Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын  яллагч Х.Мөнхбаатар  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын  орлогч прокуророос Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 1822001420069  тоот хэргийг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй  ам бүл  3, ээж, эхнэрийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай 1-р баг Зэгстий гэх газарт оршин суух, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Мөнгөн овгийн Батнасангийн Түвшинжаргал /РД:ЗД84040114/ гэв.

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 4 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төв Баянгийн 15-4 тоотод П.Түмэн-Ө-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

-Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 4 сарын 24-ний өдөр  би Зүмбэ гуайн гэрт очсон. Талийгаач, Ү, Г нар байсан. Бид нар нэг шил архи уусан. Талийгаач энхэртэйгээ З гуайн гэрээс  гараад явсан. Би жоохон байж байгаад хойноос нь гарч очиход байхгүй байсан. Г-ийнд хүрээд очиход эхнэртэйгээ муудалцаад агсам тавиад байж байсан. Би дундуур нь ороод хориход намайг хоёр, гурав цохьсон. Тэгээд би түлхсэн..”гэв.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр би сургуулийн хүүхдээ аваад,  дэлгүүр ороод, худалдааны төвд хүнд мөнгө дансаар шилжүүлчихээд буцаад ирэхэд хүү ирсэн, ноолуур авдаг газрын үүдэн дээр зогсож байсан. Аавыгаа хүргэж өгнө гээд гэрт хүрч ирэхэд 13 цаг болсон байсан. Үдээс хойш эхнэр нь эмнэлэгт биеэ үзүүлнэ гээд эхнэрээ хүргэж өгөөд ирсэн. Хэдэн хүүхдүүд манайд байж байгаад, байхгүй болцгоосон байсан чинь гадаа шил архи уучихсан сууцгааж байсан. Оны цэрэг гээд байсан найзыхаа мотоциклийг янзлаад дугуйг нь нөхсөн байх. Шил архи аваад өг гээд Г-тэй маргалдаад байсан. Охин ажлаасаа ирж хоол хийгээд, эд нар манайд хоол идсэн. Эхнэр нь манайд ирээгүй. Орой мал хэцүүдлээ гээд миний хүү гарч яваад алга болсон. Кино хараад гэрт байж байгаад хүүгээ яагаад явдаггүй юм бол гээд хойноос нь очиход эхнэр нь Г-ын хүүтэй миний хүүг хөтлөөд гарах шиг болсон. Би нүд муутай хүн. Гадаа бүрэнхий болж байсан. Гаднаас  буцаж орж ирээд миний хүүг унтчихлаа гэж хэлсэн. Би гэр лүүгээ явсан чинь эхнэр нь гарч ирээд явъя гээд дугтраад байсан. Би унтаж байгаа юм биш үү, унтуулж байгаад сэрэхээр нь яв гэсэн. Эхнэр нь машиндаа  суулгаад хөдөө явсан. Энэ хүүхэд манайд 12.700.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг боломжоороо төлөх юм уу. Би ирэх жил хүртэл хүнээр малаа маллуулж байгаа. Миний хүү байсан бол тэр малыг маллах байсан. Малаа маллуулж байгаа хүний хөлсийг төлж барахгүй. 7000.000 төгрөгийг төлвөл надад сайн байна. Өөр энэ хүнээс хүсэх зүйл байхгүй. Ээжтэй нь нэг ангид байсан.  Т-ын аав, ээжтэй нь дотно сайхан явсан болохоор өрөвдөх юм. Нэгийг нь алчихаад, нэгийг нь нарсанд суулгаад яах вэ гэж бодож байна.  Хохирол төлчихвөл ял нь хөнгөрөх байх гэж бодож байна. Хоёр хүүхдийг нь харж хандаж байгаасай гэж хүсч байна...” гэв.

            -Гэрч С.Б-ийн “...2018.04.24-ний өдөр 23 цаг 50 минутын үед Т-Ө ухаангүй, гар хөлөнд таталт өгсөн, 2 нүдний хүүхэн хараа өргөссөн, даралт унасан, зүрхний цохилт ихэссэн, сатураци унасан, толгойн зүүн талын чамархай хэсэгт 3-4 см өргөн, 10-11 см урт, гадагш овойсон хавдартай байсан, тэр хавдар дээр хуруугаараа зөөлөн дарж үзэхэд дотор нь цус хурсан мэт мэдрэгдэж байсан. Тэгээд тэр хүнд яаралтай эмчилгээ хийж эхлэн хүчилтөрөгч залгаж, тархины хаван хөөх, өвчин намдаах, үрэвслийн эсрэг, таталтын эсрэг, тархи зүрхний цусан хангамж сайжруулах болон бусад шинж тэмдгийн эмчилгээнүүдийг хийсэн. Эмнэлгийн дарга Э.С-д мэдэгдэхэд эмч ирж үзээд аймгийн түргэн тусламж руу холбогдож мэдрэлийн эмч, гэмтлийн эмч дуудсан. Аймгаас эмч нар ирэх хүртэл өвчтөний биеийн байдал хүндэрч төвийн халууралт явагдаж эхэлсэн. 05 цагт аймгаас эмч нар ирсэн. Эмч нар үзэх явцад өвчтөний амьсгал, зүрх нь нэг удаа зогссон, сэхээн амьдруулах арга хэмжээ авахад амьсгал         зүрх нь сэргэсэн. Аймгийн эмч нар гэмтэл авсан байж болзошгүй, тархины гүнд ховдол, тархиний гүүр хэсэгт цус харвалт үүссэн байж болзошгүй, согтуу байсан учраас архины хордлоготой байж болзошгүй, одоо ямар ч найдваргүй гэж хэлсэн. Өглөөний 06 цагаас хойш хиймэл амьсгалтай байсаар, биеийн байдал нь дордож 2018.04.25-ны 15 цаг 40 минутанд амьсгал хураасан. Т-Ө-ийн зүүн чихний дээд хэсэгт их жижиг халцарсан шарх, баруун мөр хавьцаа нь  жижигхэн шарх байсан. Эдгээр шархнууд цус гарахаар биш зүгээр л халцарсан байсан. Чихэн дээрх шарх нь шинэхэн шарх байх шиг байсан, баруун мөрөн дээрх шархыг нь сайн ажиглаагүй. Эхнэрээс нь асуухад 2018.04.24-ний өдөр 20 цагийн үед гар хөл нь татаж унасан гэж хэлсэн. Яагаад хөдөө авч явсан болохыг нь асуухад Т-Ө тасраад унасан байхаар нь сэрэх байх гэж бодоод аваад явсан гэсэн. Толгойных нь хавдар ямар учиртай болохыг асуухад мэдэхгүй  гэсэн. Маргаан, зодоон болсон эсэх талаар асуухад тодорхой юм ярихгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-65/

- Гэрч С.Н-ийн “...Т-Ө, Б 2 хоорондоо хэрэлдэж байсан. Биднийг ороод очтол талийгч Т-Ө бүр их уурлаж эхнэртэйгээ барилцаад авсан. Тэгэхэд нь Т тэр 2-ын дундуур орж тэднийг салгахад талийгч Т-Ө чи юундаа өмөөрсөн юм бэ гээд Т-ын уруул руу 2 удаа цохиод автал Т-ын уруулнаас нь цус гарсан. Т-Ө  эргээд эхнэр лүүгээ дайрч эхнэрээ бариад авахад эхнэр нь түлхсэн. Тэгэхэд талийгч Т-Ө тэнцвэр алдаж доош тонгойх үед нь Т боль, хаашаа муу хүүр вэ гээд Т-Ө-ийн толгойн зүүн хажуу хэсэг рүү  нэг удаа баруун  хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд талийгч Т-Ө буцаж эргээд дайрах гэснээ газар саваад унасан, унахдаа ямар нэгэн зүйл мөргөөгүй зүгээр л хулдаасан дээр араараа савж унасан. Талийгч Т-Ө бөөлжих гээд огисон. Тэгтэл гадаа гаргая гээд хүмүүс гэрээс гаргасан, хэн хэн гаргасан болохыг нь мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг /хх-70-71/

 

         - Гэрч Ш.Б-ийн “...Би 2018.04.24-ний өдөр би Т-Ө  архи уулаа гэж загнахад чамд ямар хамаатай юм, чи муу дандаа намайг архи уулаа гэж загнаж байдаг гэж хэлээд над руу босч ирээд дайрахад нь Т голоор орж Т-Ө хорьтол Т-ыг Т-Ө нэг удаа цохьсон. Тухайн үед би уйлаад сууж байсан болохоор хаана нь цохисон гэдгийг нь хараагүй. Тэгтэл Т чи намайг зоддог юу юм бэ гэж хэлээд тэр 2 ноцолдсон. Тэгтэл Т-Ө тэнцвэр алдаад суун тусахад Т, Түмэн-Ө-ийн толгойн зүүн чих хэсэгт нь нэг удаа өшиглөсөн.  Т-Ө- газар дээшээ хараад унасан, унаад л хухирч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-78-80/

          -Насанд хүрээгүй гэрч Г.М-ын “...Ө ах Т эгчтэй хэрэлдээд Т эгчийг зодох гээд дайрсан юм. Тэгэхэд Ж ах, Ө ахыг хориод чи яагаад эхнэрээ зодоод байгаа юм гээд бариад автал Ө ах тавь гэж хэлээд Ж ахын хамар луу нь цохьсон. Тэгтэл Ж ах пизда чинь чи боль л доо гэж хэлээд нэг удаа нүүр лүү нь цохиход Ө ах зогсохгүй эхнэр лүүгээ дайрсан. Ж ах Ө ахын толгойных нь хажуу тал руу өшиглөсөн. Яг  аль тал руу нь өшиглөсөн болохыг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-82-83/

-Гэрч С.М “....2018.04.24-ний өдөр Т-Ө, Т 2 орж ирсэн, тэр үед Б манай зүүн орон дээр сууж байсан. Т-Ө эхнэрээсээ машины түлхүүр хаана байна, түлхүүрээ авъя гэхэд эхнэр нь чи намайг зодоод байгаа биз дээ би тулхүүрийг чинь өгөхгүй гэж хэлэхэд чамайг зодсон ч яадаг юм гээд хашгираад эхнэрээ алгадаж, цохиход Т Т-Ө хорьж Б-ийн урдуур орсон. Т-Ө орилж хашгираад эхнэр лүүгээ дайраад байсан. Тэр үед би зурагтаар кино үзэж байтал Т-Ө арагшаа саваад ямар нэгэн зүйл мөргөөгүй шалан дээр унасан.  Т Түмэн-Өлзийг бос, явъя гээд дээш нь татаж байсан. Т-Ө гэрийн баруун талд цаашаа хараад хэвтсэн, бөөлжих гээд байгаа бололтой огиулаад муухай орилоод байсан.  Б, Т 2 талийгч Т-Ө 2 суганаас нь өргөөд гарсан.  Т эргэж орж ирээд Т-Ө гадаа орхилоо сайн анзаарч байгаарай би эхнэртэй нь яваад машиныг нь авч ирээд  хөдөө явлаа гэж хэлсэн. Удалгүй машиныг эхнэр нь унаж ирээд талийгаачийг Ү, Н 2 дамжпаад хашаанаас гарч байсан. Тэгээд тэд хөдөө гэр лүүгээ явсан юм шиг байна лээ.  2018.04.25-ны шөнө Б манай гэрт ирээд Т-Ө-ийн бие нь муудаад  байна, Т, Т-Ө-ийг өшиглөчихсөн гээд уйлж байгаад гарсан. Яг хаана нь өшиглөсөн болохыг нь би асуугаагүй. 2018.04.25-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Т эхнэртэйгээ орж ирээд эгч ээ та намайг Т-Ө-ийг цохьсон гэж битгий хэлээрэй, хүүхдүүддээ байсан гэж битгий хэлээрэй гэж хэлээд явсан.  Б Т-Ө-ийг цохиж зодоогүй, чи намайг цохиж л байхгүй юу гээд уйлаад суугаад байсан. Т-Ө газар суучихсан эхнэр лүүгээ дайраад хашгираад тийчлээд байхад нь Т, Т-Ө-ийн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Та нар гэрт хэрүүл, зодоон хийхгүй шүү гэж хэлэхэд гайгүй болсон. Т-Ө-ийн толгой руу Т өшиглөж байхыг нь хараагүй. Т-Ө, Т-ыг цохиж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-68-69/

-Яллагдагч Б.Т “...Талийгч Т-Ө, Б 2  З гуайн гэрт маргалдаж байгаад  хамт гарсан. Би Зүмбэ гуайн гэрт хэсэг сууж байгаад гартал гадаа хүн байгаагүй. Тэгэхээр нь арын хашаанд байх Г-ын гэрт орсон юм байна даа гэж бодоод араас нь ортол тэднийд талийгч Т-ө, Б 2 маргалдаад талийгч гэрийн хойморт босоод зогсчихсон, эхнэр нь баруун орон дээр сууж байсан. Тэгэхээр нь би талийгаачид хандаж болио хөгшөөн гэхэд юм хэлэлгүй, гараа далайгаад эхнэр лүүгээ дайрахаар нь би голоор нь ороод яах гээд байгаа юм бэ,  боль гэхэд миний уруул руу 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би зүгээр байхад яагаад цохиод байгаа юм гэж уурлаад зөрүүлээд нэг цохиод, нэг өшиглөсөн. Талийгч гэрийн баруун урд хэсэгт байсан угаалгын машиныг налаад суусан. Тэгснээ цэрэндээ хахаж, цацаад бөөлжих гээд байгаа юм шиг болоод байхаар нь  бөөлжих гэж байна гэж бодоод би түмпэн  өгсөн чинь бөөлжихгүй байхаар нь түмпэнг нь холдуулж тавиад гэрийн баруун хойно сууж хоол идсэн. Хоол идэж байхад З гуай гаднаас орж ирээд баруун орон дээр очоод сууж байгаа харагдсан. Талийгчийг гэрээс яаж гаргасан, хэн гаргасан болохыг санахгүй байна. Бид хэд хоол идчихээд гэрээс гартал талийгч гэрийн зүүн урд хэсэг, үүдний амбаарын зүүн талд газар хухираад хэвтэж байсан. Эхнэр нь явъя гээд татахад  талийгч сэрэх шинжгүй байсан. З гуай согтоод унтчихсан юм бол орхи доо унтаж байгаад сэргэх байлгүй гэсэн. Тэгэхээр нь тэнд нь орхиод З гуайн гэр лүү явж мотоцикль унаад явах гэж байтал Б хэдүүлээ ханилаад явъя, Т-Ө-ийг машинд суулгаад өг гэж хэлсэн.  Ү бид 2 талийгаачийг өргөж машиных нь хойд суудал дээр хэвтүүлээд би талийгчийн жаахан хүүхдийг нь өвөр дээрээ аваад машинд сууж хамт хөдөө явсан. Миний мотоциклийг Ү унаж, манай эхнэрийг сундлаад хамт явсан. Бид явсаар 21 цагийн үед манай гэрт очиж хоол идсэн.  Б, Ү 2 хамт явахаар гэрээс гарсан. Хоол идэх хугацаанд талийгч машинд унтаж байсан. Явахаар гарсан Б, Ү нар буцаад орж ирснээ Т-Ө нэг л сонин байна, хурхираад байгаа мөртлөө мэдээгүй, ухаангүй юм шиг байна гэхээр нь Ү бид 2 өргөөд гэрт оруулж ирэхэд ухаангүй байсан. Тэгэхээр нь би сумын эмнэлэг рүү ярьж энд нэг хүн ухаангүй юм шиг байна. Хурдан хүрээд ирэх боломж байна уу гээд ярьж байтал миний утасны сүлжээ унаад холбоо тасарсан. Дараа нь манай ээж Д эмнэлэг рүү дахин залгахад манай түргэн тусламжийн машин Хулд сумаас гарсан одоо танай хавьд яваа байх, цаанаас чинь очоод эмч үзэх байх гэсэн. Удалгүй түргэн тусламжийн машин ирж  үзээд сум руу аваад явсан. Талийгч эмнэлэгт очоод ухаан орохгүй байсаар маргааш нь 15 цагийн үед нас барсан...” гэх мэдүүлэг /хх-128-129/

            -Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 180100031 дугаартай шинжээчийн “....Амь хохирогч П.Т-Ө-ийн биед гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цус хураа, тархи дарагдал, дух, зүүн хөмсөг, хамар, зүүн чамархай, зүүн чихний дэлбэн, цээжний урд хэсэг аюулхай мөгөөрс, баруун далны хэсэгт, баруун тохой, баруун, зүүн гарын сарвуу, зүүн гарын ядам, чигчий хуруу, нуруу бүсэлхийнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дух, зүүн хөмсөг, хамар, зүүн чамархай, зүүн чихний дэлбэн, цээжний урд хэсэг аюулхай мөгөөрс орчимын зулгаралт, баруун бугалганд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба шинэ гэмтэл байна. Баруун дал, баруун тохой, баруун, зүүн гарын сарвуу, зүүн гарын ядам, чигчий хуруу, нуруунд бүсэлхий хэсгийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба хуучин гэмтэл байна. Дээрх гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь тухайн             хэсэгт хүч үйлчилсэний үр дүнд үүснэ. Унах, ойчих үед үүсэх боломжгүй. Цусан хураа бүрэлдэн тархи дарагдаж нас барах тул тархи дарагдах хүртэл хэвийн байдлаар үйл хөдлөл хийж явах боломжтой. Хэвийн үйл хөдлөл хийж явах хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй байх ба гэмтлийн шинж чанар, хуралдсан цусан хурааны хэмжээ, хувь хүний онцлог зэргээс шалтгаалж янз бүр байх боломжтой. Талийгаач нь В /Ш/-р бүлгийн цустай байна. Талийгаач нь уушигны хатгаа өвчтэй байсан байх ба энэ өвчин нь нас барахад  нөлөөлөөгүй болно. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх-95-97/

 

-Хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Дээрх  баримтуудаар шүүгдэгч Б.Т нь 2018 оны 4 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төв  Баянгийн 15-4 тоотод талийгаач П.Т-Ө-ийн толгойн тус газар нь өшиглөсөн, талийгаач П.Т-Ө нь толгойн тус газраа буюу зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал гэмтлийн улмаас нас барсан болох нь дээрхи гэрч нарын мэдүүлэг, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 180100031 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т-ын   дээрх үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  10.6 дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт  заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн  хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.  

Учир нь: Шүүгдэгч Б.Т нь амь хохирогч П.Т-Ө толгойн тус газар нь өшиглөсөн үйлдэл нь санаатай боловч түүнийг алах санаа зорилгыг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч П.Т-Ө нь эхнэрээ зодох гэсэн үйлдлийг  шүүгдэгч Б.Т нь таслах зогсоох зорилгоор түүнийг хорьсон, амь хохирогч П.Т-Ө нь шүүгдэгчийн бие махбодид халдсаны улмаас түлхсэн, түүнийг өшиглөсөн  үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн  хуулинд гэмт хэргийг  үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын талаар  хуульчилсан  боловч шүүгдэгч Б.Т нь  өөрийнх нь эсрэг хийгдсэн довтолгоо төгссөн буюу хохирогчийг  ойчсон /суун туссан/ үед нь  түүнийг өшиглөсөн  болох нь гэрч Ш.Б-ийн мэдүүлгээр /хх-ийн 78-80/ тогтоогдсон бөгөөд үйл явдал болох үед байсан бусад гэрч нар үүнийг үгүйсгээгүй  байх тул түүнийг аргагүй хамгаалалт хийсэн  гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Т-ыг хүнийг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.   

Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн  улмаас учирсан  хохиролд 12.700.000 төгрөгийг  сайн дураараа нөхөн төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгч Б.Т-д   Эрүүгийн хуулийн 10.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 12.700.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  шүүгдэгчээс  18.296.263 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжилсэн  боловч хэрэгт  оршуулгатай холбоотой  2.858..483 төгрөгийн, хохирогч амь насаа  алдсаны хор уршиг 6.000.000  төгрөгийн, өмгөөлөгчийн  хөлс 1.000.000 төгрөгийн, байцаан шийтгэх ажиллагааны зардал 100.00 төгрөгийн буюу нийт  9.958.483 төгрөгийн  баримт  ирүүлсэн  байна.

Мөн амь хохирогч П.Т-Ө нь бага насны буюу 2-7 насны 2 хүүхэдтэй байсан  болох нь тэдний  төрсний гэрчилгээний  хуулбараар тогтоогдож  байгаа бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хор учруулсны төлбөрийг 2 хүүхдэд нь гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг  гаргаж  байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд “...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй...” гэж заасан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм хор учруулсны төлбөрийг  гаргуулахтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ  алдсаны тэтгэврийг хасна...” гэж заасан бөгөөд  амь хохирогчийн бага насны 2 хүүхэд  нь тэжээгчээ  алдсаны тэтгэмж тогтоолгосон эсэх, хэрэв тогтоолгосон бол ямар хэмжээгээр тогтоолгосон нь тодорхойгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Т-ыг баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн  байна гэж үзээд хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн  нэхэмжлэлээс 5.596263 төгрөгт холбогдох хэсгийг   болон талийгаач П.Т-Ө-ийн 2 хүүхдэд гэм хор учруулсны төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  шүүгдэгч Б.Т-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн  өмгөөлөгчид төлсөн  зардал болох 1.000.000 төгрөгийг  шүүгдэгчээс  гаргуулах  үндэслэлгүй гэсэн  тайлбарыг  хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 Учир нь: Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон С.З /аав/ нь 71 настай, харааны бэрхшээлтэй  болох нь шүүх хуралдааны  явцад тогтоогдож байх тул өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй гэж  үзлээ.

Шүүгдэгч Б.Т-ын  өмчлөлийн  30 тооны ямаа, 17 тооны хургатай хонь буюу 4100.000 төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гутлыг шүүгдэгч Б.Т-д буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Шүүгдэгч М овгийн Б.Т-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурван/ жил  6 / зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Т-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх нөхцөлд  хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Т-д анхааруулсугай.

5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З-д 12700.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З-ийн нэхэмжлэлээс 5596263 төгрөгт холбогдох хэсгийг болон амь хохирогчийн бага насны 2 хүүхдэд гэм хор учруулсны төлбөрийг гаргуулах тухай /тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү/ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Т-аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 93 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /38 размер/ хүрэн өнгийн түрийтэй гутал 1 хосыг шүүгдэгч Б.Т-д буцаан олгосугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

    9.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Г.МӨНХБАТ