2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2026/02925

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 27

191/ШШ2026/02925

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч байрлах, ******* ******* ******* холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.******* нь ******* ******* ******* холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Ч.******* миний бие цагдаагийн байгууллагад тасралтгүй 20 жил ажиллаж байна. Уг ажиллах хугацаанд ******* ерөнхий газрын даргын 2010 оны 10 сарын 12-ны өдрийн 534 тоот Ажлаас чөлөөлж, орос хэлний бэлтгэл ангид элсүүлэн суралцуулах тухай тушаалаар Ч.******* намайг ******* академи сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцуулахаар шийдвэрлэсэн.

Уг тушаалыг үндэслэн Замын цагдаагийн газрын даргын 2010 оны 10 сарын 28-ны өдрийн 137 тоот Ажлаас чөлөөлөх хичээлийн чөлөө олгох тухай тушаалаар 2010 оны 10 сарын 13-ны өдрөөр тасалбар болгон Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, цагдаагийн академийн сургуульд суралцуулахаар шийдвэрлэсэн.

Миний бие суралцах хугацаанд ******* ерөнхий газрын даргын 2011 оны 05 сарын 03-ны өдрийн 219 тоот Сургалтаас чөлөөлж харьяа байгууллагад шилжүүлэх тухай тушаалаар ******* академийн гадаад хэлний сургалтын төвийн орос хэлний бэлтгэл ангиас чөлөөлж, Замын цагдаагийн газарт буцааж шилжүүлж шийдвэрлэсэн.

Ийнхүү 2010 оны 10 сараас 2011 оны 05 сар хүртэл цагдаагийн алба хаагчийн ажлаас түр чөлөөлөгдөн цагдаагийн академи сургуульд орос хэлний бэлтгэл ангид суралцсан ба уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ******* байгууллагаас төлөөгүй байдаг.

Өнгөрсөн хугацаанд дээрх шимтгэл төлөлтийн асуудлаар ******* ерөнхий газарт хандаж байгаагүй, харин 2025 оны 08 сард очиж уулзахад шүүхэд хандаж шийдвэрлүүл гэж мэдэгдсэн. Иймээс миний бие 2010 оны 11 сар, 12 сар, 2011 оны 01 сар, 02 сар, 03 сар, 04 сар, 05 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргасан.

Сургалтын хугацаанд ******* цалин хөлсөө аваагүй. Гэхдээ цагдаагийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдөөгүй. Чөлөөтэй байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг цагдаагийн байгууллагаас төлөх хууль зүйн үндэслэлтэй.

Төрийн албаны тухай хууль 2011 онд батлагдсан холбогдох журмын дагуу цагдаагийн албан хаагчийг цэргийн байгууллагын албан хаагчидтай адилхан үзэж, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох дүрэм журмаар нөхөн төлөх харилцааг зохицуулсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд 2010 оны 11 сар, 12 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллага төлсөн тул энэ хугацаанд хамаарах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага 2011 оны 1, 2, 3, 4, 5 сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дутуу гэдэг үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нөлөөлөх асуудал үүсээд байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Яагаад ******* ерөнхий газрыг хариуцагчаар татаад байгаа гэхээр *******ыг ажлаас чөлөөлөөд түр хугацаанд чөлөө олгоод буцааж ажилд авч байгаа харилцааг үүсгээд өөрчлөөд сэргээгээд байгаа харилцааг цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 он болон 2014 оны тушаалаар шийдвэрлээд байдаг юм. Тэгэхээр эрх зүйн харилцаа үүсгээд байгаа тушаал ******* ерөнхий газрын даргын гарын үсэгтэй тушаал байдаг учраас ******* ерөнхий газрыг хариуцагчаар татсан.

******* байгууллагын тухай хуулиар ажилтныхаа нийгмийн баталгааг зохих түвшинд хамгаалах үүргийг хүлээдэг. Ажил олгогчийн санаачилгаар ажилтанд сургалтын чөлөө олгочхоод тухайн хугацаанд ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй таслуулж байгаа явдал нь ажилтныхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байгаа гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгч болон бусад алба хаагч, сонсогч нарын хүсэлтийн дагуу ******* ерөнхий газрын даргын 2010 оны 534 дүгээр Ажлаас чөлөөлж, орос хэлний бэлтгэл ангид элсүүлэн суралцуулах тухай тушаалаар ******* академийн орос хэлний бэлтгэл ангид элсэн суралцуулахаар шийдвэрлэж, мөн оны Замын цагдаагийн газрын даргын 137 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, ******* академийн мэдэлд, мөн ******* ерөнхий газрын даргын 2011 оны 219 дүгээр тушаалаар ******* академийн орос хэлний бэлтгэл ангис чөлөөлж Замын цагдаагийн газрын мэдэлд шилжүүлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ гээд 1 дэх заалтад хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж тус тус зохицуулж байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн сургалтын чөлөөтэй байх хугацаанд цалин авах, нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн зохицуулах талаар тухайн үед гаргасан тушаалуудад дурдагдаагүй байна.

******* ерөнхий газрын даргын 2010 оны 534 дүгээр тушаалын 2 дугаар хэсэгт 10 дугаар сарын 14-ний өдрөөс суралцуулахыг ******* газрын хэлтсийн дарга үүрэг болгосон. Үүний дагуу дээрх Замын цагдаагийн газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тушаал гарсан. Тушаалын 4 дэх хэсэгт хичээлийн чөлөө олгосон алба хаагчийн чөлөөтэй хугацаанд албан ажиллагаа, онцгой нөхцөлийн нэмэгдлийг хасаж тооцон олгохыг ахлах нягтлан бодогч цагдаагийн албан хаагч зөвшөөрсүгэй гэж байгаа.

Ч.******* ******* академид орос хэлний сургуульд суралцаж, улмаар 2011 оны 5 сарын туршид ******* ерөнхий газрын даргын тушаалаар тухайн сургалтаас чөлөөлж харьяа байгууллагад даалгасан байдаг.

Замын цагдаагийн алба нь 2018 оны 206 дугаартай тушаалаар замын цагдаагийн газар нь тээврийн цагдаагийн алба болж өргөжиж, зохион байгуулалт нь тууштай болж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа, Замын цагдаагийн газар нь хуулийн этгээд, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дугаар зүйлд зааснаар хариуцагч гэдгийг тодорхойл өгсөн. Мөн Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дүгээр зүйлд хуулийн этгээдийн тодорхойлолт байдаг. Мөн хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх үүсэж, дуусгавар болно гэдэг хуулийн заалт байдаг.

Тэгэхээр ******* ерөнхий газар хариуцагч мөн юм уу, биш юм уу гэдэг асуудал яригдаж байгаа юм. Нарийвчлаад харахад 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн замын цагдаагийн газрын даргын албан тушаалыг харахаар онцгой нөхцөлийн нэмэгдлийг хасаад бусад цалинг олгоё гэдэг даргын тушаал байгаа, тэгэхээр Замын цагдаагийн газар буюу одоогийн тээврийн цагдаагийн алба хариуцагч болох юм биш үү гэж харж байгаа юм. Яагаад гэвэл тусдаа нягтлантай, санхүүтэй, цалин хөлсөө олгодог хуулийн этгээд.

Иймд цагдаагийн ерөнхий газрыг хариуцагчаар татах үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/,

3.2. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/,

3.3. ******* ******* Газрын даргын 2011.05.03-ны өдрийн 219 дугаар Сургалтаас чөлөөлж харьяа байгууллагад шилжүүлэх тухай тушаал /хх 5/,

3.4. ******* ******* Газрын даргын 2010.10.12-ны өдрийн 534 дугаар Ажлаас чөлөөлж, орос хэлний бэлтгэл ангид элсүүлэн суралцуулах тухай тушаал /хх 6/,

3.5. Замын ******* Газрын даргын 2010.10.28-ны өдрийн 137 дугаар Ажлаас чөлөөлөх, хичээлийн чөлөө олгох тухай тушаал /хх 7/,

3.6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 8/

3.7. Итгэмжлэл /хх 38/.

 

4. Хариуцагчаас шүүхэд дараах нотлох баримтыг гаргасан. Үүнд:

4.1. ******* ******* Газрын даргын 2024.08.21-ний өдрийн А/320 дугаар Байгууллагыг төлөөлөх эрх шилжүүлэх тухай тушаал /хх 12/,

4.2. Итгэмжлэл /хх 13/,

4.3. Хариу тайлбар /хх 19/

4.4. ******* ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 32/

4.5. ******* ерөнхий газрын даргын 2018.08.21-ний өдрийн А/208 дугаар Тээврийн цагдаагийн албаны зохион байгуулалт бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг батлах тухай тушаал, түүний хавсралт /хх 39-40/ .

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******* ******* Газар нь намайг орос хэлний бэлтгэл ангид элсэн суралцуулахаар 2010.10.12-ны өдөр ажлаас чөлөөлж, нэхэмжлэгчийн суралцах хугацааны буюу 2010 оны 11, 12 сарын, 2011 оны 1-5 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байх тул нөхөн төлж, баталгаажуулалт хийх үүрэгтэй гэнэ.

 

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд 2010 оны 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах шаардлагаасаа татгалзаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн 2010 оны 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

3. Хариуцагч ******* ******* Газар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ ******* ******* Газрын Тээврийн ******* алба нь Ч.*******ын ажил олгогч бөгөөд Цагдаагийн ******* газар нь хариуцагч биш гэнэ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. ******* ******* газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 534 дугаар Ажлаас чөлөөлж, орос хэлний бэлтгэл ангид элсүүлэн суралцуулах тухай тушаалаар 2010-2011 оны хичээлийн жилд ******* академийн орос хэлний бэлтгэл ангид Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ч.*******ыг элсэн суралцуулах, алба хаагчийг 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн суралцуулахыг цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосон байна. /хх 6/

 

Замын цагдаагийн газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 137 дугаар Ажлаас чөлөөлөх, хичээлийн чөлөө олгох тухай тушаалаар ******* академийн орос хэлний бэлтгэл ангид элсэн суралцах болсон цагдаагийн ахлагч ******* *******ыг Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн 23.3.2-т заасныг үндэслэн энэ оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, ******* академийн мэдэлд шилжүүлж,

хичээлийн чөлөө олгосон алба хаагчийн чөлөөтэй байх хугацаанд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг хасаж тооцон олгохыг ахлах нягтлан бодогчид зөвшөөрч шийдвэрлэжээ. /хх 7/

 

******* ******* Газрын даргын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 219 дүгээр Сургалтаас чөлөөлж харьяа байгууллагад шилжүүлэх тухай тушаалаар Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийг тасгийн цагдаазохицуулагч, цагдаагийн ахлагч ******* *******ыг 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон ******* академийн гадаад хэлний сургалтын төвийн орос хэлний бэлтгэл ангиас чөлөөлж, Замын цагдаагийн газрын мэдэлд шилжүүлсэн байна. /хх 5/

 

Талууд дээрх тушаалууд болон нэхэмжлэгч орос хэлний бэлтгэл ангид суралцсан, мөн элсэн суралцахын өмнө Баянгол дүүргийн замын цагдаагийн тасагт цагдаагаар ажиллаж байсан үйл баримтад маргаангүй байна.

 

4.2. Нэхэмжлэгч Ч.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор 2010 оны 11 дүгээр сараас 2011 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт хийгдээгүй байна. /хх 8/

 

5. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид цэргийн алба хаагч гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино,

5 дугаар зүйлд Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно гэж тус тус заажээ.

 

Тодруулбал цагдаагийн алба хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу төрөөс хариуцан төлдөг байна.

 

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай 1994 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна,

3-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч гэж тус тус хуульчилсан ба мөн 16 дугаар зүйлийн 4-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэнэ гэж нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмыг зохицуулсан.

 

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө,

17 дугаар зүйлийн 1-т Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:

1/хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;

2/шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх үүрэгтэй гэжээ.

 

Өөрөөр хэлбэл даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог ажил олгогч гүйцэтгэж, нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байна.

 

Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Ч.*******ын ажил олгогч нь ******* ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба болох нь тогтоогдож байх тул ******* ерөнхий газар нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнах, баталгаажуулалт хийх үүрэггүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Нийгмийн даатгалын тухай 1994 оны хуулийн 16 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ын хариуцагч ******* ******* ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн 2011 оны 01-05 дугаарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын хариуцагч ******* ******* ******* холбогдуулан гаргасан 2010 оны 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА