Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1047

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С” ХХК, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг ********** байр.

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.О*****, З.Б*****,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 000**53 тоот актыг хүчингүй болгох”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б****, Д.Э*****, хариуцагч Ц.О*****, З.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Да******, Т.НЭ**** нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч С.А******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан нөхцөл шаардлагын дагуу 2014 оны 09 дүгээр сард хоёр шинэ компани болон хуваагдаж бүтцийн хувьд өөрчлөлт хийсэн болно.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэстэй харьцаж байсан, 1998 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн 901*****98 тоот гэрчилгээ, 25****7 тоот регистрийн дугаартай “С” ХХК-ийн 2009-2012 оны үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О*****, З.Б***** нар шалгалт хийж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 000**53 тоотоор нийт 305,654.6 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт ногдуулсан юм.

Манай компани энэхүү актыг эс зөвшөөрч 2014 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болон 11 дүгээр сарын 19-ны өдөр тус тус тайлбар бичгийг хүргүүлсэн байна.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны  11 дүгээр сарын 05-ны өдрийн 70 тоот тогтоолоор 51,180.0 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү 51,180.0 мянган төгрөгийн актнаас 4,557.6 мянган төгрөгийн актыг эс зөвшөөрч Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан билээ. Харин Гааль татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн гаргасан 287,034.3 мянган төгрөгийн актыг эс зөвшөөрч байна.

Иймд манай компани нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байгаа болно. Учир нь:

Нэг. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн тавьсан акт нь татвар төлөгч бидэнд алдаатай, ойлгомжгүй байна.

Хоёр. Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан маргаан таслах зөвлөлийн магадлагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Гурав. Гаалийн татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 70 тооот тогтоолоор гаргасан 51,180.0 мянган төгрөгийн татварын актанд гомдол гаргасан юм. Гэтэл гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл нь 51,180.0 мянган төгрөгийн татварын хэргийг авч үзэх ёстой байтал дахиад Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 000**53 тоот актанд тусгасан 305,654.6 мянган төгрөгийг хэлэлцэж, нөхцөл байдлыг хүндрүүлсэн болно.

Дөрөв. Гаалийн татварын ерөнхий газрын даргын А/205 тоот тушаал, Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 51 тоот тогтоолд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн актаас зарим хэсгийг нэмж шийдвэр гаргаснаар акт зөрүүтэй болж, илт хууль бус болох нь тогтоогдлоо.

Иймд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0000**53 тоот актыг хүчингүй болгож

өгнө үү.

“С” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан нөхцөл шаардлагын дагуу 2014 оны 09 дүгээр сард хоёр шинэ компани болон хуваагдаж бүтцийн хувьд өөрчлөлт хийсэн болно.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэстэй харьцаж байсан, 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн 901*****98 тоот гэрчилгээ, 25****7 тоот регистрийн дугаартай “С” ХХК-ийн 2009-2012 оны үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.О*****, З.Б***** нар шалгалт хийж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 000**53 тоотоор нийт 305,654.6 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт ногдуулсан юм.

Манай компани энэхүү актыг эс зөвшөөрч 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болон 11 дүгээр сарын 19-ний өдөр тус тус тайлбар бичгийг хүргүүлсэн байна.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны  11 дүгээр сарын 05-ны өдрийн 70 тоот тогтоолоор 51,180.0 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү 51,180.0 мянган төгрөгийн актнаас 4,557.6 мянган төгрөгийн актыг эс зөвшөөрч Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Үүний дараа Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2016 оны 06 дугаар сарын 14-ний 51 дугаартай тогтоолоор Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0000**53 дугаартай 305,654.6 мянган төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээжээ.

Дээрх тогтоолыг 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдөр манай компанид хүргүүлсэн бөгөөд уг тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэг. Гааль, татварын ерөнхий газрын татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд дурдахдаа: “2010-2011 онд 76,862.6 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг татварын тайланд дутуу тусгасан нь Татварын албаны бүртгэл мэдээллийн нэгдсэн сан дахь хөндлөнгийн мэдээлэл тайлангаар нотлогдсон тул 153,725.2 мянган төгрөгийн зөрчилд ногдох нийт 25,387.9 мянган төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэж дүгнэсэн байна. энэхүү 153,725.2 мянган төгрөгийн зөрчил гэдгийг дараах шалтгаанаар үгүйсгэж байна. Үүнд:

Манай компаниас 79***06 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын

падаан болон үнэт цаас алдагдсан байна. Гэтэл энэ дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын  падаан дээр 51****6 регистрийн дугаартай “А” ХХК нь 7,7 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөнийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нь мэдээллийн сангаас олж тогтоогоод, дээрх компанид төлбөрийн акт тогтоохын оронд “С” ХХК-д борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэж акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Манай компани нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 28 тоот албан бичгээр Улсын мөрдөн байцаах ерөнхий газарт албан хүсэлт явуулж, “манай 79***06 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг огт харьцдаггүй “А” ХХК нь ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн болохыг шалгаж өгнө үү” гэсэн албан бичиг хүргүүлсэн болно.

“С” ХХК нь үнэт цаас алдаж үрэгдүүлсэн нь үнэн боловч 76,862.6 мянган төгрөгийн борлуулалтын орлого олоогүй, харин хулгайд алдсан падаанаар өөр компани залилангийн хэрэг хийсэн байхад уг 76,862.6 мянган төгрөгийн орлогыг хоёр дахин нугалж 153,725.2 мянган төгрөгийн актыг хэвээр үлдээсэн Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёр. Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн Татварын улсын байцаагч Ц.О*****, З.Б***** нарын 1,045,000.0 мянган төгрөгийн ногдол ашгийг бусдад шилжүүлэхдээ албан татвар суутган авч төсөвт төлөөгүй гэсэн зөрчилд нийт 151,650.4 мянган төгрөгийн төлбөрийн акт тавьсаныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 4-т “...2012 онд хувь хүнд олгосон ногдол ашгийн орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хуульд нийцэж байна. Иймд иргэнд өгөх ногдол ашгийг 2013 он хүртэлх хугацаанд чөлөөлсөн заалтанд хамруулж уг актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлын шаардлагыг хангах нь зүйтэй” гэж үзсэн байна. Харин Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд Татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээснийг дараах шалтгаануудаар эс зөвшөөрч байна.

Нэг. Гааль татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолын 2.1-т “... 2010 ногдол ашгийг нягтлан бодох бүртгэл, журнал дансанд бүртгээгүй ба олгосон тухай баримт мэдээлэл 2013 оны 02 дугаар сарын 08-ыг хүртэлх хугацаанд байхгүй байгаа нь баримтаар нотлогдов” гэжээ. Гэтэл 2010 оны балансын ашиг 230.0 сая төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэрийг 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Татварын улсын байцаагч 11 тоот тогтоолоор 2012 оны балансын ашиг 815.0 сая төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэрийг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Татварын улсын байцаагч 06/13 тоот тогтоолоор тус тус гаргажээ. Энэхүү ногдол ашгийг 2010, 2011 онд олголгүйгээр 2012 онд хоёр оны ногдол ашиг болох нийт 1,045.0 сая төгрөгийн бичилт хийж олгосон нь нягтлан бодох бүртгэлийн бичилтээр нотлогдоно.

Хоёр. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 2.3-т “...ногдол ашиг олгох гүйлгээ нь 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор баталгаажсан байна, ....хувьцаа эзэмшигчид ногдол ашиг олгох шийдвэр нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд хэрэгжсэн болохыг гэрчилж байна, ...нягтлан бодох бичилтийг аудит хийсэн этгээдийн дүгнэлтийг үндэслэсэн болох нь баримтаар тогтоогдлоо” гэжээ. 2010-2012 оны ашгийг хуримтлуулж, 2012 онд хуулийн хугацаанд ногдол ашгийг багтааж олгосон. Энэ нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн  хүрээнд 2013 оны 02 дугаар сарын 10-ны дотор буюу 2013 оны 02 дугаар сарын 08-ны шийдвэрээр 2012 жилийн эцсийн тайлан тэнцэлд ногдол ашгийг хувьцаа эзэмшигчид хуваарилсан бичилтийг хийсэн.

Гурав. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 4-т дээр дурдсан 1,045.0 сая төгрөгийн ногдол ашгийг 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс хойших хугацаанд олгож удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлсэн байх тул ...2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан татвар ногдуулна гэж зааснаар ...төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Бид 2013 оны 01 дүгээр сарын 01-ээс хойших хугацаанд ногдол ашгийг олгоогүйг нягтлан бодох бүртгэлийн бичилтээр батлах болно.

Иймд ногдол ашгийн зөрчилд ногдуулсан гэх 151,650.4 мянган төгрөгийн төлбөрийн актыг хэвээр үлдээсэн Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Гурав. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 3-т “..компанийн хөрөнгийг бусдад шилжүүлсэн хугацаа нь татварын хяналт шалгалт хийсэн хугацаанд хамаарагдаж байгаа тул Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэж үзжээ. Энэхүү заалт нь ямар хууль зүйн үндэслэлээр буруутгагдаж байгаа нь бидэнд ойлгомжгүй байна. Татварын улсын байцаагчийн актын 1.5, 2.3-т “2012 оны 529,983.3 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод 15,147.0 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар, торгууль, алданги мөн 69,056.8 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, торгууль, хүү, бүгд 84,203.8 мянган төгрөг тус тус ногдуулсан билээ. Харин Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолын магадлагаа 6-д “... уг үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна” гэж тогтоосон байна. Гэтэл Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд Татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээснийг дараах шалтгаануудаар эс зөвшөөрч байна.

Нэг. Хувьцаа эзэмшигч С.Б**** нь 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигчийн 232 тоотоор 529,983.3 мянган төгрөгийн өртөг бүхий барилгыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, эзний татан авалт хийх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу 2012 оны жилийн эцсийн тайлан тэнцэлд уг барилгын үлдэгдэл өртгөөр дүрмийн санг бууруулж, барилгыг данснаас хассан санхүүгийн бичилт хийгджээ. Гэтэл Татварын улсын байцаагч нь үүнийг “үндсэн хөрөнгө борлуулсан” гэж үзэж акт тавьсан юм. Хувьцаа эзэмшигчийн дээрх шийдвэр нь аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн борлуулалт биш учраас нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй гэж үзэж байна. Түүнчлэн барилгыг бусдад худалдан борлуулаагүй тул үл хөдлөх хөрөнгийн татвар ногдох үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёр. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 18-ын 14-т бараа борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх 5 нөхцлийг бүгдийг хангаагүй тул борлуулалтын орлого гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Гурав. Хэдийгээр барилгыг өмчийн эзэнд шилжүүлэх шийдвэр гарсан боловч “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ” өмчийн эзний нэр дээр шилжүүлээгүй одоо хүртэл “С” ХХК”-ийн нэр дээр байгааг Гааль, татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 3-т тодорхой зааж өгснөөр энэхүү барилгыг бусдад борлуулаагүйг нотолж, “С” ХХК-ийн өмч гэдгийг баталж байна.

Иймд компанийн хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэх 84,203.8 мянган төгрөгийн төлбөрийн актыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлөөс хүчингүй болгосон байтал Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Дөрөв. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 4-т 2009-2012 оны нийт 26,576.7 мянган төгрөгийн баяр ёслолын арга хэмжээний зардалд ногдох 2,657.6 мянган төгрөгийн нөхөн татварыг төлөхийг зөвшөөрч байна. Харин мөн тогтоолын 4-т заасан 2011-2012 оны 37,946.4 мянган төгрөгийн найдваргүй авлагын зардалд ногдох 5,506.8 мянган төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг дараах шалтгаануудаар эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Манай компани айл өрхүүдтэй гэрээ хийж кабелийн телевизийн сарын хураамжийн авлагыг сар бүр мөнгө нь орж ирээгүй байхад борлуулалтын орлогоор урьдчилан бүртгэн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлдөг билээ. Гэвч Юнивишн, Скаймедиа зэрэг өрсөлдөгч сувгууд гарч ирснээр хэрэглэгчид манай сувгийг ашиглахаа больсон нь тогтоогдсон тул авлагыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл манай сувгийг нэгэнт орхиж, гэрээгээ цуцалсан хэрэглэгчдийн өмнөөс татвар төлөх болоод байна.

Хоёр. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 18-ын 20-д: “үйлчилгээ үзүүлэх ажил гүйлгээний эцсийн үр дүнг найдвартай тооцож болохоор байвал ...орлогыг хүлээн зөвшөөрнө” гээд 4 стандартыг заасан байдаг. Үүнд:

а. Орлогын дүнг найдвартай тооцож болохоор байх,

б. Тухайн ажил гүйлгээнд хамаарах эдийн засгийн өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх магадлалтай байх,

в. Балансын өдрөөр тухайн ажил гүйлгээний иж бүрдэлтийн үе шатыг бодитойгоор тооцож болохоор байх,

г. Тухайн ажил гүйлгээтэй холбогдон гарсан зардал болон уг ажил гүйлгээг гүйцээх өртгийг найдвартай тодорхойлж болохоор байх гэсэн 4 нөхцлийн аль ч болзлыг хангаагүй байхад орлого гэж үзэх ёсгүй.

Иймээс нэгэнт орлогод урьдчилан бүртгээд татвараа төлчихсөн учраас уг стандартын 22-т зааснаар орлогод залруулга хийхгүйгээр шууд зардалд хүлээн зөвшөөрч бичсэн болно. Гэтэл Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нь зардалд бичиж орлогоо буурууллаа гэж акт тавьсан юм. Борлуулалтын буцаалт болгож орлогоо бууруулах, зардал нэмж татвар ногдох орлогоо бууруулах нь үндсэндээ утга нэг юм. Иймд дээрх 5,506.8 мянган төгрөгийн актыг хэвээр үлдээсэн Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Тав. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолын 5-д 2009-2012 онуудын татваруудыг хугацаанд нь төлөөгүй гэж 3,959.1 мянган төгрөгийн торгууль, 2,397.4 мянган төгрөгийн алданги, нийт 6,356.1 мянган төгрөгийн торгууль, 2,397.4 мянган төгрөгийн алданги, нийт 6,356.5 мянган төгрөгийн торгууль, алданги тавьсан. Түүнчлэн шалгалтын нийт зөрчилд тавьсан актын торгууль, хүү, алданги 91,700.6 мянган төгрөг бүгд 98,057.1 мянган төгрөгийн торгууль, хүү, алдангийг 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдөр баталсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10-р зүйлийн 10.2-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутанаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасны дагуу өршөөлд хамааруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нийт торгууль, алдангийг хүчингүй болгож өгнө үү.

Зургаа. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн  тогтоолын 6-д 2011 онд 4,000.0 мянган төгрөгийн хуучин барааг борлуулсны 400.0 мянган төгрөгийн нөхөн татвар төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Долоо. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 7-д 2012 онд Гялбаа сэтгүүлийн эрхийг 20,000.0 мянган төгрөгөөр худалдан авахдаа эрх борлуулсны орлогод ногдох албан татварыг суутгагчид үүрэг гүйцэтгэж төсөвт төлөөгүй гэж нийт 8,707.2 мянган төгрөгийн төлбөрийн актыг хэвээр үлдээсэн юм. Үүнд дараах тайлбарыг өгч байна.

 “С” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 65/11 дугаартай тогтоолд “Гялбаа” сэтгүүлийн эрхийг 5,000.0 мянган төгрөгөөр, 7500 ширхэг сэтгүүлийг 15,000.0 мянган төгрөгөөр тус тус худалдан авах шийдвэр гарсан байдаг. Энэхүү сэтгүүлүүдийг “С” ХХК-ийн няраваар дамжуулалгүйгээр худалдан авагчаас Н*******гийн худалдааны компаниудад шууд түгээсэн тул тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч хийсэн байсанд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нь акт тавьсан байна. Иймээс 20,000.0 мянган төгрөгийн актаас 15,000.0 мянган төгрөгийн сэтгүүлийг хасч 5,000.0 мянган төгрөгт тооцох нөхөн татвар төлөхийг зөвшөөрч байна.

Бидний гаргасан нэхэмжлэлийг хянан үзэж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 000**53 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар  дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Ц.О*****, З.Б***** нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. 2010-2011 онд борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчил нь

 уг компани нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ямар ч хяналтгүйгээр бүртгэж борлуулалтын дэвтэр хөтлөж байгаагүйн улмаас уг зөрчил гарч байна. Мөн тус ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан алдагдсан тухай дурдсан байна. 2013 онд татварын хяналт шалгалт хийж байх хугацаанд энэ талаар огт дурдаж байгаагүй.

Хоёр. 2010 онд 29,986.4 мянган төгрөг, 2009 онд 7,960.0 мянган төгрөгийн найдваргүй авлагыг татвар ногдох орлогоос хасч ТНО-оос хасагдах зардал руу хааж бичсэн. Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12-р зүйл “Албан татвар ”ногдох орлогоос хасагдах зардлыг гэдгийг хуулиар тогтоосон бөгөөд дээрх зүйлд ороогүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцохгүй тул дээрх хуулийн заалтыг зөрчсөн байсан.

Гурав. 2009 онд 8,899.3 мянган төгрөг, 2010 онд 13,000.0 мянган төгрөг, 2012 онд 4,677.4 мянган төгрөг нийт 26,576.7 мянган төгрөгийн толгой компаний ойн арга хэмжээний болон бусад баяр ёслолын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчил байсан. /Нотлох баримт НББ-ийн журналын бичилт/ энэ нь мөн дээрх найдваргүй авлагын зардлыг татвар ногдох орлогоос хассантай адил хуулийн заалт зөрчсөн.

Дөрөв. 2011 онд 4,000.0 мянган төгрөгийн кинонд хэрэглэсэн хуучин барааг борлуулаад аж ахуйн нэгжийн орлогод тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй байна.

Тав. 2012 онд 20,000.0 мянган төгрөгөөр “Н******* *******” ХХК-аас /Гялбаа/ сэтгүүлийн эрхийг худалдаж авсан боловч, шилжүүлсэн орлогоос эрх борлуулсны орлогын албан татвар суутгаж, тайлагнаагүй нь Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.1 Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно: 9.1.2 Эрхийн шимтгэлийн орлого, мөн хуулийн 17.2.7 Эрх борлуулсны орлогод 30 хувиар, 21.5 Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ гэж заасныг зөрчсөн.

Зургаа. 2010 оны жилийн эцсийн тайлангаар 230.0 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилах, 2012 оны жилийн эцсийн тайлангаар 815.0 сая төгрөгийн нийт 1,045.0 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилах төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсанд ногдол ашгаас суутгах татварыг суутгалгүйгээр “Н******* *******” ХХК-ийн өглөгийг хасаж бичсэн нь санхүүгийн тайлан НББ-ийн бичилт, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор нотлогдож байна. /Нотлох баримт 2011 оны 03 дугаар сарын 15-ны 11 тоот, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 06/13 тоот төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, баланс, НББ-ийн журнал, гүйлгээ баланс/ нь Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.1 Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно: 9.1.3 Ногдол ашгийн орлого, мөн хуулийн 17.2.1 ногдол ашгийн орлогод 10 хувиар, 21.5 Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ гэж заасныг зөрчсөн.

2009-2012 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар гарсан ногдлыг хуулийн хугацаанд төлөөгүй төсөвт төлөх татварыг хугацаандаа төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 43.5 Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэснийг зөрчсөн. /татварын албанд төлсөн баримтаар нотлогдож байна./

“С” ХХК-ийн өөрсдийн байрладаг оффисийн барилга нь тус компанийн балансад бүртгэлтэй барилгыг балансаас хассан нь санхүүгийн тайлангаас харагдаж байна. 2013 оны 12 дугаар сард татварын хяналт шалгалт хийгдэж шийдвэр гарах үед уг барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ тус компанийн нэр дээр байхгүй, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн 6 дугаар зүйл Харилцан хамаарал бүхий этгээд 6.1 Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол “харилцан хамаарал бүхий этгээд” гэж үзнэ: 6.1.1 Энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг, 11 дүгээр зүйл Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн бараа борлуулалт, ажил, үйлчилгээний албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох 11.1 Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно гэснийг үндэслэн татварыг нөхөн ногдуулсан. Тухайн шалгалт хийгдэж байх хугацаанд уг барилгыг компанийн балансаас хасч, хувьцаа эзэмшигч иргэн С.Б****эд шилжүүлсэн тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан байсан. /Нотлох баримт санхүүгийн тайлан, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол” гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК-иас Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.О*****, З.Б***** нарт холбогдуулан “ Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 000**53 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.О*****, З.Б***** нар “С” ХХК-ийн 2009-2012 онуудын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 000**53 тоот татварын улсын байцаагчийн актаар[1] нийт 1,966,204.8 мянган төгрөгийн зөрчилд 207,597.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 68,983.3 мянган төгрөгийн торгууль, 200.2 мянган төгрөгийн хүү,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    нийт 305,654.6 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Нэхэмжлэгч дээрх актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 70 дугаар тогтоолоор[2] Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчдын 000**53 тоот актаар тогтоосон төлбөрөөс 1,966,204.8 /давхардсан дүнгээр 2,629,424.1/ мянган төгрөгийн зөрчилд 305,654.6 мянган төгрөгийн төлбөр ногдуулснаас 2,217,713.4 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 179,372.7 мянган төгрөгийн нөхөн татвөр , 54,939.3 мянган төгрөгийн торгууль, 175.9 мянган төгрөгийн хүү, 19,986.5 мянган төгрөгийн алданги, нийт 254,474.4 мянган төгрөгийн  төлбөрийг хасч, 411,710.7 мянган төгрөгийн зөрчилд ногдох 28,224.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 14,034.8 мянган төгрөгийн  торгууль, 24.3 мянган төгрөгийн хүү, 8,887.1 мянган төгрөгийн алданги, нийт 51,180.0 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг  Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянаад 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор[3] улсын байцаагчдын 25000**53 тоот актыг бүхэлд нь хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

НЭГ: Нэхэмжлэгч “С” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн   000**53  тоот актаар тогтоосон дараах зөрчлүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий 000**53 тоот актаас эс зөвшөөрсөн маргаж буй зөрчил тус бүрээр дүгнэвэл:

1.“2010 онд 20,029.0, 2011 онд 113,207.0 мянган төгрөгийн борлуулатын орлогыг тайлагнаагүй” зөрчлийн тухайд:

“2010-2011 онд Хөндлөнгийн мэдээллээр нийт 76,862.6*2=153,725.2 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг ААНОАТ-ын болон НӨАТ-ын тайланд дутуу тусгасан зөрчилд 25,387.9 мянган төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр акт үйлдсэн байна.

Хөндлөнгийн мэдээллээр илэрсэн гэх нийт 76,862.6 мянган төгрөгийн борлуулалтын орлого нь нэг бол “С” ХХК үнэхээр орсон орлогоо татварын тайландаа санаатай болон санамсаргүй байдлаар оруулаагүй, эсвэл “С” ХХК-ийн тамгатай НӨАТ-ын баримтыг өөр компани ашиглан төлөх НӨАТ-аа бууруулсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч компани нь 76,862.2 мянган төгрөгийн борлуулалтын орлого олоогүй хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож[4] байх тул “С” ХХК тайландаа орлогоо дутуу тусгасан нь зөв болно.

Тодруулбал “С” ХХК-ийн алдагдсан гэх 79***06 дугаартай НӨАТ-ын падаан дээр 51****6 регистрийн дугаартай “Анж-Андууд” ХХК дээрх дүн бүхий төгрөгийн НӨАТатвараас чөлөөлөгдсөн болохыг хариуцагч нар тогтоожээ.

Энэхүү зөрчилтэй холбогдуулан хариуцагчаас “С” ХХК-ийн  касс, харилцахад мөнгө орсон эсэх, эсвэл авлагаар бүртгэсэн талаар тодруулан хөдөлбөргүйгээр  баримтаар тогтоолгүйгээр акт тавьсан нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр тус компаний үнэт цаас болох НӨАТ-ын баримтаа үрэгдүүлсэн нь  “С” ХХК-ийн буруу ч татварын акт тавих үндэслэл биш байна.

Өөрөөр хэлбэл “А” ХХК нь мөнгө төлөөгүй байж 76,862.6 мянган төгрөгийн худалдан авалт тайлагнаж НӨАТ-ын хасалт хийсэн байх тул тус компани дээр акт тавих нь илүү оновчтой байжээ.

2. Актын 2.1 дэх хэсгийн 2011 онд 29,986.4, 2012 онд 7,960.0 нийт 37,946.4 мянган төгрөг, мөн зөрчлийн 2.2 дахь хэсгийн 2009 онд 8,899.3 мянган төгрөг, 2010 онд 13,000.0 мянган төгрөг, 2012 онд 4,677.4 мянган төгрөг нийт 26,576.7 мянган төгрөгийн баяр ёслол, ойн арга хэмжээний зардлыг хассан зөрчлийн тухайд:

 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана”, 12.8.1.Санхүүгийн түрээс, 12.8.2-т албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр” гэжээ.

Хариуцагчаас “...баяр ёслол, ойн арга хэмжээний зардал болон үйл ажиллагааны бус зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцохгүй байхад ТНО-оос хасагдах зардал руу хааж бичсэн нь хуулийн заалтыг зөрчсөн...” гэж тайлбарлажээ.

Гэтэл Аж ахуйн нэгжийн  орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд Хасагдах зардалд тавигдах хязгаарлалтыг хуульчилжээ.

Энэ хуулийн  15.1.1-д “энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардал;  15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал; 15.1.3-д “энэ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр” гэжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль зөвхөн дээрх заалтуудаар зардлыг хасаж, хязгаарлахаар зохицуулжээ. Хэдийгээр хасагдах зардлыг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан байдаг ч аль алинд нь байхгүй тохиолдолд хориглоогүй л бол хасах нь зөв гэж шүүх үзлээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “С” ХХК-ийн  нягтлан бодох бүртгэлийн журналын бичилтэд бүртгэгдсэн зардлууд нь хасагдах зардалд тавигдах хязгаарлалтад хамаарахгүй байх тул татвар ногдох орлогоос хасч тооцсон нь  зөв байна.

3. 2012 онд “Н******* *******” ХХК-д 1,045,000.0 мянган төгрөгийн ногдол ашгийн орлого  шилжүүлэхдээ  татварыг суутган авч төсөвт төлөөгүй зөрчлийн тухайд:

 Тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь иргэн С.Б**** бөгөөд ногдол ашгийг иргэн С.Б****эд бэлэн мөнгөөр шилжүүлэх боломжгүй байжээ.

Гэтэл  хувьцаа эзэмшигч С.Б**** нь “Н******* *******” ХХК-д өглөгтэй байсан бөгөөд уг өглөгийг “С” ХХК-иас дансаар шилжүүлэн тооцсоныг “Н******* *******” ХХК нь “Захирлаас авах авлага” дансанд шилжүүлэн хаажээ[5].

Тодруулбал С.Б****ийн “Н******* *******” ХХК-д өгөх өглөгийг “ С******* ******* *******” ХХК-иас нь гаргуулсан болно.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 13.1.3, 13.1.4-т заасан орлогод 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан татвар ногдуулна” гэж хуульчилжээ.

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн  13.1.3-д .”ногдол ашгийн орлого” хамаарч байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч компаниас 100 хувийн хувьцаа эзэмшигч иргэн С.Б****эд өгөх ногдол ашгийг 2013 оны хүртэлх хугацаанд чөлөөлсөн заалтад хамрагдаж байна. Тодруулбал 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ногдол ашигаас татвар авдаггүй байсан.

“С” ХХК нь 2010-2012 оны ашиг бөгөөд ногдол ашгийн өглөгөө санхүүгийн тайландаа тусгасан байсан, өөрөөр хэлбэл өглөг үүсгэсэн бол чөлөөлөгдөх боломжтой байна. Нөгөөтэйгүүр өглөг үүсгэсэн байсан боловч олгож чадаагүй байсан. Уг ногдол ашигаа С.Б**** уг өөрөө авна уу “Н******* *******” ХХК-д шилжүүлэх нь  хамааралгүй.

4.2012 онд 529.983.3 мянган төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ, үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөөгүй зөрчлийн тухайд:

Хариуцагчаас “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан “Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн бараа борлуулалт бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо хийгдсэн худалдаа тул татварыг нөхөн ногдуулсан...” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчээс “...хувьцаа эзэмшигч С.Б**** нь 2005 онд тус компанийн барилгыг өөрийн хөрөнгөөр худалдан авч “С” ХХК-д хөрөнгө оруулснаар компанийн дүрмийн санг хөрөнгөөр нэмсэн..., өөрийн оруулсан хөрөнгөөс эзний татан авалт хийсэн. Хэдий тийм ч өнөөдрийг болтол уг барилгын 000283060 дугаартай, Ү-2205051702 дугаартай гэрчилгээ анх олгосон манай компаний нэр дээр хэвээр байгаа[6] тул Үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй...” гэж няцааж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий барилгыг компанийн балансаас хасч, хувьцаа эзэмшигч иргэн С.Б****эд шилжүүлэхдээ тус компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслэсэн байжээ.

“Борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэхийг” ойлгоно[7] гэжээ.

Хариуцагчаас уг зөрчилд үл хөдлөх хөрөнгийг хасахдаа үнэхээр дүрмийн санг буруулж өгсөн үү, хуримтлагдсан ашигаа буруулж өгсөн үү, үл хөдлөх хөрөнгийн борлуулсаны орлого, зарлага байсан эсэхийг гэдгийг тодруулаагүйгээр  акт тавьсан нь буруу байна.

 Компанийн хувьцаа эзэмшигч оруулсан хөрөнгөө татах эрхтэй бөгөөд үүнд татвар ногдуулдаггүй тул уг зөрчилд төлбөр ногдуулсан үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр одоогоор үл хөдлөх хөрөнгийг С.Б****ийн өмчлөлд шилжүүлээгүй учир борлуулалт хийгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Харин бүртгэлийн байгууллагын өөрчлөлтөөр эзэмшигчээс бүрэн шилжсэн бол үл хөдлөх эд хөрөнгийн борлуулсны орлого ногдуулах нь зүй ёсны болно.

ХОЁР: Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхийн хэлэлцүүлэгт маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 000**53 тоот актын тогтоох хэсгийн 1.3, 2.2, 3.1, 3.2, 3.3  буюу зөрчлийн 3,4,6 дахь заалтуудыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах тухайд:

Маргаан бүхий актын тогтоох хэсгийн 1.3, 2.2, 3.1, 3.2, 3.3 дахь заалтаар тогтоосон зөрчил, түүнд ногдуулсан нөхөн татвар, хүүний төлбөрийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэхүү шаардлагын үндэслэлээ актаар ногдуулсан торгууль, алданги нь захиргааны шийтгэл бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар өршөөлд хамрагдана гэж үзсэн нь дараах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж, түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээгүй байна”, 74.4-т “Энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан торгууль нь Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь захиргааны зөрчил, түүнд хүлээлгэж буй хариуцлага буюу торгууль, алданги нь захиргааны шийтгэл мөн тул захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг ерөнхийлөн зохицуулсны дээр уг хуулийн 2 дугаар бүлгээр захиргааны зарим зөрчил, үүнд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан, түүнчлэн бусад салбарын хуулиудаар захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан байдаг, тухайлбал татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар Татварын ерөнхий хуульд, гаалийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар Гаалийн тухай хуульд, байгаль орчны хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хуульд тусгайлан зохицуулсан байдаг тул захиргааны зөрчил түүнд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт зөвхөн Захиргааны хариуцлагын тухай хуулиар хязгаарлагдахгүй юм.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийг татварын хууль тогтоомж зөрчсөн хэмээн захиргааны хариуцлага болох торгууль, алданги ногдуулсан Татварын улсын байцаагчийн 000**53 тоот акт нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар торгууль, алдангийг захиргааны шийтгэл хэмээн үзэж татварын улсын байцаагчийн дээрх актын тогтоох хэсгийн 1.3, 2.2 дахь заалтаар ногдуулсан торгууль, алданги, хүү 2,908.4 мянган төгрөг, 3.1, 3.2 3,3 дахь заалтаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөлгүй хуульд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчилд ногдуулсан торгууль, алданги 6,356.5 мянган төгрөгийн төлбөрийг хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “С” ХХК-иас татварын улсын байцаагчийн 000**53 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 1,966,204.8 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 305,654.6 мянган төгрөгийн төлбөрөөс 299,254.6 мянган төгрөгийн төлбөрийг хасч шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.О*****, З.Б***** нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 000**53 тоот акт тавигдах хугацаанд нэхэмжлэгч компани нь “С” ХХК /РД:25****7/ гэрчилгээтэй байсан ба 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр  “С” ХХК /РД: 5707234/ болж өөрчлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 15 дугаар зүйлийн 15.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.О*****, З.Б***** нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 000**53 тоот актаар тогтоосон нийт 1,966,204.8 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 305,654.6 мянган төгрөгийн төлбөрийн хэмжээг 299,254.6 мянган төгрөгөөр багасгаж, актын тогтоох хэсгийн 1.3, 2.2, 3.1, 3.2, 3.3 дахь заалтуудын буюу зөрчлийн 3,4,6 дахь хэсгийн үндсэн нөхөн татварыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.БАТБААТАР

 

[1] Хавтаст хэргийн 23-28 хуудас

[2] Хавтас хэргийн 60-68 хуудас

[3] Хавтаст хэргийн 76-81 хуудас

[4] Хавтас хэргийн ... хуудас  / тайлангаас  шүүж үзэх /

[5] Хавтас хэргийн 84-85 хуудас

[6] Хавтас хэргийн 156-157 хуудас

[7] Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.1-г үзнэ үү.