Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01489

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/02401 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Н т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 41,988,617.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: А.Н нь Х наас 2018 оны 09 сарын 11-ний өдөр 00000000000000-01 тоот зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан. 2018 оны 10 сарын 16-ны өдөр 0000000000000000 тоот зээлийн гэрээ байгуулж үлдэгдэл зээл дээр нэмж 2,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлсэн. Улмаар 2018 оны 11 сарын 06-ны өдөр 00000000000000 тоот зээлийн гэрээ байгуулж үлдэгдэл зээл дээр нэмж 1,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан. Зээлдэгч А.Н нь 2022 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 3,300,501.92 төгрөг, хүүгийн төлбөрт 3,383,116.77 төгрөг, нийт 6,683,618,69 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч зээлийн төлбөрөө төлөөгүй тохирололд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгч А.Н т мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлээ төлөөгүй байна. Мөн А.Н т 2018 оны 08 сарын 23-ны өдөр 000000000000 тоот кредит картын гэрээ байгуулж 1,400,000 төгрөгийн зээлжих эрхийн хэмжээтэй, 60 сарын хугацаатай, энгийн виза карт олгосон. Зээлдэгч нь 2019 оны 12 сарын 30-ны өдөр 1,376,127.07 төгрөгийг зээлсэн ба өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар дараахи зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 25,199,498.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр13,784,863.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 267,956 төгрөг, нийт 39,252,317.66 төгрөгийг нэхэмжилж байна. Кредит картны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,376,127.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,194,337.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 165,835 төгрөг, нийт 2,736,299.60 төгрөг нэхэмжилж байна. Иймд хариуцагч А.Н аас зээлийн гэрээний үүрэгт нийт 41,988,617.26 төгрөг гаргуулж өгнө үү.

2.   Хариу тайлбарын агуулга: А.Н миний бие Х тай 2018 оны 09 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөг, мөн 2018 оны 10 сарын 16-ны өдөр өмнөх зээл дээрээ нэмж 2,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 06-ны өдөр мөн өмнөх зээл дээр нэмж 1,500,000 төгрөг зээлсэн. Мөн тус банктай 2018 оны 08 сарын 23-ны өдөр кредит картын гэрээ байгуулан 1,400,000 төгрөгийн эрхтэй карт эзэмшсэн. Би Х наас авсан зээлээр найзтайгаа нийлэн Алтжин Бөмбөгөрт даавууны наймаа эрхэлсэн ч амжилт олоогүй. Миний хувьд 2019 оны 06 сард нурууны суулт, муруйлтын улмаас ажил хийх чадваргүй болсон. Энэ тухайгаа Х инд хандаж зээлийн хүүгээ зогсоох хүсэлтийг гаргахад хүлээж аваагүй. Мөн ковидтой холбоотой зээлийн хүү зогсоолгох хүсэлтийг эдийн засагчид хэлэхэд чиний зээлэнд хамаарахгүй гэж хэлсэн. Би Х ны эдийн засагчтай холбоотой байсан, Жуков салбарт ирж эдийн засагчтай уулзаж байсан. Нэрийг нь санахгүй байна. Зээл төлөхөд эрүүл мэндийн байдал болон ковидоос үүдээд хүндрэлтэй болж байгаа талаараа хэлж байсан. Иймд миний бие нь үндсэн зээлийн үлдэгдэл 25,199,498.08 төгрөг, кредит картын үлдэгдэл 1,376,127.07 төгрөгийг төлнө. Зээлийн хүүгийн төлбөр 13,784,863.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 267,956 төгрөг, кредит картын зээлийн хүүгийн төлбөр 1,194,337.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 165,835 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Н аас 34,065,224.07 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,923,393.19 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н аас 328,276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт ...зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт ...зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.... гэж тус тус заасан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор ч хуулийн дээрх зохицуулалтыг тодорхой тайлбарласан. Хуульд зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч А.Н нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

4.б. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба хариуцагч тал нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелээгүй байхад нэг талын амаар гаргасан тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, арга хэмжээ аваагүйгээс болж хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж дан ганц зээлдүүлэгчийг буруутгаж, зээлдэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээс нь чөлөөлж болохгүй. Зээлдэгч А.Н ч гэсэн гэрээний дагуу хугацаанд нь зээлээ төлөх үүрэгтэй, энэхүү үүргээ үнэнч шударгаар биелүүлэх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Миний бие Ковид-19 цар тахал эхлэхээс өмнө нурууны өвчний улмаас ажлаасаа түр хугацаагаар гарсан тул зээлээ төлөх боломжгүй байна гэж удаа дараа банкны эдийн засагчид санал тавьсан боловч 2-3 жил манай дотоод ажил гэж хойшлуулсаар байгаад хүү, нэмэгдүүлсэн хүү гэж 41,988,617.26 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч А.Н т холбогдуулан үндсэн зээл 26,575,625.15 төгрөг, зээлийн хүү 14,979,201.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 433,791, нийт 41,988,617.56 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Н нь дээрх шаардлагаас үндсэн зээл 26,575,625.15 төгрөгийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ...даавууны наймаа эрхэлсэн ч амжилт олоогүй, нурууны суулт, муруйлтын улмаас ажил эрхлэх чадваргүй болсон, ковид-19 цар тахалтай холбоотой зээлийн хүүг зогсоолгох хүсэлт гаргасан ч боломжгүй гэсэн хариу өгсөн... гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Талууд 2018 оны 09 сарын 11-ний өдөр 00000000000000-00 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь 25,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай олгох, А.Н нь зээлийг гэрээгээр тохирлсон хуваарийн дагуу хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус тохиролцсон байна.

Улмаар талууд 2018 оны 10 сарын 16-ны өдөр 0000000000000000 тоот Зээлийн гэрээ, 2018 оны 11 сарын 06-ны өдөр 00000000000000 тоот Зээлийн гэрээ тус тус байгуулж, 2,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг өмнөх нөхцөлөөр зээлдүүлэх, зээлдэхээр тохиролцсон байна.

Мөн талууд 2018 оны 08 сарын 23-ны өдөр 000000000000 тоот Кредит картын гэрээ байгуулж, Х ХХК нь 1,400,000 төгрөгийн зээлжих эрхтэй энгийн виза картыг бэлэн зарлагын хүү 30 хувь, бэлэн бус зарлагын хүү 24 хувь байх нөхцөлтэй 60 сарын хугацаатай А.Н т олгожээ.

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Зээлдүүлэгч Х ХХК-аас зээлийн мөнгөн хөрөнгө болох 25,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг тус тус зээлдэгч А.Н ын өмчлөлд шилжүүлэн өгсөн, мөн А.Н нь кредит картаар 1,376,127.07 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Мөнгөн шилжүүлгийн баримт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар нотлогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй.

Хариуцагч А.Н нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээгээр тохирсон хуваарийг удаа дараа зөрчсөн, нэхэмжлэгч Х ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч Х ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

5.   Анхан шатны шүүх нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч ...гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дууссан үеэс эхлэн тооцох ёстой... гэж дүгнэн 433,791 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг, мөн ...банк шаардах эрхээ хэрэгжүүлээгүй... гэж дүгнэн 7,489,600 төгрөгийн зээлийн хүүг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж, 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулсан байхаас гадна зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөнөөр зээлдүүлэгч нь нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй бөгөөд зээлдүүлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн, хариуцагчийн гаргасан ...даавууны наймаа эрхэлсэн ч амжилт олоогүй, нурууны суулт, муруйлтын улмаас ажил эрхлэх чадваргүй болсон, ковид-19 цар тахалтай холбоотой зээлийн хүүг зогсоолгох хүсэлт гаргасан ч боломжгүй гэсэн хариу өгсөн... гэх тайлбар нь түүнийг хууль болон гэрээнд заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

6.   Нэхэмжлэгч талаас гаргасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол үндэслэлтэй байх ба хариуцагч уг тооцооллын талаар маргаагүй болно.

 

7.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удиртгал болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/02401 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Н аас 41,988,617.26 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,894 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Н аас улсын тэмдэгтийн хураамжид 367,894 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 141,724 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.НЯМБАЗАР