| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2506000003199 |
| Дугаар | 2026/ДШМ/584 |
| Огноо | 2026-05-12 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/584
2026 05 12 2026/ДШМ/584
А.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Уранчимэг,
шүүгдэгч А.М-,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, түүний өмгөөлөгч П.Энхболд,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/607 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.М-д холбогдох эрүүгийн 2506000003199 дугаар хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн А-ийн М-, 1975 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа .........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: РА-/,
Шүүгдэгч А.М- нь согтуурсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-” дэлгүүрийн гадаа хохирогч Б.М-тай маргалдаж, араас нь татаж газар унагаах, толгой руу нь өшиглөх зэргээр биед нь халдан зодсоны улмаас гавал тархины гэмтэл учирч, улмаар 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барж хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М-д 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан 9 жилийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М-ийн цагдан хоригдсон 136 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497, 508, 511 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч А.М-эс 27,592,376 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т олгож, шүүгдэгч А.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.М- надад холбогдох эрүүгийн 2506000003199 дугаар хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатайгаар алах гэмт хэрэгт зүйлчилсэн. Гэвч миний бие А.М- нь хэрэг болсон 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр амь хохирогчтой дэлгүүрийн гадаа таарч архийг зөвшөөрөлгүй авснаас болж маргаан үүсэж хоорондоо маргалдсан. Тухайн үед Б.М-ыг хойноос нь татсаны улмаас газар унахдаа тархиндаа хүнд бэртэл авсан. Миний зүгээс түүнийг алах санаа зорилго байгаагүй бөгөөд түүнийг татах, цааш явах үед нь хориг учруулах үйлдэл байсан. Мөн хохирогч 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ГССҮТ-ийн №16899 дүгээр өвчний түүхэнд тухайн өдөр хэвтэн эмчлүүлсэн байдаг. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0725/12474 дугаартай шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлийг хүнд гэмтэлд оруулж тооцсон байдаг. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн эмнэлгийн тусламж авч хагалгаанд орж эмч нарын хамтарсан үзлэгээр харьяа дүүрэг болон ар гэрийн асаргаанд оруулахаар шийдвэрлэж 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ хүнд бэртлийн улмаас нас барсан. А.М- миний бие амь хохирогчид хүнд бэртэл санамсар боломжгүй байдлаар учруулсан үйлдэлд гэм буруугаа хүлээдэг, харин миний санаандгүй үйлдэл түүнийг алах санаа зорилго байгаагүй тул хэрэгт авагдсан нотлох баримт бөгөөд бусад эх сурвалжийг харьцуулан судалж хуулийг зөв хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй хэмээн заасан тулд надад холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж хууль ёсны болон шударга ёсны зарчмыг хэрэгжүүлж Улсын дээд шүүхийн тайлбар, аргачлалыг биелүүлж шударгаар ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын өмгөөлөгч П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хохирол, төлбөрийн тухайд шүүгдэгчээс нэг ч төгрөг төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ. “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.М-ийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3385 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар зохих журмын дагуу үзлэг, эмчилгээг хийсэн болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч А.М-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч А.М- нь 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-” дэлгүүрийн гадаа согтуурсан үедээ хохирогч Б.М-тай маргалдаж, араас нь татаж газар унагаах, толгой руу нь өшиглөх зэргээр биед нь халдан зодсоны улмаас гавал тархины гэмтэл учирч, улмаар 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барж хүнийг санаатай алах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /1 хх 2-3/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-11/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 12-15/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын “...Манай ах Б.М-ад ямар нэгэн өвчин байгаагүй. ...” /1 хх 19-20/,
гэрч Ц.Г-тийн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 13-14 цагийн орчим “Х-” ХХК-ийн машиныг байгууллагын хашааны баруун талд байрлуулчхаад өөрийн ажил болох “Х-” ХХК-руу алхаж байгаад замын эсрэг тал руу харахад хоёр хүн архи ууж байгаад хоорондоо муудалцаад байсан. Тухайн хоёр хүний нэг нь миний зүс мэдэх М- гэх хүн байсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад сууж байгаад хохирогч залуу босоод явах гэтэл М- хохирогчийн нүүр хэсэг рүү гараараа мангасдаж төв засмал зам дээр унагаасан. Хохирогч замын боржур дээрээс засмал зам руу шууд эгц хойшоо дагз хэсгээрээ унасан. Хохирогч босож ирэхгүй байхаар нь манай захирал болох И- тэр хоёр дээр очоод “хөөе больцгоо, та нар нэгнийгээ аллаа” гэж хэлсэн. Тухайн үед И- ахыг “боль” гэж хэлэхэд М- тухайн газраа суусан. Тэгээд нөгөө газар унасан залуу босож ирэхгүй, дуугарахгүй байхаар нь И- ах явган хүний зам руу гаргасан. ...Би ажлаа тараад явах замд тэр хүний толгойноос ногоон өнгийн зүйл гарсан, тэгээд би ахын 8И-8 дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /1 хх 26-27/,
гэрч Д.С-ын “...Би 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 09 цагт түүхийн эдийн цэгээ онгойлгоод байж байсан өдөр 11 цагийн үед байхаа хашааны гадна талд хүмүүс орилолдоод байсан. Тэгэхээр нь гараад хартал 3 согтуу хүн архинаас болж маргалдаад байсан. Тэгээд буцаагаад эргээд харахад М- гэх нэрээр дуудаад байдаг залуу нь нөгөө залуугаа мангасдаад юм уу, цохисон байсан. Тэгээд нөгөө залуу нь газар унахад нь М- гэх залуу нь дахин очиж өшиглөх гэж байсан. Тэгэхээр нь эргэн тойронд байсан хүмүүс хараад өшиглөх гэж байхад нь болиулаад хашаа руугаа буцаж ороод байж байгаад буцаад харахад хэвтэж байхаар нь очоод хартал толгой хэсгээс нь юу гэдгийг нь мэдэхгүй бор өнгийн шингэн зүйл урсаж байсан. Тэгээд манай нөхөр цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1 хх 30-31/,
гэрч А.Т-гийн “...Б.М-ыг 4-5 хоногийн өмнөөс асарч байгаа. ...Бие нь их сул байсан. Дээд даралт 120, доод даралт 76, пулс 40-тэй байсан. Юм ярихгүй зөвхөн нүд нь л хөдөлдөг. Ихэвчлэн унтдаг байсан. Эмнэлгээс гарч ирэхдээ амь насны заалттай ирсэн. Өнөөдрийн байдлаар өглөөнөөс хойш биеийг нь үзэж байсан ч 15 цагийн үед төрсөн дүү нь гэр бүлийн хамт ирээд сувилагч дуудаад толгойных нь боолтыг солих гэж ирэхэд боолтыг солих гэсэн ч шууд зүрх зогссон гэж сувилагч чагнаж үзээд хэлсэн тул түргэн дуудсан. ...” /1 хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0725/12474 дүгээр шинжээчийн “...Б.М-ын биед зүүн хөхлөг сэртэнгээс зүүн чамархай, зулай, дагз яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /1 хх 56-59/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0625/3385 дугаар шинжээчийн “...1. 4. 9. Амь хохирогчийн цогцост зүүн чамархай, дагз, суурь ясны дунд хонхор хүрсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, тархи дарагдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн зулай, дагзны дэлбэнд тархины эдийн тархмал няцрал, зүүн чамархай, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн 12 дугаар хавирга, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. 2. Хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. З. ГССҮТ-н №16899 дүгээр өвчний түүхэнд 2025.9.25-нд ирж хэвтсэн ба дээрх гэмтлүүд нь 2025 оны 09 дүгээр сарын 25-наас өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. 5. 6. Амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. 7. Амь хохирогч нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 00:20 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 7-9 орчим цаг болсон байх боломжтой байна. 8. Амь хохирогчийн ходоодонд шаргал ногоон өнгийн хана дагасан агууламжтай байсан тул нас барахын өмнө хоол хүнс хэрэглээгүй байна. 10. Амь хохирогчийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. 11. 14. 15. Амь хохирогчид ГССҮТ-н эмч нар зохих журмын дагуу эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн байна. 12. Амь хохирогчийн шулуун гэдэсний амсарт гэмтэл тогтоогдсонгүй. 13. Амь хохирогч нь хоёрдугаар бүлгийн цустай байжээ. ...” /1 хх 35-46/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ/0825/4023 дугааар шинжээчийн “...1. Хохирогийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын эсхүл байнгынх эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь тухайн хүний сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах, гэр бүл, ажил хамт олны дэмжлэг бүхий орчин, тухайн хүний сэтгэл зүйн онцлогоос хамаарна. 2. Б-ын О- /РД:ЧБ-/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. ...” /1 хх 68-69/ гэсэн дүгнэлтүүд,
камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 124-127/,
хохиролтой холбоотой баримт /1 хх 213-220/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.М-ийг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч А.М- нь хохирогч Б.М-тай маргалдаж, араас нь татаж газар унагаах, толгой руу нь өшиглөх зэргээр биед нь халдан зодсоны улмаас биед нь “биед зүүн хөхлөг сэртэнгээс зүүн чамархай, зулай, дагз яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт” гавал тархины гэмтэл учирч, улмаар 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Б.М- нас барсан байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, түүнд тус зүйл, хэсэгт заасан “найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн хорих ялыг 9 жилийн хугацаагаар буюу доод хэмжээгээр оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч А.М-эс “...надад холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж, хууль ёсны болон шударга ёсны зарчмыг хэрэгжүүлж ... шударгаар ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд холбоогүй хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагдана.
Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход чиглэсэн, санаатай үйлдэл хийсний үр дагаварт хүн нас барсан явдлыг тооцдог бөгөөд хохирогч хэзээ нас барсан нь уг хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээс ялган зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ.
Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч А.М- нь хохирогч Б.М-тай маргалдаж, араас нь татаж газар унагаах, толгой руу нь өшиглөх зэргээр биед нь халдан зодсоны улмаас гавал тархины гэмтэл учирч, улмаар 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон ба А.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Амь хохирогч Б.М-ын эрүүл мэндэд учирсан амь насанд аюултай гэмтэлтэй шүүгдэгч А.М-ийн үйлдэл шалтгаант холбоотой бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах учир А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг, тухайн зүйл хэсэгт заасан хэмжээний дотор буюу 9 жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирчээ.
Мөн хэргийн бүх ажиллагааг хянахад, хохирогч, гэрч, шинжээч нарт эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан баримт хэрэг авагдсан ба хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт нотлогдон тогтоогдоогүй, анхан шатны шүүх гэрч Ц.Г-, Д.С-, А.Т- нарын мэдүүлэг, камерын бичлэг буюу дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн шинжээчийн ЕГ0725/12474, ЕГ0625/3385 дугаар дүгнэлтүүдийг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоосон нь үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг буруу тооцсоныг давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.
Нөгөөтээгүүр, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж нарийвчлан хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад, анхан шатны шүүх сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хохирогчид аль ашигтай байдлаар шийдвэрлэлгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792.000 төгрөгийг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 17,424,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг зөвтгөж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 118,800,000 төгрөгөөр тооцож, оршуулгын болон бусад зардал болох 10,168,376 төгрөгийг нэмж нийт 128,968,376 төгрөгийг шүүгдэгч А.М-эс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч А.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.М-ийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 68 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/607 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 5 дахь заалтыг “...Монгол Улсын Иргэний хуулийн 497, 508, 511 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч А.М-эс 27,592,376 /хорин долоон сая таван зуун ерэн хоёр мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-эс 128,968,376 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийн цагдан хоригдсон 68 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР