| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00082/Э |
| Дугаар | 96 |
| Огноо | 2018-09-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.О
Улсын яллагч Д.Б
Хохирогч Ч.Э
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1822001910089 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 09 сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 61-801 тоотод оршин суудаг, урд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-н Ба /РД:ХМ70092412/ гэв.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 2-р багийн нутагт хатуу хучилттай асфальтан зам дээр Ниссан вингрөүд маркийн 17-23 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Б.Ба, Ч.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“...2018 оны 6 сарын 6-ны өдөр 12 цагт Өмнөговь аймаг руу барилгын ажил хийх гэж өөрөөсөө гадна 4 хүнтэй хамт явсан. Би машин жолоодож явсан. Миний хажууд хүү Б.Ба сууж явсан. Миний ард Ч.Э, хажууд нь Шинэбаяр, хажууд нь С.Б сууж явсан. Замдаа төөрөөд Хулд сумын колонкын хүнээс зам асуучихаад буцаад зам руугаа ороод явсан. Хулд сумаас цааш 10 гаруй км явсан. Би жаахан зүүрмэглэсэн байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Машин хөрвөөгөөд босоод ирсэн. Б-ын толгой нь хагарсан, хүнд, муу байсан. Э гар жоохон гэмтчихсэн юм шиг байна, би зүгээр Б-ыг аргал гэж хэлсэн. Замын машин зогсоогоод хэлүүлсэн. Хулд сумаас цагдаа, эмч нар хэргийн газарт хурдан ирсэн. Хулд сумын эмнэлэг дээр очиход Б ухаан орохгүй айлгасан. Дундговь аймгийн төв эмнэлэг рүү ирж тариа хийлгээд Б гайгүй болсон. Эмч Б-ыг Улаанбаатар хот руу авч яв гэсэн учраас Улаанбаатар хот руу гэмтэлтэй гурван хүнээ машин хөлслөөд авч явж, Б-г гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Б , Ба хоёр хүнд гэмтэлтэй, Э эгэм хугарсан, далны цууралттай байсан. Ба миний төрсөн хүү. Б-тай олон жил хамт ажилласан. Э-тай хамт ажилладаг. Миний буруугаас болж осол гарсан. Машинаа худалдаж авсан, өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байсан. Б болон Ба нарын эмчилгээний бүх зардлыг төлсөн. Э-г хотод авxч очиж, эмнэлэгт үзүүлж эмчилгээний зардлыг нь төлсөн. Цаашид Э-г дагуулж явж эмнэлэгт үзүүлж, хэрэгтэй бүх эмчилгээг нь хийлгэж өгнө ...” гэв.
-Хохирогч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Бид 2018 оны 6 сарын 6-ны шөнө 24 цагт Улаанбаатар хотоос гараад замдаа унтаад явсан. Дундговь аймаг дээр ирээд бие засах гэж зогссон. Тэрнээс хойш нэг сэрэхэд машин өнхрөөд эргэсэн байсан. Тэгээд машинаас гарсан. Нэг тал өндийж болохгүй байхаар нь сандраад мөр мултарчихсан байна гэж бодсон. Сумын эмнэлэг дээр тусламж үзүүлж, орой Дундговь аймагт эмнэлгийн тусламж авсан. Улаанбаатар хот руу яаралтай явж эмчлүүл гэсэн учраас бид нар Улаанбаатар хот руу шөнө очсон. Дундговь аймагт, Улаанбаатар хотод үзүүлэхэд гарсан бүх зардлыг Б н төлсөн. Одоо би ажил хийх чадваргүй, нэг талаараа унтаж чадахгүй байгаа. Үүнийгээ цаашид эмчлүүлэх хүсэлтэй байна. Эмчилгээ хэдэн төгрөг болохыг мэдэхгүй. Одоогоор эмнэлэгт үзүүлээгүй бөгөөд цуглуулсан баримт байхгүй байна Эмчилгээнд хэдэн төгрөг шаардлагатайг мэдэхгүй. Намайг дагуулж яваад эмчлүүлээд өгчихвөл гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэв.
- Хохирогч Б.Ба-гийн “...2018 оны 06 сарын 06-ны өдөр аавын эзэмшлийн “Ниссан Вингрөүд” маркийн 17-23 УНУ улсын дугаартай машинтай гарсан. Дундговь аймгийн төв орж Петровис колонк дээр зогсож бие зассан. Тэгээд эргэж машиндаа суугаад унтсан. Нэг сэртэл машин дайвалзаж, нүдээ нээхэд машин онхолдоод 4 дугуйн дээрээ босч байсан. Осол болох үед манай аав архи дарс уугаагүй эрүүл байсан. Би хажууд нь суугаад явж байсан. Тухайн үед ааваас бусад нь унтаж байсан ба машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй хэвийн ажиллагаатай явж байсан. Ослын улмаас миний зүүн хөлийн дунд чөмөг хугарсан, өөр гэмтэл байхгүй, ослоос өмнө зүгээр байсан. Би аавыг зүүрмэглээд л осол гаргачихлаа гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 /
-Хохирогч С.Б-ын: “...Машиныг Б жолоодож явсан...Би Төв аймаг өнгөрөөгөөд унтсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Ухаан ороход гэмтлийн эмнэлэгт байсан. Ослын улмаас миний зүүн мөрний эгэм хугарсан, толгойдоо 2 оёдол тавиулсан. Өөр гэмтэл байхгүй. Осол болох үед Б машин жолоодож явсан гэсэн, яаж яваад хэрхэн осолдсон болохыг мэдэхгүй. Одоо миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй гайгүй эдгэж байгаа...Б миний биеийг үзүүлж, эм тарианы мөнгө өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй, осол болох үед жолоочийн хажуу талын арын суудал дээр сууж явсан. Тухайн үед Б архи дарс уугаагүй эрүүл саруул байсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 30/
- Гэрч И.Ш-ын “..2018.06.06-ны өглөө үүрээр 02 цагийн үед Б, Э, Ба Б нарын хамтаар 17-23 УНУ улсын дугаартай вингрөүд маркийн авто машинтай Өмнөговь аймгийн төв орж барилгын ажил хийхээр бид гарч явсан юм. Би хотоос гарах үеээс эхлээд унтаж явсан. 06 цаг өнгөрч байх үед Луус сумын төвийн хажууд ирээд машин зогссохоор нь би сэрээд машинаас буугаад шатахуун түгээхийн түгээгчээс зам асуучихаад эргээд машиндаа суусан. Тэгээд урд зүг рүү засмалаар явсан, би эргээд унтсан. Гэнэт тар түр гээд л явчихаар нь сэрээд хартал машин замын зүүн хажуу руу онхолдсон байсан. Би тухайн үед машины арын суудал дээр хоёр хүний голд сууж явсан. Миний баруун гар талд Э, зүүн гар талд Б сууж явсан. Б машин жолоодож явсан. Жолоочийн хажуу талын суудалд Б-гийн хүү Ба сууж явсан. Машин онхолдоод эргээд дөрвөн дугуйн дээрээ зогссон байсан. Би машины хаалгыг онгойлгоод гарсан чинь, Э надаас түрүүлээд машинаас гарчихсан байсан. Харин Б сууж байсан сандал дээрээ оёолоод дух, баруун чихнээс нь цус гарчихсан сууж байхаар нь машинаас гаргаад газарт гудас дэвсээд хөнжлөөр хучаад хэвтүүлсэн чинь даараад байна гэхээр нь эргүүлээд машины арын суудал руу суулгасан. Ба-г урд суудалнаас гаргах гэтэл хөл нь өвдөөд байна гээд машинаас бууж болохгүй байсан юм. Энхбаярын гар нь өвдөөд байна гээд доошоо суугаад байсан юм. Тухайн үед 07 цагийн үе л болж байсан. Машин ямар учраас онхолдосныг мэдэхгүй, би унтаж явсан юм, Б жолоо барьж яваад үүргэлсэн гэж байсан. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-32-33/
- Яллагдагч Д.Б-гийн:“...Би 2018.06.06-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн Ниссан Вингрөүд маркийн 17-23 УНУ улсын дугаартай автомашинтай Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг орж барилгын ажил хийхээр хөдөлсөн юм. Машинд урд талын жолооч хажуу суудал дээр миний хүү Ба, арын судал дээр Ба-гийн ард Б, миний ард Э, тэдний голд Ш нар сууж явсан, би жолоо барьж явсан юм. Бид явсаар 07 цаг 30 минутын үед Дундговь аймгийн Хулд сумын төв өнгөрөөд явж байтал миний нойр хүрээд байсан. Тэгэд нойроо дийлж чадалгүй хэсэг хугацаанд зүүрмэглэсэн. Зүүрмэглээд сэрэхэд замын баруун галын хөвөөн дээгүүр замаас гарчихсан явж байсан. Б зам руугаа оруулах санаатай зүүн гар тал руу дарсан. Машин зам руу орсон ч зогсоож чадаагүй, эсрэг урсгал руу орж, засмал замын зүүн талын хөвөөн дээрээс онхолдож, машин нэг бүтэн хөрвөөгөөд ертөнцийн зүгээр засмал замын зүүн талд зогссон. Осол болох үед би жолоо барьж явсан. Би замд гарахынхаа өмнөх өдөр нь өдөржин унтаж байгаад орой 20 цагийн үед дахиж унтаад 00 цаг өнгөрч байхад босоод замдаа гарсан. Өглөө нар гарах үед хэсэгхэн хугацаанд зүүрмэглээд осолдсон. Ослын дараа бүгд машиндаа байсан, Багийн дунд чөмөгний яс хугарсан, Б , Э нарын эгэм нь хугарсан, Б-ын толгой хагарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Би архи уугаагүй эрүүл байсан. Ослын улмаас надад гэмтэл учраагүй. Тэр үед 80 км/ц-ийн хурдтай явж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Надад хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл огт байхгүй. Машин техник хэвийн ажиллгаатай байсан. Замд ямар нэгэн саад байгаагүй, гадаа нартай үзэгдэх орчин хэвийн байсан. Уг авто машиныг 2017 оны 05 сард 2.700.000 төгрөгөөр хүнээс худалдаж авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн бүх бичиг баримт нь надад байгаа. Би тэр хүнд ямар нэгэн өглөггүй, машинаа өөрийнхөө нэр дээр л шилжүүлж амжаагүй байгаа. Би “Ган-Өд” курст сурч, 2016 оны 05 сард жолооч болсон, В ангилалын жолооны үнэмлэхтэй...” гэх мэдүүлэг /хх-84-85/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7804 дугаартай: “С.Ба-ын биед дух ясны баруун хэсэгт ясны гадна кортикал ялтсанд ясны хэлтэрхий үүсгэсэн бага зэргийн цөмрөл бүхий урт шугаман хугарал...зүүн дал мөрний зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 65/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7802 дугаартай: “Ч.Э-ын биед баруун талын эгэм, дал ясны хугарал, баруун талын хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 70/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7806 дугаартай: “Б.Ба-гийн биед зүүн дунд чөмөг ясны хүзүү хэсгийн хугарал, зүүн сарвууны 3 дугаар хурууны хумсны хугарал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 70/
-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 180200204 дугаартай “...И.Ш-н биед духанд нь зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-59/
-Замын цагдаагийн тасгийн шинжээчийн №37 дугаартай “...Вингроуд маркын 17-23 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Д.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь хэсэгг заасан жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай байна. Уг осол нь жолоочийн буруутай үйлдлээс болж гарсан байна гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 42 /
-Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 2-р багийн нутагт хатуу хучилттай асфальтан зам дээр Ниссан вингрөүд маркийн 17-23 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа зүүрмэглэсний улмаас осол гаргасан, уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Ба-н эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Б.Ба, Ч.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь Ниссан вингрөүд маркийн 17-23 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа зүүрмэглэсэн үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь хэсэгт заасан “жолооч: хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна.
Иймд шүүгдэгч Д.Б-г Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас осол гаргаж иргэн С.Батжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Б.Ба, Ч.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Б-гийн нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, уг ослын улмаас гэмтэл авсан хохирогч нарт эмнэлгийн тусламж үзүүлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч нарт хохирол төлбөр төлсөн талаарх баримт хэргийн материалд авагдаагүй боловч шүүгдэгч нь хохирогч нарын эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан бүх зардлыг төлсөн гэх мэдүүлгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгч байна. Шүүгдэгчийн энэхүү мэдүүлэг нь шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ч.Э-ын мэдүүлэг болон хохирогч С. Б, Б.Ба нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбараар нотлогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан байх тул шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Б-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч С.Б, Б.Ба нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Хэрэгт шүүгдэгч Д.Б-гийн №1164606 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг хурааж ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Ч.Э нь цаашид эмчилгээ хийлгэхэд шаардлагатай зардлыг гаргуулна гэсэн тайлбар гаргаж байгаа боловч дээрх нэхэмжлэлийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүйн улмаас түүний нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хохирогч С.Б, Б.Ба нар нь хохирлын талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч эрүүл мэндэд нь хүнд болон хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хохирогч Ч.Э, С.Б, Б.Ба нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх болон бусад баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Б-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д-н Б-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн биечлэн эдлэх ялыг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөрөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг тус тус шүүгдэгч Д.Б-д анхааруулсугай.
7.Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Б.Ба, С.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Э-ын цаашид эмчилгээ хийлгэхэд шаардлагатай зардлыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ба, С.Б, Ч.Э нар нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Б-гээс нэхэмжлэх эрхтэйг заасугай.
10.Хэрэгт хуурагдан ирсэн Д.Б-гийн №1164606 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.М