Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2026/ДШМ/16

 

Х.Ж-, Т.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,       

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Ж-, Т.Б- нарт холбогдох эрүүгийн 2313000040333 дугаартай, 5 хавтастай хэргийг шүүгдэгч Х.Ж-, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Х.Ж-, түүний өмгөөлөгч Е.М, С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу, нар оролцов.      

 

 1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******************д төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, химийн инженер, технологич мэргэжилтэй, ******************улсын байцаагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ************ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Х.Ж- РД:**************,

 

2. Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ний өдөр ******************д төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, ********************улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ********************** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагaap хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэх, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт Т.Б- РД:****************;

 

3. Холбогдсон хэргийн талаар:

3.1. Шүүгдэгч Х.Ж- нь Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар, шүүгдэгч Т.Б- нь тус газрын гаалийн хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллахдаа бүлэглэж, 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой шүүгдэгч Х.Ж-ийн танил байсан, одоо худ, ургийн харилцаатай “Ж” ХХК-ны эзэмшлийн Оросын холбооны улсын хилээс Монгол Улсын хилээр “улаан” төлөвтэй нэвтэрсэн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг” бөглүүлж, биечлэн хяналт шалгалт хийлгүүлэлгүй, Монгол Улсын хил, Цагааннуур боомтын гаалийн хяналтын бүсээс гаргаж, “Ж” ХХК-нд давуу байдал бий болгосон,

 

3.2. Шүүгдэгч Т.Б- нь Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллахдаа 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой Оросын холбооны улсын хилээс Монгол Улсын хилээр “улбар шар” төлөвтэй нэвтэрсэн “М” ХХК-ны эзэмшлийн **** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтын шалгалт хийлгүүлж, татвар төлүүлэлгүй Монгол Улсын хил, Цагааннуур боомтын гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрлийг олгож, “М” ХХК-нд давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

4. Прокурорын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар яллах дүгнэлтээр Х.Ж-, Т.Б- нарт дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  2026/ШЦТ/29 дугаар шийтгэх тогтоолоор:  

5.1. Шүүгдэгч С овогт Х.Ж-, Б овогт Т.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-, Т.Б- нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-, Т.Б-  нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-, Т.Б- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.5. Шүүгдэгч Х.Ж-, Т.Б- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч Х.Ж-, түүний өмгөөлөгч Е.М-ийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Өмгөөлөгч Е.М би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэсний дагуу Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолын Х.Ж-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх “хуулийн хэсэг зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн түүнчлэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдлыг гаргаж байна.

6.2. Шүүхийн шийтгэх тогтоолын 19 дэх заалтад "Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.11 "гаалийн хяналт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг", 3.1.12 "гаалийн бүрдүүлэлт" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг" ойлгохоор, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаартай, "Журам батлах тухай" тушаалын хавсралтаар баталсан "Гаалийн хилээр бараа нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын 5.8. “Эрсдэлийн удирдлагын программд урьдчилан оруулсан шалгуурын үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт хийх төлөв улаан, улбар шар, ногоон өнгөөр илэрхийлэгдэнэ: 5.8.1. Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон сонгогдсон тохиолдолд бичиг бараанд шалгалт хийх, 5.8.2. Улбар шар төлөв баримтын шалгалт хийх, 5.8.3. Ногоон төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийхгүй". 5.10. "Гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тухайн бүрдүүлэлтэд сонгогдсон хяналтын төлөвийн дагуу гаалийн хяналт тавина". 5.12. буй *Улбар шар төлөв сонгогдсон гаалийн мэдүүлэг бүхий барааны гаалийн болон бусад албан татвар төлөхөд "Гааль зөвшөөрөв" төлөвт шилжиж, мэдүүлэг хүчин төгөлдөр болно." 5.32. "Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, зөрчил илрээгүй тохиолдолд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, зөрчил илрээгүй тохиолдолд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, зөрчил илрээгүй тохиолдолд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэж, гаалийн улсын ахлах байцаагч "Зөвшөөрөх" товч дарснаар гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно." гэж тус тус заасан байхад шүүгдэгч Х.Ж-, Т.Б- нар нь "Ж ХХК" болон “М” ХХК-нд давуу байдал бий болгохын тул гэрч болох гаалийн улсын байцаагч ажилтай Ц.Э, Д.А нарыг дээрх журмыг мөрдөн ажиллахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй" гэсэн бол 20 дахь заалтад "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн үндсэн шинжийг "нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон"-оор тодорхойлсон ба нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон"-оор тодорхойлсон ба нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3. "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг", 3.1.4. "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг" ойлгоно гэсэн бол 22 дахь заалтад "Шүүгдэгч Х.Ж- нь Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар, шүүгдэгч Т.Б- нь тус газрын гаалийн хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллахдаа бүлэглэж, 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой шүүгдэгч Х.Ж-ийн танил байсан, одоо хул, ургийн харилцаатай “Ж" ХХК-ны эзэмшлийн Оросын холбооны улсын хилээс Монгол Улсын хилээр "улаан” төлөвтэй нэвтэрсэн ****БӨУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг” бөглүүлж, биечлэн хяналт шалгалт хийлгүүлэлгүй, Монгол Улсын хил, Цагааннуур боомтын гаалийн хяналтын бүсээс гаргаж “Ж” ХХК-нд давуу байдал бий болгосон, мөн шүүгдэгч Т.Б- нь Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллахдаа 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой Оросын холбооны улсын хилээс Монгол Улсын хилээр "улбар шар" төлөвтэй нэвтэрсэн "М" ХХК-ны эзэмшлийн **** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтын хийлгүүлж, татвар төлүүлэлгүй Монгол Улсын хил, Цагааннуур боомтын гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрлийг олгож, "М ХХК-нд давуу байдал бий болгосон нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. "албан үргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах" 7.1.6. "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх", Нийтийн албанд нийтийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3. "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна" гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон шүүгдэгч Х.Ж-, Т.Б- нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тугсай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж дүгнэлээ" гэжээ.

6.3. Үйл явдал болсон цаг хугацаа болох 2022 оны 10 дугаар сарын 12-ны үед Коронавируст цар тахлын үе дуусаагүй байсан үе бөгөөд үүнтэй холбоотой Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж байсан бөгөөд Цагааннуур боомтын хувьд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан цаг хугацаа юм. Үүнийг анхан шатны шүүхийн зүгээс өнөөдрийн хэвийн байдалтай байгаа үед ажиллаж байсан мэтээр дүгнэсэн явдалд гомдолтой байна. Түүнчлэн миний үйлчлүүлэгчийн хувьд бодит байдал дээр Ж ХХК-д давуу байдал олгосон асуудал байхгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад үйл явдал болох өдөр Ж ХХК-аас бичгээр ирсэн "Түргэвчилсэн бүрдүүлэлт" хийлгэх тухай хүсэлтийг өөрийн дээд шатны албан тушаалтан болох Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Т.Б-д танилцуулсан. Т.Б-ий хувьд ч гэсэн дээрх хүсэлттэй холбоотойгоор шийдвэр гаргасан бөгөөд дээрх шийдвэр гаргах процесст миний үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар оролцоогүй юм.

6.4. Гаалийн хилээр бараа нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журамд зааснаас харахад хилээр бараа нэвтрүүлэх түүнд хяналт тавих процесс нь өөрөө хэд хэдэн шат дамжлагаас бүрддэг цогц ажиллагаа юм. Харин дээрх хяналт тавих процессын явцад Д.А, Ц.Э, М.Б, Ж.М зэрэг байцаагч нар хяналт хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд дээрх хяналт тавих ажиллагаанд миний үйлчлүүлэгч хөндлөнгөөс оролцоогүй буюу нөлөөлөөгүй юм. Шийтгэх тогтоолд "гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг бөглүүлж" хэмээн буруутгаж байгаа хэдий ч Гаалийн эрх зүйд болон гаалийн тухай хууль тогтоомжид гаалийн хилээр барааны мэдүүлэг бөглүүлэх гэсэн ойлголт байхгүй юм. Харин Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т “гаалийн бүрдүүлэлт" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг" ойлгоно гэсэн байх үүнээс харахад орохын байцаагчид буюу Д.А-д “Ж” ХХК-ны хивэг ачсан тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр орж ирээд холбогдох бичиг баримтаа өгснөөр мэдүүлсэнд тооцох буюу мэдүүлэх процесс эхэлсэнд тооцохоор байгаа юм. Түүнчлэн биечлэн хяналт, шалгалт хийлгүүлэлгүй хэмээн буруутгаж байгаа боловч хяналт шалгалт хийх чиг үүрэг нь хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Э-ы албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарахаар байгаа юм.

6.5. Харин анхан шатны шүүх хуралдааны явцад Ц.Э-аас "Гэхдээ би хяналт хийсэн. Гаалийн тухай хуулийн 232 дугаар нохой зэргийг ашиглаж болно" гэж заасан. Мөн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.2-т зүйлийн 232.6-д "Гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ техник, багаж хэрэгсэл, эрэлч Гаалийн байгууллага нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ эрсдэл тооцох аргыг хэрэглэнэ" гэж заасан. Энэ хоёр заалтыг би гол болгоод ажилласан. Тухайн хяналтын бүс рүүгээ ороод пуун дээр пүүлүүлээд, жин тооны ямар нэгэн зөрүү байгаагүй. Тэгээд хяналтын бүсэд байж байгаа зэргийг би хяналтын камераар тээврийн хэрэгсэл маань орох таал дээрээ бүртгэгдээд программд ороод. бүгдийг нь харсан байгаа. Оросын холбооны улсаас хамгийн гол нь манай сүлжээгээр урьдчилаад ирүүлчихдэг тийм мэдээлэл байгаа. Тэрний дагуу бичиг баримтыг нь авхуулаад хянаад үзсэн байдаг. Тэгэхэд зөрчилгүй, асуудалгүй байсан. Тэгээд Оросын холбооны улсаас ирж байгаа бичиг баримт бараатайгаа бодит байдаг. Тэгээд энэ дээр эрсдэлээ тооцоолж ажилласан байгаа" гэж мэдүүлсэн байх ба анхан шатны шүүхээс мөн Ц.Э- албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн гэж үзэхээр байна. Нөгөөтээгүүр дээрх процесс ажиллагаанд миний үйлчлүүлэгч хөндлөнгөөс нөлөөлөөгүй байх ба энэ нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн онцлог шинж нь: Субъект нь заавал нийтийн албан тушаалтан байна; Үйлдлийн хэлбэр нь идэвхтэй (эрх мэдлээ урвуулан ашиглах) болон идэвхгүй (албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байх) байж болно; Санаа зорилго нь өөртөө болон гуравдагч этгээдэд ашиг хонжоо, давуу байдал олгох; Шалтгаант холбоо нь албан тушаалын байдал болон үүссэн хор уршгийн хооронд тодорхой илэрхий байх шаардлагатай бөгөөд Ж ХХК нь ямар нэгэн байдлаар давуу байдал олж аваагүй юм.

6.6. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр ч гэсэн улсын яллагчаас миний дээрх байр суурийг бататгасан бөгөөд Ж ХХК-тай давуу байдал олж авсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч давуу байдал олж аваагүй болох нь тогтоогдсон болохыг тайлбартаа хэлсэн байдаг. 10. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3. "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг", 3.1.4. "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно хэмээн хуульчилсан байх ба Х.Ж-ийн хувьд хийх ёстой үйлдлийг хийхгүй байсан эсхүл хийх ёсгүй үйлдэл хийсэн асуудал байхгүй юм. Гаальд бараа мэдүүлэгч аж ахуй нэгжээс ирсэн хүсэлтийг дээд шатны албан тушаалтанд танилцуулсан нь хуулиар хориглосон харилцаа биш бөгөөд шийдвэр гаргасан процесст оролцсоноор буюу гэмт хэрэг төгсөхөөр байгаа юм.

6.7.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг хэдий ч дараах урьдач нөхцөл хангагдсан байх ёстой юм.

 Үүнд: Нэгдүгээрт, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бодит үйлдэл, эсхүл албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байсан үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй. Энэ тохиолдолд Т.Б-, Ц.Э-, Д.А-, Ж.М-, М.Б- нар оролцсон цогц ажиллагаа бөгөөд үүнд Х.Ж-ийн оролцоо байхгүй юм.

Хоёрдугаарт, уг гэмт хэргийн субьектив тал болох шууд санаа, ашиг хонжоо бий болгох зорилго тогтоогдоогүй. Өөртөө, эсхүл бусдад давуу байдал олгох санаа зорилго байх нь зайлшгүй нотлогдох ёстой боловч Х.Ж-ийн санаа зорилгыг бүхэлд нь тогтоогоогүй буюу хэрэгт ийм зорилго байсныг батлах бодит, шууд нотлох баримт байхгүй байна.

 Гуравдугаарт, нийгмийн хор аюулын бодит үр дагавар үүссэн эсэх тодорхой бус байна. Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд бодитой саад учирсан, эсхүл иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн байдал тогтоогдоогүй тохиолдолд уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх боломжгүй.

Дөрөвдүгээрт, хэрэв тухайн үйлдэлд алдаа, зохион байгуулалтын доголдол, эсхүл мэргэжлийн болгоомжгүй байдал байсан гэж үзсэн ч энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээнд хүрэхүйц нийгмийн хор аюултай үйлдэл биш бөгөөд сахилгын, эсхүл зөрчлийн шинжтэй байж болох юм.

6.8  Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолын Х.Ж-д холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож бидний гомдлыг хангаж өгнө үү.

 

7. Шүүгдэгч Х.Ж-, түүний өмгөөлөгч С.Н нарын давж заалдах гомдлын агуулга:

7.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Х.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

7.2. Гэмт хэрэгт хамтран оролцсон гэх шинж чанар тогтоогдоогүй тухай Анхан шатны шүүх Х.Ж-ийг гаалийн улсын ахлах байцаагч Т.Б-тэй "үйлдлээрээ нэгдсэн" гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан хамтран оролцогчийн шинжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

7.3. Чиг үүргийн хувьд: Тухайн хэрэг гарсан гэх өдөр Х.Ж-ийн ээлж биш байсан бөгөөд тэрээр тухайн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, зөвшөөрөл олгох албан ёсны чиг үүргийг хэрэгжүүлээгүй.        

7.4. Санаа зорилгын нэгдэл: Гэмт хэрэгт хамтран оролцохдоо этгээдүүд гэмт үйлдэлдээ санаатайгаар нэгдсэн байхыг шаарддаг. Гэтэл Х.Ж- нь ээлжийн байцаагч нарт (Д.А-а, Ц.Э-, Т.Б-) ямар байдлаар нөлөөлсөн, эсвэл тэдэнтэй хэрхэн тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

7.5. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, зөрүүтэй байгаа тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруутайд тооцсон нотлох баримтын агуулга, нөхцөл байдлыг тодорхой тусгах ёстой.

7.6. Шүүх Х.Ж-ийг "биет байдлаар хяналт шалгалт хийгээгүй" гэж буруутгаж буй нь логикийн хувьд алдаатай юм. Ажлын бус цагаар, ээлжгүй байсан албан хаагч хяналт шалгалт хийх эрх зүйн үндэслэлгүй бөгөөд хийгээгүй үйлдэлд нь ял хариуцлага хүлээлгэх нь Шударга ёсны зарчимд нийцэхгүй.

7.7. "Хамаатны машин" гэж хэлсэн гэх дам яриа нь өөрөө гэмт хэргийн бүрэлдэхүүнийг (албан тушаалын байдлаа урвуулах) бүрэн нотлохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн үг нь гаалийн байцаагч нарын хуулиар хүлээсэн үүргээ (бичиг баримт шалгах, татвар авах) биелүүлэхгүй байх шууд шалтгаан болсон гэж үзэх боломжгүй юм.

7.8. Гэмт хэргийн субьектив тал тогтоогдоогүй Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн ашиг сонирхол эсвэл бусдад давуу байдал бий болгох зорилготой байдаг. Х.Ж- нь "Ж" ХХК-тай ямар ашиг сонирхлын холбоотой байсан, түүний үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас ямар хэмжээний хохирол, хор уршиг учирсан болохыг анхан шатны шүүх нарийвчлан тогтоогоогүй байна.

 7.9. Нотлох баримтын эх сурвалж, хууль ёсны байдлын тухайд: Улсын Дээд Шүүхийн 2023 оны 16 дугаар тайлбарын 5-д заасныг зөрчиж, хэрэгт яллагдагчаар татагдаж болох этгээдүүдээс (Д.А-а, Т.Б- нарын 3 хүн) хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлж, түүнийгээ яллах үндэслэл болгосон нь Шударга ёсны зарчимд нийцэхгүй. Яллагдагч Д.А-агийн 2023.11.14-ний өдрийн мэдүүлгээр: "Би өөрөө утсаараа системд нэвтэрч шивэлт хийсэн, хэнд ч кодоо өгөөгүй" гэж бодит үнэнийг хэлсэн байхад шүүх Х.Ж-ийг бусдын кодыг ашигласан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

 7.10. Гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдоогүй тухай (**** БӨҮ тээврийн хэрэгсэл): Яллагдагчаар татах тогтоолд Х.Ж-ийг "өөрийн худын машин" гэж тодорхойлсон боловч бодит байдалд иргэн Ж.Е нь Х.Ж-тэй ямар нэгэн төрөл садан, худын холбоогүй болох нь тогтоогдсон. Шүүх хамаарал бүхий этгээд мөн эсэхийг эргэлзээгүй тогтоож чадаагүй атлаа "давуу байдал бий болгосон" гэж үзсэн нь хууль зүйн дүгнэлт бодитой биш байгааг илтгэнэ. Мөн түүнийг "иргэн" гэж ялласан уу, "албан тушаалтан" гэж ялласан уу гэдэг нь тодорхойгүй байна.

 7.11. Цар тахлын үеийн онцгой горим, гаалийн хөнгөвчилсөн журмыг шүүх үнэлээгүй тухайд (Цар тахлын үеийн тусгай журам, хөнгөвчилсөн бүрдүүлэлтийн тухайд): Анхан шатны шүүх Х.Ж-ийг гэм буруутайд тооцохдоо хэрэг гарсан гэх тухайн цаг үеийн нөхцөл байдал буюу "Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Гаалийн ерөнхий газрын тусгай журмуудыг огт үнэлж дүгнээгүй байна.

7.12. Биечлэн шалгахгүй байх эрх зүйн үндэслэл: Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм сахиулах зорилгоор гаалийн байгууллагаас "Эрсдэлд суурилсан хяналт шалгалт"-ын горимыг эрчимжүүлж, бараа бүтээгдэхүүнд заавал биечлэн үзлэг хийхгүйгээр теле камерын хяналт болон ОХУ-ын талаас ирүүлсэн мэдүүлэг, бичиг баримтад үндэслэн бүрдүүлэлт хийх хөнгөвчилсөн горим үйлчилж байсан. Гэтэл шүүхээс Х.Ж-ийг "биечлэн шалгаагүй" гэж буруутгасан нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль ёсны журмыг гэмт хэрэг мэтээр ташаа тайлбарласан үйлдэл юм.

 7.13. Цахим бүрдүүлэлт ба татварын асуудал: Цар тахлын үеийн түр журмаар татварыг заавал боомт дээр бэлнээр бус, барааг нэвтрүүлсний дараа цахимаар төлөх, CAIS системээр баталгаажуулах боломж нээлттэй байсан. Хэргийн материалд авагдсан гэрч Д.А-агийн "би утсаараа системд ороход татвар төлөгдсөн төлөвтэй байсан тул баталгаажуулсан" гэх мэдүүлэг нь тухайн үеийн гаалийн хөнгөвчилсөн бүрдүүлэлтийн горимтой бүрэн нийцэж байна.

7.14. Бодит нөхцөл байдалд хийсэн дүгнэлтийн зөрүү: Шүүх зөвхөн ердийн үеийн гаалийн хяналтын журмыг үндэс болгон яллах дүгнэлтийг хуулбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан "шүүгдэгчийг яллах үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэл"-ийг шийтгэх тогтоолд тусгаагүй, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаагүй болохыг нотолж байна.

7.15. Анхан шатны шүүх Х.Ж-ийг "Ж" ХХК-ийн 3 тээврийн хэрэгсэлд түргэвчилсэн бүрдүүлэлт хийж өгөх тухай хүсэлт, албан бичгийг ээлжийн ахлах байцаагч Т.Б-д танилцуулсныг гэмт хэрэгт хамтран оролцсон, бусдад давуу байдал олгосон үйлдэл гэж буруу дүгнэжээ. 1. Мэдээлэл танилцуулсан ба тушаал өгсөн үйлдлийн ялгаа: Х.Ж- нь тухайн өдөр ээлжгүй байсан бөгөөд "Ж" ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг албан үүргийн дагуу тухайн өдрийн ээлжийн танилцуулсан нь гаалийн байгууллагын дотоод мэдээлэл дамжуулах хэвийн ахлах байцаагчид үйл ажиллагаа юм. Тэрээр Т.Б-д уг хүсэлтийг "хууль бусаар биелүүл", "шалгалтгүй нэвтрүүл" гэж шаардаагүй, дарамт шахалт үзүүлээгүй, албадсан үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байна. 2. Шийдвэр гаргах эрх мэдлийн тухайд: Түргэвчилсэн бүрдүүлэлт хийх, эсхүл барааг саатуулах эцсийн шийдвэрийг тухайн өдрийн ээлжийн ахлах байцаагч Т.Б- өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргах үүрэгтэй. Х.Ж- нь шийдвэр гаргах түвшний албан тушаалтан биш байсан тул түүний зүгээс "мэдээлэл дамжуулсан" үйлдэл нь бусдад давуу байдал бий болгох шууд шалтгаан нөхцөл (causal link) болж чадахгүй. 3. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байдал: Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн байхыг шаарддаг. Гэтэл иргэн, хуулийн этгээдээс гаалийн байгууллагад гаргасан албан хүсэлтийг холбогдох албан тушаалтанд нь уламжлах нь гаалийн байцаагчийн хийх ёсгүй үйлдэл биш юм. Харин тухайн хүсэлтийг хууль ёсны дагуу шийдвэрлэх эсэх нь ээлжийн ахлах байцаагчийн хуулиар хүлээсэн хариуцлага юм.

 7.16. Х.Ж- нь зөвхөн албан бичгийг танилцуулсан, мэдээлэл дамжуулсан төдий үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Шударга ёсны зарчим" болон гэм буруугийн зарчимд нийцэхгүй байна.

7.17. Иймд гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан "Цар тахлын үеийн хөнгөвчилсөн бүрдүүлэлтийн журам"-ын дагуу явагдсан, Х.Ж- нь албаны чиг үүргээ зөрчөөгүй тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

8. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  

8.1. Миний хувьд шүүгдэгч, түүний шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол хүсэлттэй холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна. **** гэдэг улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол Монгол Улсын гаалийн Цагаан нуур боомтоос 17 цаг 32 минутын үед орж ирээд 5-10 минут пүүн дээр зогссон,  пүүн дээр зогсонгуут бичиг баримтаа А.Ж-д өгчхөөд шууд гаалийн хяналтын бүсээс гараад явсан.  Гараад явах явцад нь ямар нэгэн холбогдох албан тушаалтан энэ хүн шалгалт хийлгүйгээр гараад явчихлаа гэж саатуулсан. Та баримтаа үзүүл гэхэд тухайн хүнд тагнуулын ажилтанд үзүүлэх баримт байгаагүй. Та зогсож байгаарай, би учрыг нь асуучхаад ирнэ гэхэд тухайн тагнуулын ажилтны тавьсан шаардлагыг үл биелүүлж, тухайн тээврийн хэрэгслийн жолооч шууд хяналтын бүсээс гараад явсан. Ингээд гараад явсантай холбогдуулж асуудал үүсдэг. Тухайн тээврийн хэрэгсэл улаан төлөвтэй орж ирсэн. Яагаад улаан, шар, ногоон гэдэг төв заасантай холбоотой гаалийн холбогдох албан тушаалтнууд гэрчээр мэдүүлэг өгчихсөн. Энэ бараа бүтээгдэхүүнийх нь эрсдэлийнх нь үнэлгээ шалтгаалаад төлөв нь гарч ирдэг. Улаан төлөвтэй тохиолдолд заавал биечлэн хяналт шалгалтыг хийнэ гэсэн төлөв гэсэн. 

8.2. Гэтэл хяналтын камераас харахад тухайн тээврийн хэрэгсэлд хаалгыг нь ч онгойлгож өгч байгаа. Бид нар тухайн тээврийн хэрэгсэл хивэг ачсан гэж хэлж байгаа болохоос биш дотор нь юу байгааг нь ч мэдэхгүй. Улаан төлөвт гэдэг нь заавал биечлэн хяналт шалгалтыг хийнэ гэсэн үг, гэтэл хяналт шалгалт хийгээгүй гаргаад явуулсан.

8.3. Х.Ж-ийн хувьд би шалгах үүрэггүй гэж байгаа боловч тухайн бүсэд ажиллаж байсан албан тушаалын байдлыг ашиглаад бусад хүмүүстээ нөлөөлж “Ж” компанид давуу байдлыг бий болгож байгаа гэж үзсэн. Энэ нь юугаар илэрхийлээд байгаа юм бэ гэхээр Серикболын мэдүүлэг байна, “намайг яв” гэсэн шалгаагүй явуулчихсан. Мөн миний хувьд 2 хүнд яллах дүгнэлт үйлдсэн,  хоёуланг нь гэм буруутайд тооцчихсон. Б- нь хүлээн зөвшөөрөөд гомдол гаргаагүй. Б- “Миний хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Х.Ж-тэй хамтарч энэ гэмт хэргийг үйлдсэн” гэж хэлж байгаа, миний хувьд зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Монгол Улсын хилийн боомтоор бид нар бүгдээрээ гартаа барьж байгаад цүнхээ хүртэл шалгуулдаг. Ард иргэд ч гэсэн шалгуулаад явж байгаа. 

8.4.Коронавирусийн асуудлыг бас яриад байгаа.  Тухайн үе цар тахлын үе байсан. Энэ талаар аймгийн Засаг даргын захирамж гарсан гэдэг зүйл ярьж байна. Аймгийн Засаг даргын захирамжид шалгахгүй явуул гэдэг зөвшөөрөл олгоогүй. Гэвч аймгийн Засаг дарга зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан биш, шалгалтыг түргэн шуурхай явуулаарай гэдэг зөвлөмжийг захирамж хэлбэрээр өгсөн байдаг. Миний хувьд шүүгдэгч Б- Х.Ж- нарт анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг аль аль нь зөрчөөгүй байна.

8.5. Иймд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

9. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Ж-, түүний өмгөөлөгч Е.М, С.Н нарын гаргасан гомдлуудад  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

11. Шүүгдэгч Х.Ж- нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын Хүнсний чанар стандарт хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажиллахдаа тус газрын хяналт бүрдүүлэлт хариуцсан улсын ахлах байцаагч Т.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж тухайн үед танил байсан, одоо хувийн харилцаатай “Ж” ХХК-ийн эзэмшлийн Оросын Холбооны Улсын хилээс Монгол Улсын хилээр “Улаан” төлөвтэй нэвтэрсэн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг” бөглүүлж, биечлэн хяналт шалгалт хийлгүүлэлгүй, Цагааннуур боомтын гаалийн хяналтын бүсээс гаргах үйл явцыг зохион байгуулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан "Ж" ХХК-д давуу байдал бий болгосон;

- шүүгдэгч Т.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын хяналт бүрдүүлэлт хариуцсан улсын ахлах байцаагчаар ажиллахдаа тус газрын хүнсний чанар стандарт хариуцсан гаалийн улсын байцаагч Х.Ж-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилээр "Улаан" төлөвтэй нэвтэрсэн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг” бөглөөгүй, гаалийн хяналт шалгалтыг биечлэн хийгээгүй атлаа тус авто машиныг гаалийн хяналт шалгалтаар бүрэн шалгасан мэтээр бүрдүүлэлт хийхэд зөвшөөрөл олгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан "Ж" ХХК-д давуу байдал бий болгосон,

- мөн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын хяналт бүрдүүлэлт хариуцсан улсын ахлах байцаагчаар ажиллахдаа Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилээр “Улбар шар” төлөвтэй нэвтэрсэн "М" ХХК-ийн эзэмшлийн **** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтын шалгалт хийлгүүлж, татвар төлүүлэлгүй Монгол Улсын хил Цагааннуур боомтын гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрлийг олгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан “М” ХХК-д давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

12. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нарын тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

 

13. Шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Ж” ХХК-ийн эзэмшлийн Оросын Холбооны Улсын хилээс Монгол Улсын хилээр "Улаан" төлөвтэй нэвтэрсэн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг "гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг" бөглүүлж, биечлэн хяналт шалгалт хийлгүүлэлгүй, Цагааннуур боомтын гаалийн хяналтын бүсээс гаргах үйл явцыг зохион байгуулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан "Ж" ХХК-д давуу байдал бий болгосон,

- шүүгдэгч Т.Б-ий 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын хяналт бүрдүүлэлт хариуцсан улсын ахлах байцаагчаар ажиллахдаа Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилээр "Улбар шар" төлөвтэй нэвтэрсэн "М" ХХК-ний эзэмшлийн **** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтын шалгалт хийлгүүлж, татвар төлүүлэлгүй Монгол Улсын хил Цагааннуур боомтын гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрлийг олгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан "М" ХХК-д давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  тус тус үйлдсэн нь:

- Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын газрын 0285 дугаар ангийн дэргэдэх Тагнуулын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/41/19 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 04-08 дахь тал/,

 - Мөрдөгчөөс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 30-35 дахь тал/,

- Мөрдөгчөөс “Цагааннуур” боомтын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД диск /1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

- Гэрч Э.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

- Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

- Гэрч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

- Гэрч Ц.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-65, 221-222 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58-61, 218-219 дахь тал/,

- Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-68, 2 дахь хавтаст хэргийн 115 дахь тал/,

- Гэрч Д.А-агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215-216 дахь тал/,

- Гэрч Ж.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 228-229, 2 дахь хавтаст хэргийн 113 дахь тал/,

- Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

- Гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 211-213 дахь тал/,

- Гэрч О.Ё-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 127-128 дахь тал/,  

- Гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай гаалийн газрын хяналтын камерын бичлэг нь орон нутгийн цагаар явдаг, Улаанбаатар хотоос 1 цагийн сүүлд явдаг. CAIS программ нь Улаанбаатарын цагаар явдаг. Энэ бол программ болохоор бүх газар нэг ижил цагаар явдаг болохоор Улаанбаатарын цагаар явдаг.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 117 дахь тал/,

- “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/483 дугаартай “Албан хаагчдыг ажилд түр томилох тухай”, “Албан хаагчдыг томилох тухай” тушаалын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 145, 235-238 дахь тал/,

- Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/446 дугаартай “Т.Б-ийг албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал/,

- Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарын ажлын хуваарь, “Ж” ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаалийн татвар төлсөн баримт, бүртгэлтэд зарцуулсан хугацааны талаарх баримт /1 дэх хавтаст хэргийн 192-193, 231-233 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

14. Шүүгдэгч Т.Б- нь Баян-Өлгий аймаг дахь Гаалийн хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар, Х.Ж- нь  Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой “Ж” ХХК-ийн эзэмшлийн Оросын холбооны улсын хилээс Монгол Улсын хилээр “улаан” төлөвтэй нэвтэрсэн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн тус өдрийн орой Оросын Холбооны Улсын хилээс Монгол Улсын хилээр “улбар шар” төлөвтэй нэвтэрсэн “М” ХХК-ийн эзэмшлийн **** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус шүүгдэгч Х.Ж-, Т.Б- нар нь “хамаатан хүний ачаа”, “найзын маань ачаа” хэмээн “гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг” бөглүүлж, бичиг баримтын болон биечлэн хяналт шалгалт хийлгүүлээгүй, татвар төлүүлэлгүй Монгол Улсын хил, Цагааннуур боомтын гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрлийг олгож, “Ж” ХХК, “М” ХХК-нд тус тус давуу байдал бий болгосон, эдгээр тээврийн хэрэгслүүд нь тухайн цаг хугацаанд гаалийн хяналтын бүсээс гарч явсны дараа гаалийн бүрдүүлэлтийг нөхөж бүрдүүлсэн, гаалийн татварыг төлүүлсэн гэмт хэрэг нь тус тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                15. Шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын газрын 0285 дугаар ангийн дэргэдэх Тагнуулын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/41/19 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 04-08 дахь тал/, мөрдөгчөөс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчөөс “Цагааннуур” боомтын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД диск, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарын ажлын хуваарь, гаалийн бүрдүүлэлт, татвар төлсөн баримтууд зэрэг нотлох баримтуудаар Т.Б-, Х.Ж- нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцжээ.

 

16. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нар нь бүлэглэж үйлдлээрээ нэгдсэн, түүнчлэн шүүгдэгч Т.Б- нь дангаараа гүйцэтгэгчээр оролцсон үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргээр зүйлчлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ. 

 Иймд шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нарын тус бүрд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

17. Шүүгдэгч Х.Ж-, түүний өмгөөлөгч Е.М нараас гаргасан давж заалдах гомдолд “Х.Ж-ийн үйлдэл холбогдол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, бодит үйлдэл тогтоогдоогүй /Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсхүл үүргээ зориуд хэрэгжүүлээгүй бодит үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй/, гэмт санаа агуулгаагүй буюу өөртөө болон бусдад давуу байдал олгох гэсэн шууд санаа, ашиг хонжоо олох зорилго байсан нь нотлогдоогүй, Эрүүгийн хуульд заасан төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан, иргэд болон байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчсөн зэрэг нийгмийн хор аюултай үр дагавар бий болгоогүй, хэрэв алдаа гарсан бол энэ нь сахилгын болон зөрчлийн шинжтэй байж болох юм. Х.Ж- нь “Ж” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг ээлжийн ахлах байцаагчид танилцуулсан нь гаалийн байгууллагын дотоод мэдээлэл дамжуулах хэвийн үйл ажиллагаа бөгөөд тэрээр бусдад дарамт шахалт үзүүлж, хууль бус шийдвэр гаргахыг шаардаагүй. Барааг нэвтрүүлэх эсхүл саатуулах эцсийн шийдвэрийг тухайн өдрийн ээлжийн ахлах байцаагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан. Х.Ж- шийдвэр гаргах түвшний албан тушаалтан биш байсан тул түүний "мэдээлэл дамжуулсан" үйлдэл нь давуу байдал бий болгох шууд шалтгаан болохгүй. Түүнчлэн Тухайн үед гаалийн хяналт шалгалт нь "Цар тахлын үеийн хөнгөвчилсөн бүрдүүлэлтийн журам"-ын дагуу явагдсан бөгөөд албаны чиг үүрэг зөрчигдөөгүй. Иймээс анхан шатны шүүх мэдээлэл дамжуулсан үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж буруу дүгнэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй тул Х.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгохыг” хүссэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд шүүгдэгч Х.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн үнэлж дүгнэн, үүнд Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

18. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулсан, шүүгдэгч Х.Ж- нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлгүй байна.

Х.Ж- нь тухайн өдөр ээлжгүй байсан бөгөөд "Ж" ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг албан үүргийн дагуу тухайн өдрийн ээлжийн ахлагчид танилцуулсан нь тухайн өдөр ажлын цаг дууссан, “улаан” төлөвтэй нэвтэрсэн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байхад уг машиныг хилээр гаргах үйл ажиллагаанд идэвхтэй үйлдлээр оролцож, түүнийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хүсэж, уг үр дагаврыг санаатай бий болгосон нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрт тооцогдох бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгч Х.Ж-, түүний өмгөөлөгч Е.М, С.Н нарын давж заалдах гомдол бодит үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

19. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч бүрийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, үйлдэл тус бүрийн шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийг журамлаж, тусгай ангид заасан санкцыг оновчтой сонгож хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-, Х.Ж- нарын тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ял шийтгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохирсон байна.

 

20. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Х.Ж-, түүний өмгөөлөгч Е.М, С.Н нарын “...шийтгэх тогтоолын иргэн Х.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох...” тухай  давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ж-, түүний өмгөөлөгч Е.М, С.Н нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг, мөн цагаатгагдсан этгээд болон түүний өмгөөлөгч шүүхийн энэ магадлалын  цагаатгасан шалтгаан, үндэслэлд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

                                   ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ