Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/581

 

С.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

цагаатгагдсан этгээд С.Э-гийн өмгөөлөгч Д.Очирваань, М.Батбаатар,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/260 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлээр С.Э-д холбогдох 2402004870455 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Р овгийн С-ийн Э, 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Шүүгдэгч С.Э- нь Цаг уур орчны шинжилгээний газрын ... албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 “эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах”, “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4 “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1 “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх” 26.4.4 “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэснийг тус тус зөрчиж,

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Цаг уур орчны шинжилгээний газарт “Хөрсний чанарын хяналт, шинжилгээ хийх мониторингийн цэгийг нэмж байгуулах” тендер сонгон шалгаруулалтад үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдож ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт зөрчилтэй буюу “Г” ХХК-ийг зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаа ирүүлээгүй байхад байсан мэтээр үнэлгээний хорооны бусад гишүүдэд танилцуулан, тендерт тус аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн мэдээллийн сангийн лавлагааг нөхөж авч тендерийн баримт бичигт хавсарган, улмаар тендерт шалгаруулж давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: С.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокурорын газраас С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ган-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд. Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсхүл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байхаар хуульчилсан.

Мөн Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 19 дүгээр зүйлд “Нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу тал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотолсноор тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болно” гэж заасан.

Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж нь нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэж, өөртөө болон бусдад хууль бус давуу байдал бий болгосон үйлдэл тогтоогдсон тохиолдолд тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, С.Э-гийн үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

2.Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар С.Э-гийн үйлдэл тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс эргэлзээгүй тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Дээрх үндэслэлээр цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ял завшуулах боломж олгосон буюу Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны, шударга ёсны зарчмууд алдагдсан.

Иймд С.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тендерийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар захиалагч Байгаль орчны яам нь тендерийн бичиг баримтыг боловсруулж, Цаг уурын газарт эрхээ шилжүүлсэн. Ингээд тендерийг Үнэлгээний яам зарлаж, 30 хоногийн хугацаатай нийтэд байршуулж оролцогчид бүртгүүлэхээр Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 23.1-т заасны дагуу эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээдэг. Үнэлгээний хорооны нийт 7 гишүүнээс 2 нь хараат бус мэргэшсэн үнэмлэх авсан 5 гишүүн ажилласны нэг нь С.Э- юм.

28 инчийн дэлгэцийн өмнө гишүүд өөд өөдөөсөө харж сууж байгаад С.Э- курсороо хөдөлгөж “ийм бичиг баримт байна уу, байхгүй юу” гэж бүгдэд нь харагдахуйцаар тайлбарласан. Эхний өдрийн 9 цагийн хуралд С.Э- компьютерыг хүмүүсийн урьдаас харуулж байгаад том дэлгэцээр мэдээллүүдийг нь шүүж үзэхэд, Ө “тэрбум 700 сая төгрөгийн мэдээллийн сангийн лавлагаа тендерт байхгүй байна” гэсэн учраас бүх гишүүд хайсан. Гэтэл мэдээлэл нь гарч ирсэн учраас тендер сонгон шалгаруулалтад тухайн аж ахуйн нэгжийн шалгаруулсан. Дараагийн тендер шалгаруулалт 11 цаг 40 минутын үед эхэлж зээлийн мэдээллийн сангийн лавлагаа байхгүй асуудал үнэлгээний хорооны бүх гишүүдийн өмнө яригдсан. Тэгээд үнэлгээний хорооны дарга Г “наадах чинь тулчихсан ажил байгаа юм, чи зээлийн мэдээллийн сангийн лавлагааг нөхөж аваад шалгаруулаад явчих” гэж бүх гишүүдийн өмнө хэлсэн.

Урт нэртэй хуулийн 16 дугаар зүйлд “тендерт оролцогчийн санхүүгийн чадавхын шаардлага” гэж байгаа. Санхүүгийн чадавхын шаардлагыг 16.2 дугаар заалтад зааснаар 3 шаардлага байдаг. Сүүлийн 3 жилийн хугацаанд үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн санхүүгийн тайлан ирсэн байсан. 3 жил хүртэлх хугацаанд оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил үйлчилгээний борлуулалтын орлогын тайлан санхүүгийн чадавх хангагдсан. Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагааг “бичиг баримт” гэж шаардаагүй. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 11.1-д заасны дагуу оролцогч нь захиалагч тендерийн бичиг баримт зарладаг. Хууль тогтоомж зөрчсөн гэдгээс илүүтэй шаардсан бичиг баримтыг тухайн үедээ аваагүй гэж прокурорууд буруутгасан. Төрийн үйл ажиллагаа, тендерийн үйл ажиллагаа процессын дагуу явж байхад эрүүгийн байдлаар халдаад явчихаар чинь төрийн албан хаагчдын шийдвэр гаргах ажиллагаа нь зогсоод байгаа юм.

Тендерийн үнэлгээний хорооны гишүүн саналын нэг эрхтэй учраас хүнд хууртаж саналаа өгдөг гэх агуулга харагдаж байна. Хэрвээ тийм бол мэргэшсэн ажилтны үнэмлэх авах ямар шаардлага байгаа юм. Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний хорооны үйл ажиллагааны урамшууллын журмын 3.1-д “үнэлгээний хорооны гишүүн бүр саналын нэг эрх эдлэх ба хуралд саналаа илээр өгч оролцоно” гэж заасан. Үнэлгээний хорооны гишүүд хамтын зарчимтай. Гэтэл гэрч нар эргээд нөгөө талдаа шүүгдэгч болчих статустай хүмүүс учраас өөрсдийгөө хамгаалаад С.Э-г муу муухай гэж хэлж байгааг буруутгах бололцоо байхгүй. Дээрх үндэслэлээр анхан шатын шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй талаар хуульд тодорхой тусгагдсан учраас маргах зүйл байхгүй. Үнэлгээний хорооны гишүүдэд “Г” ХХК-ийн зээлийн мэдээллийн сангийн лавлагаа ирээгүй байхад ирсэн гэж танилцуулсан, сонгон шалгаруулсан, зээлийн мэдээллийн сангийн лавлагааг нөхөж авсан гэх 3 үйлдэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх үзсэн. Зарчмын хувьд хийсэн дүгнэлтийг бид зөв гэж үзсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Прокуророос “үнэлгээний хорооны гишүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримт” гэж яллах дүгнэлтэд бичдэг. Бусад нотлох баримт гэдэг нь тодорхой харагдахгүй. Прокурор эсэргүүцэлдээ энэ талаар тодорхой тайлбар хэлж чадаагүй. Үндсэндээ нотлогдож байгаа баримт нь гэрчүүдийн мэдүүлэг байдаг. Тэдгээр нь бүгд үнэлгээний хорооны гишүүд юм. Тэд “Бид нар тухайн үед юу болсныг санахгүй байна. Гэхдээ С.Э- нарийн бичгийн дарга байсан. Бид нарт асуудлыг танилцуулсан гэж” мэдүүлсэн. Эргэлзээтэй нөхцөл байдлыг анхан шатын шүүх зөв харж, хуульд заасан мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй учраас тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан тухайд, үйл баримтаа зөв дүгнэж хуулийн холбогдох зохицуулалтын асуудал яригдах учраас прокурор тайлбар хэлээгүй, гомдол гаргаагүй учраас үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл заалтыг ноцтой зөрчсөн нь анхан шатын шүүхийн шийдвэрт яаж нөлөөлсөн үндэслэл тодорхой харагдахгүй. Ямар шалтгааны улмаас шүүхийн шийдвэр холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн шалтгааныг прокурор үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байна. Анхан шатын шүүх хуралдаанд урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж, үнэлгээний хорооны гишүүд хамтын шийдвэртэй оролцсон, бусад асуудлуудыг шалгах ёстой гэж үзсэн. Гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос С.Э-г 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Цаг уур орчны шинжилгээний газарт “Хөрсний чанарын хяналт, шинжилгээ хийх мониторингийн цэгийг нэмж байгуулах” тендер сонгон шалгаруулалтад үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдож ажиллахдаа Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Г” ХХК-ийг зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаа ирүүлээгүй байхад байсан мэтээр үнэлгээний хорооны бусад гишүүдэд танилцуулан, тендерт тус аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Тендерийн үнэлгээний хорооны сонгон шалгаруулах хурал болж байх цаг хугацаанд С.Э-г Б.Б, О.М нартай утсаар ярьсан гэх нотлох баримт нь түүний гэм буруутайг эргэлзээгүй нотолсон баримт болохгүй, “Г” ХХК-ийн зээлийн мэдээллийн лавлагаанд хугацаа хэтэрсэн зээлгүй, дээрх тендерийн ажлаас санхүүжилт аваагүй тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй хэмээн С.Э-г цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдов.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай конвенцуудад албаны чиг үүргийн хувьд хуулиар зөвшөөрөгдөөгүй, эсхүл хориглосон үйлдлийг гүйцэтгэсэн, өөртөө, бусдад хууль бус давуу байдал олгосон санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэх талаар заажээ.

Манай улсын хувьд, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг дээрх конвенцуудын үзэл санаа, зохицуулалтын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “нийтийн албан тушаалтанд хамаарах этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох”-оор хуульчилсан.

Уг гэмт хэрэг нь субъектив шинжийн хувьд:

-тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан өөртөө болон бусдад эдийн, эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг олж авах, хуульд заасан үүргээ гүйцэтгэхгүй байх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй аливаа ажил, үйлчилгээнд хамрагдах шунахай санаа зорилго,

-өс хонзон санах, бусдын захиалгыг гүйцэлдүүлэх, атаархах, албан тушаал ахихыг санаархах, бие биеэ хаацайлах, хэн нэгний ивээлд багтах зэрэг хувийн бусад сэдэлтээр үйлдсэн,

-тухайн үйлдлээсээ бий болох хохирол, хор уршгийг ухамсарласан,

-нийгэмд аюултай, хууль бус үйлдэл болохыг урьдчилан мэдсэн,

-үр дагавар, хохирол, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байдаг онцлогтой. 

Албан тушаалын гэмт хэрэг нь албаны хувьд өөрт олгогдсон эрх мэдлээрээ хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд хохирол учруулаад зогсохгүй, иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд мөн давхар халдаж, бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй тул тухайн хууль бус үйлдлийг мөрдөн илрүүлж, улмаар тохирох эрүүгийн хариуцлагыг оногдуулж байх ёстой. 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд албан тушаалтан нь хууль тогтоомжийг санаатайгаар зөрчиж, өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгохоор зорьсон гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой байдаг.

Яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч мэдүүлэгт хэргийг бүдгэрүүлэх нөхцөл байдлыг эрх зүйн зөрчил болгон харагдуулахгүй байх, эсхүл ялимгүй зөрчил болгон харагдуулах гэсэн ашиг сонирхол илт давамгайлдаг тул тогтоогдсон нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх, тендер сонгон шалгаруулах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэх зэргийг цогцоор нь дүгнэх нь энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэж, үндэслэл бүхий шийдвэр гаргахад тавигдах үндсэн шаардлага юм.

Шүүх хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч өөрт үүссэн хуульд харшилж болохуйц санаа зорилгыг, ямар үйлдлээр, хэрхэн хэрэгжүүлснийг уг харилцааны сууриас нь дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь гэм буруугийн зарчимд харшлаад зогсохгүй ноцтой үр дагаврыг бий болгохыг анхаарвал зохино.

Тиймээс хэргийн үйлдэл бүрийг тогтоосон нотлох баримтууд нь нийлж, нэгдсэн дүгнэлтэд хүрэх ба хэргийн талаарх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохын тулд тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж тогтоох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, цугларсан нотлох баримтад бэхжигдсэн мэдээлэл, эх сурвалж бүрийг мухарлан шалгаж, тогтоосон үйл баримтыг үгүйсгэж болох бүх таамаглалуудыг эцэслэн шалгаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт хэрэгжих учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой.

Тодруулбал, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж болдог.

Энэхүү гэмт хэрэг нь хувьдаа болон өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдэгддэг ба эдгээр нь бүхэлдээ үгүйсгэгдсэн тохиолдолд л гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Төрийн албыг тухайн албан тушаалын шалгуур үзүүлэлтэд тэнцэж, шатлан дэвших болон хууль ёсны зарчмын хүрээнд ажлын байрны шаардлага хангасан хүмүүс хашдаг бөгөөд хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх ба албаны эрх мэдэл нь эдгээр эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг.

Үүний мөн чанар нь ард түмэндээ хууль тогтоомжийн хүрээнд шударгаар үйлчилж, тэдний эрх ашгийн үүднээс чин үнэнчээр зүтгэхэд оршдог. Тиймээс заавал хохирол, хор уршиг учирсны эцэст бус, харин хуулиар хориглолт тогтоосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн үйлдэл хийснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.

Энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь тухайн харилцааг зохицуулж буй хууль тогтоомж байдаг ба түүнийг зөрчиж буй нь гэмт хэргийн хохирол, хор уршиг болдог.

Зөвхөн нийтийн албан тушаалтан нь л өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль болон дүрэм, журмыг зөрчиж чадах бөгөөд энэ нь төрд учруулж буй хохирол юм.

Тиймээс шүүгдэгчийн зүгээс “Г” ХХК-ийг зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаа ирүүлээгүй буюу хуульд заасан тендерт сонгон шалгаруулахыг хориглох үндэслэл байгааг мэдсээр байж шалгаруулсан талаараа мэдүүлсээр байхад анхан шатны шүүх шүүгдэгчид ямар санаа зорилго үүссэн, түүнийгээ ямар аргаар хэрэгжүүлсэн дарааллыг анхаарч үзэлгүйгээр гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй хэмээн дүгнэсэн нь алдаатай, бүхэлдээ хуульд нийцэхгүй шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл, “Хөрсний чанарын хяналт, шинжилгээ хийх мониторингийн цэгийг нэмж байгуулах” тендер сонгон шалгаруулалтад шалгарсан компани болон шүүгдэгч нарын хооронд аливаа ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх, тухайн тендерийн харилцаа нь хуульд нийцсэн эсэх, мөн түүнээс нэг компани бусдаас илт давуу байдал олж авсан эсэх зэрэгт шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүх нь Үндсэн хууль, бусад хуульд захирагдах, хүний жам ёсны эрх, эрх чөлөө, хууль зүйн тэгш байдлыг хүлээн зөвшөөрч хуулиар бэхжүүлэн хангах, хуулийг бүх нийтээр дагаж мөрдөх, төрийн байгууллагууд хуулийг гуйвалтгүй, нэг мөр биелүүлэх, зөв хэрэглэх зарчмын хүрээнд зөвхөн хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой.

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх төрийн онцгой үйл ажиллагааны эцсийн үр дүн болох шүүхийн шийдвэр нь эрх зүйн харилцааг тодорхойлох, түүнийг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх хэлбэрээр тухайн хэрэг маргаанд хамааралтай этгээдэд хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг акт юм.

Иймээс шүүхийн шийдвэр нь аливаа этгээд заавал биелүүлэх үүргийг хүлээлгэдэг хүчин чадал бүхий албан ёсны бичиг баримт тул Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулиар тогтоосон шаардлагад бүрэн нийцсэн байхыг шаарддаг.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд буюу “шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй” бол хуулийн ноцтой зөрчилд тооцохоор хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх хоорондоо харилцан зөрүүгүй гэрчүүдийн мэдүүлгийг зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр няцааж, шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй нотолсон баримт болохгүй гэсэн хийсвэр дүгнэлт хийж, мөн хэрэгт авагдсан бусад баримтуудыг хангалттай няцаан үгүйсгэлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Энэ шийдвэртэй холбогдуулан шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/260 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлийг хангасугай.

2.Шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                       ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН