтгэх тогтоолын Л.У-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э овогт Л.У-г цагаатгаж, түүний давж заалдах гомдлыг хангасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан цагаатгагдсан этгээд Л.У- нь өөрт хохирол учирсан гэж үзвэл Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хугацаанд, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан Л.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг, мөн цагаатгагдсан этгээд болон түүний өмгөөлөгч шүүхийн энэ магадлалын цагаатгасан шалтгаан, үндэслэлд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
[1] 2005 оны энэ хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл буюу 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэл үйлчилсэн.
[2] Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь нийтийн албан тушаалд хамаарах талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх эрх зүйн нийтлэг зарчимд нийцсэн байна.