Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Нод холбогдох эрүүгийн 1814002220126 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Өөлд овогт А.Н,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч А.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 5-6 тоот хашаанаас М.Бийн эзэмшлийн UB 175 маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлж бусдад 1420000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Тээврийн товчооны 1-15 тоот хашааны гаднаас иргэн Б.Оын эзэмшлийн Хенсим 200 маркийн мотоцикль, мотоцикльд ачсан 600 грамм ноолуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1050000 төгрөгийн буюу нийт 2470000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч А.Нын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 16-17 цагийн үед 10 мянгатад явж байгаад Бямбаа гэх зүс таних залуутай таарч бид хоёр дэлгүүр орж архи аваад гүүрний доод талын бургасанд нөгөө архиа хоёулаа хувааж уучихаад Бямбаа яваад өгсөн. Тэгээд буцаад явж байхадТээврийн товчооны ар талын нэг хашааны үүдэнд улбар шар өнгийн мотоцикль ачаан дээр нь цэнхэр өнгийн тортой зүйл байхаар нь үзэхэд ноолуур байсан, тэгээд мотоциклийг нь асаагаад доод зах орж түүхийн эдийн ченж залууд ноолуурыг 20000 төгрөгөөр өгсөн, тэндээсээ мотоциклийн сэлбэг зардаг газар орж 500 төгрөгөөр гинжний түгжээ аваад хөдлөх гэсэн чинь мотоциклийн гинж тасарчихаар нь түгжээг нь сольж хийгээд дэлгүүрээс тамхи аваад 10 мянгат ороод явж байгаад Бямбаа, Анхаа гэх таньдаг хүмүүстэй таарч дэлгүүрээс 1 шил архи авч уугаад ахмадын ордон орж эхнэртэйгээ уулзаад, 3 дугаар багт явж байгаад цагдаагийн алба хаагч И.Ихзаяад баригдсан.“Олон” дэлгүүрийн харалдаа 6 дугаар гудамжид ганцаараа явж байтал 5 тоот хашааны гадна цэнхэр өнгийн мотоцикль байхаар нь кундакторыг нь салгаад маниулдсан чинь асчихаар нь шууд унаад Адъяабатынд очиход тэнд Б.Нямдаваа, Б.Адъяабат, А.Хүнбиш, Сандагдорж нар байсан. Дэлгүүрийн хүнд уг мотоциклийг би өөрийнхөө мотоцикль байгаа гэж хэлсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 104-106 /

Хохирогч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цагийн үед Баянхонгор аймгийн төв орохоор гэрээс гарсан. Тэгээд замдаа мотоциклийн гинж эвдрээд явж болохгүй өдрийн 15 цагийн үед аймгийн төв орж ирээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Тээврийн товчооны 1 дүгээр гудамжны 15 тоот хашаанд байх Одгэрэл гэх таньдаг айлдаа ирээд хашааны үүдэнд үлдээгээд ороод цай уугаад ойролцоогоор 10 минутын болоод гараад ирсэн чинь миний мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд мөрийг нь дагаад мэдэхгүй болчихоор нь хулгайд алдагдчихлаа гэж мэдсэн. Өлзийбаатар гээд таксинд явдаг хүн таны мотоцикль айлын хашааны үүдэнд байна гэж надад хэлээд би цагдаагийн алба хаагчид хэлж хамт очиж олж авсан. Мөн мотоцикльтой хамт мотоцикль дээр ганзагалсан байсан 600 грамм ямааны ноолуур алдагдсан. Би алдагдсан мотоциклио 1000000 төгрөгөөр, 600 грамм ямааны ноолуураа 50000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Одоо мотоцикль ганзагалгаатай байсан 600 грамм ямааны ноолуурынхаа мөнгө болох 50000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 /,

Хохирогч М.Бүхбатын мөрдөн байцаалтад өгсөн

...Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багт байдаг хөдөө гэрээсээ аймгийн төвд өөрийнхөө мотоциклиор ирж 5 дугаар багт ээжийндээ ирж хоноод өглөө гадуур ажил хөөцөлдөж байгаад 16 цагийн цагаанчулуут 5 дугаар багийн5-6 тоот хашааны гадна мотоциклио данхраадаж тавиад ээжийн гэрт орж цай уугаад сууж байтал хашааны гадаа мотоцикль асах чимээ гарахаар нь ээж хашааны гадаа мотоцикль чинь алга гэхээр нь гартал миний мотоцикпь алга болсон байсан. Тэгээд аймгийн төвөөс айлуудын хашаагаар 2 хоног хайж байгаад олдохгүй байхаар нь Эрдэнэцогт сум руу хөдөө гэрлүүгээ явсан.Би мотоциклио бүрэн бүтнээр нь буцааж авсан болохоор ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-27, 30-31/

Иргэний нэхэмжлэгч М.Дүгэрбатын мөрдөн байцаалтад өгсөн

...Б.Нямдаваа хоёулаа мотоциклийн наймаа хийхээр ярилцаад зөвшөөрсөн. Тэгээд тухайн үед улсын дугаар байхгүй, цэнхэр өнгийн UВ мото маркийн мотоцикль унаж явсан миний мотоциклиос арай шинэвтэр байхаар нь би хоёулаа мотоцикпио шууд тулчихъя гэхэд шууд тулахгүй чи надад өөрийнхөө мотоцикль дээр 300000 төгрөг өгөөд ав гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд мотоциклио сольж унаад явсан.2018 оны 05 дугаар сарын 20-ны үед буюу сарын дараа би хөдөө гэртээ байсан чинь Б.Нямдаваад 300000 төгрөг өгч явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

Гэрч Л.Нансалын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад манай хүргэн О мотоциклио алдчихлаа хараад яваад байгаарай гэж хэлсэн. Би 16 цаг өнгөрч байхад Шаргалжуут худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талд манай хүргэний мотоциклийг хар куртиктай, хар өнгийн малгайтай бараан царайтай, өндөр, 20 орчим насны залуу мордчихсон зогсож байсан.Би очоод бариад ачааны дээрээс нь дараад авсан шууд асаагаад голын замаар явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /

Гэрч Д.Одгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үдээс хойш О нь манайд хөдөөнөөс ирсэн бөгөөд гэрт ороод гараад ирэхэд мотоцикль нь алга болчихсон байсан, Мөрийг нь харахад дээшээ өгсөөд явчихсан байна, мотоцикль дээр жаахан ноолуур байсан гэж хэлсэн, дараа нь олчихсон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-45 /,

Гэрч С.Мөнх-Адъяагийн мөрдөн байцаалтад өгсөн

...15 цагийн үед хашааны гадаа мотоцклио тавиад орж ирээд цай ууж байтал гадаа мотоцикль асах чимээ гараад гартал моторцикль алга болсон байхаар нь М.Бүхбатыг дуудаж мотоцикль чинь алга болсон байна гэтэл өөрөө гарч ирээд гадуур мотоциклио хайхаар явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 /,

Гэрч Д.Ганбаярын мөрдөн байцаалтад өгсөн

...Орой 20 цагийн үед дэлгүүртээ худалдаа хийгээд байж байтал манай сумын А. Н, хоёр залуутай хамт орж ирээд Д.Ганбаяр ах хөдөө явах ажил байна бензины мөнгө хэрэгтэй гээд та энэ мотоциклийг барьцаанд аваад бензины мөнгө өгөөч Н миний мотоцикль гээд байхаар нь 26000 төгрөгийг нь бэлнээр аваад үлдэгдэл мөнгөнд нь 2 шил архи, улаан шонхор гэсэн тамхи аваад хашаанд миний цэнхэр портер машины хажууд мотоциклийг данхраадаж тавиад тэр гурав өөр нэг мотоцикльтой явсан. Тэгээд тэр өдрөөс 4 орчим хоногийн дараа А.Нтой хамт ирсэн 2 залуугийн өндөр нуруутай ирээд надад барьцаанд тавьсан мотоциклио 50 000 төгрөг бэлнээр өгөөд яваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 /,

Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар “...хохирогч М.Бүхбатын хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн үнэ ханш нь 1420000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 74-75

Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх орон тооны бус комиссын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “...хохирогч Б.Оын хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн үнэ ханш нь 1000000 төгрөг, 600 грамм ноолуур нь 50000 төгрөгийн үнэтэй болохыг тус тус тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 70-71/

Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 97 тоот “...иргэний нэхэмжлэгч М.Дүгэрбатын эзэмшлийн мотоциклийн зах зээлийн үнэ ханш нь 1000000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 79-80 /

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай / хх-ийн 4/, эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, / хх-ийн 16/ шүүгдэгч А.Н хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа/ хх-ийн 110/, Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.05.29-ний өдрийн 131 тоото тодорхойлолт /хх-ийн 111/, шүүгдэгч А.Нын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 121/ Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 123-127/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, “Энх нахиа” ХХК болон Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч А.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 5-6 тоот хашаанаас М.Бийн эзэмшлийн UB 175 маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлж бусдад 1420000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Тээврийн товчооны 1-15 тоот хашааны гаднаас иргэн Б.Оын эзэмшлийн Хенсим 200 маркийн мотоцикль, мотоцикльд ачсан 600 грамм ноолуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1050000 төгрөгийн буюу нийт 2470000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

шүүгдэгч А.Нын ... Тээврийн товчооны ар талын нэг хашааны үүдэнд улбар шар өнгийн мотоцикль байсан бөгөөд мотоциклийн ачаан дээр нь цэнхэр өнгийн тортой зүйл байхаар нь үзэхэд ноолуур байсан, тэгээд мотоциклийг нь асаагаад доод зах орж түүхийн эдийн ченж залууд ноолуурыг 20000 төгрөгөөр өгсөн,…”Олон” дэлгүүрийн харалдаа 6 дугаар гудамжид ганцаараа явж байтал 5 тоот хашааны гадна цэнхэр өнгийн мотоцикль байхаар нь кундакторыг нь салгаад маниулдсан чинь асчихаар нь шууд унаад явсан… гэх мэдүүлэг /хх-ийн 104-106 /

хохирогч Б.Оын ... Тээврийн товчооны 1 дүгээр гудамжны 15 тоот хашааны үүдэнд үлдээгээд орсон бөгөөд ороод цай уугаад ойролцоогоор 10 минутын болоод гараад ирэхэд мотоцикль алга болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 /,

хохирогч М.Бүхбатын ... цагаанчулуут 5 дугаар багийн 5-6 тоот хашааны гадна мотоциклио данхраадаж тавиад гэрт орж цай уугаад сууж байтал хашааны гадаа мотоцикль асах чимээ гарахаар нь гартал миний мотоцикль алга болсон байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 2-27, 30-31/

Иргэний нэхэмжлэгч М.Дүгэрбатын ...Б.Нямдаваа нь улсын дугааргүй, цэнхэр өнгийн UВ мото маркийн мотоцикль унаж явсан миний мотоциклиос арай шинэвтэр байхаар нь өөрийнхөө мотоцикль дээр 300000 төгрөг өгөөд мотоциклио сольж унаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

гэрч Л.Нансалын... Шаргалжуут худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талд манай хүргэний мотоциклийг хар куртиктай, хар өнгийн малгайтай бараан царайтай, өндөр, 20 орчим насны залуу мордчихсон зогсож байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /

гэрч Д.Одгэрэлийн ...О нь манайд хөдөөнөөс ирээд гэрт ороод гараад ирэхэд мотоцикль нь алга болчихсон байсан, ... дараа нь олчихсон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-45 /,

гэрч С.Мөнх-Адъяагийн ...15 цагийн үед хашааны гадаа мотоцклио тавиад орж ирээд цай ууж байтал гадаа мотоцикль асах чимээ гараад гартал моторцикль алга болсон байхаар нь М.Бүхбатыг дуудаж мотоцикль чи алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/, Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар “...хохирогч М.Бүхбатын хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн үнэ ханш нь 1420000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 74-75/, Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх орон тооны бус комиссын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “...хохирогч Б.Оын хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн үнэ ханш нь 1000000 төгрөг, 600 грамм ноолуур нь 50000 төгрөгийн үнэтэй болохыг тус тус тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 70-71/, Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 97 тоот “...иргэний нэхэмжлэгч М.Дүгэрбатын эзэмшлийн мотоциклийн зах зээлийн үнэ ханш нь 1000000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 79-80 / хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Н нь2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 5-6 тоот хашаанаас М.Бийн эзэмшлийн UB 175 маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлж бусдад 1420000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Тээврийн товчооны 1-15 тоот хашааны гаднаас иргэн Б.Оын эзэмшлийн Хенсим 200 маркийн мотоцикль, мотоцикльд ачсан 600 грамм ноолуур байсныг авч,улмаар ноолуурыг 50000 төгрөгөөр худалдан борлуулж, мотоциклийг барьцаанд тавьж, мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч М.Бүхбат, Б.О нарын мотоциклийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч нар, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч А.Н нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Нод Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний үйлдэлд нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүхээс А.Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 2470000 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Нод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч А.Нод үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

шүүгдэгч А.Н нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Нод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Н нь урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тул 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн хоёр зуун гучин зургаан /236/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорин ес /29/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба Эрүүгийн хуульд гэмт хэрэг давтан үйлдэх гэж хуульчлаагүй болно.

Шүүгдэгч А.Н нь хохирогч М.Бүхбат, Б.О нарын мотоциклийг биет байдлаар буцаан өгч, харин ноолуурын үнэ 50000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О, иргэний храиуцагч Нямдаваагаас 1300000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дүгэрбатад олгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогт А.Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар ,хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Ныг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч А.Нод оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-д зааснаар шүүгдэгч А.Н нь хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч А.Ноос 50000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Оад, иргэний хариуцагч Б.Нямдаваагаас 1300000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч М.Дүгэрбатад тус тус олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Нод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Нод хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА