Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 201/МА2022/00023

 

 *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 138/ШШ2022/00398 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 83 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг. Миний танил болох *******, ******* гэх ээж охин хоёр 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр надаас сарын 15 хувийн хүүтэй 3 000 000 төгрөг зээлж авсан. Тохиролцсон ёсоор хүүгээ эхний хэдэн сар төлсөн. Бичгээр гэрээ хийж баталгаажуулсан. Дээрх мөнгө нь миний охины надад хадгалуулсан мөнгө байсан ба мөнгө гуйхад нь итгээд зээлдүүлсэн. 2019 оны 11 дүгээр сард надад 1 000 000 төгрөг өгсөн. Ингээд үндсэн зээл 2 000 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 8 сарын хүү 2 400 000 төгрөг болсон. Урьд нь дээрх нэхэмжлэлийг тус шүүхэд гаргахад *******ийн хаяг тогтоогдохгүй байсан бөгөөд шүүхийн журмаар хаягийг тогтоолгосон. Хаяг тогтоогдсоны дараа 500 000 төгрөг өгсөн. Гэрээний үнийн дүн, хүү зэргийг хариуцагч нар бүрэн хүлээн зөвшөөрдөг. Иймд *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гадаадад амьдарч байх хугацаандаа олсон мөнгөө ээждээ явуулж хадгалуулдаг байсан. Тэр мөнгөнөөс 2019 оны 7 сард *******, ******* нар 3 сая төгрөгийг 15 хувийн хүүтэй удаахгүй өгнө гээд зээлсэн байсан. Эхний 3 сар хүүгээ өгч, үндсэн мөнгөнөөсөө 1 сая төгрөг төлсөн ба үлдсэн 2 сая төгрөгөөсөө хүүгээ тооцоод өгч байсан боловч сүүлдээ мөнгөө өгөхгүй, өөрсдөө ч олдохгүй болсон. Тиймээс 2021 оны 7 сард би энэ талаар нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан боловч хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр буцаагдаж, дахин эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаад 2021 оны 10 сард оршин суугаа хаяг нь тогтоогдож бидэнтэй эргэж холбогдсон. Тэр үед ******* нь ээжтэй ярихдаа таны мөнгийг удаахгүй өгнө, санаа зоволтгүй гэж хэлсэн байсан. Үүний дараа 11 сард 500 000 төгрөгийг миний данс руу хийгээд дахин холбогдохгүй сураггүй болсон. Тухайн үед энэ хүмүүс зээлийн хүүгээ төлөхгүй, эсхүл дутуу төлсөн гэх мэт янз бүр байсан ч одоо тэр асуудлыг бол тооцохгүй байж болно. Харин одоо 2020 оны 11 сараас 2021 оны 7 сар хүртэлх хугацааны хүү 2 400 000 төгрөгөөс төлсөн 500 000 төгрөгийг хасаад 1 900 000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл болох 2 000 000 төгрөгийн хамт нийт 3 900 000 төгрөг нэхэмжилж байна. Ер нь манай ээжид та санаа зоволтгүй, тайван бай, таныг нэг төгрөгөөр ч хохироохгүй, бид хүүгээ тооцоод явж байгаа, танд бүрэн бүтэн төлж дуусгана гэж хэлдэг байсан юм билээ. Одоо бол манай ээжийн бие нь өвдсөн, энэ асуудал дээр их гомдолтой байгаа. Тиймээс одоо үндсэн зээлийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, хүү 1 900 000 төгрөг, нийт 3 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч *******гийн хувьд уг мөнгийг зээлсэн хүн биш бөгөөд охин *******т нь мөнгө хэрэг болсон учир энэ талаар *******д хэлээд охинд маань мөнгө зээлэх боломж байна уу гэсэн юм билээ. Тухайн үед охин нь хилээр гарч наймаа хийдэг байсан бөгөөд хил гарч бараагаа татаж ирчихээд танд удаахгүй өгнө гээд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15 хувийн хүүтэй 3 сая төгрөг зээлсэн. Мөнгө авсны дараа ******* нь *******тай яриад мөнгө авсан гэсэн бичиг дээр охин чинь гарын үсэг зураагүй байгаа, тийм учраас чи гарын үсэг зураарай гээд гарын үсгийг зуруулсан гэсэн. 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 2 990 000 төгрөг төлсөн байдаг. Үүнд: 450 000 төгрөгөөр 2 удаа, 200 000 төгрөгөөр 1 удаа, 250 000 төгрөгөөр 1 удаа, 340 000 төгрөгөөр 1 удаа, 300 000 төгрөгөөр 1 удаа, 1 сая төгрөгөөр тус тус төлж нийт 2 990 000 төлсөн. Өчигдөр ******* нь *******тай очиж уулзаад тооцоогоо тулгахад охин гийн дансны хуулга байхгүй учир охины дансанд орсон мөнгийг мэдэхгүй байна гээд зөвхөн дэвтрээр тооцоо нийлсэн байсан. Иймд миний өмнө гаргаж өгсөн тооцоо зөрүүтэй харагдаж байгаа. Бэлнээр төлсөн мөнгөнүүдийн хувьд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 150 000 төгрөг, 3 сард 150 000 төгрөг төлсөн. Үүний өмнө 1 дүгээр сарын 9-ний 100 000 төгрөгийг дансаар хийсэн байсныг би сая шүүх хурлын өмнө гаргаж өгсөн баримтаас харлаа. Охин гийн дансаар 4 дүгээр сарын 13-нд 140 000 төгрөг,  5 дугаар сарын 1-нд 100 000 төгрөг, 5 дугаар сарын 8-нд 50 000 төгрөг, 6 дугаар сарын 25-нд 100 000 төгрөг, 7 дугаар сарын 10-нд 110 000 төгрөг, 7 дугаар сарын 22-нд 100 000 төгрөг, 8 дугаар сарын 3-нд 100 000 төгрөг, 10 дугаар сарын 20-нд 100 000 төгрөг, 11 дүгээр сарын 04-д 100 000 төгрөг гээд 2020 онд нийт 1 450 000 төгрөгийг төлсөн байна. 11 сараас сураггүй болсон гэдэг нь тухайн үед корона гараад ******* хөдөө, охин нь хотод байсан зэргээс шалтгаалаад холбоо тасарсан гэдэг нь үнэн гэсэн. Мөн  2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 400 000 төгрөг, 2 дугаар сарын 11-ний өдөр 500 000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөгийг охин  гийн дансанд хийсэн. 3 жилийн хугацаанд нийт 5 840 000 төгрөг төлсөн гэсэн тооцоо гарч байна. Хүү, алданги тооцох тухай зээлийн гэрээг заавал бичгээр хийх ёстой, мөн Иргэний хуульд заасан стандарт шаардлагыг хангасан байх ёстой, хоёр тал гэрээний нөхцлөө тохиролцож бичиж тэмдэглээд гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцогдох ёстой байтал энэ шаардлага хангагдаагүй буюу амаар тохиролцсон байх ба хугацааг нэн даруй 2 сарын дотор гэж ярьсан байдаг. Тэгээд 10 сард 1 сая төгрөгийг төлчихөөд корона өвчин гарсантай холбоотой хилээр гарч чадахгүй, бараагаа татаж чадахгүй нөхцөл байдлууд үүссэн. Хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас бичгээр хийсэн гэрээ байхгүй ч нөгөө талаа хохироохгүйн тулд өөрсдийн боломж бололцоогоор, илүү, дутуу мөнгө хийж явсаар нийт 5 840 000 төгрөгийг төлсөн байгаа учир нэхэмжлэгчээс зээлсэн 3 сая төгрөг, мөн дээр нь 2 840 000 төгрөг илүү төлсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Өөрөөр хэлбэл төлөх ёстой мөнгөө төлсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн зээлийн гэрээний төлөлттэй холбоотой асуудлаар гаргасан Улсын Дээд шүүхийн зөвлөмжүүдэд хүү тооцох зээлийн гэрээг бичгээр байгуулах ёстой талаар бичсэн байдаг. гэжээ.

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт  3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: ******* миний бие *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 3.900.000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Жил тойрон болж байж шүүхийн шийдвэр гарахдаа миний нэхэмжлэлийг хангахгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

 

Би ******* гэх хүний гуйлтаар анх 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. ******* нь охины хамт орж ирээд надаас гуйсаар байгаад хамт зээлдэн авсан. Би өндөр настай, бие муутай, өөрийн дураар гарч ороод явж чадахгүй, хөл муутай, гэртээ ганцаараа байдаг байсан. Миний хувийн байдлыг үнэхээр далимдуулж мөнгө залилан авсан юм байна гэж эцэс сүүлд нь бодож сууна.

Миний нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Бид нар хоорондоо зээлийн гэрээ байгуулсан, мөнгө зээлдсэн, зээлдүүлсэн, хүү нь сарын 15 хувь байх талаар шүүхээс зөв дүгнэсэн. Өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн үүргээ гүйцэтгээгүй юм шүү. Бидний хооронд хийгдсэн гэрээ хэлцэл нь үндсэн зээлээ төлөх хүртэл сарын 15 хувийн хүүгээ төлөх бөгөөд анхнаасаа бид яг төдөн сарын хугацаагаар зээлж авсан гэж гэрээндээ ч тусгаагүй. Бид нарын бичсэн гэрээг шүүхээс зээлийн гэрээ байгуулсан, хүү тохирсон гэж дүгнэсэн. Түүнчлэн зээлдэгч нь надад *******гаас авсан зээлийг хүү, үндсэн төлбөрийн хамт төлнө, ямар ч хохиролгүй байлгана гэж хүлээн зөвшөөрч өөрөө бичгээр хүүтэй мөнгө авсан, хүүгээ төлөхөө хүлээн зөвшөөрсөн, тухайн цагтаа ч хүү төлөх үүрэгтэй гэдгээ илэрхийлсэн байгаа. Тийм ч учраас би хариуцагч нараас мөнгөө нэхэмжилсэн.

Зээлийн гэрээний хугацааг нарийвчлан тохиролцоогүй, гэрээний хугацаа сунгаж байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүхээс дүгнэсэн нь буруу юм. Харин ч хариуцагчийн амаар 2 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацааг сунгаагүй гэх тайлбарыг үндэслэн нь хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй. Хариуцагч 2 сарын хугацаатай байгуулсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотолж чадаагүй байхад шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн нь буруу байна. Анхнаасаа хугацааг нарийвчлан тогтоогоогүй мөнгөө бүрэн төлөх хүртлээ хүүгээ төлнө гэсэн байдлаар бид тохиролцсон. Анх зээлэхдээ удаахгүй өгнө гэж хэлж байсан боловч энэ талаар бид нарийвчлан хугацааны талаар гэрээндээ дурдаагүй. Зээлийн гэрээг бичгээр байгуулах зохицуулалт нь зөвхөн хүүнд хамааралтай буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалт гэж үзэж байна. Нэгэнт гэрээний үүргээ бүрэн дуусгавар болгоогүй учраас миний зүгээс мөнгөө шаардах эрхтэй. Хариуцагч нь өнгөрсөн цаг хугацаанд бага багаар ч гэсэн сар тутам мөнгө төлж байсан нь хүүгээ зөрчилтэй ч гэсэн төлдөг байсан юм. Үүнийг шүүх анхаараагүй. Хэрвээ 2 сарын хугацаатай байгуулсан бол хүүнд 90.000 төгрөг төлөөд цаашид дахин төлөх шаардлагагүй. Гэтэл хариуцагч нь мөнгөө хүүг төлөх цаг хугацаад нь төлөөд байсан гэдгийг нотолж байна.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болгох харилцааг зохицуулсан байх ба үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон зэрэг тохиолдолд үүрэг дуусгавар болгох буюу гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ дуусгаснаар дуусгавар болох байтал үндсэн мөнгөнөөс 1.000.000 төгрөг төлсөн. Гэтэл шүүхээс үүнийг хүүнд төлсөн мэт тайлбарласан. 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл сар бүр хүүний мөнгө төлж байсан нь хүүгээ зөвшөөрөөд төлж байсан ба тэр үед хүү биш гэж маргаагүй хэрнээ шүүхэд ирэхэд би илүү төлсөн зээлсэн мөнгөө буцаагаад өгсөн гэж тухайн цаг үеийн хэлцэл, хүсэл зоригийн илэрхийллийг шүүхээс буруу дүгнэсэн. ******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маш худлаа ярьж байна. Настай хүнийг тэнэг гэж бодоогүй байлтай. Тэр үед бидний хэлж ярьж байсан үгийг би одоо ч мартаагүй байгаа.

Иймээс би шүүхийн шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгоод миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэж хүсэж гомдол гаргалаа. гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: *******гийн хувьд мөнгийг авч хэрэглээгүй охинд минь зээл олгож өгөөч гэж хэлж өгсөн. Сүүлд охиныхоо өмнөөс авсан нь үнэн гэдгийн нотолж гарын үсэг зурсан. Амаар ярилцаад удаахгүй өгнө цаад тал нь 2 сар, 11 сараас хэтрэхгүй гэж авсан байсан. Хятадаас ******* бараагаа гаргаж чадахгүй, ковид гарч хөөцөлдөж байж өөрөө арай гэж орж ирсэн.

Иймээс харилцан тохиролцсон даруй өгнө, удаахгүй өгнө гэсэн тохиролцоо буюу Хятад руу бараагаа өгчихөөд эргээд Хятадаас бараа аваад орж ирэх хугацаа нь 2-3 сар учир тэрийгээ ч мөнгө зээлэхээр амаар ярилцаж тохиролцохдоо хэлсэн байдаг.

Үүнийг ******* нэхэмжлэл гаргахдаа болон давж заалдах гомдолдоо ч удаахгүй өгнө гэж хэлсэн гэдгийг удаа дараа баталж бичсэн атлаа одоо хугацаагүй авсан гэж бичжээ. 2020 онд шинээр зээлийн гэрээ хийгээгүй тооцоогоо ч нийлээгүй, надаас үлдэгдэл мөнгөө төлөхийг шаардсан учир яг хэдэн төгрөг гэсэн нарийн тооцоо гаргаагүй байсан.

2019 онд 2.990.000 төгрөг төлчихсөн гэдэг үндсэн зээлийг төлнө гэдгээ баталгаа хийж өгсөн. 2020 онд 1.150.000 төгрөг, 2021 онд 1.400.000 төгрөг нийт 5.540.000 төгрөг төлснийг шүүх баримтаар батлагдаж байна гэж дүгнэсэн. *******гийн тэмдэглэлд бичигдсэн байгаа 2020 оны 03 сард төлсөн ******* төлөөлөгч *******д өгсөн 150.000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сард өгсөн 150.000 төгрөгийг хариуцагчаас өгсөн гэснийг нэхэмжлэгч авсан гэж тэмдэглээгүй учир хасагдсан. Ер нь зээлийн гэрээг албан ёсоор бичгээр байгуулаагүй. Гэвч хууль мэдэхгүй, нөгөө талаар бусдыг хохироож болохгүй гэх сэтгэлээр шаардсан болгоныг чадан ядан мөнгөө олж хийсээр байсан. Үндсэн 3 сая төгрөгийн зээлээ бүгдийг төлсөн.

Нэхэмжлэгч гомдолдоо өөр үүрэг гүйцэтгэхээр өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзэж шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн гомдол гаргасан нь ойлгомжгүй байна. Гэрээ бол хоёр талын харилцан тохиролцож зөвшилцсөн байх ёстой. Эдгээр гэрээ албан ёсоор байгуулагдсан гэж үзэх, нөгөөгөөр зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр сольсон гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч тал төлбөл зохих төлбөр тооцоог бүрэн хийсэн. Гэрээ сунгасан асуудал байхгүй.

Энэ талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* охинтойгоо нийлж намайг их хохироож байна. Тэдийд өдийд өгнө, тийм ийм мөнгө орж ирнэ, банкнаас зээл аваад өгнө гэх мэтээр байнга, хүн итгэтэл худал ярьдаг. Анх надаас мөнгө авахдаа тун удаахгүй өгнө гэж авсан. Тун удаахгүй гэдгийг 2-3 хоног, 7 хоног, эсхүл 10 хоног болох юм бна гэж ойлгосон. Одоо үндсэн зээл 2,0 сая төгрөг, хүү 1 900 000 төгрөг, нийт 3 900 000 төгрөгөө гаргуулж авмаар байна. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байна. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, бодит нөхцөл байдлыг нотолж чадаагүй гэж үзэж байна. ******* гуайн хувьд мөнгийг *******, ******* нарт шилжүүлсэн. Эргүүлээд сар бүр 15 хувийн хүү төлөхөөр тохирсон. Хугацааг нарийвчлан тогтоосон зүйл байхгүй. Тиймээс энэ нь үндсэн төлбөрийг төлж дуусах хүртэл сар бүр хүү төлнө гэж илэрхийлсэн. Үүний дагуу сар бүр хүүгээ төлж явсан. 1 000 000 төгрөг өгсөн. Гэхдээ үндсэн зээлээс хасаж тооцох эсэх нь эргэлзээтэй байна. Иргэний хуулийн 283 дугаар зүйлд заасан хугацааны асуудалд үнэлэлт дүгнэлт хийхдээ заавал хүү авах зээлд бичгээр гэрээ байгуулна гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл болж байна. Үндэслэх хэсэг, тогтоох хэсэг нь хоорондоо зөрүүтэй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Тиймээс шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн хувьд гаргасан тайлбарыг нь дэмжиж байна. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдсэн. Ийм анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

Нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1, 14 дэх тал/

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...*******, ******* нар нь надтай 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 3 000 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй удаахгүй өгнө гэж зээлсэн,  хариуцагч нар үндсэн зээлээс 1 000 000 төгрөг, зээлийн хүүнд 3 590 000 төгрөг, нийт 4 590 000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 1 900 000 төгрөг, нийт 3 900 000 төгрөгийг нэхэмжилж байна. ... гэж,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ...хариуцагч ******* нь энэ зээлийг өөрөө аваагүй, охиндоо зээлж авч өгсөн байдаг. ...хүү, алданги тооцох тухай зээлийн гэрээг заавал бичгээр хийх ёстой. Хоёр тал гэрээний нөхцөлөө тохиролцоод гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцогдох ёстой байтал энэ шаардлага хангагдаагүй буюу амаар тохиролцсон байх ба хугацааг нэн даруй 2 сарын дотор гэж ярьсан байдаг. ...хариуцагч нар нийт 5 840 000 төгрөгийг төлсөн байгаа учир нэхэмжлэгчээс зээлсэн 3 000 000 төгрөг, мөн дээр нь 2 840 000 төгрөг илүү төлсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж тус тус тайлбар гаргажээ.

 

Хэрэгт талуудын тайлбар, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн төлбөр тооцооны зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх гэрээ гэсэн баримт, зээлийн гэрээ байгуулсан тухай дэвтрийн хуудасны тал цаасан дээр бичигдсэн бичвэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч ******* нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч *******гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байна. /хх-ийн 18, 27, 28-38 дахь тал/

 

Дээрх баримтуудаас үзэхэд нь хариуцагч *******, ******* нар нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч *******гаас 3 000 000 төгрөгийг тун удаахгүй өгнө гэж, сарын 15 хувийн хүүтэй зээлж авсан, хариуцагч нар нь нэхэмжлэгчид 2019 онд 2 990 000 төгрөг,   2020 онд 1 150 000 төгрөг,  2021 онд 1 400 000 төгрөг, нийт 5 540 000 төгрөгийг төлсөн ба энэ талаар талууд маргаагүй болно.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг /Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1/ зөв тайлбарлан хэрэглэж, зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байна. гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон байна.

 

Нэхэмжлэгч ******* нь тун удаахгүй өгнө гэж 3 000 000 төгрөг зээлж авсан, тун удаахгүй өгнө гэдгийг 2-3 хоног, 7 хоног, магадгүй 10 хоног ч байж болно гэж тайлбарладаг ба нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч ******* үгүйсгэдэггүй, удаахгүй өгнө гэж авсан гэж хүлээн зөвшөөрдөг атлаа хариуцагч нар нь нэхэмжлэгчид 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зээлийн хүү 450 000 төгрөг, 9 дүгээр сарын 30-ны өдөр 450 000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 200 000 төгрөг, 11 дүгээр сарын 4-ний өдөр 250 000 төгрөг тус тус төлжээ. Тухайлбал: 3 000 000 төгрөгийн 15 хувийн хүү нь сарын 450 000 төгрөг болох ба 450 000 төгрөгийг 3 сар дараалж төлсөн, мөн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үндсэн зээлээс 1 000 000 төгрөгийг тус тус төлсөн үйл баримтаас үзэхэд талуудын хооронд 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан.

 

Зээлийн гэрээ нь хоёр талын хариу төлбөртэй гэрээ бөгөөд хариуцагч *******гийн шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн төлбөр тооцооны зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх гэрээ гэх баримтанд нэхэмжлэгч тал гарын үсэг зураагүй, зөвхөн хариуцагч ******* гарын үсэг зурсан, 2019 оны 11 дүгээр сараас хойш зээлийн гэрээг сунгасан эсэх талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй байх тул зээлийн гэрээг сунгасан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн хариуцагч нарыг үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 2 540 000 төгрөг, нийт 5 540 000 төгрөг төлсөн гэж үзэж нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч *******гийн ... шүүхийн шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 138/ШШ/2022/00398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

 

Ж.ДОЛГОРМАА