Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0570

 

 2018 оны 10 сарын 31 өдөр Дугаар 221/МА2018/0570                       Улаанбаатар хот

 

С.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2018/0021 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу С.Д-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2018/0021 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.3, 69.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн С.Д-ийг ажлаас чөлөөлөх тухай Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Д-ийг урьд эрхэлж байсан ажил болох Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Д-ийн урьд ажиллаж байсан албан тушаалын цалингийн зөрүүг 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл тооцож, нийт 184,000 /нэг зуун наян дөрөв/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч нь “... нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ...” тухай шаардлагаасаа татгалзсан тул энэхүү татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн С.Д-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2018/0021 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Аймгийн Засаг дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.17-д зааснаар хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд С.Д-той албан тушаал бууруулж ажиллуулахаар, мөн Боловсрол, соёл, урлагийн газрын даргатай зөвшилцсөн, захирамжийн үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 Албан тушаал, ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдгийг:

а/ Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Цогц эрдэм” сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Д нь аймгийн Засаг дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн даргад албан ёсоор мэдэгдэж чөлөө, амрах зөвшөөрөл аваагүй бөгөөд энэ нь аймгийн Засаг даргатай 2017 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.12. Ажлын өдөр хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолдолд аймгийн Засаг дарга, бодлогын Хэлтсийн даргад албан ёсоор мэдэгдэж байх /мэдэгдээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно/ гэсэн заалтыг зөрчин ажил тасалсан, байгууллагын жилийн ажлын төлөвлөгөө түүний биелэлтийг тооцон дүгнээгүй, мөн гэрээний 8.4. Ажил, албан тушаалтай холбогдох эрх зүйн актуудыг судалж, мөрдөх гэсэн заалтыг биелүүлж ажиллаагүй бөгөөд Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын тогтоолоор баталсан үндэсний болон дэд хөтөлбөрүүд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжийн холбогдох заалтыг хяналтад авч хэрэгжүүлээгүй, хяналт тавиагүй.

Дотуур байрны сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нартай байгуулсан гэрээнд нэг хүүхдээс 10 000 төгрөгний хураамж авахаар тусгаж, хураан авсан нь Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 буюу суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно, 48 дугаар зүйлийн 48.2.6 суралцагчийн бие махбодид халдсан, сэтгэл санааны дарамт үзүүлсэн, мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, тэдний хувийн нууцыг задруулсан, хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан нь баримтаар тогтоогдсон. Багш, ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн заалтыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 10.5. Эцэг эхээс мөнгө эд хөрөнгө авсан, зээлсэн зэрэг нөхцөл байдал нь тухайн иргэдээс ирүүлсэн бичиг гомдлын дагуу шалгахад нотлогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзэж байна.

Сургуулийн захирал С.Д “Эрдэнэцогт сумын Цогц-Эрдэм бүрэн дунд сургуулийн дотуур байрны сурагчдын эцэг, эх, асран хамгаалагч, сурагчтай хийсэн гэрээ”-ний 4-д “Байранд хийсэн засварын зардалд байранд суух сурагчдаас 10000 төгрөг гаргуулж нярваар дамжуулан санхүүгийн тооцоог хийнэ” гэсэн албадлагын шинжтэй заалтаар мөнгийг тэнцүү хэмжээтэйгээр авсан, түүнчлэн цуглуулсан мөнгөнөөс тодорхой тооны мөнгийг баримтгүйгээр зарцуулж төсвийн орлогын бүрэлдэхүүнд оруулаагүй. Зочид, төлөөлөгчдийн хоол хүнс, хүлээн авалтад зориулж нядалсан хонь, ямааны арьсыг өөрөө борлуулж тодорхойгүйгээр зарцуулсан, сургуулийн дотуур байранд мах нийлүүлэх гэрээний тодорхой заалтуудыг зөрчиж дур мэдэн мах нийлүүлсэн зэргээр зөрчилтэй үйлдлүүдийг гаргаж “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт”-д заасан “Ажлын байрны үндсэн зорилт”-ын 3-д заасан шалгуур үзүүлэлтэд “Төсвийн ил тод, нээлттэй байдал, тайлагналт”, “Эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт”, “сургуулийн төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулсан байдал” гэсэн заалтуудыг зөрчиж байна.

Иймд “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт”-д заасан “Хүчин зүйлс” хэсгийн 2-т “Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага” хэсэгт “Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан, үүсгэн байгуулагч болон аймаг, нийслэлийн Боловсролын газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд тавигдсан шалгуур, шаардлагыг хангаагүй, авилга, ашиг сонирхлын зөрчил гаргасан тохиолдолд үр дүнгийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ” гэж заасныг,

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 иргэдээс аймгийн Засаг даргын Тамгын газарт Эрдэнэцогт сумын “Цогц эрдэм” сургуулийн захирлын талаар ирүүлсэн гомдлын дагуу тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу шалгахад Ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн зөрчил дутагдал гаргасан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлүүдийг тус тус үндэслэн чөлөөлсөн.

Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн Ш.Г-г төрийн албаны салбар зөвлөлийн саналын дагуу томилсон. Ш.Г-г ажилд томилсны дараа аймгийн Засаг даргын зүгээс С.Д-ийг төсвийн шууд захирагчийн эрх үүргийнхээ дагуу ажлын байраар хангах асуудлыг судлан шийдвэрлэхийг амаар болон бичгээр санал болгосон. Үүний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот тушаалаар Соёл, хүмүүжлийн менежер ажилд томилон ажиллуулж байгаа.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээж нотлох баримт цуглуулж, сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлийг нотлох баримтаар шүүхэд хүргүүлсээр байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авч хэлэлцээгүйг, аймгийн Засаг даргын 2018 оны Б/16 дугаар захирамжид үндэслэл болгосон аймгийн “Санхүүгийн хяналт, аудитын хорооны хурлын 31 дүгээр тогтоол”-ыг үндэслэсэн гэхийг “34” гэж техникийн алдаа гаргасныг харгалзан үзэхийг хүсье.

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2018/0021 дугаартай шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч С.Д-оос “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-г баримтлан нэхэмжлэгч С.Д-ийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Цогц эрдэм” сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зохицуулалт бөгөөд мөн хэсгийн 23.1.1-д заасан “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэдгийг мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу тогтоосон байхыг ойлгохоор байна.

Маргаан бүхий актад “... санхүүгийн зөрчил гаргасан нь ... тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон” гэх үндэслэлийг зааж, “дотуур байранд суух сурагчдаас 10,000 төгрөгийг албадлагын шинжтэй заалтаар тэгшитгэн авсан, цуглуулсан мөнгөнөөс тодорхой тооны мөнгийг баримтгүйгээр зарцуулж төсвийн орлогын бүрэлдэхүүнд оруулаагүй, зочид төлөөлөгчдийн хоол хүнс, хүлээн авалтад зориулж нядалсан хонь, ямааны арьсыг өөрөө борлуулж тодорхойгүйгээр зарцуулсан, сургуулийн дотуур байранд мах нийлүүлэх гэрээний тодорхой заалтуудыг зөрчиж дур мэдэн мах нийлүүлсэн” зөрчлүүд гаргасан гэж үзжээ.

Гэтэл хэрэгт авагдсан Эрдэнэцогт сумын сургуульд хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудас[1], Санхүүгийн хяналт, аудитын албаны танилцуулга[2], гэрч Л.Ж[3], Т.Б[4] нарын мэдүүлэг, зардлын тооцоолол[5] зэрэг нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч санхүүгийн зөрчил гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна. Тухайлбал, дотуур байрны сурагчдын эцэг эхийн зөвлөлөөс гаргасан уриалга[6], тайлбар[7] зэргээс үзвэл дотуур байрны сурагчдын эцэг эх, асран хамгаалагч, сурагчтай хийсэн гэрээнд “байранд хийсэн засварын зардалд байранд суух сурагчдаас 10 000 төгрөг гаргуулахаар” тусгасан нь сургуулийн захирлаас албадан хураасан шинжгүй, байранд суух сурагчдын эцэг эхийн гаргасан санаачлага байсан байна. Түүнчлэн, сургуулийн ой тэмдэглэх үеэр зохион байгуулсан хүлээн авалтад зориулж нядалсан 39 тооны малын арьс нэхийг худалдан борлуулсан мөнгийг хэрхэн зарцуулсан талаар сургуулийн нярав Л.Жигжид гэрчилсэн бөгөөд хариуцагч уг мэдүүлгийг баримтаар няцаагаагүй, сургуулийн дотуур байранд мах нийлүүлэх гэрээний тодорхой заалтуудыг зөрчиж дур мэдэн мах нийлүүлсэн гэх үндэслэлээ хариуцагч хэрхэн нотолсон нь тодорхойгүй, түүнээс үүссэн үр дагавар нь ямар учраас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болж байгаа талаар нотолж, тайлбарлаагүй байна. Дээрх нотлох баримтуудаас шүүх нэхэмжлэгчийг санхүүгийн зөрчил гаргасан гэж үнэлэх боломжгүй байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг чөлөөлж, албан тушаал бууруулсан гэж тайлбарлан маргасан боловч аль байгууллагад ямар албан тушаалд бууруулан томилж байгаа талаар маргаан бүхий актад дурдаагүй. Нэхэмжлэгчийг Эрдэнэцогт сумын соёл, хүмүүжлийн менежерийн албан тушаалд Эрдэнэцогт сумын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот тушаалаар буюу маргаан бүхий актад хамааралгүй шийдвэрээр томилсон байна.

Түүнчлэн, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д аймгийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргаас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Эрдэнэцогт сумын захирлын албан тушаалаас С.Д-ийг чөлөөлж, Ш.Г-г томилох” талаар санал авахаар 1а/10 тоот албан бичиг хүргүүлсэн байх боловч Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас энэ талаар саналаа хүргүүлээгүй байхад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий актыг гаргасан нь хуулийн дээрх шаардлагыг хэлбэрийн төдий биелүүлсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг хүчингүй болгох” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх маргаан бүхий 31 дүгээр тогтоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүй, илт хууль бус болохыг тогтоолгох эсхүл хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын аль болохыг тодруулаагүй, шүүхийн шийдвэрийн агуулгаас үзвэл “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчээс шийдвэрийн уг хэсэгтэй холбогдуулан гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны 31 дүгээр тогтоолтой холбоотой хэсгийг давж заалдах шатны шүүх хянах боломжгүй байна.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “давж заалдах гомдол” бус “тайлбар” гаргасан. Уг тайлбар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4-д заасныг тусгах шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийн аль хэсэг, заалтыг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой тусгаагүй, нэхэмжлэлд ирүүлсэн тайлбараа давтан бичсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.5-д заасан “гомдлын шаардлага” тусгаагүй байхад дээрх алдааг анхан шатны шүүх зөвтгүүлээгүй байгааг тэмдэглэв. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2018/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ