| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2409029520015 |
| Дугаар | 2026/ДШМ/556 |
| Огноо | 2026-05-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/556
2026 05 06 2026/ДШМ/556
Е.Е-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
хохирогч М.Б-,
шүүгдэгч Е.Е-ын өмгөөлөгч Ш.Е-,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/368 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Е-ын гаргасан давж заалдах гомдлоор Е.Е-д холбогдох 2510 02393 1026 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овгийн Е-ы Е-, 2001 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: БЕ-/;
Шүүгдэгч Е.Е- нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, И-март худалдааны төвийн зүүн замд 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед “Lexus RХ450” маркийн Е- УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, Жолоочид дараах зүйлийг хориглоно: 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Toyota prius” маркийн Е- УКМ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Б-ын эрүүл мэндэд бүсэлхийн 5-р ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагирагны урагдал, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Е.Е-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Е.Е-ыг тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Е-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Е.Е-оос 10.288.080 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-ад олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Е.Е-оос 124.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч М.Б- нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн сиди 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Е.Е-ын өмгөөлөгч Ш.Е- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гаргахдаа эрүүгийн хариуцлагын төрлийг сонгосон үндэслэл Эрүүгийн хуульд нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг баримтлахгүй байх, мөн зорчих эрхийг хязгаарлах ял санал болгосон өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд тусгах зэрэг шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.
Нэг. Эрүүгийн хариуцлагын төрлийг сонгосон үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... жолоодох эрх хасах ялаас гадна зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын аль нэгийг сонгож хэрэглэхээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгох боломжтойгоор хуульчилсан билээ. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагын төрлийг сонгох, мөн хэмжээг тогтоохдоо харгалзан үзэх үндэслэлүүдийг тогтоож өгсөн байдаг.
Шийтгэх тогтоолын 13 дугаар хуудсанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар “Шүүгдэгч Е.Е-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй” гэж дүгнэсэн мөртлөө эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч Е.Е-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн...” гэж хорих ял хүлээлгэсэн үндэслэлээ дурдсан байна.
Манай үйлчлүүлэгч Е.Е-ын гэм буруутайд тооцогдсон гэмт хэргийн хувьд гэм буруугийн хэлбэрийн хувьд санаатай гэмт хэрэг биш, зориудаар, санаатайгаар бусдын биед гэмтэл учруулаагүй, авто ослын улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэх хохирол нь хүнд биш, хүндэвтэр зэргийн хохиролд хамаарагддаг, өөрийн үйлдлийн улмаас учирсан эдийн хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан, сэтгэл санаанд учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлсэн, түүнчлэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мөн хэрэгт шалгагдах явцад дахин гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаагүй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг шинжүүдээр хорихоос өөр төрлийн ял сонгон хэрэглэх үндэслэлүүд байсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна нийгэмшүүлэх, хохирол нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг олон төрлийн зорилготой ба шүүхээс сонгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь дээрх бүх зорилгуудад нийцсэн байхыг шаарддаг. Тухайлбал гэмт хэрэг үйлдсэн хүнд хэргийн нөхцөл байдалд тохирсон бусад сонгох боломжтой хорихоос өөр төрлийн ял, мөн ажил хөдөлмөр оногдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх нөхцөл боломжийг олгож, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд шаардлагатай хохирлыг ажил хөдөлмөр хийж нөхөн төлснөөр гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх боломжоор хангах зэрэг бусад зорилгод нийцсэн байхыг шаарддаг.
Е.Е-ын хувьд жолоодох эрхийг 5 жилээр хасаж, жолоодох эрх хасагдсан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож байгаа эсэхэд цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавьснаар дахин тээврийн хэрэгсэл жолоодож ийм төрлийн гэмт хэрэг, зөрчил дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлагын урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн гэж үзэж байна. Харин урьд өмнө ийм төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, эсхүл шалгагдаж байх хугацаанд ийм төрлийн гэмт хэрэг, зөрчил дахин үйлдсэн хүний хувьд гэм буруугаа ухамсарлан ойлгохыг, өөрийн үйлдлийн нийгмийн аюултай байдалд дүгнэлт хийдэггүй, гэмшдэггүй, мөн рецетив гэмт хэрэгтний аюултай байдал, нийгмээс тусгаарлахгүй бол дахин гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр зэргийг харгалзан хорих ял оногдуулан нийгмээс тусгаарласнаар хорих ялын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын ач холбогдол оршдог. Гэвч манай үйлчлүүлэгчийн хувьд урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэгт шалгагдах хугацаанд дахин гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаагүй, хуулийн байгууллагын дуудсан хугацаанд ирж мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан, мөн өөрийн үйлдлийн улмаас бусдад учирсан хохирол буюу хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн бодит хохирлыг бүрэн төлсөн байдал нь өөрийн хууль зөрчсөн үйлдлээ ухамсарлан ойлгон гэмшсэн байдал нь дахин ийм төрлийн гэмт хэрэг, зөрчил гаргах эрсдэлтэй хүн биш гэдгийг харуулж байгаа бөгөөд нийгмээс тусгаарлан хорих зайлшгүй шаардлага үндэслэл байгаагүй. Е.Е-д хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаар эрх нь хязгаарлагдаж буруутай зүйл хийвэл эрх, эрх чөлөө нь хязгаарлагддаг гэдгийг сэтгэл санаа биеэрээ ухамсарлан ойлгож, өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж, гэмших зэргээр эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцэх ба зорчих эрх, эрх чөлөө нь хязгаарлагдсанаар эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилго, мөн шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрт ажил хөдөлмөр хийж, бусад хохирлыг нөхөн төлж барагдуулах, мөн урьд өмнө хохирол төлөхөөр бусдаас авсан зээл, төлбөрөө буцаан төлөх, нийгмээс тусгаарлагдахгүйгээр ажил хөдөлмөр эрхэлж ажил хөдөлмөрөөр хүнийг хүмүүжүүлж, нийгэмшүүлэх, мөн гэр бүлтэй хамт байж гэр бүлийн орчинд нийгэмших боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Хоёр: Өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримт, дүгнэлтийг няцаасан үндэслэлээ тусгаагүй талаар:
Шүүхээс манай үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхэд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн заавал байх обьектив талын шинж болох хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх шинж байгааг дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогчийн биед учирсан эрүүл мэндийн гэмтлийн зэргийг тогтоосон хоёр удаагийн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ зааж шүүхийн шийдвэр гаргахдаа баримтлахгүй байх санал гаргаж, цагаатгах байр сууринаас оролцсон боловч шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг шийтгэх тогтоолд бүрэн тусгаагүй, мөн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлагын төрлийн сонгосон үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгуудад нийцээгүй, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тал бүрээс нь харгалзан үзээгүй тул Е.Е-д оногдуулсан эрх хасах ялыг хэвээр үлдээж, нэг жилийн хугацаагаар хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг жилийн хугацаагаар оногдуулж, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч М.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн илэрхийлэх гээд байгаа санаа нь “М.Б-ын нуруу анхнаасаа мурийлттай байсан учраас мөргөсөн эсэхээс үл хамаарч гэмтэх байсан” гэж үзэж байгаа. Энэ ослын улмаас миний бие эрүүл мэндээрээ их хохирсон учир маш их гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд миний зүгээс хорих ял оногдуулах саналыг гаргасан. Шүүгдэгч Ш.Е- надад хохирол төлөхгүй гэдэг нь түүний өмгөөлөгчийн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараас харагдаж байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа “машинд учруулсан хохирлыг төлж барагдуулсан” гэж хэллээ. Би машинаа зээлээр авсан. Осол гарснаас хойш машин 7 сарын хугацаанд журмын хашаанд байсан, би журмын хашааны төлбөрийг төлж, машиныг гаргаж авсан боловч банк бус санхүүгийн байгууллагаас авсан машин байсан учир Банк бус санхүүгийн мэргэжилтэн ирээд машиныг аваад явсан. Энэ ослын улмаас би эрүүл мэндээрээ хохирохоос гадна машингүй болсон, муу зээлдэгч болж, зээлийн зэрэглэл буурсан. ... Хэрэг шийдэгдэхгүй удааширсан нь шүүгдэгчийн талтай шууд холбоотой. Би нурууны гэмтлээсээ болж 15 кг илүү жинтэй зүйл өргөж чадахгүй болсон. Би шүүгдэгчийг залуу хүүхэд, өөрийнхөө гаргасан үйлдлийг ухаарч, уучлалт гуйж, эмчилгээний төлбөр өгөх байх гэж найдаад их хүлээсэн. Гэвч хохирол төлөх талаар ямар ч үйлдэл гаргаагүй. Би маш их гомдолтой байна. ...” гэв.
Прокурор Г.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ш.Е- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр машин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, хүний биед хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгмийн аюулын хэр хэмжээ өндөртэй, бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах өндөр магадлалтай гэмт хэрэг. ... Шүүгдэгчийн согтолтын зэргийг нь шалгах гэхэд драгер багажийг үлээх чадваргүй байсан. Дээрх нөхцөл байдалтайгаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь түүнд хорих ял оногдуулах нэг үндэслэл болсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг хүлээн авч дахин шинжээч томилж, шинжээч эмчээс мэдүүлэг, тайлбар авч тодорхой ажиллагаануудыг явуулсан. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс хүсэлтийг нь хүлээж аваагүй мэтээр тайлбар гаргаж байгааг ойлгохгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “Дахин шинжилгээний үр дүн анхдагч, нэмэлт шинжилгээний үр дүнтэй адил бол дахин шинжилгээ хийхгүй” гэж заасан. Мөн шинжээч дүгнэлтдээ хохирогчийн биед учирсан гэмтлийг хуучин, шинэ гэмтэл гэж ялгаж маш тодорхой дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогддоггүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарчмын хүрээнд тусгай ангид тогтоосон ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид ял оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Е.Е- нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “И-март” худалдааны төвийн зүүн замд 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед “Lexus RХ450” маркийн Е- УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, Жолоочид дараах зүйлийг хориглоно: 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Toyota prius” маркийн Е- УКМ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Б-ын эрүүл мэндэд бүсэлхийн 5-р ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагирагны урагдал, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч М.Б-ын “... Хэрэг учрал болсон өглөө буюу 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө 03 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн “И-март”-ын уулзвараар нэвтрэхээр уулзвар руу дөхөөд улаан гэрэл ассан байсан болохоор хурдаа хасаад нэлээн удаан явж байтал гэнэт нэг цохионд өртөөд машины дохиолол асаж, аваарын дуу гараад эхэлсэн. Тухайн үед шоконд ороод юу болсныг ойлгож чадахгүй сууж байтал хажууд нэг машин ирж зогсоод “чамайг мөргөсөн машины жолооч согтуу байна шүү дээ” гэж хэлхээр нь буух гэтэл хаалга гацчихсан онгойхгүй байхаар нь хүчээр түлхэж байгаад завсраар нь буугаад хартал миний машины араас нэг хар өнгийн машин зад мөргөчихсөн байсан. Тэгсэн нөгөө хар машины жолооч машинаасаа буугаад ирэхээр нь би буугаад очтол тэр машины жолооч буюу одоо нэрийг нь мэддэг болсон Е- гэдэг залуу нэлээн согтуу ирэхээр нь юу болсон талаар тодруулах гэтэл надад мөргөсөн машины жолооч согтуу байна гэж хэлээд байсан жолооч “наад нөхөр чинь зугтаачихна шүү, бариад ав” гэж хэлтэл нөгөө Е- шууд зугтаасан. Би түүний араас хөөсөн боловч ерөөсөө гүйцэгдэхгүй гүйгээд байсан. Тэгсэн надад “бариад ав” гэж хэлсэн жолооч машинтайгаа араас нь яваад замаар явж байсан 2 залуутай нийлж байгаад Е-ыг бариад авсан. ... газар унаган хэвтүүлж байгаад чи хүний машин мөргөчхөөд яагаад зугтааж байгаа юм гэхэд юу ч хэлэхгүй байж байгаад шууд хурхираад унтаад өгсөн. ... Тухайн үед нуруундаа гэмтэл авснаа мэдэхгүй араас нь гүйгээд гүйцэхгүй байсан юм шиг байна лээ. Тэгээд Хан-Уул дүүргийн замын цагдаа дээр ирээд нөгөө Е-ын согтолтын зэргийг шалгах гээд үлээлгэх гэсэн боловч Е- унтаад босож ирэхгүй арай гэж сэрээх гэхээр гулжганаад босохгүй байсан. ... Миний нурууны үений зөөлөн үе урагдаж, цүлхийсэн, тухайн үед хүзүүний булчингийн зангирал болчихсон байсан. ...Би өмнө нь нуруундаа гэмтэл авч байгаагүй. ... Миний машинд 15,880,000 төгрөгийн хохирол учраад байгаа. ... Мөргүүлсэн хугацаа маань 2025 оны газар тариалангийн тариалалтын үе байсан тул эрүүл мэндийн байдлаас болоод тариалалт хийж чадалгүй 1 сар хэвтэрт байсан. Мөргүүлсэн машиныг хавар зараад энэ оны хаврын тариалалт зарцуулах ёстой байсан боловч чадаагүй. Мөн 2015 оны машин маань ослоос болоод зарагдах ёстой үнээсээ үнэ буурч зарагдах асуудалтай болоод байна. Би нэг жилд тариалалт хийгээд борлуулалтын орлого нь 100.000.000 төгрөгөөс дээш байдаг бөгөөд ашиг нь 60.000.000 орчим төгрөг болдог. ... Иймд би машины үнэлгээнээс гадна энэ жилийн газар тариалангийн орлого болох 60.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид ч би энэ чиглэлээрээ ажиллахад эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад хүндрэлтэй болсон байгаа. Би өөрөө цахилгааны техникч учраас зав зайтай үедээ цахилгаанчин хийж мөнгө олдог байсан боловч одоо цахилгаанчин ч хийж чадахгүй байна...” /1 хх 39-40/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Б-ы “...Би Е.Е-той нэг нутаг гэдгээр мэдэхээс хамаатан төрөл, садны холбоо байхгүй. Манай нөхрийн хуурай дүү байгаа юм. ...Е.Е- нь манай дэлгүүрт туслахаар ажилладаг байсан. Тэр осол болдог өдрийн өмнөх өдөр Нарантуул захаас дэлгүүрээ хотхон руу нүүлгэчхээд машинд байсан хоосон хайрцгуудыг оруулаарай гэж хэлээд түлхүүрээ өгчихсөн байсан юм. Е.Е- нь манайд ажиллаад 1 жил болж байгаа болохоор итгээд түлхүүрээ өгчхөөд түлхүүрээ авахаа мартчихсан байсан. Тэгээд гэртээ шөнө амарч байтал цагдаагаас ярьж байна, нөхрийнхөө регистрийн дугаарыг өгөөрэй, энд осол гаргасан байна гэхээр нь би манай нөхөр надтай хамт унтаж байна гэж хариулчхаад бодтол Е.Е-д түлхүүрээ өгснөө санаад манай туслах байхаа гэж хэлсэн. ... Тухайн Е- УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө Хас банкны лизингээр авч байсан машин. ... Е.Е- миний машиныг унаж байгаагүй. Би ч унаад явсан гэж бодоогүй. ... Би өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар нь мэдээгүй. Энэ үйл явдал болсноос хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг мэдсэн. ... Би Е.Е-д миний машиныг унах ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Машинд байсан хайрцгийг оруулаарай гэж хэлээд түлхүүрээ өгчхөөд мартчихсан. Учир нь, Е.Е- нь ажилд сайн, найдвартай байдаг байсан болохоор унаад явчихна гэж бодоогүй. Тэгсэн миний машиныг унаж яваад осол гаргасан байна. ... Миний машины урд талаар машин мөргөсөн болохоор урд гупер, крыло, их гэрэл, копуд, явах радиатор гээд олон зүйл гэмтсэн байсан. ... Би Е.Е-оос ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй. ...Би тэр ослын талаар мэдсэн. ... Е.Е- өөрөө энэ асуудлыг шийдэх байх. Учир нь, би түүнд өөрийнхөө машиныг унах зөвшөөрөл өгөөгүй. ...” /1 хх 65, 68/,
шинжээч С.Эрдэнэцэцэгийн “... М.Б-ын биед учирсан бүсэлхийн 5-р, ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагариг ар хэсэгт урагдал, нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ, тархмал цүлхийлт, төвийн протрузи үүсэж мэдрэлийн нүхийг нарийсгаж дамжих мэдрэмжийг шүргэсэн, бүсэлхийн 1,2,3,4-р нугалмын тархмал денегратив жийргэвчний цүлхийлт зэрэг нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Үзүүлэгчийн өөрийнх нь нурууны бүтцийн өөрчлөлт, элэгдэл байна. ...М.Б-ын биед үүссэн гэх бүсэлхийн 5, ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагариг ар хэсэгт урагдал, нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, бусад нурууны өөрчлөлтүүд нь хуучин буюу үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. ...Бүсэлхийн 5, ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагариг урагдал, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь бусад нурууны өөрчлөлтүүдтэй шалтгаант холбоогүй, мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Нурууны бусад өөрчлөлтүүд нь үүссэн хүчин зүйл болон цаг хугацааг тогтоох боломжгүй. ...Нурууны мөгөөрсөн цагаригийн урагдал нь гэмтэл болон хүний нас, амьдралын хэвшилтэй холбоотой үүсэж болдог. ...М.Б-ын хувьд мөгөөрсөн цагаригийн урагдал нь гэмтлийн шалтгаантай үүссэн шинэ гэмтэл байна. ... Дүрс оношилгооны хариунд тухайн гэмтлийг шинэ, зөөлөн эдийн няцралттай, цус хуралттай, хавантай, урагдал, хугарлын ирмэгийн шинжээс нь хамаарч шинэ хуучин гэж тогтоож өгдөг. М.Б-ын хувьд тухайн урагдал нь сэмэрсэн, тухайн түвшинд зөөлөн эдийн хавантай тул шинэ гэмтэл гэж үзсэн. ... Урагдал, хугарлыг удаан хугацаанд эдгэрэх буюу 28 хоногоос дээш хугацаанд эрүүл мэндийг сарниулдаг тул 28 хоногоос дотогш шинэ гэмтэл, 28 хоногоос дээш хугацааг хуучин гэж үздэг. Энэ хугацаа нь хүний нас, биеийн онцлог, эдгэрэлтийн явцаас шалтгаалан харилцан адилгүй байдаг тул нарийвчлан тогтоох боломжгүй. ...” /1 хх 155-156/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... М.Б-ын биед бүсэлхийн 5-р, ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагариг урагдал, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хуний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/6311 дугаартай дүгнэлт /1 хх 22-23/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн “... М.Б-ын биед учирсан бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагирагны урагдал, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эмнэлзүйн шинж тэмдэг, зөөлөн эдийн няцрал, цус хуралтын байдлаас харахад дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх боломжтой. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, мөргүүлэх, мөргөгдөх үед үүсгэгдсэн байх боломжтой. Бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагирагны урагдал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0525/861 дугаартай дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Хохирогч М.Б-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэл, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна...” гэсэн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0825/2240 дугаартай дүгнэлт /1 хх 83-85/,
2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1266 дугаартай мөрдөгчийн “...Жолооч Е.Е- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, Жолоочид дараах зүйлийг хориглоно; 3.7.а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол үйлдэгдсэн гэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /1 хх 138-139/,
2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, виски уусан, драгер багаж үлээх чадваргүй согтуу байв...” гэх тэмдэглэл /1 хх 3/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 4-8/
2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн “... Е- овогтой Е- нь жолоодох эрхгүй...” /1 хх 13/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 244 дугаартай, 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1739 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 95-97/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байхаас гадна анхан шатны шүүх шүүгдэгч Е.Е-ыг тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн шүүхээс шүүгдэгч Е.Е-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Е.Е-оос “... хохирогчийн биед учирсан эрүүл мэндийн гэмтлийн зэргийг тогтоосон хоёр удаагийн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тал бүрээс нь харгалзан үзээгүй тул Е.Е-д оногдуулсан эрх хасах ялыг хэвээр үлдээж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг жилийн хугацаагаар оногдуулж, өөрчлөлт оруулах ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзвэл: Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын “... М.Б-ын биед учирсан бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагирагны урагдал, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0525/861 дугаартай дүгнэлт, шинжээч С.Э-ийн “... М.Б-ын биед үүссэн гэх бүсэлхийн 5, ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагариг ар хэсэгт урагдал, нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэх мэдүүлэг зэрэг тусгай мэдлэг бүхий шинжээчдийн гаргасан удаа дараагийн дүгнэлт, мэдүүлгийг няцаан үгүйсэх боломжгүйн гадна энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Хэдийгээр, шүүгдэгч Е.Е- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хохирогч “гомдолтой” гэсэн зэргээс үзэхэд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Е-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/368 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Е.Е- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 92 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/368 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Е.Е-ын өмгөөлөгч Ш.Е-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Е- нь 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 92 /ерэн хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ М.АЛДАР