Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01485

 

Төсөл 2022.08.10 №1485

 

Б.Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/01684 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Д ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Г т холбогдох, 137,030,630 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б.Д нь Ж.Г той 2013 оны 11 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөг зээлдүүлсэн. Гэтэл Ж.Г нь 2015 оны 10 сараас хойш сураг тасарсан. Түүнийг гадаад улс руу явсан гэж олж сонссон. Ж.Г нь одоо Монгол улсад байгаа болохоор нэхэмжлэл гаргаж байна. Хэрэв 70,000,000 төгрөгийг 2013 оны 12 сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл банкинд хугацаатай хадгалуулсан бол, эсхүл бусдад зээлдүүлсэн бол 129,620,630 төгрөгөөс 350,000,000 төгрөгийн орлого олох байсан. Энэ нь нэхэмжлэгчид учирсан хохирол юм. Үүнээс гадна дээрх учирсан хохирлоо олж авахын тулд өмгөөлөгч хөлсөлсөн бөгөөд 7,000,000 төгрөг өгөөд байна. Иймд хариуцагчаас зээл 70,000,000 төгрөг, хохирол 59,620,630 төгрөг, нотлох баримтад орчуулга хийлгэсний 410,000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 7,000,000 төгрөг, нийт 137,030,630 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: 2013 оны 11 сарын 05-ны өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээг үндэслэн 70,000,000 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2013 оны 10 сарын 26-ны өдөр Ж.Г нь Б.Д оос бэлэн мөнгө аваагүй харин 10 сарын 27-ны өдөр Ж.Б ын хүсэлтээр цаашдаа хамтарч ажиллаж болох нөхцөл яригдсаны дагуу түүнд бизнесээ танилцуулах үүднээс Хонгконг дагуулж яван бараагаа өгч явуулсан нь үнэн. Ж.Г нь барааг өөрийн К ХХК-ийн Хаан банк дахь данснаас 2013 оны 10 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, Г дэлгүүрийн кассаас бэлнээр 20,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгөөр юань, ам.доллар тус тус худалдан авч тухайн валютаар бараагаа авсан. Гэрчүүд хамтран дэлгүүр нээх тухай ярилцсан гэж мэдүүлсэн, мөн Ж.Г-ийн 2013 оны 11 сарын 03-ны өдөр эх орондоо буцаж ирээд дэлгүүрээ нээсэн гэж мэдүүлж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Г дэлгүүрийг 2013 оны 06 сард нээсэн бөгөөд үйл ажиллагаа нь хэдийн тогтвортой болсон байсан. Гэрч Ж.Л нь 2013 оны 11 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.Д нь Ж.Г т 70,000,000 төгрөгийг өгөөгүй гэж үнэн мэдүүлсэн бөгөөд харин дэлгүүрийн бараа авах, хамтран ажиллах зорилгоор 70,000,000 төгрөг өгснөө сүүлд зээлийн гэрээ хийсэн гэж мэдүүлжээ. Тус мэдүүлгээс үзвэл зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т зааснаар хариуцагч Ж.Г оос 70,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д т олгож, нэхэмжлэлээс үлдэх 67,030,630 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,011,503 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Г оос улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д т олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Б.Д ийн хөрөнгө орлогын мэдүүлэгт 70,000,000 төгрөгийг Ж.Г т зээлдүүлсэн тухай мэдүүлээгүй байгаа нь Б.Д нь Ж.Г т мөнгө зээлдүүлээгүй гэдэг нэг нотлох баримт гэдгийг шүүх авч үзээгүй.

4.б. Ж.Г т мөнгө өгсөн гэдэг үйл баримтыг Б.Д ийн эхнэр Ж.Л болон хадам дүү болох Ж.Б нарын мэдүүлгээр шүүх дүгнэлт гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдүүлгийг шууд үйл баримт гэж үзэн дүгнэлт гаргасан нь буруу байна.

4.в. Шүүх тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тодорхойлж байгаа хэрнээ хөөн хэлэлцэх хугацаанд тус хэрэгт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан. Мөн Ж.Г нь гадаад улсад зорчиж байсан нь тус хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сунгаж өөр хууль хэрэглэж болох мэтээр тайлбарласан нь буруу гэж үзэж байна.

4.г. Зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөг Ж.Г нь Б.Д оос хүлээн аваагүй.

Иймд нэхэмжлэгч Б.Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан гомдолд хөөн хэлэлцэх хугацаатай асуудлыг дурдаж байна. Энэ талаар шүүх тодорхойлж дүгнэсэн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Ж.Г 2016 оноос хойш гадаад руу явж эхэлсэн бөгөөд ирээд богино хугацааны дараа буцдаг. Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар зээлийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэлгүй. Мөн хариуцагчаас төлбөр авсан, тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэсэн талаар маргадаггүй бөгөөд энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Төрийн албан хаагч эсэх, 70,000,000 төгрөгийг хаанаас авсан эсэх нь хэрэгт хамааралгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Ж.Г т холбогдуулан зээл 70,000,000 төгрөг, хохирол 59,620,630 төгрөг, орчуулгын зардал 410,000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 7,000,000 төгрөг, нийт 137,030,630 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 2013 оны 11 сарын 05-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэх Зээлийн гэрээ-г шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг гэрээнд Б.Д нь 70,000,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай, хүүгүйгээр Ж.Г т зээлдүүлэх, Ж.Г нь 2013 оны 11 сарын 30-ны өдөр зээлсэн мөнгийг буцаан төлж барагдуулах нөхцөлийг тусгажээ. /1хх 5/

 

Хариуцагч Ж.Г нь дээрх Зээлийн гэрээ-г байгуулж, гарын үсэг зурсан эсэх талаар маргадаггүй боловч ...гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй, тус гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэх үндэслэл заан маргасан байна.

4.   Өмнө дурдсан 2013 оны 11 сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ /1хх 5/, шүүхээс үзлэг хийн бэхжүүлсэн Санхүүгийн анхан шатны баримт /орчуулагдсан/-ууд /1хх 184-187, 195-248, 2хх 1/, гэрч Ж.Б ын өгсөн ...2013 оны 10 сарын 26-ны өдөр буюу хагас сайн өдөр мөнгө өгөх үед би хамт байсан. Бүтэн сайн өдөр нь би Ж.Г той хамт Хонконг явсан..., ...мөнгийг П-н гадаа зогсоол дээр өгсөн... гэсэн мэдүүлэг /1хх 149-151/, гэрч Ж.Л гийн өгсөн ...бид анх хамтарч бизнес хийе, сэлбэг, утасны дэлгүүр нээе гээд мөнгө зээлсэн. ...Тиймээс бид нар хамтарч дэлгүүр нээхээ больё гэдэг санал гаргаж мөнгөө буцааж авъя гэхэд нэг сарын хугацаа өгөөч би бараагаа зараад мөнгөө буцааж өгнө гэсэн..., ...Мөнгийг явахынх нь өмнөх өдөр П-н урд өгсөн... гэсэн мэдүүлэг /1хх 152-154/ зэргийг харьцуулан үнэлбэл нэхэмжлэгч талын гаргасан ...Ингээд 2013 оны 11 сард Ж.Г гадаадаас бараа авч ирэхээр Ж.Б тай хамт явсан. Ж.Г нь авсан барааныхаа баримтуудыг над руу явуулсныг үзэхэд зөвхөн миний мөнгөөр бараа авсан байсан. Тийм учраас буцааж мөнгөө авахаар болсон, энэ мөнгийг нэг сарын дотор буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй... гэх тайлбарыг /2хх 3-арын нүүр/ илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, талууд Хонгконгоос бараа авч Монгол улсад худалдан борлуулах зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон, үүний дагуу нэхэмжлэгч Б.Д ийн зүгээс хамтын ажиллагаанд 70,000,000 төгрөгийг оруулсан, улмаар талууд хамтран ажиллах хэлцлээс татгалзаж, хариуцагч Ж.Г нь 70,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргийг хүлээн Зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

6.   Шүүх дээрх байдлаар гэрч нарын мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийсэн байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд тооцогдох тул нэхэмжлэгчийн эхнэр болон дүүгийн өгсөн гэрчийн мэдүүлгийг шууд үйл баримт гэж үзэн дүгнэлт гаргасан нь буруу гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Хуульд заасны дагуу Эрүүгийн хууль тайлбарлан сануулж, зохих журмын дагуу авсан гэрчийн мэдүүлгийг хэргийн бусад баримттай харьцуулан үнэлсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд талууд 2013 оны 11 сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ гэх баримт үйлдэж, уг баримтаар Ж.Г нь 70,000,000 төгрөгийг Б.Д т буцаан төлөх үүргийг хүлээсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

7.   Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ-ний харилцаа бодитоор үүсээгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа тус маргаанд хэрэглэгдэхгүй. Талуудын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа /10 жил/ үйлчилнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд ...хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөн тул хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Харин анхан шатны шүүх ...нэхэмжлэгч өөрөөс үл хамаарах шалтгаанаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан... гэж дүгнэсэн нь үндэслэл муутай. Учир нь, хариуцагч гадаад улсад байсан гэх шалтгаан нь нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байх нөхцөл байдал биш юм.

 

8.   Хариуцагч Ж.Г нь бусдын 70,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжиж болохгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу түүнээс 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д т олгох нь зүйтэй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2 гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 59,620,630 төгрөг, орчуулгын зардал 410,000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 7,000,000 төгрөг, нийт 67,030,630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь талуудын /диспозитив/ зарчимд нийцнэ.

 

9.   Нэхэмжлэгч Б.Д нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Ж.Г т 70,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, Ж.Г оос 70,000,000 төгрөгийн авлагатай тухай тусгаагүй нь зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Нэхэмжлэгч Б.Д нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүйтэй холбоотой асуудал нь Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болно.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/01684 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...492.1.2 дахь... гэснийг ...492.1.1-д... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР