| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2434006270466 |
| Дугаар | 2026/ДШМ/43 |
| Огноо | 2026-04-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/43
2026 04 16 2026/ДШМ/43
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Лувсанцэрэн,
Хохирогч З.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Галцацрах,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлоор шүүгдэгч Б.Бд холбогдох 2434006270466 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ..-ний өдөр Төв аймаг Баянчандмань суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх, дүү, хүүхдийн хамт ..... оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б, регистрийн дугаар: .........
2.Б.Бнь Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг Дарцатын ар гэх газарт 2024 оны 10 дугаар сарын 15-аас 16-ны өдрийг шилжих шөнө хохирогчийг утсаараа бичлэг хийлээ гэх шалтгааны улмаас хохирогч 3.Б-ай маргалдаж түүний Iphone 12 Promax маркийн гар утсыг булааж авахдаа хохирогчийн хоёр гарыг мушгин татаж, биед зүүн мөрний булчингийн урагдал, далны тогооны мөгөөрсний урагдал, зүүн атгаал ясны толгойн хугарал, зүүн мөрний булчин, зүүн мөрний зөөлөн эдийн няцралт, баруун нэгдүгээр хурууны 2 дугаар зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн түүний утсыг булаан авч шидэн утсыг нь гэмтээсний улмаас хохирогчид 417,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Төв аймгийн прокурорын газраас Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: “Шүүгдэгч Г хэт Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулж,
Хохирогч З.Б болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Шүүгдэгч Б.Бд оногдуулсан нь нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн 2434006270466 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
хохирогч 3.Б болон Ш.М нараас 2 ширхэг СД ирүүлснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллаж улмаар шүүхээс гэм буруутай гэж үзэж дүгнэн шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэн, шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэлтэй эргэлзээг төрүүлж байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж тулган шийдвэр гаргасан гэж дүгнэх үндэстэй байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтууд гэрчийн мэдүүлгүүд, хохирогчийн удаа дараагийн хууль сануулсан өмгөөлөгчтэй мэдүүлсэн мэдүүлгүүдэд хүндэвтэр хохирлыг Б.Б учруулаагүй гомдол саналгүй гэж мэдүүлсэн байдаг бөгөөд сүүлд нүүрэлдүүлэн байцаахад мэдүүлгээ өөрчилсөн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.
Шүүгдэгч Б.Б эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хохирол төлбөр барагдуулсан байдаг бөгөөд гар утсыг шувтарч булааж авах үйлдлийг хийх явцад хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэх нь маш өрөөсгөл бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж эргэлзээтэй байдлыг тодруулж, ялгаж салгаж нотлоогүй гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан мэдүүлгийн зөрөөг урьд өгсөн мэдүүлгийг уншиж сонсгон тэмдэглэл хөтлөөгүй, шинжээч томилсон тогтоол танилцуулаагүй зэрэг оролцогчийн эрх хязгаарласан хууль зөрчсөн үйлдлүүдийг дурдсаар байхад дүгнэлт гаргаагүй, шүүгдэгч Б.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү....” гэв.
6.Хохирогч З.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Намайг хэд хэдэн удаа мэдүүлгээ өөрчилсөн гэж байна. Тийм зүйл байхгүй. Анх Б.Бай утас булаацалдахад миний мөрөнд гэмтэл учирсан талаар сумын цагдаад бичиж өгсөн өргөдөл дээр байгаа. Эхлээд Ш.Мд цохиулахад гар зүгээр байсан болохоор утсаараа бичлэг хийсэн. Дараа нь Б.Бутас авах гэж булаацалдсаны дараа миний гар эвгүй болоод гэртээ ороод гадуур хувцсаа тайлаад хартал мөр эвгүй болчихсон байсан. Хэрэг гарсны дараа Б.Бманайд хэд хэдэн удаа ирсэн. Ирэх бүрдээ Ш.М таныг бөмбөг цохиж байгаа юм шиг хүчтэй цохисноос болоод таны мөр гэмтсэн гээд байсан. Харин Ш.М ийм зүйл хэлж байгаагүй. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэв.
7.Шүүгдэгч Б.Бын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Өмгөөлөгчийн гаргасан гомдолтой санал нийлж байна. Ш.М гэдэг хүний хийсэн хэргийг өмнөөс нь үүрээд хэрэгтэн болоод зогсож байгаадаа гомдолтой байна. Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөөр ирсэн. Гэтэл одоо энд ингээд зогсож байна. Энэ хүмүүс үгсэж, үгээ нийлүүлэн орж ирээд намайг хэрэгтэн болгож байна. Прокурорын хэлж байгаа шиг хохирогчийн утсыг авах гэж гарыг нь мушгиж татсан үйл явдал болоогүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү..” гэв.
8.Прокурор Б.Лувсанцэрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бнь хохирогч З.Бгийн гар утсыг булаан авч шидсэн үйл баримт тогтоогдсон. Утсыг булааж авахдаа хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан уу гэдэгт талууд маргаж байгаа. Шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээс харахад хүний нүүрэн тус газар ямар нэг хүчний үйлчлэл үзүүлэхэд мөр хөдлөхгүй. Гарыг хөшиж, мушгиж, татах үйлдлийн улмаас мөр мултрах гэмтэл үүснэ гэдэг нь тодорхой болсон. З.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр, өөр мэдүүлэг өгсөн зүйлгүй. Хамгийн сүүлд шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө Ш.Мөнхбатыг цохиход миний мөр зүгээр байсан. Б.Бай утас булаацалдсаны улмаас миний мөрөнд гэмтэл учирсан гэж мэдүүлдэг. Утсыг булааж авах үйлдлийг нь харсан хоёр гэрч мөн мэдүүлсэн байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан шинжээчийн тайлбар зэргээр шүүгдэгч Б.Бхүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл хийсэн нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
6.Хохирогчийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “...Хохирогчийн биед гэмтэл учруулсан Б.Бын үйлдэлд эргэлзээтэй зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтаар хангалттай тогтоогдчихсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолд хууль хэрэглээний болон утга найруулгын талаар өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж зөрчсөн зүйлгүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх зүйлгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангалттай бүрдсэн, үнэлэх боломжтой байна.
2.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзвэл, Б.Бнь Ш.М, Н.Б нарын хамт малын тэжээл тарьсан пойлонд очиход Ц.Мийн үхэр орчихсон байсны улмаас Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг Дарцатын ар гэх газарт 2024 оны 10 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө маргаан үүссэн, улмаар хохирогч 3.Б гэрээсээ гарч ирэн нөхөр Ц.Мийг өмөөрч Ш.М руу шороо цацаж, бичлэг хийх үед Б.Б Iphone 12 Promax маркийн гар утсыг булааж авахдаа хоёр гарыг мушгин татаж “биед зүүн мөрний булчингийн урагдал, далны тогооны мөгөөрсний урагдал, зүүн атгаал ясны толгойн хугарал, зүүн мөрний булчин, зүүн мөрний зөөлөн эдийн няцралт, баруун нэгдүгээр хурууны 2 дугаар зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий” эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн булааж авсан гар утсаа газарт шидэн гэмтээж эд хөрөнгөд 417,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн дараах үйл баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх дээрх үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Бгийн өгсөн "...Би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Дарцатын ар гэх газарт байх гэртээ гэр бүлийн хамт 2024 оны 10 дугаар сарын 16-ны шөнө унтаж байтал 00 цаг 30 минутын орчим манай гэрийн гадаа машин ирж байгаа чимээ гарсан. Тухайн үед нөхөр Ц.Мийг дуудаж сэрээгээд гарах гэтэл манай гэрийн хашааны хаалгыг маш хүчтэй цохиж нүдээд эхэлсэн. Тэгтэл нөхөр Ц.М хувцсаа өмсөөд гэрээс гараад явсан. ...нөхөр Ц.М орж ирэхгүй удаад байхаар гэрээс гараад гадаа сонсоод зогсож байтал чанга дуугараад маргалдаад байх шиг байхаар нь би наанаас нь яваад очтол хоёр залуу манай нөхөртэй хамт зогсож байсан. Би очоод "та нар юу болоод байна" гэж асуутал Ш.М гэх залуу миний өөдөөс "танай үхэр манай пойлонд сүүлийн 7-10 хоног орж байна" гэж над руу гүтгэж яриад байхаар нь би Ш.М гэх залуугийн өөдөөс "үгүй манай үхэр танай пойлонд ороогүй манай үхрийг танай пойлонд орсон гэх зураг нотлох баримт чамд байна уу" гэж би асуугаад яриад зогсож байтал Ш.Мтай хамт явж байсан Б.Бгэх залуу манай нөхөр Ш.М рүү дайрч "Би Баянчандмань сумын унаган хүн байна. Чамайг би хаана ч байсан очоод байгаа газарт чинь битүүгээр ална" гээд тэр хоёр маргалдаад зогсож байсан. Би тухайн үед Ш.М хэл ойлголцохгүй уурандаа газраас шороо аваад Ш.М руу цацтал Ш.М гэх хүн баруун гараараа миний зүүн талын нүд рүү нэг алгадаж дахиад дээрээс нэмж миний толгой руу гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл цаана Б.Бгэх залуу манай нөхөр Ц.Мийн өмсөж байсан куртикээр хоолойг нь боочихсон зогсож байгаа харагдсан. Би куртикний халааснаас гар утсаа гаргаж бичлэг хийж эхэлтэл Б.Бгэх залуу миний гарт байсан гар утсыг надаас булааж аваад блокон хашааны хана руу шидсэн. Тэр үед Ш.М гэх залуу "танай малыг буудаж ална чамайг ч буудаж ална" гээд манай нөхөрт заналхийлээд байсан. Тэгээд би утсаа газраас аваад нөхрийгөө "чи хурдан явж пойлны хашаанд орсон байгаа үхэр малаа пойлны хашаанаас гаргаж ир" гэж хэлээд гэртээ орох гээд хашаан дотор явж байтал миний зүүн талын гар хөдөлж болохгүй даагдахгүй хөндүүр оргиод нэг биш болсон байсан. Би гүрийж алхсаар байгаад гэрт ороод толинд хартал миний зүүн талын нүд хөхөрсөн шанаа улайчихсан байсан. Би тухайн үед куртикээ тайлах гэтэл чадахгүй байсан. Гүрийж байгаад куртикээ тайлаад хартал миний мөр мултарсан байдалтай овойж хавдсан байсан. Тухайн үед манай нөхөр хүүтэйгээ хамт пойл руу яваад үхэр малаа пойлноос гаргаж ирсээр байтал шөнийн 03 цаг болж байсан. Тэгээд хүү нөхөр хоёрыг ирэхээр би нөхөртөө хэлээд сумын эмнэлэгт ирж үзүүлсэн. Сумын эмнэлэг "өвчин намдаах өгье манайх таны мөрний мултралыг оруулж чадахгүй байна" гэж хэлээд надад өвчин намдаах эм өгөөд би нөхөртэйгөө Улаанбаатар хот руу явж ГССҮТ-д очиж үзүүлсэн. Тухайн үед эмнэлэг таны мөр мултарч удсан байна гэж надад хэлж байсан. Тэгээд нөхөр бид хоёр Цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн хоёр хүнийг таньж мэдэхгүй. Тухайн хэрүүл маргааны үед миний гар утсыг Б.Бгэх хүн хашаа руу савж шидсэнээс болж миний Iphone-12 маркийн гар утасны дэлгэц хагарсан байгаа. Би өөрийн биед болон сэтгэцэд учирсан хохирлоо мэргэжлийн байгууллагаар тогтоолгоно. Би гомдолтой байна өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэх зардал мөнгөө шийдвэрлүүлмээр байна. Мөн одоо эрүүл мэнд сайжирч өгөхгүй байгаа маш их гомдолтой байна..." гэх мэдүүлэг /1хх-29-30/,
Хохирогч З.Бгийн дахин өгсөн "...Тухайн өдөр Ш.М гэх хүн миний нүүр хэсэгт гараараа нэг удаа алгадаж толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Б.Бгэх хүн миний гартаа барьж байсан утсыг булаан авч баруун гарын эрхий хурууны доод үе тулсан. Тухайн үед гар утсаа хоёр гараараа барьж байсан тул булааж гар дугтрах үед би газар унаж дараа нь мөр мултарсан байсан. Миний барьж байсан гар утас iphone 12 pго мах загварын гар утас байсан. Дэлгэц хагарсан, мөн дэлгэц шатаж ажиллахгүй болсон. Би гэмтэл авсан өдрөө Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж мөрөө оруулаад маргааш нь Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст үзүүлээд эхний удаа хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт танилцуулаад хөнгөн зэргийн гэмтэл гарах учир байхгүй гээд дахин шинжээч эмч томилж өгсөн. Тухайн томилсон тогтоолын дүгнэлт нь хүндэвтэр гэмтэл гарсан. Би Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч И.Гын 2024 оны 10 дугаар сарны 21-ний өдрийн гаргасан 590 дугаартай дүгнэлттэй танилцсан. Зүүн мөрний мултрал, баруун 1 дүгээр хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн гэмтэл зэрэг гэмтлийг Б.Бгэх хүн гар утас булааж авах үедээ үүсгэсэн гэмтэл. Б.Бтухайн асуудал болсны дараа манай гэрт ирэх үед би удаа дараа хэлсэн "чи миний утсыг булаах гэж гар мушгих үед гар мулталчихлаа" гэхэд Б.Б"Би бишээ Ш.М таны толгой руу цохих үед мөр чинь мултарсан" гэж хэлээд байгаа. Яаж ч бодсон миний нүүрэнд алгадаад мөр мултрах боломжгүй. Миний утсыг булааж авах гэж гар мушгиж газар унагах үед л тухайн гэмтэл үүссэн. Харин зүүн нүдний зовхинд цус хуралтыг бол Ш.Малгадах үед үүссэн...өөр хүн нүүрэнд хүрээгүй. Би Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн эмнэлэгт хэвтэн мөрний хагалгаанд орж 6,500,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн. Үүнээс эрүүл мэндийн даатгалын сангаас 6,000,000 төгрөг, өөрөөсөө 500,000 төгрөг гаргаж эмчилгээ хийлгэсэн. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орохоосоо өмнө 1 удаа хагалгаанд ороод гарсны дараа 2 удаа хэвтэн эмчлүүлж гадуур эмчилгээнд хамрагдсан. Надаас 5,411,103 төгрөгийн зардал гарсан...” гэх мэдүүлэг /1хх-42-43/,
Гэрч Ц.Мийн өгсөн "...Би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Дарцагтын ар гэх газарт гэр бүлийн хамт мал маллаж амьдардаг. 2024 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн орчим би гэр бүлийнхээ хамт гэртээ амарч байтал манай гэрийн гадаа машин ирээд манай хашааны хаалга нүдээд байна гэж эхнэр З.Б хэлсэн. Би гэрээс гарч хашааны хаалган дээр очтол Ш.М гэх залуу зогсож байсан. Би "яасан" гэж асуутал "танай үхэр ногоон тэжээлийн пойлны хашаанд орсон байна. Сүүлийн 10 гаран хоног манай ногоон тэжээлийг танай үхэр идэж байна. Би танай үхрийг хариулж байсан" гээд уурласан. Тэгэхээр нь би "манай үхэр танай хашаанд ороогүй. Шөнө танай пойлны хашаанд орсон үгүй талаар ах нь сайн мэдэхгүй байна" гэж хэлтэл "одоо очиж танай үхрийг буудаж ална" гэж хэлээд зогсож байтал миний араас манай эхнэр З.Б гарч ирээд Ш.М гэх хүнтэй "юу яриад буу шийдэм яриад манай үхэр малыг буудах болов" гээд манай эхнэр З.Б Ш.Маас асуутал Ш.М "танай үхэр сүүлийн 10 хоног манай ногоон тэжээлийн пойлны талбайд ороод байна" гээд Ш.М хэлсэн. Тэгтэл манай эхнэр З.Б "тийм зүйл байхгүй" гэж хэлтэл Ш.М манай эхнэр З.Бгийн өөдөөс уурлаж танай үхэр байнга орж байна балай авгай минь үхэр малаа харахад яадаг юм гэж хэлээд өөдөөс хэрэлдээд дайраад байсан. Тэгтэл манай эхнэр З.Б газраас шороо аваад Ш.Мын өөдөөс цацаж маргалдаж байтал Ш.М манай эхнэр З.Бгийн зүүн хацар хэсэгт нэг удаа маш хүчтэй алгадсан. Тэгтэл манай эхнэр Б цохиулсан тал руугаа хазайж байгаа харагдсан. Би тэр Ш.Мыг "чи эмэгтэй хүнийг цохиж байхаар намайг цохичихгүй яасан юм" гэж хэлтэл гэрэл тусгаж хараад зогсож байсан машинаас нэг залуу бууж ирээд намайг куртикний захнаас барьж аваад боогоод чирч Ш.М, манай эхнэр З.Б хоёроос холдуулах санаатай надтай зууралдаж байх үедээ "би эмэгтэй хүнтэй юм ярьж биед нь халдаж цохихгүй тантай ярина чамайг хэн гэдэг юм" гээд куртикний захаар хоолой боогоод зогсож байсан чинь манай эхнэр З.Б "та нарыг баримтжуулж цагдаагийн байгууллагад өгнө" гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл Б.Бгэх залуу тавьж манай эхнэр З.Бгийн гар утсыг булааж авч хашааны хана руу шидсэн. Тэгээд би эхнэр З.Бг дагуулаад гэрийн хашаанд ороод эхнэрийг гэртээ ор гэж хэлээд хүүгээ дуудаад пойлны хашаанаас үхрээ гаргах гээд хүү М.Мыг дагуулаад машинтай тухайн шөнийн 01 цаг 40 минутын орчим Ш.Мын ногоон тэжээлийн пойлонд очих үед манай үхэрнүүд тэдний пойлны хажуу хэсэгт хадаад хураагаад авсан байсан пойлонд байсныг би хүүтэйгээ хамт туугаад гаргаж байтал Ш.М, Б.Бнар дахиж ирээд Б.Бнамайг дахин барьж аваад чи нэрээ хэл гээд намайг 2-3 удаа элэгдэж унагасан. Тэгтэл Ш.М манай хүүг зодох гээд та нар манай пойлны хашаанд үхэр малаа оруулснаар надад төлбөр төлөх ёстой гээд орилж манай хүүг зодох гээд байхаар нь би Ш.М гэх залууд наад хүүхэд чинь бие муутай хүүхэд байгаа юм гар хүрч болохгүй шүү эсвэл намайг зодчих гэж хэлтэл манай хүү нөгөө хоёр хүнд аавын биед гар хүрч болохгүй шүү та нар аавыг тавь гэж хэлээд гар утас гаргаж бичлэг хийх гэтэл Ш.М манай хүүхдийн гар утсыг булааж авч харанхуй хэсэг рүү шидсэн. Тэгээд хүү бид хоёр гар утсаа хайгаад явж байтал Б.Б, Ш.М хоёр ирээд бид хоёр наад утсыг чинь аваагүй шүү гэж Ш.М хэлээд олдохгүй бол төлөөд өгчих чадалтай хүн шүү гэж хэлээд манай хүүхдийн утасны дугаар руу 3-4 удаа залгаж дуудуулж байгаад тэр шөнө утсаа олоогүй өнгөрч үүрээр гэгээ орсны дараа утсаа олж автал манай хүүхдийн гар утасны арын таг хагарсан байсан. Б.Бгэх хүн манай эхнэрийн утсыг булааж авч шидсэний дараа эхнэр З.Бгийн гар утасны дэлгэц хагарсан байсан. Тэгээд эхнэр бид хоёр цагдаагийн байгууллагад эд зүйл устгаж гэмтээсэн дээрээс нь бид хоёрыг цохиж зодсон талаар хандаж гомдол гаргасан. Би тухайн хүмүүсийг таньж мэдэхгүй. Тухайн хүмүүс ногоон тэжээлийн пойлонд үхэр оруулсан гэх шалтгаанаар ирж эхнэр бид хоёрыг цохиж зодсон. Тухайн үед манай үхрүүд пойлны хашааны хүний хадаад өвсөө аваад дууссан талбайд явж байсныг би өөрийнхөө нүдээр очиж харсан. Энэ хүмүүс шалтаг хайж ирээд эхнэр бид хоёрыг зодсон. Тухайн хүмүүст зодуулсны улмаас миний биед гэмтэл бэртэл учраагүй. Харин манай эхнэр З.Бгийн зүүн талын гарын мөр мултарч, зүүн талын нүдний ухархайны яс хөхөрч хавдсан бусад газраа зөөлөн эдийн гэмтэл байна гэж эмнэлгийн байгууллагаас хэлсэн байгаа. Би гомдолтой байна энэ хэргийг хуулийн дагуу шалгуулж шийдүүлмээр байна..." гэх мэдүүлэг /1хх-37-40/.
Гэрч Н.Бгийн өгсөн "...Би тухайн өдөр гэртээ байж байтал манай найз Ш.М гэх хүн шөнийн 00 цаг өнгөрч байх үед манай гэрт ирээд намайг хамт ногоон тэжээлийн пойл манаж хоноод ирье гэж хэлээд намайг гуйсан. Би хамт явах болоод гэрээс гараад Ш.Мын машинд суугаад явах гэж байтал Б.Бманай гэрт байж байгаад араас гарч ирээд хамт явах болсон. Тэгээд бид 3-лаа шөнө ногоон тэжээлийн талбай яваад Ш.Мын ногоон тэжээл тарьсан байсан н.Сын талбайд үхэр орсон байсан. Тэгсэн Ш.М хойд айлын үхэр пойлонд орсон байна гэрт нь очиж уулзъя гээд би машин бариад хажуу талын суудал дээр Ш.М суугаад арын суудалд Б.Бсуугаад малын эзэн Ц.М гэх айлын хашааны гадаа очоод хашааны хаалгыг Ш.Мөнхбат нүдээд нэг эрэгтэй хүн гарч ирсэн. Ш.М уулзаад зогсож байсан. Тэгээд удаагүй араас нь хашаан дотроос үхрийн эзэн Ц.М эхнэр бололтой нэг хар куртиктэй намхан эмэгтэй хүн хашаанаас гарч ирээд Ш.Май маргалдсан. Тэгтэл машин дотор сууж байсан Б.Бмашинаас бууж, очоод Ц.М гэх хүнтэй маргалдаад барилцаад авсан чинь нөгөө хашаанаас гарч ирсэн эмэгтэй Ш.М хальт нэг удаа алгадаж газраас шороо аваад Ш.М нүүр рүү цацаж байгаа харагдсан. Тэгтэл Ш.М зөрүүлж тухайн эмэгтэйг баруун гараараа хар куртиктэй эмэгтэйн зүүн талын нүдний орчимд дээрээс нь доошоо гараараа савж нэг удаа алгадсан. Тэгтэл нөгөө эмэгтэй хойшоо нэг хоёр алхаж байгаад куртикнийхээ халааснаас гар утсаа гаргаж ирээд Б.Бтүүний нөхөр Ц.М нарын зууралдаж байсан бичлэгийг гар утсаараа хийх гэтэл Б.Бнөгөө эмэгтэй хүний гар утсыг булааж аваад шидсэн. Тэгээд бид гурвуулаа машиндаа сууж байтал нөхөр Ц.М гэх хүн хүүтэйгээ хамт гэрийнхээ хашаанаас машинаа асааж гаргаж ирээд бид хэдтэй хамт пойл руу урд гараад явсан. Бид хэд араас дагаж пойлны хашаанд очоод би машин дотор Б.Бтай хамт сууж байтал Ш.М, Ц.М түүний хүүхэд бололтой нэг залуугийн хамт гурвуулаа пойлны хашааны дотор орж үхрээ тууж гаргаж байтал Б.Бнамайг пойлны хаалган дээр явган үлдээгээд Ш.Мын машиныг унаад явсан. Тэгээд би тухайн шөнийн 01 цаг нэлээн өнгөрч байхад пойлны хашаан дотор явган явж байсан хүмүүс болон араас машинтай явсан Б.Бнарыг ирэхгүй болохоор би наанаас нь явган яваад очтол Ш.М, Б.Б, Ц.М, түүний хүү 4-лээ утас хайгаад зогсож байсан. Тэгээд хамт утсыг хайлцаж байгаад би нөгөө хоёртойгоо нийлж машиндаа сууж пойлны хаалган дээр ирээд бид гурвын араас Ц.М хүүхэдтэйгээ ирж уулзаад Ш.М, Б.Бнар Ц.Мээс уучлалт гуйж хамт юм ярьж сууж байгаад явцгаасан. Тухайн маргаан болох үед Ш.М хашаанаас гарч ирсэн хар куртиктэй намхан эмэгтэй хүнийг зүүн талын нүд орчимд баруун гараараа нэг удаа дээрээс доошоо савж алгадаж байсан юм. Тэгтэл нөгөө Ш.Мд алгадуулсан эмэгтэй Б.Б, Ц.М хоёрын маргалдаж зууралдаж байх үеийн бичлэгийг гар утсаар хийх гэсэн боловч Б.Бтухайн хүний гар утсыг шүүрч авч шидээд нөхөртэй маргалдаж байгаад машиндаа суугаад явцгаасан. Тухайн маргааны үед Ш.М бид хоёр эрүүл байсан Б.Бхөдөө яваад ирэх үедээ бага зэрэг халамцуухан байсан юм. Тухайн шөнийн 01 цаг өнгөрч байх үед З.Б гэх эмэгтэй хүнийг манай найз Ш.М баруун гараараа З.Б гэх хүний зүүн талын нүд орчимд дээрээс доошоо гараа савж алгадаж байсан өөр тухайн эмэгтэй цохиж зодсон асуудал гаргасан хүн байхгүй би хажуухан талд нь Ш.Мын машин дотроос хараад сууж байсан юм. Тухайн шөнийн маргаан болж байх үед Б.Бтэр эмэгтэй хүний биед халдаж цохиж зодоогүй. Тэр хүний гар утсыг шүүрч аваад шидсэн тэрнээс тухайн эмэгтэйн гар хөлийг мушгиж, хөшиж ноцолдсон ямар ч тийм асуудал гаргаагүй. Тухайн орой гэрийнхэн хашааны үүдэнд хар куртиктэй эмэгтэй Ш.Мыг хальт нэг удаа алгадаж шороо цацсан. Мөн маргалдаж байх үедээ Б.Бын нүүр рүү мөн шороо цацсан. Тухайн хүмүүс Б.Б, Ш.М нарыг өөр цохиж зодсон асуудал гаргаагүй. Тухайн орой шөнө Б.Бг, Ц.М гэх хүнийг зүгээр заамдаж ноцолдож байгаа харагдсан тэрнээс цохиж зодож байгаа талаар би хараагүй..." гэх мэдүүлэг /1xx-45-46/,
"...Надад өмнө нь өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйлгүй. Гадаа маргаан болж байхад би гэртээ хувцсаа өмсөж байсан. Энэ үед гаднаас ээж аав хоёр ороод ирсэн. Ээж уйлчихсан нүүр нүд хэсэгт улаан зураастай улайсан байдалтай өмсөж гарсан хувцас нь шороо болчихсон байсан. Ээж 3.Б хэнд зодуулсны улмаас мөр мултарсан талаар надтай яриагүй. Б.Бгэх хүн гар утсыг нь аваад шидсэн гэж хэлж байсан. Өмсөж байсан өмдний ар хэсэг болон куртикний арын ханцуй дал хэсгээрээ нэлэнхийдээ шороо болчихсон орж ирсэн. Ээж 3.Бийн мөр өмнө мултарч байсныг би мэдэхгүй. Бичлэг хийсэн байсан миний apple id дээр 10 секундийн бичлэг хийгдсэн байсан. Эвдэрсэн утсыг Б.Бгэх хүн аваад явсан хаана байгааг мэдэхгүй. Би одоогоор Iphone маркийн гар утас барихгүй байгаа. Би гэртээ хариад 2-3 хоногийн дотор бичлэг гаргаад өгч болно..." гэх мэдүүлэг /1хх-69/,
Гэрч Б.Тийн өгсөн "...Би Төв аймгийн Баянчандмань сумын эрүүл мэндийн төвийн сувилагч ажилтай. Би тухайн өдөр ээлжийн сувилагчийн албан үүргийг гүйцэтгэж байтал шөнийн 01 цаг 20 минут өнгөрч байх үед З.Б гэх эмэгтэй нөхөртэйгөө хамт орж ирээд "гараа үзүүлэх гэсэн юм миний мөр мултарсан юм шиг байна" гэхээр нь би тухайн хүмүүсээс асуумж авч бөглөөд яасан талаар тодруулж асуухад манай үхрийг пойлонд орсон гэх шалтгаанаар хоёр согтуу хүн манай гэрт ирж манай нөхөр бид хоёрыг зодсон юм гэж надад хэлж байсан. Тэгээд би тухайн өдрийн жижүүр эмчийн утас руу залгаж хэлтэл манай эмч "наад хүндээ өвчин намдаах тариа хийж өгөөд Улаанбаатар хот руу явуулчих манайх мултарсан гарын мөр оруулахгүй" гээд хэлээд явуулчих гэхээр нь би тухайн хүнд өвчин намдаах тариа хийж өгөөд зүүн гарынх нь бугуй хэсэгт сойлт хийж өгөөд явуулсан..." гэх мэдүүлэг /1хх-58/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 590 дугаартай шинжээчийн "...3.Бийн биед зүүн мөрний мултрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун 1 дүгээр хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /1хх-110-111/
"Мөнгөн гүүр" эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн оношилгоо /1xx-112/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 57 дугаартай шинжээчийн "...З.Бгийн биед зүүн мөрний булчингийн урагдал, далны тогооны мөгөөрсний урагдал, зүүн атгаал ясны толгойн хугарал, зүүн мөрний булчин, зүүн мөрний зөөлөн эдэд няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна..." гэх дүгнэлт /1хx-117-118/,
Шинжээч И.Ганболорын өгсөн "...Би шинжээч эмчээр 10 дахь жилдээ ажиллаж байна. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 57 дугаартай нэмэлт дүгнэлтэд 3.Бийн биед зүүн мөрний булчингийн урагдал, далны тогооны мөгөөрсний урагдал, зүүн атгаал ясны толгойн хугарал, зүүн мөрний булчин, зүүн мөрний зөөлөн эдэд зөөлөн эдийн няцралт гэмтэл нь мохоо болон татагдах, үений хөдөлгөөний хязгаарыг давах хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлээр цохиулах болон гараас татах эсвэл мөрний хөдөлгөөний хязгаарыг давсан тохиолдолд үүсэх боломжтой..." гэх мэдүүлэг /1 хх 65/,
Мөн "...2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 590 тоот, 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 57 тоот дүгнэлтийг би гаргасан. 590 тоот дүгнэлт дээр иргэн 3.Бийн үзлэгт зүүн мөр мултарсан бинтээр дизогийн боолт хийлгэсэн тул энэ гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Иргэн 3.Бийн мөрний мри шинжилгээнд булчингийн урагдал болон, шөрмөсний урагдал илэрсэн. Иймд эдгэрэлтийн хугацаагаар нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д заасан хүндэвтэр гэмтэл тогтоогдсон. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан №590 дугаартай дүгнэлтэд 3.Бийн зүүн мөрний мултрал гэмтэл нь гар татагдах болон цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл. Зүүн мөрний мултрал хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхинд цус хуралт хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан хөнгөн зэрэгт хамаарна. Баруун 1 дүгээр хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцралт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т заасан гэмтлийн зэрэг тогтоохгүй. Тус иргэн 3.Бийн биед зүүн мөрний мултрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун 1 дүгээр хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцралтууд нь бүгд шинэ үүссэн гэмтэл байсан. Зүүн мөрний булчингийн урагдал, далны тогооны мөгөөрсний урагдал, зүүн атгаал ясны толгойн хугарал, зүүн мөрний булчин, зүүн мөрний зөөлөн эдэд зөөлөн эдийн няцралт зэрэг нь татагдах цохигдох үед үүсэх боломжтой..." гэх мэдүүлэг /1хх-67/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1348 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн "...3.Бийн зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 3.Бийн биед учирсан зүүн мөрний булчингийн урагдал, далны тогооны мөгөөрсний урагдал, зүүн атгаал ясны толгойн хугарал, зүүн мөрний булчин, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Бийн биед үүссэн зүүн мөрний булчингийн урагдал, далны тогооны мөгөөрсний урагдал, зүүн атгаал ясны толгойн хугарал, зүүн мөрний булчин, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, гарын эргүүлэх, мушгих, татаж чангаах зэргийн үед үүсгэгдэх боломжтой..." гэх дүгнэлт /2хх-3-5/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 428 дугаартай шинжээчийн "...1.З Б /РД:............/-ийн сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна..." гэх дүгнэлт /1xx-164-166/,
"Гарьд Гүрү Үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07/219 дугаартай шинжээчийн "...иргэн З.Бгийн өмчлөлийн Iphone 12 Pro max маркийн гар утасны дэлгэцийн зах зээлийн үнэ цэн нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 417,000 төгрөг болно..." гэх дүгнэлт /1хх-125-134/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийн бодит байдал нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
3.Б.Бнь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирогч З.Бгийн эрүүл мэндэд хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд объектив байдал нь гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоогоор илэрч байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг бөгөөд материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эд хөрөнгө гэмтээх гэдэгт: эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг ойлгоно.
Иймд прокурор тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Б.Бгын үйлдэл холбогдол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг тохирсон гэж үзэв.
5.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох ба шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх үндэслэл болох юм.
Шүүгдэгч Б.Бын гэм буруугийн санаатай үйлдлүүд нь хохирогч З.Бгийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, хор уршиг болон эд хөрөнгөд учирсан 417,000 төгрөгийн хохиролтой шууд шалтгаант холбоотой байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо “...Шүүгдэгч Б.Бгын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ гэмт хэргийн гол шинж нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчдэд хохирол учирснаар төгсдөг,
Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэргийн объектив талыг бусад хүний бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүй, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигтай үр дагавар, гэмт үйлдэл болон гэмт үр дагаврын хоорондох шалтгаант холбоотой.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол, хор, уршигт зориуд хүргэсэн гэж үзэв...” гэх дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчимд нийцсэн, нотлох баримт үнэлэх журам болон энэ хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
6.Мөн шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, нийгмийн аюулын зэрэг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.
7.Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч С.Галцацрахын “...Шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг барагдуулсан. Харин шүүх хохирогчоос гар утсыг шувтарч булааж авах үйлдлийг хийх явцад хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй бөгөөд эргэлзээтэй байдлыг тодруулж, үйлдэл холбогдлыг ялган салгаж тогтоогоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
7.1.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгахад дээрх гомдолд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор буюу 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж байна.
7.2.Өөрөөр хэлбэл, Ш.М нь малын тэжээл тарьсан пойлонд мал орохоос сэргийлэн манаж хонохоор Б.Б, Н.Б нарын хамт машинтай очиход Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг Дарцатын ар гэх газарт оршин суух Ц.Мийн үхэр орчихсон идээшилж байсан тул 2024 оны 10 дугаар сарын 15-аас 16-ны өдрийг шилжих шөнө гэрийнх нь гадаа очиж, маргаан үүсгэхэд эхнэр 3.Болормаа нь гарч ирэн шороо цацахад нь Ш.М зүүн талын нүд рүү нь алгадсан,
Улмаар пойлинд очоод Ц.Мтэй дахин маргалдан барьцалдаж аваад боосон, түүний хүү М.Мын утсыг авч шидсэн байх ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд цуглуулж бэхжүүлсэн баримтаар эд хөрөнгөд учирсан хохирол нь бага хэмжээнээс доош буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнд хүрээгүй, 3.Б, Ц.М нарын эрүүл мэндэд хохирол учруулсан зүйлгүй тул прокурор 2 дугаар хавтаст хэргийн 3-5 дугаар хуудсанд авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, “Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн М.Мын өмчлөлийн редми 13 ультра 5 жи маркийн гар утасны арын таг, спикерний зах зээлийн үнэ цэн нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 80,000 төгрөг гэх үнэлгээний тайлан зэрэг баримтыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ш.Мд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба энэ тогтоолд хэргийн оролцогчоос гомдол гаргасан зүйлгүй байна.
7.3.Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах, шүүгдэгч Б.Бнар “...Би маргааныг таслах байр суурьтай байсан. З.Б утсаар бичлэг хийж эхлэхэд утсыг нь авч шидсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин З.Бд гар хүрсэн зүйл байхгүй. Хохирогчийн мэдүүлэг тогтворгүй, хоорондоо зөрөөтэй байдаг...” гэж маргаж байгаа ч хохирогч З.Бгийн өгсөн "...Ш.М намайг алгадсаны дагуу зүүн талын куртикний халааснаас гар утсаа гаргаж бичлэг хийж эхэлтэл Б.Бгэх залуу миний гарт байсан гар утсыг надаас булааж аваад блокон хашааны хана руу шидсэн. ...Би утсаа газраас аваад нөхрийгөө "чи хурдан явж пойлны хашаанд орсон байгаа үхэр малаа пойлны хашаанаас гаргаж ир" гэж хэлээд гэртээ орох гээд хашаан дотор явж байтал миний зүүн талын гар хөдөлж болохгүй даагдахгүй хөндүүр оргиод нэг биш болсон байсан. Би гүрийж алхсаар байгаад гэрт ороод куртикээ тайлах гэтэл чадахгүй байсан. Гүрийж байгаад куртикээ тайлаад хартал миний мөр мултарсан байдалтай овойж хавдсан байсан..." гэх мэдүүлэг /1хх-29-30/
Түүний дахин өгсөн "...Тухайн өдөр Ш.М гэх хүн миний нүүр хэсэгт гараараа нэг удаа алгадаж толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Б.Бгэх хүн миний гартаа барьж байсан утсыг булаан авч баруун гарын эрхий хурууны доод үе тулсан. Тухайн үед гар утсаа хоёр гараараа барьж байсан тул булааж гар дугтрах үед би газар унаж дараа нь мөр мултарсан байсан. Би гэмтэл авсан өдрөө Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж мөрөө оруулаад маргааш нь Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст үзүүлээд эхний удаа хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт танилцуулаад хөнгөн зэргийн гэмтэл гарах учир байхгүй гээд дахин шинжээч эмч томилж өгсөн. Тухайн томилсон тогтоолын дүгнэлт нь хүндэвтэр гэмтэл гарсан..." гэх мэдүүлэг /1хх-42-43/-д нь агуулгын хувьд зөрүүгүй байх ба шүүгдэгч Б.Бын гэмт үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан талаар шууд заан мэдүүлдэг.
Мөн Ц.Мн өгсөн "...манай эхнэр З.Б "та нарыг баримтжуулж цагдаагийн байгууллагад өгнө" гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл Б.Бгэх залуу миний заамнаас тавьж манай эхнэр З.Бгийн гар утсыг булааж авч хашааны хана руу шидсэн. Б.Бгэх хүн манай эхнэрийн утсыг булааж авч шидсэний дараа эхнэр З.Бгийн гар утасны дэлгэц хагарсан байсан. Тэгээд эхнэр бид хоёр цагдаагийн байгууллагад эд зүйл устгаж гэмтээсэн дээрээс нь бид хоёрыг цохиж зодсон талаар хандаж гомдол гаргасан байсан. Тухайн хүмүүст зодуулсны улмаас миний биед гэмтэл бэртэл учраагүй. Харин манай эхнэр З.Бгийн зүүн талын гарын мөр мултарч, зүүн талын нүдний ухархайны яс хөхөрч хавдсан бусад газраа зөөлөн эдийн гэмтэл байна гэж эмнэлгийн байгууллагаас хэлсэн байгаа..." гэх мэдүүлэг /1хх-37-40/,
Гэрч Н.Бийн өгсөн "...Ш.Мд алгадуулсан эмэгтэй Б.Б, Ц.М хоёрын маргалдаж зууралдаж байх үеийн бичлэгийг гар утсаар хийх гэсэн боловч Б.Бтухайн хүний гар утсыг шүүрч авч шидээд нөхөртэй маргалдаж байгаад машиндаа суугаад явцгаасан..." гэх мэдүүлэг /1xx-45-46/,
Гэрч М.М өгсөн "...Гадаа маргаан болж байхад би гэртээ хувцсаа өмсөж байсан. Энэ үед гаднаас ээж аав хоёр ороод ирсэн. Ээж уйлчихсан нүүр нүд хэсэгт улаан зураастай улайсан байдалтай өмсөж гарсан хувцас нь шороо болчихсон байсан. Ээж 3.Б хэнд зодуулсны улмаас мөр мултарсан талаар надтай яриагүй. Б.Бгэх хүн гар утсыг нь аваад шидсэн гэж хэлж байсан. Өмсөж байсан өмдний ар хэсэг болон куртикний арын ханцуй дал хэсгээрээ нэлэнхийдээ шороо болчихсон орж ирсэн..." гэх мэдүүлэг /1хх-69/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1348 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн "...3.Бийн биед учирсан зүүн мөрний булчингийн урагдал, далны тогооны мөгөөрсний урагдал, зүүн атгаал ясны толгойн хугарал, зүүн мөрний булчин, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /2хх-3-5/-ээр хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байх ба хохирогчийн мэдүүлэг давхар нотлогдож байна.
7.4.Түүнчлэн хэрэг учрал болох цаг хугацаанд байгаагүй гэрч Б.Сын өгсөн "...би М ах түүний эхнэр Б нартай ирж 2 удаа уулзсан. Тухайн хүмүүстэй уулзаж найз нарынхаа өмнөөс уучлалт гуйгаад эвлэрүүлчих санаатай ярилцаж байгаад би "эгчийн бие гайгүй юу" гэж М ахаас асуухад "эхнэрийн зүүн талын гарын мөр мултарсан байгаа" гэж надад хариулаад М ах миний хажууд Маас "чи манай эхнэрийг алгадах үедээ манай эхнэрийн зүүн мөрийг гараараа дээрээс нь дарж хүчтэй алгадсан" гэж хэлтэл М “үгүй" би хацарт нь алгадсан гэж хариулж байсан. Тэгтэл М ах мөн Баас чи манай эхнэрийн утсыг булааж авах үедээ зүүн гарыг эвгүй хөшсөн юм уу" гэж асуухад Б.Б"үгүй ахаа та хараад зогсож байсан биз дээ би танай эхнэрийг бичлэг хийж баримтжуулна гээд над руу гар утсаа гаргаад бичлэг хийх үед нь би эгчийн гараас гар утсыг аваад хашаа руу шидсэн биз дээ би тухайн үед танай эхнэрийн гарыг мушгиж, хөшсөн үйлдэл гаргаагүй гэхэд М "харин тиймээ би бас тэгж бодож байна" намайг харж байхад мушгиж хөшсөн зүйл харагдаагүй би гайхаад байна" гээд бид хэд ярилцаж байгаад би М ахад "за за тэгвэл бүгдээрээ одоо цагдаа сэргийлэх гээд яах вэ эв зүйгээр энэ асуудлыг шийдэж болох уу" гэж ярьсан чинь М ах "эхнэр мэднэ миний биед гэмтэл бэртэл учраагүй ямар нэгэн гомдол санал байхгүй байна" гэж ярилцаж байгаад салсан. Би дахиад 2 хоногийн дараа М ахын гэрт Б, М, Б нарын хамт очиход тэдний гэрт тухайн айлын гэр бүлийн эхнэр хүүхдүүд нь байсан. Би Б гэх эгчээс биеийн байдлыг асууж уулзаад та бүхэн ямар туслалцаа дэмжлэг хүсэж байна гэж асуухад байхгүй "би гомдолтой байна" гэж хэлэхээр нь уучлалт гуйж сууж байгаад бид гурав явсан. Тухайн үед Б гэх хүн өөрийнхөө зүүн талын гараа цамцан дотроо хийж сойсон байсан. Өөр ил харагдах шарх сорив надад харагдаагүй. Манай ногоон тэжээлийн талбайд М гэх хүн энэ жилийн хавар надтай хамтарч 5 га газарт ногоон тэжээл тарьсан байсан тэрийгээ хурааж явж байгаад энэ асуудалд орсон." гэх мэдүүлэг /1хх-53-54/-ийн эх сурвалж нь бусад баримтаар нотлогдоогүй тул шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8.Харин шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 6, 7 дахь заалтаар хохирогч З.Бгийн гаргасан эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан гэм хорын хохиролтой холбогдох шаардлагыг шийдвэрлэсэн атлаа холбогдох хуулийн заалтыг хэрэглээгүй, тогтоох хэсгийн 8 дахь заалт нь утга найруулгын хувьд ойлгомжгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулж, шийтгэх тогтоолд магадлалын тогтоох хэсэгт заасны дагуу өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бс нийт 8 590 000 /найман сая таван зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б З Б /РД: .........../-д олгосугай...” гэснийг
“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Баас нийт 8,590,000 /найман сая таван зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б З Б /РД: ........../-д олгосугай...” гэж,
7 дахь заалтад “...Хохирогч З.Б болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэснийг,
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Б болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж,
8 дахь заалтад “...Шүүгдэгч Б.Бд оногдуулсан нь нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэснийг,
“...Шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
З.ТҮВШИНТӨГС