Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 725

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч: А.Марал,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Эрхэмбаяр,

           Шүүгдэгч: Л.Л, түүний өмгөөлөгч Ч.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Лд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805035910747 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Л.Л,  урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Л.Л нь 2018 оны 6 дугаар сарын 18-наас 19 нд шилжих шөнө Баянгол дүүрэг 7 дугаар хорооны нутагт байрлах 12 дугаар байрны 0000 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ц.Шийг зодож эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал,шарх, цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, баруун, зүүн тохойнд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Л.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай найзууд ирээд бид нар архи уусан. Тэгээд найзууд явсны дараа бид хоёр маргалдсан, эхнэр Ц.Ш миний нүүрийг маажсан. Тэгэхээр нь би цохьчихоод гараад явсан. Би хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Бид хоёр эвлэрч нэг гэрт амьдарч байгаа” гэв.

Хохирогч Ц.Шийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Л.Л бид хоёр гарч яваад ялихгүй юмнаас болж маргалдсан. Тэр маргаанаас болоод өдөржин уурлаж байгаад орой 17 цагийн үед машинаа унаад гараад явсан. Тэгээд орой 20 цагийн үед би найз Ц руу утасдаж манай нөхөр наагуур чинь байна уу гэхэд байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд намайг ажлаасаа гараад хороололд байдаг байрны гадна ирэхэд манай байрны гадна Ц нөхөртэйгөө хүлээж байсан. Тэгээд удалгүй Л.Л согтуу хүрээд ирсэн. Би нэг шил архи авчихсан байсан. Гэрт ороод хоол цай хийж өгсөн. Л.Л бид хоёр хэрэлдээд гэж найзууддаа ярьсан. Тэгсэн Л.Лд ийм амьдралын асуудлыг хүнд ярьж яадаг юм гэж хэлсэн. Нөгөө хоёр ч иймхэн юмнаас болж та хоёр маргалдаад яахав дээ гэхэд Л.Л намайг хэл амаар доромжилсон....Тэгсэн Л.Л хэвтэж байснаа гэнэт босоод надтай маргалдаад хоорондоо хэрэлдсэн, яах ийхийн зуургүй үснээс зулгаагаад нүүр лүү шанаа руу гараараа цохьсон. Уруул, хоёр гарын тохой нил хөндүүр, баруун талын бөөр лүү өшиглөсөн юм уу хэд хоног хөдөлж чадаагүй. Тэгээд Л.Л зугтаагаад явчихсан. Би тэр хавиар болсон цусаа угаагаад шөнийн 02 цагийн үед гэмтлийн эмнэлэг орж урууландаа нилээн хэдэн оёдол тавиулсан. Би маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.Ш нь миний төрсөн ах Цэдэнсодномын том охин нь байгаа юм. Би энэ хоёр хүнтэй байнгын харилцаа холбоотой байдаг. Би ойлгохдоо энэ хоёрт айхтар харшлаад байх зүйл байхгүй санагддаг. Сүүлийн нилээд хэдэн жил Л.Л архи уух болсон. Архи уухаараа эхнэртээ эр бяраа гаргаж зодож танхайрдаг болчихоод байгаа. Миний мэдэхийн хоёр тохиолдол байгаад байгаа. Энэ хэргээс 3-4 жилийн өмнө Л.Лд зодуулаад Ц.Ш эмнэлэгт хэвтлээ гэж сонсож байсан. ...Одоо хүртэл Ц.Шийн уруулынх нь доод талд оёдол тавиулсан нь мэдэгдээд байгаа...” гэсэн мэдүүлэг /xx-33/,

Яллагдагчаар Л.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр Ц.Ш бид хоёр ажлаа тараад гэртээ цуг архи уусан. Тэгээд байж байгаад ярианаасаа болоод маргалдаад Ц.Ш миний нүүр, ам маажаад байхаар нь би түлхсэн. ...Би уурандаа түлхсэн, хаана яаж түлхсэнээ мэдэхгүй байна. Би тэгээд гарч явсан. Маргааш нь намайг ирэхэд зодсон барьсан гээд байсан. ...Гар луу нь цохисон, уруул руу нь гараараа түлхсэн. Юунаас болж маргаснаа одоо сайн санахгүй байна....Ц.Ш миний хацрыг маажсан болохоор зөрүүлээд би хацар луу нь гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /xx-57-60/,

Шинжээчийн 7836 тоот дүгнэлтэд: “...Ц.Шийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, баруун, зүүн тохойнд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 36/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /xx-9/,  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 13-16, 48-50, 61/, Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /xx-н 17/, Гэрлэлтийн лавлагаа /хх-н 45/  зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Л.Л нь 2018 оны 6 дугаар сарын 18-наас 19 нд шилжих шөнө Баянгол дүүрэг 7 дугаар хорооны нутагт байрлах 12 дугаар байрны 102 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ц.Шийг зодож эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал,шарх, цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, баруун, зүүн тохойнд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Шийн: “...Л.Л хэвтэж байснаа гэнэт босоод надтай маргалдаад хоорондоо хэрэлдсэн, яах ийхийн зуургүй үснээс зулгаагаад нүүр, шанаа руу гараараа цохьсон. Уруул, хоёр гарын тохой нил хөндүүр, баруун талын бөөр лүү өшиглөсөн юм уу хэд хоног хөдөлж чадаагүй. Тэгээд Л.Л зугтаагаад явчихсан. Би тэр хавиар болсон цусаа угаагаад шөнийн 02 цагийн үед гэмтлийн эмнэлэг орж урууландаа нилээн хэдэн оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, шинжээчийн 7836 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь эхнэр хохирогч Ц.Шийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Лгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Л нь хохирогч Ц.Штэй маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ш-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч нь хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Л.Лгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн саналыг багасгаж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч Л.Лгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас оногдуулахаар санал болгосон торгох ялаас доогуур торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Л нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.Лг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР