| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00073/Э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.О
Улсын яллагч Г.Х
Хохирогч Г.А, Ц.Г, Б.Б, Н.Э болон түүний өмгөөлөгч Д.Д
Хохирогч С.Д, П.Г, П.Ган, А.М, Н.Б,
Хаан банкыг төлөөлж Л.З, С.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 201612000070 тоот хэргийг 2018 оны 6 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 06 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Дундговь аймгийн Дэрэн сумын 2-р баг Цантын 4-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овгийн М-н М /РД:ЗЖ77061304/
Шүүгдэгч М.М нь Хаан банкны Дундговь аймаг дахь Дэрэн сумын тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2014-2016 онд албан тушаалын байдлаа ашиглан бусдыг залилан мэхэлж, хохирогч Х.Д-д 2900.000 төгрөгний, Б.Б-т 7000.000 төгрөгний, Г.Ат 8000.000 төгрөгний, П.Гд 8000.000 төгрөгний, С.О-т 4500.000 төгрөгний, П.Г-д 8500.000 төгрөгний, Н.Ган-т 4000.000 төгрөгний, Н.Э-д 26000.000 төгрөгний, Н.Х-д 2000.000 төгрөгний, С.Д-т 4800.000 төгрөгний, Ш.П-д 6300.000 төгрөгний, Ц.Э-д 1200.000 төгрөгний, М.Эрдэнэ-д 6000.000 төгрөгний, А.М-д 6000.000 төгрөгний, Д.А-д 2369.000 төгрөгний, Ц.Г-д 7300.000 төгрөгний, Н.Б-т 4630.000 төгрөгний, нийт 109.499.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан,
Мөн 2016 оны 1 дүгээр сард албан тушаалын байдлаа ашиглан тус банкны кассын бэлэн мөнгө 21.203.969 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Өмнө нь хэргийн талаар мэдүүлсэн учраас би мэдүүлэг өгөхгүй” гэв.
Яллагдагч М.М-ын “...
1-рт:Би Дэрэн сумын иргэн А.М гэх хүнээс надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 2014 оны 11 дүгээр сард малчны зээл хийлгүүлж 10,000,000 төгрөг зээлж аваад 6 сарын дараа эхний төлөлт хийж, 6 сарын дараа төлөлт хийж, 2 удаа зээлийн төлбөр гэж 6930.000 төгрөг төлсөн, одоо би тэр хүнд 5.042.289 төгрөгийг хүүтэй нь төлөх юм. Надад мөнгө төгрөг байхгүй болохоор би тэр мөнгийг нь одоо болтол төлж чадахгүй байна.
2-рт:Дэрэн сумын иргэн Б.Б гэх хүнээс мөнгөний хэрэг гараад байна хүүтэй нь хамт өгнө гэж хэлээд 2015 оны 08 дугаар сард 7,000,000 төгрөг хадгаламж барьцаалсан зээл хийлгүүлж мөнгийг нь бэлнээр аваад одоо болтол төлөөгүй байна.
3-рт :Дэрэн сумын 3-р багийн иргэн Г.А гэх хүнээс 2015 оны 11 дүгээр сарын 26-ний үед 8,000,000 төгрөг хадгаламж барьцаалсан зээл хийлгүүлж аваад одоо болтол төлөөгүй байна.Энэ хүнийг хадгаламжиндаа мөнгөтэй гэдийг компьютер дээрээсээ албаны шугамаар мэдсэн.Тэгээд зээлсэн юм.
4-рт:2016 оны 01 дүгээр сард би сумын иргэн П.Г эгчээс мөнгөний хэрэг болоод байна та 8000.000 төгрөг зээлүүлээч гэж хэлээд 8000.000 төгрөг өөрийн 5457028941 гэсэн дансаар дамжуулж авсан юм.Тэр мөнгөөр би кассны дутсан мөнгөө төлсөн юм.
5-рт:2015 оны 05 дугаар сарын 06-ний өдөр би С.О гэх хүнээс 4,500,000 төгрөг удаахгүй өгнө гэж зээлж авсан. Тэр мөнгийг би дансаар дамжуулж авсан.Одоо тэр мөнгийг төлөөгүй байгаа.
6-рт:Дэрэн сумын иргэн П.Ган гэх хүнээс 2015 оны 11 дүгээр сард хадгаламж барьцаалсан зээл хийлгүүлж 8,500,000 төгрөг зээлж аваад одоо болтол төлөөгүй явна.Би байр авах гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байна гэж хэлээд мөнгө зээлсэн юм. 4 удаа 520.000 төгрөг, нийт 2080,000 төгрөг төлсөн юм.Одоо надаас энэ мөнгийг хүүтэй нь бодоод 8500.000 төгрөгөө нэхэж байгаа.
7-рт:Дэрэн сумын иргэн Н.Гант-с 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сарын хугацаатай мөнгө зээлүүлээч гэж хэлээд 4000.000 төгрөг бэлнээр нь банкин дээр байхдаа авсан .Тэр мөнгийг нь төлөөгүй байна.
8-рт:Дэрэн сумын иргэн Н.Э-өөс 2015 оны 12 дугаар сарын 17-ний үед байр авах гэсэн юм та мөнгө зээлүүлээч гэж хэлээд 26,000,000 төгрөг хадгаламж барьцаалсан зээл хийлгүүлж авсан. Би энэ мөнгийг одоо болтол төлөөгүй явна.Би энэ хүний мөнгөнөөс нэг ч мөнгө төлөөгүй.
9-рт:Би Дэрэн сумын иргэн Н.Х-с 2014 оны сүүлээр 6,000,000 төгрөг зээлж аваад би хүүг нь сар бүр төлсөөр байгаад одоо 2000.000 төгрөг үлдсэн байх ёстой юм. Надад мөнгөний хэрэг болоод байна гэж хэлээд мөнгөө бэлнээр авсан, дансаар аваагүй.
10-рт:Би Дэрэн сумын иргэн С.Д гэх хүнээс мөнгөний хэрэг болоод байна гэж хэлээд 2015 оны 9 дүгээр сард хадгаламж барьцаалсан зээл хийлгүүлж бэлнээр 6 сая төгрөг авсан. Тэр мөнгөнөөс 2200.000 төгрөгийг төлсөн. Одоо тэр хүнд 3800.000 төгрөг өгөх ёстой.
11-рт:2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр сумын иргэн Ш.П гэх хүнээс мөнгөний хэрэг болоод байна, кассын өрөнд ороод байна, тус болооч гэж хэлээд 6300.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл хийлгүүлж мөнгөө Н гэх хүний дансаар дамжуулж авсан юм. Тэр Н манай нөхрийн дүүгийн найз байгаа юм. Би энэ мөнгийг огт төлөөгүй байгаа.
12-рт:Дэрэн сумын иргэн Ц.Энх гэх хүнээс 2015 оны 2 дугаар сард малчны зээл хийлгүүлж 1200.000 төгрөг бэлнээр авсан, дансаар аваагүй. Энэ хүний мөнгийг төлөөгүй байгаа.
13-рт:Дэрэн сумын иргэн М.Эрдэнэ гэх хүнээс мөнгөний хэрэг болоод байна найздаа мөнгө зээлүүлээч сарын дараа хүүтэй нь цуг өгнө гэж хэлээд 6000.000 төгрөг бэлнээр авсан.Одоо мөнгийг нь төлөөгүй байгаа.
14-рт:Дэрэн сумын иргэн Х.Д гэх хүнээс 2015 оны 9 дүгээр сард мөнгөний хэрэг гараад байна тус болооч гэж хэлээд хадгаламж барьцаалсан зээл хийлгүүлж 2900.000 төгрөг зээлсэн юм.Тэр мөнгийг төлөөгүй байна.
15-рт:Дэрэн сумын иргэн Д.А гэх хүнээс орон сууцны зээл төлөх гэсэн юм гэж хэлээд 2015 оны 09 дүгээр сард тэтгэврийн зээл хийлгүүлж 4369.000 төгрөг зээлж аваад 2 сая гаран төгрөг төлсөн. Одоо 2 сая төгрөг өгөх ёстой.
16-рт:Дэрэн сумын иргэн Ц.Г гэх хүнээс олон удаа мөнгө зээлж, буцааж өгч байсан.Ц.Г хувиараа мөнгө зээлүүлдэг хүн байгаа юм.Тэр хүн 1 сая төгрөг зээлэхээр нэг өдрийн хүү гэж 20000 төгрөг авдаг. Би Ц.Г-д 5 сая гаран төгрөг өгөх ёстой. Түүнээс 7300.000 төгрөгний зээл аваагүй. Би зөндөө мөнгө зээлж байсан болохоор мөнгөн дүнгээ санахгүй байгаа юм.
17-рт:Дэрэн сумын иргэн Н.Б гэх хүнээс би малчны зээл хийлгүүлж 10 сая төгрөг бэлнээр авсан юм.Тэр авсан мөнгөнөөсөө би 2 удаа төлөлт хийж 7 сая төгрөг төлсөн. Одоо үлдсэн 3000,000 төгрөг хүүтэйгээ нийлээд 4630,000 төгрөг болсон байх. Тэр мөнгийг төлөх ёстой юм. Би дээрх хүмүүсээс авсан мөнгөөрөө байр аваагүй, хүмүүсээс хүүтэй мөнгө зээлээд, эргээд хүүнд нь алуулаад ийм байдалд орсон.Өөртөө болон өөр хүмүүст мөнгө зарцуулсан юм огт байхгүй.Хүүнээс хүүний хооронд зээлж явсаар байгаад ийм асуудалд орсон. Би зээлийн төлбөр нэхэгдээд байхаар нь Хаан банкны кассын мөнгөнөөс 2015 оноос 2016 оны хооронд бага багаар авсаар байгаад 21203.969 төгрөг авч, ийм байдалд орсон юм.Энэ мөнгийг би хүмүүсээс мөнгө зээлж төлсөн.Би энэ мөнгийг хувьдаа завшаагүй өр төлсөөр байгаад таарсан юм..” гэх мэдүүлэг /4 хх-ийн 138-14
- Хохирогч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 11 сарын 26-ны өдөр өглөө М.М нь миний ажил дээр ирж хадгаламжныхаа 8.000.000 төгрөгийг зээлүүлээч, надад мөнгөний хэрэг гараад байна. Бор ахын малчны зээлийг төлөх гэсэн юм. Бор ах хотод байр авсан, одоо худалдаа үйлчилгээний юм авах гээд 30.000.000 төгрөгийн зээл авах гээд байна. Тэгээд малчных нь зээлийг хаах гэсэн юм ” гээд байсан. Би зөвшөөрөхгүй байсан чинь ажил дээр зогсоод ажил хийлгэхгүй байсан. Ажилтай хүн хажууд зогсоод байхар арынх нь ажил хэцүүдэж байгаа байх гэж санаа зовж байсан. Миний хажууд зогсоод явахгүй болохоор нь чи явж бай би бодож байгаад болъё гээд явуулсан. Өдрийн бүтэн миний утас дуугараад, харахаар л М-ын дугаараас дуудлага ирдэг. Би утсаа авахгүй байсан. Энэ хүн миний дансанд байгаа хадгаламжийн мөнгийг мэдсэн учраас тэрийгээ барьцаалаад зээл аваад өг гээд гуйгаад байсан. Би өөрөө зээл хийх сонирхолгүй байсан учраас зөвшөөрөхгүй байсан. Энэ хүн өдрийн бүтэн утасдаад намайг ажил хийлгэхгүй байсан. Үдээс хойно өөрөө яасан бэ та гээд хүрээд ирсэн. Би зөвшөөрөхгүй, чи мэдэж байгаа, би хадгаламждаа хийсэн мөнгөө өөрөө өөрөөсөө харамлаад хүрдэггүй гэж хэлэхэд “Манай дүү Жар-д 10.000.000 төгрөг байгаа. Өнөөдөр аймаг явах гэж байгаа болохоор мөнгө авч өгөх боломжгүй байна. 1 дэх өдөр ирээд тэр зээлийг аваад мөнгийг чинь өгье, та надад өнөөдөр туслаач” гээд байсан. Намайг зөвшөөрөхгүй болохоор М.М энэ мөнгийг чинь би өдрийн хүү тооцоод танд төлье, та надад зээлүүлчих гээд байсан. Би юу гэж байгаа юм, ийм их мөнгөнд дахиад өдрийн хүү бодогдохоор их мөнгө гарна гээд ерөөсөө хавьтуулаагүй. Тэгээд би явж бай гэхэд та миний хойноос ирээрэй, би очиход чинь зээлийг чинь гарын үсэг зурахад л бэлэн болгочихсон байя гэсэн. Хүнд за гээд хэлчихсэн болохоор худлаа хэлж чадахгүй дуртай, дургүй очсон. Очоод гарын үсэг зурсан. 10.000.000 төгрөгийн хадгаламжийг би 2015 оны 10 сарын 30-нд Хаан банканд шинээр хадгаламж нээсэн. Миний зээлийн хугацаа 17 цаг 22 минутанд хадгаламжийн зээл олгов гээд 8.000.000 төгрөг шууд миний данснаас гараад мөнгөө өөрөө тоолж авсан. Энэ хүн намайг дагаж гараад банкны үүдэнд мөнгө аваад буцаж орсон. Надад хэлэхдээ камераас гарч байгаа гэж хэлсэн. Тэр үед нэгэнт аваад өгчихсөн болохоор яаж нэхэх вэ дээ. Энэ хүн ч мөнгө авч ирж өгөөгүй, би ч нэхээд сандаргаад байгаагүй. Цагаан сар тулаад ирэхээр нь бараандаа явах үеэр шамдуулж байгаад мөнгөө аваад бараандаа явна гэж бодож байтал Хаан банкны шалгалт ирээд ийм асуудал болсон. Би Хаан банканд итгэж байсан, гомдолтой байгаа. М.М-д бас итгэж байсан, гомдолтой байгаа. М бүтэн өдөр миний ажлыг хийлгээгүй. Ажил дээр ирж зогсоод, эсхүл утасдаад байсан. Өөрийн ажлаас гадна энэ хүний ажил хэцүүдэж байгаа байх гээд сэтгэл зовоод байсан боловч эцэст нь ийм байдалд хүрлээ. Хаан банк болон М.Маар хохирлоо төлүүлмээр байна...” гэв.
-Хохирогч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“...Би М.М-тай 2000 оноос найзалж эхэлсэн. Би дэлгүүр ажиллуулдаг, М.М-д итгэдэг байсан. Өмнө нь мөнгө өгч, авч байсан. Сүүлд 2800.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тэр мөнгийг дансаар хийж болохгүй бэлнээр өгчих гээд би данснаасаа авч өгдөг байсан. Малчны зээл хаалгах айл байна. 1.000.000 төгрөгт 20.000 төгрөгөөр хаадаг гэж надад анх санал болгож байсан. Тэгэхэд 1.000.000 төгрөгт 20.000 төгрөг бодож өгч, авалцсан зүйл байгаа. Дахиад мөнгө авсан. Мөнгөө авъя гэхэд дахиад малчны зээл хааж байна гээд сүүлдээ бараа татах мөнгөгүй болчихоод мөнгөө нэхээд байсан чинь хүмүүсийнх нь мөнгө орж ирээгүй байна гээд аргацаагаад яваад байсан. Тэр болгон дахин дахин нэхэж чадаагүй. Хамгийн сүүлд 4.500.000 төгрөг гэж намайг Улаанбаатар хотод байхад утсаар ярьсан. Би лемит хэтэрчихсэн шүү дээ гэхэд телефон банкаар шилжүүлчих гэж хэлсэн. Би телефон банкаар шилжүүлж мэдэхгүй гэхэд заагаад өгье гээд шилжүүлж авсан. Хаан банк яагаад энэ хүнийг газар авахуулчихдаг байна гэж боддог. Хажууд нь бүхэл бүтэн гурав, дөрвөн ажилчин байсан атлаа энэ хүнийг газар авахуулсанд харамсаж байна. Ямар ч хараа, хяналтгүй урсгалаараа явж харилцагч нарынхаа мөнгөөр тоглож байсан. Натур төвийн тэнд байр авсан гээд 10.000.000 төгрөг бас авсан. Би энэ мөнгийг ямар дансанд хийснээ санадаггүй. Нөхрийн эгчийн данс гэж хэлэх шиг болсон. Тэгээд надад 1.0000.000 төгрөг өгсөн. Би М-с 7300.000 төгрөг авна гэсэн тооцоотой байгаа. Би аавынхаа байрыг тавиад зээл авсан байсан. Би зээл авах шаардлагатай байна чи надад 5300.000 төгрөг өгчих, 2000.000 төгрөгөө болъё гэж хэлж байсан. М.М өөрөө мэдэж байгаа. Дээрх мөнгөнд хүү нь орсон. Өөрөө яаж хүү бодсон гэдгийг нь мэдэхгүй. Би өгсөн мөнгийг нь авч байсан. Одоо 7.300.000 төгрөг нэхэмжилж байна ...” гэв.
- Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 8 сард М-д 7.000.000 төгрөг зээлүүлсэн. Тэтгэвэрт гараад улсаас авсан мөнгөө хадгаламжинд байршуулсан байсан юм. М байрны урьдчилгаа төлөх гэсэн юм гэж надад хэлсэн. Энэ хүн хадгаламжинд мөнгөтэй байсныг мэдэж байгаа. Бид нар мөнгө байхгүй гэж хэлэх ямар ч эрх байхгүй. Чи одоо байраар яах юм бэ, саяхан шинэ гэр барьсан, хоёр хүүхэд чинь жоохон байгаа, хоёр хүүхэд чинь оюутан болоход Улаанбаатар хотод байр хямдарсан ч байх юм бил үү, чамд одоо байр хэрэггүй шүү дээ гэж хэлж байсан. Хамаг юм бэлэн болгочихсон байхаар нь би гудамжинд гарын үсэг зурсан. Би завгүй явсан болохоор гарын үсгээ зураад өнгөрсөн. 2016 оны 1 сард цагаан сараар хэрэгцээ гараад гар утас руу нь утасдаад байхад гар утсаа авахгүй байсан. 1 сарын 20-р энэ хэрэг үүссэн байсан. Мөнгөө гаргуулж авмаар байна. Энэ хэргээс болоод Хаан банк найдваргүй юм байна гэж бодоод бүх дансаа татаж, Төрийн банк руу шилжүүлсэн. Одоо 8.000.0000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
- Хохирогч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 12 сарын 17-нд М.М манай гадаа ирээд намайг дуудсан. Гараад очиход байрны зээл хаах гэсэн юм мөнгө зээлчих гэхээр нь би эхний удаа зөвшөөрөөгүй. Дахиад ирээд 2 сар гаргаад төлчихье гээд байхаар нь бодож байгаад дор нь төлчих юм байна гээд мөнгө өгсөн чинь эргүүлж өгдөггүй. Сүүлд нь 2016 оны 1 сарын 25-ны үеэр мөнгөний хэрэг гарчихлаа, кассын мөнгө дутчихсан гээд үлдэгдэл мөнгийг маань авах гэхэд нь би өгөөгүй. Надаар 26000.000 төгрөгийн хадгаламжийн зээл хийлгэсэн. Би өөрөө хүүг нь төлсөн. Одоо 26.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
- Хохирогч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“...2015 оны 9 сарын 5-ны өдөр хөдөөнөөс ирээд байж байхад М утасдаад мөнгө зээлүүлээч гэхээр нь мөнгө байхгүй, чадахгүй гэж хэлэхэд хадгаламжинд чинь мөнгө байгаа шүү дээ, мөнгөө сарын хугацаатай зээлүүлчих байр авна гэж байсан. Би өгөхгүй гэхэд манай нөхөр сарын хугацаатай юм бол өгчих гээд өгсөн. Хоёр хүүхэд оюутан болох гээд бид хоёр хадгаламж нээгээд хэдэн төгрөг хийсэн байсан. Нэгнийх нь хадгаламжийг нь барьцаалаад 5.000.000 төгрөг авчих гэсэн. Тэгээд очиход 6.000.000 төгрөг бичээд гарын үсэг зурахад бэлэн болсон байсан. Тэрнээс өмнө бид малчны зээл авахад нэг өдрийн ажлаа алдаж, малаа нийлүүлэн байж малчны зээл авч байсан болохоор их хэцүү байх гэж бодсон чинь их амархан хадгаламж барьцаалсан зээл авсан. Гарын үсэг зураад л болчихсон гэсэн. 1 сарын дараа 6 хувийн хүүтэй нь буцааж өгнө гэж надад хэлсэн. 1 сар болоод хүүгээ авъя гэхэд 150.000 төгрөг өгсөн. Тэгээд таг чиг болсон. Манай хүн бие муу байнга эмнэлгээр явдаг. Бид хоёр хотод явж байгаад мөнгөний хэрэг байна ядаж 1.500.000 төгрөг өгөөч гэхэд 1 сард бил үү 2 сарын үед нэг удаа авсан. Өөр мөнгө аваагүй. Энэ хүүхдийнхээ хадгаламжийг хаалгаад нөгөө хүүхдийнхээ хадгаламжийг Төрийн банк руу шилжүүлсэн. Дотор нь ажилладаг хүн бид нарыг залилсан учраас Хаан банкинд итгэлгүй болсон. Энэ хүнд итгэдэг байсан. Нутгийн хүн бид нарыг хуурахгүй гэсэн бодолтой байсан. Би гарын үсэг зурсан нь буруу болсон байна. Нэг хүүхдийнхээ хадгаламжаар тоглуулсан. Одоо оюутан хүүхэд минь сургуулиа төгсөх гэж байгаа. Би 6.000.000 төгрөг авч М-д өгөөд 1500.000 төгрөг буцааж авсан. Тэрний өмнө хүү гэж 150.000 төгрөг авсан. Өөр юм аваагүй. Хохирол барагдуулна төлнө гэхээр нь болох байх гэж бодсон. Энэ хүнээс одоо 4.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
- Хохирогч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 1 сарын 28-нд М.М-д 8000.000 төгрөг өгсөн. Банкны кассын мөнгө дутаачихсан хэрэгт орох гээд байна, мөнгөний боломж байна уу гэж надад үнэнээ хэлсэн. Надад хадгаламж, бэлэн мөнгө байгаагүй. Би тэр өдөр тэтгэврээ зээлээгүй. Хүнээс 8.000.000 төгрөг аваад дансанд нь хийсэн. Тэр мөнгийг 2 сарын 17-нд өгнө гэж авсан боловч 2 сарын 17-нд надад өгөөгүй болохоор би тэтгэврийн зээл хийсэн. М-д 8.000.000 төгрөг шилжүүлж, тэр 8000.000 төгрөгөөр Хаан банкны кассын мөнгийг төлсөн. З 4 сард суманд очоод сургалт явуулж байхад нь би уулзсан. Тэр үед Хаан банкны шалгалтыг ахлаж ирсэн хүнд гомдолтой байна. Яагаад байгууллагаа өргүй болгож, харилцагчийг өртэй болгодог юм. Хаан банк ч бай М.М ч бай олон хүний итгэлийг олсон. Харамсалтай нь хоёулаа өнөөдөр манай суманд нэр хүндээ алдчихсан. Хаан банкны нийгмийн хариуцлага, ёс зүй, хариуцлага хүлээх чадвар байхгүй гэж би хувьдаа бодож байгаа. З-д П бид хоёр өргөдөл өгсөн. Тэр хүн эргэж хариу өгөөгүй. Ийм том байгууллагын дарга харилцагчийнхаа өгсөн өргөдөлд хариу өгөх ёстой. Би өөрөө 20 жил сургуулийн захирлаар ажилласан. Байгууллага иргэдийн өргөдөл, гомдолд хариу өгдөг байсан болохоор ийм том газрыг иргэдийн өргөдөлд хариу өгөх ёстой гэж бодож байна. Дараа нь С.Ган утсаар яриад өргөдөл очсон байх ёстой, хариу нь яасан бэ гэхэд М Соёолж төвийн тэнд 70.000.000 төгрөгөөр 2 өрөө байр авсан байсан. Та түүнээс нь ав гэж хэлсэн. Ийм байгууллага шүүх, цагдаагаар яваад тэр 70000.000 төгрөгийн үнэтэй байрыг авч чадахгүй байхад бид чадах уу. Ийм хариуцлагагүй. Энэ мөнгийг Хаан банк гаргах ёстой гэж бодож байна. Би энэ мөнгөний хүүнд нь 800.000 төгрөг төлсөн. Яагаад хариуцлага хүлээх чадвар байдаггүй юм бэ. М.М, Хаан банк хоёрт үнэхээр гомдолтой байгаа. Юм аа алдсан хүн олж ир гэх л байх. Гэхдээ энэ хүнд юу ч байхгүй гэдгийг мэдэж байгаа шүү дээ. 8.000.000 төгрөгөө аваагүй. Энэ 8.000.000 төгрөгийн хохирлыг Хаан банк гаргах ёстой гэж бодож байна...” гэв.
- Хохирогч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“..Надаар 2015 оны 11 сарын 5-нд билүү 6-нд хадгаламж барьцаалсан зээл авахуулсан. Байр авах гэж байгаа гэж хэлээд надаас мөнгө авсан. Намайг хөдөөнөөс ирэхэд хамаг юмыг чинь бэлдчихсэн байя гарын үсэг зураад болчихно гэж хэлсэн. Банкин дээр ирээд хэдэн гарын үсэг зуруулсан. Намайг хөдөө очсон байхад миний хадгаламжнаас 8500.000 төгрөг болгоод авсан байсан.Өмнө нь надаас мөнгө зээлээд тэрийгээ төлсөн. Хүү гэж 500.000 төгрөг авсан. Тэрийгээ хасаад одоо 8000.000 төгрөг нэхэмжилнэ. Хаан банканд гомдолтой, Мд ч гэсэн гомдолтой байна...” гэв.
-Хохирогч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би М.М-д 2015 оны 10 сард малчны зээл хийж 10000.000 төгрөг авч өгсөн. Хагас мөнгийг нь авсан. Одоо 6000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
- Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 8 сарын 5-нд 10.000.000 төгрөгийн малчны зээл хийж, мөнгийг нь Мд өгсөн. Тэгэхэд би Улаанбаатар хотод явсан. Араас М утасдаад байсан болохоор тэр орой нь зээл хийж мөнгө авч өгсөн. Одоо 4630.000 төгрөг авна. Байр авах гэсэн чинь дансандаа мөнгө байршуулахгүй бол болохгүй байна гэж хэлж мөнгө авсан. Би итгэж Улаанбаатар хотоос ирээд шууд зээл хийж мөнгө авч өгсөн. Одоо 4.630.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
- Хохирогч Х.Д-ийн “...2015 оны 9 сард сумын хаан банк дээр очтол ахлах теллер ажилтай М надаас та дансандаа байгаа мөнгөө надад зээлүүлчих, би хотод байр авах гээд мөнгөний хэрэг гараад байгаа юм гэхээр нь мөнгө өгөхгүй гээд банкнаас гараад явсан. Хэд хоногийн дараа намайг гэртээ байхад М гартаа нэг баримт барьчихсан та гарын үсгээ энэ баримт дээр зураад өгөөч, би танаас мөнгө зээлэх гэсэн юм гээд гуйгаад байхаар нь би гарын үсэг зурсан. Тэр баримт дээр 2900.000 төгрөг гэж бичсэн байсан. Би мөнгөө залилуулсан. Тэр мөнгө миний цалингаасаа хуримтлуулсан мөнгө байсан. Би баримт дээр гарын үсэг зурсан учраас аваад бэлнээр хэрэглээ биз. Түүнээс хойш М надад нэг ч төгрөг өгөөгүй, надаас зугтаад уулзахгүй байгаа. Би гомдолтой байна, 2900.000 төгрөгийн хохирлоо бүрэн төлүүлнэ” гэх мэдүүлэг /4 хх-ийн 8-10/
- Хохирогч С.О-н “...Хаан банкны ахлах теллер ажилтай байсан М.М нь 2015.05.06-ны өдөр над руу утсаар яриад 4500.000 төгрөг зээлүүлээч, би удаахгүй эргүүлж өгнө гэхээр нь банкинд ажилладаг хүн худлаа ярихгүй байх гэж итгээд 4500.000 төгрөг 5457079798 гэсэн данс руу шилжүүлсэн. Өмнө нь М надаас 2 удаа мөнгө зээлээд хугацаанд нь төлж байсан болохоор итгээд зээлүүлсэн. Гэтэл миний дээрх мөнгийг өгөхгүй 3 жил боллоо. Надад мөнгө шилжүүлсэн хуулга нь байгаа, би 4500.000 төгрөгөө олж авмаар байна, гомдолтой байна” гэх мэдүүлэг /4 хх-ийн 35-36/
- Хохирогч Н.Г-н “...2015.11.24-ний өдөр намайг хөдөө гэртээ байхад М над руу утсаар залгаад би байр авах гэсэн юм, та надад сарын хугацаатай мөнгө зээлүүлээч гэж гуйхаар нь би сум орж хадгаламж барьцаалсан зээл хийж 4000.000 сая төгрөг М-д өгсөн. М бүх баримт бичгийг бүрдүүлэн надаар гарын үсэг зуруулж, миний данснаас мөнгө авсан. Сарын дараа мөнгө авъя гэхэд ипотекийн зээл өгөхөө байчихлаа, түүнийг бүтэхээр мөнгийг чинь өгнө гэж хэлээд одоо болтол хуурч залилаад миний мөнгийг өгөөгүй. Зээлийн хугацаа болохоор нь би өөрөө зээлээ төлсөн. Би Маас 4000.000 төгрөг авах ёстой. Энэ хүн албан тушаалаа ашиглан иргэдийг их хуурч залилсан юм байна лээ. Би зээл хийж өгсөн 4000.000 төгрөгөө авмаар байна, гомдолтой байна” гэх мэдүүлэг /4 хх-ийн 43-44/
- Хохирогч Н.Х-н “...2015.06.01-нд сумын хаан банкин дээр М-тай таарахад 2 сая төгрөг зээлүүлээч, 3 сарын дараа хүүтэй нь өгнө гээд байхаар нь М-д 2 сая төгрөг хувиараа зээлүүлсэн. Түүнээс хойш 4 удаа уулзаж хэлсэн боловч худлаа хэлээд мөнгө өгөөгүй. Миний мөнгө хүүтэйгээ нийлээд 3920.000 төгрөг болсон байгаа. Гомдолтой байна, мөнгөө төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /4 хх-ийн 54-55/
- Хохирогч Ш.П-гийн “...2016 оны 01 дүгээр сарын 27-ний орой манай сумын Хаан банкны ахлах теллер ажилтай байсан М миний гар утас руу “мөнгө байвал зээлүүлээч” гэсэн мессеж бичсэн байсан би зөрүүлээд надад мөнгө байхгүй гэж бичсэн.Тэгээд маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 28-ний өглөө Мын нөхөр Э ганцаараа манай гэрт ирэхээр нь машинд нь суугаад явсан.Э надад манай эхнэр М-ын банкны мөнгө дутсан, та тус болооч гээд гуйгаад байхаар нь би дансаа үзъе гэж хэлээд явуулсан.Тэгтэл М утас амраахгүй байнга над руу мессеж бичээд мөнгө зээлүүлээч, та хүүхдийнхээ хадгаламжнаас зээл аваад өгөөч, би 3 хонуулаад эргүүлээд мөнгийг чинь буцаагаад өгнө гээд гуйхаар нь миний бичиг баримт хотод байгаа гэхэд та банкин дээр хүрээд очоо би тэр ажилчдад хэлчихсэн байгаа гэхээр нь сумын Хаан банк орж хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл хийгээд 6300,000 төгрөг авч С-н Н гэх хүний данс руу зээлийн мөнгөө шилжүүлсэн.Тэр дансыг М-ын нөхөр Э өгсөн юм. Надаас авсан мөнгөө М.М ерөөсөө төлөөгүй зугтаагаад байгаа. Би одоо болтол мөнгөө авч чадаагүй залилуулаад байгаа..” гэх мэдүүлэг /4 хх64-65/
- Хохирогч Ц.Э-ийн “2015 оны 2 дугаар сард намайг сумын Хаан банкнаас зээл авах гэж байхад М.М та надад малчны зээл хийгээд 1200,000 төгрөг аваад өгөөч, би хавар ноолуурны үеэр мөнгийг чинь хүүтэй нь хамт төлөөд өгнө гэж хэлээд надаар малчны зээл хийлгүүлсэн.Би малчны зээл хийж 1200,000 төгрөг бэлнээр авч М-д өгсөн. Надад 2.5 хувийн хүүтэй өгнө гэж намайг хуурч залилсан. М надад ямар ч мөнгө өгөөгүй, бараг 3 жил болж байна. Би арга ядаад малчны зээлээ төлсөн . Би одоо зээлүүлсэн мөнгөө олж авмаар байна” гэх мэдүүлэг /4 хх- 69-70/
- Хохирогч М.Эр-н “Би сумын Хаан банкинд хугацаатай хадгаламж нээгээд 5 жил бол байсан.Тэгээд 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр миний хугацаатай хадгаламжийн 1 жилийн хугацаа болж тэрнийгээ сунгуулах мөн дэвтэр дээрээ бичилт хийлгэхээр сумын төвд байх Хаан банк орсон юм.Тэгээд би 2016 оны 06 дугаар сар хүртэл хугацааг нь сунгуулаад байтал Хаан банкны ахлах теллер ажилтай М.М надтай уулзая гээд намайг дагуулаад банкнаас гарсан. Тэгээд М.М найздаа хадгаламжинд байгаа 6 сая төгрөгөө зээлүүлчих би энэ мөнгийг чинь хүүтэй нь хамт өгнө гэж хэлэхээр нь би мэдэхгүй байна манай нөхөр мэднэ би удахгүй энэ мөнгийг хэрэглэх гэж байгаа юм гэхэд найзад нь мөнгөний хэрэг гараад байна, хотод байр авсан зээл төлөхгүй бол болохгүй байна, надад чамаас өөр гуйх хүн алга гээд надаас гуйгаад байхаар нь би нөхрөөсөө асууя гэж хэлээд би банк руу буцаж ортол надаар нэг цаасан дээр М гарын үсэг зуруулаад авсан. Тэр цаас нь зээлийн гэрээ шиг 2 хуудас баримт байсан. Би сайн мэдээгүй гарын үсгийг зурчихсан. Чи нөхрөөсөө асуугаад зөвшөөрөх юм бол энэ гэрээгээр би дансанд байгаа мөнгийг чинь зээлнэ, зөвшөөрөхгүй бол энэ гэрээг устгаад хаяна гэж хэлээд үлдсэн. Тэгээд би нөхөртөө энэ талаар хэлтэл надад би мэдэхгүй, чи өөрөө мэд, гэхээр нь за за зөвшөөрч байна гэж Мд хэлээд хөдөө гэр лүүгээ явсан юм.Тэрнээс хойш хэд хоногийн дараа манай хөдөө гэрт М ирээд нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан. Би юун дээр гарын үсэг зурж байгааг мэдээгүй, гарын үсэгээ энд зур гэхээр нь зурсан. Миний дансанд байсан 6 сая төгрөгийг зээл хийлгүүлж авсан гэдгийг би сүүлд нь банк ороод мэдсэн. Би ингэж мөнгөө залилуулсан. Би М-д гомдолтой байна. Миний хадгаламжинд байсан мөнгө одоо байсан бол нилээн өссөн байх ёстой байсан. Үүнээс болж би сэтгэл санаагаар их хохирсон мөн мөнгөө залилуулсандаа гомдолтой байна” гэх мэдүүлэг /4 хх-74-75/
- Хохирогч Д.А-н “...Намайг тэтгэвэртээ гараад гэртээ байхад манай сумын Хаан банкны ахлах теллер ажилтай байсан М.М гэх эмэгтэй ирээд надаас мөнгө байвал та өгөөч орон сууцны зээл төлөх гэсэн юм, надад 40 сая төгрөг хэрэг болоод байна, зээлээ тултал нь хийж өгөөч гээд гуйгаад байхаар нь эгч нь чадахгүй цалингийн зээл гэж 3000.000 төгрөгөө төлөөд дуусгаж зээлээ хаана гэж хэлсэн.Тэгээд сарын дараа манай гэрт М.М орж ирээд таны зээлийг хийчихлээ 3000,000 төгрөгөн дээр нэмээд 4369,000 төгрөгний зээл хйисэн гээд хэлэхээр нь чи яасан их мөнгө хийсэн юм гэхэд М.М би зээлийг чинь сар бүр төлчихнө та надад 3 сарын хугацаатай зээлүүлчих гээд нэг баримт гаргаж ирээд надаар гарын үсэг зуруулсан.Тэгээд би үнэхээр 3 сарын дараа өгөх байх гэж итгээд баримтан дээр нь гарын үсэг зурсан.Тэрнээс хойш М.М миний цалингийн зээлийг 9 дүгээр сараас 12 сар хүртэл 4 сар төлсөн. Үлдсэн мөнгөө би нэхэж ажил дээр нь очтол танд мөнгө өгнө, манай нөхөр ажил хийж байгаа, таны мөнгийг 100000 төгрөгөөр ч хамаагүй төлнө гэж хэлээд явуулсан.Тэрнээс хойш огт миний цалингын зээлийг төлөөгүй, одоо болтол миний мөнгийг өгөхгүй байна. Би М.М-аас 2369.000 төгрөг авах ёстой. Намайг хуурч залилсанд нь гомдолтой байна...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 95/
- Хаан банкны төлөөлөгч Л.З шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 1 сарын 26-ны өдөр манай салбараас ээлжит гэнэтийн шалгалт Дэрэн сумын тооцооны төв дээр ажилласан. Ажиллах үед кассаас нийт 21.203.969 төгрөг дутаж тоологдсон байдаг. Улмаар салбараас нэмэлт бүрэлдэхүүн авч ирж тухайн үед Мтай уулзсан. М нөхрийнхөө эзэмшиж байсан машин, мөнгөн аяга зэргийг борлуулсан. Дээрээс нь ах, дүү нараасаа мөнгө авч зээлээ барагдуулсан гэж бид нарт тайлбарласан. Бид нар газар дээр нь ажиллаж байх явцад хүнээс мөнгө зээлж болохгүй шүү, өөрийнхөө эд хөрөнгөөр барагдуулна шүү гэсэн. Кассын төлбөр бүрэн барагдсан...” гэв.
- Хаан банкны төлөөлөгч Л.З шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ: “... М.М ажлаас гарсаны дараа Дэрэн сумын нийт 11 харилцагчийн 21.999.398 төгрөг хувьдаа авч ашигласан болох нь тогтоогдсон. Улмаар манай банк дээрх хүмүүст учирсан хохирлыг барагдуулсан. Одоо тухайн буруутай этгээд болох М.М-с 21.999.398 төгрөгийг төлүүлэх ёстой байснаас 665.000 төгрөгийг нь төлүүлсэн. Одоо нийт 21.334.398 төгрөг төлүүлэх шаардлагатай байна. Миний зүгээс гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /хх1-60-62/
Хаан банкны төлөөлөгч Л.З шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэгтээ: “ ...Иргэний хариуцагчаар татах ажиллагаа хууль зөрчиж явагдсан. Манай банк хохирогч нарт учирсан хохирлыг хариуцахгүй... ” гэв.
-Гэрч Л.Б-гийн “...Би 2016 оны 1 сарын сүүлээр Хааны банкны тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Н.Э-н хамтаар Дэрэн сумын хаан банкны тооцооны төвд хяналт шалгалтаар очсон. Тэгээд ахлах теллер ажилтай байсан М.М-ын гүйлгээ кассыг шалгахад кассын бэлэн мөнгөнөөс 21.203.969 төгрөг дутсан. М өчигдөр нэг хүнд хадгаламж барьцаалсан зээл олгосон, гэрээ байгуулаагүй зээл олголтын гүйлгээ хийсэн гэсэн. Тэр хүмүүстэй нь уулзахад тэр хүмүүс нь өчигдөр ямар нэг бэлэн мөнгө аваагүй, харин М шалгалт ирэх гээд байна та надад зээл авч өгөөч гэж хэлсэн байсан. Миний зүгээс кассын бэлэн мөнгийг хувьдаа завшсан байна гэж үзээд салбарын захирал Д.Г-рт утсаар мэдэгдсэн. Тэр өдрийн үдээс хойш салбарын захирал Д.Г, Л.З, Д.Мя нар ирээд хяналт шалгалттай танилцаад кассын дутагдал мөнгийг М-аар төлүүлсэн. М тэр мөнгийг хаанаас авч төлсөн гэдгийг нь мэдэхгүй. Манай захирал хойшоо төв рүү утсаар ярьж мөнгө дутсан талаар Хаан банкны дотоод аудитын газарт мэдэгдсэн. Тэгээд Хаан банкны дотоод аудитын газраас Б.Бат ирж шалгалт хийж тухайн суман дээр ажилласан. Бидний шалгалтаар очсон тэр өдрийн мөнгө болох кассын үлдэгдлээс 21203.969 төгрөг дутсан. Тэр нь нэг өдрийн гүйлгээний мөнгө байсан...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 129-130/
-Гэрч Н.Э-н “...Би 2016 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр Хаан банкны тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Л.-гтай Дэрэн сумын Хаан банкны тооцооны төвд хяналт шалгалтаар очсон юм. Тэгээд би ахлах теллер ажилтай байсан М.М-ын өдрийн үлдэгдэлийг шалгахад кассын бэлэн мөнгөнөөс 21,203,969 төгрөг дутсан юм. Тэгтэл М.М өөрөө хүн хадгаламж барьцаалсан зээл аваад мөнгийг нь өгсөн гүйлгээг хийгээгүй байгаа гэж тайлбарласан. Нөгөө хүнийг нь дуудаж уулзсан чинь тийм юм байхгүй байсан.Тэгээд мөнгө дутахаар нь захиралдаа утсаар энэ талаар хэлээд Дэрэн суманд манай захирал Д.Г, З нар ирж газар дээр нь танилцсан. Захирал төв рүү давхар утсаар мэдэгдсэн. Тэгээд Хаан банкны төвөөс дотоод аудитын ахлах аудит Б.Бат ирж шалгалтыг үргэлжүүлж тухайн суман дээр ажилласан. М.М нь кассны үлдэгдлээс 21,203,969 төгрөг дутаагаад тэр мөнгийг хувьдаа ашигласан байсан.Тэр нь нэг өдрийн гүйлгээний, үлдэгдэл мөнгө байсан юм. М.М хотод байр авсан талаар ямар нэгэн зүйл надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 131-132/
- Хаан банкны Дотоод аудитын газрын 2016 оны 3 сарын 2-ны өдрийн 22/03/16 дугаартай аудиторын тогтоосон төлбөр, зөрчлийн акт /2-хх-ийн 101-102
- Хэрэгт цугларсан хохирогч нартай холбоотой зээлийн гэрээ, дансны хуулга болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч М.М нь Хаан банкны Дундговь салбарын Дэрэн тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2014-2016 оны хооронд нэр бүхий 17 иргэнээс хүүтэй зээлье, удаахгүй өгнө, байр авах гэсэн юм, зээл хаалгуулах хүн байна гэх мэтээр банкнаас тэтгэврийн, хадгаламж барьцаалсан, малчны зээл хийлгүүлж мөнгийг нь бэлнээр болон дансаар шилжүүлж дээлж авсан, Хаан банкны Дундговь салбарын Дэрэн тооцооны төвийн хариуцаж байсан кассын орлогоос 21.203.969 төгрөг дутаасан болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “М.М-ын иргэдээс мөнгө зээлж авсан нь тогтоогддог боловч энэ нь залилах гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн шинжтэй үйлдэл юм. Иймд залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч М.М нь нэр бүхий 17 иргэнээс өөрсдийнх нь зөвшөөрлөөр зээл хийлгүүлж авсан, хүү өгнө гэж мөнгө зээл авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь: Түүний бусдаар зээл хийлгүүлж, бусдаас мөнгө зээлж авч байгаа үйлдэл нь иргэний эрх зүйн харилцааны шинжтэй мэт боловч энэхүү зээлийг зээлдэгч нарт буцаан төлөх боломжгүй гэдгийг шүүгдэгч өөрөө мэдэж байсан, буцаан төлөх талаар санал санаачлага гаргаагүй бөгөөд байр авах гэсэн чинь урьдчилгаа хэрэгтэй байна, хүү тооцож өгнө, хүнээр зээл хийлгүүлж өгнө гэх мэтчилэн зээлдэгч нарт итгэл төрүүлэн мөнгө зээлэх нэрийн дор буюу зээлийн гэрээгээр халхавчлан өөрийн өмчлөлд шилжүүлж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинж болно.
Шүүгдэгч М.М нь дээрх үйлдлийн улмаас нэр бүхий 17 иргэнд 108.549000 төгрөгийг хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар их хэмжээний хохиролд хамаарч байгаа бөгөөд ажил хэргийн шугамаар олж авсан мэдээлэл буюу хадгаламж эзэмшигч иргэдийн мэдээллийг ашиглан тэдгээр хүмүүсээр зээл хийлгүүлж мөнгө авсан нь энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
2016 оны 1 сарын 26-ны өдөр ХААН банкны Дундговь салбарын Дэрэн тооцооны төвд хийсэн шалгалтаар ахлах теллер М.М-ын хариуцаж байсан кассаас 21.203.969 төгрөг дутсан бөгөөд шүүгдэгч үүнийг өөрөө хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан буюу хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч М.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.М-ыг их хэмжээний буюу 108.549000 төгрөгийн хохирол учруулан, албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг, албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоож, уг ялыг шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч нь залилах гэмт хэргийн улмаас хохирогч Х.Д-д 2900.000 төгрөгний, Б.Бт 7000.000 төгрөгний, Г.Ат 8000.000 төгрөгний, П.Гд 8000.000 төгрөгний, С.О-рт 4500.000 төгрөгний, П.Ган-д 8000.000 төгрөгний, Н.Ган-т 4000.000 төгрөгний, Н.Э-д 26000.000 төгрөгний, Н.Хиш-д 2000.000 төгрөгний, С.Д-т 4350.000 төгрөгний, Ш.Пүр-д 6300.000 төгрөгний, Ц.Э-д 1200.000 төгрөгний, М.Эр-д 6000.000 төгрөгний, А.М-д 6000.000 төгрөгний, Д.А-д 2369.000 төгрөгний, Ц.Г-д 7300.000 төгрөгний, Н.Б-т 4630.000 төгрөгний хохирол, хөрөнгө завших гэмт хэргийн улмаас ХААН банкны Дундговь аймгийн Дэрэн сумын тооцооны төвд 21.203.969 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдаж, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нэр бүхий 17 хохирогч нь өөрт учирсан хохирлоо ХААН банкнаас гаргуулна гэсэн тайлбар, мэдүүлгийг мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгч байна.
Мөрдөн байцаалтын шатанд Хаан банкыг иргэний хариуцагчаар тогтоож, иргэний хариуцагчийн төлөөлөгчөөр Л.З-с мэдүүлэг авчээ. /3 -р хх-ийн 10-11-рт/
Хэргийн 1-р хавтасны 58-рт авагдсан баримтаас үзэхэд ХААН банкыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчийг төлөөлж оролцох эрхийг Л.З-д олгоогүй бөгөөд энэ итгэмжлэлээр иргэний хариуцагчийн төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.А, Ц.Г, Б.Б, Н.Э нарын өмгөөлөгч Д.Д болон улсын яллагчийн зүгээс залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ХААН банкнаас гаргуулж хохирогч нарт олгож өгнө үү ” гэсэн хүсэлтийг гаргаж байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Ажилллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ ХААН банкны Дундговь аймаг дахь Дэрэн тооцооны төвд ахлах теллерээс ажиллаж байсан болох нь 2-р хавтаст хэргийг 83, 84-рт авагдсан ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаж үзэхэд шүүгдэгч М.М нь залилах гэмт хэргийг албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх үндэслэл тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл: Харилцагч буюу иргэдээс мөнгө зээлэх нь түүний албан үүрэгт хамааралгүй бөгөөд түүний энэ үйлдлийг нь хөдөлмөрийн гэрээгээр хориглосон байна. Албан тушаалтны хувьд хийж гүйцэтгэхийг хориглосон үйлдэл хийж бусдад хохирол учруулсан тохиолдолд албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөн хохирогч нар нь шүүгдэгч М.М-д өөрсдөө зөвшөөрч зээл өгсөн, үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх үйлдэл хийгээгүй байна.
Шүүгдэгч М.М нь хохирогч П.Г-гаас 8.000.000 төгрөг, хохирогч Ш.П-с 6.300.000 төгрөгийг тус тус залилан авч ХААН банкны Дундговь аймаг дахь Дэрэн тооцооны төвийн кассаас завшсан 21.203.969 төгрөгийг төлөхөд зарцуулсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч болон хохирогч П.Г, Ш.Пү нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон орлогоор гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд дээрх гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу орлогыг хураагаагүй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байх тул ХААН банк /Дундговь аймаг дахь Дэрэн тооцооны төв/-с 14.300.000 төгрөг гаргуулан хохирогч П.Г-д 8000.000 төгрөг, хохирогч Ш.П-д 6300.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд залилах гэмт хэргийн хохирлын хэмжээг 109.499000 төгрөг гэж дурдсан боловч шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.Д 650.000 төгрөг, хохирогч П.Г 500.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс буцааж авсан гэх тул хасч тооцов.
Шүүгдэгч М.М-аас 108.549000 төгрөг гаргуулан хохирогч Х.Довуучийд 2900.000 төгрөг, Б.Бт 7000.000 төгрөг, Г.Ат 8000.000 төгрөг, С.О-т 4500.000 төгрөг, П.Га-д 8000.000 төгрөг, Н.Ган-т 4000.000 төгрөг, Н.Э-д 26000.000 төгрөг, Н.Х-д 2000.000 төгрөг, С.Д-т 4350.000 төгрөг, Ц.Э-д 1200.000 төгрөг, М.Эр-д 6000.000 төгрөг, А.М-д 6000.000 төгрөг, Д.А-д 2369.000 төгрөг, Ц.Г-д 7300.000 төгрөг, Н.Б-т 4630.000 төгрөг, Хаан банкны Дундговь салбарын Дэрэн тооцооны төвд 14300.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Хаан банк буюу иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нар 21.334.398 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заав.
Учир нь: Мөрдөн байцаалтын шатанд буюу 2017 оны 10 сарын 02-ны өдөр шүүгдэгч М.М-ын нэр бүхий 11 иргэн буюу П.П , Б.Бг, А.Д, С.М, О.Ра, Х.О, Д.Сү, Д.Ши, Д.До, Ж.Га, Т.Да нарыг банкнаас зээл авахуулан тэдний үнийн дүнг нэмэгдүүлж авах, зээлийн төлбөрийг авч ашиглах зэрэг байдлаар 21.999398 төгрөг хувьдаа ашигласан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон болох нь Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор тогтоогдож байна.
Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн М-ын М-ыг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг, албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 1 / нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч М.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан Хаан банк /Дундговь салбарын Дэрэн тооцооны төв/-с 14300.000 төгрөг гаргуулан хохирогч П.Гд 8000.000 төгрөг, хохирогч Ш.Пү-д 6300.000 төгрөг тус тус олгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-с 108.549000 төгрөг гаргуулан хохирогч Х.До-д 2900.000 төгрөг, Б.Б-т 7000.000 төгрөг, Г.А-т 8000.000 төгрөг, С.О-т 4500.000 төгрөг, П.Ган-д 8000.000 төгрөг, Н.Га-т 4000.000 төгрөг, Н.Э-д 26000.000 төгрөг, Н.Х-д 2000.000 төгрөг, С.Д-т 4350.000 төгрөг, Ц.Э-д 1200.000 төгрөг, М.Эр-д 6000.000 төгрөг, А.М-д 6000.000 төгрөг, Д.А-д 2369.000 төгрөг, Ц.Г-д 7300.000 төгрөг, Н.Б-т 4630.000 төгрөг, Хаан банкны Дундговь салбарын Дэрэн тооцооны төвд 14300.000 төгрөг тус тус олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хаан банкны 21334398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорьсугай.
10.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.М