Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 732

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Сэлэнгэ,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

           Шүүгдэгч: Д.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Бд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 180504960858 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Мөнгөн завъяа” төв дотор иргэн Х.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Х.Бийн “...2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр найзууд болох МӨ, Д.Б, ДА, М, танихгүй 1 залуугийн хамт Модны 2-н Мөнгөн завъяагийн 6 давхарт захирал МӨийн өрөөнд архи ууж байсан....Д.Бтай хоорондын ярианаас болж маргалдсан чинь Д.Б миний дух, баруун чих хэсэгт нэг, нэг удаа нийт 2 удаа гараараа цохихоор нь би эсэргүүцэх гэсэн чинь МӨ намайг хойноос боль гээд барьж авсан. ДА намайг гэрт чинь хүргэж өгнө гээд дагуулан шатаар авч явсан. Цахилгаан шат хүлээгээд зогсож байсан чинь Д.Б, М, танихгүй 1 залуугийн хамт гурвуулаа бууж ирээд ямар нэг үгийн зөрүүгүй миний дээд уруул руу нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 14-18/,

Гэрч Б.МӨийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Б, Х.Бийн эсэрг талд сууж байснаа гэнэт бие биенийгээ заамдан авсан бөгөөд Д.Б, Х.Бийн нүүрэн тус газар 2 удаа цохьсон....Х.Бийн нүүр хэсгийг харахад цохиулсны улмаас улайчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-21/,

Гэрч Ш.ДАын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Б, Х.Б хоёр ярьж байсан сэдвээсээ болж маргалдаж эхэлсэн, босоод бие биенээ заамдан авч Д.Б, Х.Бийн нүүрэн тус газар руу нь 2 удаа цохих шиг болсон. ...би гар утсаа МӨийн өрөөнд үзэх зорилгоор Х.Бийг дагуулан Мөнгөн завъяа руу орон цахилгаан шат дуудсан чинь Д.Б цахилгаан шатнаас ганцаараа буугаад ирсэн. Тэгтэл Х.Б, Д.Б нар дахин маргалдсан бөгөөд Д.Б, Х.Бийн нүүрэн тус газар нэг цохих шиг болсон. Энэ үед би салгаад Х.Бийг тэврэн цахилгаан шат руу орсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Сэжигтнээр Д.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “...би Х.Б ахтай Ардчилсан намын талаар ярьж байгаад маргалдсан чинь Х.Б миний нүүрэн тус газар гарын ар хэсгээрээ цохихоор нь сандлаасаа босож Х.Бийн нүүрэн тус газар руу нь гараараа 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-30/,

Шинжээчийн 10861 тоот дүгнэлтэд: “...Х.Бийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад няцарсан шархнууд, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 20/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43-48/, Хохирогчийн хүсэлт /хх-н 49-50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Мөнгөн завъяа” төв дотор иргэн Х.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.Бийн “...Д.Бтай хоорондын ярианаас болж маргалдсан чинь Д.Б миний дух, баруун чих хэсэгт нэг нэг удаа, нийт 2 удаа гараараа цохихоор нь би эсэргүүцэх гэсэн чнь МӨ намайг хойноос боль гээд барьж авсан. ...цахилгаан шат хүлээгээд зогсож байсан чинь Д.Б, М, танихгүй 1 залуугийн хамт гурвуулаа бууж ирээд ямар нэг үгийн зөрүүгүй миний дээд уруул руу нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-18/, гэрч Б.МӨийн: “...Д.Б, Х.Бийн нүүрэн тус газар 2 удаа цохьсон. ...Х.Бийн нүүр хэсгийг харахад цохиулсны улмаас улайчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-21/, гэрч Ш.ДАын: “... Д.Б, Х.Б хоёр ярьж байсан сэдвээсээ болж маргалдаж эхэлсэн, босоод бие биенээ заамдан авч Д.Б, Х.Бийн нүүрэн тус газар руу нь 2 удаа цохих шиг болсон. ...би гар утсаа МӨийн өрөөнд үзэх зорилгоор Х.Бийг дагуулан Мөнгөнзавъяа руу орон цахилгаан шат дуудсан чинь Д.Б цахилгаан шатнаас ганцаараа буугаад ирсэн. Тэгтэл Х.Б, Д.Б нар дахин маргалдсан бөгөөд Д.Б, Х.Бийн нүүрэн тус газар нэг цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/, шинжээчийн 10861 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ хохирогч Х.Бтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 49-50/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР