| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2016/0296/э |
| Дугаар | 2018/ШЦТ/304 |
| Огноо | 2018-10-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох 1821004960319 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баянтүмэн сумын **************. багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Дорнод аймгийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 147 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаартай таслах шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 241 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, *******. /РД: *********************..../
Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* хорооллын тоотод иргэн *******ыг унтаж байхад нь халаасанд нь байсан Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Согтуугаар хүний халааснаас карт аваад 800.000 төгрөг авсан байсан. Өглөө сэрээд халаасанд карт байсныг мэдсэн. Өглөө ******* ах “чи миний данснаас 800.000 төгрөг авсан байна” гэж хэлсэн. Намайг гадуур олон хүнд 20.000 төгрөг өгсөн гэж хүн хэлсэн. Би архи ууж согтоод юу хийснээ санахгүй байна. Авсан мөнгөө төлөхгүй байсан болохоор цагдаад мэдэгдсэн байсан. Би хохирлыг төлж барагдуулсан...гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Улаан дэлгүүрийн хойд талд явж байхад зүс таних Б-тай ******* хорооллын хашаанд таарсан юм. Би тухайн үед бага зэргийн согтолттой явж байсан бөгөөд Б мөн бага зэргийн согтолттой явж байсан. Тэгээд Б-тай ойр зуурын юм ярьж байгаад бид хоёр гэр рүү очихоор болоод ******* хорооллын ******* байранд орсон чинь шар царайтай өндөр залуу байсан бөгөөд архинд явуулах зорилгоор би Б-т өөрийн эзэмшлийн Хаан банкны картыг өгөөд “нэг шил архи, ойр зуурын зүйл ав” гэж хэлээд нууц дугаараа хэлээд дэлгүүр явуулсан. Удалгүй Б ирээд 0,75 граммын нэг шил архитай ирээд тухайн архийг Б-ын хамт уусан. Ууж дуусаад огт муу санахгүйгээр жаахан амрах санаатай хэвтсэн чинь унтаад өгсөн байсан. Тэгээд нэлээд унтаж байгаад босоод халаасаа ухсан чинь миний карт алга болсон байсан юм. Тэгэхээр нь Б-ын гэрт байж байсан өндөр шар залууд хандан “Миний карт байхгүй байна, хэн авсан бэ” гэсэн чинь “Таныг унтаж байхад Б ах аваад явсан” гэж хэлэхээр нь Б-ыг хайгаад явсан боловч огт олоогүй. Тэгээд утсаа харсан чинь надад 800000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа ******* хорооллын дунд таарсөн бөгөөд би Б-т хандан “...Чи мний картыг яагаад авч байгаа юм бэ” гэхэд “Харин тиймээ ах би аваад хэрэглэсэн юм, би удахгүй өгнө, Баянтүмэн сумын найзаасаа мөнгө авахаар шууд өгнө, дугаараа өгчих” гэхээр нь дугаараа үлдээсэн юм. Тэр үед Б миний виза картыг гаргаж өгсөн. Мөн түүнээс хойш огт холбоогүй байхаар нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хайж байгаад хорооллоос олсон бөгөөд мөнгө авах талаар хэлсэн чинь “Та санаа зоволтгүй, одоо манай найз утсаар холбогдоно, та хүлээгээд байж бай” гэхээр нь 1 цаг 30 минут хүлээсэн боловч огт ирэхгүй байхаар нь уур хүрээд яваад өгсөн. Архинд яваад ирэхээр нь виза картаа аваад баруун халаасандаа хийснээ сайн санаж байна...” гэжээ. /хх-ийн 12 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 6 дугаар баг *******ийн тоотод ганцаараа оршин суудаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчим гэртээ бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байхад манай ээжийн хамтран амьдрагч Б ах, ******* гэх ахтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд манай гэрт архи уухаар болсон. Тэр үед ******* ах Б ахад хандаж “Дэлгүүр яваад архи аваад ир” гэхэд Б ах надад хандаж “чи яваад ир” гээд ******* ах надад цаасан дээр нууц үгээ бичээд Хаан банкны виза картыг өгөөд би дэлгүүр явсан юм. Тухайн үед Б ах нууц үгийг мэдэж байсан. Дэлгүүр ороод хоёр шил архи, мөн бага зэргийн идэж уух юм аваад гэр рүү ороод ******* ахын Хаан банкны виза картыг өөрт нь өгөөд бид гурав авчирсан архиа ууцгаасан бөгөөд удалгүй би согтоод унтаад өгсөн. Нэг сэрэхэд ганцаараа байж байсан. Би ******* ахад өөрт нь картыг нь өгсөн. Тэр үед Б ах яг хаана хэзээ аль халаасандаа виза картаа хийсэн талаар харж байсан...” гэжээ. /хх-ийн 24-26 тал/
-Хохирогч *******ын Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7 тал/
-Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 9-10 тал/
- *******-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* хорооллын тоотод хохирогч *******ыг унтаж байхад нь халаасанд нь байсан Хаан банкны “Виза карт”-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч *******, гэрч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, хохирогч *******ын Хаан банкны дугаарын дансны хуулга, Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хохирогч ******* нь шүүгдэгч *******-тай эвлэрсэн тул гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-н *******.... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,36.6,36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н **************. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ