Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 717

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Сэлэнгэ,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч/хохирогч: М.Э,

           Шүүгдэгч/хохирогч: М.Эн нар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Э, М.Эн нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805040840811 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Э, урьд ял шийтгэлгүй

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Эн, урьд ял шийтгэлгүй

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Баян” нэртэй хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа М.Энтай худалдаж авсан бууз, салатаа буцаана гэх шалтгаанаас болж хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Эн нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Баян” нэртэй хүнсний дэлгүүрт М.Эийн худалдаж авсан бууз, салатыг буцааж авна, авахгүй гэх шалтгаанаас болж хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид хоёр тухайн үед жаахан муудалцсан. Хэн, хэн нь буруу ойлголцож маргалдсан. Одоо эвлэрсэн” гэв.

Шүүгдэгч М.Энын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид хэн, хэн нь хэл амаа ойлголцоогүйгээс болж маргасан. Одоо бид хоёр эвлэрсэн” гэв.

Хохирогчоор М.Энын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 31-ний орой 14 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт нарийн гудамжинд байрлах 8-н нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх үед 30 орчим насны эмэгтэй орж ирээд карт уншуулаад бэлэн  мөнгө өгчих би таксины мөнгө өгөх гэсэн юм гэхээр нь би бэлэн мөнгө байхгүй гэж хэлсэн....Та орж болохгүйг мэдсээр байж яагаад хэл амаар доромжлоод байгаа юм гэж хэлсэн чинь 1 кг бууз, 1 шилтэй салат аваад гараад явсан. Удалгүй 2 минутын дараа орж ирсэнээ энэ авсан юм аа ав, мөнгөө авна, халтар царайтай хачин хүүхэн, чам шиг юмтай яриад зогсох хүн биш гэж хэлэн хэл амаар доромжлоод баруун гараараа зүүн талын хацар руу 1 удаа алгадсан. Та яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь намайг түлхсэн. Би хариу үйлдэл үзүүлсэн. Удалгүй арын өрөөнөөс эгч Э гарч ирээд салгасан. Мөн эгч Эын өөдөөс дайрч хэл амаар доромжилсон, үснээс нь чирээд дэлгүүрээс гараад явсан....Баруун гарын дунд хуруу гэмтсэний улмаас 10 хоног ажилдаа явж чадаагүй тул 10 хоногийн цалин 250.000 төгрөг авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Хохирогчоор М.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 31-ний орой 14 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нарийн гудамжинд байрлах 8-н нэрийн хүнсний дэлгүүрээс бууз, салат хоёр худалдан аваад гэртээ ороод чанах гэтэл буузны гурил хатаад хөхөрсөн байсан. Буцаж дэлгүүрт ороод авсан бууз, салат хоёроо буцаах гэтэл дэлгүүрийн худалдагч өөдөөс хэл амаар доромжлоод маргалдсан. ...мөнгө байхгүй гэж хэлэн маргалдсан. Боосуудтай уулзаад мөнгөө авахгүй юу гэж хэлэн хэрэлдсэн, маргалдан харилцан зодоон болсон....Эмчилгээний зардал гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч Д.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...удалгүй салат, бууз хоёр гартаа барьж орж ирээд энэ хоёрыг буцаана гэж хэлсэн. Манай дүү М.Эн тооны машинд бууз, салат хоёр хэд болсон гээд мөнгийг нь бодож байх хооронд тооны машиныг нь булааж аваад цохих гэж далайснаа баруун гараараа М.Энын хамар руу нэг удаа цохьсон. Үүнээс хойш хэрүүл маргаан болсон. ...Би дэлгүүрээс гар гэхэд үснээс зулгаасан. М.Эн руу алаад хаячихъя гээд л дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Шинжээчийн 9395 тоот дүгнэлтэд: “...М.Эийн биед баруун чамархайд үс халцралт, уруулын дээд, доод хэсэг, зүүн бугалга, шуу, хуруу, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 27/,

Шинжээчийн 9397 тоот дүгнэлтэд: “...М.Энын биед дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 3-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 28/,

          Хохирогч нарын өргөдөл /хх-н 5-6/, шүүгдэгч/хохирогч М.Энын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-36/, шүүгдэгч/хохирогч М.Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-47/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

          Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Баян” нэртэй хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа М.Энтай худалдаж авсан бууз, салатаа буцаана гэх шалтгаанаас болж хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

          Шүүгдэгч М.Эн нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Баян” нэртэй хүнсний дэлгүүрт М.Эийн худалдаж авсан бууз, салатыг буцааж авна, авахгүй гэх шалтгаанаас болж хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

   Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчоор М.Энын: “...Удалгүй 2 минутын дараа орж ирсэнээ энэ авсан юм аа ав, мөнгөө авна, халтар царайтай хачин хүүхэн, чам шиг юмтай яриад зогсох хүн биш гэж хэлэн хэл амаар доромжлоод баруун гараараа зүүн талын хацар руу 1 удаа алгадсан. Та яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь намайг түлхсэн. Би хариу үйлдэл үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, хохирогчоор М.Эийн: “...Буцаж дэлгүүрт ороод авсан бууз, салат хоёроо буцаах гэтэл дэлгүүрийн худалдагч өөдөөс хэл амаар доромжлоод маргалдсан. ...мөнгө байхгүй гэж хэлэн маргалдсан. Боосуудтай уулзаад мөнгөө авахгүй юу гэж хэлэн хэрэлдсэн, маргалдан харилцан зодоон болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, гэрч Д.Эын: “...Манай дүү М.Эн тооны машинд бууз, салат хоёр хэд болсон гээд мөнгийг нь бодож байх хооронд тооны машиныг нь булааж аваад цохих гэж далайснаа баруун гараараа М.Энын хамар руу нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/, шинжээчийн 9395, 9397 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Эн, М.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Эн, М.Э нар нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож бие, биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч М.Эн, М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Шүүгдэгч нар нь торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Эн, М.Э нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Э, М.Эн нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, М.Эн нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Э, М.Эн нарт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, М.Эн нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР