Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2026/ДШМ/553

 

2026           05            01                                                                        2026/ДШМ/553

 

Ж.Т, Д.Б, Д.Ц нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

цагаатгагдсан этгээд Ж.Т-, түүний өмгөөлөгч Ө.Учрал,

цагаатгагдсан этгээд Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

цагаатгагдсан этгээд Д.Ц-, түүний өмгөөлөгч Э.Г-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/406 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Т-, Д.Б-, Д.Ц- нарт холбогдох 2110016562004 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Ю- овгийн Д-гийн Б-, 1994 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч, урологи бөөрний мэс засалч мэргэжилтэй, “Д-” эмнэлэгт мэс заслын эмч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...........тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, /РД: ЙД-/,

2. Е- овгийн Ж-ы Т-, 1987 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын эмч мэргэжилтэй, Ж- судлалын үндэсний төвийн Ж- заслын тасагт чих хамар хоолойн мэс заслын эмч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, /РД: ЧЖ-/,

3. Ш- овгийн Д-ийн Ц-, 1983 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Д-” ХХК-д эмч төлөөлөгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ХД-/;

Шүүгдэгч Д.Б- эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Улсын стандарт Эрүүл мэндийн технологи, Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS4621:2008 стандартад заасан шаардлагыг хангаж, мэс засал хийх эрх аваагүй байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Д-” нэртэй эмнэлэгт М.О-т шодойн хөвч таслах мэс ажилбар удирдан хийхдээ мэдээ алдуулах үйлчилгээтэй лидокайн тариа хийж, хэсгийн мэдээ алдуулалтайгаар мэс ажилбарын ажиллагааг 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 40 минутаас эхэлж, 10 цаг 00 минутын орчимд дуусгаж, өвчтөн нь уг хагалгааны дараа үргэлжлүүлэн эмч Ж.Т-ийн хийсэн хамрын таславч мөгөөрс тэгшлэх мэс заслын хагалгааны явцад халуурч эхлэн, таталт өгч, богино хугацаанд олон эрхтний хурц дутагдалд орж, ухаангүй, кома, шокийн байдалтайгаар 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цаг 49 минутад Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэн очиж, эмнэлгийн тусламж зохих ёсоор үзүүлсэн боловч 19 цаг 13 минутад нас барсан,

Шүүгдэгч Ж.Т- эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Д-” нэртэй эмнэлэгт 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр М.О-т шодойн хөвч таслах мэс ажилбар хийхдээ мэдээ алдуулах үйлчилгээтэй лидокайн тарианы хэсгийн мэдээ алдуулалтайгаар мэс ажилбар хийсний дараа үргэлжлүүлэн хамрын таславч мөгөөрс тэгшлэх мэс заслын хагалгаанд ороход мэдээгүйжүүлэх үйлчилгээтэй изофлуран эм хэрэглэн хагалгааг хийж байх явцад өвчтөн халуурч, таталт өгч, богино хугацаанд олон эрхтний хурц дутагдалд орж, кома шокийн байдалтай 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цаг49 минутад Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэн очиж, эмнэлгийн тусламж авсан боловч 19 цаг 13 минутад нас барсан,

Шүүгдэгч Д.Ц- эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Д-” нэртэй эмнэлэгт 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр М.О- нь шодойн хөвч таслах мэс ажилбарт орж мэдээ алдуулах үйлчилгээтэй лидокайн тарианы хэсгийн мэдээ алдуулалтайгаар уг мэс ажилбар хийгдсэний дараа үргэлжлүүлэн хамрын таславч мөгөөрс тэгшлэх мэс заслын хагалгаанд ороход нь мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллаж, өвчтөнд мэдээ алдуулах үйлчилгээтэй изофлуран эм хэрэглэн хагалгааг хийж байх явцад өвчтөн халуурч, таталт өгч, богино хугацаанд олон эрхтний хурц дутагдалд орж, кома шокийн байдалтай 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цаг 49 минутад Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэн очиж, эмнэлгийн тусламж авсан боловч 19 цаг 13 минутад нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Б-, Ж.Т-, Д.Ц- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Т-, Д.Б-, Д.Ц- нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Б-, Ж.Т-, Д.Ц- нарыг цагаатгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч “С-” ХХК-аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ж.Т-т авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Д.Б-, Д.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №1828 дугаартай дүгнэлтийн талаар:

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад П.Түвшиндэмбэрэл нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн шинжээч томилсон тогтоол /1 хх 79/ үйлдэж, шинжээчид дараах бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй, асуултыг тавьсан.

7. Үзүүлэгч М.О-ын биед гэмтэл учирсан эсэх?, 8. Хэрэв гэмтэл учирсан бол биеийн аль хэсэгт, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн бэ?, 9. Учирсан гэмтэл нь биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар, гоо сайханд нөлөөлсөн эсэх, 10. Үзүүлэгчийн биед гэмтэл учирсан бол гэмтлийн ямар зэрэгт хамаарах?, 11. Үзүүлэгчийн биед учирсан гэмтэл нь хэдийд үүссэн гэмтэл болох, 12. Асуултад дурдагдаагүй шинээр илэрсэн нөхцөл байдлыг дүгнэлтэд тусгах гэсэн байдаг.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газраас томилогдсон шинжээч эмч Ц.Н- нь шинжээч томилсон тогтоолын асуултыг дур мэдэн өөрчлөн найруулж, өөртөө дараах асуултыг тавьж, өөрөө хариулсан. Үүнд:

1. Талийгаач М. О-ын биед гэмтэл учирсан эсэх?, 2. Хэрэв гэмтэл учирсан бол биеийн аль хэсэгт ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн бэ?, 3. Учирсан гэмтэл нь биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар, гоо сайханд нөлөөлсөн эсэх?, 4. Талийгаачийн биед гэмтэл учирсан бол гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ?, 5. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь хэдийд үүссэн гэмтэл болох?, 6. Шинжилгээ хийх явцад асуултад тусгагдаагүй боловч ач холбогдол бүхий бусад зүйлийг олж тогтоосон шинжээчийн үүргийн дагуу дэлгэрэнгүй тайлбар хийж дүгнэлтэд тусгах? /1 хх 80/

Үүгээрээ шинжээч Ц.Н- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.” гэж заасан, мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.2 дугаар зүйлийн 49.2.1.-д заасан “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг тап бүрээс нь бүрэн, бодитой хийж, тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах;” гэснийг тус тус зөрчсөн.

Тус №1828 дугаартай дүгнэлтэд “Шүүх эмнэлгийн цогцос шинжилгээний онош”: “Мэдээгүйжүүлгийн изофлуран эмэнд хэт мэдрэг байдал, эмийн шалтгаант анафилаксийн шок: Хоруу халууралт. Хамрын таславч мөгөөрс тэгшлэх, хоёр талын самалдаг багасгах, шодойн хөвч таслах хагалгааны дараах байдал. /2021.09.04/...” гэж,

Дүгнэлт: “...2.Талийгаач М.О- нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн хамрын таславч мөгөөрс тэгшлэх, хоёр талын самалдаг багасгах, шодойн хөвч таслах хагалгааны явцад мэдээгүйжүүлгийн изофлуран эмэнд харшил өгч, анафилаксийн шоконд орсны улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ.” гэж дүгнэсэн. /1 хх 88/

Шинжээч Ц.Н- нь хүний их эмч мэргэжилтэй боловч эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн нарийн мэргэшилгүй, эм зүй, түүн дотор мэдээгүйжүүлгийн эмийн /изофлураны/ харшлын талаар дүгнэлт гаргах тусгай мэдлэггүй байх тул амь хохирогчийг изофлураны эмийн харшлын улмаас нас барсан гэсэн түүний дүгнэлт нотолгооны хувьд үндэслэлгүй байдаг. Өөрөөр хэлбэл ямар нотлох баримтыг үндэслэн амь хохирогчийг изофлуран эмийн харшлын улмаас нас барсан гэж үзсэнийг шинжээч Ц.Н- нь дүгнэлтдээ нотлоогүй.

Харин шүүгдэгч Д.Ц- нь анхан шатны шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ “... тухайн өдөр өвчтөний ээж ирэхдээ маш их сэтгэл санааны хямралтай байж, “миний хүүхдийг яачхав аа” гэж уйлан орилж байсан. Аав нь мөрөө мултлаад хагалгаанд орж байгаад нас барсан. Тэгэхдээ халуурсаар байгаад халуун нь буухгүй нас барсан. Сувилагч буруу тариа хийсэн байх гээд уйлаад нас барсан тухай хэлж байсан нь надад тод санагдаж үлдсэн” /шхт- 50/ гэж анх удаа мэдүүлснээс үзэхэд амь хохирогчийг изофлуран эмийн харшлын улмаас нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч Д.Ц- нь нөлөөсөн байж болзошгүй. Гэтэл амь хохирогчийн аав нь хэрхэн нас барсан талаарх ямар нэг нотлох баримт уг хэргийн баримтад авагдаагүй байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзсэнгүй.

Шинжээч эмч Ц.Н-ийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.” гэж заасныг, мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 хэсгийн 49.4.2.-т заасан “хэргийн оролцогчдын мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах;” гэснийг тус тус зөрчсөн, шинжлэх ухааны үндэслэл бүхий нотлох баримтын шаардлагыг хангаагүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй.

Түүнчлэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “...Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1828 дугаар “...2. Талийгаач М.О- нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хамрын таславч мөгөөрс тэгшлэх, хоёр талын самалдаг багасгах, шодойн хөвч таслах хагалгааны явцад мэдээгүйжүүлгийн изофлуран эмэнд харшил өгч, анафилаксийн шоконд орсны улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. ...5. Изофлуран эмийн хориглох заалт: Изофлураныг изофлуран буюу бусад галогент мэдээ алдуулагчдад хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Мөн түүнийг удмын хорт халууралтад өртөмжтэй өвчтөнд хэрэглэхгүй. Гаж нөлөө: Анафилаксийн урвал, хэт мэдрэгшилт, гиперкалиеми, зүрхний хэм алдагдах, артерийн даралт унах, цус алдах, хорт халууралт зэрэг гаж нөлөө илэрнэ” гэх дүгнэлт /1 хх 80-97)-ээр амь хохирогч Б.О-ын үхлийн шалтгааныг ’’мэдээгүйжүүлгийн изофлуран эмэнд харшил өгч, анафилаксийн шоконд орсны улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан” гэж тогтоосон байх ба хохирогчийн нас барсан шалтгааныг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдаагүй болно.” /ЦТ-26/ гэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Тухайлбал, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Шинжээч нарын нэгдсэн дүгнэлт” /2 хх 245, З хх 6/-эд “Асуулт А. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Н-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1828 дугаар дүгнэлт үндэслэлтэй эсэх.

Хариулт: Задлан шинжилгээг Цогцсын шинжилгээний арга, эмгэг судлалын оношны бүтэц MNS 5377:2004 стандартын дагуу хийх ёстой. Уг шинжилгээний 10 ширхэг бичил бэлдмэл: 34 блок эд авагдсан байх ба Нас барагчийн цогцост хийгдсэн шодойн ба хамрын таславчийн мэс засал хийсэн хэсэг газрын макро үзлэг ба эдийн дээж авагдаагүй байгаа нь задлан шинжилгээг бүрэн гүйцэд хийгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Нойр булчирхай ба бөөрний дээд булчирхайн эдэд тархмал аутолиз, хоол дамжуулах зам (ходоод, нарийн ба бүдүүн гэдэс)-ний тархмал үхжилтэй байгаа нь Задлан шинжилгээ нас барснаас хойш 24 цагийн дотор ороогүй байх боломжтой. Нас барагчид заагдсан хугацаанд шинжилгээ хийх нь шок ба нас барагчид гарсан аутолиз эсэхийг ялган оношлоход чухал нөлөөлөлтэй байдаг.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц. Н-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны эдрийн 1828 дугаар дүгнэлтэд тусгагдсан шүүх эмнэлгийн цогцос шинжилгээий онош-д: Мэдээгүйжүүлгийн Изофлуран эмэнд хэт мэдрэг байдал, эмийн шалтгаант анафилаксийн шок: Хоруу халууралт. Хамрын таславч мөгөөрс тэгшлэх, хоёр талын самалдаг багасгах, шодойн хөвч таслах хагалгааны дараах байдал онош тавигдсан байх ба Цогцсоос авсан нэмэлт шинжилгээнд тус эмийн бодисын ханалт, сийвэн дэх хэмжээг тодорхойлж шинжлээгуй тул тус оношийг нотолгоонд суурилсан гэж үзэх боломжгүй байна. Мөн оношид өвчний олон улсын 10 дугаар ангилалд тусгагдсан нозологи нэршил ба код ашиглагдаагүй нь бүрэн онош тавьсан гэж үзэх боломжгүй байна.” /2 хх 245/

...Дүгнэлтэд тусгагдсан Изофлурон эмэнд харшил өгч, анафилаксийн шоконд орсны улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан гэж дүгнэсэн байх боловч нэмэлт шинжилгээгээр үйлчлүүлэгчид хэрэглэсэн ямар ч төрлийн эмийн бодисийг хэмжсэн, цусны сийвэнд тодорхойлсон шинжилгээ хийгдээгүй тул Изофлуран (ууршуулагч) эмийн бодисын шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй байна.” /2 хх 247/ гэснээс үзэхэд анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг яагаад анхаарч үзээгүй болох, тус дүгнэлтийн зөрүүтэй байдлыг үгүйсгэсэн үндэслэлээ цагаатгах тогтоолд заагаагүй зэргээс анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

2. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн а/д Г.Ө- нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээч томилсон тогтоол /2 хх-107/ үйлдэж, шинжээчээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчийг томилсон ба энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мэдэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад заасан “шинжээч томилсон тогтоолтой танилцах;” эрхийг зөрчсөн. Шинжээч томилсон тогтоолд:

1. Амь хохирогчийн биед хийсэн хагалгааны явцад мэдээгүйжүүлэлтийн Изофлуран эм тариаг хэдийн хэмжээний хэдэн грамаар хэрэглэсэн эсэх?

2. Амь хохирогчийн биед хэрэглэсэн Изофлуран тариа нь гаж нөлөө үзүүлсэн эсэх?

3. Хагалгааны явцад хийсэн эм тариа нь амь хохирогчийн биед харшилсан эсэх?

4. Изофлуран тариаг хэрэглэж болохгүй заалт байгаа эсэх?

5. Хөвч таслах мэс ажилбарт мэдээгүйжүүлэлтийн сорил тавих ёстой эсэх, Хөвч таслах хагалгаанд хэрэглэсэн мэдээгүйжүүлэлтийн тариа нь хамрын таславчийн хагалгаанд нөлөөлсөн эсэх?

6. Амь хохирогчид Изофлуран тариаг хэрэглэсэнээс болж бие муудсан эсэх?

7. Нас барсан шатгаан нь Изофлуран тарианаас нөлөөлсөн эсэх.

8. Хагалгаа хийхээс өмнө мэдээгүйжүүлэлтийн сорил тавих ёстой юу? Сорил тавих бол амь хохирогчийн биед сорил тавьсан эсэх?

9. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг дүгнэлтэд тусгах. гэсэн асуултыг тавьсан.

Д.Э- эмчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтэд:

Асуулт №2 Амь хохирогчийн биед хэрэглэсэн Изофлюран тариа нь гаж нөлөө үзүүлсэн эсэх.

Хариулт: Дээрх эмчлүүлэгчид үүссэн нөхцөл байдал нь Изофлюраны маш ховор тохиолдох гаж нөлөөний нэг болох Хорт халууралт гэж үзэхээр байна.

Үндэслэл: Изофлюраны гаж нөлөө дараах байдлаар илэрдэг. /иш татсан эх сурвалж UpTo Date: олон улсын эмнэл зүйн удирдамжийг нэгтгэсэн цахим платформ/ /2 хх 109/ гэсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Шинжилгээний магадлан итгэмжлэгдсэн лаборатори, тоног төхөөрөмжөөс гарсан шинжилгээний дүнг шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд үнэлж, дүгнэлт гаргана.” гэсэн заалт, 17 дугаар зүйлийн 17.1-д “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна.” гэсэн заалт, 18 дугаар зүйлийн 18.1.7-д “шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц;” гэсэн заалт, 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “албан тушаалын болон бусад байдлаар хэргийн оролцогчийн нөлөөнд байгаа, эсхүл нөлөөлөхөөр бол;”, 19.1.4-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл тухайн шинжилгээг бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй бол;” гэсэн заалт, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн 49.4.2-т “хэргийн оролцогчдын мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

Тухайлбал, шинжээч эмч Д.Э- нь шинжээчээр томилогдох үедээ хэргийн холбогдогч нарыг танихгүй /2 хх 103/ гэсэн бол, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ Ц- эмчийг таньдаг гэж мэдүүлсэн. /шхт-З6/

мөн Мэдээгүйжүүлгийн эмчийг би урд өдөр нь үзэж мэдээгүйжүүлгийн хуудсаа нээсэн гэж ойлгосон гэж хэргийн материалд огт байхгүй үйл баримтыг мэдүүлдэг.

мөн “Хорт халуурал үүссэн тохиолдолд мэдээгүйжүүлэлтийн эмч ямар арга хэмжээ авах ёстой вэ” гэсэн асуултад “Изофлуран зогсоох арга хэмжээ авна” гэсэн боловч энэ талаарх хэргийн нөхцөл байдлыг дүгнэхгүй, зөвхөн Изофлураны хорт халуурлаас болж амь хохирогчийг нас барсан гэсэн нотолгоогүй, үндэслэлгүй таамаглалаар дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Шинжээч нарын нэгдсэн дүгнэлт”-д “...Мэдээгүйжүүлэг унтуулгын явцад үйлчлүүлэгчид харшлын урвал хүндрэл илэрсэн гэж үзвэл дээрх хүндрэлийг үүсгэж болзошгүй магадлал өндөртэй эм тариа дуслыг үргэлжлүүлэн хийхгүй зогсоох, түүнийг хийж буй систем зэргийг солих ууршуулагч бодис зэргийг тэр даруй зогсоож хүчилтөрөгчөөр хангалттай сайн амьсгалуулах арга хэмжээг авах хэрэгтэй гэж “Мэдээгүйжүүлгийн үеийн яаралтай тусламжийн гарын авлага”-д тусгасан байдаг. Мэдээгүйжүүлгийн хуудсанд тэмдэглэснийг харахад изофлураныг 11 цаг 50 минутаас 12 цаг 10 минут хүртэл 1,5 эз% байсныг 2 эз% болгож, хүчилтөрөгчийг 3 литр /эз хэрэглэсэн гэж тэмдэглэсэн байгаа нь мэдээгүйжүүлгийн үед тулгамддаг хүнд байдлуудын үед авах арга хэмжээг хангалттай зөв үзүүлсэн гэж үзэхээргүй байна” /2 хх 250/ гэсэн нь мэдээгүйжүүлгийн эмч Д.Ц-ыг мэдээгүйжүүлгийг зохих ёсоор хийгээгүй болохыг дүгнэсэн байна.

Дээрх дурдсанаас үзэхэд, Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан, шинжээч эмч Д.Э-ийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт нь хэргийн үйл баримтад тулгуурлаагүй, хэт нэг талыг буюу шүүгдэгч нарын гэм буруугүй талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болохыг анхан шатны шүүх анхаараагүй.

Түүнчлэн шинжээч нарын нэгдсэн дүгнэлтэд:

“... Биеийн байдал хүндрэх үед эрэмбэлэн ангилж, тусламж үйлчилгээг зөв төлөвлөх нь Эрүүл мэндийн Сайдын 2019 оны А/814 дүгээр тушаалаар зохицуулагддаг. Уг тушаалаар тухайн нөхцөлд улаан эрэмбээр ангилагдах нөхцөл байсан бөгөөд хүндэрсэн үед шатлал ахиулан тээвэрлэх шийдвэр гаргасан нь “Амь нас эрсдэх, амин эрхтний үйл ажиллагаа зогсох аюул шууд заналхийлсэн, эмнэлгийн сэхээн амьдруулах хойшлуулшгүй тусламжийг 2-5 минутын дотор үзүүлж эхлэх тохиолдол” гэж тодорхойлсон үеийн зөв зохион байгуулалт гэж үзэх үндэслэлгүй” /3 хх 2/ гэж,

“...MNS 7015:2023 стандартад “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний дутагдал”: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад стандарт, тушаал, журам, заавар, удирдамж мөрдөөгүйгээс үйлчлүүлэгч амь насаа алдахад хүргэсэн үр дагавар; гэж тодорхойлсон ба тухайн тохиолдол нь эмнэлгийн тусламж үйлчилгээний дутагдал гэж үзэх үндэслэлтэй байна” /3 хх 3/ гэж,

“...2. Хавтаст материалд Шодойн хөвч таслах мэс ажилбарыг гүйцэтгэсэн өвчний түүхэн дэх тэмдэглэл байхгүй, мэс ажилбар хийх зөвшөөрлийг хохирогч өвчтөнөөс аваагүй. Мэргэшээгүй эмч хийсэн байна. Ямар бодисоор мэдээгүйжүүлгийг хийсэн тухай тэмдэглэл хөтлөгдөөгүй. 3. Шодойн хөвч таслах мэс ажилбарын эмнэл зүйн удирдамжийг “Э-” эмнэлгийн гүйцэтгэх захирал М- /сувилагч бага эмчийн мэргэжил бүхий гүйцэтгэх захирал/ баталсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.10-ийг зөрчсөн байна. 4 хуудас бүхий эмнэл зүйн удирдамжид 66 «ажилбарыг гүйцэтгэх эмчийг, Ерөнхий мэс заслын эмч, мэс заслын эмч .... гүйцэтгэнэ» гэж бичсэн нь зөвхөн Д.Б-т зориулсан мэтээр ойлгогдож. мэс ажилбарыг зөвхөн мэс заслын мэргэжсэн эмч хийх гэсэн асуудлыг орхигдуулж баталсан нь Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй тушаал шийдвэр журам, дүрмийн шаардлага хангахгүйгээс Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалтыг зөрчиж байна” /3 хх 4/ гэж дүгнэснээс үзэхэд амь хохирогчийн биеийн байдал хүндэрсэн үед “Э-” эмнэлэг нь хариу арга хэмжээг авах ямар ч төлөвлөгөөгүй, яаралтай түргэн тусламжийг үзүүлэх техник, хүний нөөцийн зохих чадамжгүй, эрүүл мэндийн тодорхой хууль дүрэм, журам, стандартыг зохих ёсоор мөрдөөгүй ажилласан болохыг нотолж байна.

Мэс засал хийх эрхгүй эмч Д.Б-, Н- нараар амь хохирогч М.О-ын биед хөвч таслах хагалгааг хийлгэсэн, энэхүү хууль бус хагалгааны дараа үргэлжлүүлэн эмч Ж.Т- нь хамрын муруй тэгшлэх хагалгааг хийхдээ эрүүл мэндийн зохих хууль, стандартыг баримтлаагүй, хууль бус хагалгааг удирдан явуулж амь хохирогчийг амь насаа алдах хүндрэл, эрсдлийг үүсгэсэн, үүнд мэдээгүйжүүлгийн эмч Д.Ц- нь унтуулга, мэдээгүйжүүлгийг буруу явуулсан, өвчтөнд үүссэн хүндрэлийг цаг тухайд нь илрүүлээгүй, зохих тусламжийг яаралтай үзүүлээгүй, шаардлагатай хариу арга хэмжээг аваагүй хугацаа алдсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, дээр дурдсан шинжээч нарын нэгдсэн дүгнэлтээр нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/406 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-гийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б- нь мэс ажилбар хийх зөвшөөрлийг хохирогч, өвчтөнөөс аваагүй, мэргэшээгүй байхдаа эмч хийсэн. Ямар эмийн бодисоор мэдээжүүлэг хийсэн талаар тэмдэглэл хөтлөөгүй, эмчийн диплом аваагүй, анагаахын сургууль төгсөөгүй, мэс заслын эмчийн мэргэжил эзэмшээгүй, мэс засал бие дааж хийх эрхгүй, мэргэжлийн шаардлага хангаагүй, ерөнхий эмчээр ажиллаж байхдаа шодойн хөвч таслах мэс ажилбар гардан хийсэн. Ж.Т- нь “С-” эмнэлэгтэй хөлсөөр ажиллах гэрээ хийж, гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон байхад мэс засал хийсэн. “Хамрын таславчийн хагалгааны өмнө шодойн хөвч таслах хагалгааг хийсэн байж магадгүй” гэж мэдүүлсэн байсан. Мэс заслын эмч нар хоорондоо уялдаа холбоогүй, өмнөх мэс засалд ямар мэдээ алдуулалт хийгдсэн талаар мэдээгүй байсан. Д.Ц- нь унтуулгын үед өвчтөний амин үзүүлэлтийг хэвийн байлгаж, аюулгүй байдлыг хангаагүй, мэдээжүүлгийн турш амьсгалыг гар юм уу, автомат аргаар удирдаж, хүчил төрөгчийн хангамжийг тогтмол хянаж чадаагүй, хорт халуурлыг зөв оношилж тогтоогоогүй, оношийг зөв тогтоосон тохиолдолд изофлураныг хаах ёстой байтал хаагаагүй. Шинжээч нарын нэгдсэн дүгнэлтэд “ Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 1828 дугаартай дүгнэлтийг оношийг нотолгоонд суурилсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мэдээжүүлгийн изофлуран эмийн бодисын шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Ж.Т-, Д.Б-, Д.Ц- нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учрах бодит боломжийг бүрдүүлсэн бол шалтгаантай холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйлдлээр хор уршгийг бодитойгоор учруулсан, хохирогчийг шууд үхэлд хүргэсэн гэж үзсэн. Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн 28.4.3 дахь заалтад “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй” гэж заасан. Уг үүргээ зөрчсөн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй, биелүүлээгүй гэж үзнэ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/406 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Б-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/406 дугаар цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан эрэгтэйчүүдийн амбулаторийн үзлэгийн 1125 дугаар карт, шинжээч н.А-гийн “Д.Б- нь амь хохирогчийн өөрийн хүсэлтээр фимоз оношлогддог шодойн арьс тайрах мэс ажилбарыг 20 минут үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн, шодойн шамран, арьс тайрах мэс ажилбарыг PS21 удирдамжийн дагуу хийгдсэн байна” гэх дүгнэлт, шинжээч Д.Э-ийн “тухайн эмчлүүлэгчид лидокайныг 2 хувь 8 мл-с 160 мл хийсэн бөгөөд хийсэн даруйд болон хийсний хойших дараагийн хагалгаа хүртэлх 1 цагийн хугацаанд ямар нэг гаж нөлөө илрээгүй, хамрын хагалгаанд нөлөөлсөн гэж үзэхээргүй байна” гэх дүгнэлтээр Д.Б- нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх энэ үндэслэлийг шийдвэрийнхээ үндэслэл болгосонтой санал нийлж байна. Анхан шатны шүүх “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулсан шинжтэй байна” гэж дүгнэсэн боловч энэ нь Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан” зөрчлийн шинжтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар “амь нас хохирсон хор уршиг юунаас болсон бэ” гэхээр лидокайн мл-р хийсэн, изофлуран мэдээгүйжүүлэлтийн эмийн улмаас хорын халдвар авч, нас барсан хор уршигтай. Лидокайн хийсэн нь шалтгаант холбоогүй болох нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Олон баг, комиссын шинжээчийн дүгнэлт дотроос яг энэ мэдээгүйжүүлэлтийн нарийн мэргэшсэн эмч буюу Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн эмч “хүн дээшээ 5 үеэ мэдэх боломжгүй, асуумжид эцэг, эхийгээ харшилгүй гэж хэлнэ үү гэхээс дээшийгээ 3, 4 дэх үеэ мэдэхгүй, 250.000 удаад нэг тохиолдох хорон халуурал, азид эхний 2-т орох тохиолдол” гэж дүгнэсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд “өмнөх мэс засал, шодойн хөвч таслах мэс ажилбартай амь нас хохирсон хорон халуурал нь тарианы мл-с шууд шалтгаант холбоогүй” гэж дүгнэсэн нь авагдсан. Дээрх дүгнэлтүүдээр миний үйлчлүүлэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.Т-ийн өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, “эмч Ж.Т-ийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас М.О-ын амь нас хохирсон гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх Ж.Т-ийг “MNS 5357:2017 стандартыг зөрчөөгүй, стандартад нийцсэн, зохих журмын дагуу ажилласан” гэж дүгнэсэн. Мөн “харшил өгсөн изофлуран бодис нь хориглох заалтад хамаарах эсэхийг зөвхөн асуумжаар тодруулах боломжтой” гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтэд энэ талаар тодорхой тусгасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сая “талийгаачийн аав хагалгаанд орж, харшил өгч байсан талаар тайлбарлаж, мэдүүлсэн, тэмдэглэл үйлдсэн” гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэрэгт энэ талаарх баримт байхгүй, асуумжид тэмдэглээгүй байсан. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “гэрээний хугацаа дууссан байхад эмч Ж.Т- хагалгаа хийсэн” гэж тайлбарлаж байна. Шинжээчийн дүгнэлтэд тийм үг бичигдсэн байдаг боловч хавтаст хэрэгт хугацаа дууссан гэрээ байдаггүй, гэрээ байгуулсан хугацаандаа хагалгаа хийсэн болох нь авагдсан байхад шинжээчийн дүгнэлт алдаатай гарснаас ингэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Ц-ын өмгөөлөгч Э.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогчид изофлуран ууршимтгай бодис буюу бидний хэлж заншсанаар эфирийн улмаас хоруу халуурал үүсэж, амь нас хохирсон талаар задлан шинжилгээ, түүний дараа гарсан шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдсон. “Энэ бодисыг хэрэглэж, унтуулга өгөхдөө доод тун хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн эсэхийг шинжээчид тогтоогоогүй” гэж давж заалдах гомдол гаргасан. Шинжээчид “изофлураны доод тунг хэтрүүлээгүй, мэдээгүйжүүлгийг зохих стандарт, удирдамжийн дагуу явуулсан” гэж дүгнэсэн. Прокурор “өгүүлэмж аваагүй буруутай” гэдэг дүгнэлт хийж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан өвчний түүх үүний гол нотолгоо. Анамиз гэж тусдаа бичдэг зүйл байхгүй, бүх зүйлийг хялбаршуулсан маягаар асууж, чеклэдэг. Хавтаст хэргийн 149 дүгээр талд авагдсан өвчний түүхийн нүүрний хэсэгт анамиз буюу асуумж авч байгаа. “1. Эмийн бодист, 2. Хоол, хүнсэнд, 3. Бусад харшил”-тай юу гээд харшилтай бол чеклэж, харшилгүй бол хэрээс татна. Хавтаст хэрэгт хэрээс татсан тэмдэглэл нь авагдсан. Мэс заслын протокол шиг “анамиз авлаа, харшилгүй” гэж бичдэггүй. Өөрөөр хэлбэл, харшлын анамизийг авсан. Бүх төрлийн эм хүний эрүүл мэндэд ашиг тустай байдал нь давуу учраас хэрэглэдэг, ямар ч эмийн бодист гаж нөлөө байдаг. Энэ эмийн бодисыг хувьд маш ховор тохиолддог хоруу халуурал үүсгэдэг. Маш ховор тохиолдолд гарч өвчтөнийг 3 дугаар шатлалын эмнэлэгт хүргэсэн боловч эмчилгээ үр дүнд хүрээгүй. Харшил өгч, хоруу халуурал үүссэн дээр тухайн үйлдлийг хийсэн эмч стандарт зөрчсөнөөс ийм хүндрэл гарсан гэдэг шалтгаант холбоо шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдоогүй. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт гаргасан 5 шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шинжээч нараас асуулт асууж, хариулт авсан. Дүгнэлт гаргасан шинжээчид дордуулсан юм шиг байна гэж хэлсэн болохоос үхлийн шалтгааныг өөрчилж чадаагүй. “Энэ үхлийн шалтгааныг гаргасантай санал нийлэхгүй байна” гэж хэлсэн болохоос биш “өөр ямар үхлийн шалтгаан байгаа вэ” гэхэд тогтоогоогүй. Мэдээгүйжүүлгийн талаар орсон шинжээч н.Т- бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтийн 19 дэх заалтад “мэдээгүйжүүлгийг стандартын зохих түвшинд явуулсан байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шалтгаант холбоогүй байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх талуудын хүсэлтээр зөрүүтэй дүгнэлт гаргасан шинжээч нарыг оролцуулж, хууль зүйн дүгнэлт хийсэн. Эмнэлгийн тусламж зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хохирогчид хожуу халуурал үүссэн гэж үзэх үндэслэлгүй, уг бодист сорил тавьдаггүй, сорилыг шингэн бусад төрлийн эмийн бодист хэрэглэдэг. Олон Улсын стандарт, Монгол Улсын мэдээгүйжүүлэлтэд хэрэглэх стандартаар ууршуулагч бодис хэрэглэж байгаа тохиолдолд сорил тавьдаггүй, тийм заалт байхгүй. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.

Прокурор О.Н- тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд тухайн шүүх хуралдаанд оролцсон прокурор, дээд шатны прокуророос эсэргүүцэл бичээгүй. Миний бие тус шүүх хуралдаанд томилолтоор оролцож байгаа боловч хэргийн материалтай танилцаж, өөрийн дотоод итгэл үнэмшлээр дараах дүгнэлтийг гаргаж байна. Прокуророос Д.Б-, Ж.Т-, Д.Ц- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ ... зохих ёсоор биелүүлээгүй” гэж заасан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх хэд хэдэн үндэслэлтэй байна гэж үзсэн. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын хэд хэдэн тушаалд “эмнэлгийн тусламж, үйлчилгээний дутагдал гэж үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гарсан дутагдал” гэж тодорхойлсон. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад үйлчилгээ үзүүлэх стандарт, журам, тушаал, заавар болон бусад удирдамжаас өөр байдлаар мөрдөж, биелүүлээгүйгээс үүдэж үйлчлүүлэгчийн амь нас хохирсон тохиолдлыг дутагдал гэж үзэхээр заасан. Тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй нь дутагдалд хамаарч байна. Шодойн хөвч таслах ажилбар дээр өвчний түүх нээгээгүй, зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулаагүй зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. Энэ нь зохих үүргээ биелүүлээгүй буюу стандарт, журмыг мөрдөж ажиллаагүй нэг дэх тохиолдол. Хоёрдугаарт, хүндрэл үүссэн үеийг зөв тодорхойлох ёстой. “Мэс заслын үед хийгдсэн ажиллагаа, 2 мэс засал нь стандартын дагуу хийгдсэн” гэж үзсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Үүний араас гарсан хүндрэлүүд буюу хүндрэл үүссэн үеийг зөв тодорхойлж, зөв зохион байгуулалт хийж чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал, хэрэгт авагдсан баримтаар мэс заслыг хийсэн эмч болон мэдээгүйжүүлгийн эмч нар хамтарч, эсхүл дангаараа мэс заслын дараа үйлчлүүлэгчид хяналт тавих, хүндрэлээс урьдчилсан сэргийлэх талаар журамласан. Гэтэл энэ журмыг хэрэгжүүлээгүй, бие биедээ мэдээлэл өгөөгүй, хүндрэл үүссэн үеийг зөв тогтоогоогүй байна. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг рүү хүндэрснээс үүсэж шилжүүлсэн. Гэтэл биеийн байдлыг тогтворжуулсны дараа өвчтөнийг шилжүүлэх ёстой байтал шилжүүлэх ёсгүй өвчтөнийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг рүү өвчтөн хүргэгдэх хүртэл мэс заслын эмч, мэдээгүйжүүлэлтийн эмч нар хариуцаж ёстой байтал зохих журмуудыг биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон. Магадгүй хүндрэлийг зөв тогтоож, биеийн байдлыг тогтвортой болсны дараа дараагийн шатлалын эмнэлэгт хүргэсэн бол хохирогчийн амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй. 2 удаагийн мэс засал стандарт журмын дагуу хийгдсэн боловч мэс заслын дараах үйлчилгээг зохих ёсоор хийгээгүй нь стандарт журам, тушаалыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх хуралдаанд бүх шинжээч нарыг оролцуулсан. Прокурор цагаатгах, яллах талын бүх баримтуудыг цуглуулж, бэхжүүлдэг. Хэрвээ эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гэм буруутай эсэх асуудлыг эцсийн байдлаар шүүх шийдвэрлэдэг. Шүүх хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдсэн. Мэс ажилбар стандартын дагуу явагдаж, зохих үүргээ хэрэгжүүлээгүй тодорхой нөхцөл байдлыг цагаатгах тогтоолд тодорхой дурдаагүй гэж үзэж байгаа учраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолтой холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос Д.Б-ыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Улсын стандарт Эрүүл мэндийн технологи, Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS4621:2008 стандартад заасан шаардлагыг хангаж, мэс засал хийх эрх аваагүй байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Д-” нэртэй эмнэлэгт М.О-т шодойн хөвч таслах мэс ажилбар удирдан хийхдээ мэдээ алдуулах үйлчилгээтэй лидокайн тариа хийж, хэсгийн мэдээ алдуулалтайгаар мэс ажилбарын ажиллагааг 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 40 минутаас эхэлж, 10 цаг 00 минутын орчимд дуусгаж, өвчтөн нь уг хагалгааны дараа үргэлжлүүлэн эмч Ж.Т-ийн хийсэн хамрын таславч мөгөөрс тэгшлэх мэс заслын хагалгааны явцад халуурч эхлэн, таталт өгч, богино хугацаанд олон эрхтний хурц дутагдалд орж, ухаангүй, кома, шокийн байдалтайгаар 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цаг 49 минутад Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэн очиж, эмнэлгийн тусламж зохих ёсоор үзүүлсэн боловч 19 цаг 13 минутад нас барсан,

Ж.Т-ийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Д-” нэртэй эмнэлэгт 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр М.О-т шодойн хөвч таслах мэс ажилбар хийхдээ мэдээ алдуулах үйлчилгээтэй лидокайн тарианы хэсгийн мэдээ алдуулалтайгаар мэс ажилбар хийсний дараа үргэлжлүүлэн хамрын таславч мөгөөрс тэгшлэх мэс заслын хагалгаанд ороход мэдээгүйжүүлэх үйлчилгээтэй изофлуран эм хэрэглэн хагалгааг хийж байх явцад өвчтөн халуурч, таталт өгч, богино хугацаанд олон эрхтний хурц дутагдалд орж, кома шокийн байдалтай 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цаг49 минутад Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэн очиж, эмнэлгийн тусламж авсан боловч 19 цаг 13 минутад нас барсан,

Д.Ц-ыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Д-” нэртэй эмнэлэгт 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр М.О- нь шодойн хөвч таслах мэс ажилбарт орж мэдээ алдуулах үйлчилгээтэй лидокайн тарианы хэсгийн мэдээ алдуулалтайгаар уг мэс ажилбар хийгдсэний дараа үргэлжлүүлэн хамрын таславч мөгөөрс тэгшлэх мэс заслын хагалгаанд ороход нь мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллаж, өвчтөнд мэдээ алдуулах үйлчилгээтэй изофлуран эм хэрэглэн хагалгааг хийж байх явцад өвчтөн халуурч, таталт өгч, богино хугацаанд олон эрхтний хурц дутагдалд орж, кома шокийн байдалтай 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цаг 49 минутад Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэн очиж, эмнэлгийн тусламж авсан боловч 19 цаг 13 минутад нас барсан гэмт хэргийг  үйлдсэн гэж дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, “2026/ШЦТ/406 дугаар цагаатгах тогтоолоор  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Т-, Д.Б-, Д.Ц- нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Б-, Ж.Т-, Д.Ц- нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдал, санаа зорилго, үйлдэлдээ хандаж буй хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.

Түүнчлэн гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх бас нэг үндсэн нөхцөл юм.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой болно.

Харин тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч, шүүгчид бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг.

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ.

Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй болно.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаж,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1828 дугаар шинжээчийн “Шүүх эмнэлгийн цогцос шинжилгээний онош: 1. Мэдээгүйжүүлгийн изофлуран эмэнд хэт мэдрэг байдал, эмийн шалтгаант анафилаксийн шок: Хоруу халууралт. Хамрын таславч мөгөөрс тэгшлэх, хоёр талын самалдаг багсгах, шодойн хөвч таслах хагалгааны дараах байдал /2021.09.04/. 2. Шокийн уушги, бөөр, элэг. Судсан дотор цус түгмэл бүлэгнэх хам шинж, зүрхний булчингийн цочмог цус хомсдолт, дотор эрхтнүүдийн бичил цус эргэлтийн хямрал, цус дүүрэлт, цусны шингэн байдал, зүрх, уушгины гадаргуу дахь голомтлог олон тооны цус харвалт, тархи, уушгины хаван. Дүгнэлт хэсэгт: 1. Талийгаач М.О-ын биед баруун нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. 2. Талийгаач М.О- нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хамрын таславч мөгөөрс тэгшлэх, хоёр талын самалдаг багасгах, шодойн хөвч таслах хагалгааны явцад мэдээгүйжүүлгийн изофлуран эмэнд харшил өгч, анафилаксийн шоконд орсны улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. 3. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. 4. Шүүх химийн шинжилгээгээр цус, цөс, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй. Дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, хүчил, шүлт илрээгүй. 5. Изофлуран эмийн хориглох заалт: Изофлураныг изофлуран буюу бусад галогент мэдээ алдуулагчдад хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Мөн түүнийг удмын хорт халууралтад өртөмжтэй өвчтөнд хэрэглэхгүй. Гаж нөлөө: Анафилаксийн урвал, хэт мэдрэгшилт, гиперкалиеми, зүрхний хэм алдагдах, артерийн даралт унах, цус алдах, хорт халууралт зэрэг гаж нөлөө илэрнэ. ...” /1 хх 80-88/,

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр  сарын 17-ны өдрийн дүгнэлтэд: “1.5. ...Шодойн шамрага арьс тайрах мэс ажилбар “PS-21” удирдамж (С- эмнэлэг)-ийн дагуу хийсэн байна. ...Их эмч Ж.Т- нь мэс заслыг Монгол Улсын стандарт Хамрын таславч тэгшлэх мэс засал MNS5357:2017 стандартын дагуу хийсэн байна. Хамрын таславч тэгшлэх мэс засал MNS5357:2017 стандартын 7.3 заалт мэдээгүйжүүлэх эмийн бодисын сорил хийгээгүй байна. 2. 2.1. Төлөвлөгөөт “Шодойн шамрага арьс тайрах мэс ажилбар” (Циркумциз)-ыг 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 09 цаг 40 минутад эхлэн 10 цаг 00 минутад (20 минут үргэлжилсэн) хэсгийн мэдээ алдуулалтын дор хийж гүйцэтгэсэн байна. 2.2. Төлөвлөгөөт “Гадна хамрын хуучин хугарал засах, хамрын самалдаг таславч тэгшлэх самалдаг багасгах мэс засал”-ыг 2021 оны 09 сарын 04-ний өдөр 10 цаг 20 минутад эхлэн 12 цаг 40 минутад (1 цаг 40 минут үргэлжилсэн) ерөнхий мэдээ алдуулалтын дор хийж гүйцэтгэсэн байна. Дээрх хоёр мэс ажилбар, мэс заслыг нэг цаг хугацаанд нэгэн зэрэг хийгээгүй, шодойн шамрага арьс тайрах мэс ажилбарын дараа ерөнхий мэдээ алдуулалт хийн гадна хамрын хуучин хугарал засах, хамрын самалдаг таславч тэгшлэх самалдаг багасгах мэс заслыг хийсэн байна. Үргэлжлүүлэн хийж болохгүй гэсэн хориглох заалт олдохгүй байна. 3.1. Хөвч таслах ажилбарын өмнө 2021 оны 09 сарын 02 өдөр цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусны бүлэг, биохими-элэгний үйл ажиллагаа, коагулограмм, серологи, иммунологийн шинжилгээнүүдийг бүрдүүлсэн байна /хх 128-132/. 3.2. Хамрын таславч тэгшлэх мэс заслын өмнө цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохими, шээсний ерөнхий шинжилгээ, серологи, цусны бүлэг, коагулограммын шинжилгээ, цээжний эгц рентген, зүрхний цахилгаан бичлэг, хамрын дайвар хөндийн КТГ шинжилгээнүүдийг бүрдүүлсэн байна. /хх-151-156/. Монгол Улсын стандарт Эрүүл мэндийн технологи, Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS4621:2008 стандарт II.2 Үйлчлүүлэгчийг мэс засалд бэлтгэх гэж заасны дагуу ерөнхий бэлтгэл болон лабораторийн шинжилгээ (цус, шээс, элэгний үйлийн), рентгенд уушги тойм харах шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, цусны бүлэг тогтоох шинжилгээнүүдийг төлөвлөгөөт мэс заслын өмнө бүрдүүлсэн байна. Мэс заслаар хийх зүйлийн ерөнхий төлөв, мэс заслын тавилан, гарч болох хүндрэлийг тайлбарлаж, үйлчлүүлэгчээс хагалгаа хийлгэх зөвшөөрөл бичгээр авсан байна. Хагалгааны тусгай бэлтгэл хангах зорилгоор хамрын дайвар хөндийн КТГ болон серологи, иммунологийн шинжилгээ бүрдүүлсэн байна. 4. Амь хохирогчийн шинжилгээний хариу мэс ажилбар, мэс засалд харшилсан зүйл байхгүй байна. 6. Ж.Т- Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн (0201131747), “Анагаах ухааны магистр” цолтой, чих хамар хоолойн эмчийн үндсэн мэргэшил (ҮМ15/265)-тэй, 0023201 тоот дугаар бүхий 2023 оны 11 сарын 05-ны өдөр хүртэл хүчинтэй мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй байна. Чих хамар хоолойн мэс засал хийх эрхтэй. Д.Ц- Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн (Р200825082), мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчийн үндсэн мэргэшил (0746/12)-тэй, 0026504 тоот дугаар бүхий 2025 оны 02 сарын 05-ны өдөр хүртэл хүчинтэй мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй байна. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчийн эрхтэй. Д.Б- Этүгэн их сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн (D202005415), 0013983 тоот дугаар бүхий 2022 оны 08 сарын 12-ны өдөр хүртэл хүчинтэй мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй байна. (Мэс засал судлалаар АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн 1 дүгээр дамжаанд суралцаж байгаа талаарх тодорхойлолттой). Мэс засал хийх эрхгүй. Мэс заслыг мэс заслын дамжаа дүүргэсэн, мэргэжлийн үнэмлэхтэй, мэс засал хийх эрх бүхий эмч тусгай, зориулалтын өрөөнд гүйцэтгэнэ (Монгол Улсын стандарт Эрүүл мэндийн технологи Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS4621:2008 стандартын II хэсэг 11.1. Мэс заслын үйлдлийн ерөнхий технологи, түүнд тавих хяналт). 9. “С-” ХХК (РД:С-)-ийн “С- эмнэлэг” нь Мэс засал, эмэгтэйчүүд, гоо сайхны мэс засал, чих хамар хоолой, урологи бөөрний мэс засал, өвдөлтийн менежментийн тусламж 20 ор бүхий эрх бүхий байгууллагаас олгосон эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй /хх 239/. 7.8.10 нь тусгай мэдлэгт хамаарахгүй байна. 11. Хориглох заалт: Изофлуран ба бусад галогенжсэн бодист мэдрэг өвчтөн, Генетик хүчин зүйлийн улмаас хорт гипертермитэй үед (Licemed Web). ...” /2 хх 59-62/,

ЭМЯ-ны Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэд: “1. Изофлюран нь ерөнхий мэдээгүйжүүлэгт хэрэглэгддэг үндсэн бодисуудын нэг. Олон Улсад болон Монгол Улсад өргөн ашиглагддаг, зөвхөн тухайн бодист зориулсан өвөрмөц тусгай ууршуулагчаар дамжуулан ууршуулж амьсгалж буй хийн холимогт нэмэн мэдээгүйжүүлэгт ашигладаг, тайвшруулах, унтуулах, бага зэргээр өвдөлт намдах үйлдэлтэй шингэн бодис. Амьсгалын замаар хэрэглэх ууршдаг мэдээгүйжүүлэгчийн тунг MAC /Minimum alveolar concentration/ буюу нийт өвчтөний 50%-д өвдөлтийн цочруулд хариу урвал үзүүлэхгүй байх цулцангийн хамгийн бага тун хэмээх үзүүлэлтээр хэмждэг. Энэ нь изофлюраны хувьд 1,2 байдаг. Амьсгалын замаар хэрэглэх ууршдаг мэдээгүйжүүлэгчийн ууршуулагч дээр тухайн бодисын уурших хурдыг эзлэхүүн %-р /МАС-тай уялдуулсан/ өвөрмөцөөр тохируулсан байдаг. МУ-н стандарт MNS 6206:2010 Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэгт Изофлюраныг үндсэн мэдээгүйжүүлэгт 0,7-2,5 эзлэхүүн % тунгаар хэрэглэнэ гэж заасан байдаг. Тухайн эмчлүүлэгчид 1-1,5 эзлэхүүн %-р хэрэглэсэн тун нь тухайн эмийн зааврын дагуу, ОУ болон МУ-ын удирдамжид зааснаар хэрэглэсэн гэж үзэж байна. 2. Дээрх эмчлүүлэгчид үүссэн нөхцөл байдал нь изофлюраны маш ховор тохиолдох гаж нөлөөний нэг болох Хорт халууралт гэж үзэхээр байна. 3. Эмчлүүлэгчид урьтал мэдээгүйжүүлэгт: Судсаар тайвшруулах унтуулах үйлдэлтэй Тиопентал натри, опиоид өвдөлт намдаагч Фентанил, булчин суллагч Тракриум хэрэглэсэн байна. Эдгээр эмүүд нь аминд халтай харшлын урвал үүсгэх нь бага. Мэдээгүйжүүлгийн орчин дахь аминд халтай харшлын урвал ихэвчлэн латекс агуулсан 1 удаагийн хэрэгсэл, антибиотик болон зарим булчин суллагч эмүүдэд үүсдэг. Иммуноглобулин Е өдөөгдсөн аминд халтай харшлын урвал нь харшлуулагч бодисыг тарьсан даруйгаас эхлэн богино хугацааны дотор биеэр гөвдрүүт чонон хөрвөс /гөвдрүүт улайлт/ гарах, Квинкийн хаван болох /нүүр хүзүү залгиур орчим хавагнах хөөх/, АД огцом унах, гуурсан хоолой агчих зэрэг шинжүүдээр илэрдэг. Эмчлүүлэгчид мэдээгүйжүүлгийн бодис тарьсан даруйд болон тарьснаас хойш дээрх шинж тэмдгүүд илрээгүй байсан бөгөөд харшлын урвалын үед өндөр халуурах шинж илэрдэггүй. Харин үндсэн мэдээгүйжүүлэгт хэрэглэдэг Амьсгалын ууршдаг мэдээгүйжүүлэгч изофлюраны гаж нөлөөнд хорт халууралт буюу эмэнд дарагдахгүй хэт өндөр халуурах, булчин зохицуулгагүйгээр агшсанаас булчингийн эс үхжих, улмаар цусанд булчингийн эс задралын бүтээгдэхүүн ихээр орсноос бөөрний хурц дутагдал үүсэх, К огцом ихэссэнээс зүрхний үйл ажиллагаа алдагдах, аминд халтай хэм алдагдал үүсэх улмаар зүрх зогсох, судсанд цус түгмэлээр бүлэгнэх, олон эрхтний дутагдалд орох хүндрэл маш ховор боловч тохиолддог, нас баралт өндөртэй байдаг. Дээрх эмчлүүлэгчид үүссэн нөхцөл байдал нь изофлюраны маш ховор тохиолдох, хүнд зэргийн гаж нөлөөний нэг болох Хорт халууралт гэж үзэхээр байна. 4. Өмнөх хагалгаануудад гарсан шинж тэмдэг, гаж нөлөө, хүндрэл зэргээс үндэслэн изофлюраны шалтгаантай гэдэг нь батлагдсан. /амьсгалын замд үзүүлдэг гаж нөлөөнөөс шалтгаалан урьтал мэдээгүйжүүлэгт хэрэглэдэггүй, зөвхөн үндсэн мэдээгүйжүүлэгт өвчтөнийг унтаж, булчин суларсан, цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьсан тохиолдолд хэрэглэдэг, мөн зөвхөн амьсгалын замаар амьсгалуулж хэрэглэдэг тул энэ төрлийн мэдээгүйжүүлгийн бодисуудад сорил тавих боломжгүй байдаг./

- Хорт халууралтын удамшлын сэжиг бүхий эмчлүүлэгч

Өмнөх мэс заслын дараа элэгний үйл ажиллагааны гүнзгий алдагдалд орж байсан. Тухайн эмчлүүлэгч хагалгааны өмнө гэр бүлийн цусан төрлийн хүмүүст хагалгаанд орсонтой холбоотой ноцтой хүндрэл гарч байсан эсэх тухай онцгойлон мэдээлээгүй бол изофлюраныг хэрэглэж болохгүй гэсэн заалт байхгүй. 5. Хөвч таслах мэс ажилбарт хэрэглэсэн лидокайн нь хэсгийн мэдээгүйжүүлэгч бодис бөгөөд зарим тохиолдолд судсаар зүрхний хэм алдагдлын эмчилгээнд ашигладаг. Лидокайныг арьс, арьсан доорх өөхөн эд, мэдрэлийн орчимд болон нугасны хөндий, нугасны гадна хөндийд тарьж өвдөлт дамжуулах замд хориг хийн жижиг мэс засал ажилбарыг хийдэг. Лидокайн нь МУ-д төдийгүй олон улсад өргөн хэрэглэгддэг хэсгийн мэдээгүйжүүлэгч бодис, зөөлөн эд арьсанд хийгдэж буй бүх төрлийн мэс засал, эрүү нүүрний болон хамрын мэс засал, шүдний эмчилгээнд нэвчүүлэх замаар, дээд доод мөчдийн мэс засалд орчны хориг байдлаар өргөн хэрэглэдэг. Тун нь тухайн эмчлүүлэгчид: -Эпинефрингүй бол 4мг/кг буюу 1%-30 мл, 2%-15 мл, Эпинефринтэй бол 7 мг/кг буюу 1% 50 мл, 2%-25 мл хэрэглэхэд аюулгүй гэж үзнэ. Эмийн үйлдлийн эхлэх хугацаа 2-5 мин, Эмийн үйлдлийн үргэлжпэх хугацаа 30 мин - 2 цаг, тухайн эмчлүүлэгчид 2% - 8мл -160 мг хийсэн бөгөөд хийсэн даруйд болон хийснээс хойш дараагийн хагалгаа хүртэлх 1 цагийн хугацаанд ямар 1 гаж нөлөө илрээгүй тул хамрын хагалгаанд нөлөөлсөн гэж үзэхээргүй байна. Лидокайныг судсаар зүрхний хэм алдагдлын эмчилгээнд хэрэглэдэг тул бусад хэсгийн мэдээгүйжүүлэгч бодистой харьцуулахад аюул, хүндрэл багатай байдаг. Эмчлүүлэгч эмийн бодист харшилтай гэдгээ хэлээгүй тохиолдолд бүх хүнд мэдээгүйжүүлгийн бүх бодист сорил заавал тавина гэсэн ЭМ-н сайдын тушаал, журам, МУ-ын стандарт, удирдамж байхгүй. Эмчлүүлэгчийн харшлын асуумж, өмнөх өвчний түүхэн дэх харшлын өгүүлэмжид үндэслэн сорил тавих эсэхийг эмч тухайн нөхцөлд үндэслэн шийднэ. 6.7. Тухайн эмчлүүлэгчид үүссэн нөхцөл байдлыг өвчин эхэлсэн байдал, илэрсэн эмнэл зүйн шинж тэмдэг, өвчний явц өрнөл, шинжилгээний үзүүлэлтүүд болон шүүх эмнэлгийн эмгэг судлалын шинжилгээнд илэрсэн өөрчлөлт, дүгнэлтээс харахад изофлюрантай холбоотой үүссэн Хорт халууралт, түүний хүндрэлээс нас барсан гэж үзэхээр байна. Хорт халууралт нь араг ясны булчингийн удамшлын хүчин зүйлт эмгэг бөгөөд зарим амьсгалын ууршдаг мэдээгүйжүүлэгч /изофлюран, севофлюран болон десфлюран/, булчин суллагч сукцинилхолин хэрэглэсэнтэй холбоотой илэрдэг ховор тохиолдох, үхэл өндөртэй эмгэг юм. Тохиолдол: 100,000:1.

...Тавилан: Дэлхийн хөгжилтэй орнуудад дантролене тариаг хэрэглэдэг. Анхны шинж тэмдэг илэрснээс хойш Дантролене тариаг тарих хүртэл 30 минут тутамд нас баралт, хүндрэл 1,6 дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа байна. Монгол Улсад Дантролене тариа орж ирээгүй. Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй, хэрэглэж байсан туршлага байхгүй болно. 8. Мэдээгүйжүүлгийн орчинд хэрэглэгдэх эмийн бодисуудад хүн бүрт, эм тус бүрээр заавал сорил тавина гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал, журам, Монгол Улсын стандарт, удирдамж одоогоор байхгүй. Мөн олон улсын удирдамжид заавал сорил тавина гэсэн зөвлөмж байхгүй. Олон улсад ажиллаж сурч байх явцад бүх хүнд сорил тавьж байсан практик туршлага олж хараагүй. Тухайн эмчлүүлэгчээс авсан асуумж, өмнөх хагалгааны болон өвчний түүхээс хамааран сорил тавих эсэхийг тухайн нөхцөл байдалд нийцүүлэн шийднэ. Зарим эмүүдийн биед орох замаас шалтгаалан сорил тавих боломжгүй байдаг. Тухайлбал амьсгалын замаар хэрэглэдэг ууршдаг мэдээгүйжүүлэгч бодисууд шингэн бүтэцтэй, өвөрмөц үнэртэй, тусгай ууршуулагчаар дамжуулан ууршуулж хий байдлаар амьсгалын замаар унтуулдаг, өвөрмөц үнэр нь сэрүүн нөхцөлд амьсгалын замд ханиах цочроох үйлдэл үзүүлдэг тул урьтал мэдээгүйжүүлэгт ашигладаггүй зэргээс үндэслэн сорил тавих боломжгүй байдаг. 9. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг дүгнэлтэд тусгах: Тухайн эмчлүүлэгчид үүссэн нөхцөл байдлыг өвчин эхэлсэн байдал, илэрсэн эмнэл зүйн шинж тэмдэг, өвчний явц өрнөл, шинжилгээний үзүүлэлтүүд болон шүүх эмнэлгийн эмгэг судлалын шинжилгээнд илэрсэн макро болон микро өөрчлөлт, дүгнэлтээс харахад изофлюрантай холбоотой үүссэн Хорт халууралт, түүний хүндрэлээс нас барсан гэж үзэхээр байна. ...” /2 хх 109-113/,

Шинжээч нарын нэгдсэн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтэд: “А. Задлан шинжилгээг Цогцсын шинжилгээний арга, эмгэг судлалын оношны бүтэц MNS 5377:2004 стандартын дагуу хийх ёстой. Уг шинжилгээний 10 ширхэг бичил бэлдмэл: 34 блок эд авагдсан байх ба цогцост хийгдсэн шодойн ба хамрын таславчийн мэс засал хийсэн хэсэг газрын макро үзлэг ба эдийн дээж авагдаагүй байгаа нь задлан шинжилгээг бүрэн гүйцэд хийгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Нойр булчирхай ба бөөрний дээд булчирхайн эдэд тархмал аутолиз, хоол дамжуулах зам (ходоод, нарийн ба бүдүүн гэдэс)-ын тархмал үхжилтэй байгаа нь задлан шинжилгээ нас барснаас хойш 24 цагийн дотор ороогүй байх боломжтой. Нас барагчид заагдсан хугацаанд шинжилгээ хийх нь шок ба нас барагчид гарсан аутолиз эсэхийг ялган оношлоход чухал нөлөөлөлтэй байдаг. ШШҮХ-ийн шинжээч Ц.Н-ийн 2021.10.13-ны өдрийн 1828 дугаар дүгнэлтэд тусгагдсан шүүх эмнэлгийн цогцос шинжилгээний онош ...тавигдсан байх ба цогцсоос авсан нэмэлт шинжилгээнд тус эмийн бодисын ханалт, сийвэн дэх хэмжээг тодорхойлж шинжлээгүй тул тус оношийг нотолгоонд суурилсан гэж үзэх боломжгүй байна. Мөн оношид өвчний олон улсын 10-р ангилалд тусгагдсан нозологи нэршил ба код ашиглагдаагүй нь бүрэн онош тавьсан гэж үзэх боломжгүй. Б. Тухайн тохиолдолд иргэн М.О-т нэг өдөр дараалан шодойн хөвч таслах мэс ажилбарыг хэсгийн мэдээ алдуулалтаар лидокайн 80мг тарьж, хамрын таславч мөгөөрс тэгшлэх, 2 талын самалдаг багасгах хагалгааг үргэлжлүүлээд хийхдээ ерөнхий мэдээ алдуулалтын дор урьдал мэдээ алдуулалтын явцад теопентал натри, фентанил, тракриум зэрэг эмийн бодисыг хэрэглэн, үндсэн мэдээ алдуулалтад изофлюран ашиглан унтуулга мэдээгүйжүүлгийг хийсэн байна. Ямар нэгэн эмийн бодис болон мэдээгүйжүүлгийн изофлюран эмэнд харшил өгсөн гэж тодорхойлоход хэцүү. Гэвч лабораторийн шинжилгээг авч үзвэл эмнэлэгт хэвтэхээс 2 хоногийн өмнөх шинжилгээнд лимфоцит, нейтрофилийн хэмжээ хэвийн байсан байх бөгөөд хагалгаа хийсэн өдөр буюу 09 сарын 04-ний өдрийн шинжилгээнд хэвийн байх хэмжээнээс дээрх 2 эсийн тоо 2 дахин нэмэгдсэн нь харшил өгсөн байхыг илтгэж байна гэж үзэх үндэслэлтэй. Чухам ямар бодисоос өгснийг дүгнэх боломжгүй, өвчний түүх бичилтээс тодорхойлох боломжгүй байна. Хэвтэх үедээ биохимийн шинжилгээнд элэгний үйл ажиллагааг тодорхойлох үзүүлэлтүүд болох ALAT 70.2 ASAT 76,4 ихэссэн, С вирус илэрсэн. Бөөрний үйл ажиллагааг илтгэх креатинин 79,7, цусны бүлэгнэлтийн шинжилгээнд АРТТ идэвхижсэн, тробпластины тоо 27,4, цусны дэлгэрэнгүй шинжилгээнд цагаан эсийн тоо 8,9 байгаагаас харахад элэгний үйл ажиллагаанаас бусад нь харьцангуй хэвийн үзүүлэлттэй байсан байна. Харин хагалгааны ширээн дээр биеийн байдал муудаж халууралт өгч, таталтын шинж тэмдэг өгсөн үед хийгдсэн шинжилгээнүүдийн үзүүлэлтэд өөрчлөлт орсон, креатинин 132.1 болж өссөн, УНТЭ-т шилжүүлсний дараа 16.40 мин-д хийсэн шинжилгээнд цагаан эсийн тоо 28.8 /хэвийн хэмжээс 3-6 дахин өссөн/, AJ1AT-137.3, АСАТ-189.5 /хэвийн хэмжээнээс 3.9-4.7 дахин нэмэгдсэн/, креатинин 2.14 / N-0.7- 12/, цусан дахь калийн хэмжээ 7.27 болж нэмэгдсэн өссөн/, АЛАТ 137.3, АСАТ 189.5 /хэвийн хэмжээнээс 3.9-4.7 дахин нэмэгдсэн/ тропонин 945.4 /N-0-14/ АРТТ идэвхижсэн тромбопластины тоо 70.6 болж өссөн зэргээс дүгнэхэд олон эрхтний дутагдалд, тухайлбал бөөрний, элэгний, зүрхний булчингийн эмгэг өөрчлөлтөд орсон нь лабораторийн шинжилгээнээс харагдаж байна. Өвчний түүхийн хавсралт болох мэдээгүйжүүлэг, унтуулгын картад мэдээгүйжүүлгийн эмчийн бичсэн тэмдэглэлд мэс заслын хагалгаа 10:30 мин-аас эхлэхэд амин үзүүлэлт болох артерийн даралт 115/80, пульс 80, 5р02 100%. Хагалгааны тэмдэглэлээс харахад хагалгааны явцад дээрх үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байж байгаад хагалгааны төгсгөл хэсэгт 11 цаг 40 мин-аас эхлэн артерийн даралт бага багаар буурсаар 13:30 мин гэхэд зүрхний цохилт нэг минутад 40 болжбуурсан. Зүрхний үйл ажиллагааг дэмжих тариа атропин 0.3 мл 11 цаг 45 мин-д, адреналиныг 11 цаг 50 мин-д 1 мл, 13 цаг 10 мин-д 3.0 мл, артерийн даралт өсгөх захын судас агшаах үйлдэлтэй эфедрин тариаг 0.3 мл-ээр 3 удаа давтан хийсэн гэж бичсэнээс үр дүн өгөөгүй байгаа бөгөөд богино хугацаанд олон эрхтний цочмог дутагдалд орж, кома шокийн байдалд байсаар нас баржээ гэж үзэхээр байна. ...Дүгнэлтэд тусгагдсан изофлурон эмэнд харшил өгч, анафилаксийн шоконд орсны улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан гэж дүгнэсэн байх боловч нэмэлт шинжилгээгээр үйлчлүүлэгчид хэрэглэсэн ямар ч төрлийн эмийн бодисийг хэмжсэн, цусны сийвэнд тодорхойлсон шинжилгээ хийгдээгүй тул изофлуран (ууршуулагч) эмийн бодисын шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй байна. В. Шодойн хөвч таслах мэс ажилбарт хэсэг газрын мэдээгүйжүүлэх лидокайн ашигласан, үргэлжлүүлэн хийсэн хамрын таславч мөгөөрс тэгшлэх мэс засалд изофлюран хэрэглэсэн. Энэ 2 эмийн бодисыг хэрэглэж болно. Шодойн хөвч лидокайн эмийн үйлчилж эхлэх хугацаа маш богино /2-5 минут/, эмийн үйлдлийн үргэлжлэх хугацаа 30 минутаас 2 цаг хэсгийн мэдээгүйжүүлэгч бодис, зөөлөн арьсанд хийгдэж байгаа мэс засал, мэс ажилбар, нүүр, хамрын, шүдний эмчилгээ болон дээд доод мөчдийн мэс засалд орчны хориг байдлаар хэрэглэнэ. Эмчлүүлэгчдийн харшлын асуумж өвчний түүхэн дэх өгүүлэмжид үндэслэн сорил тавих эсэхээ эмч тухайн үед шийдвэрлэнэ. Ерөнхий мэдээгүйжүүлэгт хэрэглэдэг үндсэн бодисуудын нэг бол изофлуран. ...Хамрын таславч тэгшлэх хагалгааны урьдал мэдээгүйжүүлэгт тайвшруулах унтуулах үйлчилгээтэй тиофентал натри, өвдөлт намдаагч булчин сулруулагч тракриум хэрэглэсэн. Урьдал мэдээгүйжүүлэгч бодис тарьсан даруйд тарьснаас хойш харшлын шинж тэмдгийн тэмдэглэл байхгүй байна. Үндсэн мэдээгүйжүүлэлтэд хэрэглэдэг амьсгалын ууршуулагч мэдээгүйжүүлэгч изофлуранд гаж нөлөө илэрч болохыг үгүйсгэхгүй. Г. Шодойн хөвч таслах мэс ажилбар, хамрын таславч мөгөөрс тэгшлэх хоёр талын самалдаг багасгах мэс заслыг нэг өдөрт үргэлжпүүлэн хийж болох бөгөөд мэс ажилбарын дараа өвчтөний биеийн байдал хэвийн тогтвортой тохиолдолд мэс заслыг үргэлжлүүлэн хийж болно. Хамрын таславч мөгөөрс тэгшлэх, хоёр талын самалдаг багасгах мэс засал хийхийн өмнө мэдээгүйжүүлгийн эмч, мэс заслын эмч нар мэс ажилбар хийлгэсэн талаас нь анхаарч үзэх ёстой. Хагалгааны болон мэс ажилбарын төлөвлөгөөг Эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал эрхэлсэн албан тушаалтнаар хянуулж батлуулсан байх, яаралтай тохиолдолд хариу арга хэмжээ авах бэлэн байдал хангагдсан байх ёстой. Д. “Хамрын таславч тэгшлэх мэс засал” MNS5357 стандарт нь 2004 онд батлагдсан, 2017 шинэчлэгдэн мөрдөгдөж байна. Энэ стандартын 7.3-д мэдээгүйжүүлэх эмийн сорил хийсэн байх гэж заасан байх бөгөөд стандартад хэн хийх талаар заагдаагүй бөгөөд практикт шаардлагатай тохиолдолд мэдээгүйжүүлэх эмч, сувилагч нар мэдээгүйжүүлэх эмийн сорил хийнэ. Е. Ууршуулагч мэдээгүйжүүлэгч бодисууд болох наркотан, изофлуран, севофлуран, инфлуран зэрэг шингэн байдалтай боловч ууршиж дэгдэмхий хийн төлөвт шилждэг, амьсгалаар өгдөг бодист сорил тавих боломжгүй. Яагаад гэвэл агаарт ууршдаг хийн хэлбэрт байдаг тул тодорхой тун хэмжээгээр биед тогтмол хугацаанд барьж сорил тавих боломжгүй, мөн эвгүй үнэртэй тул үйлчлүүлэгч сэрүүн нөхцөлд хэрэглэхэд зохимжгүй. Ер нь эмийн бодисын сорил гэдэг тодорхой нэгж хэмжээгээр тодорхой хугацаанд биед байж хариу илэрсэн урвалыг харж үнэлдэг арга юм. Тухайн эмийн бодисыг хэрхэн яаж хэрэглэх арга аргачлалыг эмийн зааврын дагуу хэрэглэнэ. Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг MNS 6206:2010 стандартын 15.1, 16.6-д изофлураныг хэрэглэх тун хэмжээг заасан байна. Ё. Материалтай танилцах явцад нас барагч нь өмнө тийм хагалгаанд орж байсан гэх материал байгаагүй тул дүгнэлт гаргасан Д.Э- эмч дээрх хагалгааг өмнөх гэж өөр үгээр орлуулж бичсэн байх магадлалтай. Мэдээгүйжүүлэгч эмчийн 09 сарын 04-ний өдрийн 13 цаг 10 минутад өвчтөний түүхэнд бичсэн бичлэгийг уншиж дүгнэхэд дээрх дарааллын дагуу унтуулга мэдээгүйжүүлэг өгсөн байна гэж дүгнэхээр байна. Харин мэдээгүйжүүлгийн үед хөтөлдөг хуудсанд хийгдсэн эм тариа, амьсгалаар өгсөн хүчилтөрөгч ууршуулагч бодис болох изофлураныг хэрэглэсэн тэмдэглэгээг харж бичсэнийг дүгнэхэд эхлээд хүчилтөрөгч-изофлураны холимгоор амьсгал өгсөн мэт бичигдсэн байна. Дараа нь нойрсуулах тариа, өвчин намдаах тариа, булчин сулруулагч тариа хийсэн мэт байна. Ж. Шодойн хөвч таслах мэс ажилбар хийсэн өвчний түүх нээгээгүй, ажилбарын явцын талаар өдрийн эмчилгээний товч тэмдэглэл тусгай хуудсанд хэт товч тэмдэглэсэн нь хангалтгүй гэж үзэх үндэслэлтэй. Шодойн хөвч таслах ажилбарын өмнө “Мэс засал /мэс ажилбарын зөвшөөрлийн хуудас”-аар зөвшөөрөл авах байтал түүнийг хөтлөөгүй, “Өөрийн хүсэлтээр хийлгэх эмчилгээний зөвшөөрлийн хуудас” хөтөлсөн нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 611 тоот тушаалын холбогдох заалтыг зөрчсөн байна. Хамрын таславч мөгөөрс тэгшлэх мэс заслын тэмдэглэл маш товч байна. Мэс заслын зөвшөөрлийн хуудсан дээр өвчтөн хохирогч гарын үсэг зурсан /хх 166/. Харин шодойн хөвч таслах ажилбарын 1125 дугаар бүхий өвчний түүх хавсрагдаагүй. Шодойн хөвч таслах мэс ажилбарын зөвшөөрлийн хуудас байхгүй, гарч болох хүндрэл эрсдэлээ танилцуулах, мэс ажилбарын явцад нэмэлтээр хийж болох ажилбарууд, хийгдэх мэдээгүйжүүлэг зэргийг мэс ажилбарын зөвшөөрлийн хуудасны оронд ашигласан “Өөрийн хүсэлтээр хийлгэх эмчилгээний зөвшөөрлийн хуудаст ч тусган бичээгүй. 3. Мэдээгүйжүүлгийн хуудсанд бичиж тэмдэглэснээр артерийн даралт бууж зүрхний агшилтын хэм цөөрсөн, унтуулгын эмчийн бичсэнээр хэт өндөр халуурсан, амьсгалын замд тавьсан гуурсаа хазсан, эрүүний булчин зуурсан, хүчилтөрөгчийн хэмжээ 92 хүртэл буусан байсан зэргийг харахад хагалгааны үед өвчтөн хүндэрсэн тул яаралтай арга хэмжээ авах үндэслэл мөн. Артерийн даралт өсгөх зорилгоор хийсэн эфедрин тариа, зүрхний үйл ажиллагааг дэмжих атропин, адерналин тариа, халуун бууруулах зорилгоор хийсэн анальгин, димедрол, дексаметазон, таталт бууруулах диазепам тариа, 1.5 литр 0,9% натри хлоридын уусмалыг судсаар хийсэн зэрэг нь анхны арга хэмжээг зохих түвшинд авсан байна. Мэдээгүйжүүлэг унтуулгын явцад үйлчлүүлэгчид харшлын урвал хүндрэл илэрсэн гэж үзвэл дээрх хүндрэлийг үүсгэж болзошгүй магадлал өндөртэй эм тариа дуслыг үргэлжпүүлэн хийхгүй зогсоох, түүний хийж буй систем зэргийг солих, ууршуулагч бодис зэргийг тэр даруй зогсоож хүчилтөрөгчөөр хангалттай сайн амьсгалуулах арга хэмжээг авах хэрэгтэй гэж “Мэдээгүйжүүлгийн үеийн яаралтай тусламжийн гарын авлага”-д тусгасан байдаг. Мэдээгүйжүүлгийн хуудсанд тэмдэглэснийг харахад изофлураныг 11 цаг 50 минутаас 12 цаг 10 минут хүртэл 1,5 эз% байсныг 2 эз% болгож, хүчилтөрөгчийг 3 литр/эз хэрэглэсэн гэж тэмдэглэсэн байгаа нь мэдээгүйжүүлгийн үед тулгамддаг хүнд байдлуудын үед авах арга хэмжээг хангалттай зөв үзүүлсэн гэж үзэхээргүй байна. И. Тухайн байгууллагад дээд шатлалын эмнэлэгт өвчтөнг шилжүүлэх журам боловсрогдон мөрдөгдөх ёстой. Өвчний түүхэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн хугацааг тэмдэглэсэн боловч цаг, минут бүрээр нарийвчлан бичигдээгүй ерөнхий бичигдсэн байгаа нь асуултад хариулахад хүндрэл учруулж байна. УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасагт хөтлөгдсөн хуудас, 11055 дугаартай өвчний түүх нээгдсэн байдлаас харахад хохирогч “Э-” эмнэлэгт хүндэрснээс хойш 5 цагийн хугацаанд тусламж үйлчилгээ авсан байна. УНТЭ-ийн өвчний түүх болон яаралтай тусламжийн хуудаст тэмдэглэл хийсэн байдлаас өвчтөн шилжин ирснээс хойш арга хэмжээг авсан байгаа нь яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн байна. “Э-” эмнэлэгт өвчтөний биеийн байдлыг тогтворжуулсны дараагаар дараагийн шатлалд болон өөр эмнэлэгт шилжүүлэх ёстой. Тухай өвчтөн О дээр эмчилгээ хийж арга хэмжээ авсан байгаа нь өвчний түүхэнд хөтлөгдөж бичигдсэн байна. Гэхдээ тээвэрлэх боломжгүй, маш хүнд өвчтөнийг тээвэрлэж Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэсэн байна. Энэ нь хүнд өвчтөнд үзүүлэх “Э-” эмнэлэг нь амилуулах суурь тусламжийн хувьд Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS5095:2017 стандартын 1 болон 2 дугаар хавсралтаар баталсан хүн хүчний нөөц, тоног төхөөрөмжийн шаардлагыг хангасан эсэх нь, яаралтай тусламж үзүүлэх эм тариа, эмнэлгийн хэрэгсэл хүрэлцээтэй байсан эсэх нь тодорхойгүй байна. Й. УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасагт хөтлөгдсөн хуудас, өвчний түүх 11055 дугаартай өвчний түүх 16 цаг 11 минутад нээгдсэн, сэхээн амьдруулах арга хэмжээг зохих ёсоор авсан гэж үзэхээр байна. Кома, шокийн байдал гэсэн оношоор эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байгаагаас харвал өвчтөн шоконд орсон байна. УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасагт Улаан-аар эрэмбэлэгдэн орсон байгаа нь хугацаа алдалгүй тусламжийг үзүүлсэн гэж үзэхээр байна. Эрчимт эмчилгээний тасагт хийгдсэн эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор хийсэн гэж үзэж байна. К. “Э-” эмнэлгийн тусгай зөвшөөрөл хавтаст хэрэгт авагдаагүй. Харин мэс засал, эмэгтэйчүүд, гоо сайхны мэс засал, чих хамар хоолой, урологи, бөөрний мэс засал, өвдөлтийн менежментийн тусламж үйлчилгээ бүхий эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2015.05.01 -ний өдөр олгосон ЭХ-14/23/34 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг “С- эмнэлэг”-ийн нэр дээр олгосон байна. “С-” эмнэлэгт олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд шодойн хөвч таслах мэс ажилбар, хамрын таславч мөгөөрс тэгшлэх мэс засал хамаарна. Гэхдээ хохирогчид ерөнхий мэргэжлийн эмч мэс ажилбар хийж, хамрын таславч мөгөөрс засах мэс ажилбарыг хөлсөөр ажиллах гэрээ хийсэн чих хамар хоолойн эмч нь 1 жилээр гэрээ хийж хугацаа нь дууссан үедээ мэс заслыг хийсэн байгаагаас тухайн эмнэлэгт хүний нөөцийн бүрдэл хангалтгүй, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл үзүүлэх эмнэлэг тусламж үзүүлсэн байна. Тухайн эмнэлэгт олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд шодойн хөвч таслах мэс ажилбар, хамрын таславч мөгөөрс тэгшлэх мэс засал хамаарч болох боловч мэргэшсэн хүний нөөцөөр хангагдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийн хүрээнд ажиллах ёстой. J1. Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын 11.1 Мэс заслын үйлдлийн ерөнхий технологи, түүнд хяналт тавих гэсэн стандартын заалтын 111.2 Хагалгааг удирдах эмчийн үүрэгт «Тухайн үйлчлүүлэгчийн биеийн байдал, өвчний явц, хүндрэл, нас хүйсийн онцлогийг тооцсон бодит үнэлгээ өгч заавал хийсэн байх шинжилгээ /рентген, ЭХО, лабораторийн/ хагалгааны заалт, хийх арга, гарч болох хүндрэлээс сэргийлэх тухай, хагалгааны өмнөх дүгнэлт бичсэн байна. Хагалгаа хийх эмч нь хагалгааны бэлтгэл, тухайн хагалгаатай холбогдох стандартад заагдсан бүх хариуцлагыг хүлээнэ» гэж заасны дагуу эмч Д.Баярбаатар, УГТЭ-ээс ирж ажилласан хөлсөөр ажиллах гэрээт ЛОР эмч Т- нар хариуцах ёстой. II.2 Хагалгааны үеийн болон хагалгааны хүндрэлээс сэргийлэх зорилгоор “Үйлчлүүлэгчийг мэс засалд бэлтгэх” үйлдлийн технологийг гардан гүйцэтгэгч нь эмчлэгч эмч, мэс засал хийх эмч нар хамтран гүйцэтгэнэ гэж заасны дагуу ажиллана. Мэс заслын хүндрэлээс сэргийлэх, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын II.3 Мэс заслын дараа үйлчлүүлэгчид тавих хяналт хийхэд үйлдлийг хагалгаа хийсэн болон мэдээгүйжүүлэгч эмч, эмчлэгч эмч нар хамтарч, эсвэл дангаар гүйцэтгэнэ гэсэн заалтууд тус тус бүрэн хэрэгжээгүй байгаа нь өвчний түүх хөтлөлтөөс харагдаж байна. М. Мэс ажилбар болон мэс заслын зөвшөөрлийг ЭМС-ын 2019 оны А/611 тоот тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан ЭМБМ-ын СТ хавсралт 8 маягтын дагуу санал болгож буй мэс ажилбар, мэс заслын нэр, мэс заслын эмчилгээний бусад аргууд, мэс засал, мэс ажилбарын үед гарч болох эрсдэлүүд, хүндрэлүүдийн талаар тайлбарлан зөвшөөрлийн гарын үсгийг зуруулж заавал авна. Тус зөвшөөрлийн хуудсыг насанд хүрээгүй, ухаангүй, сэтгэцийн эмгэгтэй хүн байвал асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдээр зуруулж болно. 2 хувь үйлдэнэ. Тухайн өвчтөн О-д Шодойн хөвч таслах мэс ажилбар дээр “Өөрийн хүсэлтээр хийлгэх эмчилгээний зөвшөөрөл”-ийн хуудсыг ашиглан зөвшөөрөл авсан байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/601 тоот тушаалыг зөрчиж байна. Н. Биеийн байдал хүндрэх үед эрэмбэлэн ангилж, тусламж үйлчилгээг зөв төлөвлөх нь ЭМСайдын 2019 оны А/814 дүгээр тушаалаар зохицуулагддаг (тухайн үед ЭМСайдын А293 дугаар тушаал мөрдөгдөж байсан). Уг тушаалаар тухайн нөхцөлд улаан эрэмбээр ангилагдах нөхцөл байсан бөгөөд хүндэрсэн үед шатлал ахиулан тээвэрлэх шийдвэр гаргасан нь “Амь нас эрсдэх, амин эрхтний үйл ажиллагаа зогсох аюул шууд заналхийлсэн, эмнэлгийн сэхээн амьдруулах хойшлуулшгүй тусламжийг 2-5 минутын дотор үзүүлж эхлэх тохиолдол” гэж тодорхойлсон үеийн зөв зохион байгуулалт гэж үзэх үндэслэлгүй байна. Биеийн ерөнхий байдал хүндэрсэн, ШOK оноштой үед хойшлуулшгүйгээр тусламж, үйлчилгээ үзүүлж биеийн байдлыг тогтворжуулж, оношийг тодруулсны дараагаар шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Шилжүүлэхээс гадна, мэргэшсэн багийн тусламж дуудаж, газар дээрх тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар бодолцох, зөв зохион байгуулах нь чухал юм. Амь насанд аюултай тээвэрлэлт хийх нь биеийн байдлыг хүндрүүлэх хүчин зүйл болох боломжтой. Тээвэрлэлт нь ЭМСайдын А/220 дугаар тушаалаар баталсан “Үйлчлүүлэгчийг аюулгүй тээвэрлэж журам”-аар зохицуулагддаг. MNS 7015:2023 стандартад “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний дутагдал”: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад стандарт, тушаал, журам, заавар, удирдамж мөрдөөгүйгээс үйлчлүүлэгч амь насаа алдахад хүргэсэн үр дагавар гэж тодорхойлсон. Тухайн тохиолдол нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний дутагдал гэж үзэх үндэслэлтэй байна. О. Шодойн хөвч таслах ажилбарыг мэс заслын мэргэшсэн эмч хийх ёстой. Хөвч таслах мэс ажилбарыг хийсэн эмч нь мэс заслын эмчээр мэргэшээгүй, үйл ажиллагаа эрхлэх 2 жилийн зөвшөөрөлтэй, залуу эмч, тухайн өвчтөний мэс ажилбараас болсон явдлаас хойш мэс заслын эмчийн мэргэших сургалтад орж суралцсан. /9 дүгээр сард бүртгэл явагдаж 10 дугаар сараас хичээл эхэлдэг/. Тухайн тохиолдолд ерөнхий мэргэжлийн эмч /2 жилийн лицензтэй/ Д.Б- хийсэн нь мэргэшсэн мэс заслын эмч мэс ажилбарыг гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй. Хамрын таславчийн муруйг чих хамар хоолойн болон мэс заслын мэргэшсэн эмч хийнэ, гэхдээ эмч Ж.Т- “С-” эмнэлэгтэй хөлсөөр ажиллах гэрээт эмч, гэрээний хүчинтэй хугацаа 2021 оны 8 сард дууссан байхад мэс засал хийсэн байлаа. Ө. Сэхээн амьдруулах тусламж үзүүлэх судсанд түгмэлээр цус бүлэгнэх хам шинжийн нэг шинж мөн. П. Мөгөөрсөн хоолойн салстад олон тооны голомтлог цус харвалттай гэсэн шинж тэмдэг нь судсан дотор цус түгмэл бүлэнтэл ӨОУА-Ю: D65-biH үед үүсэх боломжтой, олон эмгэгийн үед үүсдэг шинж юм. Эдийн шинжилгээгээр гуурсан хоолойн хучуур эсүүд хөндийдөө хуурсан шинж тэмдэг нь цогцост задлан шинжилгээ хийхгүй удах үед үүсэх боломжтой ба аутолизийн үйл явц эхэлж Гуурсан хоолойн салстын намираа хучуур эсүүд суурийн ялтаснаасаа салж холдсоноос хөндийдөө гуужсан байх боломжтой байдаг. Асуултад дурдагдсан үлэмж бүтцийн ба бичил бүтцийн шинжилгээний өөрчлөлтүүд нь ууршуулагч бодис изофлуроны гаж нөлөө эсвэл тунгийн хэтрүүлэлтээс үүссэн гэдгийг нотлох шинж тэмдэг болохгүй юм. Р. Унтуулгын аппаратад тусгайлан тохируулсан тун хэмжээг хэмжиж оруулах заалт бүхий ууршигч бодис бүрд тохирсон тун хэмжээг заасан ууршуулагч хэсэг байдаг. Түүгээр өвчтөний амьсгалын замаар хэдэн эзлэхүүн процентоор орж буйг хэмжиж оруулдаг. Нас барагчид 1. 1,5. 2 эзлэхүүн % өгсөн байсан. С. Хагалгааны өрөөний хэсгийн фото зурагт байгааг харахад унтуулгын наркозын аппарат тус эмнэлэгт байна. Наркозын аппаратгүй нөхцөлд бүтэн унтуулгатай мэс заслын унтуулга мэдээгүйжүүлэг хийх боломжгүй. Унтуулгын аппаратын автомат шахуурга ажиллахгүй тохиолдолд амьсгалыг амьсгалын уутаар амьсгал өгч амьсгалын эзлэхүүн, тоо, давтамж, шахах хүч зэргийг гараар удирдан унтуулга удирдаж болно. Ууршуулагч бодисыг тусгай ууршуулан шүүгч хэсэг аппаратад холбоотой хүчилтөрөгчийн хамт амьсгалын шахуургад өөрөө орж ирэх горимтой тул гараар удирдаж болно. Мэдээгүйжүүлэлтийг стандартын зохих түвшинд явуулсан байна. Бусад: 1. Хавтаст хэрэгт авагдсан материалаас дүгнэхэд “Э-” эмнэлэг, “С-” гэсэн 2 эмнэлгийн нэр зөрөөтэй, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл зөвхөн “С-” эмнэлэг дээр гарсан, гэтэл хөлсөөр ажиллах гэрээ, «туслах эмч»ээр ажиллах гэрээг анагаахын боловсрол эзэмшээгүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсан оюутан /Этүгэн анагаахын дээд сургуулийн 6-р дамжааны/-тай хийж ажиллуулсан зөрчил илэрлээ.

2. Хавтаст материалд Шодойн хөвч таслах мэс ажилбарыг гүйцэтгэсэн өвчний түүхэн дэх тэмдэглэл байхгүй, мэс ажилбар хийх зөвшөөрлийг хохирогч өвчтөнөөс аваагүй, мэргэшээгүй эмч хийсэн байна. Ямар бодисоор мэдээгүйжүүлгийг хийсэн тухай тэмдэглэл хөтлөгдөөгүй.

3. Шодойн хөвч таслах мэс ажилбарын эмнэл зүйн удирдамжийг “Э-” эмнэлгийн гүйцэтгэх захирал М- баталсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.10-ийг зөрчсөн байна. 4 хуудас бүхий эмнэл зүйн удирдамжид 66 «ажилбарыг гүйцэтгэх эмчийг, Ерөнхий мэс заслын эмч, мэс заслын эмч гүйцэтгэнэ» гэж бичсэн нь зөвхөн Д.Б-т зориулсан мэтээр ойлгогдож, мэс ажилбарыг зөвхөн мэс заслын мэргэжсэн эмч хийх гэсэн асуудлыг орхигдуулж баталсан нь Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй тушаал шийдвэр журам, дүрмийн шаардлага хангахгүйгээс Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалтыг зөрчиж байна.

4. Эмч Д.Б- нь 2020 онд Этүгэн сургуулийг төгссөн дипломтой. 2022.08.12-ны өдөр хүртэл хүчинтэй мэргэжлийн үйл ажиллагаа эхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй. Эмчийн дипломоо аваагүй, анагаахын сургуулийг төгсөөгүй байхад 2019 оны 11 сарын 19-ний өдөр нэг жилийн хугацаагаар “Э-” эмнэлэгт туслах эмчээр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан, их эмчийн 2 жилийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мэс заслын эмчийн мэргэжил эзэмшээгүй, туслах эмчээр шодойн хөвч таслах мэс ажилбарыг гардан хийлгүүлсэн зөрчил илэрлээ. Д.Б- нь мэс засал судлалаар АШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн 2 дугаар дамжаанд суралцаж байгаа талаарх тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан /хх 231-237/ байгаа боловч мэс засал, мэс ажилбар бие даан хийх эрхгүй эмчээр хийлгэсэн зөрчил илэрлээ.

5. “Э-” хувийн эмнэлэгт яагаад туслах эмчийн орон тоо бий болгосон бэ? Хавтаст хэргийн материалд Туслах эмч Н- /хх 134-135/ мэс ажилбар хийсэн эмч гэж 2 дугаар эмч дээр гарын үсэг зурсан, өөр нэг хуудас дээр сувилагч гэж гарын үсэг зурсан байгаа нь энэ Н- нь анагаахын боловсрол уу, сувилахуйн мэргэжил эзэмшсэн үү, эсвэл оюутан байхдаа туслах эмчээр үү, сувилагчаар ажилласан уу гэдэг нь ойлгомжгүй байна. Сувилахуйн тэмдэглэл дээр сувилагч Н- /хх 147-148/ гэж бичсэн, түүнчлэн “Өдрийн эмчилгээний бүртгэл” /дутуу хөтлөгдөн бүрэн бичигдээгүй, огноо болон бусад асуумж бүрэн бөглөөгүй /хх 127/, Шодойн хөвч тасалсан мэс заслын тэмдэглэл /өвчний түүх 1125/ /хх 134-135/ гэж бичиж тэмдэглэсэн мөртлөө өвчний түүхийг хавсаргаагүй байна.

6. Эмч Д.Б- нь шодойн хөвч таслах мэс ажилбарыг гүйцэтгэх мэргэжлийн шаардлага хангаагүй, Анагаахын сургууль төгсөөд ерөнхий мэргэжлийн эмчийн 2 жилийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үед, өөрөөр хэлбэл мэс заслын эмчээр мэргэшээгүй үедээ 2021.09.04-ний өдөр мэс ажилбар хийсэн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.1, 25.3.2 дахь заалтыг зөрчиж байна. Үйл явдал болсон үед 2015 оны 98 тоот тушаалыг мөрдөн ажиллаж байсан бол одоо Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан шинэчлэн ЭМС-ын 2023 оны 295 тоот тушаалыг мөрдөн ажиллаж байна.

7. Гэрээт эмч Ж.Т- нь 2020.08.09-өөс 2021.08.09-ний хугацаанд “С-” эмнэлэгт хөлсөөр ажиллах гэрээг нэг жилээр хийсэн байх бөгөөд хүчинтэй хугацаа дууссан үед хагалгааг хийсэн байна. Харин эмч Ж.Т- “Э-” эмнэлэгтэй гэрээ хийгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй /хх 209-210/.

8. Улсын бүртгэлийн гэрчилгээ “С-” /хх 127/ хагалгаа хийсэн, болсон үйл явдал нь “Э-” нэртэй эмнэлэг байхад тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь “С-” эмнэлэгт 2013.05.01-нд олгосон, 2017.09.10 хүртэл хүчинтэй гэрчилгээтэй /хх 9-10, 238-240/, хавсрагдсан байгаа нь хангалтгүй байна. 2017 оноос хойш “С-” эмнэлгийн нэр дээр, эсвэл “Э-” эмнэлгийн болон 2 эмнэлгийн аль нэгний нэрэн дээр тусгай зөвшөөрөл авсан, олгогдсон эсэх нь эргэлзээтэй байна /материал хавсрагдаагүй/.

9. “Э- эмнэлэг” нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй байна.

10. 2021,09.03-ны өдрийн 16 цаг 08 минутад нээсэн өвчний түүх №284-н /хх 149/ паспортын хэсэгт мэс засал мэс ажилбарын үйлдлийн оношийг олон улсын ангиллын код нь бичигдээгүй.

11. Шодойн хөвч таслах мэс ажилбар /хх 135/ 09 цаг 40 минутаас эхлэн 10 цаг хүртэл 20 минут үргэлжилсэн, хамрын ясны хуучин хугарлыг засах хагалгаа /хх 168/ 10 цаг 20 минутаас 12 цаг хүртэл 1 цаг 40 минут үргэлжилсэн нь мэс заслын Мэдээгүйжүүлгийн явцыг мэдээгүйжүүлгийн хяналтын хуудсанд /хх 177-178/ бичсэн цаг зөрүүтэй тодорхой цаг минутыг Мэдээгүйжүүлэгч эмч Д.Ц--н Мэдээгүйжүүлгийн явцыг хүүрнэсэн өгүүлбэрээр бичсэн явцын тэмдэглэл бүрэн бичигдээгүй, зөрүүтэй байна.

12. Хавтаст хэрэг дэх материалуудтай танилцаад дүгнэлт гаргахад хүндрэлтэй байсан асуудал нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь “С-” эмнэлэг дээр гарсан байхад “Э- эмнэлэг” нь Зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг зөрчин зөвшөөрөлгүй үйл ажиллагааг явуулж байсан эсэх, эмнэлгийн нэр товчилсон үсгээр ямар байхыг компанийн дүрэмд заасан байж болох магадлалтай боловч “С-” эмнэлгийн тусгай зөвшөөрлийн хоёр өөр дүүрэгт байрлан, хоёр өөр нэрээр үйл ажиллагаа явуулах эмнэлгийн хаяг Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр /хаягийн өөрчлөлт хийгдээгүй/ дээр явуулахаар заасан байхад болсон үйл явдал Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт болсон зэрэг нь өнөөг хүртэл ойлгомжгүй байна. ...” /2 хх 245-250, 3 хх 1-6/ гэсэн дүгнэлтүүд,

шинжээч эмч Ц.Н-ийн “...Дээрх хагалгаанууд нь үхэлд хүргээгүй үхлийн шалтгаан болоогүй. Хамрын таславч мурийлт тэгшлэх үеийн хагалгаанд изофлуран эмийг ашигласан байна. Хөвч таслах хагалгаанд хэрэглээгүй байна. Мэдээгүйжүүлгийн изофлуран эмэнд харшил өгч анафилаксийн буюу шоконд орсны улмаас нас барсан. ...” /2 хх 85-87/,

шинжээч Д.С-гийн “...Монгол Улсын MNS 5357:2017 хамрын таславч мэс засал хийх гэсэн стандартад заасан байгаа. Энэ стандартын 7.3-т зааснаар сорил тавих ёстой гэж байдаг боловч ямар албан тушаалтан сорил тавих эсэхийг заагаагүй. Монгол Улсын MNS 4621:2008 стандартын эмчилгээ оношлогооны үйлчилгээний түгээмэл үйлдлийн стандартад зааснаар мэс заслын үйлдлийн ерөнхий технологи түүнд тавих хяналт хагалгааг удирдах эмчийн үүрэг дээр бол өвчтөний биеийн байдал болон хагалгааны явц хүндрэл гарч болох хүндрэлийг хагалгаа удирдах эмч маань хариуцлага хүлээх үүрэгтэй байдаг. Хөвч таслах ажиллагаа нь мэс заслын төрөлд орохгүй, мэс ажилбарт орно. Хэсгийн мэдээ алдуулалт нь өөрөө мэс ажилбар гэж явагддаг байгаа. ...” /2 хх 90-91/,

шинжээч Д.Э-ийн “...МУ-ын стандарт, Олон улсын стандарт харшлын тест сорил авна гэсэн зөвлөмж, удирдамж, стандарт байхгүй. Тухайн хүн өөрөө эм тарианд харшилдаг талаар асуумж асуугаад харшилдаг эм тариа бодис байгаа бол тухайн эм тариаг хэрэглэхгүй гэсэн үг. Би хэргийн материалтай танилцахад эхний хөвч таслах мэс ажилбар нь мэс заслын эмч өөрөө мэдээгүйжүүлэх буюу лидокайн тариа хэсгийн мэдээгүйжүүлэлт болон судсаар, арьсан дээр гээд хэсгийн мэдээгүйжилт гэсэн үг юм. 2. Хамрын хагалгаанд ороход ерөнхий мэдээгүйжилт хэрэглэсэн “Энд хүн унтах ёстой байдаг. Телофинтал нь урьтал унтуулганд хэрэглэсэн үйлдлийн эхлэх хугацаа нь 30 секундээс 1 минутын хооронд унтдаг. 3-5 минут үргэлжилдэг. Унтсаных нь дараа цагаан мөгөөрсөн гуурс залгаад унтуулах үйлчилгээтэй изофлуран шингэн бодис хэрэглэсэн байна. Амь хохирогчид хийсэн Телофинтал бол Изофлураныг МУ-ын стандарт болон тухайн хүний биеийн хэмд тохирсон байдлаар хийсэн байна. 2 дахь буюу хамрын хагалгаанд бол ерөнхий мэдээгүйжүүлэлт хэрэглэсэн. Эхний хөвчний мэс ажилбарт хавсарч нэг цаг хугацаанд хэрэглэж болно. Булчин суллах тариа нь Тралюм тариа хийсэн байна. Энэ тариаг МУ-ын стандартад нийцснээр хийсэн байна. Эхний хөвч таслах мэс ажилбараас шууд хамрын мэс засалд үргэлжлүүлэн хийж болно гэсэн, болохгүй гэсэн зөвлөмж МУ-д байхгүй. Дээрх хийсэн тариа бодис нь хоорондоо харшлах зүйл байхгүй. Амь хохирогчийн тухайд бол хэрэгт авагдсан баримтаар ховор тохиолддог хорт халууралт гэсэн оношоор нас барсан. Изофлюран шингэнд ямар нэг сорил тавих боломжгүй, ууршуулагч химийн бодис юм. Маш ховор тохиолддог. Энд эм тариа болон эмчийн буруутай үйл ажиллагаа байхгүй байна. ...” /2 хх 195-199/,

гэрч Г.М-ын “...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр миний хариуцан ажиллуулдаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Д-” нэртэй ерөнхий мэс засал, гоо сайхны, эмэгтэйчүүдийн, урологи бөөрний, чих хамар хоолойн мэс засал, өвдөлтийн менежмент гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг дээр М.О- эрэгтэй, 37 настай хүн ирээд эрэгтэйчүүдийн мэс ажилбарын эмч Б-т үзлэг хийлгээд явсан. 2021,09.02-ны өдөр М.О- нь чих хамар хоолойн эмч Т-т үзүүлээд хамрын таславч тэгшлэх, мурийлт засуулах үзлэг хийлгээд мэс засал хийлгэнэ гээд мэс заслын өмнөх шинжилгээ бүрдүүлээд явсан. Маргааш нь 03-ны 16 цагийн орчимд ирээд хэвтэн эмчлүүлэхээр болоод чих хамар хоолойн тасагт хэвтсэн. 9 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн орчимд хагалгаанд орохоор болоод мэдээ алдуулах эмч Ц-, мэс заслын эмч Т-, мэс заслын сувилагч Ө-, унтуулгын сувилагч Н-, туслах эмч Ж- нарын бүрэлдэхүүнтэй хагалгаа эхэлсэн байсан. 13 цагийн үед менежер О- над руу яриад хагалгаан дээр хүний бие муудсан байна, одоо энэ хүнийг 1 дүгээр эмнэлэг рүү шилжүүлж байна гэж хэлэхээр нь би 14 цаг өнгөрөөж улсын 1 дүгээр эмнэлэг дээр очсон. Талийгаачийн ах, хамаатан гээд 2 хүн байсан. Намайг очиход талийгаач амьсгалаад зүрх нь зогсоогүй, сэхээний өрөөнд оруулсан байсан. Ц-, Т- эмч нар талийгаачийг дагаад хамт очсон байсан болохоор би юу болсон талаар асуусан чинь болсон явдлын талаар хэлсэн. 1 дүгээр эмнэлгийн эмч энэ хүнийг яаралтай компьютер томографит үзүүлэх шаардлага байна гэж хэлсэн гэж надад дамжуулж хэлэхээр нь яагаад хийхгүй байгаа юу юм бэ гээд асуусан чинь 1 дүгээр эмнэлгийн компьютер томографийн эмч байхгүй, амралтын өдөр таарсан хөдөө байна гэхээр нь хувийн эмнэлэгт ч хамаагүй үзүүлмээр байна гэсэн чинь сэхээний эмч зөөвөрлөж болохгүй гэсэн. Бид нар хөдөө явсан эмчтэй холбогдох гэсэн боловч чадахгүй байгаад 17 цагийн орчимд хариуцсан эмчтэй нь утсаар яриад “Та яаралтай хүрээд ирээч, бид нар ирэх зардлыг чинь даая хамаагүй, тан руу унаа явуулъя” гэж хэлсэн чинь “Хурдан явлаа гэхэд шөнө очно” гэсэн хариу хэлэхээр нь бид нар өөр ажиллуулж чадах хүн хайсан боловч олдоогүй. Би өөр ажилтай гараад явж байсан чинь 19 цагийн орчимд Т- эмч яриад О-ыг нас барчихлаа гэсэн. Унтуулгатай мэс засал явагдаж байгаа бол Ц- эмчийн, унтуулгагүй мэс засал хийгдсэн бол Ж.Т- эмчийн удирдлага дор явагдах байсан. Хагалгаа хийхээс өмнө талийгаачаас мэс заслын өмнөх асуумжийг асууж зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулж, гарч болох хүндрэлийг өөрт нь тайлбарлаж өгдөг. Ямар ч байсан амь хохирогчийн биеийн байдал муудаж эхлэхэд бид нар бүх тусламж үйлчилгээ үзүүлж, цаг алдалгүй дараагийн эмнэлэг болох 1 дүгээр эмнэлэг рүү аваачсан. ...” /1 хх 35-38/,

гэрч С.С-ийн “...2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийн ажилладаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Д-” эмнэлэгт М.О- эрэгтэй, 37 настай хүн хамрын таславчийн мурийлт засах гоо заслын мэс засалт орохоор болоод би мэдээгүйжилтийн сувилагчаар мэс заслын эмч Т-, мэс заслын сувилагч Ө-, унтуулгын эмч Ц- нарын хамт 10 цаг 30 минутад унтуулга эхлээд мэс засал эхэлсэн. Мэс засал 30-40 минут хийгдээд дуусаж байх хугацаанд өвчтөний хүчилтөрөгч 92 хувыай болохоор нь бид нар яаж байгаа юм бол арга хэмжээ авах гэтэл өвчтөн халуурахаар нь, цагаан мөгөөрсөн гуурс нь хазагдсан байхаар нь гуурсан дотор шүлс таслтыг соруулсан чинь хүчилтөрөгч хэвийн хэмжээнд ирэхээр нь тухайн үед манай эмнэлэг дээр Анагаах ухааны их сургуулийн эмч багш нар сургалт орох гээд ирсэн байхаар нь тэр эмч нараас тусламж хүсээд эмч нар хоорондоо ярилцаад дараагийн шатны нарийн мэргэжлийн эмнэлэг рүү шилүүлэхээр болоод 1 дүгээр эмнэлэг рүү 13 цаг 03 минутад шилжүүлсэн. Би Ц- эмч, сэхээний сувилагч О- нарын хамт 1 дүгээр эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэж өгчхөөд буцаад би ажил дээрээ ирсэн. Эмч Ц-ын заавраар хүйтэн жин тавих, спиртээр биеийг арчих, халуун тогтмол үзэх ажиллагааг хийж байсан. Судсаар анилгин димдрол 1 удаа хийгээд булчин тариагаар анилгин нэг удаа хийсэн. ...” /1 хх 46-48/,

гэрч Ц.Г-ын “2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Д-” эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмч Ц- миний дугаар руу залгаад хамрын таславчийн хагалгаа дуусаж байхад халуураад байна. Сэргэхгүй байна гэхээр нь би цус харвасан байж магадгүй, эсвэл хоров халууралт болсон байж болох байх, хүйтэн жин тавь, хүйтэн шингэн хий, хоров халуурч байгаа бол эрүүний булчин чангарсан байж магадгүй, тэрийг үз гэж хэлсэн чинь чангарсан байна гэсэн. Биеийн байдал нь ямар байна гэх асуулгаар муу байна гэхээр нь дараагийн шатлалын эмнэлэг дээр оч, өвчтөнөө шилжүүл гэж хэлсэн чинь удалгүй үдээс хойш миний ажиллаж байгаа 1 дүгээр эмнэлгийн хүлээн авах дээр эрчимт эмчилгээ рүү орсон. Энэ тохиолдол бол унтуулгын бодис буюу изофлюран тарианаас болж хоров халууралт өгсөн байх магадлалтай. Хагалгаа нь бол хөнгөн хагалгаа. Нэг дор хэчнээн ч хагалгаа хийж болно. Талийгаачийг нас барсны дараа Ц- эмч надад ар гэрийнхэнтэй нь уулзаж байхад талийгаачийн ээж нь “Манай нөхөр хагалгаанд орж байгаад халуураад нас барсан” гэж хэлж байсан. Тэгэхээр талийгаачийн нас барсан шалтгаан, үзүүлсэн өөрчлөлт нь хоров гэсэн онош гэж үзээд байгаа. Энэ нь удамшиж болдог. ...” /1 хх 51-54/,

гэрч Б.М-ы: “2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр би 1 дүгээр эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт жижүүр эмчээр ажиллаж байхад “Д-” эмнэлгээс хүн хорт халууралт гэсэн оноштой ирсэн. Ухаангүй, биеийн байдал маш хүнд байсан. Зохиомол амьсгалын дэмжлэгтэй даралт бага өвчтөн хүлээж авсан. Хүлээж авснаас 1 цаг гарангын дараа зүрх зогссон. Амьдруулах арга хэмжээг 1 цаг гаран үргэлжлүүлсэн боловч зүрх зогссон. Даралт бага, шокийн байдалтай байсан учраас даралт дэмжих эмчилгээ хийж шингэн сэлгэсэн, вазонерес эмчилгээ хийсэн. Шокийн байдалтай кали их өндөр халуундаа зүрхний хэм алдагдаж зүрх зогссон. Амь хохирогчийг нас барахын өмнө ах нь гэх нэг хүн орж ирээд “Манай аав бас хагалгаанд орж байхдаа халуураад зүрх зогсож нас барсан” гэж хэлж байсан. ...” /1 хх 57-59/,

гэрч Д.С-ын “...2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Д-” нэртэй эмнэлэг дээр амилуулах тусламжийн сургалт орох гээд өглөө 10 цагийн орчимд очсон. Тус эмнэлгийн ажилчдад сургалт орж байхад үл таних эмэгтэй сувилагч орж ирээд “Та дээшээ яаралтай гараад ирээч” гэхээр нь 3 давхар руу гарсан чинь мэс заслын өрөөнд эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай нүцгэн хэвтэж байхаар нь би “энэ хүн яасан юм бэ” гээд асуусан чинь “хүчилтөрөгчийн хэрэгцээ буурсан, одоо бол хүчилтөрөгч зүгээр байна, халуураад байна” гэхээр нь үзсэн чинь 41-тэй зааж байсан. Намайг ороход халуун буулгах тариа хийсэн гэж хэлсэн. Халуун бууруулахаар хүйтэн жинг толгой, хүзүү, суга, цавьд тавиад бусад газрыг хүйтэн алчуураар арчсан чинь өвчтөний халуун буухгүй байхад унтуулгын эмч гээд нэг эмэгтэй утсаараа эрчимтийн зөвлөх эмчтэй ярьж байна гээд зөвлөгөө аваад байсан. Удалгүй яаралтай түргэн тусламжийн авто машин ирээд бид нар тухайн өвчтөнийг нацилкан дээр хэвтүүлээд машинд оруулаад би унтуулгын эмч 2 сувилагчийн хамт 1 дүгээр эмнэлэг дээр хүргэж өгөхөөр явсан. Би өөрөө сэхээн амьдруулах эмч учраас замдаа өвчтөний амин үзүүлэлтийг хянасаар байгаад хүлээлгэн өгсөн. Намайг хагалгааны өрөө рүү ороход амь хохирогчийг хамрын хагалгаанд орсон гээд хамранд нь чихээс хийсэн байсан. Халуунтай тусламж үзүүлээд байхад биеийн халуун нь буухгүй байсан. Хорт халууралт гэдэг нь маш ховор тохиолддог. Нэг дор 2 хагалгааг хийж болно. Хөвч таслах хагалгаа болон хамрын таславчийн хагалгааг зэрэг хийж болно. Хоёулаа хөнгөн төрлийн хагалгаа юм. Тэр эмнэлэгт тусламж үзүүлэх бүхий л тариа байсан. ...” /1 хх 62-64/,

гэрч Х.Ө-ийн “...2021 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө “Д-” эмнэлэгт мэс заслын Т- эмчийн хамтаар М.О- гэдэг залуугийн хамрын мурийлт таславчийн хагалгаанд орсон. Унтуулгын эмч Ц-, унтуулгын сувилагч Н- нарын хамт хагалгаа хийгдэж 30-40 минут үргэлжлээд дуусаж байхад Ц- эмч өвчтөн халуураад байна гэхээр нь Т- эмч бид 2 мэс заслаа зогсоогоод өвчтөний халуун буруулахаар мөс хүйтэн алчуурыг гэдэс, гуя орчимд нь тавьж байхад манай эмнэлэг дээр сургалтад сууж байсан эмч орж ирээд дараагийн шатны арга хэмжээ авч улсын эмнэлэг рүү яаралтай шилжүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Удалгүй яаралтай түргэн тусламжийн машин ирээд өвчтөнийг зөөж оруулаад 1 дүгээр эмнэлэг рүү Ц- эмч, Н- сувилагч, Т- эмч явсан. Ц- эмч манай эмнэлэгт зөвлөх эмчээр ажилладаг 1 дүгээр эмнэлгийн зөвлөх эмч Г-тай утсаар яриад зөвлөгөө авч өвчтөнд дараа дараагийн арга хэмжээг авч байсан. Бүтэн унтуулгатай хагалгаанд орсон. ...” /1 хх 67-69/,

Амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1 хх 126-132, 143-186/, өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай зөвшөөрлийн хуудас, мэс заслын тэмдэглэл /1 хх 133-135/, чих хамар хоолойн амбулаторийн үзлэгийн карт /1 хх 137/, яаралтай тусламжийн хуудас /1 хх 139-142/,

үйлчлүүлэгчийн мэс засалд бэлтгэх, хамрын таславчийн мэс заслын стандарт /2 хх 63-68/, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр  сарын 25-ны өдрийн А/437 дугаар тушаал /2 хх 74-78/, мөрдөгчийн “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /2 хх 96-98/,

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолт, мэдээгүйжүүлэгтэй холбоотой хорт халууралтын илтгэл /3 хх 231-242/ зэргийг харьцуулан дүгнэхэд Д.Б-, Ж.Т-, Д.Ц- нарыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, түүнчлэн хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, гэрч, шинжээч нарт эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан баримт хэрэг авагдсан ба шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх гэрч болон шинжээч эмч нарын мэдүүлэг, мөн шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлж хэргийн үйл баримт тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

Учир нь, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ санаатай зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд үүний улмаас хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан байх шалтгаант холбоог агуулна.

Гэм буруугийн хэлбэр нь хүндэтгэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйдээ санаатай, харин хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжтэй байна.

            Улсын дээд шүүхийн тайлбараар зохих ёсоор биелүүлээгүй гэдэг ойлголт нь хууль зүйн ойлголт бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д заасан ... стандарт, удирдамж, технологийг зөрчсөн, дагаж мөрдөөгүй үйлдэл, эс үйлдэхүйг эргэлзээгүй нотолж тогтоосон байна.

Тодруулбал, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинж нь эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой бөгөөд Д.Б-, Ж.Т-, Д.Ц- нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд нь тэдгээрийн гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримт буюу шүүгдэгч нарын үйлдэл нь эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд яллах талын нотлох баримтыг ямар үндэслэлээр няцааж байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй хийсэн ба цагаатгагдсан этгээдүүд болох Д.Б-, Ж.Т-, Д.Ц- нарыг үйлдлийг ямар үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн талаар тодорхой дүгнэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-гийн “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/406 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

           

                                    ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА

                                             ШҮҮГЧ                                                    Д.МӨНХӨӨ

                                            ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР