Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01462

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.О гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00805 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.О гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э , Э.Ч нарт холбогдох, 32,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагч С.Э , түүний өмгөөлөгч Ц.А, хариуцагч Э.Ч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Э.О миний бие анх С.Э тэй 2016 оны 04 сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлийн 00-00 УНБ улсын дугаартай, Тоёота Тундра маркийн автомашиныг нэг бүр нь 135 төгрөгийн үнэ бүхий 281,482 ширхэг нийт 38,000,000 төгрөгийн үнэтэй улаан тоосгоор солилцохоор харилцан тохиролцож, бартерийн гэрээ байгуулсан. Би гэрээний үүргээ биелүүлж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. Гэтэл С.Э нь бартерийн гэрээний төлбөрт 5,700,000 төгрөгийн үнэ бүхий хар замаска өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөө огт барагдуулаагүй. С.Э 2019 оны 11 сарын 21-ний өдөр үлдэгдэл тооцоо болох 32,300,000 төгрөгийн бартерийн бараа материалыг мөнгөөр үнэлэгдэх зүйлээр барагдуулна гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. Тээврийн хэрэгсэл Э.Ч т шилжсэн нь тогтоогдсон тул түүнийг хамтран хариуцагчаар татсан. Харин одоо зөвхөн хариуцагч С.Э гөөс мөнгийг бүхэлд нь гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Хариуцагч нар хоорондын асуудлаа жич шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

2.   Хариуцагч С.Э гийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлд дурдсан бартерийн гэрээг С.Э байгуулсан нь үнэн. Гэвч гэрээний зүйл, нөхцөл нь Э.О , Э.Ч нарын хүсэл зориг юм. С.Э нь Э.О , Э.Ч нартай найз нөхдийн холбоотой бөгөөд гэрээ байгуулагдах үед Э.О , Э.Ч нарыг холбож зуучлалын үүрэг гүйцэтгэсэн. Э.О д Тоёота Тундра маркийн автомашин байсан, Э.Ч т тоосго байсан. Гэрээ байгуулах үед Э.Ч ийн иргэний үнэмлэх байхгүй байсан учир С.Э гийн нэрээр гэрээ хийгдсэн. Гэрээ хийгдсэнээр Э.О нь С.Э д машиныг шилжүүлж өгсөн юм биш. Харин барьцаанд тавих эрхийг л олгосон. Учир нь гэвэл тухайн машиныг аваад Э.Ч нь барьцаанд тавиад мөнгөтэй болох талаар Э.О д хэлсэн. Э.О ч зөвшөөрч тоосгоо бүрэн авснаар Э.Ч ийн нэр дээр машиныг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Мөн С.Э нь Э.О д 5,700,000 төгрөгийн хар замаска өгсөн зүйл байхгүй. Миний хувьд нэхэмжилж буй мөнгөний 50 хувийг зөвшөөрнө, төлбөрийг 100 хувь дангаар хариуцах үндэслэлгүй, хариуцагч Э.Ч 50 хувийг хариуцах ёстой.

 

3.   Хариуцагч Э.Ч ийн хариу тайлбарын агуулга: Э.Ч , Э.О нар гэрээ хийсэн. Энэ харилцаанд Э.Ч оролцоогүй. Харин С.Э бартерийн гэрээний зүйлийг хүлээн авч 2016 оны 04 сарын 13-ны өдөр З ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдэн авч, уг гэрээний барьцаанд тавьсан байсан. Э.Ч нь нөхрийн ёсоор С.Э гийн өмнөөс түүний зээлийн гэрээний үүрэгт 23,600,000 төгрөгийг 2016 оны 08 сарын 22-ны өдөр төлж, С.Э гийн хүсэлтийг үндэслэж З ХХК барьцааны зүйлийг Э.Ч ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн байдаг. С.Э нь Э.Ч оор зээл төлүүлсэн мөнгөө буцаан өгөх санхүүгийн боломжгүй болсны улмаас Э.Ч уг машиныг 2016 оны 12 сарын 01-ний өдөр Б.А д худалдан борлуулсан байдаг. Түүнээс биш хариуцагч С.Э гийн тайлбарт дурдсан зүйл болоогүй. Иймд Э.Ч т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар хариуцагч С.Э гөөс 32,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.О д олгож, нэхэмжлэлээс Э.Ч т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э гээс улсын тэмдэгтийн хураамжид 319,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

5.   Хариуцагч С.Э гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. 2016 оны 04 сарын 07-ны өдөр Э.О гоос С.Э д олгосон миний нэрийн өмнөөс тээврийн хэрэгслийг барьцаан тавих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл нь гэрээний 1.6-д заасан А талын эзэмшилд ашиглуулах үүргээ биелүүлсэн байдал болохоос биш бартерийн гэрээний дагуу автомашины өмчлөх эрхийг С.Э д шилжүүлсэн үйл баримт биш юм. Түүнчлэн Э.О гоос С.Э д олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч С.Э , З ХХК нарын хооронд 2016 оны 04 сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, энэхүү зээлийн гэрээнд үндэслэгдэж байгуулагдсан барьцааны гэрээ нь зээл төлсөн тохиолдол барьцааны зүйлийг буцаан шилжүүлэх гэрээний харилцаа болохоос Э.О нь С.Э д автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх үйл баримт биш. Нөгөө талаар гэрээний энэхүү заалт нь хариуцагч С.Э гийн гаргасан ...тухайн машиныг аваад барьцаанд тавьж мөнгөтэй болох талаар Э.О д хэлсэн. Э.О нь зөвшөөрч тоосгоо бүрэн авснаар Э.Ч ийн нэр дээр машиныг шилжүүлж өгөхөөр тохиролцсон... гэх тайлбар үнэн бодитой болохыг харуулж байгаа юм.

4.б. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Гэтэл харилцан өмчлөлд шилжүүлэх үүргээ хэн аль нь биелүүлээгүй байхаас гадна энэхүү гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус, Э.О , Э.Ч , С.Э нарын хүсэл зориг байсан, үүнийг Э.О , С.Э нар гэрээ байгуулснаар хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй болохыг шүүх анхаарч үзээгүй.

4.в. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар, мэтгэлцээнээс дүгнэхэд С.Э дангаараа хариуцагч биш болох нь тогтоогдсон. Шүүх ч мөн тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь С.Э д хариуцуулж байгаа нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид тэгш эрхтэй байх зарчмыг гажуудуулж, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн шийдвэр гаргасан.

4.г. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э нь талуудын хооронд болсон үйл баримт, хүсэл зориг, хариу тайлбараа нотлох үүднээс Авто тээврийн үндэсний төв, Нотариатын байгууллага, Эрүүгийн хэргийн төв архив, З ХХК зэрэг байгууллагуудаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргаж, өөрийн хариу тайлбараа нотолсон. Хариуцагч Э.Ч өөрт ногдох үүрэг хариуцлагаас бултах үүднээс худал тайлбар гаргаж, бодит үйл явдлыг нууж байсан нь түүний зүгээс шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой өөрийн холбогдсон эрүүгийн хэргийн талаарх баримтыг гаргаж өгөөгүйгээр барахгүй нэг ч дурдаагүй байдлаас нь харагдана. Талуудын хоорондын хэлцэлд Э.Ч т хамааралтай төдийгүй, Э.Ч өөрт байгаа тоосгоо Э.О д нийлүүлэхээр үүрэг хүлээсэн болохыг нотолж байгаа баримт учир зориудаар гаргаж өгөөгүй гэж харж байгаа. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь С.Э гөөс нэхэмжлэх эрхгүй, С.Э бүхэлд нь хариуцах үүрэггүй юм. Хариуцах ёстой бол 38,000,000 төгрөгийн 50 хувь болох 19,000,000 төгрөгийг хариуцах ёстой. Үүнээс С.Э нь Э.О д 5,700,000 төгрөгийн хар замаск нийлүүлсэн. Үлдэгдэл 13,300,000 төгрөгийн үүргийг хүлээх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч С.Э гөөс 13,300,000 төгрөгийг гаргуулсан өөрчлөлтийг оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг нотолбол зохих хүрээнд үнэлж, хэргийг хууль ёсны дагуу хянан шийдвэрлэсэн. Хариуцагч С.Э тухайн автомашиныг хүлээн авч захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон. Автомашиныг аваагүй гэх агуулгаар зөрүүтэй тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Автомашиныг Э.О нь хариуцагч С.Э д итгэмжлэлээр шилжүүлэн өгч, З ХХК-д барьцаалж зээл авсан. Улмаар уг компани дээр очиж Э.Ч ийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан. Хариуцагч С.Э нэхэмжлэгчийн найз, автомашинаа зараач гэх санал тавьсаны дагуу худалдсан. Тухайн үед хариуцагч Э.Ч ийг дараа нь дагуулж ирсэн. Нэхэмжлэгч хариуцагч Э.Ч гэх хүнтэй бизнесийн харилцаагүй, автомашиныг С.Э гийн өмчлөлд шилжүүлж өгсөн. Хариуцагч С.Э хэлэхдээ манай найз Э.Ч бид хоёр хамтраад автомашиныг худалдаж авсан гэж хэлэн удаа дараа хүсэлт гаргасны дагуу Э.Ч ийг хамтран хариуцагчаар татсан. Нотлох баримт цуглуулах явцад хариуцагч С.Э нь өнөөдрийн шүүх хуралдаанд худал, зөрүүтэй тайлбар хэлсэн. Мөн хариуцагч Э.Ч автомашиныг өөрөө шилжүүлж авсан гэж худлаа тайлбарласан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад зээлийг хамтран ажил хэргийн нөхцөлөөр зарцуулсан гэж мэдүүлсэн. Олон хүний автомашиныг хамтран худалдаж захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон. Гэрчийн мэдүүлэг болон бодит нөхцөл байдалд хариуцагч С.Э , Чинзориг нь биечлэн очоод хариуцагч Э.Ч ийн нэр дээр автомашины өмчлөлийг шилжүүлсэн. Гэрээний үүргийг хуулийн дагуу хариуцагч С.Э гээс шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй. 2016 онд автомашиныг шилжүүлж аваад өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаа өнгөрсөн. Тухайн үеийн 32,000,000 төгрөг, өнөөгийн 32,000,000 төгрөгийн хооронд их ялгаа байгаа. Нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж, хариуцагч нарын хоорондын шаардах эрхийг нээлттэй үлдээж, нэхэмжлэгчийн эрхийг хангаж өгнө үү

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч Э.Ч ийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч С.Э болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль заасны дагуу үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Уг маргаанд хариуцагч С.Чинзоригийн хувьд хамтран хариуцагчаар холбогдож байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ч оос нэхэмжлэлийн зүйлээс татгалзсан учраас хариуцагч Э.Ч т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч болон хариуцагч С.Э нарын хооронд бартерийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь үйл баримтаар нотлогдож гэрээний хариуцлагаас чөлөөлөгдсөн. Анхан шатны шүүх хариуцагч Э.Ч т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг удирлага болгон шүүхийн шийдвэрт тусгаагүй байсан. Давж заалдах журмаар хэргийг хэлэлцэж байгаа учраас уг хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д өөрчлөлт оруулж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч С.Э д холбогдуулан гэрээний үүрэгт 32,300,000 төгрөг гаргуулах шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Э.Ч ийг татаж, хариуцагч нараас 32,300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахыг хүсэж, шүүх хуралдааны явцад хариуцагч С.Э гээс төлбөрийг 100 хувь гаргуулахаар шаардлагаа тодруулсан байна. /1хх 1-2, 57, 74, 228/

Хариуцагч С.Э нь ...бартерийн гэрээг Э.О , Э.Ч нар байгуулсан, би зуучилсан... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагч Э.Ч нь ...бартерийн гэрээ Э.О , С.Э нарын хооронд байгуулагдсан, Э.О той гэрээний харилцаанд ороогүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тус тус маргажээ. /1хх 18, 69-71, 218-229/

 

3. Хэргийн 8-9-р талд Э.О , С.Э нарын хооронд 2016 оны 04 сарын 07-ны өдөр байгуулагдсан гэх 01 тоот Бартерийн гэрээ авагдсан, уг гэрээгээр Э.О нь С.Э гийн өмчлөлд 2010 онд үйлдвэрлэгдсэн 0000 УНБ улсын дугаартай Тоёота Тундра-2 маркийн автомашин шилжүүлэн өгөх, С.Э нь Э.О гийн өмчлөлд 1 ширхэг нь 135 төгрөгийн үнэ бүхий нийт 281,482 ширхэг тоосгыг шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, харилцан өмчлөлдөө шилжүүлэх хөрөнгийн үнэ 38,000,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон гэж зөв дүгнэжээ.

 

4. Э.О гоос С.Э д 2016 оны 04 сарын 07-ны өдөр итгэмжлэл олгож, өөрийн өмчлөлийн 0000 УНБ улсын дугаартай Тоёота Тундра-2 автомашиныг зээлийн барьцаанд тавих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг өгсөн, үүний дагуу С.Э нь З ХХК-тай 2016 оны 04 сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдэн авч, уг автомашиныг барьцаанд тавьсан, улмаар тээврийн хэрэгсэл 2016 оны 04 сарын 13-ны өдөр З ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон. /1хх 33, 42-44, 45-46, 47/

Дээрх үйл баримтуудыг хэргийн 8-9-р талд авагдсан Бартерийн гэрээ, 10-р талд авагдсан ...Бартерийн гэрээгээр 38 сая төгрөгт тооцож 0000 УНБ Тоёота Тундер Э.О гоос авсан. Үнийн дүнгээс 5,7 сая-н хар замаск нийлүүлсэн. Үлдэгдэл 32,3 сая тооцоо үлдсэн. Бартерийн бараа материал (мөнгөөр үнэлэгдэх) зүйлээр барагдуулна. Тооцоо акт бичсэн: Сүхбямба овогтой Энхтүвшин... гэсэн хариуцагч С.Э гийн үйлдсэн гар бичмэл зэрэгтэй харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Э.О г гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч Э.Ч ийг гэрээний нэг тал гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, ...бартерийн гэрээг Э.О , Э.Ч нар байгуулсан, би зуучилсан... гэх тайлбараа хариуцагч С.Э баримтаар нотолж чадаагүй байна.

 

5. Иймд гэрээний нэг тал болох Э.О нь гэрээний нөгөө тал болох С.Э д холбогдуулан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй, анхан шатны шүүх гэрээний үүрэгт 32,300,000 төгрөгийг хариуцагч С.Э гөөс гаргуулж нэхэмжлэгч Э.О д олгож шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн.

Хариуцагч С.Э нь Бартерийн гэрээ-гээр хүлээсэн 281,482 ширхэг тоосгыг Э.О гийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, улмаар 32,300,000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалаар төлж барагдуулах тухай гар бичмэл үйлдсэн боловч мөн уг баримтаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах зохицуулалт, 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасан биет байдлаар өгөх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлөх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Э гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Э гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Э гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 252,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР