| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2409029520015 |
| Дугаар | 2026/ДШМ/626 |
| Огноо | 2026-05-28 |
| Зүйл хэсэг | 23.5.2., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/626
2026 05 19 2026/ДШМ/626
А.Э, О.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Мөнхболд,
шүүгдэгч А.Э-, түүний өмгөөлөгч Б.Баярмаа,
шүүгдэгч О.Г-, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/734 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э-ийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүгдэгч О.Г-, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.Э-, О.Г- нарт холбогдох эрүүгийн 2409029520015 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э- овгийн А-ын Э- /РД: ВА-/, 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;
2. Х- овгийн О-ын Г- /РД: КО-/, 1980 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, зээгийн хамт .......тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн ахмад О.Г-, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Э- нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө 02 цаг 01 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “7 буудлын эцэс” нэртэй автобусны буудлын хажууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.5-д заасан “гэмт хэрэг, зөрчил болон золгүй тохиолдлоос хохирсон, биеэ хамгаалж чадахгүй, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой аюул учирч болзошгүй иргэнд хүнлэг энэрэнгүй хандаж, боломжит дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг эрмэлзэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх арга хэмжээ авах” гэснийг, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэснийг тус тус зөрчин өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон амь хохирогч М.Э-ыг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгөх албан үүргээ биелүүлээгүй орхисны улмаас М.Э- нь осгож нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Э-, О.Г- нарын үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э- овогт А-ын Э-ийг “үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж тоолохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ийн цагдан хоригдсон 115 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож,
Х- овгийн О-ын Г-ийг “үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх хасах ялыг орих ял эдэлж дууссан үеэс эхэлж тоолохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн цагдан хоригдсон 115 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Э-ийн өмгөөлөгч Б.Баярмаа гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч А.Э-ийг Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийи 5 дугаар зүйлийн 5.1-д “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө.” гэж заасныг зөрчсөн гэж дүгнээд хэрэгт Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны” гэж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
А. Учир нь, О.Г-, А.Э- нар нь согтуу хүн гудамжинд сууж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу харанхуй гудамжны үзүүрт сууж байсан М.Э-ыг олж, түүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор түргэн тусламжийн дуудлагыг 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 00:55 цагт өөрийн 8Э-1 дугаараас дуудлага өгсөн.
Түргэн тусламжийн эмч дуудлагын дагуу ирж М.Э-ын биед үзлэг хийгээд дуудлагын хуудсанд:Ухаан: Саруул, Орчиндоо: Харьцаатай,Үг яриа: Хэвийн гэж түүний амин үзүүлэлтийг шалгаад: Цусны даралт: Зүүн: 110/70, Баруун: 110/70, Зүрхний цохилт: 100, Амьсгалын тоо: 19, Хүчилтөрөгчийн хэмжээ: 96, Биеийн халуун: 36 гэж тодорхойлсноос, энэ хүнийг биеэ авч явах чадваргүй гэж дүгнэх боломжгүй, яаралтай эмнэлгийн тусламжийг түүнд үзүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь заалт нь хууль сахиулагч ... яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон байхыг шаарддаг. Иймд байдал тогтоогдохгүй байна.
Б. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т: “Согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай, зөрчил rapгаагүй хүнийг эрүүлжүүлэх байранд албадан хүргэхийг хориглоно.” гэж заасан. М.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай, ямар нэгэн зөрчил гаргаагүй. Энэ нь түргэн тусламжийн эмчийн үзлэг хийсэн 333583 тоот дуудлагын хуудсаар нотлогдоно. Иймд түүнийг албадан эрүүлжүүлэх байранд хүргэхийг хуулиар хориглосон байна.
В. Анхан шатны шүүх шүүгдэгч нар нь хохирогчийн эрүүлжүүлэх байранд хүргэж түүнийг согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн эсэх, өөрийн үйлдлийг удирдах чадвартай эсэхийг шалгуулж, эрүүлжүүлэх эсхүл ар гэрт нь хүлээлгэн өгөх арга хэмжээ авах ёстой гэж дүгнэсэн.мСогтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд Эрүүлжүүлэх байранд хүлээн авах зохицуулалтыг заасан байх ба уг зүйлийн 8.1-д: “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хүргэж ирсэн цагдаагийн алба хаагч түргэн тусламжийн төвийн ажилтан буюу иргэнийг байлцуулан эрүүлжүүлэх байрны эмч үг этгээдийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлж, эрүүлжүүлэх байранд хүлээж авна.” гэж заасан байна.
Хэрэв согтуу этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэх шаардлагатай гэж түргэний эмч дүгнэж байгаа бол цагдаагийн алба хаагчийн хамт эрүүлжүүлэх байранд хүргэж өгөх үүрэгтэйгээр заасан байна.
Энэ үйл баримтыг нотлох гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Хавтаст хэргийн 1-р боть 77-р талд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ШУТ-ийн жижүүрийн ахлах мөрдөгч Ц.Билгүтэйн өгсөн мэдүүлэгт: “...Гудамжинд биеэ авч явах чадваргүй ар гэр нь хүлээн авах боломжгүй хүиийг 103-г үзүүлээд эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч байгаа. Гэхдээ эрүүлжүүлэх байрны эмч нь хүлээн авахаас ихэнх тохиолдолд татгалздаг. Эсхүл 103-д үзүүлээд эрүүлжүүлж болно гэсэн бичиг аваад очихоор дахин 103 дуудаж үзүүл гээд авахгүй ихэнхдээ авахгүй буцаагаад байдаг...” гэж мэдүүлснээр нотлогдоно. Түргэн тусламжийн эмчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2, Согтууруулах ундаа хэтрүүлэп хэрэглэсэн этгээдийг албадап эрүүлжүүлэх тухай хуулийн 8.1-т заасан заалт хамааралтай бөгөөд түүний үйл ажиллагаанд адил хэрэгжих юм.
Тэгэхээр амь хохирогч М.Э-ыг албадан эрүүлжүүлэх шаардлагагүй байсан нь түргэн тусламжийн эмчийн үзлэг хийсэн 333583 тоот дуудлагын хуудсаар нотлогдож байна.
Г. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг буруутгах үндэслэлдээ тэдний ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн боловч яг ямар үүргийг биелүүлээгүйг тодорхой заагаагүй. Хэрэг гарах үед Чингэлтэй дүүргийн 2-р хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байсан шүүгдэгч О.Г-, эргүүлийн жолооч цагдаа А.Э- нар нь 2024 оны 9 дүгээр сарын 4-өөс 5-ны өдөр хүртэл машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг удирдлагаас өгсөн зааварчилгааны дагуу зохих ёсоор биелүүлж ажилласан жижүүрт гарсан дуудлага бүхнийг бичиж, ажлаа зохих ёсоор гүйцэтгэснийг нотлох энгэрийн камерын бичлэгийг мөрдөгчид хураалгасан зэргийг гаргуулах талаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад амь хохирогч М.Э-ын нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан нь цагдаагийн алба хаагч нарыг үүргээ биелүүлээгүйтэй шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч Т.Урангэрэл гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй зэрэг үндэслэлүүдээр энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Хууль Зүй Дотоод хэргийн яаманд албан ёсоор бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус акт болох Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн заалтыг үндэслэсэн. -албан ёсоор бүртгүүлээгүй нь тус ёс зүйн дүрмийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
2. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1 гэсэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.
3. Талийгаач ... 2 брожурын дунд хөл алдан тээглэж ар дагзаараа брожурын хашлаган дээр савж унасаны дараа босч чадахгүй байсан үйлдлийг шүүгч ... талийгаач согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй учраас босч чадахгүй байсан гэж хийсвэрээр дүгнэсэн.
4. Дуудлагаар очсон алба хаагч нар талийгаачийг согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн гэдгийг шинжээчийн 3067 дугаартай дүгнэлт гарахаас өмнө харагдахуйц шинжээр талийгаачийн гаргасан зан үйл, түргэний эмчийн мэдүүлэг, 103 дуудлагын хуудас зэргээр биеэ авч явах чадваргүйг мэдэх, тогтоох боломжгүй байсанд дүгнэлт хийгээгүй.
5. Өмгөөлөгч миний бие О.Г-ийг гэм буруугүй гэж маргахдаа яллах баримтуудыг няцаасан үндэслэл бүхий тайлбарыг шүүх няцаагаагүй.
7. Нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн магадлал, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй зэрэг гомдлын үндэслэлийг дурьдаж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж шүүгдэгч нарыг цагаатгана уу. ...” гэв.
Шүүгдэгч О.Г- гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Г- миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгүүлж байгаад санал нийлэхгүй байна. Миний бие 25 жил цагдаагийн байгууллагад ажиллаж тэтгэвэртээ гарах болсон, гэм буруу тогтоогдоогүй байхад ажлаас хууль бусаар халсан, дээрээс нь манай 2 албан хаагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалга гэсэн Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал н.Сүхболдын үүрэг, тушаалаар ял шийтгэл оноож байгаад гомдолтой байна.
Харанхуй гудамжинд бусдад зодуулсан нь илт байсан учир алба хаагчийн хувьд бас иргэн хүний хувьд хуульд зааснаар эмнэлгийн байгууллагад хандсан нь гэмт хэрэг болоод байгааг би болоод манай гэр бүлийн зүгээс гайхаж, үнэхээр их гомдолтой байна. Уг хүн илтээр бусдад зодуулсан байдалтай байтал тусламж үзүүлж байгаа эмч нь духны цус, хамрын цусыг арчиж цэвэрлээд биеийн байдал зүгээр, шаардлагатай бол эрүүлжүүлж болно, биеийн байдал хэвийн гээд дүгнэж орхиод явсан эмчийг яах вэ. Энэ захиалгатай зүйл, заалт дээр хэдий хууль сахиулагч гэж байгаа ч гэсэн эмнэлгийн ажилтан гээд зааж өгсөн байдаг. 103-ын эмч хүзүүнээс доош үзлэг хийгээгүй, уг хүн нь ичээд куртика, ноосон цамцаа тайлж өгөөгүй, эмч өөрөө хүчлээгүй хайнга хандсан. Эмч бие авч явах чадвартай, ухаантай, согтуу гэдгийг тодорхойлж өгөөд явсан. Ингэж тодорхойлсон хүнийг яах ёстой байсныг ойлгохгүй, улсын яллагч саатуулах байсан гэдэг. Эмч шаардлагатай бол саатуулж болно гэсэн бичиг өгснийг миний эсрэг ашиглаад байна. Эмч дахин дахин ирж бичиг хийж өгөхгүй гэсэндээ тэгж бичиж өгдөг нь дадал болсон бичиглэл шүү дээ. Уг хүн нь эмчтэй харилцан ярилцаад байсан нь бидний энгэрийн камерт бичигдсэн байдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс 2024.09.05-ны өдөр хурааж аваад 2 сар 20 хоногийн дараа санаатайгаар устгаад 2024.11.27-ны өдөр анх удаа надаас гэрчийн мэдүүлэг авахдаа энгэрийн камер бичлэггүй байсан гэж хэлдэг. Энэ бол санаатай, захиалгатайгаар гол нотлох баримт болох энгэрийн камерт уг хүний ярьж байгаа, гэртээ харьж чадна гэж хэлж байгаа зэрэг нь бичигдсэн байсныг устгасан.
Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хариуцлагатай жижүүрүүдийг илтэд хаацайлж байна гэж хавтаст хэргээс харагддаг. Шөнийн 01:50 цагийн ү залгахад камерын цагдаа Д- нь хариуцлагатай жижүүр ахлах хошууч Г-г унтаж, амарч байна гэсэн, мөн өөрийгөө мэдээлэл хүлээн авагч хийдэг гэж худал танилцуулсан. Мэдээлэл хүлээн авагч Х- гэх цагдаа нь бас мэдүүлэгтээ унтаж байсан гэдэг. Чиглэлийн алаг тэрэг завгүй ч дуудлагатай байна гэж худал хэлсэн нь шуурхай удирдлагын тасгийн дарга нь болох дэд хурандаа Х.Д-ийн хэлдэг. Өглөө ажил дээр ирэхэд хэлтсийн хаалга онгорхой, гадаа бүх алаг тэрэгнүүд байснаар нотлогдоно. Хариуцлагатай жижүүрхийн ахлах хошууч Г-, камерын цагдаа Д-, мэдээлэл хүлээн авагч Х- нар нь унтаж байсан ба нөгөө нууцлалын зэрэглэлтэй камерын өрөөний хаалга нь дэлгээтэй байсан гэдэг. Би Д- даргад энгэрийн камерын бичлэг үзүүлэх гэж өрөөнд ороход энэ бүгдийг хэлдэг. Бүгд дотроосоо түгжээд унтчихсан,эрүүл саруул ухаантай нэг ч хүн байхгүй байсан гээд халаглаж ярьдаг. Жижүүрийн ахлах мөрдөгч, хошууч Г- эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг жижүүрийн бүрэлдэхүүнээ явуулж, шинжээч, мөрдөгчөөр хойшлуулшгүй ажиллагааг хийлгэж авчруулах үүрэгтэй байтал унтаж амраад завгүй байсан байдаг. ...7 буудалд М.Э- нь куртик, ноосон цамц, гутлаа алдаж байгаа бичлэгийг гаргаж өгөх үүрэгтэй камерын цагдаа Д-г Сүхбаатар дүүргийн цагдаа, прокурор, шүүгч нар нь илтэд хаацайлсан. Ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн О.Г- миний бие болоод миний хамтран ажилладаг цагдаа жолооч А.Э-, түүний гэр бүл, манай гэр бүл бүгд үнэхээр гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс болон тусгай субьектийн хэлтсийн алба хаагчид яагаад амь хохирогчийн толгой хагалсан, өвчүүг цөмөлж хавирга нь хугалсан гэм буруутныг олж тогтоох тал дээр хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа. Энхтүвшингийн амь хохирогчийг куртикгүй, ноосон цамцгүй, гуталгүй олсон гэсэн мэдүүлгийг шалгахгүй байна. Өмссөн хувцсыг яагаад эрэн сурвалжлаагүй. ...” гэв.
Шүүгдэгч А.Э- шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй гэв.
Прокурор Э.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Өмнөх давж заалдах шатны шүүх хурлаар хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх магадлалд дурдсан ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр 60 хоногийн хугацаагаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн. Үүний дараа хурал болж 60 хоногийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн эсэхтэй холбоотой дүгнэлт хийж бүрэн биелсэн байна гэж дүгнэсэн учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхэд хангалттай хүрэлцэхүйц байгаа. Нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхэд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын эргүүлийн офицер О.Г-, цагдаагийн жолооч дэд ахлагч А.Э- нар нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс дараагийн өдөр шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ нь албан тушаалын тодорхойлолт, өгсөн зааварчилгаагаар тогтоогддог. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байх хугацаандаа Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудлын эцэст согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага мэдээллийн дагуу тухайн газар очсон. Очсон дуудлага мэдээллийн дагуу очоод тухайн дуудлага мэдээллийг хаасан. М.Э-ыг түргэн тусламж дуудаж үзүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хайнга хандах гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үзүүлэх албаны ажилдаа үүргээ биелүүлээгүйн улмаас амь нас хохирсон үйлдэл байхыг шаарддаг. Үүнээс хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан гэдэгтэй холбоотой талууд маргадаггүй. Харин ажилтны үүрэг нь ямар байсан юм бэ гэдгийг тодруулах ёстой гэж маргадаг. Цагдаагийн албан хаагч нь Цагдаагийн албан тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан үүргийг хүлээж ажилладаг. Энэ үүргүүд дундаас Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан хэсэгт хамаарч байгаа. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг албадан эрүүлжүүлэх тухай хууль нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд холбогдох, түүнд хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулсан хууль юм. Хэрэгт авагдсан баримтаар Э-ын согтуурлын зэрэг нь 3.5 байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ нь Согтуурсан этгээдэд хэрэглэх хууль зүйн зохицуулалт мөн. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “өөрийн үйлдлийг удирдах, хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаа, очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэгт өртөж болзошгүй болсныг үндэслэн цагдаагийн албан хаагч тухайн этгээдийг хамгаалах тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэж заасан. Өмгөөлөгчийн зүгээс Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “хэрэв өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай бол эрүүлжүүлэхгүй” гэсэн зохицуулалтыг тайлбарлаж байна. Энэ хуулийн хоёр зохицуулалт нь агуулгын хувьд ижил. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн эсэх, эсхүл өөрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал байсан эсэх нь хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа. Цагдаагийн албан хаагчийн машинаас буугаад тэр хүн хөл дээрээ нэг удаа тогтож чадалгүй унадаг. Газарт унаад өөрөө босох гэж оролдоод арагшаа дагзаараа хэд хэдэн удаа савсан байдаг. Энэ савж байгаа тохиолдолд цагдаагийн албан хаагч ямар нэгэн байдлаар ирдэггүй. СU дэлгүүрээс ус гаргаж өгөөд орхиод явдаг ба орхиж явсны дараа дахиад нэг удаа арагшаа савж унадаг. Шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын камерын бичлэгийн цаг хугацааг өглөө болох хүртэл нь шинжлэн судлахад амь хохирогч тухайн газраа дахин босоогүй нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн албан хаагч Цагдаагийн албан тухай хууль болон хүнлэг энэрэнгүй байж ямар ч тохиолдолд хүнд тусална гэх тангараг, хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг зэргээ биелүүлээгүй зөрчсөн. Амь хохирогчийг боржуур мөргөөд унаж байхад хүртэл хариуцлагагүй хандсан. Шүүгдэгч нар нь албаны үүрэг буюу эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Эрүүл мэндийн байгууллагын ажилтанд холбогдож үзүүлсэн ба эмч эрүүлжүүлэх байранд гэх хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдсэн. Нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож амь нас нь хохирсон гэдэг нөхцөлийг хангаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энгэрийн камерын бичлэгтэй холбоотой асуудлыг ярьж, давж заалдах шатны шүүхээс дахин шалгах ёстой гэж үзсэн. Энгэрийн камерыг дахин шалгахад бичлэг байхгүй, үүнийг цагдаагийн албан хаагч устгах боломжгүй гэж тогтоогдсон. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дуудлага хүлээн авсан Ц.Б-н хэрэгт байгаа тухайн мэдүүлгээр хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн, үүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар мэдэгдсэн, эрүүлжүүлэх боломжтой байсан талаар огт мэдэгдээгүй болох нь тогтоогддог. Нотлох баримт хүрэлцээтэй авагдсан. Амь хохирогч нь хэдийгээр эрэн сурвалжлагдаж байсан мэдээлэлтэй байсан боловч тухайн эрэн сурвалжлагдсан хүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн бол эрүүлжүүлэх байранд, эсхүл ар гэрт нь хүлээлгэн өгөх хуулийн зохицуулалттай. Эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас амь хохирсон гэж шүүхээс дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч О.Г-, А.Э- нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн ахмад О.Г-, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Э- нар нь 2024 оны 9 дүгээр сарын 4-ээс 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр цагдаагийн алба хаагчийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа, үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон иргэн М.Э-ыг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгөх албан үүргээ биелүүлэлгүй 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө 02 цаг 01 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “7 буудлын эцэс” нэртэй автобусны буудлын хажууд орхиж явсны улмаас М.Э- нь осгож нас барсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-гийн “...Миний аавд хууч өвчин, яг өвддөг эд эрхтэн байхгүй, эмч эмнэлгийн байгууллагын хараа хяналтад байдаггүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 дугаар хуудас/,
шүүгдэгч О.Г-, А.Э- нарын орхиод явсан газарт нас барсан байгааг нотолж буй амь хохирогчийн цогцос олдсон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 3-5/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 6-13/,
2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 02 цаг 01 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “7 буудлын эцэс” нэртэй автобусны буудлын хажууд цагдаагийн албаны Police гэсэн хаалган дээрээ бичиглэлтэй Duster загварын тээврийн хэрэгсэлээс амь хохирогч М.Э-ыг буулган орхиж, М.Э- нь унаад өөрөө босч чадахгүй байсан тул цагаан өнгийн микро автобусны хажууд мөлхөж очоод хөдөлгөөн хийгээгүй байдлыг бичсэн камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 18-23/,
гэрч Ц.Б-н: “...00 цаг өнгөрч байхад 7 буудал дээр замын баруун талд приус засварын гадаа согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл аваад түүнийг хамт байсан найзад нь хүлээлгэн өгөөд явуулсан гэж дуудлага мэдээллээ хаалгасан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78/,
амь хохирогч М.Э-ын эрүүл мэндийг дуудлагаар очиж үзсэн 103 түргэн тусламжийн эмч Н.О-ийн гэрчээр мэдүүлсэн: “...дуудлагын дагуу очиход ухаантай, согтуу 50 орчим насны эрэгтэй хүн байсан ба түүний нүүрний хэсэгт жижиг өнгөц шархтай, толгойн орой зулай хэсэгт 1 см орчим өнгөц шархтай цус гарсан байсан. Гэхдээ тэр хүн ухаантай байсан ба дуу дуулаад инээгээд асуусан асуултад хариулж байсан. Тэгээд би шархыг нь үзээд цэвэрлэж өгөөд амин үзүүлэлтийг нь үзэхэд хэвийн байсан. Тэгээд би бичиг хийж өгөөд дээр нь эрүүлжүүлэхийн эмчийн хяналтад гэж бичээд дараагийн дуудлага мэдээлэлд явсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131/, 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн түргэн тусламжийн дуудлага мэдээлэл хүлээн авсан хуудас №333583: “... дуудлага хүлээн авсан цаг: 2024/09/05 00:55, дуудлагад очсон цаг: 2025/09/05 01:26, дуудлага дууссан цаг: 2024/09/05 01:36. ...дуудлагын дүгнэлт: Зөвлөгөө өгсөн, цагдаад хүлээлгэн өгсөн, эрүүлжүүлэх байрны эмчийн хяналтад шилжүүлэв. ...” гэсэн тэмдэглэл /4-р хх-ийн 117/, Нийслэлийн түргэн туламжийн төв хүлээлцэх хуудас: “...үйлчлүүлэгчийн нэр: М-гийн Э-, ...Хүлээлгэн өгсөн эмчийн нэр: Н.О-: эрүүлжүүлэх байрны эмчийн хяналтад шилжүүл. ...” /1-р хх-ийн 14/,
амь хохирогч М.Э- осголтын улмаас нас барсан болохыг тогтоосон 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3067 дугаар “...хохирогч нь элэгний хатуурал, дунд зэргийн өөхлөлт, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогч нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ. Амь хохирогчийн цусанд 3,4 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно. А(II) бүлгийн цустай, урт 163см, жин 69кг байна. 2024.09.05-ны өдрийн 16 цаг 05 минутын цогцсын гадна үзлэгээр амь хохирогч нь нас бараад 13-15 орчим цаг болсон байжээ. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламжийг аль үе шатанд үзүүлэхээс хамаарч харилцан адилгүй байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 159-169/,
осголтын улмаас М.Э- нас барсан гэсэн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3067 дугаар шинжээчийн дүгнэлтийг баталгаажсан 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 832 дугаар: “...урьд гаргасан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №3067 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3067 дугаартай фото зурагт өвчүү, зүүн 3-р хавирганы дотор талаас харуулсан байх бөгөөд булчин, зөөлөн эдэд цус хуралттай, уг цус хуралтын түвшинд ясны хугаралтай харагдах бөгөөд цогцос шинжилгээний их биеийн ясны өөрчлөлт хэсэгт тэмдэглэгдээгүй байна. Өвчүү яс, зүүн 3-р хавирганы хугарал нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй, хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно. ...” /3-р хх-ийн 103-108/, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0526/145 дугаар: “...Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3067, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №ЕГ0525/832 дүгнэлтүүдтэй санал нэг байна. Мөрдөгчийн асуусан асуултад хариулах боломжгүй байна. Цогцост шинжилгээ хийсэн эмчээс тодруулах шаардлагатай. Хавтаст хэргийн материалд хавсаргасан цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний фото зурагт өвчүү, зүүн 3-р хавирганы хугарал, булчин, зөөлөн эдэд цус хуралттай байна. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй, хохирлын зэрэгт тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Ирүүлсэн материалаар хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй...” /4-р хх-ийн 67-73/ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн ахмад О.Г-, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Э- нарын 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө 02 цаг 01 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “7 буудлын эцэс” нэртэй автобусны буудлын хажууд өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон М.Э-ыг орхисон, тухайн орхисон газарт М.Э- нь осгож амь нас нь хохирсон байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 25.5.4-т “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэлтэй бол холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх, эсхүл Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах;...” авах ажиллагааг явуулахаар заасан. Мөн Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.5-д “гэмт хэрэг, зөрчил болон золгүй тохиолдлоос хохирсон, биеэ хамгаалж чадахгүй, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой аюул учирч болзошгүй иргэнд хүнлэг энэрэнгүй хандаж, боломжит дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг эрмэлзэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх арга хэмжээ авах”, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэж заасан.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн ахмад О.Г-, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Э- нар 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Цагдаагийн албаны үүргийг хэрэгжүүлж ажил үүргээ гүйцэтгэх явцаа согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болсон М.Э-ыг эрүүлжүүлэх байр, эсвэл хамгаалах хүнд хариуцуулж өгөлгүй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “7 буудлын эцэс” нэртэй автобусны буудлын хажууд гадаа орхисны улмаас М.Э- нь осгож нас барсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч О.Г-, А.Э- нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Хууль сахиулагч, ... албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, ...” гэсэн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.
3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П-т оршуулгын зардалд 25,792,672 төгрөгийг шүүгдэгч нар төлсөн /4-р хх-ийн 112-114, 116-117/, амь хохирогчийн төөлөлөгч Х.П- нь “...Шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй. Оршуулгын зардлыг бүрэн төлсөн. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй. ...” /4 хх-ийн 106/ гэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүх тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “...хоёр жил хүртэл хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүх шүүгдэгч О.Г-, А.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийх нь нийгмийн аюулын шинж чанар, О.Г-, А.Э- нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тус тус 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
О.Г-, А.Э- нарын ажлын байрны тодорхойлолтод “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх, нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомжийг сахиулах чиглэлээр эргүүл хийх, хуулиар харъяалуулсан шалгаж шийдвэрлэх, удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийг биелүүлэх. ...” гэж,
Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйл/Хуулийн нэр томьёоны тодорхойлолт/-ийн 3.1.1-т “гэмт хэрэгтэй тэмцэх” гэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах зорилгоор хуульд заасан ажиллагаа явуулахыг;
3.1.2-т “нийтийн хэв журам хамгаалах” гэж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг;
3.1.3-т “олон нийтийн аюулгүй байдлыг хангах” гэж хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, улс орны эрх ашигт ноцтой хор уршиг, хохирол учруулж болзошгүй аюулыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг;
мөн хуулийн 4 дүгээр зүйл/Цагдаагийн алба/-ийн 4.1-т “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.” гэснээс үзэхэд шүүгдэгч О.Г-, А.Э- нар нь хууль сахиулах байгууллагад хууль сахиулагчийн ажил, үүргийг гүйцэтгэж байжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг шүүгдэгч О.Г-, А.Э- нарт оногдуулахдаа ямар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасахыг тодорхой заагаагүй байх тул “хууль сахиулагчийн үйл ажиллагаа явуулах эрх”-ийг нь хассан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг А.Э-, О.Г- нарт холбогдох эрүүгийн 2409029520015 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Г-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан “...цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой, ажлаас үндэслэлгүй халсан...” гэх агуулга бүхий гомдлууд нь шүүгдэгч нарын албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан үйлдэлтэй нь хамааралгүй байх тул энэ үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Амь хохирогч М.Э-ыг цагдаагийн албаны машинаасаа хууль сахиулагч О.Г-, А.Э- нар нь буулган гудамжинд гадаа орхих үед М.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй байсан болох нь амь хохирогчийн биеэ даан босож хөдөлгөөн хийж чадахгүй, мөлхөх хөдөлгөөн хийж байгааг бичсэн камерын бичлэг, түргэн тусламжаар ирж М.Э-ын биед эрүүл мэндийн үзлэг хийсэн эмчийн тэмдэглэл “эрүүлжүүлэхийн эмчийн хяналтад” зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хэрэг болсон хугацаанд энгэрийн камерын бичлэг хийгээгүй болох нь гэрч А.С-ын: “...Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч н.М- нь цагдаа жолооч А.Э-ийн энгэрийн камерт үзлэг хийж надад уг энгэрийн камерыг хүлээлгэн өгөхдөө мөрдөгч н.М- надад хэлэхдээ “энгэрийн камер дээр хэрэг учрал болох үеийн камерын бичлэг байхгүй байна” гэж хэлээд надад хүлээлгэн өгсөн. А.Э-ийн энгэрийн камерын бичлэгийг үзэхэд тухайн хэрэг учрал болох үеийн камерын бичлэг байхгүй байсан. Уг бичлэгийг одоо ямар нэгэн байдлаар архивласан зүйл байхгүй. ...” /4-р хх-ийн 48-49/, гэрч С.М-ын: “...Цагдаагийн алба хаагчийн албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа энгэрийн камер нь өөр дээрээ устгах боломжгүй, компьютерийн үйлдлийн систем дээр тусгай программын тусламжтайгаар бичлэгийг тасдаж, устгах боломжтой байдаг. Тухайн цаг хугацааны бичлэг хийгээгүй байна гэсэн үг юм. ...” /4-р хх-ийн 63-64/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Э-ийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүгдэгч О.Г-, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
5. Шийтгэх тогтоол гарсан 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл шүүгдэгч О.Г-, А.Э- нарын нийт 60 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/734 дүгээр шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг...” гэснийг “...хууль сахиулагчийн үйл ажиллагаа явуулах эрхийг...” гэж тус тус,
тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх хасах ялыг...” гэснийг “...хууль сахиулагчийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э-ийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүгдэгч О.Г-, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-, А.Э- нарын 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ