| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00035/Э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 230.2., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.О
Улсын яллагч: Г.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.С, Ж.Э
Хохирогч Б.А
Шүүгдэгч: И.Б, Ш.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.Га-д 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Б, Ш.Г нарт холбогдох 201712000109 тоот хэргийг 2018 оны 7 сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1974.05.26-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын соёлын төвд галч ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1-р баг Баяндалайн 3-4 тоотод оршин суух /РД:ЕВ74052619/ Б овогт Ш-н Г
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1990.12.18-нд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дундговь аймгийн Цагдаагийн газрын Дэрэн сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8-р хороо Эрдэнэтолгойн 40-260 тоотод оршин суух, /Дэрэн сумын цагдаагийн хэсгийн байранд түр оршин суух/, /РД:ЗК90121816/ Б овогт И-н Б
Шүүгдэгч И.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ш.Г нь цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2017 оны 6 сарын 7-ны өдөр архи уучихсан тээврийн хэрэгсэл бариад явж байсан. Сумын цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Орой 21 цагийн үед гэртээ очоод амарч байсан. 22 цаг өнгөрч байтал сумын хэсгийн төлөөлөгч Б.А, И.Б нар манай гэрт ирж намайг баривчилж авч авсан. Цагдаагийн байранд намайг авч очиж Дундговь аймаг руу авч явна гэж хэлсэн.Б.А цахилгаан бороохой гаргаж намайг цохьсон. Бид хоёр маргалдаад, зууралдаад байсан. Намайг өрөөндөө гавлана гэж хэлсэн. Гав байхгүй байсан болохоор уяагаар уясан. Ба тэр үед өрөөнд хамт байсан. А-той маргалдаад байхаар Б миний эрүүн тус газар өшиглөж хоёр шүд унагаасан. Цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж, тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй хэрэгт холбогдсон. Энэ үйлдэлдээ гэмшиж байгаа...” гэв.
Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Тэр өдөр намайг Дэрэн суман дээр явахад Мө цагдаа хүнд зодуулчихлаа гэж дуудлага өгсөн. Буцаж суман дээр очсон. Очиход Мө-н нүд нь таглаатай, хувцас нь цус болчихсон байдалтай байсан. Га хаана байна гэж асуухад Га гэртээ байгаа байх, түрүүнээс хойш таараагүй гэж хэлсэн. Тэгээд Га-н гэрт нь ороход баганынхаа хойд талд хойшоо хараад завилаад суучихсан, эхнэр нь баруун орон дээрээ, хүүхэд нь хойд талаар ор засчихсан байсан. Би ороод Га-с “яагаад Мө-тай ийм зүйл болов, нүүр ам нь цус болчихсон байсан” гэхэд танай цагдаа намайг бас зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь хоёулаа манай өрөөнд очиж уулзъя гэж хэлсэн. Мө, Га хоёрыг өрөөнд оруулж ирээд юу болсон талаар ярь гэхэд энэ хоёр хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгэхээр нь Мө-г өрөөнөөс гаргасан. Га өөдөөс авирлаад байхаар нь цахилгаан бороохой гаргаж ирээд хоёроос гурван удаа цахилгаан бороохой биед нь хүргэсэн. Аймаг дээр очиж шалгагдана, одоо аймаг явна гэхэд Га би явахгүй, гэртээ хононо гээд өөдөөс эсэргүүцэж, миний хөлийг хамж аваад ширээн дээр нэг удаа дарж унагааж, заамдаж боож авсан. Тэгээд гавлах гэсэн чинь гав байхгүй байсан. Уяа аваад уясан. Га хоёроос гурван удаа өөдөөс дайрч давшлаад, хэл амаар доромжлоод байсан. Бид хоёр зууралдсаар байгаад 3 цаг өнгөрөөд сумаас хөдөлсөн. Миний биед гэмтэл учруулаагүй. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Л.Мө-н “...Би Га-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодлоо, би танд түрүүнд хэлээ биз дээ, мотоциклоо энд тавь, надад түлхүүрээ өг гэхэд чадахгүй гээд өөдөөс дайраад байсан. Га миний нүүрэн дээр нүүрээ тулгаад үгүй гэж байна, чадахгүй гэж байна гээд түлхүүрээ өгөхгүй байсан. Би Га-г нүүрэн дээр нүүрээ тулгачихаад байхаар нь цааш нь түлхчихсэн. Га миний хөлийг давхар хамж аваад намайг газар унагаасан. Намайг газар унагахаар нь би Га ын дээр нь гарч дараад гавлах гэсэн чинь миний гав гэрнээсээ унаад надаас нилээн хол зайтай байхаар нь гаваа авах гэтэл Га миний дээр гараад ирсэн. Га бид хоёрыг дээр доороо ороод ноцолдож байхад Билэгсайхан гэдэг хүн хашаанаасаа гарч ирээд Га аа цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй ноцолдоод муухай харагдаж байна, болиоч ээ гэж хэлсэн.Би Би-г цаашаа орж бай гэсэн чинь яваад өгсөн. Тэгээд би гаваа аваад дахиж дээр доороо орж ноцолдож байгаад зүүн гарт нь гавыг гавласан чинь Га за хоёулаа болъё, ажил дээр чинь очиж уулзая гэхээр нь би босгосон. Тэгээд Га ыг цагдаагийн хэсэг дээр авч очих гээд дагуулаад холбооны байшингийн дэргэдүүр явж байтал Га чулуутай гараар миний баруун нүд рүү нэг удаа цохьсон. Миний нүднээс цус гарахаар нь Га ын гаранд зүүлттэй гавны нэг талаас нь бариад нүдээ дараад суутал Га гавтай гараа дугтарч булааж аваад гавны нэг талыг гартаа атгаж байгаад миний баруун нүд рүү дахиад нэг цохингуутаа зугтаагаад явчихсан..”гэх мэдүүлэг /хх-30-31/
Гэрч М.Бат-н “...2017.06.07-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн газрын ерөнхий жижүүрийг үүрэг гүйцэтгэж хоносон. Гэтэл шөнө буюу 00 цаг өнгөрч байхад дуудлага хүлээж авах утсаар Говь-Угтаал сумын хэсгийн төлөөлөгч Б.А-оос сумын цагдаа Мө-н тавьсан шаардлагыг Га гэгч нь эсэргүүцэж зодсон байна гэж мэдээлсэн. Улмаар мэдээллийн мөрөөр аймгийн цагдаагийн газрын дэд дарга Баатарчулуун, хэрэг бүртгэх тасгийн дарга Ганболд нарт утсаар танилцуулахад хэсгийн төлөөлөгчийг нь материалжуулах үүрэг чиглэл өгснийг хэсгийн төлөөлөгч А-д дамжуулсан. Өглөө 05-06 цагийн үед хэсгийн төлөөлөгч А нь Га гэгчийг цагдаагийн газарт авч ирсэн. Түүнийг хоногийн мэдээнд цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэдгээр оруулан танилцуулж, шалгах албан хаагчид нь цохогдож, холбогдох шалгалт хийгдсэн...” гэх мэдүүлэг /хх-54-55/
Гэрч Д.Би-ны “...2017.06.07-ны өдөр би 18 цагийн үед Га ын эхнэр Алтансарнайгаас түлхүүр авах гээд гартал Мө цагдаа Зо гэдэг хүнтэй хамт машинтай явж байхаар нь Га-ынд очоод Ал-н гэрээс түлхүүр аваад ирье гээд хамт явсан. Бид нар Га-ын гэрт очсон чинь Ал- байхгүй, нөхөр Га нь гэрийнхээ гадаа согтуу мотоцикль жолоодох гээд байгаа бололтой зогсож байхаар нь Мө цагдаа Га ыг согтуу мотоцикль жолоодож болохгүй орж амар гээд хэлээд явсан. Мө цагдаагийн хэсгийнхээ гадаа буугаад үлдсэн. Мө над руу яриад орон сууцны хавиар согтуу хүмүүс байна гэнэ, Золзаяагийн машиныг унаад хүрээд ир, би дэлгүүр хаалгаад явж байна гэсэн. Би машинтай явж Мө-г авсан. Мө орон сууцны гадуур байсан согтуу хүмүүсийг явуулчихаад байж байтал Га согтуу мотоцикль жолоодоод орон сууцны Батчулуун гэдэг айлын хашаанд ирээд зогссон. Мө Га дээр очоод хэлж анхааруулаад байхад мотоцикль жолоодлоо гэж хэлээд хашаанаас гараад чанга чанга дуугараад байсан. Би тэр хоёрын яриаг сонсоогүй айл руу ороод явсан. Би айлд нилээн сууж байгаад гараад хартал Батчулууны хашааны хойд талд Га дээшээ хараад хэвтчихсэн. Мө хажууд нь зогсож байсан. Мө 20 цаг 30 минутын үед би хүнд зодуулчихлаа гээд хүрээд ирсэн. Би очсон чинь Мөнхтулгын цамц цус болчихсон, нэг талын мөрдөс нь урагдчихсан, баруун нүд нь нилээн хавдчихсан байсан. Мө Га ыг ажил руу аваад явсан чинь чулуутай гараараа 2 удаа цохьсон гэж байсан. Би зодолдож байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-56/
Насанд хүрээгүй гэрч Г.Са-ийн “...Тэгээд бид нар гэртээ хоолоо идээд сууж байхад гаднаас манай сумын цагдаа Б.А, түүний араас үл таних энгийн хувцастай махлагдуу биетэй ах нар манай гэрт орж ирсэн. Манай аавыг гэрээс курткатай нь чирээд гарсан ба манай бэр эгч Энх-О куртка урчихлаа ш дээ гэхэд угаасаа урагдчихсан байна гээд дагуулаад гарсан. Гадаа гараад аавыг зодоод байна уу гээд Энх-О эгчийн хамт гарахад аавыг машиндаа суулгаад хувцсыг нь солиулахгүйгээр аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-48-49/
Гэрч Н.Энх-О-ы “...Бид нар унтах гэж байтал манай гэрт гаднаас сумын цагдаа А болон Дэрэн сумын хэсгийн төлөөлөгч гэх үл таних цагдаа нар орж ирсэн. Тэд хадам аав Ш.Гыг авч явна гэтэл хадам аав Ш.Г явахгүй гэж байгаад гэрээс дагуулаад гарсан. Хадам ээж П.Ал “ та нар яасан гэж авч явах гээд байгаа юм бэ” гэтэл Дэрэн сумын цагдаа нь гэх хүн үл таних хүн дуугүй бай, согтуу авгай минь гэж хэлээд гэрээс гарцгаасан. Тэр үед хадам ээж архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хадам аав Га би хувцсаа солчихоод явъя гэхэд нөгөө 2 цагдаа нь хувцасыг солиулахгүй авч явах гээд байгаа бололтой байсан. Гадаа нилээн байж байгаад хадам аавыг машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-50-51/
Шинжээчийн 2017.06.12-ны өдрийн 170200171 тоот дүгнэлтэд “...Л.Мө-н биед тархи доргилт, баруун нүдний эвэрлэгт цус харвалт, зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зовхи чамархай, дух, шуу, сарвуунд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, нүдний эвэрлэгт цус харвасан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-70/
А.Цагдаагийн алба хаагч Б.А-ыг хүч хэрэглэн эсэргүүцсэн хэргийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Са-с “цагдаагийн байгууллага харьяалал зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, цагдаагийн алба хаагч Б.А-ын шаардлага хууль ёсны байсан эсэх нь эргэлзээтэй тул Ш.Га-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Г-ыг цагаатгаж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргаж байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг судалж үзээд шүүгдэгч Ш.Г нь Говь-Угтаал сумын хэсгийн төлөөлөгч Б.А-ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдоогүй байна гэж үзлээ. Учир нь: Хэсгийн төлөөлөгч Б.А нь гомдол мэдээллийг хүлээн авч холбогдох этгээд буюу Га ыг 23 цаг 40 минутын орчим гэрээс нь авч цагдаагийн хэсгийн байранд авч ирсэн, улмаар Дундговь аймгийн Цагдаагийн газарт авч ирж эрүүлжүүлсэн үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Дээрх үйл явдлын явцад хэсгийн төлөөлөгч Б.А нь зүй ёсны шаардлага тавьсан эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал: Шүүгдэгч Ш.Г “цус болсон хувцсаа сольчихоод явья гэхэд тэр чигээр нь авч явсан” гэж гэрч Н.Энх-О, насанд хүрээгүй гэрч Г.Са нар мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г “ Цагдаагийн байранд очоод Б.А намайг цагдаа зодсон байна гээд цахилгаан бороохойгоор бороохойдоод байсан.Цахилгаан бороохойгоор бороохойдсны дараа боль л доо бие өвдөөд байна шүү дээ гээд А-г эсэргүүцсэн” гэж, хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “Ш.Г хэл амаар доромжлоод авирлаад байхаар нь цахилгаан бороохой хэрэглэсэн. Тэрний дараа дайрч хөл хамж унагаах зэрэг үйлдэл гаргасан ” гэж тус тус мэдүүлж байна.
Хохирогч Б.А “авирлаад байсан учраас цахилгаан бороохой хэрэглэсэн” гэж мэдүүлж байгаа боловч авирласан гэдгийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж үзэх боломжгүй юм.
Харин цагдаагийн алба хаагч цахилгаан бороохой хэрэглэсний дараа түүний хөлийг нь хамж унагах үйлдлийг удаа дараа гаргасан бөгөөд энэ нь хүч хэрэглэн эсэргүүцэж байгаа шинжтэй байна. Гэвч шүүгдэгч Ш.Г нь цагдаагийн алба хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх цаг хугацаанд буюу цагдаагийн хэсгийн байранд Ш.Г нь бие махбодидоо хүндэвтэр гэмтэл авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд цагдаагийн алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын байран дээрээ байсан боловч шүүгдэгч Ш.Г-ад хууль ёсны шаардлага тавьж түүнтэй зүй ёсны харьцсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч Б.А нь Ш.Г-ыг авирласан гэдэг шалтгаанаар цахилгаан бороохойгоор цохиулсаны улмаас Ш.Г нь түүнийг эсэргүүцэж, улмаар хөлийг нь хамж унагах, хөлнөөс нь зуурах зэрэг үйлдлийг удаа дараалан гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд үүнээс үзэхэд шүүгдэгч Ш.Г нь цагдаагийн алба хаагч Б.А-ыг хүч хэрэглэн эсэргүүцсэн үү эсхүл цагдаагийн алба хаагч нар Ш.Га-д хүч хэрэглэсэн үү гэдэг эргэлзээг төрүүлж байна.
Иймд дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Га-д 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь баримтаар хангалттай нотлогдохгүй байна гэж үзлээ.
Б.Цагдаагийн алба хаагч Л.Мө-г хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэх хэргийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ш.Г-ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох оролдлого хийх явцад хэсгийн цагдаа Мө түүнд тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодохгүй байх шаардлага тавьсан, хэсэг хугацааны дараа шүүгдэгч Ш.Г нь хэсгийн цагдаа Мө-г шаардлагыг үл биелүүлэн тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас түүнд дахин шаардлага тавихад улмаар хүч хэрэглэн эсэргүүцсэн, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Са-с цагдаагийн алба хаагч Мө-н тавьсан шаардлага нь хууль ёсны эсэх нь эргэлзээтэй, дахин мотоцикль жолоодохгүй гэсээр байхад болон мотоциклио тавьсан байхад түлхүүрийг авах гэж оролдсон тул Ш.Га-д Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Цагдаагийн алба хаагчийн зүгээс шүүгдэгч Ш.Га-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх шаардлагыг тавьсаар байхад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд цагдаагийн алба хаагчийн зүгээс тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд дахин оролцуулахгүй байх, Ш.Г-ыг дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх зорилгоор түлхүүрийг нь авах үйлдэл хийснийг хууль бус шаардлага гэж үзэх боломжгүй юм. Цагдаагийн албан хаагчийн энэхүү үйлдлийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд иргэдийн амь нас, эд хөрөнгөнд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж байгаа үйлдэл юм.
Харин шүүгдэгч Ш.Г-ын цагдаагийн алба хаагчийн тавьсан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх шаардлагыг үл биелүүлсэн, дахин шаардлага тавихад түүнийг хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан үйлдэл байна.
2.Шүүгдэгч И.Б-ын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Яллагдагч И.Б-ын”...Га тай нооцолдож зууралдаж байх үед А-н хүзүү, гар зэрэгт зулгаралт цус хуралт бүхий гэмтлүүд учирсан. Миний хувьд ямар нэгэн гэмтэл аваагүй. Би тэр үед саарал өнгийн цамц, хөх өнгийн бэлтгэлийн хувцас, улаан өнгийн сеткэн кейт өмссөн байсан. Б.А Га нар ноцолдож зууралдаж газарт унаж байх үед нь би тэднийг салгасан. Хамгийн сүүлд Га А-ыг хөлийг нь хамаад газарт унах үед би хажууд нь зогсож байсан, миний зүүн хөл дээр унасан. Би тэднийг газарт унагахгүй гээд барьж авах санаатай ойртсон. Тэгэхэд Га нүүрээрээ миний хөл дээр унаж таарсан. Тухайн үед Га газарт унаад босч ирэхдээ миний шүд уначихлаа гэж байсан ба хаана шүд унасан юм гэхээр амаа ухаад байсан. Надад унасан шүд харагдаагүй, учирсан гэмтэл анзаарагдаагүй. Ш.Г нэг удаагийн өшиглөлтөөр намайг түүний эрүүг өшиглөж шүд унагааж эрүү хугалсан гээд байгаа. Нэг удаагийн өшиглөлтөөр Га ын эрүү хугарч, шүд нь унасан гэж үзэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-95-99/
Хохирогч Ш.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Цагдаагийн хэсгийн байранд А-ын албан өрөөнд Ба миний нүүрэн тус газар өшиглөж 2 шүд унаж, эрүү хугалсан. Би эрүү хугарснаа мэдээгүй. Хоёр шүд унагаачихлаа шүү дээ гэж хэлсэн. Хоёр шүд буйлан дээр тогтоод байсан. Миний өөдөөс өдий насны хүнд ямар шүд байдаг юм бэ гээд байсан. Өглөө 6 цагийн үед аймаг дээр ирсэн. Цагдаагийн байранд авч очсон. Өглөө 9 цагийн үед би хамарнаас цус гоожоод, хоёр шүд буйлан дээр тогтоод, ам хавдчихсан байсан. Мөрдөн байцаагч намайг шүүх эмнэлэгт үзүүл гээд явуулсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд манайд зураг авдаг аппарат байхгүй, Улаанбаатар хот яв гэж хэлсэн. Хоёр шүд чинь ойчсон байна гээд авч өгсөн. Дотор талын буйл нь урагдсан байсан. Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт зургаа авахуулахад эрүү хугарсан байсан. Тэгээд эмнэлэгт хэвтсэн. Нийт 2.500.000 орчим төгрөгийн зардал гарсан. Үүнээс Ба 2.000.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэх 500.000 орчим төгрөгийг нэхэмжилнэ. Мөн эрүүгээ хадуулсан ба хадаасыг нь авах хугацаа болсон. Үүний зардлыг нэхэмжилнэ ...” гэв.
Гэрч Б.А-ын “Тухайн үед И.Б ямар гутал өмссөн байсныг би сайн санахгүй байна. Одоо бодоход пүүзэн гутал өмссөн байсан л санагдаж байна. Ба гутлынхаа үдээс бүхий дээд талын хэсгээр 1 удаа л өшиглөсөн. Тэгэхэд Га миний баруун хөлнөөс 2 гараараа зуураад ороож биедээ нааж татаад, нүүрээ наачихсан байсан. Тэгэхэд нь И.Б Ш.Гын гарнаас нь татаж салгаж байгаад өшиглөчихсөн. Тухайн үедээ эрүү нь хугарсан талаар юм хэлээгүй бөгөөд аймгийн Цагдаагийн газарт ирэх хүртлээ шүд хугарчихлаа гээд хэлж байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43-рт/
-Гэрч П.Ал-ийн “...Дундговь аймгийн Цагдаагийн газарт ажилладаг,урьд нь манай суманд хэсгийн төлөөлөгч хийж байсан Дэлгэрсайхан гэж хүн утсаар хэлсэн. Дэлгэрсайхан хэлэхдээ Га ыг эмчид үзүүллээ, хоёр даралт нь ойртоод эрүү нь хугарсан юм шиг байна. Ам нь ангайхгүй, юм ярьж чадахгүй байна гэж хэлсэн. Тухайн үед цагдаа Мөтай зодолдсон гээд орж ирсэнийх нь дараа миний самсунг маркийн гар утсан дээр манай бэр Энх-О унасан гэх шүднийх нь гэрэл зургийг дарж бэхжүүлж авсан юм. Тэгэхэд эрүү нь зүгээр бидэнтэй юм яриад, хоол идэж байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47-рт/
Насанд хүрээгүй гэрч Г.Са-гийн “...Манай аав Ш.Г оройны 22 цагийн үед ганцаараа орж ирсэн. Гэртээ орж ирэхдээ бага зэрэг архи уусан халамцуухан байсан. Мөн аавын дээд талын шүд нь уначихсан, амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд бид нар гэртээ хоолоо идээд сууж байхад гаднаас манай сумын цагдаа Б.А, түүний араас үл таних энгийн хувцастай махлагдуу биетэй ах нар манай гэрт орж ирсэн. Манай аавыг гэрээс курткатай нь чирээд гарсан ба манай бэр эгч Энх-О куртка урчихлаа ш дээ гэхэд угаасаа урагдчихсан байна гээд дагуулаад гарсан. Гадаа гараад аавыг зодоод байна уу гээд Энх-О эгчийн хамт гарахад аавыг машиндаа суулгаад хувцасыг нь солиулахгүйгээр аваад явсан. Тухайн үед манай аав эрүү өвдсөн гэж хэлээгүй, шүд нь унаж гэмтсэн байсан. Манай гэрээс 2 цагдаа аавыг авч гарах үед манай аав Ш.Гын эрүү нь зүгээр хоолоо өөрөө идэж байсан...” гэх мэдүүлэг /хх-48-49/
Гэрч Н.Энх-О-ы “Би 2017.06.03-04-ний өдрийн үеэр Говь-Угтаал суманд байх хадам аав , ээж болох Га ын гэрт амралтаараа очсон. Хэдний өдрийг нь санахгүй байна. 22 цаг өнгөрч байх үеэр унтах гээд ор хөнжлөө засаад хэвтэж байтал гаднаас манай хадам аав Га ганцаараа орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ жаахан архи уусан бололтой халамцуу байсан. Мөн бусдад зодуулсан бололтой амнаас нь цус гарчихсан. Шүд нь уначихсан байсан. Бид нар унтах гэж байтал манай гэрт гаднаас сумын цагдаа А болон Дэрэн сумын хэсгийн төлөөлөгч гэх үл таних цагдаа нар орж ирсэн. Сумын хэсгийн төлөөлөгч А Га чи манай цагдаагийн нүдийг цохиж гэмтээсэн байна. Нүднийх нь цөцгий нь цуваад байна гэсэн утгатай зүйл хэлж байсан. Тэд хадам аав Ш.Гыг авч явна гэтэл хадам аав Ш.Г явахгүй гэж байгаад гэрээс дагуулаад гарсан. Хадам ээж П.Ал “ та нар яасан гэж авч явах гээд байгаа юм бэ” гэтэл Дэрэн сумын цагдаа нь гэх хүн үл таних хүн дуугүй бай, согтуу авгай минь гэж хэлээд гэрээс гарцгаасан. Тэр үед хадам ээж архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.
Тэд гэрээс гарч, гадаа хэсэг байж байгаад хадам ээж Ал гэрт орж ирэхээр нь би зөрөөд гадаа гартал хашааны гадна талд гарчихсан, хадам Га ын гадуур өмссөн байсан куртикийг тайлчихсан зогсож байсан. Хадам аав Га би хувцсаа солчихоод явъя гэхэд нөгөө 2 цагдаа нь хувцсыг солиулахгүй авч явах гээд байгаа бололтой байсан. Гадаа нилээн байж байгаад хадам аавыг машиндаа сулгаад аваад явсан.Цагдаа нар авч явахаас өмнө хадам аав Га зүгээр юм яриад хоол идэж байсан, тэгэхэд эрүү нь хугараагүй байсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-50-51/
Шинжээчийн 2017.08.17-ны өдрийн 936 тоот дүгнэлтэд “Ш.Г-ын биед доод уруулын зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун их бие хэсгийн хугарал, дээд зүүн 1, доод баруун 3 шүд унасан, хүзүүний урд доод хэсэг, 2 чихний ард зулгаралт, өвчүүний гол хэсэг, зүүн хөхний дээр, хэвлийн баруун зүүн хажуу доод хэсэг, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ш.Г нь 4 шүд үгүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 15 % алдагдуулна” гэжээ /хх-79-82/
Шинжээч Б.Ар-ын “...Эрүү хагалгааны үед баруун доод үүдэн шүдэн дээр нэмээд нэг шүд хагалгаагаар авсан. Ингэхлээр эрүүний гэмтлээс доод талд нийтдээ 3 шүд байхгүй болсон, дээд талдаа 1 шүд унасан. Ингээд нийлээд 4 шүд унасан болохоор хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарна. Зүүн дээд үүдэн шүд мөргөхөл хугарсан байж болно. Эрүүний хугарал нь мөргөх үед үүсэхгүй, цохих, өшиглөх үед үүсэх боломжтой. Эрүүл мэнд нь түр хугацаанд сарнихаас гадна хөдөлмөрийн чадвар алдалт 5 хувь алдагдах тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.1 болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийн хувь хэмжээг тогтоох дүгнэлтийн 51.1-д зааснаар 5 хувь гэж тогтоосон байдаг. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-83-86/
Хэрэгт цугларсан бусад бичгийн баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч И.Б нь 2018 оны 06 сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын цагдаагийн хэсгийн байранд тус сумын иргэн Г.Га ын нүүрэн тус газар нь өшиглөсөн, уг үйлдлийн улмаас Ш.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Б нь хохирогч Ш.Г-ын нүүрэн тус газар нь өшиглөөгүй, Га Ар-ыг хөлийг нь хамаад газарт унах үед би хажууд нь зогсож байсан, тэр хоёрыг тосч авах гээд ойртоход миний зүүн хөл дээр унасан гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Э-с “Ба-ын хэргийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шалгаж Нийслэлийн прокурорын газар хяналт тавих ёстой байсан. Гэтэл Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дундговь аймгийн Прокурорын газар хяналт тавьсан. Хэргийн 15-р хуудсанд 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн. Энэ хүртэл хууль зөрчсан ажиллагаа явагдсан. Тэгэхээр дээрх хугацаанд цуглуулсан баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй учраас И.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.
Говь-Угтаал сумын төвд 2017 оны 6 сарын 7-ны өдөр хэсгийн цагдаа Л.Мө нь бусдад зодуулж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан, мөн Ш.Г нь 2017 оны 6 сарын 7-ны өдөр бусдад зодуулж биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай 201712000109 дугаартай тогтоол 2017 оны 6 сарын 27-ны өдөр гарсан /1-р хх-н 1/ болох нь тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 5 сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж дагаж мөрдөж эхэлжээ.
Цагдаагийн байгууллага “хэсгийн цагдаа Л.Мө бусдад зодуулсан” гэх мэдээллийг 2016.06.08-ны өдөр хүлээн авч /1-р хх-н 5/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад прокурорын 2017 оны 9 сарын 20-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор эрүүгийн 201712000109 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар харъяаллын дагуу Авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4-т “цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харъяаллыг прокурор тогтооно” гэж, мөн хуулийн , 30.11 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд дурдсан асуудал нь тухайн мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харъяаллын бус болох нь тогтоогдвол мөрдөгч харъяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт даруй хүргүүлнэ” гэж, мөн зүйлийн 3-т “Прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэргийг 24 цагийн дотор харъяаллын дагуу шилжүүлэх шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад шилжүүлнэ” гэж тус тус заасныг зөрчжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллага харьяалал зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж И.Б-ын холбогдсон хэрэгт цуглуулсан баримтаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор шинжээч томилсон тогтоол /1-р хх-ийн 69,72, 73-рт/, шинжээчийн 936, 7892 дугаартай дүгнэлтээс /хх-ийн 76, 79-80/ бусад баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Хохирогч Ш.Г-ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор цагдаагийн алба хаагчийн шинжээч томилсон тогтоол болон түүнийг үндэслэн гарсан шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Авлигатай тэмцэх газар эрүүгийн 201712000109 дугаартай хэргийг хүлээн авснаас хойш хийгдсэн ажиллагаа буюу гэрчБ.А, П.Ал , Н.Энх-О, насанд хүрээгүй гэрч Г.Са болон шинжээч эмч Б.Ар нарын мэдүүлгээр хохирогч Ш.Г-ын бие эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, уг гэмтэл нь Б.А, И.Б нар Ш.Г-ыг авч явах үед үүсээгүй байсан, И.Б нь Ш.Г-ын нүүрэн тус газар өшиглөсөн болох нь нотлогдож байгаа болно.
Гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Ш.Га-д холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ 230 дугаар зүйлтийн 230.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Г-ыг цагдаагийн алба хаагч Л.Мө-г хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч И.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Тухайн үйл явдал нь 2017 оны 06 сарын 07-ны өдөр болсон бөгөөд 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Уг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч И.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.Га-д 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус заасан байна. Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтууд нь хоорондоо зөрүүтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заажээ.
Иймд шүүгдэгч И.Б-д Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах боломжгүй бөгөөд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Га-д 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Га-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж ирүүлсэн бөгөөд уг хуулийн 78 дугаар зүйлд ялтай байдлыг хуульчилсан байна.
Шүүгдэгч Ш.Г нь Дорноговь аймгийн шүүхийн 1993 оны 4 сарын 12-ны өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1993 оны 9 сарын 29-ний өдөр суллагдсан. /1-р хх-ийн 163/
Дорноговь аймгийн шүүхийн 1998 оны 4 сарын 13-ны өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 7 сарын 22-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 11 сарын 22-ны өдөр суллагдсан.
Дорноговь аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2012 оны 5 сарын 30-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 842400 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ш.Г-ын ялтай байдал нь 2017 оны 5 сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна.
Иймд шүүгдэгч Ш.Га-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Га-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн бөгөөд уг хуулийн 61 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнсэгдсэн ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина” гэж заасан байх тул Ш.Г-ыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавих үүргийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгав.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ш.Г нь хохирогч Мө-д учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хэргийн 51-рт авагдсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хохирогч Л.Мө-н хүсэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Ш.Г нь шүүгдэгч И.Б-аас 2.500.000 орчим төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн бөгөөд шүүгдэгч И.Б нь хохирогчид 2.000.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
Хохирогч Ш.Г нь нийт 2.454.758 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан бөгөөд хохирогчийн нэхэмжлэлээс хэргийн 234, 235, 243, 244 дугаар хуудсанд авагдсан 121578 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 333.180 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.
Хэрэгсэхгүй болгосон 121578 төгрөгийн баримт нь хүнсний бүтээгдэхүүнүүд, ургамлын тос, шүдний оо, ус гэх мэт ахуйн хэрэгцээний зүйлд зарцуулсан бөгөөд үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй юм. Мөн 1-р хавтаст хэргийн 236, 2-р хавтаст хэргийн 1 дэх хуудсанд авагдсан баримтууд нь хэдэн төгрөгийн баримт болох, юунд зарцуулсан нь тодорхойгүй /бичвэр нь арилсан/, Говь-Угтаал-Улаанбаатар-Говь-Угтаал чиглэлд зорчсон тасалбар хэрэгт авагдсан байхад дээрх хугацаанд Говь-Угтаал сумаас шатахуун авсан, мөн шатахуун авсан зарим баримт нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй байх тул нийт 333.180 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болно.
Хохирогч Ш.Г нь цаашид хагалгаа хийлгэсэн эрүүнийхээ хадаасыг авахуулах шаардлагатай, зардлыг нь нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл эрүүний хугарал хадсан хадаасыг авах, эмчилгээ хийхэд хэдэн төгрөг шаардлагатай талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ш.Г нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч И.Б-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ш.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Г.М