| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0171/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/198 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/198
МОНГРОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч:В.Дэлгэрмаа
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1814003040175 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, нарийн боовчин мэргэжилтэй, ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 3-12 тоот хашааны орчимд *******г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг
2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нтэй маргалдсан нь үнэн. Энэ хүн 2 жилийн өмнөөс дайрч миний эрх чөлөөнд халдаж эхэлсэн. Би тэр хөдөөнөөс ирээд хүүхдийнхээ багшид 2 литр цайны сүү аваачиж өгсөн. Гэртээ ирээд байж байсан чинь манай хүүхдийн ангийн багш залгаад Н гэдэг хүн сургууль дээр хахууль авсан гээд орилоод байна. Чи ирээд сүүгээ аваадхаач гэж хэлсэн. Тэгээд би очиж сүү таргаа авсан гэж Нгийн гэрт очсон. Би гэр рүү нь орох гэж дайраагүй. Хашааны үүдэн дээр нь очоод дуудахад наадахаа аваад зайл хахууль өгдөг авгайдаа аваачиж өг гээд чулуу шидээд байсан. Гүйж ирээд савтай тараг руу өшиглөсөн. Намайг үсдэж дарсан. Гуйж байж байгаад гарыг нь тавиулсан. Намайг орилсон чинь хадам эгч гарч ирээд салгасан. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа нарын хажууд чулуу бариад дайраад байсан гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед манай хүүгийн ангийн багш ******* залгаад “ ирээд сүүгээ аваач ******* гэх эмэгтэй намайг хахууль авдаг гээд захирал, эцэг эхчүүдийн дунд доромжлоод байна гэхээр нь би сургууль дээр очиж сүүгэээ аваад*******н гэрт харуулах гээд очоод би багшид 2 литр сүү өгсөн гэхэд намайг үсдээд авсан. Тэгээд би зугтаагаад хашаа руугаа явж байхад араас чулуу шидээд шилэн хүзүүний үснээс доош дараад орилоод байсан . Хадам эгч гэрээс гарч иээд салгах хооронд Нн хүүхэд бас ар нурууруу цохиод байсан. Маргааш нь хүүхдийнхээ ангид эцэг эхийн нэг өдөр болно гэхээр нь очоод байж байтал ******* гаднаас орж ирээд намайг шууд үсдээд өшиглөөд байсан. Миний үснээс тавиулах үед ******* намайг анги тойруулж сандал бариад хөөсөн. Хөөж байхдаа сандал, ширээн дээр унасан. Тэнд байсан эцэг эхчүүд болиулах гэтэл хойшоо, урагшаагаа унаад л байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46-49/,
Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
2013 оноос эхлэн байнга дарамталдаг болсон. Би 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Тухайн өдөр хүүхдээ авах гээд сургууль дээр нь байж байтал У тортой юм барьчихсан ирж байсан. Тэгээд би захирал дээр нь ороод ******* багш авилга авч байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд байж байтал тортой юм барьчихсан У ирж байсан. Гэртээ оруулахгүй наад юмыг чинь авахгүй гэж хэлээд түлхсэн. Тортой юм руу нь өшиглөсөн. У савтай таргаа аваад над руу цацсан. Тэгээд миний уур хүрээд *******ын толгойтой үснээс зулгаасан. Миний нүүрийг самардсан байсан. Тэгээд манай хүүхэд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирсэн гэв.
Хохирогч *******н мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед хүүхдээ авах гээд байж байтал манай хажуу айлын ******* тараг барьсан явж байсан. Тэгээд би хүүхдээ аваад гэртээ ирээд байж байтал удалгүй ******* ирээд манай гэрт орох гээд байхаар нь би яах гээд байгаа юм гээд гар гээд түлхэхэд тэр намайг үсдээд нүүр урсан. Би уурлаад *******ыг үсдэхэд танай хүүхэд банди нартай явдаг гэхээр нь би тэгвэл танай хүүхэд ч бас адилхан гэж хэлсэн. Тэгээд үсдэлцэж байхдаа би санаандгүй савтай таргийг нь өшиглөчихсөн. Тэгээд намайг үхээчээ гээд над руу тэр таргаа цацаад байсан. Манай хүүхэд надад нүүрийг чинь урчихсан байна гэж хэлээд цагдаа дуудсан. Толгой бага зэрэг өвдөж байна, нүүрэнд самардсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 14-15 /,
Арван найман насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...19 цаг 20 минутын орчимд би гэртээ ирээд хоол хийгээд байж байтал ээж ирсэн. Тэгээд удалгүй хажуу айлын ******* эгч юм бариад ирж байсан. Ээж тэрийг нь хараад оруулахгүй гээд хаалгаа дараад би гараад байж байтал ээж санаандгүй тэр савыг нь өшиглөчихсөн. Тэгээд ээж ******* эгч хоёр зодолдсон. Тэгээд салаад ээжийн нүүрийг самардчихсан байсан. ******* ээжийн нүүрийг урсан гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
… ******* хүүхдээ хичээлд нь хүргэж өгчихөөд гэртээ ирээд байж байтал утас нь дуугараад нэг хүнтэй ярьсан. Тэгсэн чинь хүүхдийнхэн нь ангийнхан багш дуудсан гээд гараад явсан.Удалгүй гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гараад хартал хашааны гадаа ******* хажуу хашааныхаа хүнтэй үснээсээ зууралдчихсан зогсож байсан. Би очоод салгахад хажуу хашааныхан хүн чулуу самардаад шидээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 350 дугаартай
1.*******н биед зүүн хацар, эрүү, бугуй, 5-р хуруунд шарх, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 36-37 / зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 43/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-8/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018.07.03-ны өдрийн 895 тоот тодорхойлолт / хх-ийн 50/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 52/ дисдозит дансны дэлгэрэнгүй хуулга /56-58/шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 3-12 тоот хашааны орчимд *******г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын... би зугтаагаад хашаа руугаа явж байхад араас чулуу шидээд шилэн хүзүүний үснээс доош дараад орилоод байсан, ... . маргааш нь хүү ******* гаднаас орж ирээд намайг шууд үсдээд өшиглөөд байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 46-49/,
хохирогч *******н... толгой бага зэрэг өвдөнө, нүүрэнд самардсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 14-15 /,
арван найман насанд хүрээгүй гэрч *******ын ....ээжийн нүүрийг самардчихсан байсан, ******* ээжийн нүүрийг урсан гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,
гэрч *******ийн ... хашааны гадаа ******* хажуу хашааныхаа хүнтэй үснээсээ зууралдчихсан зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 350 дугаартай “...*******н биед зүүн хацар, эрүү, бугуй, 5-р хуруунд шарх, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 36-37 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Хохирогч ******* нь шүүгдэгч *******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанй явцад хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.
Хохирогч ******* нь цаашид өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн “... LG F100 маркийн гар утас...”-ыг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгож , уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч ******* цаашид нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... LG F100 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА