Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 26

 

 

   2022          08           08                                    206/МА2022/00026

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 154/ШШ2022/00089 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* суух, РД:*******, Баакаа овогт *******ий *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 

2017 оны цалингийн зөрүү 3,045,504 төгрөг, 2018 оны эхний 08 дугаар сарын цалингийн зөрүү 3,047,248 төгрөг, 2017 онд ээлжийн амралт олгоогүй амралтын цалин 982,009 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 1,944,360 төгрөг гаргуулан нийгмийн даатгалын санд нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, нийт 9,019,121 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Миний бие нь 1989 оноос одоо хүртэл төрд 32 жил хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. 1989-1991 онд холбооны салбарт техникч, 1992-1999 онд Ховд тээврийн биржийн хилийн тээврийн биржийн байцаагч, 1999-2000 онд тус сумын Засаг даргын Тамгын газарт албан бус боловсролын багш арга зүйч, Гэгээрэл төвийн эрхлэгч, 2000-2016 онд Засаг даргын Тамгын газарт Албан бус боловсрол-Хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтэнгээр ажиллаж байсан.

1.2 2016 онд орон тооны цомхотгол нэртэй хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөнийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоосон бөгөөд тэр үед жирэмсний амралт авсан нийгмийн ажилтан Б.Жавзанпагмын оронд түр ажиллаж байсан.

Гэтэл 2016 оны сүүлчээр шинээр томилогдсон Засаг дарга Б.Амгаланбадрах, Засаг даргын Тамгын газрын дарга ******* нар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, үл тоон миний төрийн захиргааны албан тушаалыг төрийн үйлчилгээний албан тушаал болгон цалинг 258792 төгрөгөөр багасгаж төрийн захиргааны албан хаагчийг төрийн үйлчилгээний албан хаагч болгон дур мэдэн өөрчлөн хүчээр төрийн үйлчилгээний албанд томилсон.

1.3 Тэр мөчөөс хойш Засаг дарга Б.Амгаланбадрах, Засаг даргын тамгын газрын дарга ******* нарт удаа дараа Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж намайг хуучин албан түшаалд томилох, нэг бол одоо миний ажиллаж байгаа албан тушаалыг төрийн захиргааны албан тушаал болгож цалинг урьд авч байсан цалинтай адилхан болгож өсгөж өг гэж удаа дараа шаардсан боловч миний хүсэлтийг биелүүлээгүй бөгөөд 2017 оныхоо ээлжийн амралт авах гээд Засаг дарга Б.Амгаланбадрах, Засаг даргын тамгын газрын дарга ******* нар дээр орсон боловч амралт өгөхгүй хогоо цэвэрлүүлээд явж бай гээд ээлжийн амралт олгоогүй. Энэ нь миний хууль шүүхийн байгууллагаар өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хөдөлмөрлөх, цалин хөлс авах, жилд нэг удаа ээлжийн амралт эдлэх эрх зөрчигдсөн. Бүтэн жил ээлжийн амралт эдлэлгүй байж байгаад 2018 оны 01 сард миний бие нь Засаг дарга Б.Амгаланбадрах, Засаг даргын тамгын газрын дарга нартай төрийн үйлчилгээний албан тушаалыг төрийн захиргааны албан тушаал болгон өөрчлөн цалинг хуучин авч байсантай адил болгон ажиллах талаар төрийн захиргааны албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн боловч цалинг нэмэгдүүлээгүй учир Ховд аймгийн төрийн албаны зөвлөл, Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд тус тус нэхэмжлэл, хүсэлт гаргасан боловч шийдвэрлэгдээгүй.

1.4 Миний бие нь 1963 онд төрсөн, 58 настай 2 жилийн дараа өндөр насны тэтгэвэрт гарах ёстой гэтэл одоогийн нийгмийн даатгалын тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гарахад ажилласан жилийн сүүлчийн 7 жилээр тэтгэвэр бодогддог болсон учир миний хувьд 2017, 2018 он орж байгаа тул намайг тэтгэвэрт гарахад маш их нөлөөлж төрд хоёргүй сэтгэлээр 34 жил ажиллаж хөдөлмөрлөсөн хүч хөдөлмөр талаар өнгөрч миний бие маш их хохирох нөхцөл бий болсон.

1.5 Иймд 2017 оны бүтэн жилийн 12 сарын цалингийн зөрүү 3,045,504 төгрөг, 2018 оны эхний 8 сарын цалингийн зөрүү 3,047,248 төгрөг, ээлжийн амралт олгоогүй амралтын цалин 982,009 төгрөг мөн 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэлх эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 1,944,360 төгрөг, нийт 9,019,121 /есөн сая арван есөн мянга нэг зуун хорин нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлал:

2.1. Тухайн үед миний бие Засаг даргын тамгын газрын даргын ажлыг аваад 5 хонож байсан. Сумын Нийгмийн бодлогын ажилтан Б.Жавзанпагма жирэмсний амралт авч оронд нь *******ыг 2016 оны 07 дугаар сарын 01-нд сумын нийгмийн бодлогын ажилтнаар түр томилогдон ажиллаж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 тоот тушаалаар уг ажлаас чөлөөлсөн.

2.2 Тэр үед сум тохижилт үйлчилгээний алба байгуулж албаны даргаар ажиллах санал тавихад өөрөө зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/02 тоот захирамжийг сумын Засаг дарга Б.Амгаланбадрах гаргаж, цалинг ТҮ-5-4 шатлал 480485 төгрөгөөр тогтоож ******* нь зөвшөөрч 1 жил 7 сар гаруйн хугацаанд ажиллаж, ажиллах хугацаанд цалингийн талаар болон, зөрүү авах талаар ямарч асуудал надад тавьж байгаагүй болно.

2.3 2018 оны 07 дугаар сарын 30-нд сумын Засаг даргад хүсэлт гаргаж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр сумын Засаг даргын Б/01 тоот захирамж гарган чөлөөлж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар Албан бус насан туршийн боловсрол, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтнээр авч өнөөг хүртэл ажиллуулж байна. Амралт авахгүйгээр ажиллана гэж байхгүй сумын Засаг даргын захирамжаар ажилд орсон, Засаг даргын орлогчийн удирдлага доор ажилладаг байсан тул би тэр талаар мэдэхгүй байна. Би ажилчин албан хаагчиддаа амралтын хуудас бичүүлж амраадаг амралтын цалинг тооцож олгодог байсан. *******ыг тэр үед хот тохижилтын алба шинээр байгуулагдаж ихэнх нөхцөлд гадуур голдуу ажилладаг байсан тул цагийн бүртгэлд оруулдаггүй цалинг нь сар бүр бүрэн олгож байя гэж Засаг дарга бид хоёр ярилцан шийдээд сар бүр цалинг нь олгож байсан.

2.4 Ингээд Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 154/Ш32018/00784 тоот захирамжаар уг хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан тул энэхүү захирамжийг хэвээр нь үлдээж нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 154/ШШ2022/00089 дугаар шийдвэрээр:

 

3.1  Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.2, 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 2017 оны цалингийн зөрүү 3,045,504 төгрөг, 2018 оны эхний 08 дугаар сарын цалингийн зөрүү 3,047,248 төгрөг, 2017 онд ээлжийн амралт олгоогүй амралтын цалин 982,009 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 1,944,360 төгрөг гаргуулан нийгмийн даатгалын санд нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, нийт 9,019,121 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

             3.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,256 /нэг зуун тавин есөн мянга хоёр зуун тавин зургаан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Би төрд 34 дахь жилдээ ажиллаж байна. 2000 оноос өнөөдрийн ажиллаж байгаа албан тушаалдаа томилогдон ажиллаж байтал 2016 онд шинээр томилогдсон Засаг даргын тамгын газрын дарга ******* Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, үл тоон миний төрийн захиргааны албан тушаалыг төрийн үйлчилгээний албан тушаал болгон өөрчилж цалинг 253792 төгрөгөөр багасгасан шийдвэр гаргасан.

4.2 Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч хариу өгөөгүй.

4.3 Засаг даргын тамгын газар миний төрийн үйлчилгээний албан тушаалыг төрийн захиргааны албан тушаал болгон өөрчлөн цалинг хуучин авч байсан цалинтай адилхан болгож өгнө гэж үр дүнгийн гэрээ байгуулсан боловч хууран мэхэлсэн.

4.4 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаартай шийдвэрийн гүйцэтгэх хуудас гаргуулахаар хүсэлт гаргаж Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэл, гүйцэтгэх хуудас ирж 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс уг ажилдаа томилогдсон

4.5 2018 оны 06 дугаар сард Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШЗ/2018/00784 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон.

4.6 Иймд Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 154/ШШ2022/00089 дугаар шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлын зарим хэсгийн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2017 оны цалингийн зөрүү 3,045,504 төгрөг, 2018 оны эхний 8 дугаар сарын цалингийн зөрүү 3,047,248 төгрөг 2017 оны ээлжийн амралт олгоогүй амралтын цалин 982,009 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 1,944,360 төгрөг гаргуулан нийгмийн даатгалын санд нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, нийт 9,019,121 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            7. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Б.Дамринжав нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр хүртэл 1 жил 7 сарын хугацаанд ажиллахдаа цалингийн зөрүү авах талаар ямарч асуудал надад тавьж байгаагүй, амралт авахгүйгээр ажиллана гэж байхгүй, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШЗ2018/00784 дугаартай захирамж гарсан тул захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Б.Дамринжавын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлажээ.

            8. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү шаардах хуульд заасан эрхээ зөрчигдсөн болохыг мэдэх боломжтой өдрөөс хойш 2 жил гаруй хугацааны дараа буюу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа шүүхэд хандсан байна”  гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

            9. Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын Албан бус насан туршийн боловсрол, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн түшмэлийн ажил үүргийн хуваарь нь сумын Нийгмийн бодлогын ажилтануудын ажил үүргийн хуваарьтай давхцаж байгаа тул цомхтголд оруулж уг орон тоонд ажиллаж байсан *******ыг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлжээ.

            10. ******* нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаартай Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч “Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******ыг урьд эрхэлж байсан Албан бус-Насан туршийн боловсрол, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэсэн байна.

            11. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Б/02 дугаартай захирамжаар *******ыг Сумын тохижилт үйлчилгээний албаны даргаар томилсон ба 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр *******ыг шүүхийн шийдвэрт заасан ажлын байраар хангахыг Засаг даргын Тамгын газрын даргад даалгах тухай Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Б/01 дугаартай захирамж гарч мөн өдрийн Б/10 дугаартай Ховд аймгийн ******* сумын Засаг даргынТамгын газрын даргын тушаал гарч *******ыг Албан бус-Насан туршийн боловсрол, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтний албан тушаалд томилсан байна.

            12. Өөрөөр хэлбэл  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаартай шийдвэрийг  2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч зохих ёсоор биелүүлсэн байна.

            13.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд тэрээр 2016 онд  Албан бус-Насан туршийн боловсрол, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтний албан тушаалд ажиллаж байхдаа сард 734,277 төгрөгийн цалин хөлс авч байсан ба 2017 оны 1 дугаар сард Сумын тохижилт үйлчилгээний албаны даргаар томилсоноос хойш сард 480,485 төгрөгийн цалин хөлсийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл авчээ.

            14. Нэхэмжлэгч *******ын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь “өөрийг нь албан тушаал бууруулан томилсон 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Б/02 дугаартай захирамжтай маргаагүй, харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой маргаж, хохирол буюу цалингийн зөрүү нэхэмжилсэн агуулгатай” байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасан “шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж дүгнэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”  гэж үзнэ.

            15. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            16. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд тэрээр 2016 онд Албан бус-Насан туршийн боловсрол, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтний албан тушаалд ажиллаж байхдаа сарын  734,277 төгрөгийн цалин хөлс авч байсан байх тул түүний нэг сарын дундаж цалин хөлсийг 734,277 төгрөгөөр тооцлоо. 

Харин тэрээр Сумын тохижилт үйлчилгээний албаны даргаар томилсоноос хойш сард 480,485 төгрөгийн цалин хөлс авч түүний цалин хөлс нэг сарын 734.277-480,485=253,792 төгрөгөөр буурчээ.

Иймд түүний цалин хөлсны зөрүүг 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл 20 сараар тооцож 253,792х20=5,075,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 5,075,840 төгрөгт ноогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

            17. Нэхэмжлэгч нь 2017 онд ээлжийн амралт олгоогүй гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хэрэгсэхгүй болгож, түүний илүү нэхэмжилсэн 9,019,121-5,075,840=3,943,281 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

            18.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,256 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 96,163 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 154/ШШ2022/00089 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 5,075,840 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,943,281 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 5,075,840 төгрөгт ноогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасуай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,256 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 96,163 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

.

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР