Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 180

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Х.Отгонжаргал, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Иргэдийн төлөөлөгч: Х.Мөнхжаргал,

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, П.Өлзийбаяр,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар,

Шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар Э.М, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар Ц.С, Ц.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 201405000067 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, нутгийн удирдлага мэргэжилтэй, Алтангадас одонгоор шагнагдаж байсан, урьд Хязгаарын ба дотоодын цэргийн тусгай шүүхийн 1980 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 69, 213а-д зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Жинчин овогт Э.М

2.Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач, багш мэргэжилтэй, Боржигон овогт Ц.С

3.Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Понтгоон овогт Ц.Б

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Э.М нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан 2013 оны 04 сарын 19-ний өдөр 40 тоот захирамж гарган “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах тендерт сонгон шалгараагүй компани болох "Эм Би Эс Эй Си" ХХК-тай шууд гэрээ байгуулж, мөн “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерт оролцсон " Эм Би Эс Эй Си " ХХК-ийг үнэлгээний хорооны гишүүд татгалзсан байхад " Эм Би Эс Эй Си" ХХК-тай шууд гэрээ байгуулах эрхийг олгож, Ц.Соос 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2000000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4000000 төгрөг нийт 6000000 төгрөгийн хээл хахуулийг 5239001428 дугаарын дансаар, мөн “Баянлүнхайрхан" хоршоотой хийсэн трактор нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 4800000 төгрөгийг шилжүүлэхгүй 2000000 төгрөг өгвөл үлдэгдэл төлбөрийг чинь шилжүүлье гэж хясан боогдуулах замаар 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Баянлүнхайрхан” хоршооны захирал Ц.Бөөс 1000000 төгрөгийн хээл хахуулийг Ө.Түмэннасангийн хувийн 5239011415 тоот дансаар давтан үйлдлээр авсан,

Шүүдэгч Ц.Б нь Заг сумын засаг дарга Э.Мт 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Заг сумын ЗДТГ-ын нярав Ө.Түмэннасангийн хувийн дансаар дамжуулан 1000000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

Шүүгдэгч Ц.С нь “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах, “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерийг тус тус авахын тулд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2000000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4000000 төгрөг нийт 6000000 төгрөгийн хээл хахуулийг 5239001428 дугаарын дансаар өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Э.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

: 2014 онд сумын 90-н жилийн ой болох гэж байсан. Үүнтэй холбогдуулан ойн бэлтгэл болон зохион байгуулалтын ажлуудыг 2013 оноос эхлэж хийхээр төлөвлөсөн. Сумын биеийн тамир, спортын цогцолбор барихаар 50.000.000 төгрөг төсөвлөгдсөн байсан. Сумын засаг даргын захирамжаар үнэлгээний хороо байгуулан ажиллуулсан. Үнэлгээний хороо “Баян шар булаг” компанийг шалгаруулсан тухай сумын засаг даргад мэдэгдэл ирүүлсэн. Энэ үед Ц.Соос сумын засаг даргад албан бичиг ирсэн. Албан бичгийн дагуу үнэлгээний хорооны материалтай танилцсан. Тендерт “Эм Би Эс Эй Си ” ХХК, “Баян шар булаг” ХХК оролцсон байсан. “Баян шар булаг” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дууссан байсан. Үнэлгээний хорооныхон шударга ажилласан бол “Эм Би Эс Эй Си ” ХХК шалгаруулах байсан гэж үзээд төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд харьцуулалтын тендер амжилтгүй болсон тохиолдолд захиалагч тал шууд гэрээ байгуулж болно гэж заасны дагуу эрх олгосон. Дараагийн ажил нь иргэний танхимын тээврийн засвар хийх ажил байсан. 50.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй. Үүний 42.000.000 төгрөгөнд иргэний танхимын дээврийн засварыг хийнэ. Үлдсэн 8.000.000 төгрөгөнд буудал барина гэж төлөвлөсөн байсан. 2012 оны жилийн эцсээр Эрдэнэцогт сумын засаг дарга, Давхарбаяр бид 3 уулзсан. Давхарбаяр дарга “Т даргаа бид нар таны байшинг авч буудал болгоё, байшингаа 2.000.000-3.000.000 төгрөгөөр зарчих гэсэн чинь” юу ярьж байгаа юм барилгын материалын үнэ нэмэгдсэн 10.000.000 төгрөгөөс доош өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд яриад 7.000.000 авахаар тохиролцсон. 7.000.000 төгрөгөөр байшинг худалдаж аваад үлдсэн 1.000.000 төгрөгөнд халаалтын шугам гэж ярьсан. Сумын тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. 8-10 хүн байрлах 2 өрөө бүхий гал тогтоотой буудлын зориулалтаар ашиглах байрыг худалдаж авах буюу барина гэж тендерийн материалд байгаа. Явцын дунд Т би байшингаа болилоо гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар модон торх авч барина гээд Ц.Соос бид нар мөнгөө нэхдэг байсан. 2013 оны 12 сард над руу залгаад Ц.С дансны дугаараа явуулчих гэж хэлсэн. Тэгээд би дансны дугаараа явуулсан. Ц.С 2.300.000 төгрөг шилжүүлчихлээ. 600.000 төгрөг нь таны дэлгүүрийн өр, 1.700.000 төгрөг нь буудлын мөнгөний урьдчилгаа байгаа гэж хэлсэн. 2013 оны 12 сарын 30-ны өдөр 4.300.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 6.000.000 төгрөг миний дансанд орсон. 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр данснаасаа 6.000.000 төгрөг аваад няравын данс руу хийсэн. Би нэг ч төгрөг аваагүй. “Баян Лүн Хайрхан” хоршооны тухайд гэвэл тендерт оролцсон. 48.800.000 төгрөгөөр трактор худалдаж авахаар болоод гэрээ байгуулсан. Шатахуун хийх бололцоо муу байна. 2.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлээч гэхэд тэгье гэсэн.Нярав өдөр болгон жолоочид шатахууны бичиг хийж өгдөг. Энэ мөнгийг хувьдаа авсан ашигласан зүйл байхгүй. Төрийн ажил хийхийн тулд явсан гэв.

Шүүгдэгч Э.Мын мөрдөн байцаалтад өгсөн

 ...Трактор нийлүүлэх тендерийг шалгаруулах үнэлгээний хороог миний бие Засаг даргын захирамж гаргаж томилсон. Уг тендерт 48.8 сая төгрөгөөр "Баянлүнхайрхан" хоршооны захирал Б шалгарсан байсан. Уг тендерээр бид хог түрэх зориулалт бүхий хүчин чадал сайтай трактор авъя гэж төлөвлөж байсан. Гэтэл тус хоршооны нийлүүлсэн трактор нь хүчин чадлын хувьд санаанд хүрсэн трактор байгаагүй. Тухайлбал түрдэг механизм-д нь зориулалтын бус төмөр гагнуулсан байсан. Тэгээд би уг трактороор хэд хэдэн газрын дэрс, овгор шороог түрүүлж үзэхэд санаанд хүрэхээргүй байсан. Тэгэхээр нь би үнэлгээний хороог тэр чигээр нь томилж дүгнэлт гаргуулахаар болсон. Энэ нь та нарын шалгаруулсан трактор мөн үү биш үү гэдгийг үзэж шалга гэсэн утгатай байсан. Тэгтэл тэд үзэж шалгаад бидний шалгаруулсан трактор мөн байна гэж хариу ирүүлсэн. Тийм болохоор нь үнэлгээний хороо нэгэнт ингэж байгаа юм бол хүлээж авъя гэж шийдээд хүлээж авах комисс томилж, тракторыг хүлээлцсэн. Энэ үеэр би Бт хандаж чиний трактор бол хүчин чадал муу трактор байна. Чи эндээс ашигтай ажилласан байж таараа, энэ трактороор бид хог түрнэ, газар ухна, тэгэхээр чи шатахуун авахад 2000000 төгрөгөөр туслаач гэхэд тэр зөвшөөрсөн юм. Тэгээд 1000000 төгрөг нь удалгүй манай няравын данс руу шилжиж ирсэн. Тэгээд няравын дансанд байж байгаад трактороор хог түрэх ажилд зарцуулагдсан. Би уг мөнгийг хувьдаа авч хэрэглээгүй. Сумынхаа ой болох гэж байгаатай холбогдуулан өнгө зүсийг нь сэргээх, хогноос нь салгая гэж л бодсон юм. Б нь үлдсэн 1000000 төгрөгөөр өгөөгүй. Миний хувьд түүнээс шаардахад боломжгүй байна гээд байгаа юм. Түүнээс биш хясан боогдуулсан асуудал байхгүй. Мөн миний захирамжаар Биеийн тамир, спортын цогцолбор барих тендерийн үнэлгээний хороог томилсон. Үнэлгээний хорооноос тус тендерт оролцсон Баяншарбулаг ХХК-ийг шалгаруулж ирүүлсэн байсан. Миний хувьд тендер сонгон шалгаруулалтын материалтай танилцаж байхад тус компаний барилгын ажил эрхлэх тусгай зөвшеөрөл нь 2013 оны 06 сарын 20-ны өдөр дууссан байсан. Мөн санал болгосон үнэ нь “Эм Би Эс Эй Си" ХХК-иас илүү байсан. Мөн урьд хэлсэнчлэн Г. Т нар нь Баяншарбулаг ХХК-ий захиралтай ах дүү, хамаатан садангийн холбоотой байсан тул зориуд тусгай зөвшөөрөл нь дууссан компанийг шалгаруулсан байна гэж үзээд "Эм Би Эс Эй Си" ХХК-тай шууд гэрээ байгуулсан. Үүнд би дахиж тендер зарлаагүй гэдэгтээ алдсан байж магад. Энэ ажил нь шинэ хэрэгжсэн ажил учир туршлага дутсан байх. Түүнээс биш зориуд Сийн компанийг шалгаруулсан асуудал байхгүй. Баянлүнхайрхан хоршооны дарга Б нь өөрөө ирээд үлдэгдэл мөнгөө авъя гэхээр нь би муу трактор байна чи 2000000 төгрөгөөр туслаач гэхэд би үлдэгдэл мөнгөө аваад шилжүүлье гэсэн. Тэгээд манайхаас мөнгийг нь шилжүүлсэн. Угаасаа үлдэгдэл мөнгийг нь шилжүүлэх гэж байсан юм. Т өөрөө надад байраа зарна гэж байгаад зарахаа байсан. ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 192-194/

Шүүгдэгч Ц.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би 2013 онд зарласан тендерт оролцсон. Түлш мөнгөний бололцоо муу байна 2.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн нь үнэн. Би боломжоорорр 1.000.000 төгрөг өгсөн. Няравын данс руу шатахууны мөнгө гэж шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газрынхан сүрдүүлээд “мөнгө өгсөн үнэн биздээ” гэхээр нь би мөнгө өгсөн нь үнэн гэж хэлсэн. Би авлига гэж өгсөн гэж бодохгүй байна. Сум ард түмэн бүгд мэдэж байгаа гэв.

Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

...“Баянлүнхайрхан" хоршоог 2013 оны 02 сард үүсгэн байгуулаад намайг даргаар нь томилсон. 2013 оны 05 сард Заг сумын Засаг даргын тамгын газраас "Трактор худалдан авах" тендер зарлагдсан байсан. Тэгэхээр нь манай хоршооноос тендерт оролцох материалыг нь 20000 төгрөгөөр худалдаж аваад холбогдох материалыг нь бүрдүүлж тендерт оролцсон. Энэ тендерт манай хоршооноос гадна хоёр ч газар оролцсон бөгөөд одоо би нэрийг нь санахгүй байна. Тендерийн үнэлгээний хороо манай хоршоог шалгаруулаад гэрээ байгуулахаар болсон. Сумын Засаг дарга Э.Мтай 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр трактор нийлүүлэх 48800000 төгрөгийн гэрээг байгуулж, манай хоршоо гэрээний 90 хувь болох 44000000 төгрөгийг авахаар болсон бөгөөд 2013 оны 05 сарын 10-дын үед Э.М даргыг Улаанбаатар хотод байхад нь трактор нийлүүлэх мөнгөө авъя манай хоршооны дансанд хийчих гэж хэлээд хоршооны дансаа өгсөн боловч Төрийн санд бүртгэлгүй байна мөнгө шилжүүлж болохгүй байна гээд миний Голомт банкны 6100009515 тоот харилцанд дансанд 44000000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө авсны дараа БНХАУ-ын Эрээн хот руу явж тракторыг очиж үзэж, захиалаад тракторыг нь Улаанбаатар хотод авчируулаад 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газрын трактор хүлээн авах комиссын гишүүдэд хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 10 хувь 4800000 төгрөгийг авъя гэж Засаг дарга Э.Мт хэлтэль трактор нийлүүлнэ гэдэг чинь ашигтай л байж таараа чи 2000000 төгрөгийг нь түлшний мөнгө болгоод өгчих гэж надад хэлсэн. Миний хувьд гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө авахын тулд Засаг дарга Э.Мт за гэж хэлсэн. Тэгээд үлдэгдэл төлбөр болон 4800000 төгрөгөө 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аваад Засаг даргаас нөгөө мөнгийг чинь ямар дансанд хийх талаар асуусан чинь нярав Ө.Түмэннасанд өгчихөөрэй гэж хэлсэн. Би Ө.Түмэннасантай уулзаж дансны дугаарыг нь аваад маргааш нь "Хаан" банкин дахь дансанд 1000000 төгрөгийг хийсэн. Тэгтэл Засаг дарга Э.М нь надаас чи үлдэгдэл 1000000 төгрөгөө өгөөч гэж байнга нэхдэг бөгөөд би боломж байхгүй гэж хэлсэн ...гэх мэдүүлэг

 ....Мт мөнгө өгсөн нь миний буруу өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 189-190/

Шүүгдэгч Ц.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Миний бие 2013 онд “Эм Би Эс Эй Си ” ХХК-ийн захирлын үүргийг гүйцэтгэхдээ Баянбулаг, Хүрээмарал, Заг, Баянхонгор сумуудад барилга угсралтын тусгай зөвшөөрлийн дагуу тендерт оролцож байсан. Заг суманд 2 тендерт оролцсон. Эхний тендер нь биеийн тамир, спортын цогцолбор барих тендерт оролцсон. Тендерт оролцох хугацаанд “Баян шар булаг” ХХК орсон байсан. Энэ тендерийн үнэлгээний хорооны шалгаруулалт болсны дараа энэ компани орсон гэдгийг мэдсэн. Үнэлгээний хороонд орсон 5 гишүүний 3 гишүүн нь “Баян шар булаг” ХХК-ийн захирлын бэр, дүү нар нь байсан. Үнэлгээний хорооны комиссын шийдвэр хууль бус байна гэдгийг Засаг даргад хэлсэн. Э.Мт би мөнгө өгөөгүй. Э.Мын данс руу мөнгө шилжүүлэхдээ буудлын мөнгийг буцаан төлөв гэж шилжүүлсэн. Гүтгэлгийн чанартай материал бүрдүүлсэн гэж үзэж байна. Би төр, төрийн байгууллагыг хохироогоогүй гэв.

Шүүгдэгч Ц.Сийн мөрдөн байцаалтад өгсөн

.. Заг сумаас зарласан Иргэний танхимын засвар, халаалтын ажил гүйцэтгэх, Спорт цогцолбор барьж байгуулах 2 тендерт манай хүү Ч нь материал бүрдүүлэн орж Спорт цогцолборын тендерийг эхний ээлжид авсан байсан. Дараа нь Иргэний танхимын засвар халаалтын тендер шалгаруулалт явагдаж мөн шалгарсан байсан. Ингээд гэрээ хийе гэж дуудсаны дагуу хүү очиж гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед хүү захирлаар нь байсан юм. Ингээд гэрээнд заагдсаны дагуу санхүүжилтийн эхний 30 хувийг авч үйл ажиллагаа эхлэсэн. Миний хувьд хүүхэд хот руу явсан учир өөрөө гардаж бүх ажлыг хариуцаж хийлгэсэн. Иргэний танхимын засварын халаалтын ажил гүйцэтгэх тендерт оролцож шалгарсаны дараа гэрээ байгуулах явцад Засаг дарга Э.М болон тамгын газрын дарга нарын зүгээс уг ажлын хүрээнд төсөвлөсөн 50000000 төгрөгнөөс 8000000 төгрөгөнд нь Эрдэнэцогт сумын засаг дарга Тын дэлгүүрийн барилгыг буудал зориулалтаар авна, танай компани засна гэж байсан. Учир нь Орон нутгийн хөгжүүлэх сангаас буудал зориулалтаар мөнгө гаргаж болохгүй байна гэж тайлбарлаж байсан. Ингээд Т нь ч дэлгүүрээ зарахаа байсан учир би мөнгөө ав манайх 42000000 төгрөгөндөө тендерт заасан техникийн тодорхойлолтонд заасан ажлаа хийж гүйцэтгээд явъя, буудлаа өөрсдөө шийд гээд мөнгийг нь 2 удаагийн байдлаар Э.Мын дансанд би өөрөө банкнаас шилжүүлсэн.Нийт шилжүүлсэн 6600000 төгрөгнөөс 600000 төгрөг нь манай ажилчид Заг суманд ажиллах хугацаандаа Мын эхнэрийн дэлгүүрээс зээлээр хүнсний бүтээгдэхүүн авдаг байсан бөгөөд уг төлбөрт өгсөн. Харин нийт 8000000 төгрөгөөс үлдэх 2000000 төгрөгөнд вакум цонх, дүүжин тааз зэргийг өгөхөөр төлөвлөж байгаа. Учир нь буудлынх нь засварт зориулж аваачихсан юм.

...Тендерийн техникийн тодорхойлолтонд буудал гэж заасан байгаа. Тийм учраас уг ажлыг давхар гүйцэтгэ гэж шахаж байсан. Хүүхэд гэрээ байгуулахад хүртэл ингэж хэлж байсан гэдэг. Буудлын ажил хийх талаар тендерийн материалд тусгасан байсан гэж үнэлгээний хорооны хүмүүс хэлж байсан.Тендер сонгон шалгаруулалтын үйл явцыг би мэдэхгүй. Ямар ч байсан гэрээ байгуулъя гэж дуудахаар нь хүүгээ явуулсан. Бид Э.Мт тендер шалгарсаны хөлс гэж хахууль өгөөгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199-200/

Гэрч Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн

...Тендерт материал ирүүлсэн оролцогч компаниудын материалтай танилцахад шалгарсан “Баянлүн хайрхан” хоршоо "Мөнх-Оюу-Хонгор" ХХК-иудын тендер шаардлагад нийцэхгүй, ..."Баянлүн хайрхан" хоршооны үнийн санал нь "Мөнх-Оюу Хонгор" ХХК-ийн үнийн саналаас 4000000 төгрөгөөр илүү байсан.Цэнгэлдэх хүрээлэн барих тендерийн материалаас дараахи зөрчил дутагдал илэрсэн. Үнэхээр ашиг сонирхол үүссэн нь тогтоогдсон тохиолдолд захиалагч нь шууд гэрээ байгуулахгүйгээр үнэлгээний хорооны гишүүдийг дахин томилж, тендер шалгаруулалтыг дахин явуулах шаардлагатай байсан. Шууд гэрээ байгуулсан нь буруу. Иргэний танхимын дээвэр засах ажльн тендерийн материалтай танилцахад тус тендерт "Эм Би Эс Эй Си" ХХК дангаар материалаа ирүүлснийг үнэлгээний хорооноос үнэлж үзээд санхүүгийн тайлангаас харахад 2012 оны жилийн эцсийн байдлаар 17.9 сая төгрөгийн өртэй байсан тул тендерээс татгалзаж, дахин зарлах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн боловч Засаг дарга "Эм Би Эс Эй Си" ХХК-тай шууд гэрээ байгуулсан. ТБОНӨХБАҮХАТХ-ийн 33.4.8 дэхь хэсэгт зааснаар бол харьцуулалтын тендер амжилтгүй болсон тохиолдолд захиалагч гэрээ шууд байгуулж болох хэдий ч шаардлага хангаагүй тендерт ирүүлсэн компанитай шууд гэрээ байгуулсан нь буруу гэж үзэж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-144 /

Гэрч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн

...Засаг даргын захирамжаар "Биеийн тамир спорт цогцолбор барьж байгуулах" тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гишүүнээр орж ажилласан. Үнэлгээний хорооноос хуульд заасан хугацаанд тендерийг нээж үнэлгээ хийхэд үнийн саналын хувьд "Баян шар булаг" ХХК-ийн үнийн санал нь 40000 төгрөгөөр илүү боловч " Эм Би Эс Эй Си " ХХК-ийн өмнө гүйцэтгэсэн ажил нь муу, мөн түүнчлэн аймгийн компани байсан тул сумын компаниа дэмжих зорилгоор "Баяншарбулаг" ХХК-нийг шалгаруулж зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Гэтэл Засаг даргын зүгээс Баяншар булаг ХХК-ийн барилгын ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл дууссан гэдэг үндэслэлээр тус компанитай гэрээ байгуулалгүйгээр “Эм Би Эс Эй Си“ ХХК- тай шууд гэрээ байгуулсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165 /

Гэрч Н.Оын мөрдөн байцаалтад өгсөн

...2013 онд Засаг даргын захирамжаар сумын Цэнгэлдэх хүрээлэн барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гишүүнээр томилогдсон Үнэлгээний хорооны гишүүд хуралдаад Алагийн компанийг 100 хувийн саналаар ялагчаар тодруулаад гэрээ байгуулахаар Засаг даргад хүргүүлсэн. Үүнээс хэд хоногийн дараа засаг дарга дуудаж байна гээд өрөөнд нь яваад орсон чинь засаг даргын захирамжийг танилцуулсан. Уг захирамжаар Ц.Сийн компанийг ялагчаар тодруулан гэрээ байгуулах тухай заасан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160 /

Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн

... Засаг даргын захирамжаар Трактор нийлүүлэх тендерийн үнэлгээний хороонд орж ажилласан. Уг тендерийн төсөвт өртөг нь 50000000 төгрөг байсан бөгөөд тендерийг харьцуулалтын аргаар зохион байгуулсан. Үнэлгээний хорооноос “Баянлүн хайрхан” хоршоотой гэрээ байгуулах зөвлөмжийг засаг даргад хүргүүлсэн ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-124 /

Гэрч Ц.Тын мөрдөн байцаалтад өгсөн

... Миний өмчлөлд бүртгэлтэй Заг сумын төвд 60 метр квадрат талбай бүхий чулуун ханатай, дэлгүүрийн зориулалттай барилга байдаг. Энэ барилгыг 1994 онд Худалдаа бэлтгэлийн хувьчлалаар хувьчилж авч байсан. Түүнээс хойш дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байгаад Эрдэнэцогт суманд томилогдохдоо орхиод явсан. 2013 оны зуны сүүл сард Заг сумын засаг дарга Э.М над руу ярьж танай барилгад цемент хураая гэхээр нь худалдаж авбал ав, түүнээс биш юм хадгалуулахгүй гэж хэлсэн. Ингээд үүнээс хойш Э.Мтай уг байрны талаар холбогдоогүй. Миний хувьд объектоо 7000000 төгрөгөөр нутгийн хүмүүст зарах санаатай байгаа. Хэрэв Э.М нь 8000000 төгрөгөөр худалдан авах гэж байсан бол шууд зарах байсан. Бидний хооронд тийм яриа огт болоогүй. Заг суманд захиргааны дэргэд буудал болгож ашиглана гэж огт сонсоогүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141 /

Гэрч Д.Тийн мөрдөн байцаалтад өгсөн

...Трактор худалдан авах тендер нь 50000000 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр аймгаас эрх шилжиж ирсэн. Үүний дагуу сумын Засаг дарга Э.Мын 2013 оны 03 сарын хэдэнд гэдгийг нь нарийн сайн мэдэхгүй байна захирамжаар үнэлгээний хорооны даргаар Төрийн сангийн төлөөлөгч Д.Д, гишүүдэд Д.Т, Ж.Нацагдорж, Д.Гэлэгжаргал, Ч.Баясгалан нар томилогдон ажилласан...Тендерийн үнэлгээний хороо хуралдаад ирүүлсэн тендерийг үнэлж удирдамжийн бичиг баримтын шаардпага хангасан, төсөвт өртөгт багтаан 48800000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн "Баянлүнхайрхан" хоршоог шалгаруулж үнэлгээний хороо захилагчид гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн. Захиалагч гэрээ байгуулж "Баянлүнхайрхан" хоршоо хугацаандаа трактораа авч ирж ирсэн. Одоо энэ трактор хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Иргэний танхимын засвар халаалтын өргөтгөлийн ажил хийх гүйцэтгэгчийг шалгаруулах тендер нь 50400000 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр аймгаас эрх шилжиж ирсэн...үнэлгээний хорооны шийдвэрийг зөрчиж захиалагч өөрөө дур мэдэн компаниудыг шалгаруулсан асуудал байгаа.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152- 154 /

Гэрч Л.Эы мөрдөн байцаалтадөгсөн

...Төв цэнгэлдэх хүрээлэн барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гишүүнээр сумын Засаг даргын захирамжаар томилогдсон. Уг тендер нь 50000000 төгрөгийн төгрөгийн төсөвт өртөгтэй байсан бөгөөд тендерийг харьцуулалтын аргаар зохион байгуулсан. Бид нарыг үнэлгээний хорооны хурал хийхэд "МВS-АС" ХХК, "Баяншарбулаг" ХХК-иудаас үнийн санал болоод тендер ирүүлсэн. Миний хувьд "Баяншарбулаг" ХХК-ийн дэмжсэн учир нь энэ компани нь манай суманд цагдаагийн кобан, 3 дугаар багийн төвийг тохижуулах ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэсэн. Харин нөгөө "МВS-АС"ХХК нь өмнө нь энд мал угаалгын байр барихдаа нилээн хугацаа сунгаж хийж гүйцэтгэсэн. Мөн чанар муутай ажил хийсэн байсан болохоор тэднийхийг дэмжээгүй. Тэгээд үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж "Баяншарбулаг" ХХК-нийг 100 хувь дэмжиж ялагчаар тодруулан захиалагчид гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163 /

Гэрч Ц.Сын мөрдөн байцаалтад өгсөн

....Сумын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлыг төлөвлөгөөнд тусгагдсан өөр ажлын гэрээний дүнд шингээх байдлаар мөнгийг гаргасан асуудал нь орон нутгийн хөгжүүлэх сангийн журмыг зөрчиж байна. Аливаа төр, төсвийн байгууллага нь арилжааны банкинд төсвөөс гадуур данс нээж огт болохгүй. Харин Сангийн яамны Төрийн сангийн газрын зөвшөөрлөөр тодорхой тохиолдолд нээж болно. Засаг даргын тамгын газрын няравын хувийн дансаар байгууллагын касс хуримтлалыг дамжуулан захиран зарцуулж болохгүй. Журмаараа орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгийг буцааж татахгүй. Тийм учраас уг мөнгийг гаргаж, хувийн дансаар шилжүүлж болохгүй. Ийм асуудал угаасаа байж болохгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-147/

Гэрч С.Чын мөрдөн байцаалтад өгсөн

....Манай аав Ц.С нь хэсэг хугацаанд ажилгүй байх үедээ компанийг түр хариуцаж байсан. Компаниас гүйлгээ хийх эрхийг аав Ц.С эзэмшиж байсан. Манай компани Тендерт орохдоо буудлын засвар, барилгын ажил хийнэ гэж мэдээгүй. Сүүлд нь ийм ажил нэмэгдэж гарч ирсэн. Энэ талаар Э.М дарга сайн мэдэх байх... гэх мэдүүлэг /1- р хх-ийн 149-150 /

Гэрч Д.Гын мөрдөн байцаалтад өгсөн

...Манай сумын сургуулийн дотуур байрны гал тогооны зүүн талд байсан балгасны шороог зайлуулж цэвэрлэсэн. Баянлүнхайрхан хоршооноос авсан мөнгөөр дээрх ажлыг хийсэн гэж сонссон. Энэ тухай албан ёсоор Засаг дарга тайлбарлаж хэлж байгаагүй, би мэдэхгүй байна. Ямар учиртай дээрх хоршооноос мөнгө орж ирсэн тухай ч мэдэхгүй байна. Сумын ЗДТГ-ын иргэний танхимын засвар, буудал барих гэсэн 2 ажил 50000000 төгрөгөөр хамт хийгдэхээр тендер зарлагдсан. Энэ асуудалд үнэлгээний хороо шалгаруулалт хийсэн. Засаг дарга ЭМ " Эм Би Эс Эй Си " ХХК-тай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн. Гэтэл буудлын засварыг тусад нь хийнэ гэж дээрх компаниас мөнгийг нь бэлнээр авсан байсан. Э.М нь " Эм Би Эс Эй Си " ХХК-тай хувиараа ярилцаад буудлын мөнгийг авсан байсан ....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 110 /,

ЗДТГ-ын арын овоолсон шороо, уурын зуухны гадна талын нурсан хашлага, хуучин буулгасан сургуулийн хог зэргийг Д.Энхжаргал, Ө.Түмэннасан нар зөөгөөд байсан. Би хаанаас ямар зардлаар зөөж байгаа гэхэд Ө.Түмэннасан нь дарга тооцоог нь хийж байгаа гэж хэлсэн. Энэ талаар баримт байхгүй. Ө.Түмэннасангийн хувийн данснаас мөнгө аваад шатахуун түгээх станцид өгчихсөн гэсэн... гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 5-р хуудас/

Гэрч Д.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн

...2013 оны 07 сард сумаас 4 км зайтай хогийн цэгт хогийг түрж булсан. Сумын төвийн уурын зуухны хажуу талын хундаамыг зөөсөн. Нярав Ө.Түмэннасан ачааны цэнхэр машин бариад би трактор бариад хамт ажлыг хийсэн. Машин болон тракторын шатахууныг нярав Ө.Түмэннасан хийж байсан... гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 7/,

Гэрч Д.Тийн мөрдөн байцаалтад өгсөн

...2013 оны 08 дугаар сард "Загийн хөгжил" нэртэй ТББ байгуулсан. Тус байгууллагын нэр дээр Хаан банк, Төрийн банкинд хандивын данс нээж 170 гаруй сая төгрөг цугларсан байсныг ойн зардалд зарцуулсан. Тайлан тооцоо нь бүгд санхүүгийн анхан шатны баримттай бөгөөд ой дууссаны дараа Баянхонгор аймгийн Аудитын газраас аудитын шалгалт орж ямар нэгэн зөрчил, дутагдалгүй ажилласан талаар дүгнэсэн. 2012 оны 07 сарын 10-даар нярав Ө.Түмэннасан нь сумын төвийн хогийг трактороор цэвэрлэж эхэлсэн. Тэгэхээр нь нярав Ө.Түмэннасангаас энэ ямар мөнгөөр хог цэвэрлээд байгаа юм гэж асуухад Ц.Бөөс хандив 1000000 төгрөг өгсөн юм тэр мөнгөөр хог цэвэрлэж байна гэсэн. Энэ мөнгө нь төрийн сангаас гараагүй, мөн "Загийн хөгжил" нэртэй ТББ-ын хандивын дансаар дамжаагүй учраас аль аль тайланд нь тусгагдаагүй. Би тухайн үед сумын ЗДТГ-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан тул энэ тайлангуудыг өөрөө гаргасан. Энэ мөнгийг Засаг дарга Ц.Бөөс авсан байна. Энэ мөнгөний талаар би сайн мэдэхгүй. Ц.Б надад хандив өгсөн талаараа хэлээгүй. Би няраваас л мэдсэн. Засаг дарга Э.М ч надад өөрөө хэлээгүй. Засаг дарга Э.Мын авсан гээд байгаа 1000000 төгрөгийн зарцуулалтын тайлан нь нярав Ө.Түмэннасанд өөрт нь байдаг. Сумын төвийн хог цэвэрлэхэд төсвөөс мөнгө гаргаагүй. 2013 онд хог зайлуулахад батлагдсан төсөв ч байгаагүй... гэх мэдүүлэг, / 7-р хх-ийн 227/

Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн

...Заг сумын ЗДТГ-ын нярав ажилтай Ө.Түмэннасан нь надаас хэзээ асуусан гэдгийг нь санахгүй байна. Ямартай ч ажилчдын дундын сангийн мөнгийг хаана хадгалах талаар асууж байсан. Дундын сан нь ажилчин албан хаагчдаас сайн дурын үндсэн дээр хуримтлал бий болгож ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, өвчин зовлон тохиолдох үед тусламж болгож өгөх, эмнэлэгт хэвтсэн нэгнийгээ эргэж тойроход зарцуулахаар үүсгэсэн. Энэ мөнгийг Засаг даргын тамгын газрын дарга зарцуулдаг. Энэ мөнгө нь төсвийн мөнгө биш учраас төсвийн дансанд байршуулж болохгүй юм. Ө.Түмэннасан нь Ц.Бөөс авсан 1000000 төгрөгийг төсвийн дансанд хийх талаар надаас асууж байгаагүй. Би энэ мөнгөний талаар танай байгууллагаас шалгаж байх үед мэдсэн. Нэг өглөө ажилдаа ирэх үед Авлигатай тэмцэх газраас ирээд шалгаж байсан. Сумын төвийн хог зайлуулсан гээд байгаа ажилд төсвийн хөрөнгөөс болон ЗДТГ-ын үйл ажиллагааны зардлаас мөнгө гаргаагүй. Ямар мөнгөөр тухайн үед тэр ажлыг гүйцэтгэсэн талаар мэдэхгүй байсан... гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 228 /

Тендерийн үнэлгээний хорооны хурлын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ...9 үзүүлэлтээс Баяншар булаг ХХК нь 9 үзүүлэлтээс 8, МВS- АС ХХК нь 9 үзүүлэлтээс 5 үзүүлэлт илүү байгаа учир Баяншар булаг ХХК-ийг тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шалгаруулав гэх тэмдэглэл /1-р хх-ийн 05 /

Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн

... 9 үзүүлэлтээс “Баяншар булаг ХХК 8, BBS-AC ХХК 5 үзүүлэлт илүү гэсэн үнэлгээ авсан бөгөөд “Баян шар булаг” ХХК 9 үзүүлэлтээр илүү гарсан байна. “Баяншар булан” ХХК-тай хуулийн хугацаанд багтааж гэрээ байгуулан, хяналтын комисс байгуулж, ажлын явцад сайн хяналт тавьж ажиллуулахыг тендерийн үнэлгээний комиссоос зөвлөж байна... гэх зөвлөмж /1-р хх-ийн 06 /

Заг сумын Засаг Даргын 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101 дугаартай

...Сумын биеийн тамир спортын цогцолбор цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулах ажлыг С.Ч захиралтай МВS-АС ХХКомпаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулахыг худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтанд даалгах… гэх захирамж /1-р хх-ийн 08 /

3аг сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний хорооны 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хурлын...Санхүүгийн тайлангаас харахад оны жилийн эцсийн байдлаар 17.9 төгрөгийн өртэй, дансандаа 24.8 мянган төгрөгтэй байгаа нь тендерийн ажлын 30 хувийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх нь эргэлзээтэй гэж дүгнэж уг тендерийг шаардлага хангасангүй гэж үзэж захиалагчид дахин тендер зарлуулахыг зөвлөж байна... гэх тэмдэглэл./ 1-р хх-ийн 12-13 /

3аг сумын Засаг Даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай...Иргэний танхимын халаалт өргөтгөл дээврийн засварын ажлыг С.Ч захиралтай МВЗ-АС ХХКомпаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулахыг худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтанд даалгах… гэх захирамж /1-р хх-ийн 20/

Хаан банкны депозит 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Эн Би Эс Эй Си ХХК буцаан төлөлт 4300000 орлого ...дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 55 /

Хаан банкны депозит 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эн Би Эс Эй Си ХХК-с буудпын барилгын үнэ 2.300.000 орлого ....дансны дэлгэрэнгүй хуулга... /1-р хх-ийн 56 /

Хаан банкны депозит 2013 оны 01дүгээр сарын 09-ний өдөр 6000000 орлого. дансны дэлгэрэнгүй хуулга.. /1-р хх-ийн 30 /

Сангийн яамны мэргэжилтний шинжээчээр гаргасан дүгнэлт / 6-р хх-ийн 162-168-р хуудас/,

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/1-р хх-ийн 2/, Ө.Түмэннасангийн дансны дэлгэрэнгүй хуулга/1-р хх-ийн 30, 61/, Э.Мын дансны дэлгэрэнгүй хуулга/1-р хх-ийн 55-56/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 100-111/, 2012 оны 12 дугаар сарын 13-ны №472 Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж/2-р хх-ийн 188//, 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол/2-р хх-ийн 131/, Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл/3-р хх-ийн 1-3/, трактотрын тендер шалгаруулалтын үнэлгээний хуудас/3-р хх-ийн 4-8/, Баянлүнхайрхан хоршооны тендерийн материал/3-р хх-ийн 9-13/, Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/60 захирамж/3-р хх-ийн 14/, трактор нийлүүлэх гэрээ/3-р хх-ийн 15-18/, үнийн санал, тракторын тодорхойлолт /3-р хх-ийн 19-21/, техник хүлээлцсэн акт/3-р хх-ийн 26/, үнэлгээний хороо байгуулах тухай 2013 оны 04 дүгээр сарын 19-ний 1/40 тоот Заг сумын засаг даргын захирамж/3-р хх-ийн 29- 30/, 2013 оны 05 дугаар сарын 06-ны 1/62 тоот Заг сумын засаг даргын захирамж/3-р хх-ийн 31/, Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газрын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл/3-р хх-ийн 34-35/, 2013 оны 08 дугаар сарын 02-ны Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тэрээ байгуулах эрх олгох тухай” 102 тоот захирамж /3-р хх-ийн 37/, иргэний танхимын барилгын дээврийн засвар, халаалтын засварын ажлын гэрээ/3-р хх-ийн 38-40/, тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэл /3-р хх-ийн 55/, үнэлгээний маягт /3-р хх-ийн 50/, Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 26-ны 1/448 тоот захирамж/3-р хх-ийн 58/, Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 26-ны “гэрээ байгуулах тухай “ 101 тоот захирамж/2-р хх-ийн 59/, Биентамир спорт цогцолбор барьж байгуулах ажлын гэрээ /3-р хх-ийн 60-62/, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тэмдэглэл/3-р хх-ийн 67-86/, Заг 90-н жил хандивын данс/депозит дансны дэлгэрэнгүй хуулга/, /3-р хх-ийн 88-89/, 2014 оны 06 дугаар сарын 27-ны Заг сумын төсөвт байгууллагуудын 2012, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай мэргэжлийн хяналтын газрын танилцуулга/3-р хх- ийн 91-100/, 2014 оны 06 дугаар сарын 27-ны Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн албан шаардлага/3-р хх-ийн 101-104/, Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газар, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээчдийн дүгнэлт/3-р хх-ийн 240- 4-р хх-ийн 1-18/, 1980 оны 04 дүгээр сарын 07-ны №21 таслан шийдвэрлэх тогтоол /2-р хх-ийн 214-216/, 1989 оны 12 дугаар сарын 01-ний №183 магадлал/2-р хх-ийн 219/, иргэний үнэмлэхний лавлагаа/1-р хх-ийин 210/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 219/ шүүгдэгч Ц.Сийн иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 218/, шүүгдэгч Ц.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа/1-р хх-ийн 217/, болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.Б нь Заг сумын засаг дарга Э.Мт 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Заг сумын ЗДТГ-ын нярав Ө.Түмэннасангийн хувийн дансаар дамжуулан 1000000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

Шүүгдэгч Ц.С нь “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах, “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерийг тус тус авахын тулд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2000000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4000000 төгрөг нийт 6000000 төгрөгийн хээл хахуулийг 5239001428 дугаарын дансаар өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 269 дугаар зүйлийн 269.1-д заасан хээл хахууль өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус хангаж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Э.М нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан 2013 оны 04 сарын 19-ний өдөр 40 тоот захирамж гарган “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах тендерт сонгон шалгараагүй компани болох "Эм Би Эс Эй Си" ХХК-тай шууд гэрээ байгуулж, мөн “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерт оролцсон " Эм Би Эс Эй Си " ХХК-ийг үнэлгээний хорооны гишүүд татгалзсан байхад " Эм Би Эс Эй Си" ХХК-тай шууд гэрээ байгуулах эрхийг олгож, Ц.Соос 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2000000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4000000 төгрөг нийт 6000000 төгрөгийн хээл хахуулийг 5239001428 дугаарын дансаар, мөн “Баянлүнхайрхан" хоршоотой хийсэн трактор нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 4800000 төгрөгийг шилжүүлэхгүй 2000000 төгрөг өгвөл үлдэгдэл төлбөрийг чинь шилжүүлье гэж хясан боогдуулах замаар 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Баянлүнхайрхан” хоршооны захирал Ц.Бөөс 1000000 төгрөгийн хээл хахуулийг Ө.Түмэннасангийн хувийн 5239011415 тоот дансаар давтан үйлдлээр хахууль авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д ... оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ... гэж заасныг баримтлан... гэж зааснаар шүүгдэгч Э.Мт аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.Мыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Мөн шүүгдэгч Э.Мт Аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д заасан хээл хахууль авах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба Эрүүгийн хуульд гэмт хэрэг давтан үйлдэх гэж хуульчлаагүй болно.

Шүүгдэгч Э.М нь Баянхонгор аймгийн Заг сумын 4-р баг 10-р гудамж 31 тоотод байх 993 м2 газрын хөрөнгөтэй талаар мэдүүлсэн байх тул үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн болон өмчлөлд байгаа эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж , түүнчлэн шүүгдэгчийн хөрөнгө , бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгохыг ялыг хоёр жилийн хугацаанд тэнцүү хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д ... оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.... гэсэн заалтыг үндэслэн болгон шүүгдэгч Ц.С, Ц.Б нарыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.С, Ц.Б нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, тэдгээр холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.М, Ц.С, Ц.Б нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хэргийг учир шүүгдэгч Э.М долоо /7/хоног, шүүгдэгч Ц.С тавин зургаан /56/ хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Э.М, Ц.С, Ц.Б нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн тэмдэглэлийн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар үлдээв.

Харин шүүгдэгч Э.Мын энэ хэргийн учир цагдан хоригдсон долоо хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч шийдвэрлэж, шүүгдэгч Э.Мын торгох ялын биелэлтийг хангахын тул шүүгдэгчийн дундын өмчлөлийн Баянхонгор аймгийн Заг сумын 4-р баг 10-р гудамж 31 тоотод байх 993 м2 газрыг битүүмжилсэн 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүхээс тогтоосон хугацаанд хохирол төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж улсын орлого болгох, торгох ял биелэгдсэн тохиолдолд битүүмжилсэн эд зүйлсийг эзэмшигч Э.Мт буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Мын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Ө.Түмэннасангийн хувийн 5239011415 тоот дансанд байгаа 6000000 төгрөгийг хураан авч, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Э.Мт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Жинчин овогт Э.Мыг хахууль авах, шүүгдэгч Боржигон овогт Ц.С, Понтгоон овогт Ц.Б нарыг хээл хахууль өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Э.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилээр хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Ц.Сийг 1 жилийн хугацаагаар , шүүгдэгч Ц.Бийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.Сид оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Бт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, тэдгээрт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Ц.С 56 хоног , шүүгдэгч Э.М 7 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Мын энэ хэргийн учир цагдан хоригдсон долоо хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.М арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг хоёр жилийн хугацаанд тэнцүү хувааж, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Э.Мын эзэмшлийн 000143809 дугаартай Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр баг 10 дугаар гудамжны 31 тоотоод байх 993 мкв газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн тэмдэглэлийн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Маас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Ө.Түмэннасангийн хувийн 5239011415 тоот дансанд байгаа 6000000 төгрөгийг хураан авч, улсын орлого болгосугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Э.М, Ц.С, Ц.Б нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.М, Ц.С, Ц.Б нар хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.С, Э.М, Ц.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                        ШҮҮГЧИД Х.ОТГОНЖАРГАЛ

                                   Ч.БАЙГАЛМАА