Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01546

 

 

 

 

 

 

 

 

Д.Б, Д.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ/2022/01663 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Б,

Нэхэмжлэгч: Д.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Гт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Б, Д.Б нарыг Д.Нийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Бны 12 дугаар гудамж, 18 тоот хаягт байрлах, 477 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхийг даалгах, нөхөх олговорт олгосон 12,479,667 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, үндэслэлийн агуулга:

1.1. Д.Б 1982 оны 08 дугаар сарын 21-ний өдөр, Д.Б 1979 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус Я.Дэнсмаа болон Д.Н нарын хүүхдүүд болон мэндэлсэн. Улаанбаатар хотын О шүүхийн 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрээр Д.Бын төрсөн эцэг Д.Н мөн болохыг, 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Д.Бийн төрсөн эцэг Д.Н мөн болохыг тус тус тогтоосон.

1.2. Бидний төрсөн эцэг Д.Н 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Аавыг нас барахаасаа өмнө Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Бны 12 дугаар гудамж, 18 тоот хаягт байршилтай, 617 м.кв талбай бүхий амины хашааны зориулалттай газар эзэмшиж байсныг бид 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөн дүүргийн Газрын албанаас мэдсэн. Тус газрын эзэмших эрхийг манай аавын төрсөн эгчийн хүүхэд Д.Г нь 2018 онд өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан. Газрын эзэмших эрхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/506 дугаар захирамжийн дагуу маргааны зүйл болж буй газрын эзэмших эрх Д.Гт шилжжээ. Сонгинохайрхан дүүргийн Газрын алба болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар нь нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ бичигдээгүй, төрсөн хүүхэд болон эхнэрийнх нь лавлагааг шалгахгүйгээр дээрх газрын эзэмших эрхийг хариуцагч Д.Гийн нэр дээр шилжүүлсэн нь хууль бус.

1.3. Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан тайлбар болон газрын бичиг баримт авахдаа гаргасан бидний төрсөн аав Д.Нийн газар мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэгч Д.Б, Д.Б нарыг Д.Нийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож, өвлөгдвөл зохих дээрх газрын эзэмших эрхийг Д.Б, Д.Б нарт шилжүүлж өгөхийг даалгаж, тухайн газраас төр нөхөх олговортойгоор авч, нөхөх олговорт төрөөс хариуцагч Д.Гт олгосон 12,479,667 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие ах Д.Нтой 10 гаруй жил Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Бны 12 дугаар гудамж, 18 тоот хаягт хамт амьдарсан бөгөөд тэрээр 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Би дээрх хаягт байрлах газар дээр сүүлийн 20 орчим жил амьдарч байгаа. Нэхэмжлэгч Д.Б, Д.Б нар миний ахыг амьд сэрүүн байх үед ирж уулзаж, харж хандаж байгаагүй атлаа ахыг нас барснаас хойш 10 гаруй жилийн дараа эд хөрөнгө, өв залгамжлалын асуудлаар шүүхэд хандсанд гомдолтой байна. Миний бие 2018 онд дээрх газрыг Газрын тухай хуульд зааснааар эзэмшиж байгаа. Тухайн үедээ холбогдох байгууллагуудаас лавлагааг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өргөдөл гаргасан. Д.Н нь маргааны зүйл болж буй газрын хууль ёсны эзэмшигч, өмчлөгч гэсэн баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б, Д.Б нарыг маргааны зүйл болж буй газар эзэмших эрхийн хувьд Д.Нийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, өвлөгдвөл зохих эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Бны 12 дугаар гудамж, 18 тоот хаягт байрлах, амины хашааны зориулалттай, 477 м.кв талбай бүхий амины хашааны зориулалттай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлж өгөхийг даалгах, маргааны зүйл болж буй эд хөрөнгийн нөхөх олговорт авсан 12,479,667 төгрөгийг гаргуулахыг хүссэн, хариуцагч Д.Гт холбогдох нэхэмжлэгч Д.Б, Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 160,649 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ажлын алба, мөн дүүргийн Газрын алба, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан бичиг зэргээр талийгч Д.Н нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь тогтоогддог. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу маргааны зүйл болж буй газрын хууль ёсны эзэмшил нэхэмжлэгч нарын аав болох Д.Нид үүссэн. Өөрөөр хэлбэл, Д.Н нь тухайн газартаа 1980 оноос хойш нас барах хүртлээ амьдарч тухайн газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж байсан нь холбогдох төрийн байгууллагын лавлагаа баримтаар тогтоогдож байхад шүүх хэрэгт цугларсан баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж дүгнэхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.2 Хариуцагч Д.Г нь тайлбартаа тухайн газрыг Д.Нийн эзэмшилээс шилжүүлж авахдаа өөрийн эх Д.Ц, ах н.А нараар өргөдөл бичүүлж авсан байдаг бөгөөд тус өргөдөлд "...Д.Нийн эзэмшил газрыг өвлөхөөс татгалзаж байна, дүү Д.Гт өгөхөд татгалзах зүйлгүй" гэж бичүүлсэн байдаг. Дээрх өргөдөл, тайлбаруудаас үзэхэд маргааны зүйл болж буй газрын хууль ёсны эзэмшигч нь Д.Н болох нь тогтоогдож байхад шүүх хариуцагчийн тайлбар, өргөдөл зэргийг харгалзаж үзэхгүйгээр шийдвэрлэсэн. Тухайн газар дээр анхнаасаа Д.Н амьдарч, хуулийн дагуу эзэмшил үүссэн гэдгийг хариуцагч нь мэдэж байсан талаар тайлбарласан байхад анхан шатны шүүх нь тухайн тайлбарт дүгнэлт хийхгүйгээр, өв залгамжлалаар бус шинээр эзэмших эрх үүссэн гэж үзэн Д.Нийн эзэмших эрхийг үгүйсгэж, нэхэмжлэгч нарын өвлөх эрхийг хөндсөнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг гаргаж өгөх үйл ажиллагааг бүрэн хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг талийгч Д.Н хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаагүй нь Газрын албанаас ирсэн баримтуудаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Б, Д.Б нар нь хариуцагч Д.Гт холбогдуулан Д.Б, Д.Б нарыг Д.Нийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Б гудамж-12, 18 тоот хаягт байршилтай, 477 м.кв талбай бүхий амины хашааны зориулалттай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхийг даалгах, төрөөс газрын нөхөх олговорт олгосон 12,479,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Улаанбаатар хотын О ардын шүүхийн 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 133 дугаар шийдвэрээр Д.Бын эцэг Д.Н мөн болохыг, мөн шүүхийн 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1002 дугаар шийдвэрээр Д.Бийн эцэг Д.Н мөн болохыг, мөн Д.Н 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нас барсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх 10/ Иймд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар талийгч Д.Нийн хууль ёсны өвлөгч юм. Хууль ёсны өвлөгчдийг шүүхийн шийдвэрээр дахин өвлөгч болохыг тогтоох шаардлагагүй тул холбогдох нэхэмжлэл үндэслэлгүй. /1хх 17-20/

4. Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Б 00-00 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 00 дугаартай, 617 м.кв талбайтай, амины хашааны зориулалттай газрын эзэмших эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/506 дугаар захирамжаар Д.Гт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. /1хх 11, 62, 191, 223, 245/

5. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх учиртай. Өөрөөр хэлбэл, өвлүүлэгчийн амьд сэрүүн байхад нь бодитой байсан эрх, үүрэг өвийн зүйл болно. Хэрэгт авагдсан баримтаар өвлүүлэгчид өвлүүлэх өв байгаагүй байжээ.

6. Талийгч Д.Н нь газар эзэмших эрхээ шилжүүлж авч чадаагүйгээс уг газрыг эзэмших эрхийг шилжүүлж авах эрх нь өвийн зүйл болно гэж нэхэмжлэгч нар маргасан.

7. Кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд дээр дурдсан 610 м.кв талбай бүхий газар Д.Нийн нэр дээр бүртгэлтэй байсан ба тэрээр үүнээс хойш уг газрыг эзэмших эрхийг холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байсан талаар баримт байхгүй.

8. Талийгч Д.Н нь дээрх маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй, уг эрхийг олж авах байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

9. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/506 дугаар захирамжаар Д.Гт маргаан бүхий газрыг анх тутам олгосон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /1хх 11, 62, 191, 223, 245/

10. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн заасан эзэмших эрх олж авах үндэслэл нь газар эзэмших эрх олгосон эрх бүхий этгээдийн шийдвэрт хамаарахгүй.

11. Маргааны зүйл болсон газар эзэмших эрх өв биш тул уг газраас 140 м.кв талбайг нөлөөлөлд өртсөнөөр хариуцагчид олгогдсон нөхөх олговорт 12,479,667 төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамааруулж хууль буруу тайлбарлан хэрэглсэнийг залруулна.

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ/2022/01663 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас , 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 495 дугаар зүйлийн 495.1, ...Д.Б, Б.Б нарыг маргаан бүхий газар эзэмших эрхийн хувьд Д.Нийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, гэсэн хэсгийг тус тус хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

М.БАЯСГАЛАН