| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 315/2026/0035/Э/ |
| Дугаар | 2026/ДШМ/13 |
| Огноо | 2026-04-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/13
Г.ад холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,
прокурор Б.Цэгмэд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Г.ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2.Шүүгдэгч Г. нь 2024 оны 05 дугаар сард 2 удаагийн үйлдлээр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “” гэх газраас 4 тооны адууг “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, 2 тооны адууг “” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг ашиглан хулгайлж, хохирогч ид нийт 5,802,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэд нь шүүгдэгч Г.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.ыг “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглан үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилж, “Бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан үргэлжилсэн үйлдлээр залилах” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ, нийт 11,872,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, улсын орлогод оруулахыг даалгаж, тус хэргийн улмаас хохирогч ид 5,802,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Хяналтын прокурор Б.Цэгмэд эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүх хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй байдаг.
Гэвч анхан шатны шүүхээс улсын яллагчийн шүүх хуралдаанд хийсэн дүгнэлт, өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгээгүй ба хууль ёсны, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө ямар нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн нь тодорхойгүй тул "шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх" хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Алдуул мал завших гэмт хэргээс хэрхэн ялган зүйлчилж байгаа талаараа үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрх зүйн дүгнэлтийн хэсэгт "Мал хулгайлах гэмт хэрэг нь тус эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн хараа хяналтаас нууц далд аргаар шилжүүлэн авч захиран зарцуулах эрхийг олж авдаг ба залилах гэмт хэрэг нь итгүүлэн хуурч авдаг объектив шинжээрээ хоорондоо ялгагдаж зүйлчлэгддэг учиртай. Шүүгдэгчийн өмгөөлөгч алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэх санал гаргасан нь үндэслэлгүй байна. Алдуул мал завших гэмт хэргийн объектив шинж нь бусдын алдсан малыг нууц далд аргаар завшиж хохирол учруулдаг шинжтэй бөгөөд тус гэмт хэрэгт тогтоогдож байгаа ил аргаар бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн бусдыг төөрөгдүүлэн өөрийн эзэмшилд авч, бусдад хохирол учруулж байгаа үйл баримттай нийцэхгүй байна гэж шүүх үзлээ" гэж дүгнэсэн нь хохирогч , гэрч , , шүүгдэгч Г. нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон хэргийн үйл баримттай нийцээгүй эрх зүйн дүгнэлт байна.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт Г.ын яллагдагчаар өгсөн "Манайх өөрөө "" тамгатай юм. Тухайн зар дээр байсан гүүнүүдийн зургийг ойртуулж татаж харахад манай тамгатай их төстэй тамгатай гүүнүүд байсан..." гэж мэдүүлэг (Хэргийн 208-212 дугаар хуудас).
Гэрч ийн " гэх залуу ачааны машинтай ирж миний алдсан гүүнүүд байна гэж хэлээд надад “” тамга харуулаад манай адуунаас.... нийт 4 тооны гүү ачаад нөгөө хоёр чойнжин тамгатай хар хүрэн гүү, сартай чойнжин тамгатай хүрэн гүү хоёрыг нь биш байна гэж үлдээсэн юм... сүүлд бодоод байхад үлдсэн хоёр гүүг нь манай адуунаас гэх хүн ирж надад хэлэлгүй авч явсан юм шиг байсан..." гэх мэдүүлэг (Хэргийн 119-120 дугаар хуудас),
Гэрч ын "Г. гэх залуу ачааны машинтай ирж, миний алдсан гүүнүүд байна гэж хэлээд аав бид хоёрт “” тамга харуулаад манай адуунаас... нийт 4 тооны гүү нэг унагатай ачаад нөгөө хоёр чойнжин тамгатай хар хүрэн гүү сартай чойнжин тамгатай хүрэн гүү хоёрыг нь биш байна гэж үлдээсэн юм. Тэрнээс хойш хэд хоногийн дараа манай аав аймгийн төв яваад ирэх хооронд манай хонгор азаргатай адуу алга болоод аав 3 хоногийн дараа сумаас хойд зүгт 20 км газар сураг гараад очиход манай адуунд үлдсэн байсан чойнжин тамгатай хар хүрэн гүү, сартай чойнжин тамгатай хүрэн гүү алга болсон байсан... “ гэх мэдүүлэг (Хэргийн 116-117 дугаар хуудас),
Адууны тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (Хэргийн 21-22 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд авагдсан ба дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г. нь хэрэг болсон цаг хугацаанаас өмнө "" тамгатай байсан ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанчлан буюу гэрч ын "" гэх фейсбүүк цахим хаягаас тавьсан зарыг хараад гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл төрж, тухайн тамгыг хохирогчийг төөрөгдүүлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох санаа зорилгоор зориуд бэлдсэн үйл баримт тогтоогдоогүй. Мөн гэрч , нар нь шүүгдэгч Г.ыг үлдсэн 2 тооны адууг өөрийнх нь адуунаас авч явахыг хараагүй, хэлэхгүйгээр нууцаар авч явсан байсан гэж мэдүүлсэн ба энэ нь 6 тооны адууг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр илээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн бусдыг төөрөгдүүлэн өөрийн эзэмшилд авч, бусдад хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хохирогч , гэрч , , шүүгдэгч Г. нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон хэргийн үйл баримттай нийцээгүй байна. Прокуророос шүүгдэгч Г.ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ түүнийг бусдын малыг хулгайлсан гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний хувьд шүүгдэгч Г.ын өмгөөлөгчөөр оролцсон. Г.ын хэргийг анхан шатны шүүхээс 2026 оны 02 сарын 05-ны өдрийн 45 тоот тогтоолоор шийдвэрлэж, 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан. Үүнийг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
7.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
9.Шүүгдэгч Г. нь 2024 оны 5 дугаар сард 2 удаагийн үйлдлээр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “” гэх газраас 4 тооны адууг “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, 2 тооны адууг “” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклыг ашиглан хулгайлж, хохирогч ид нийт 5,802,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
9.1.Шүүгдэгч Г.ын “Фейсбүүк ороход аймгийн зарын групп дээр “Эдгээр гүүнүүд манай адууг дагаж ирсэн тул эзэн гарвал тамгаа барьж ирээд адуугаа авна уу” гэсэн тайлбартай, 6 тооны “” тамгатай гүүнүүд байсан. Манай тамгатай их төстэй тамгатай гүүнүүд байсан. Зар оруулсан хүнтэй холбогдож, “Миний алдсан гүүнүүд байна. Би тамгаа барьж очоод адуугаа авъя” гэж хэлсэн. Тухайн хүнтэй ярьснаас хойш 7-8 хоногийн дараа би өөрийн “” машинтайгаа очиж, 4 тооны адууг ачсан. “2 гүүгээ үлдээчихье. Буцаж ирээд авъя” гэж хэлээд явсан. Би тухайн 4 адууг өөрийнхөө хүрэн азарганд хураалгасан. Тэгээд 3, 4 хоногийн дараа мотоциклтой очоод 2 тооны адууг гэр рүүгээ тууж, хүрэн азарганд хураалгасан. Тухайн 6 гүүг адуундаа нийлүүлснээс хойш 13-14 хоногийн дараа гэх хүн надтай уулзаад: “Чи гэх хүний адуунаас миний 6 тооны гүүг аваад явсан байна. Үнэн юм уу?” гэхээр нь би: “Би очиж авсан нь үнэн” гэж хэлсэн. Би нийт 6 тооны гүү, 2 унагатай нь ахад хүлээлгэн өгсөн. Түлшний мөнгө 350,000 төгрөг өгөөд уучлалт гуйсан. Тухайн 6 тооны адуу манай адуу биш байсан. Би хийсэн алдаандаа гэмшиж байна.” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 208-212 дугаар хуудас),
9.2.Хохирогч ийн “Манайх 2024 оны 01 сард “Сүжийн хөндий” гэдэг газраас 11 тооны адуугаа шуурганд уруудуулж алдаад олохгүй байсан юм. Тэгсэн гэх залуу таны алдсан 6 тооны гүү Бат-Эрдэнийн адуунд нийлсэн байсныг Г. “Миний алдсан гүү байна” гэж хэлээд ачааны машинтай ирээд ачаад явсан гэж хэлсэн. Тэгээд би тэй уулзахад: -Манай шуурганаар алдагдсан адуутай 6 гүү нийлж ирэхээр нь би фейсбүүкт зар тавиулсан. Тэгсэн Г. “Миний алдсан гүү байна” гээд “” тамга үзүүлээд хоёрыг нь үлдээгээд аваад явсан. Хоёр гүү нь манай адуунд байсан саяхан алга болсон гэж хэлэхээр нь би аас асуухад 6 тооны адуу авснаа надад хэлсэн. Миний 6 тооны гүүг зүсээр нь авчирч өгсөн...” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 99-108 дугаар хуудас)
9.3.Гэрч ын “ ах “Манай тамгатай адууг мэдэж байгаарай” гэж надад захисан. 2024 оны 5 сард би адууны эрэлд явж байгаад гэх айлын хонгор адуугаар ороход ахын сураглаж байсан 6 тооны адуу байсан. Энэ талаар ах руу утсаар залгаж хэлээд чатаар зургийг нь явуулсан...” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 113-11******* хуудас),
9.4.Гэрч ын “Манай аавын хонгор азаргатай адуу 2023 оны 12 дугаар сарын сүүлээр шуурганд уруудаж алга болоод хавар 2024 оны 05 дугаар сард хүний 6 тооны гүү хураагаад ирсэн. Тухайн үед 6 тооны гүүний зургийг нь авч, фейсбүүкт зар оруулсан. Тэгсэн удалгүй гэх залуу ачааны машинтай ирж “Миний алдсан гүүнүүд байна” гэж хэлээд аав, бид хоёрт “” тамга харуулаад манай адуунаас нийт 4 тооны гүү, 1 унага, нийт 5 тооны адуу ачаад нөгөө хоёр гүүг биш байна гэж үлдээсэн юм. Тэрнээс хойш хэд хоногийн дараа хонгор азаргатай адуу алга болсон. Аав 3 хоногийн дараа сумаас хойд зүгт 20 км газраас очиж авахад манай адуунд үлдсэн байсан 2 гүү алга болсон байсан” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 116-117 дугаар хуудас),
9.5.Гэрч ийн “Манай хонгор азаргатай адуу шуурганд уруудаж алга болоод хүний 6 тооны гүү хураагаад ирсэн. Тухайн үед нь 6 тооны гүүний зургийг нь авч, фейсбүүкт хүү оор зар тавиулсан. Тэгсэн удалгүй гэх залуу ачааны машинтай ирээд “Миний алдсан гүүнүүд байна” гэж хэлээд надад “” тамга харуулаад манай адуунаас хүү, бид хоёроор бариулж, нийт 4 тооны гүү ачаад явсан. Нөгөө 2 гүүг биш байна гэж үлдээсэн. Хэд хоногийн дараа манай хонгор азаргатай адуу алга болоод 3 хоногийн дараа сураг гарсан. Намайг очиход манай адуунд үлдсэн байсан хоёр гүү алга болсон байсан. 2024 оны 7 дугаар сард над руу утсаар залгаж “Миний алдсан 6 тооны гүү танай адуунд байж байгаад алга болсон байна” гэж хэлсэн. Сүүлд үлдсэн хоёр гүүг нь манай адуунаас гэх хүн надад хэлэлгүй авч явсан юм шиг байсан. 6 гүүгээ гэх хүнээс зүсээр нь олж авсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 119-120 дугаар хуудас),
9.6.Гэрч ийн “2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Г. гэх залуу хонгор зүсний, тавын тоо шиг тамгатай, байдсан гүүг 900,000 төгрөгөөр надад авчирч өгсөн. гэх залуугаас хонгор байдсан гүү авахдаа гарал үүслийн бичиг нэхсэн боловч өгөөгүй.” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 123-12******* хуудас),
9.7.Гэрч ийн “ улсын дугаартай, “” маркийн тээврийн хэрэгслийг 2023 онд гэх хүнээс худалдаж авсан. Мотор нь муу байсан тул буцааж өгсөн. Нэрээ шилжүүлээгүй болохоор миний нэр дээр гарч ирээд байгаа.” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 127-128 дугаар хуудас),
9.8.Хохирогч ид 6 тооны адуу хүлээлгэн өгсөн болон эдгээр адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 14-20 дугаар хуудас),
9.9.Шүүгдэгч Г., хохирогч нарын “ тамга”-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (Хэргийн 1 дүгээр хавтасны 21-22 дугаар хуудас),
9.10.Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (Хэргийн 1 дүгээр хавтасны 25-28 дугаар хуудас),
9.11.“” ХХК-ийн шинжээчийн “6 тооны адууны үнэлгээ 5,802,000 төгрөг” гэх дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 162-167 дугаар хуудас),
9.12.“” ХХК-ийн шинжээчийн “ улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 11,000,000 төгрөг” гэх дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 150-155 дугаар хуудас),
9.13.“” ХХК-ийн шинжээчийн ““” маркийн мотоциклын үнэлгээ 872,000 төгрөг” гэх дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 174-178 дугаар хуудас)
9.14.Яллагдагч Г.ын дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (Хэргийн 1 дүгээр хавтасны 39-96 дугаар хуудас) зэргээр хэргийн үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
10.Хэрэгт авагдсан гэрч Г.Цэгмид, нарын мэдүүлэг, авто тээврийн хэрэгслийн лавлагаа, хохирогч ийн малын “А” дансны тооллогын хуудас, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 1 дүгээр хавтасны 24, 30-34, 131-136, 215-228 дугаар хуудас)
11.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан шинжлэн судалж, болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байна. Тодруулбал: Хохирогч нь 2023 оны 12 дугаар сард 11 тооны адуугаа шуурганд уруудуулж алдсанаас 6 гүү нь гэх хүний хонгор азаргатай адуунд нийлсэн байна. , түүний хүү нар эдгээр гүүний зургийг авч, фейсбүүкт зар тавихад шүүгдэгч Г. өөрийн “” тамгыг үзүүлж, түүний адуу биш гэдгийг мэдсэн атлаа “Миний адуу” гэж худал хэлж, хуурч мэхлэн эхний удаад 4 адууг нь “” машинд ачиж, сүүлд 2 адууг нь мотоцикл унан тууж, авч явсан үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдсон байна.
12.Прокуророос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.
13.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан эсэхийг тогтоохын тулд гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо зэрэг объектив талын шинжийг шалгахаас гадна гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэсэн шунахай сэдэлт хэзээ төрсөн, улмаар гэмт үйлдэл хэрэгжиж эхэлсэн болон үргэлжилсэн хугацааг бодитой тодорхойлох нь шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргахад зарчмын ач холбогдолтой юм. Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Түүнчлэн, зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаарна.
Мал хулгайлах гэмт хэрэг нь малыг эзэмшигч, өмчлөгчийн хараа хяналтаас нууц далд аргаар шилжүүлэн авч, захиран зарцуулах эрхийг олж авдаг бол залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийг итгүүлэн хуурч, илээр авдаг объектив шинжээрээ хоорондоо ялгагдаж зүйлчлэгддэг.
Шүүгдэгч Г. нь нууцаар бус илээр, 6 тооны алдуул адууг өөрийнх нь адуу биш гэдгийг мэдсэн атлаа, “” тамга ашиглан тухайн үед эдгээр адууг адуундаа нийлүүлж, эзэмшилдээ байлгаж байсан , нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь гэрч ийн “ гэх залуу ачааны машинтай ирээд “Миний алдсан гүүнүүд байна” гэж хэлээд надад “” тамга харуулаад манай адуунаас хүү, бид хоёроор бариулж, нийт 4 тооны гүү ачаад явсан...” гэх, гэрч ын “Манай аавын хонгор азаргатай адуу шуурганд уруудаж алга болоод хүний 6 тооны гүү хураагаад ирсэн. Тухайн үед 6 гүүний зургийг нь авч, фейсбүүкт зар оруулсан. Удалгүй гэх залуу ачааны машинтай ирж “Миний алдсан гүүнүүд байна” гэж хэлээд аав, бид хоёрт “” тамга харуулаад манай адуунаас нийт 4 тооны гүү, 1 унага, нийт 5 тооны адуу ачаад аваад явсан...” гэх мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. (Хэргийн 1 дүгээр хавтасны 116-120 дугаар хуудас)
Иймд шүүгдэгч Г.ын бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцсэн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь зөв байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14.Анхан шатны шүүх шүүгдэгч Г.ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатнаас хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, ам бүл 6, дөрвөн хүүхэдтэй зэрэг хувийн байдал болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж агуулгыг нь тодорхойлсон шударга ёсны зарчимд нийцэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ