Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01551

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01551

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01837 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: И ХХК

Хариуцагч: Ш.Бт холбогдох

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 120,222,630 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийг албадан чөлөөлүүлж, автомашины зогсоолыг эзэмшиж ашиглахгүй байхыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг шилжүүлж өгөхийг И ХХК-д даалгах, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний 5.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээснийг тогтоолгох, 358,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн, О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Ш.Бтой 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 000/000 дугаартай Орон сууц захиалгаар барьж, худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан. Дээрх гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, с гудамж, Ч хотхоны 000 дугаар байр, 000 тоот, 205 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нийт 717,500,000 төгрөгийн үнэтэй байхаар тохиролцсон.

1.а. Гэрээний урьдчилгаа төлбөр 71,750,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл 645,750,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон. Түүнчлэн, гэрээний 4.2.3-т урамшууллын нөхцлийг, 7.2-т алдангийг тус тус тохиролцсон.

1.б. Хариуцагчаас хүсэлт ирүүлснээр үндсэн төлбөрөөс гэрээний 4.2.3-т заасан урамшуулалд авах байсан Deluxe компанийн гал тогооны тавилгыг 30,000,000 төгрөгт, нэхэмжлэгчээс орон сууцыг борлуулахдаа үүдний шкаф, 3 ариун цэврийн өрөөнүүдэд шүүгээ, тавиурууд, хувцасны өрөөний тавилгыг дагалдуулан хариуцагчид хүлээлгэн өгөх байсан тавилгуудыг 10,759,100 төгрөгт тус тус дүйцүүлэн тооцож, нийт 40,759,100 төгрөгийг гэрээний үлдэгдэл төлбөр 645,750,000 төгрөөс хасч, үлдэх 604,990,900 төгрөгийг гэрээний 4.2.2-т заасан хугацаанд төлөхөөр тоиролцсон.

1.в. Хариуцагч нь дахин төлбөр болон төлбөрийн хувиарт өөрчлөлт оруулах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нийт 604,990,900 төгрөг төлөх байснаас 450,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлөх. Үлдэх 154,990,900 төгрөгийг орон сууцыг хүлээлгэн өгсөн өдөр төлөхөөр тохирсон.

1.г. Хариуцагч дээр дурдсан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд урамшуулал болгосон 000-11, 12 тоот хоёр ширхэг автомашины зогсоолын урамшуулал цуцлагдаж, олгогдохгүй байхаар тохирсон. Хариуцагч гэрээний 4.2.3-т заасан гал тогооны тавилгын үнэ 30,000,000 төгрөг, бусад тавилгуудын үнэ 10,759,700 төгрөг, нийт 40,759,100 төгрөгийг орон сууцны үндсэн төлбөрөөс хасалт хийлгэж, тавилга авахгүйгээр тохиролцсон боловч нэхэмжлэгчид хүсэлт тавьж, тавилгуудыг хийлгэсэн. Тиймээс орон сууцны төлбөрөөс 40,759,100 төгрөгийг хасах үндэслэлгүй тул хариуцагч нь дээрх тавилгын төлбөрийг нэхэмжлэгчид буцаан олгох ёстой.

2. Гэрээнд заасан орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчид акт үйлдэн хүлээлгэж өгсөн ба хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 676 740 900 төгрөгийг төлсөн. Гэвч хариуцагч нь орон сууцыг 2020 оны 04 дугаар сарын 01-ний өдөр актаар хүлээн авсан боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул гэрээний 7.2-т заасны дагуу хариуцагчаас гүйцэтгээгүй үүрийн дүнд алданги тооцсон.

2.а. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 154,990,900 төгрөг төлөх байсан боловч 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг төлсөн тул 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 60 хоногийн алданги 27,898,363 төгрөг /154,990,900х0,3 хувь=464,972.7 төгрөг, 464,972.7х60 хоног=27,898,363/.

2.б. 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг төлсөн тул дээрх төлөх ёстой 154,990,900 төгрөөөс уг 40,000,000 төгрөгийг хасаад, үлдэх 114,990,900 төгрөгийн алданги 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 36 хоног буюу 12,419,017.2 төгрөг болж байна.

2.в. 2020 оны 07 дугаар сарны 06-ны өдөр 40,000,000 төгрөг төлсөн тул үлдэх 114,990,900 төгрөгөөс уг 40,000,000 төгрөгийг хасаад, үлдэх 74,990,900 төгрөгийн алданги 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарны 19-ний өдөр хүртэл 348 хоног буюу 78,290,499.6 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 39,145,249.8 төгрөг.

2.г. Нийт алданги 79,462,630 төгрөг гаргуулна.

3. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцны төлбөрийг төлөөгүй тул урамшуулал 000-11 болон 000-12 тоот дугаартай автомашины 2 ширхэг зогсоолыг урамшуулалд олгох тохиролцоо цуцлагдсан. Урамшуулал цуцлагдсан талаар хариуцагчид мэдэгдсэн. Гэтэл хариуцагч нь тухайн 000-11 болон 000-12 тоот дугаартай автомашины 2 ширхэг зогсоолыг эзэмшиж, ашигласаар байна.

4. Иймд хариуцагчаас алданги нийт 79,462,630 төгрөг, орон сууцны үндсэн төлбөрийн үлдэгдэл 40,760,000 төгрөг, нийт 120,222,630 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, с гудамж, Ч хотхоны 000 дугаар байрны зоорийн давхрын 11, 12 дугаартай автомашины зогсоолд байгаа тээврийн хэрэгслийг тус тус албадан чөлөөлүүлж, эзэмшиж, ашиглахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч гэрээний үүргээ байнга ноцтой зөрчиж ирсэн төдийгүй тухайн орон сууц болон автомашины зогсоолуудын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавьж, эдийн засгийн эргэлтэд оруулах бизнесийн боломжийг 2 жилийн турш алдагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

6. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Миний бие 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр И ХХК-тай 000-000 дугаартай Орон сууц захиалгаар барьж, худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүрэг, Зайсан хэсэг, 00 дүгээр хороо, Ч Р хотхоны 000 дугаар байр, 000 тоот хаягт байрлалтай, 205 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны үнэ нийт 717,500,000 төгрөг байхаар тохиролцсон.

6.а. Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барилгыг барьж дуусган ашиглалтад оруулж, хариуцагчид хүлээлгэж өгөх. Хэрэв захиалагч тал гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцны үнийг төлсөн тохиолдолд 000-11 дугаар, 000-12 дугаар 2 ширхэг автомашины зогсоол болон Deluxe компанийн гал тогооны тавилгыг захиалагч талд урамшуулал болгон хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний нийт үнэ 717,500,000 төгрөгийн 71,750,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, үлдэгдэл 645,750,000 төгрөгийг 2019 оны 09 дугаар сарын 15-ны өдөр төлөх үүргийг тус тус хүлээсэн.

6.б. Гэрээний хэрэгжилтийн явцад ажлын гүйцэтгэлийн үе шат, барилгыг ашиглалтад оруулах хугацаа хойшилсон зэрэг шалтгааны улмаас талууд тохиролцсон төлбөрийн нөхцөл болон төлбөр төлөх хугацааг гэрээний хавсралт 4,5,6-д заасан нөхцлөөр өөрчлөлт оруулсан.

6.в. Захиалагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн боловч гүйцэтгэгч орон сууцыг 2019 оны 10 дугаар 01-ний өдөр ашиглалтанд оруулах үүргээ зөрчиж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн дуусгаагүй барилгаа хүлээлгэн өгсөн мэтээр акт үйлдсэн боловч уг барилгыг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улсын комисс хүлээн авч бүрэн ашиглалтанд орсон. Хариуцагч дутуу зүйлүүдийг хийж дуусгасны дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр орон сууцандаа нүүж орсон.

6.г. Орон сууцыг хүлээлцэх үедээ гүйцэтгэгч тал барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулж хүлээлгэж өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн хоногийн алдангийг тооцож, гэрээгээ дүгнэх талаарх саналыг удаа дараа тавьсан боловч гүйцэтгэгч тал хойшлуулсаар байсан ба алданги тооцуулахгүйгээр гэрээний үлдэгдэл төлбөрийг биднээр төлүүлэх арга, заль хэрэглэж, элдэв амлалт өгч байсан. Бид мөнгийг төлөх үүрэггүй ч хэн алины эрх, ашиг, сонирхолд нийцүүлэн тавьсан санал, гуйлтыг нь хүлээн авч 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 40,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг шилжүүлсэн.

6.д. Захиалагчийн үүрэг дуусгавар болсон хэмээн ойлгож явсан боловч гүйцэтгэгч тал бүтэн жилийн дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэнэт гэрээний үлдэгдэл төлбөр 74,990,900 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний дотор төлөх талаар албан бичгийг ирүүлсэн. Энэ үед Монгол улс төдийгүй дэлхий нийтэд Сovid-19 цар тахлын улмаас би 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сovid-19 өвчнөөр өвчилсөн. 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 74,990,900 төгрөг төлсөн.

6.е. Гүйцэтгэгч анхнаасаа буюу гэрээ байгуулсан өдрөөс эхлэн бидний итгэлийг далимдуулан хуурч, мэхэлж байна. Учир нь гүйцэтгэгч тал бидэнтэй анх гэрээ байгуулахдаа урамшуулал амлаж, татгалзахын аргагүй нөхцөл, санал тавьсан учир бид олон барилгын компаниуд дундаас И ХХК-ийг сонгож гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч бидэнд өгч байсан амлалтууд дотор тухайн барилгыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барьж дуусган, ашиглалтанд оруулан, хүлээлгэж өгнө гэх амлалт, тохиролцоо байсан боловч гэрээндээ 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулна гэж тусгасан. Энэ талаар лавлахад ...энэ гэрээний загвар нь энэ барилгын нийт захиалагч нартай байгуулах стандарт гэрээ учир танай төлбөрийн нөхцлийн талаар гэрээний 2-р хавсралтанд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гээд тусгачихна гэж итгүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний 2 дугаар хавсралт нь батлагдаагүй. Гүйцэтгэгч тал үндэслэлгүйгээр гэрээ байгуулах шалтгаан болсон урамшуулал, амлалтуудаа бидний мөнгийг салгаж авч дуусмагцаа цуцалж, шилжүүлж өгөхгүй байх заль хэрэглэж, өнөөдрийг хүртэл тухайн орон сууц болон автомашины зогсоолуудын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй.

6.ё. Иймд гэрээний 5.1 дэх хэсгийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болохыг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг шилжүүлэхийг даалгаж, 2 ширхэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, алданги 358,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Боос 77,495,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,727,180 төгрөгийг болон хариуцагч Ш.Бийн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг шилжүүлэн өгөхийг И ХХК-д даалгах, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний 5.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээснийг тогтоолгох, алданги 358,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,039,900 төгрөгийн 829,263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 210,637 төгрөгийг улсын орлогоос, 545,427 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгохоор, хариуцагч Ш.Бийн төлсөн 2,462,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 3,303,050 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

9. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 40,759,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Талууд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 000-000 дугаартай Орон сууц захиалгаар барьж, худалдах-худалдан авах гэрээ-ний 4.1, 4.2-т төлбөрийн нөхцөл болон хуваарийг, мөн гэрээний 4.2.3-т урамшууллын нөхцлийг тус тус харилцан тохиролцон байгуулсан.

9.а. Хариуцагчаас төлбөрөө гэрээгээр тохиролцсон хугацааанд төлж чадаагүй нөхцөл байдал түүнээс ирүүлсэн хүсэлтийн дагуу гэрээний хавсралт 4, 5, 6-г байгуулсан. Хариуцагчийн зүгээс гэрээгээр тохиролцсон 450,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлсөнтэй маргахгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Харин хариуцагчийн зүгээс орон сууцны үлдэгдэл төлбөр 154,990,900 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлөөгүй. Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбогдуулан урамшууллын нөхцөл цуцлагдсан. Хариуцагчийн зүгээс урамшуулалд авах байсан гал тогоо болон бусад тавилгыг 40,759,100 төгрөгт дүйцүүлэн авахгүй гэж орон сууцны үндсэн төлбөрөөс хасалт хийлгүүлсэн атлаа дахин хүсэлт гаргаж орон сууцанд бүх тавилгыг шинээр хийлгүүлэх хүлээн авч, суурилуулсан.

9.б. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч нь гал тогтоо болон бусад тавилгыг хүлээн авсан, орон сууцанд суурилагдсан ба хэрэглэж байгаа гэдэг нь бүрэн тогтоогдсон. Гэрээгээр орон сууцны үнийг хямдруулсан, бууруулсан зүйлгүй болно. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцны төлбөрөө төлсөн тохиолдолд урамшууллыг бүрэн хүлээн авах боломжтой байсан. Нэхэмжлэгч нь гал тогтоо болон бусад тавилгын хасалт хийж тооцогдсон төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй. Орон сууцны үндсэн төлбөрөөс 40,759,100 төгрөгийг хасуулсан атлаа дахин тухайн тавилгыг хийлгүүлэн урамшуулал гэж тооцуулан авах үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр дүгнэснээс үзэхэд гал тогтоо болон бусад тавилга 81,518,200 төгрөгийн урамшуулал авах эрхтэй мэт дүгнэж байгаад гомдолтой байна. Иймд хариуцагчаас нэмж 40,759,100 төгрөгийг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 40,759,100 төгрөгийг талууд алдангид харилцан тооцож дуусгавар болгоё гэх тохиролцоог хийсэн. Гэтэл гэрээний үндсэн үнэ дутуу байна нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед тавилгын үнийг алдангид гэж тооцож дуусгая гэдэг тохиролцоо нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21/60 дугаартай албан тоот, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23/03 дугаартай албан тоот болон тавилгын үнийг нэхэмжлэгч тал төлж байсан баримт, гэрч М.Эын мэдүүлгээр тогтоогдож байна. Хэрэв ийм тохиролцоо талуудын хооронд байхгүй байсан бол тавилгын үнийг хариуцагч нэхэмжлэгч талд төлөх үүрэггүй байсан. Харин гэрээний 3.6-д зааснаар захиалагч тал хүсэлт гаргасны улмаас бид нар нэмээд хийж өгсөн гэж ярьдаг. Хэрэв 3.6-д зааснаар захиалагч тал аливаа нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцаж төлнө гэж заасан. Энэхүү заалтын дагуу та нар тавилгын үнийг төл гэж хариуцагчаар төлүүлэх байсан. Гэтэл өөрсдөө төлсөн баримт хэрэгт авагдсан.

10.а. Тавилгын үнийг төлснөөс хойш буюу 2021 оны 05 дугаар сард болон 2022 оны 01 дүгээр сард нэхэмжлэгчээс гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж удаа дараа тоот ирүүлж байсан. Уг тоотод 154,990,000 төгрөгийг төлнө үү гэсэн шаардлага тавьж байсан. Энэ нь 40,000,000 төгрөгт ороогүй дүн юм. Хэрэв энэ тохиролцоо байгаагүй бол нэхэмжлэгч тал 40,000,000 төгрөгийг оруулан 195,750,000 төгрөг шаардах байтал шаардлага гаргаж байгаагүйгээс хариуцагчийн гомдлын үндэслэлгүй болох нь харагдаж байна. Яагаад шаардаж байгаагүй байсан бэ гэдэг нь талууд тохиролцож уг мөнгийг алдангид тооцъё гэдэг тохиролцоо байсан учраас нэхэж чадахгүй байсан байх гэж миний зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй учраас гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Учир нь Иргэний хуулийн 106.1 дэх хэсэг, 182 дугаар зүйлийн 182.1, 182.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсэгт тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар үүсэхээр хуульд зохицуулсан.

11.а. Гэтэл шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт буюу улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 6/4566 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, 11 дугаар хороо, 000 дугаар байрны зоорийн давхрын 11, 12 тоот автомашины өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ аваагүй. Уг хөрөнгийн өмчлөгч биш болох нь тогтоогдсон. Өмчлөгчийн хувиар шаардлага гаргах эрхгүй атал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг дээрх хөрөнгийн өмчлөгч мэтээр буруу дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон.

11.б. Нөгөө талаар, шүүх хариуцагчийг хугацаандаа мөнгөө төлөөгүй гэж буруу дүгнэсэн. Учир нь, нэхэмжлэгч тухайн орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч хугацаанд нь ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй ба 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн. Иймд гэрээний 7.1-т зааснаар 6 сар буюу 180 хоногийн алдангид 387,450,000 төгрөг тооцож авах эрх хариуцагч талд үүссэн хэдий ч Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн алдангийг тооцоход 358,750,000 төгрөгийг шаардах эрх хариуцагчид үүссэн. Энэ нь хариуцагчийн орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх үүрэгтэй харьцуулбал 358,750,000-154.990,900=203,759,100 төгрөг байх ба хариуцагч нэхэмжлэгчид төлбөр төлөх биш харин 203,759,100 төгрөг шаардаж авах авлагатай байсан.

11.в. Хариуцагчийн зүгээс дээрх асуудлаар И ХХК-д ...гэрээгээ дүгнэе, алданги тооцъё, тооцоо нийлье гэдэг саналыг удаа дараа тавьж ирсний дүнд нэхэмжлэгч нь ...Бид танайд амласан урамшууллаа бүгдийг нь өгнө, дээрээс нь нэмээд гал тогооны тавилга болон хувцасны өрөөний тавилга зэрэг 40,759,100 төгрөгийн үнэ бүхий тавилгыг өөрсдийн зардлаар хийлгэж өгье гэх хүсэлтийг тавьсны дагуу талуудын хооронд үүссэн үүргийг харилцан тооцож дуусгавар болгохоор тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч одоо дээрх бүх тохиролцоогоо үгүйсгэж, урамшуулал олгохгүй, 55,000,00 төгрөгийн алданги төл гэж шаардаж байгаа нь талуудын тэгш эрхийн зарчим болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

11.г. Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барилгыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгнө гэж тохиролцсон атлаа 2019 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулна гэх нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэхүү үйл баримтыг гэрч Н.Э тодорхой гэрчилж, мэдүүлэг өгсөн боловч шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүйн дээр шүүх хуралдааны тэмдэглэлд гэрчийн мэдүүлгийг бүрэн тусгаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Харин талуудын хооронд барилгыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөх, үүргийг харилцан тооцож дуусгавар болгох талаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

11.д. Харин нэхэмжлэгч дээрх мөнгийг хариуцагчийн зүгээс тавилга хийлгэх хүсэлт гаргасны дагуу нэмж тавилга хийж өгсөн гэх тайлбар гаргадаг ч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй. Гэрээний 3.6-т заасантай нийцээгүй, илт худал тайлбар бөгөөд шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлээгүй. Хэрэв талуудын хооронд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар үүргийг харилцан тооцож дуусгавар болгох тохиролцоо байгаагүй бол тавилгын үнэ 40,759,100 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчийн өмнөөс төлөх шаардлагагүй. Орон сууцны үндсэн төлбөрт 74,990,900 төгрөг биш 115,750,000 төгрөгийг алдангийн хамт хариуцагчаас удаа дараа нэхэмжлэх байсан атал ийм шаардлага огт гаргаж байгаагүй. Иймд хариуцагч 154,990,900 төгрөг төлөх үүрэггүй тул 000 дугаар байрны зоорийн давхрын 11 болон 12 дугаартай автомашиын зогсоолуудыг урамшуулалд авах эрхтэй.

11.е. Нэхэмжлэгч тухайн орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж хүлээлгэж өгөхөөр, хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орохоос 14 хоногийн өмнө буюу 2019 оны 09 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож, энэ талаар гэрээний 2-р хавсралтад тусгахаар талууд тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч элдэв арга, саам заль хэрэглэж өнөөдрийг хүртэл гэрээний 2-р хавсралтыг баталж, хариуцагчид хүлээлгэж өгөөгүй бөгөөд энэхүү үйл баримтыг нотлох зорилгоор И ХХК-ийн албан бичиг, гэрээ боловсруулдаг компьютерт болон бичиг хэргийн бүх материал, архивт үзлэг хийлгэж, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 000-000 тоот гэрээний 2 дугаар хавсралт байгаа эсэх, эсхүл уг хавсралтыг баталгаажуулахаар боловсруулж, бэлдэж байсан төсөл байгаа эсэхийг тогтоох зорилгоор үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүлээж аваагүй, хариуцагчийн эрхийг хангаагүй атлаа, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

11.ё. Шүүх хөндлөнгийн байх зарчим болон талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Хариуцагч гэрээний 7.1-т зааснаар 358,750,000 төгрөгийн алданги гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх ...гэрээний 7.1-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн захиалагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцуулах эрхтэй. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэрээний 5.4-т заасныг зөрчсөн бол энэ эрхээ алдана гэж тохирсон байна, ... хариуцагч төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн нь нотлогдож байх тул алданги гаргуулахаар нэхэмжлэгчээс шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь шүүх талуудын огт мэтгэлцээгүй үндэслэлийг зааж, дүгнэлт хийсэн бөгөөд шүүх хөндлөнгийн байх зарчмаа зөрчсөн, хууль бус шийдвэр болсон.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 6.3, 6.4, 42 дугаар зүйлийн 42.4, Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дах зохигчийн тайлбар-ын талаарх зөвлөмжийн 2.4-т заасантай тус тус нийцээгүй байна.

11.ж. Шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх анх сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахдаа бүрдүүлбэр хангасан, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлсөн гэж үзээд хүлээж авсан. Хэрэв шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй, бүрдүүлбэр хангаагүй гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай. Энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс 3,745,450 төгрөг нэмж төлж, сөрөг нэхэмжлэл гаргах, эс гаргах эсэхээ шийдэх боломж олгоогүйд гомдолтой байна.

Нөгөө талаар, талуудын хооронд дээрх орон сууцны өмчлөх эрхийн талаар маргаангүй байсан учир хариуцагчийн зүгээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зөвхөн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг шилжүүлж өгөхийг даалгах шаардлага гаргасан бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг үндэслэж, 70,200 төгрөг төлсөн.

11.з. Шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Гэрч М.Эыг орон сууцны эцсийн өмчлөгч гэж үзсэн тохиолдолд уг нэхэмжлэлийг хууль ёсоор хариуцах жинхэнэ хариуцагч Ш.Б мөн эсэх нь эргэлзээтэй. Хэрэгт авагдсан баримтаас харахад талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаанд Ш.Б зөвхөн гарын үсэг зурснаас өөрөөр огт оролцоогүй. Гэрээний бүх нөхцөлүүдийн талаарх тохиролцоог Н.Э, О.У нар хийсэн. Гэрээний зүйлийн төлбөрийг Н.Э, О.У нар гөлж байсан. Дээрх орон сууц болон автомашины зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд өмчлөх эрхийг хууль ёсоор шилжүүлж авах эрх бүхий субъектүүд нь М.Э, О.У нар болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Харин Ш.Б нь М.Э, О.У нарын гуйлтаар тэдний өмнөөс гэрээнд гарын үсэг зурснаас өөрөөр тухайн гэрээний харилцаанд эрх, үүрэг хүлээгээгүй. Тухайн орон сууцыг бодитоор худалдаж аваагүй. Худалдаж авах зорилго байгаагүй учир гэрээний эрх, үүргийг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар М.Э, О.У нар хариуцах ёстой гэж үзэж байна. Ш.Бийн хувьд дээрх гэрээний эрх, үүргийг хүлээгээгүй учир анхан шатны шүүхийн шийдвэр түүнд сөрөг үр дагавар үүсгэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, мэтгэлцэх зарчмыг хангаж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзсэн. Энэ талаар хэрэгт авагдсан баримтаар И ХХК нь компани нь тухайн автомашины зогсоолуудыг улсын бүртгэлд бүртгүүлээд, өмчлөх эрх нь нээгдэх холбогдох баримтуудыг бүгдийг нь гаргаж өгсөн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг бол буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг нь үндэслэлгүй. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барилгыг ашиглалтад оруулах ёстой байсан талаар ярьсан. Тухайн гэрээний хавсралтаар барилгыг ашиглалтад оруулах ёстой. Орох хугацааг сунгасан үйл баримт болон хавсралтуудыг дурдахгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгэгч тал биелүүлээгүй гэдэг нь өрөөсгөл. Хэрэгт авагдсан баримтаар ашиглалтад оруулах хугацааг сунгасан. Гэрчийн мэдүүлгийг буруу бичсэн, буруу үнэлсэн гэж ярьсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх үнэн зөв хэрэгтэй ач холбогдолтой талаас шийдвэрлэсэн. Улсын тэмдэгтийн хураамжийг анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага төлсөн улсын тэмдэгтийн хураамж дутуу байна гэдэг байдлаар мэтгэлцсэн. Давж заалдах гомдол гаргахдаа мөн адил улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн учир шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолтой холбоотойгоос бусад хэсгийг анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэртээ өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн талуудын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Ш.Бт холбогдуулан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 40,760,000 төгрөг, алданги 79,462,630 төгрөг, нийт 120,222,630 төгрөгийг гаргуулах, тээврийн хэрэгслийг албадан чөлөөлүүлж, автомашины зогсоолыг эзэмшиж ашиглахгүй байхыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний 5.1 дэх хэсгийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болохыг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг шилжүүлэхийг даалгаж, 2 ширхэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, алданги 358,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гарган маргажээ.

4. Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 000-000 дугаартай Орон сууц захиалгаар барьж худалдах-худалдан авах гэрээ-ээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, с гудамж, Ч хотхоны 000 дугаар байрны 000 тоот, 205 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, хариуцагчид актаар хүлээлгэн өгөх, хариуцагч нь гэрээний үнэ нийт 717,500,000 төгрөгийн 71,750,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, үлдэх 645,750,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээний хуулбар /хх.7-11/ болон талуудын тайлбараар тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

Гэрээний 4.2.3-т заасан хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд 000-11, 12 тоот 2 ширхэг автомашины зогсоол, Deluxe компанийн гал тогооны тавилгыг худалдагч тал нь худалдан авагч талд урамшуулал болгон олгох, хэрэв гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд олгохгүй байхаар тохиролцжээ.

5. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

5.а. Гэрээний үлдэгдэл төлбөр 40,760,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй.

Худалдан авагч тал нь худалдагч талаас хугацаандаа төлбөр төлсний урамшуулал болгон олгохоор тохиролцсон Deluxе компанийн гал тогооны тавилга, үүдний шкаф зэрэг нийт 40,760,000 төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлийг авахгүй гэж гэрээний нийт үнийн дүн 717,500,000 төгрөгөөс хасч тооцуулсан талаар хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хавсралт-4, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хавсралт-5 /хх.12-13/ зэрэг баримт авагдсан. Гэтэл эдгээр эд зүйлийг худалдагч талаас бодитоор нь шилжүүлэн эсэхийг нөгөө тал хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар уг эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын холбогдох хэсгийг хангах нь зүйтэй.

5.б. Алданги 79,462,630 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй

Хариуцагч гэрээнд заасны дагуу 71,750,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид төлсөн, зохигчид энэ талаар маргаагүй.

Харин гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа болон төлбөрийн хэмжээг талууд 2019 оны 08 сарын 14-ний өдөр, 2019 оны 09 сарын 10-ны өдөр, 2019 оны 09 сарын 13-ны өдрүүдэд гэрээнд нэмэлт оруулах замаар /хавсралт 4, хавсралт 5, хавсралт 6/ удаа дараа өөрчилж, хамгийн сүүлд хавсралт 6-гаар худалдан авагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 604,990,900 төгрөгөөс 450,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, үлдэх 154,990,900 төгрөгийг орон сууцыг хүлээн авсан өдөр тус тус төлөх, хэрэв уг хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд урамшуулал 000-11, 12 тоот 2 ширхэг автомашины зогсоолыг авахгүй байхаар талууд харилцан тохиролцжээ.

Хариуцагч нь гэрээний хавсралт 6-д заасны дагуу үлдэгдэл төлбөр 604,990,900 төгрөгийн 450,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх.53-56/

Иймд хариуцагч нь гэрээ болон гэрээний хавсралт 6-д заасны дагуу төлбөрийг төлсөн байх тул түүнийг гэрээний хугацаанд төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа хэтрүүлээгүй байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэсэн болно.

Хэргийн баримтаар хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 74,990,900 төгрөг, нийт 154,990,900 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх

Нэхэмжлэгч нь орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй болох нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцыг хариуцагчид акт гэх баримтаар тогтоогдсон байна. /хх.15/

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны үнийн үлдэгдлийг шаардахын тулд орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах ёстой байсан. Иймд түүнийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иймд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч анз авах эрхээ алдсан байна.

5.в. Зоорийн давхрын 000-11, 000-12 дугаар авто зогсоолыг эзэмшиж, ашиглахгүй байхыг хариуцагчид даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй.

Гэрээний 4.2.3-т хариуцагч төлбөрийг хугацаанд нь төлсөн тохиолдолд 000-11 дугаар, 000-12 дугаар автомашины зогсоолыг урамшуулалд тооцон нэхэмжлэгч нь хариуцагчид олгохоор заасан. Түүнчлэн, гэрээний хавсралт 4, 6-д хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд дээрх автомашины зогсоолыг урамшуулалд олгохгүй байхаар тохиролцсон.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, Харин хариуцагч нь гэрээний төлбөрийг хуваарийн дагуу төлсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар дээрх 2 ширхэг автомашины зогсоолыг хариуцагчид шилжүүлэх үүргээс татгалзах эрхгүй. Иймд хариуцагчийг хууль бус эзэмшигч гэж үзэхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

6. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

6.а. Гэрээний 5.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээснийг тогтоолгох сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй. Хариуцагч нь хууран мэхлэгдсэн гэж тайлбарласан нь нотлодоогүй.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 000-000 дугаартай Орон сууц захиалгаар барьж худалдах-худалдан авах гэрээ-ний 5.1-д Гүйцэтгэгч нь Ч Р хотхоны бүрэлдэхүүнд баригдах орон сууцны барилгыг 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн болно гэж заажээ.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Гэвч хэрэгт авагдсан баримтаар гэрээний 5.1 дэх заалтыг нэхэмжлэгч нь хариуцагчийг хууран мэхэлж хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6.б. Алданги 358,750,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй:

Хариуцагч уг шаардлагын үндэслэлээ 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 210 хоногийн алданги гэж тодорхойлсон.

Гэрээний 7.1-д Гүйцэтгэгч нь орон сууцыг тохирсон хугацаанд барьж дуусган хүлээлгэн өгөөгүй тохиолдолд /талууд харилцан тохиролцож уг хугацааг хойшлуулснаас бусад тохиолдолд/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн захиалагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй байгаа тухайн орон сууцны өртгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцуулах эрхтэй. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй болон гэрээний 5.4-т заасныг зөрчсөн бол энэ эрхээ алдана гэжээ.

Гэрээний 5.1-д орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар заасан боловч нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцыг актаар хариуцагчид хүлээлгэн өгсөн, хүлээлгэн өгснөөс хойш хариуцагч нь гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлөөгүй үйл баримт тогтоогдсон. Иймд төлбөр төлөх үүргийн хувьд хариуцагч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.1-т зааснаар хугацаа хэтрүүлсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь алданги 358,750,000 төгрөгийг шаардах эрхгүй. Уг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6.в Орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг шаардлагыг хангах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний 5.9-д захиалагч гэрээний үнийг 100 хувь төлсний дараа орон сууцыг өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг гүйцэтгэгч захиалагчийн нэр дээр шилжүүлж өгнө гэж заажээ.

Хариуцагч нь гэрээний зүйл болох орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн нь 2019 оны 07 дугаар сарын 04, 2020 оны 05 дугаар сарын 29, 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мемориалын баримт, Хаан банк ХХК, Голомт банк ХХК-ийн дансны хуулга /хх.53-56/ зэрэг баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь тухай орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.

6.г. Авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлагыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар дээрх 2 ширхэг автомашины зогсоолыг хариуцагчид шилжүүлэх үүргээс татгалзах эрхгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн, гэрээний хавсралт 6-д зааснаар нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн тул гэрээнд заасан урамшуулал болох Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, с гудамж, Ч хотхоны 000 дугаар байрны зоорийн давхрын 11 дугаар, 12 дугаар автомашины зогсоолыг өмчлөх эрх хариуцагчид үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, гэрээний хавсралтаас үзэхэд гэрээний үнийн дүнгээс тавилгын үнийг хасч байсан, автозогсоолын үнийн хасч тооцоогүй байх тул хариуцагч автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй. Мөн гэрээний хугацаанд үүргийг хэрхэн биелүүлэхтэй холбоотой тохиролцоо хийсэн байх тул автозогсоол нь гэрээний үнэд багтсан гэж үзнэ. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.

7. Нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу тооцоолоход 899,463 төгрөг төлөхөөс 1,039,900 төгрөг төлж, 140,437 төгрөгийг илүү төлсөн байх тул буцааж олгох нь зүйтэй. /120,222,630 төгрөг гаргуулах шаардлагад 759,063 төгрөг, автомашины зогсоолыг эзэмшиж, ашиглахгүй байхыг хариуцагчид даалгах шаардлагад 140,400 төгрөг/

Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу тооцоход 2,232,500 төгрөг төлөхөөс 2,462,300 төгрөг төлж, 229,800 төгрөгийг илүү төлсөн байх тул буцааж олгох нь зүйтэй. /алданги 358,750,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагад 1,951,700 төгрөг, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах сөрөг шаардлагад 70,200 төгрөг, гэрээний 5.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээснийг тогтоолгох сөрөг шаардлагад 70,200 төгрөг, 2 ширхэг автомашины өмчлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлагад 140,400 төгрөг/

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, зохигчдын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01837 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 112 дугаар зүйлийн 112.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Боос 40,759,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,463,530 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, с гудамж, Ч хотхоны 000 дугаар байрны зоорийн давхрын 11 дугаар, 12 дугаар автомашины зогсоолыг эзэмшиж, ашиглахгүй байхыг хариуцагч Ш.Бт даалгах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, с гудамж, Ч хотхоны 000 дугаар байр, 000 тоотын 205 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг хариуцагч Ш.Бт шилжүүлж өгөхийг нэхэмжлэгч И ХХК-д даалгаж, Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, с гудамж, Ч хотхоны 000 дугаар байрны зоорийн давхрын 11 дугаартай, 12 дугаартай автомашины зогсоолын өмчлөгчөөр хариуцагч Ш.Бийг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээний 5.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээснийг тогтоолгох, 358,750,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,039,900 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 2,462,300 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 361,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 210,600 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, улсын төсвөөс 140,437 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, 229,800 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,750 төгрөг, хариуцагчаас төлсөн 2,321,900 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН