| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 315/2026/0012/Э/ |
| Дугаар | 2026/ДШМ/16 |
| Огноо | 2026-04-17 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/16
*******д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,
прокурор Х.Ууганбат,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмонгийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, ******* онд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн ******* сумын ******* багийн “*******” гэх газарт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (*******)
2. Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч ын 1 тооны адууг “” маркийн мотоциклыг ашиглан хулгайлж, бусдад 749,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбат нь шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г “Бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “” маркийн мотоциклын үнэлгээ 436,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хохирогч т учирсан 749,000 төгрөгийн хохиролд шүдлэн үрээ өгч барагдуулсан, хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, энэ хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж тус тус хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Хэргийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад ******* нь 2025 оны 07 сарын 14-ний өдөр хүргэн ын гэрт ирсэн, ын адуунд байсан хүрэн үрээ нь түүний алдагдсан адуу биш байсныг мэдэж байсан бөгөөд барьж авч дэлийг нь засан, маргааш нь ын хашааны хажууд тээрч буй адууны хэсэг нь хаалга нь онгорхой хашааны дотор талд орон сүүдэрт тээрч байсныг нь хашааны хаалгыг хаан, уг хүрэн зүсмийн адууг барьж аван хашаанд үлдээн, бусад адууг гаргаж явуулсны дараа уг адууг мотоциклоор тууж иргэн т аваачиж өгсөн үйл баримт тогтоогдож байна. Гэрч Т.жав нь хохирогч ын адууг хариулдаг малчин ажилтай хүн юм.
******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “адууны дэлийг өмнөх өдөр нь зассан” гэдгээ хүлээн мэдүүлдэг бөгөөд энэ нь хавтаст хэргийн 56 дугаар хуудас дахь гэрч Т.жавын “ ахад алдсан талаараа хэлж байсан юм. Тэгсэн 2025 оны 07 дугаар сарын 20-ны үед манай мал мах авдаг Т. ахын гадаа миний алдсан гэх хүрэн зүсмийн тамгагүй хүрэн үрээг дэлийг нь засаад авчраад өгсөн тушаатай байхаар нь би ах Т.аас энэ хүрэн үрээг хэн өгсөн юм бэ? Миний алдсан үрээ байна гэхэд гэх залуу надаас адууны мөнгө аваад оронд нь тухайн адууг 3 хоногийн өмнө авчирч өгсөн” гэх мэдүүлгээр гэмт хэрэг хэзээ төгссөн нь тогтоогдож байна.
“Мал хулгайлах” гэдэгт нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцогддог гэмт хэрэг юм.
Шүүх эрүүгийн хэргийн хүрээнд тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийлгүй, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, гэмт хэрэг төгссөн цаг хугацааг буруу тогтоосон.
Хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэхгүй.
******* нь хохирогчийн адууг барьж өөрийн эзэмшилд авч дэлийг нь зассан, маргааш өдөр нь хашаанд орсныг барьж аван уяж, бусад адууг гаргаж явуулснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар шүүх хэргийн бодит байдал болон гэмт хэрэг төгссөн үеийг зөв тогтоогоогүй, шүүхээс тухайн хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, адууны дэлийг зассан гэх гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр гэмт хэрэг хэзээ төгссөн нь тогтоогдох хийгээд хэргийн зүйлчлэлд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.
6.Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэдгээр адууны дэлийг нь аваад 15 хоносон байсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
7.Прокурор Х.Ууганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн. Хохирол, уршигт зориуд хүргэсэн буюу гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг хууль бусаар, ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдийг ангилагддаг. Мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр нууц аргаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь 5 хошуу мал байдгаараа онцлог байдаг. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Машин механизм ашиглах гэдэгт хулгайлах үйлдээ хөнгөвчлөх, түргэсгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгө хүргэх, зөөж тээвэрлэх, малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэхийг хамааруулан үздэг онцлогтой. Шүүгдэгч хувьд ын өмчлөлийн хүрэн зүсмийн шүдлэн насны тамгагүй адууг авахдаа “” маркийн мотоциклыг ашиглан бэлчээрээс нь 10 км газарт хөөж авчирсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан буюу тэрээр мотоциклгүйгээр хол газраас уг адууг авчрах боломжгүй байсан. Алдуул малыг эзэмшиж байсан ын малын хашаанд байсан хүрэн зүсмийн шүдлэн үрээг барьж авч бусад адууг хашаанаас нь гаргаж, тухайн шүдлэн үрээний дэлийг засаж, тухайн гэмт хэргийг төгссөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хулгайлах гэмт хэргийн тухайд эд хөрөнгийн эзэмшигчийн мэдэл хяналтаас бүрэн гарч, гэмт этгээд тухайн эд хөрөнгийг бодитоор захиран зарцуулах боломжтой болсон үед төгсдөг бөгөөд малын хашаан дотор дэлийг нь засаж, бусад адуунаас нь авч үлдсэнээр тус гэмт хэрэг төгсөөгүй. Гэмт хэрэгт бэлдсэн гэж үзэх үндэслэл болох хүрэн зүсмийн шүдлэн үрээг эзэмшигч ын хашаанаас гаргаж мотоциклоор тууснаар төгссөн байна. Машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлсан буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай таарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
10. Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч ын 1 тооны адууг “” маркийн мотоциклыг ашиглан хулгайлж, бусдад 749,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдал нийцжээ. Үүнд:
10.1.Яллагдагч *******гийн “2024 онд гэх айлын малыг хардаг байх үед тухайн айлын адуунаас тамгагүй, хүрэн зүсмийн даага алдаад олохгүй байсан. 2025 оны 07 сарын эхээр манай хүргэн дүү Х. над руу залгаад манай адуунд тамгагүй, хүрэн зүсмийн үрээ ирж нийлээд 10 гаруй хонож байна. Таны алдсан даага мөн байж магадгүй. Ирж үзэх үү гэж хэлсэн. Тэгээд би ынд очиж, хүрэн үрээг хараад “Мөн байна” гэж бодсон. Тиймээс тэр шүдлэн адууг барьж уяад бусад адуунуудыг хашаанаас нь гаргасан. Хүргэн дүү Х.т хэлээд түүний мотоциклыг унаад 10 гаруй км орчим газарт байх Т.аа гэх хүнд аваачиж өгсөн.” гэх ( Хэргийн 64-66, 97-99 дүгээр хуудас),
10.2.Хохирогч ын “Би ******* сумын “” гэх газраас 2025 оны 7 сарын сүүлээр хүрэн зүсмийн, тамгагүй, шүдлэн үрээгээ алдсан. ******* нь миний үрээг хүнд өгсөн байсныг манай малчин жав таниад үрээгээ авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэх (Хэргийн 41-42, 45, 114 дүгээр хуудас),
10.3.Гэрч Х.ын “2025 оны 7 сарын дундуур манай адуунд тамгагүй, хүрэн зүсмийн, шүдлэн үрээ ирж нийлсэн. Тухайн үед манай гэрт хадам ах ******* ирсэн байсан. 4-5 хоногийн дараа ******* ах миний мотоциклыг унаад манай адуунд байсан үрээг туугаад явсан байсан. Тэгэхээр нь “Та хүний адууг хөөгөөд явдаг нь яаж байгаа юм” гэхэд: “Тэр чинь миний адуу” гэж хэлсэн.” гэх (Хэргийн 52-53 дугаар хуудас),
10.4.Гэрч Т.ын “2025 оны 5 дугаар сард ******* гэх залуу шүдлэн адуу өгнө гээд надаас 400,000 төгрөг авсан. 7 сарын эхээр *******тэй уулзаад адуугаа авъя гэсэн. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа ******* хүрэн зүсмийн, тамгагүй, шүдлэн эр үрээг мотоциклоор тууж авчирч өгсөн. Хоёр хоногийн дараа манай төрсөн дүү Т.жав ирсэн. Тэгээд хүрэн үрээг таниад энэ адуу ахын адуу байна. Хэн өгсөн юм? гэхэд нь “******* өгсөн” гэж хэлсэн.” гэх (Хэргийн 48-49 дүгээр хуудас),
10.5.Гэрч Т.жавын “2025 оны 7 сарын дундуур ахын хүрэн зүсмийн, тамгагүй, шүдлэн үрээг алдаад олохгүй байсан. Тухайн үед энэ талаар ахад хэлсэн. Т. ахынд очиход миний алдсан хүрэн үрээ гадаа нь тушаатай, дэлийг нь зассан байсан. Т. ах: “******* гэх залуу надаас адууны мөнгө авсан. Энэ адууг 3 хоногийн өмнө авчирч өгсөн” гэсэн. Би “Энэ үрээ миний үрээ байна” гээд үрээгээ авсан.” гэх ( Хэргийн 56-57 дугаар хуудас) мэдүүлгүүд,
10.6. “Болор үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн “Шүдлэн үрээ 749,000 төгрөг” гэх дүгнэлт (Хэргийн 81-86 дугаар хуудас),
10.7. “Болор үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн “2021 онд худалдан авсан маркийн мотоцикл 436,000 төгрөг” гэх дүгнэлт (Хэргийн 71-75 дугаар хуудас),
10.8.Гэрч Т.ын дугаартай, ХААН банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн “2025.05.08-ны өдөр 400,000 төгрөгийг тоот данс руу, гүйлгээний утга дээр нь гэж бичиж шилжүүлсэн” гэх тэмдэглэл (Хэргийн 11-36 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдаж, шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
11.Хэрэгт авагдсан хохирогч ын мал тооллогын А дансны хуулга, гэрч гийн “Би *******тэй 2013 онд танилцаж, нэг орж амьдраад 2014 онд том охин , 2019 онд бага охин төрсөн. Бид 2021 онд салсан. Манай 2 охин надтай цуг ******* суманд амьдардаг.” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 5-10, 60-61, 103-111 дүгээр хуудас)
12.Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-д заасан “машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлсан” гэх гэмт хэргийн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал:
“Мал хулгайлах” гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарахаар хуульчилжээ.
“Машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.
13.Шүүгдэгчийн өмгөөлөгч “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг гаргасан.
Шүүгдэгч мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр, машин механизм ашиглаж буюу мотоцикл ашиглаж үйлдсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “Шүүгдэгч ******* адууны дэлийг зассан үйлдэл хийснээр гэмт хэрэг төгссөн нь гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдох хийгээд хэргийн зүйлчлэлд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал байхад анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.
Шүүгдэгч бусдын малыг хулгайлахдаа мотоцикл ашигласан болох нь гэрч Х.ын “******* ах миний улаан өнгийн маркийн тээврийн хэрэгслийг унаад манай адуунд байсан хүрэн зүсмийн үрээг туугаад явсан байсан.” гэх, гэрч Т.ын “10 гаруй хоногийн дараа ******* хүрэн зүсмийн эр үрээг мотоциклоор тууж авчирч өгсөн” гэх, яллагдагчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би хүрэн үрээг барьж аваад, дэлийг нь засаад Т.аагийнд аваачиж өгсөн. Хүргэн ын мотоциклоор тууж аваачсан.” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хулгайлах гэмт хэргийн тухайд эд хөрөнгө эзэмшигчийн мэдэл, хяналтаас бүрэн гарч гэмт этгээд тухайн эд хөрөнгийг бодитоор захиран зарцуулах боломжтой болсон үед төгсдөг.
Иймд алдуул малыг эзэмшигч Х.ын малын хашаанд дэлийг нь засаж, бусад адуунаас авч үлдсэнээр тус гэмт хэрэг төгсөөгүй, гэмт хэрэгт бэлдсэн гэж үзэх бөгөөд хүрэн зүсмийн шүдлэн үрээг эзэмшигч Х.ын хашаанаас гаргаж мотоциклоор тууж, бусдад шилжүүлснээр тус гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.
14. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд харшлаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмонгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон нийт 81 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ