Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 3

 

Н.Билгүүтэйд холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2016/0001/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч А.Энхбаатар, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга
Прокурор: М.Энхбаатар
Хохирогч: Г.Мөнхжаргал, Б.Төмөрбаатар
Хохирогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Авирмэд, Б.Дарханжаргал
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Дэлгэрцэцэг
Ялтан: Н.Билгүүтэй нар оролцов.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын давж заалдах гомдлоор Н.Билгүүтэйд холбогдох эрүүгийн 201423010114 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 онд Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, ах, эгч, хоёр дүүгийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хорооны 252-51 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Нямдаваагийн Билгүүтэй, /РД:СК-91041517/.
Шүүгдэгч Н.Билгүүтэй нь 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг, “Ногоон нуур” гэх газар “Тоёото Приус” маркийн 91-99 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг өндөр өвстэй, замгүй газраар жолоодож явахдаа түргэн шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гаргаж 1732 га газар шатаж байгаль, экологид 19 833 132 төгрөгийн хохирол, хохирогч Г.Мөнхжаргал, Б.Төмөрбаатар нарын биед хөнгөн, Д.Хэнчбиш, Д.Болортулга нарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Нямдаваагийн Билгүүтэйг хээрийн түймэр тавих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар шүүгдэгч Н.Билгүүтэйг 1 жил 1 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Н.Билгүүтэйд оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Н.Билгүүтэйд оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Билгүүтэйгээс 1 380 000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мөнхжаргалд, 5 131 528 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Болортулгад, 12 572 694 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хэнчбишэд, 2 186 645 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Төмөрбаатар нарт олгож, хохирогч Б.Төмөрбаатар 8 276 591 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Содном 19 833 312 төгрөгийг иргэний журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Билгүүтэйд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213-р зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Билгүүтэйд холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх хянан хэлэлцээд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 08 дугаар шийтгэх тогтоол гаргасныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Дээрх шийтгэх тогтоол нь яллах дүгнэлтэд бичигдсэн яллах талын нотлох баримтын талаарх бичвэрийг нэг бүрчлэн хуулбарлан бичсэн байгаа нь тухайн хэргийг шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэрлэсэн эсэх нь эргэлзээтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасанчлан хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж, яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй болохыг илэрхий харуулж байна.
Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд улсын яллагч нь гэрч Ганбаатар, Мөнх- Уянга нараас Бямбатогтохын мэдүүлгийг үгүйсгэх зорилгоор хөтөлж мэдүүлэг авч нотлох баримтаар бэхжүүлсэн болохоо тайлбарласан. Дээрх тайлбарыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хурлын тэмдэглэлд мөн шүүхээс гарах шийдвэрт тусгайлан тусгуулах санал гаргасан боловч шүүхээс тусгаагүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй улмаар тус хуулийг илт зөрчсөн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан мэтгэлцэх зарчмын дагуу өмгөөлөгчийн гаргасан тайлбар, нотлох баримтыг шүүх үнэлээгүйгээс шүүн таслах ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдаагүй болно. Шүүх зөвхөн яллах байр сууринаас урьдаас хөдөлбөргүй үнэн зөв гэсэн итгэл, үнэмшилтэйгээр шүүн таслах ажиллагааг явуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан. Хавтас хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчид ял халдаах үндэслэл болсон мэтээр шийтгэх тогтоолд дурьдахдаа зөвхөн улсын яллагчийн яллах дүгнэлтэд хэсэгчлэн авсан хэсгүүдийг иш татсан байна. Гэтэл гэрч нар бүгд хэн яг гал тавьсан талаар шууд гэрчилсэн мэдүүлгийг огт өгөөгүй дамжмал мэдээлэл эсвэл хувийн сэжиглэл, таамаглалаа мэдүүлсэн болох нь гэрч нарын мэдүүлгийг нягтлан уншвал тодорхой болох юм.
Тухайлбал гэрч Пүрэвхүү нь гал тавьсан хүнийг хараагүй зөвхөн Шаравдоржийн хүүхдүүдийг сэжиглэж байна гэсэн бол түүнтэй хамт явсан Ганбаатар нь 2 дугаар хавтас хэргийн 75 дугаар талд Пүрэвхүү хаанаас гал гарчихваа гэхэд машинаас гарчих шиг боллоо гэсэн гэж мэдүүлдэг бол мөн хавтаст хэргийн 73 дугаар талд гэрч Мөнх-Уянга Пүрэвхүү ах машины жолооч нар гал хаанаас гарсан талаар юм яриагүй гэж нэг цаг хугацаанд, нэг газар хамт байсан 3 гэрч нар илт зөрүүтэй мэдүүлсээр байхад мөрдөн байцаалтын шатанд дээрх зөрүүтэй мэдүүлгийн зөрүүг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй хууль зөрчснөөс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдэж гэм буруу нь хангалттай нотлогдох боломжгүй байхад Н.Билгүүтэйд ял халдааж эрхийг нь ноцтой зөрчсөн байна. Мөн хэргийн газарт анх үзлэг хийсэн Хэнтий аймгийн Онцгой байдлын хэлтсийн шинжээчийн дүгнэлт, мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтээр машины эд ангиас үүдэлтэй хээрийн түймэр гарсан болохыг хөдөлбөргүй тогтоосон дүгнэлт гараагүй. Анхны дүгнэлтээр машинаас гал гараагүй гэсэн дүгнэлт гарсан бол дараагийн дүгнэлтүүд эхний дүгнэлтийн нэгдүгээр хэсгийг үгүйсгэсэн дүгнэлт гаргаагүй үйл баримтыг шүүх тал бүрээс нь бодитой дүгнээгүй зөвхөн гэм буруутай байх талын дүгнэлтийг үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-г ноцтой зөрчсөн. Онцгой байдлын ерөнхий газрын шинжээчдийн дүгнэлтүүд нь шинжлэх ухааны арга зүйг огт ашиглаагүй болон шинжилгээний обьект, хэргийн газрын ул мөр, галын голомтод үндэслэл бүхий шалгалтуудыг огт хийгээгүй эсрэгээрээ шинжээч нар гэрч нарын мэдүүлгийг үнэлж таамаглал, дам мэдээлэлд субьектив дүгнэлтүүдийг гаргахдаа Н.Билгүүтэй нарын машинаас гал гарсан байх магадлалтай гэсэн эргэлзээтэй дүгнэлтийг гаргаж шүүх хэргийг нэг мөр шийдвэрлэхэд эргэлзээг үүсгэсэн.
Шүүгдэгчийн гэм буруугүйг нотлох техникийн шинжээчийн дүгнэлтийг шүүх мөн л яллах дүгнэлтэд бичигдсэн хэсгээр тогтоож үнэлсэн нь шүүх анхнаасаа энэ хэрэгт илт нэг талыг барьж шийдвэрлэх хүсэл зоригтой байжээ.
Техникийн шинжээчийн дүгнэлтэнд машины доод ангиас ямар нэгэн гал гарсан ул мөр илрээгүй, халуун зүйлийн улмаас тортогжсон болохыг нотолсон. Цахилгааны утаснуудад үүссэн зулгаралт нь халалтын улмаас биш хатуу хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болох талаар дүгнэлтэндээ дурьдсан байсан. Шүүх энэ дүгнэлтэнд ямар нэгэн бодитой дүгнэлт хийгээгүйгээс шүүгдэгчийн эрх зүйн байдал илт дордсон. Шүүгдэгч Билгүүтэй нь тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ хээрийн түймэр тавиагүй болохыг гэрчилсэн Сайнбаяр, Дархан-Оргил, Бямбатогтох, Баттогтох нарын мэдүүлэг, тайлбарт шүүх мөн л огт дүгнэлт өгөөгүй нь шүүх цагаатгах талын бүх нотлох баримтанд дүгнэлт өгөхөөс илт зайлсхийж байсан нь тогтоогдож байна.
Яллах дүгнэлтэнд авагдсан Хэнтий аймгийн цаг уурын төвийн мэдээллээс түймэр гарсан өдрийн цаг агаарын байдал нь салхины хурд аюултай хэмжээнд байсан гэсэн цаг агаарын нөхцөл байдлын талаар лавлагаа гаргасан бол хэргийн газарт ажилласан Хэнтий аймгийн Онцгой байдлын албаны шинжээч цаг агаарын нөхцөл байдлыг тогтуун, дулаан байсан мэтээр илт зөрүүтэй мэдээлсэн байхад хяналт тавьж ажилласан прокурор дээрх нөхцөл байдлуудад зохих ёсоор хяналт тавьж ажиллаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаагүй болохыг нотолж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Дээрх үндэслэлүүдээс шүүгдэгч Н.Билгүүтэйд ял халдаахад хангалттай нотлох баримт бүрдээгүй, хавтаст хэргийн хүрээнд энэ хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байх тул анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-ийг зайлшгүй хэрэглэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн боломжтой байсан бөгөөд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэт нэг талыг буюу яллах байр сууринаас хандаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-ийг ноцтой зөрчсөн, мөн ЭБШХ-ийг зөрчиж авсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хуулийг санаатай зөрчсөн, илэрхий зөрүүтэй мэдүүлэг, тайлбаруудын зөрүүг арилгахгүйгээр зөрүүтэй нотлох баримтаар ял халдааснаар Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудыг зөрчсөн тул 2016 оны 05 дугаар 05-ны өдрийн 08 дугаар шийтгэх топгоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Н.Билгүүтэй нь 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг, “Ногоон нуур” гэх газар “Тоёото Приус” маркийн 91-99 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг өндөр өвстэй, замгүй газраар жолоодож явахдаа хуурай өвс буюу түргэн шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гаргаж 1732 га газар шатаж байгаль, экологид 19 833 132 төгрөгийн хохирол, хохирогч Г.Мөнхжаргал, Б.Төмөрбаатар нарын биед хөнгөн, Д.Хэнчбиш, Д.Болортулга нарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй гэрч Э.Мягмардоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан сумаас зүүн урагш 10 гаруй километрт явж байхад зүүн урд талд утаа харагдсан. Ганбаатар ах түймэр гарч байх шиг байна гэж хэлсэн. Пүрэвхүү ах хужирын уур байх гээд очиж үзье гээд очиход тэнд гал түймэр гарч байсан. “Приус 20” маркийн саарал өнгийн машин байхаар нь очиход 2 эрэгтэй хүн зогсож байсан. Жолооч нь машиныхаа баруун урд талын доогуур нь хараад “миний машины доороос утаа гараад байна” гэж байсан. Багийн засаг дарга Пүрэвхүү уг машины жолоочид чиний машинаас гал гарсан юм биш үү гэж асуусан чинь сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Түймэр гарч байсан газрын хойд талд зогсож байсан “Приус-20” маркийн автомашины баруун талын урд талын доод хэсгээс утаа гарч, түлэнхий үнэртэж байсан” гэх, /1 дүгээр хх-ийн 77х/
Гэрч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед Мөнх-Уянга, багийн засаг дарга Пүрэвхүү, Мягмардорж нарын хамт Дархан сумаас зүүн урагш 10 гаруй километрт явж байхад бид нарын явж байсан газрын зүүн урд талд түймрийн утаа харагдсан. Бид түймэр гарч байсан газар очиход тэнд түймэр гараад 2-3 хүн түймрийг унтраахаар балбаад явж байсан. Түймэр гарч байсан газрын хойд талд, түймрийн захаас саарал өнгийн “приус-20” маркийн машин зогсож байсан. Машины жолооч машиныхаа баруун урд талын доогуур харчихсан “эндээс утаа гараад байна, асаж магадгүй” гээд зогсож байсан. Бид нар түймэр яагаад гарваа гэж асуусан чинь уг машины жолооч “машинаас гарчих шиг боллоо” гэж байсан. Уг машины доод хэсгээс үл ялиг утаа гарч, түлэнхий үнэртэй байсан” гэх, /1 дүгээр хх-ийн 76-78, 2 дугаар хх-ийн 148 тал/
Гэрч А.Мөнх-Уянга мөрдөн байцаалтад өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед Дархан сумаас Ганбаатар, Мягмардорж, Пүрэвхүү нарын хамт, сумаас зүүн урагш 10 гаруй километрт явж байхад бид нарын явж байсан газрын урд талд утаа харагдахаар нь түймэр байж магадгүй гээд очсон. Очиход гал гарч байсан газарт 2-3 хүн галыг унтраах гээд балбаад зогсож байсан. Мөн утаа гарч байсан газрын хойд талд 50 метр орчим зайд “приус-20” маркийн саарал өнгийн машин байхаар нь очсон чинь махлаг намхан нуруутай хүн машиныхаа баруун талын дугуйн доогуур хараад миний машины баруун талын урд дугуйнаас утаа гараад байна. Хаанаас гараад байгаа юм бол гээд машин доогуураа хараад байж байсан. Түймэр гарч байсан газрын хажууд зогсож байсан “приус-20” маркийн машины баруун урд талын доод хэсгээс утаа гарч байсан. Тэр үед бол дөнгөж гал түймэр гарч байсан” гэх, 1 дүгээр хх-ийн 73-74 тал/
Гэрч Ж.Пүрэвхүү мөрдөн байцаалтад өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3 дугаар багийн нутаг “Майнт” гэдэг газрын зүүн доор машинтай явж байхад “Цагаан өндөрийн зүүн ухаа” гэдэг газарт утаа гарч байхаар нь очиход түймэр гарч байгаа газраас зүүн хойд зүгт гал эхэлж гарсан байж болзошгүй  газраас зүүн зүгт 40-50 метрийн зайд нэг мөнгөлөг саарал өнгийн “приус-20” маркийн машин зогсож байсан. Машины гадна талд Шаравдоржийн Баттогтох гэдэг залуу машиныхаа баруун талын урд дугуй руу тонгойсон байдалтай ус байна уу, гал дээгүүр давхисан чинь машины доороос гал гараад асаад байна. Усанд яваад өгөөч гэж гуйхаар нь усны жижиг савнуудаар Цагаан өндөрийн баруун хойд дор байдаг худгаас ус авч ирж өгөхөөр явахад Бямбатогтох тэнд ганцаараа үлдсэн. Эргэж очиход Бямбатогтох машинаа асаагаад хөдлөөд явсан, түймэр гарсан газрын зүүн дээгүүр цааш явж байгаа харагдсан. Машин зогсож байсан газар нь очиж явтал Бямбатогтохын төрсөн дүү Баттогтох нь бас нэг дүүгээ дагуулж биднийг амдаж ирж уулзахаар нь би “ах чинь яагаад машинаа асаагаад явж байгаа юм бэ, шатчихдаггүй юм уу” гэж хэлэхэд “асаад байгаа галыг нь унтраана гээд яваад өглөө” гэж дүү нь хэлсэн. Миний харснаар түймэр гарсан газрын эхэн дээр “приус-20” маркийн машин зогсож байсан” гэх, /1 дүгээр хх-ийн 64-65х/
Хохирогч Б.Төмөрбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...12 цаг өнгөрөөгөөд уулан дээр гараад утсаар ярих гэж байтал тэр үед салхитай, тэнгэр их муухай байсан. Тэгсэн саарал өнгийн урд талаасаа хойшоо чигтээ замгүй өвстэй газраар зээр туугаад гараад ирсэн. Сайн ажиглаж хартал саарал өнгийн “приус-20” маркийн машин явж байсан ба улсын дугаарыг нь харж чадаагүй. Саарал “приус-20” маркийн машин зээр хөөгөөд хойшоо чигтээ яваад өгсөн. Мөнхжаргалын гэрт ирээд удаагүй байж байтал  түймрийн хар утаа гарч байхаар нь Мөнхжаргалтай хамт мотоцикльтой уулан дээр гартал яг саарал өнгийн “приус-20” маркийн машин явж байсан газраар хээрийн түймэр гарч эхэлсэн. Тэгээд л түймэр унтраахаар очсон” гэх, /2 дугаар хх-ийн 100-101 тал/ мэдүүлгүүд,
Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 227 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Г.Мөнхжаргалын биед гадаргуугийн 4.5 хувийг хамарсан баруун шилбэний хэсгийн 2 дугаар зэргийн өнгөц түлэгдсэн шарх, нүүрний хацар хэсэг болон зүүн гарын 3, 4 дүгээр хурууны хэсгийн сорви, баруун хэсгийн омог хэсгийн зулгаралт бүхий... хөнгөн зэргийн гэмтэл...” гэх, /1 дүгээр хх-ийн 98 тал/
Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 219 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Төмөрбаатарын биед зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх, /2 дугаар хх-ийн 224 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 309Б тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Д.Хэнчбишийн биед биеийн гадаргуугийн 35 хувийг хамарсан... түлэгдэлт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх, /1 дүгээр хх-ийн 111-112 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 309Б тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Д.Болортулгын биед биеийн гадаргуугийн 5 хувийг хамарсан... түлэгдэлт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т заагдсанаар нүүр засрашгүй гэмтэж дүрс алдагдуулсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх, /1 дүгээр хх-ийн 114-115 тал/
Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт шинжилгээний төвийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9/174 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Н.Билгүүтэй нь санамсар болгоомжгүйгээр хээрийн түймэр тавьсан байх үндэслэлтэй...” гэх дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  
Хэрэгт байгаа нотлох баримтуудаас үзэхэд 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрөөр гал гарах үндэслэл, шалтгаан тогтоогдоогүй бөгөөд Н.Билгүүтэйн үйлдэл нь гэмт хэргийн хор, уршигтай шалтгаант холбоотой талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд мөрдөн байцаалтын явцад шүүхээс тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлуудыг тодруулсан байх тул ялтны өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэт нэг талыг барьсан талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                           А.ЭНХБААТАР
                                                                                                   Б.ДЭНСМАА