Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01574

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01574

 

Н.ИХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаарсарын 29-ний өдрийн 182/ШШ2022/02033 дугаар шийдвэртэй, Н.И- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч К.Т- ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөрт 5,720,000 төгрөг, алданги 2,860,000 төгрөг нийт 8,580,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Н.И- ХХК болон К.Т- ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нарны зам-81, JS цамхагийн 6 давхрын 602 тоот 130 м.кв оффисын талбайг 3 жилийн хугацаатай, талбайн 1 сарын түрээсийн төлбөр нь 1,300,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. К.Т- ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр оффисын талбайг чөлөөлж өгсөн тул 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 4 сар 12 хоногийн түрээсийн төлбөр 5,720,000 төгрөг, мөн гэрээний 6.3.4-д заасны дагуу 2,860,000 төгрөгийн алданги тооцож нийт 8,580,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүргүүлнэ хэмээн тусгайлан хэлбэрийн шаардлага тавьсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй тул мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах юм. Иймд дээрх хүчин төгөлдөр бус хэлцлээр харилцан тохиролцсон алданги 2,860,000 төгрөгийг шаардах эрхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч К.Т- ХХК-иас 6,889,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.И- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,690,001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,230 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Т- ХХК-иас улсын тэмдгийн хураамжид 125,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.И- ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4а. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхийн үндэслэл болгосон өмнөх шүүхийн шийдвэрт талуудын хооронд байгуулагдсан гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэсэн бөгөөд шүүгч гэрээг дүгнэхдээ түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй ойлгомжгүй болсон. Талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө түрээслэх харилцаа үүссэн талаар хэн аль нь маргаагүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болох бөгөөд нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр алданги шаардах эрхгүй юм. Гэвч анхан шатны шүүх түрээслүүлэгч нь тухайн объектын зарим хэсгийг түрээсэлсэн байх тул Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт хийсэн нь ямар хуулийн зохицуулалтаар объектын зарим хэсгийг түрээслэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байхаар заасныг дурдаагүй бөгөөд хуульд тодорхой заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

4б. Хэргийн нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэсэн тухайд: Хариуцагч компани нь Байгууллага, хувь хүний хөгжлийн чиглэлээр түр сургалт явуулах үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй бөгөөд цар тахлын хугацаанд үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Ийм нөхцөл байдалд өмнө үүссэн өр төлбөр дээр нэмж үлдэх хугацааны түрээсийн төлбөр, алдангийг төлөх боломж байгаагүй. Түрээсийн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэхийг түрээсийн байрыг чөлөөлж өгснөөс хойш жил гаруй хугацааны дараа ирүүлсэн бөгөөд манай компаниас авах ёстой нийт төлбөрийг уг нэхэмжлэхээр нэхэмжилсэн гэж үзэх үндэслэлтэй болно. Гэвч шүүхээс түрээсийн төлбөр, алдангид нийт 6,889,999 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Талуудын шүүхэд өгч буй тайлбар нь зөрүүтэй, түрээсийн байрыг хэзээ чөлөөлж өгсөн нь тодорхойгүй дээрх нөхцөлд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй 4,100,000 төгрөгийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байхад шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, хэт нэг талыг барьж, хариуцагчаас үндэслэлгүй төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас 2,789,999 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Талуудын байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Энэ талаар шүүхийн шийдвэрт дахин нотлох шаардлагагүй гэж дурдсан. Хариуцагч талаас өмнөх шүүхийн шийдвэрт тухайн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэсэн. Эд хөрөнгийн гэрээний заалтуудыг авч хэрэглэсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн эд хөрөнгийн зарим хэсгийг түрээсэлсэн учраас гэж тусгасан байдаг. Энэ талаар хариуцагчийн зүгээс эс зөвшөөрдөг гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н.И- ХХК нь хариуцагч К.Т- ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 5,720,000 төгрөг, алданги 2,860,000 төгрөг, нийт 8,580,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллагаас зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нарны зам 81, JS /Жи Эс/ цамхагийн 6 давхар, 602 тоотод байрлах 130 м.кв талбайтай оффисын талбайг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөр 1,300,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /хх11-12/

4.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь буруу болжээ.

4.а. Өмнөх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/01340 дугаар шийдвэрт талуудын хооронд үүссэн харилцааг ...Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулга, шинжийг тусгасан, хуулийн хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэж шийдвэрлэсэнтэй талууд маргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй. /хх36-40/

4.б. Хэдийгээр зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ нэртэй байх боловч гэрээг хэрхэн нэрлэсэн нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Харин гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нарны зам 81, JS /Жи Эс/ цамхагийн 6 давхар, 602 тоотод байрлах 130 м.кв талбайтай байр нь хэрэглэгдэхүүнгүй /хоосон талбай/ хөрөнгийг эзэмшилд шилжүүлсэн нь түрээслэгч шууд аж ахуйн үйл ажиллагаа явуулж, дүрэмд заасан зорилгоо биелүүлэх боломжгүй тул түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна. Иймд, талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ-г Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзэв.

4.в. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа гэж зөвтгөсөн тул Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний шинжийг агуулсан, талууд тус гэрээг мөн хуулийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэх гомдол үндэслэлгүй.

5. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нарны зам 81, JS /Жи Эс/ цамхагийн 6 давхар, 602 тоотод байрлах 130 м.кв талбайтай оффисыг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай компанийн түрээсэлж байсан оффисын хаалгыг хувийн лацаар лацдаж, цоожны гол сольсон бөгөөд бидний зүгээс оффист нэвтэрч орох болон үйл ажиллагаа явуулж чадалгүй байсаар байгаад 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр чөлөөлсөн гэж тус тус тайлбарласан.

5.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20201104-01 дугаартай нэхэмжлэх-ийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй атлаа талуудын тайлбар болон гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байгааг анхааралгүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Цэцэгсүрэнгийн мэдүүлгийг үндэслэн хөлсний байрыг хүлээлгэн өгсөн хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэж тооцсон нь үндэслэл муутай болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнээгүй байна.

5.б. Хариуцагч К.Т- ХХК-д нэхэмжлэгч Н.И- ХХК-аас ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20201104-01 дугаартай нэхэмжлэхэд хөлсний үлдэгдэл 19,770,000 төгрөг гэж дурдсан байна. /хх54/

Дээрх нэхэмжлэхийн дүнгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/01340 дугаар шийдвэрээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон 15,600,000 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл 4,170,000 төгрөгийг эд хөрөнгө хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр гэж үзэх үндэслэлтэй. Уг дүнгээр тооцоход 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 3 сар 7 хоног буюу 2019 оны 09 дугаар сарын 20-ны өдөр гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна. Эд хөрөнгө хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20201104-01 дугаартай нэхэмжлэхэд дурдсан дүнгээр тооцох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.3.4-т түрээслэгч тал түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувиар бодож алданги тооцно гэж заасан байх бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4,170,000 төгрөгийн 50 хувиар алданги тооцож, 2,085,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

7. Иймд, хариуцагч К.Т- ХХК-аас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,170,000 төгрөг, алданги 2,085,000 төгрөг, нийт 6,255,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.И- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2022/02033 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 гэснийг 287 дугаар зүйлийн 287.1 гэж, 6,889,999 гэснийг 6,255,000 гэж, 1,690,001 гэснийг 2,325,000 гэж,

2 дахь заалтын 125,190 гэснийг 115,030 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР