Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01490

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/02135 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ц, Д.Ч нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 29,610,000 төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 11,659,900 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э , хариуцагч М.Ц , Д.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч М.Ц , Д.Ч нар 2020 оны 01 сарын 31-ний өдөр Б.Э тай 00 тоот зээлийн гэрээ байгуулан 21,500,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийг төлөхдөө сар бүрийн хүүг өгч, үндсэн зээлээс 500,000 төгрөгөөс дээш мөнгө төлнө гэж тохиролцсон. Энэ зээлийг авахдаа зээлдэгч нар байнга гуйж байсан тул байраа Б ББСБ-д барьцаанд тавьж зээл авч өгсөн. Тухайн үедээ зээлээ асуудалгүй төлнө гэж амлаж байсан. Энэ хоёр жилийн хугацаанд удаа дараа зээлээ төлөхийг шаардаж байсан. Мөн 2020 оны 08 сард уулзаж, цар тахал гарч хүнд байгаа тул зээлийн хүүгээ 2020 оны 09 сарын 02-ны өдрөөс 3 хувь болгон бууруулсан. Энэ хугацаанд би зээлээ төлөх гэж өөрийн, найзынхаа, ээжийнхээ ээмэг, бөгжийг ломбарданд 3 хувийн хүүтэй өгч одоо хүртэл авч чадахгүй байна. Хариуцагч нар хүүнд нийт 9,950,000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээл болох 21,500,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 8,110,000 төгрөг, нийт 29,610,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: М.Ц миний бие Б.Э тай 1999 онд Б кафе-д ажилтнаар ороод анх танилцсан. 2002 оноос эхлэн Б.Э аас ахуйн хэрэглээний зээл бага хэмжээгээр зээлээд хугацаанд нь төлөлт хийж өнөөдрийг хүртэл харилцан итгэлцэлтэй хамтрагч болсон. 2011 оноос Жуков худалдааны төвд, 2017 оноос Лавай худалдааны төвд хүнс, барааны лангуу түрээслэн ажилласан хугацаанд эргэлтийн мөнгө шаардлагатай болж Б.Э д санал тавьсны дагуу нийт 17,000,000 төгрөгийн зээлийг баримт үйлдээгүй зээлсэн. Үүнд: 2017 оны 08 сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 08 сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 09 сарын 08-ны өдөр 2,300,000 төгрөг, 10 сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 01 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 01 сард 700,000 төгрөг, 2018 оны 02 сард 1,000,000 төгрөг, 04 сард 1,000,000 төгрөг тус тус зээлж авсан. Б.Э аас зээл авснаас хойш 2017 оны 11 сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 сарын 17-ны өдөр хүртэл Б.Э ын Төрийн банкны 000000000000 дансанд 15,794,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 0000000000 данснаас, 2019 оны 02 сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 сарын 17-ны өдөр хүртэл Б.Э ын Хаан банкны 0000000000 дансанд өөрийн Хаан банкны 0000000000 данс болон Худалдаа хөгжлийн банкны 000000000 данснаас 12,115,900 төгрөг, нийт 27,909,900 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна. Гэвч анх зээл авахдаа талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр хийх тухай 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй зээл өгсөн нөхцөл байдал нь зээлдэгч нараас Б.Э нь зээлийн хүү шаардах эрхгүй болж байна. Иймд үндсэн зээл 17,000,000 төгрөгийг төлж дуусгасан гэж үзэхээр байгаа тул илүү төлсөн 10,909,900 төгрөгийг буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Ингээд харилцааны явцад Б.Э нь нэмж 5,000,000 төгрөгийн зээлийг өгөх үед бидний хууль эрхийн мэдлэггүй, хайхрамжгүй байдлыг далимдуулж зээлийн гэрээг хийхдээ 21,500,000 төгрөгийг 2020 оны 01 сарын 31-ний өдөр зээлдүүлсэн байдалтай гэрээ хийсэн нь гэрээгээр халхавчлан, бидний ашиг сонирхолтой байдлыг далимдуулан хууран мэхэлсэн гэрээ хийснийг өнөөдөр Б.Э ын шүүхэд хандсан байдлаас харагдаж байна. Үнэн хэрэгтээ 2020 оны 02 сарын 02-ны өдрөөс 08 сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд 5,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхэд 6 сарын хүүнд 1,500,000 төгрөг, 2020 оны 09 сараас 2022 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл нэг сарын 3 хувийн хүү төлөхөөр амаар тохирсон тул 18 сарын хугацаанд 2,700,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөг зээлийн хүүнд, үндсэн зээлд 5,000,000 төгрөг, нийт 9,200,000 төгрөг төлөх үүргийг хүлээж амаар тохирсон байдаг. Ингээд талуудын тохирсны дагуу Б.Э ын Хаан банкны 0000000000 дансанд 2020 оны 02 сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн Худалдаа хөгжлийн банкны 000000000 данснаас 1,260,000 төгрөг, Голомт банкны 0000000000 данснаас 1,150,000 төгрөг, Төрийн банкны 000000000000 данснаас 760,000 төгрөг, Хаан банкны 000000000 данснаас 6,200,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг, нийт 9,950,000 төгрөгийг төлсөн байна. Эргэн төлөлтийг Б.Э нь үндсэн нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байдаг тул илүү төлсөн 750,000 төгрөгийг зээлдэгч нар буцаан шаардах эрх үүсч байна. Иймд Б.Э аас илүү төлсөн 11,659,900 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

3.   Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарын агуулга: Д.Ч , М.Ц нар 2002 оноос эхлэн их, бага хэмжээгээр зээл авч, хугацаанд нь төлж байсан. 2017, 2018 онд зээл авахдаа талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр хийх тухай Иргэний хуулийн заалтыг хангаагүй зээл өгсөн тул зээлийн хүү нэхэх эрхгүй гэж байна. Энэ онуудад авсан зээлийн гэрээ одоо ч надад байгаа бөгөөд би илүү нэг ч төгрөг аваагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд ч би 2020 оны 01 сарын 31-ний өдөр хийсэн гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй тул шүүхэд өгсөн юм. Мөн 2020 оны 02 сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийн амаар тохиролцсон зээл байхгүй тул асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.Ц гээс 29,610,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э д олгож, хариуцагч Д.Ч ад холбогдох болон нэхэмжлэгч Б.Э аас 11,656,900 төгрөг гаргуулах тухай хариуцагч И.Цэцгээгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 306,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 202,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ц гээс улсын тэмдэгтийн хураамжид 306,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

5.   Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Нэхэмжлэгч Б.Э нь 2020 оны 01 сарын 31-ний өдөр надад 21,500,000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн гэж хэлсэн нь анхан шатны шүүхийг хуурсан үйлдэл гэж үзэж байна. Учир нь тухайн өдөр буюу 2020 оны 01 сарын 31-ний өдөр М.Ц миний бие Б.Э , Д.Ч хоёртой хамт 5-р сургуулийн зүүн талд орших Б ББСБ ХХК-д очсон бөгөөд Б.Э нь байраа барьцаалж нийт 6,500,000 төгрөг бэлнээр авсан. Ингээд Яармагт байрлах Х дэлгүүрийн 2 давхарт кофе шопт очоод надад 5,000,000 төгрөгийг зээлнэ, ингэхдээ өмнөх 17,500,000 төгрөг дээр 5,000,000 төгрөгөө нэмж гэрээ байгуулна гэж хэлсэн. Бид хоёр нийтэд нь төлөхгүй гэхэд 5,000,000 төгрөгөө зээлэхгүй гэсний улмаас бид тухайн гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээний ар талын бичгийг Б.Э эгч өөрөө хэлж бичүүлсэн. Тухайн үед манай нөхөр цуг байсан. Хуульч мэргэжилтэй ч 2010 онд төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй, иргэний эрх зүйн мэдлэг дутмаг байснаас тухайн гэрээг байгуулсан Энэ нь иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан төөрөгдөж хийсэн гэрээ гэж үзэж байна. Тухайн өдөр Б.Э эгчээс 10,000 төгрөгийн дэвсгэрт 300 ширхэг, 5,000 төгрөгийн дэвсгэрт 400 ширхэг, нийт 5,000,000 төгрөгийг бэлнээр тоолж авсан. Зээлж авсан 6,500,000 төгрөгөөс үлдэгдэл 1,500,000 төгрөгийг Б.Э эгч өөр хүнд өгнө гээд аваад явсан.

5.б. Тухайн өдөр буюу 2020 оны 01 сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 000000000 дансанд 3,900,000 төгрөг орсон болох нь баримтаар нотлогдож байгаа. Үлдсэн 1,000,000 төгрөгийг Л худалдааны төвийн лангууны түрээсэнд өгсөн. Гэтэл Б.Э 2020 оны 01 сарын 31-ний өдөр 21,500,000 төгрөг бэлнээр надад өгсөн гэж хэлж байгаа нь залилангийн шинжтэй үйлдэл гэж харагдаж байна. Үүнийг манай нөхөр нотолно. Б.Э тухайн өдөр Б ББСБ ХХК-аас зээлж авсан 6,500,000 төгрөгийн гэрээ өөрт нь байсаар байтал анхан шатны шүүх үүнийг харгалзаж үзэхгүй зөвхөн мөнгө хүүлэгчийн талд шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Анхан шатны шүүх 21,500,000 төгрөгийг 2020 оны 01 сарын 31-ний өдөр биднийг бэлнээр авсан гэж үзэж шийдвэр гаргасан бол бид 2020 оны 01 сарын 30-ны өдрөөс өмнө Б.Э ын Төрийн банкны 000000000000 дансанд шилжүүлсэн 15,794,000 төгрөг, мөн Б.Э ын Хаан банкны 0000000000 дансанд шилжүүлсэн 12,115,900 төгрөгийг буцаан олгож өгнө үү. 2020 оны 01 сарын 30-ны өдөр Б.Э д 21,500,000 төгрөг Хаанаас, ямар банкаар өгснийг нотлох ёстой гэж үзэж байна. Бид нийт 37,859,900 төгрөг төлсөн байхад дахиж 29,610,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч нар эрүүл саруул, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхдаа гарын үсэг зурж мөнгө авсан. М.Ц нь Б.Э намайг залилж байхыг манай нөхөр буюу Д.Ч батална гэж хэлсэн байна. Д.Ч дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Батлав гэж гарын үсэг зурж байхад, эхнэрийг нь залилж байхыг хараад зогсож байсан юм уу. Би хариуцагч нарыг олон жил дэмжиж ирсэн. Энэ мөнгийг авсан нь үнэн, хариуцагч нар сар бүр хүү болон үндсэн зээлийг төлнө гэж гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү мөнгийг аваад өр төлбөртөө битгий өгөөрэй, бараануудаа аваад ажлаа хийгээрэй гэж хэлсэн. Өөрсдөө хийж байсан бизнесээ нураасан. Би мөнгийг бэлнээр тоолж өгсөн нь үнэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч М.Ц , Д.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,500,000 төгрөг, зээлийн хүү 8,110,000 төгрөг, нийт 29,610,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 11,659,900 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг шаардлага гарган маргажээ.

 

3.   Хэргийн 6-р талд Б.Э , М.Ц нарын байгуулсан гэх 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 01 тоот Зээлийн гэрээ авагдсан, уг гэрээнд Б.Э нь 21,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай нэг сард 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, М.Ц авсан зээл болон гэрээгээр тохирсон хүүг төлөх нөхцөлийг тусгасан байна.

Нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 21,500,000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн гэж тайлбарладаг бол хариуцагч нар зээлийн гэрээний дагуу 21,500,000 төгрөгийг аваагүй, 5,000,000 төгрөгийг авсан, хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулан хууран мэхэлж гарын үсэг зуруулсан гэж тайлбарлан маргадаг.

 

4.   Маргаан бүхий Зээлийн гэрээ-ний ар талд 21,500,000 /хорин нэгэн сая таван зуун мянган төгрөг/ авлаа гэж гараар бичиж, М.Ц, Д.Ч гэж гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн ...гэрээний зүйл болох 21,500,000 төгрөгийг М.Ц д бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь зээлдэгчийн мөнгөн хүлээн авсан тухай түүний бичвэрээр тогтоогдсон... гэх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул ...хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулан хууран мэхэлж гарын үсэг зуруулсан... гэх хариуцагч нарын тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

5.   Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон атлаа нэхэмжлэгчийн гаргасан ...Би хариуцагч нартай 20 жил үерхэж байна. 2002 оноос эхлээд тэд надаас их, бага хэмжээгээр мөнгө зээлдэн авч, хугацаанд нь төлдөг байсан... гэх тайлбар, хариуцагч нарын гаргасан ...2002 оноос эхлэн Б.Э аас ахуйн хэрэглээний зээл бага хэмжээгээр зээлээд хугацаанд нь төлөлт хийж өнөөдрийг хүрсэн... гэх тайлбарыг анхааралгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн /2001 оны/ 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, банкнаас бусад аливаа этгээд зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх учиртай бөгөөд Б.Э нь 2002 оноос хойш тусгай зөвшөөрөлгүйгээр М.Ц тэй зээлийн гэрээний харилцаанд удаа дараа, тогтмол орж, хүүтэй мөнгө зээлдүүлж байсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

6.   Иймд Б.Э , М.Ц нарын хооронд байгуулагдсан гэх 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 01 тоот Зээлийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан ...хууль зөрчсөн... хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт ...уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу шийдвэрлэх учиртай.

Иймд дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу М.Ц нь 21,500,000 төгрөг авч, буцаан 9,950,000 төгрөг төлсөн учир 21,500,000 9,950,000 = 11,550,000 төгрөгийг хариуцагч М.Ц гээс гаргуулан нэхэмжлэгч Б.Э д олгох нь зүйтэй. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хүү шаардах эрхийг нэхэмжлэгчид олгохгүй юм.

2020 оны 01 сарын 31-ний өдрийн 01 тоот Зээлийн гэрээ-г Б.Э , М.Ц нар байгуулсан байх тул Д.Ч ад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

7.   Хариуцагч М.Ц гийн нэхэмжлэгч Б.Э д холбогдуулан гаргасан 11,659,900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд зээлдэгч хүүг хүлээн зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Учир нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж зохицуулсан байдаг.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удиртгал болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/02135 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Ц гээс 11,550,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э д олгож, хариуцагч Д.Ч ад холбогдох шаардлага болон нэхэмжлэгч Б.Э д холбогдох 11,659,900 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.Ц гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...306,000 төгрөг... гэснийг ...199,750 төгрөг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Ц гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 306,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР