Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 79

 

 

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.О

Улсын яллагч: Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т

Шүүгдэгч: С.Э, Ө.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э, Ө.Б нарт холбогдох 1809000000311 тоот хэргийг 2018 оны 7 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1973.05.31-нд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 30 дугаар хороо Чулуутын 3-31 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ОО73053172/ Галзад овогт Самбуугийн Эрдэнэ-Очир.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1971.10.27-нд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хувцасны наймаа эрхэлдэг гэх, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 30 дугаар хороо Чулуутын 2-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ОО71102777/ Борнууд овогт Өсөхийн Баттогтох нар нь давтан үйлдлээр, бүлэглэн орон байр, агуулах саванд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

Прокурорын 2018 оны 6 сарын 27-ны өдрийн 64 дугаартай яллах дүгнэлтэд “Яллагдагч С.Э, Ө.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р багийн нутаг “Тал булаг” гэх газарт байрлах хохирогч Д.Бийн өвөлжөөний бууц дээрх байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан 1.610.000 төгрөгний хохирол, 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р багийн нутаг “Зүлгэн худаг” гэх газарт байрлах хохирогч Б.Тгийн өвөлжөөний бууц дээрх байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан 2.536.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /2-р х.х-47-50/

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Хохирогч Д.Бийн : Би 2015.08.05-ны өдөр 07 цагийн үед Дэлгэрцогт сумын 1-р баг Тал булагын бага ухаад нутаглаж байгаа гэрээсээ Дэлгэрцоогт сум руу явсан. Суман дээр очоо тэтгэвэрээ аваад бие эмнэлэгт үзүүүлээд шатахуун түгээх станцаас ензин авчихаад хүнсний дэлгүүрээс бараа авах гээд орсон чинь худалдагч Бямба, Базаргүр гуай танай бууцан дээрх байшинг ухчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай байшин 6 сард ухсан, үгүй байлгүй гэсэн чинь сая сумын төлөөлөгч Батсүх тэгж хэлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Зүүн хараад байдаг хүүд Донидминж рүүгээ залгасан. Утсаа аваагүй. Тэгээд Дэлгэрцогт сумаас гэрлүүгээ гарч явсан. Замдаа айлд буугаад хүү рүүгээ ярьж хулгgй орсон гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-58-60/

- Хохирогч Б.Тгийн : Би 2015.08.05-ны өдөр Улаанбаатар хотод үе мөчний Найрамдал нэртэй эмнэлэгт эмчлүүлж байхад манай эхнэр Даваасүрэн утсаар надад Дэлгэрцогт сумын Зүлгэн худгийн бууцан дээрх байшинд хулгай орсон байна гэж хэлсэн. 2015.08.06-ны өдөр эмнэлэгээс гараад хотод нэг хоночихоод Дэлгэрцогт сум 1-р баг Тал булаг гэх газар нутаглаж байгаа гэртээ ирсэн. Тэгээд маргааш өглөө нь бууцан дээрх хулгай орсон байшиндаа очиж үзэж бутраасан байсан юмнуудыг янзалсан. Булган малгай хоёулаа эрэгтэй хүнийх, буудаг булга, сэгсүүргэн дээл нь саарал даавуу, нударгатай, дээлийн хуар нь хар дэвсгэр дээр цэнхэр дугуй урт, соёмбо 0,75л хоёр ширхэг архи, хуурай спирт 0,33л, байсан. Хурганы арьс 30 ширхэг нь элдсэн, 30 ширхэг нь гандсан арьс, ланд 200 машины дугуй обудтайгаа хар  өнгөтэй, цагаан хайлшин обудтай, хуучин монгол гутал 6 угалзтай хүрэн өнгөтэй, зурмал бурхан 40x40 -ийн харьцаатай байх сайн мэдэхгүй байна адууны бурхан,  гадуураа тойрсон улаан, ногоон, цэнхэр өнгийн хүрээтэй тэр нь дотор тойрсон таван морьтой, хүрээний дотор талд тангад үсэгтэй. Том цүнх нь хүрэн өнгөтэй. Булган малгай нэг нь шинэ малгай 400000 төгрөг, нөгөө малгай нь хуучин 300000 төгрөг, сэгсүүргэн дээл нэг ширхэг дээл /шинэ/ 500000 төгрөг, дээлийн хуар 7 метр урт нэг метр нь  25000 төгрөг , соёмбо архи нэг нь 30000 төгрөг, хуурай спирт нэг шил 30000 төгрөг,  хурганы арьс элдсэн нэг ширхэг нь 20000 төгрөг, 30 ширхэг 600000 төгрөг, элдээгүй арьс  нэг нь 18000 төгрөг, 30 ширхэг 560000 төгрөг, ланд 200 машины дугуй нэгнь 500000 төгрөг, монгол гутал/хуучин/ 150000 төгрөг, зурмал бурхан нэг ширхэг 500000 төгрөг, том цүнх 30000 төгрөгөөр үнэлж байгаа” гэх мэдүүлэг /хх-62-63/

- Гэрч Ц.Ишмаагийн “2018.08.05-ны өдрийн өглөө 10 цагийн үед манай нөхрийн төрсөн дүүгийн хүүхэд болох Цэрэнмаам гэрт ирээд танай өвөлжөөний байшинд хулгай орсон байна гэж дууллаа. Та мэдээгүй юм уу гэхээр нь л би хулгай орсныг мэдсэн. Тэр үеэр манай нөхөр сум руу явчихсан би ганцаараа байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Хулгайд алдсан эд зүйлийг олж өгнө үү гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-65-67/

- Гэрч С.Буянзаяагийн “Манай эгч Уранчимэг 2015.10.05-ны өдөр 13 цагийн үед таксигаар модон хүрэн авдар, дотор нь байсан эд зүйл, дугуйг авчирч тавьсан. Манай амбаарт эдгээр зүйлийг тавья гэсэн, өөр зүйл би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-69/

- Гэрч Б.Уранчимэгийн /С.Эын эхнэр/ “манай нөхөр 2018.08.04-ний өдөр таксинд явна гээд гэрээсээ гарсан. Хөдөө явсан үгүйг мэдэхгүй. 2015.08.05-ны өдөр гэртээ ирэхдээ модон авдар, машины дугуйг хүн хадгалж бай гэсэн юм гэж хэлээд авчирсан. Хүүхдийн бие өвдөөд уйлаад байхаар нь ламд үзүүлсэн чинь танайд бараан өнгийн сав юм байна, тэрнийг өөр газарт аваач гэсэн юм. Тэгээд л тэр авдар, дугуйг айлд аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-70-71/

- Гэрч Б.Орломын “Ө.Б 2015.10.08-ны өдөр утсаар ярьж танай амбаарт юм хийчихсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг иртэл тэр юмыг үзээгүй байлгаж байсан” гэх мэдүүлэг /хх-72-73/

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-18/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай /хх-19-23/

- Хан үнэлэмж ХХК-ны үнэлэгээнд “Д.Бийн хулгайд алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ-2010000 төгрөг” гэжээ /хх-77-79/

- Хан үнэлэмж ХХК-ны үнэлэгээнд “Б.Тгийн хулгайд алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ-2536500 төгрөг” гэжээ /хх-80-83/

- Шинжээчийн 2015.12.22-ны өдрийн 321 тоот актад “Үндсэн хул – 800000 төгрөг, бугуйн цаг -1 сая төгрөг” гэжээ /хх-85-86/

- Шүүгдэгч Ө.Бын гэр болон Баянгол дүүргийн 21-р хороо Горькийн 28-1375 тоот хашаанд нэгжлэг хийж эд хөрөнгө хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-29-34, 38-44/

- 03-34 УНӨ улсын дугаартай автомашинд үзлэг хийж, битүүмжилсэн тогтоол, гэрэл зураг /хх 50-54/

- Мөрдөн байцаагчийн гаргасан хохирлын тооцоо /хх-115-122/ зэрэг баримтууд хамаарч байна.

 

              Дээрх баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон  бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

              Шүүгдэгч С.Э, Ө.Б нар нь 2015 оны 8 сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р багийн нутаг дэвсгэр Тал булаг”-т нутаглах Д.Бийн өвөлжөөний бууцан дээрх байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан хохирогч Д.Бт 2010000 төгрөгийн хохирол, мөн сумын мөн багийн нутаг дэвсгэр “Зүлгэн худаг”-т нутаглах Б.Тгийн өвөлжөөний бууцан дээрх байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан хохирогч Б.Тд 3636500 төгрөгийн хохирол учруулсан болох нь нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг, хулгайд алдсан эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна.

              Иймд С.Э, Ө.Б нарыг даван үйлдлээр, бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч С.Э, Ө.Б нар нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас “чулуу түүх” зорилгоор явсан гэж мэдүүлсэн нь хэрэгт байгаа бусад баримтаар тогтоогдохгүй байгаа болно.

 

2/ Хохирол, төлбөрийн, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бийнхээс таваг шиг хэлбэртэй мөнгөн завъяа, булган малгай, хурган дээл, сэгсүүргэн дээл, модон авдар, эмээлийн гөлөм, орны бүтээлэг зэрэг 7 нэр төрлийн эд зүйл алдагдсан ба эдгээр эд зүйлийг 2010000 төгрөгөөр үнэлсэн /хх 77-80/, хохирогч Б.Тгийнхаас булган малгай, хурган дээл, дээлийн торго, архи, хурганы арьс 60 ширхэг, ланд-200 автомашины дугуй 1 ширхэг, монгол гутал, зурмал бурхан, цүнх, бугуйн цаг, үндсэн хул зэрэг  нэр төрлийн эд зүйл алдагдсан ба эдгээр зүйлийг нийт 2536500  төгрөгөөр үнэлсэн /хх 80-83/ байна. Хохирогч Б.Т мөн том гарын үндсэн хул, бугуйн цагаа алдсан гэх мэдүүлгийг хожим гаргасан байх ба уг эд зүйлийг 1100000 төгрөгөөр үнэлсэн /хх85-86/  болох нь Хан-Үнэлэмж ХХК-ийн үнэлгээ /хх77-83/, Сайнцагаан сумын үнэлгээчний үнэлгээ /хх84-86/, хохирогч нарын мэдүүлэг, хохирлын тооцоо /хх110-111/ зэрэг баримтаар тогоогдож байна.

Хохирогч Д.Бд “хүрэн өнгөтэй модон авдар- 1ш, эрэгтэй хүний булган малгай-2 ширхэг, эмэгтэй хүний хурган дээл нь ягаан өнгийн үйтэн хуаран гадартай дугуй цэнхэр хээтэй дээл 1 ширхэг, эрэгтэй хүний дээлийн хөх гадар, хар тасам өнгөтэй сэгсүүргэн дээл  1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгөтэй булган малгай 2 ширхэг” хүлээлгэн өгсөн, хохирогч Б.Тд “эрэгтэй хүний булган малгай 2 ширхэг, ланд машины 1 ширхэг дугуй, хар өнгийн үйтэн хуаран дээлний өнгө 7 м, хүрэн цүнх, ногоон гадартай хурган дээл 1 ширхэг, хурганы арьс 45 ширхэг”  хүлээлгэн өгсөн байна. /хх-55-56/

 Хохирогч Д.Бийн мэдүүлгээр эмэгтэй хүний хөвөнтэй дээл 2 ширхэг, мөнгөн завъяа түүний мөрдөн байцаагчаас хүлээн авсан авдар дотор байсан болох нь тогтоогдож байна. /хх-61/

Хэргээс үзэхэд шүүгдэгч нар нь дутуу эд зүйлийн үнийг мөнгөн дүнгээр төлж барагдуулсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй, харин хохирогч нар хэргийн материалтай танилцаад цагдаагийн байгууллагад “учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт гаргажээ. /хх40-43/

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б, Б.Т нарт учирсан хохирол тодорхой тогтоогдсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирсан, хулгайлагдсан эд зүйлээс заримыг нь буцаан хүлээлгэж өгсөн, хохирогч Д.Б 76 настай, хохирогч Б.Т 68 настай, мөн хохирогч нар нь хэргийн материалтай танилцаад тодорхой мөнгөн дүн бичээгүй ч “хохирол төлбөрөө барагдуулсан” гэх хүсэлтийг гаргасан, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байдлаас шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоог гаргах бололцоогүй байна. Хохирогч нар нь баримтаа бүрдүүлж, гэмт хэрэг үйлдэгдэсэн өдөр буюу 2015 оны 8 сарын 5-наас хойш таван жилийн дотор шүүгдэгч С.Э, Ө.Б нарын харъяа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргах эрх нь нээлттэй байна.

Хохирогч Д.Б, Б.Т нарт зарим эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн, хохирогч нар нь удаа дараа “хохирол төлбөрөө барагдуулсан” гэх тайлбар гаргасан байдлыг харгалзан шүүгдэгч С.Э, Ө.Б нарыг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсанд тооцлоо.

 

3/ Хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

              Шүүгдэгч С.Э, Ө.Б нар нь 2015 оны 8 сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө давтан үйлдлээр, бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь дээр дурьдсан баримтаар бүрэн нотлогдсон байна. Прокурор тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

              2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ. Шүүгдэгч С.Э, Ө.Б нарын үйлдэл Эрүүгийн хуулийн /2015 оны/ хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасанд хамаарахаар байх ба оногдуулах ял нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай болж, оногдуулах ял нь хүндэрсэн байна.

              Иймд гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулахаар шийдвэрлэлэв.

              Шүүгдэгч С.Э, Ө.Б нарын хулгайлсан зарим эд зүйлийг хохирогч нарт хүлээлгэн өгсөн, хохирогч нар “хохирлоо бүрэн барагдуулсан” гэж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2-т заасан үндсэн ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, засарч хүмүүжих боломж олгохоор шийдвэрлэлээ.

              Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн, тухайн хуулийн хорьдугаар бүлэгт  шүүхээс тэнссэн этгээдэд тавих хяналтыг ялтны оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хэрэгжүүлэхээр заасан тул холбогдох хуулийн заалтыг буцаан хэрэглэж, хяналтыг шүүгдэгч С.Э, Ө.Батттогох нарын оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулах нь зүйтэй байна.

              Шүүгдэгч С.Э, Ө.Б нар хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ Тоёота Приус маркийн 0334 УНӨ улсын дугаартай автомашиныг хэрэглэсэн болох нь баримтаар нотлогдсон ба тухайн автомашин нь одоо Дундговь аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах агуулахад хадгалагдаж байгаа болох нь автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, битүүмжилсэн тогтоол болон шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

              Зүй нь 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг заавал хураах ёстой боловч тухайн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүслээ. Тухайлбал: С.Э, Ө.Б нарын үйлдлийг А.Цэрэнчунт, А.Алтанцог нарын үйлдлээс тусгаарлан шийдвэрлүүлэхээр хэргээс хуулбарлан ирүүлсэн баримт дотор дээрх автомашин нь хэнийх болохыг нотлох баримт авагдаагүй байна. Шүүгдэгч С.Э автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ эх хувиараа өөрт нь байгаа гэх боловч тухайн баримтыг шүүхэд авчраагүй байна.

              Иймд тухайн автомашины өмчлөлийн асуудал тодорхойгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-ыг хэрэглэх боломжгүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болох 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг тухайн тохиолдолд хэрэглэж, автомашиныг хураалгүйгээр эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

              Шүүгдэгч С.Э нь Сум дундын 23 дугаар шүүхийн 2014.12.12-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно” гэж заасны дагуу ялгүй болох хугацаа тоологдож байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох” байдлаар өршөөлд хамрагджээ. Иймд шүүгдэгч С.Э нь ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг нь өршөөн хэрэгсэхгүй болгосон тул С.Э нь ялгүй болсон байна.

Дээрх өршөөлийг үзүүлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.5-д зааснаар шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй байна. Харин мөн заалтад “ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл /бүртгэл/-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ” гэсэн тул энэхүү шийтгэх тогтоолын хувийг ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвд хүргүүлэх нь зүйтэй.

 

 

Шүүгдэгч С.Э, Ө.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт ирээгүй тул тогтоолд заах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг монгол цоож, цагаан өнгийн 2 ширхэг цоожийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Галзад овогт Самбуугийн Эрдэнэ-Очир, Борнууд овогт Өсөхийн Баттогтох нарыг давтан үйлдлээр, бүлэглэн тээврийн хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Галзад овогт Самбуугийн Эрдэнэ-Очир, Борнууд овогт Өсөхийн Баттогтох нарт  2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.5-д зааснаар шүүгдэгч С.Э, Ө.Б нарт оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч С.Э, Ө.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хорьсон эсэхийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч нарт эд зүйлийг биетээр хүлээлгэн өгсөн, хохирогч нар хохирлоо барагдуулсан, гомдол санал байхгүй гэснийг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл 03-34 УНӨ дугаартай Приус маркийн суудлын автомашиныг “шүүгдэгч С.Эын өмчлөлд байсан нь тогтоогдоогүй үндэслэлээр хураан авахгүй байхаар тогтоосугай.
  6. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Э, Ө.Б нарт түс бүрт оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
  7.  Эрүүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 6 дугаар зүйлийн 6.5.2, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Э, Ө.Б нарт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э, Ө.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  
  9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар 3 ширхэг цоожийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт /дарга А.Лхагвасүрэн/ шилжүүлсүгэй.

 

 

 

  1. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг хуулбарлан хэрэгт хавсарган, битүүмжлэгдсэн 03-34 УНӨ улсын дугаартай автомашиныг, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хамт С.Эт, 3 ширхэг цоожийг Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт тус тус хүлээлгэн өгч, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бд даалгасугай.   

 

 

 

                          

                         ДАРГАЛАГЧ                                    С.С