Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0579

 

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаарh221/МА2018/0579

Улаанбаатар хот

 

 

 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Н.Н, хариуцагч  дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Бс, нарийн бичгийн дарга Э.Э, өмгөөлөгч Б.Х, З.С, нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0596 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч  дүүргийн Сонгуулийн хорооны өмгөөлөгч З.С, Б.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нарын гаргасан давж заалдах гомдлоор,  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сонгуулийн хороо,  дүүргийн Сонгуулийн хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0596 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “одоо үйл ажиллагаа явуулж байгаа  дүүргийн Сонгуулийн хороо нь  дүүргийн 10 болон 19 дүгээр тойргуудад дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоож”, “ дүүргийн Сонгуулийн хорооны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01 болон мөн өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 02 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоож”, үлдэх “Нийслэлийн Сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч  дүүргийн Сонгуулийн хорооны өмгөөлөгч З.С, Б.Х нар давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 596 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг огт хангаагүйн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, материаллаг болоод процессийн эрх зүйн зарчмыг зөрчсөн хууль бус, үндэслэлгүй шийдвэр болсон.

Тус маргаан нь  дүүргийн сонгуулийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахтай холбоотой гарсан маргаан юм. Нэхэмжлэгчээс  дүүргийн Сонгуулийн хорооны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль зарлах тухай “ 01, 02 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуульд зохицуулсан нөхөн болон ээлжит бус сонгуультай холбоотой зохицуулалтуудыг хэрэглэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх бүрэн үндэслэл болохоор байна.

Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 19 дүгээр зүйл, 34 дүгээр зүйлийн 34.1.13, 160 дугаар зүйл, 163 дугаар зүйлүүдээр орон нутгийн хурлын дахин сонгуультай холбоотой харилцааг бүрэн зохицуулсан бөгөөд эдгээрт зааснаар дахин сонгуулийг зохион байгуулж, явуулах  дүүргийн Сонгуулийн хорооны эрх хэмжээнд хамаарах асуудал юм.

Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Сум, дүүргийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь аймаг, нийслэлийн хурал, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна’ гэж заасан. Энэхүү зохицуулалт нь Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Сонгуулийн төв байгууллагаас бусад сонгуулийн байгууллага нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол байгуулсан этгээд татан буулгах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагаа нь дуусгавар болно” гэж зааснаар  дүүргийн Сонгуулийн хороог татан буулгах шийдвэр гарсан тохиолдолд хэрэглэгдэх буюу дүүргийн Сонгуулийн хороог Нийслэлийн Сонгуулийн хорооноос татан буулгасан шийдвэр гарч дүүргийн дахин сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороогүй байх тохиолдолд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт байна.

 дүүргийн 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан Сонгуулийн хороог татан буулгасан талаар Нийслэлийн Сонгуулийн хорооны хүчин төгөлдөр шийдвэр байхгүй бөгөөд хэрэгт  дүүргийн Сонгуулийн хороо нь шүүхийн маргаанд хариуцагчаар оролцож, эрх үүрэг нь дуусгавар болоогүй байх тул татан буулгах шийдвэр гараагүй талаарх баримт авагдсан.

Гэтэл анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр  дүүргийн Сонгуулийн хорооны үйл ажиллагаа нь дуусгавар болсон гэж үзэж, тус сонгуулийн хороог 01, 02 дугаартай тогтоолуудыг гаргах эрх хэмжээгүй гэж үзэж илт хууль бус болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хэрэгт энэ талаарх баримт огт байхгүйн дээр нэхэмжлэгчээс ч энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Анхан шатны шүүхээс процессийн эрх зүйн гол чухал зүйл болох нотолгоонд суурилах зарчмыг огт хэрэгжүүлэлгүйгээр хэт нэг талыг барьж, хуулийн болоод нотлох баримтын ямар үндэслэлгүй шийдвэрийг гаргасан.

Шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих нэг ч баримтыг судлуулаагүй бөгөөд угаас хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих, нотлох нэг ширхэг ч баримт байхгүй болно.

Анхан шатны шүүхээс Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан Сонгуулийн ерөнхий хороо нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах нийслэлийн сонгуулийн хороог байгуулах эрхгүй гэж дүгнэсэн нь хуулийг бүрэн судалж шийдвэр гаргасан гэж үзэхэд эргэлзэх байдлыг бий болгож байна.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийг хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна” гэж зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь Нийслэлийн Сонгуулийн хороог байгуулах бүрэн эрхтэй болохыг хуульчилжээ.

Улмаар анхан шатны шүүхээс Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-ийг үндэслэн дүүргийн Сонгуулийн хороог зохион байгуулах эрхгүй гэж дүгнэжээ. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулна” гэж заасан байна.

Гэтэл анхан шатны шүүх Аймаг, нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгууль зохион байгуулахад хэрэгжүүлэх бүрэн эрхийн зохицуулалтыг үндэслэн дүүргийн Сонгуулийн хороог зохион байгуулах эрхгүй гэж тайлбарласан нь хууль тогтоомжид нийцэхгүйн дээр, шүүхээс ийм дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Түүнчлэн хуулийн зохицуулалтыг төсөөлүүлэн хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухайн хуульд нь нарийвчлан зохицуулсан зохицуулалт байсаар байтал уг зохицуулалтыг огт хэрэглэхгүй шийдвэрлэсэн байна.

Үүнийгээ тайлбарлахдаа Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн, нийслэлийн хурлын сонгуулийг зохион байгуулах дүүргийн Сонгуулийн хороог Нийслэлийн Сонгуулийн хорооноос зохион байгуулах эрхтэй гэж тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Сонгууль түүний хэлбэрийг зааж, 8 дугаар зүйлд сонгуулийн төрлийг тодорхой зохицуулж өгсөн. Харин анхан шатны шүүхээс маргаж буй харилцаанд сонгуулийн аль төрөл нь хамаарч байгаа болохыг тогтоож чадалгүйгээр, энэ талаар дүгнэлт хийж чадаагүй байна.

Анхан шатны шүүх юуг үндэслэж, ямар нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахтай холбоотойгоор огт ажиллагааг хийхгүй байсаар шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

...нэхэмжлэгч нь  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид буюу Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар захиргааны байгууллага байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 “нэхэмжлэл ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ”, 106 дугаар зүйлийн 106.3.9-т “захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн хувьд хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол хүчингүй болгох” гэж тус тус хуульчилсан.

Эдгээрээс үзвэл Захиргааны байгууллагын гаргаж болох нэхэмжлэл нь нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж болох буюу хуульд захиргааны байгууллага зөвхөн энэ асуудлаар л нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хязгаартайгаар хуульчилсан гэж ойлгогдохоор байна.

Энэ ч утгаараа захиргааны шүүхээс энэ төрлийн маргаанд гаргах шийдвэрийн төрлийг нэг л хэлбэрээр буюу хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол хүчингүй болгох гэсэн шийдвэрийг л гаргахаар хуульчилжээ.

Нэхэмжлэгчийн 1-р шаардлага нь шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан аль шийдвэрийг гаргуулахаар гаргаж буй нэхэмжлэл болох нь тодорхойгүй, 2, 3 дугаар шаардлагын тухайд нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй тодорхойгүй шүүхээс ямар шийдвэр гаргуулахаар хүсч буй нь тодорхойгүй байхад шүүх дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар шийдвэрлэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн байдлаар тайлбарлаж маргаж байтал шүүхээс үүнийг ч тодруулаагүй атлаа шүүхийн шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан бичжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн 3 шаардлага нь 3 уулаа захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүйн дээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан ямар шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаад буй нь ойлгомжгүй гэж үзэж байгаа болно.

Анхан шатны шүүхээс харин нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан эрх хэмжээнээсээ хэтрүүлэн, хүлээн авч улмаар захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлэлийн хувьд гаргах ёсгүй шийдвэрийг гаргаад байна.

Анхан шатны шүүхээс  дүүргийн Сонгуулийн хорооны 01, 02 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг үндэслэн маргаж байна гэж тайлбарлажээ. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс энэ үндэслэлийг дурдаж маргасан зүйл огт байхгүй ба энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Гэтэл шүүхээс өөрөө сайн дураараа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, улмаар үндэслэлийг тайлбарлан шүүхийн шийдвэртээ үндэслэсэн нь ойлгомжгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлийг бүрэн бий болгож байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй талаар удаа дараа тайлбарлаж маргасан ба шүүхээс үүнийг огт харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлд заасан үйл баримтыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байгаа ба нэхэмжлэгч нь энэ төрлийн нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

Ийнхүү дээрх үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0596 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 26-ны өдрийн 0596 дугаар шийдвэрийн “Нийслэлийн сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Өөрөөр хэлбэл Нийслэлийн Сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг заавал биелүүлэх эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн захиргааны акт биш тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн сонгуулийн хорооноос  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуралд хүргүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 дугаар албан бичгээр “Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 163 дугаар дугаар зүйлийн 163.2-т заасны дагуу уг сонгуулийг  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулсан  дүүргийн сонгуулийн хороо товлон зарлаж, зохион байгуулж явуулах болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариу ирүүлсэн нь заавал биелүүлэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт гэж үзэж байна.

Учир нь Нийслэлийн сонгуулийн хорооны эрх хэмжээг Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т заасны дагуу “харьяалах сум, дүүргийн сонгуулийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах” гэж заасан байх  с  08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 10, 19 дүгээр тойрогт нэр дэвшиж иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон А.Э, Х.Ө нарыг  дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20, 22 дугаар тогтоолоор нэрсийн жагсаалтаас хасч, мөн өдрийн 21, 23 дугаар тогтоолуудаар тухайн тойргуудад дахин сонгууль явуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар А.Э, Х.Ө нараас нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 273, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 301 дүгээр тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

            Улмаар 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан  дүүргийн Сонгуулийн хорооноос 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10, 19 дүгээр тойргуудад “Дахин сонгууль явуулах тухай” 01, 02 дугаар тогтоол гаргаснаар нэхэмжлэгч  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Сонгуулийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн орон нутгийн удирдах байгууллагыг сонгох, дахин сонгууль зохион байгуулах эрх зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргаан...”-д хамаарч байх тул нэхэмжлэгчийг дээрх асуудлаар “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

            Хэрэгт авагдсан Нийслэлийн Сонгуулийн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар “... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10, 19 дүгээр тойрогт шүүхийн маргаантай байгаа тул  дүүргийн Сонгуулийн хороо татан буугдаагүй үйл ажиллагаа явуулж байгаа” гэх албан бичгээс үзвэл  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан дүүргийн сонгуулийн хороог байгуулсан этгээдээс татан буулгах шийдвэр гараагүй байна.

Гэвч  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарны 03-ны өдрийн А/01 дүгээр тогтоолоор тус дүүргийн 28 тойргийн 41 мандатаас хамгийн олон санал авсан 41 төлөөлөгчдийн нэрсийг хавсралтаар баталж, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дээр дурдсан 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах зорилгоор байгуулагдсан дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан “Сум, дүүргийн сонгуулийн хороо нь ... сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт сонгуулийн төв байгууллага, аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шууд удирдлагын дагуу зохион байгуулах” үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “ Сум, дүүргийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь аймаг, нийслэлийн хурал, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар аймаг, нийслэлийн хурал, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг бус дангаар явагдах сонгуулийг зохион байгуулах сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгуулах эрхийг олгожээ.

Эдгээрээс дүгнэвэл нэгэнт 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах хуульд заасан үүргээ биелүүлсэн  дүүргийн Сонгуулийн хороог Нийслэлийн Сонгуулийн хорооноос “шүүхийн маргаантай байгаа” гэсэн үндэслэлээр татан буулгаагүй нь эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрх бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тухайн сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдах үндэслэл болох учиргүй юм.

Энэ тохиолдолд ээлжит 2016 оны сонгуулийг зохион байгуулсан  дүүргийн Сонгуулийн хороо нь 10, 19 дүгээр тойргуудад дахин сонгууль зохион байгуулах эрхгүй бөгөөд ийнхүү эрхгүй этгээдээс дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй  байна.

            Нийслэлийн Сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар албан бичгийг “... заавал биелүүлэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт гэж үзэж байна” гэх гомдлын тухайд тус албан бичгийг  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах боломжоор хангуулах тухай” 1/335 дугаар, 08 дугаар сарын 06-ны өдрийн “Тодруулга хүсэх тухай” 1/341 дүгээр албан бичгүүдийн хариу болгож хүргүүлсэн нь нэхэмжлэгчид шууд чиглээгүй, захиргааны актын гадагш чиглэсэн болон эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн, захирамжилсан шинжийг агуулаагүй, дүүргийн сонгуулийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор гаргасан буюу дотоод зохион байгуулалтын шинжтэй шийдвэр байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч  дүүргийн Сонгуулийн хорооны өмгөөлөгч З.С,, Б.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч  дүүргийн Сонгуулийн хорооны өмгөөлөгч З.С, Б.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч  дүүргийн Сонгуулийн хороо нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч  дүүргийн Сонгуулийн хорооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН