Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 733

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Сэлэнгэ,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Шүүгдэгч/хохирогч: Б.Г,

           Шүүгдэгч/хохирогч: Г.Ннар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Н, Б.Г нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805034290705 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г , урьд ял шийтгэлгүй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Н , урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 15 дугаар байрны 1 давхарт байрлах “Ананд” хүнсний дэлгүүр дотор иргэн Г.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Ннь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 15 дугаар байрны 1 давхарт байрлах “Ананд” хүнсний дэлгүүр дотор иргэн Б.Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Ананд дэлгүүрт ээжийгээ өмөөрч Г.Нтай маргалдсан. Би өөрийгөө хамгаалах зорилгоор л цохьсон. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж байна. Энэ нь ял авснаас ялгаагүй байна. Би маш их гомдолтой байна. Залуу хүн цаашдаа цагдаагийн тодорхойлолт авах бүрт ял шийтгэлтэй гэж гарч ирж байхаар болж байна.  Миний ирээдүйд маш их нөлөөлөх болж байна. Яагаад намайг яллаж байгааг ойлгохгүй байна. Би хуулийн талаар сайн мэдлэг байхгүй ч хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөх байх гэж итгэж явсаар өдийг хүрлээ. Би хүнд зүгээр заамдуулаад зогсоод байж чадахгүй тул цохьсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би ажилгүй гэртээ амарч байсан. Гэртээ 4 шил пиво уусан байсан ба тамхи авахаар дэлгүүр орсон. Энэ маргаан НӨАТ-ын баримт авахаас болж гарсан. Энэ маргаанд миний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нөлөөлсөн гэж үзэж байгаа. Надад бусадтай ёс зүйгүй харьцсан буруу байгаа. Би цагдаагийн алба хаагчтай зүй бус харьцсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Цагдаагийн байгууллага намайг эхлээд 300.000 төгрөгөөр торгосон. Үүнийг нь би хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан. Би эрүүлжүүлэх байранд байхдаа маш их зүйлийг тунгаан бодож цагдаагийн байгууллагад өргөдөл өгье гэж шийдсэн. Хууль, дүрэм шинэчлэгдсэн болохоор шинэ хуулиар асуудлыг шийдэх байх гэж бодож өргөдөл гаргасан юм. Би өөрөө өндөг шиг өөгүй хүн биш. Тухайн үед уур бухимдалтай байсан. Миний уур гараад би их бодсон. Залуу хүний амьдралд хар толбо хийчихлээдээ гэж бодоод өргөдлөө буцааж авах гэтэл таныг сэжигтнээр татсан учраас одоо өргөдлөө буцааж авах боломжгүй гэж хэлсэн. Энэ хэрэг гарахад миний буруу зүйл ч байгаа, зөв зүйл ч байгаа. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогчоор Г.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим Ананд дэлгүүр орж нэг хайрцаг Кастер тамхи худалдан авсан. Тэгээд тэр дэлгүүрээс НӨАТ-ын баримт нэхтэл 50 орчим насны худалдагч эмэгтэй баримт байхгүй, өгөхгүй гэхээр нь авсан тамхиа буцаагаад ав гээд худалдагч эмэгтэй рүү шидэх маягтай өгчихсөн чинь хүү нь гээд залуу гарч ирээд ээжийгээ өмөөрөөд миний нүүрэн тус газар 9-10 удаа цохьсон. ...цохих үед нь би өөрийгөө хамгаалж нэг түлхээд заамдалцаад цамцнаас нь зуурсан асуудал байгаа. Тэгээд тэр залуутай муудалцаад салаад удаагүй байтал тэр дэлгүүрийн хүн цагдаа дуудсан бололтой хоёр цагдаа ирээд болсон асуудлын талаар сонсоод бид нарын хоорондын маргааныг таслах үүднээс намайг гэртээ ороод амарчих гэхээр нь би тодорхой хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэсэн бас ямар нэг байдлаар хүнд зодуулаад бэртэл авчихаад зүгээр байж чадахгүй байсан болохоор цагдаа нарт хандаж за би энэ асуудлыг үүгээр орхихгүй маргааш гэхэд ямар нэг байдлаар асуудал ярина шүү гэж хэлтэл дуудлагаар ирсэн цагдаа нар намайг хэлтэс дээрээ хүргэн ирж эрүүлжүүлсэн. Тэгээд би маргааш нь эрүүлжүүлэхээс гарч нөгөө дэлгүүрийн залууд гомдол гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Хохирогчоор Б.Г мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед согтуу тэгэж байгаад гарах байх гэж бодоод хийж байсан ажлаа хийгээд сууж байтал тэр залуу дэлгүүрээс бүр гарахгүй орилж хашхираад ээж рүү дайраад гарахдаа ээж рүү худалдаж авсан тамхиа шидэхээр нь би тэр залуу дээр очоод ахаа та яагаад байгаа юм бэ, ээжээс уучлалт гуйчих гэсэн чинь тэр залуу эргэж харснаа ээж рүү “өө чиний хамгаалагч байсан юм уу” гэж хэлээд миний хоолойг боогоод толгой орчим хаашаа ч хамаагүй цохиод байхаар нь би арга буюу өөрийгөө хамгаалах гэж 1-2 удаа тэр ахыг цохих шиг болоод салсан. Тэгээд удалгүй байтал гаднаас цагдаа нар ирээд тэр ахыг надтай хамт цагдаагийн хэлтэс рүү дагуулж явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч Л.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр залуу манай дэлгүүрээс авсан Кастер тамхиа миний өөдөөс шидээд гарах гээд явах үед манай хүү арын барааны агуулахаас гарч ирж таараад над руу тэр залууг тамхи шидэж байгааг харсан бололтой нөгөө залуу руу очоод “ах яагаад байгаа юм бэ, та манай ээжээс уучлалт гуйчих” гэж хэлсэн чинь тэр залуу над руу эргэж харснаа их чанга дуугаар “өө чиний хамгаалагч байсан юм уу” гэж хэлээд манай хүүг шууд ална гэж хэлээд аль гар гэдгийг нь санахгүй байна манай хүүг цохих гэхэд нь хүү маань доошоо болоод эхний цохилтоос нь бултсан. Тэгээд манай хүүг тэр залуу шууд хоолойгоор нь багалзуурдаад ална гээд дайрахаар нь би сандраад орилоод нөгөө залуу, хүү 2-ыг салгах гээд дундуур нь орсон боловч дийлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-23/,

Гэрч Ч.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би дуудлага аваад “Ананд” дэлгүүрт очиход Г.Н гээд залуу тэр дэлгүүрийн гадаа цагдаа хүлээж байна гээд зогсож байсан. Тэгээд тэр Г.Нын хамтаар дэлгүүр ороод өөрийгөө дуудлага өгсөн гээд байсан Л.Э гэх эгчтэй уулзаад юу болсон талаар тодруулахад хариулт мөнгө өгсөнгүй гэж Г.Н гэх залуу хэл амаар доромжилсон. Маргаан болж байхад хажуу талаас нь Л.Э гэх эмэгтэйн хүү болох Б.Г гэх залуу ээжийгээ өмөөрч Г.Н гэх залуутай бие биенээ боож маргасан байсан. Намайг дуудлага аваад очихоос өмнө хоорондоо маргалдахаа болиод хүлээж байсан. ...хоёр биенээ боосон гээд Г.Н, Б.Г нарын хүзүү улайсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Гэрч Г.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...Г.Н гэгч нь дэлгүүрт орж ирээд Л.Э гэх эгчтэй НӨАТ-ын баримтаас болж маргаан хийж байхад Л.Э гээд эгчийн хүү Б.Г ээжийгээ өмөөрч Г.Н гэгчтэй маргаан хийж хоорондоо барьцалдаж, заамдалцсан гэж байсан. ...Б.Г, Г.Н нарын хүзүү боолгосон бололтой улайсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Гэрч Т.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай охин дэлгүүрийн эгчийг нэг хүн зодоод байна гэхээр нь цагдаад дуудлага өгөөд Ананд дэлгүүрт гүйгээд орсон. Намайг ороход 35-40 орчим насны ах дэлгүүрт согтуу агсам тавиад дэлгүүрээс гарахгүй Ананд дэлгүүрийн эгчийн хүү нь та гарчихаач гээд хэлээд байхад тэр ах бүүр агсам тавиад чи муу намайг амжих уу, барах уу гээд орилж хашхираад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Шинжээчийн 7659 тоот дүгнэлтэд: “...Г.Нын биед хамар, зовхи, нүдний алим, цээж, бугалга, шуу, эрүү сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-н 29/,

Шинжээчийн 7720 тоот дүгнэлтэд: “...Б.Г биед хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 35/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Компьютер томографийн оношлогоо /хх-н 30/, хохирогч Б.Г гэмтлийг харуулсан гэрэл зураг /хх-н 34/, шүүгдэгч/хохирогч Б.Г хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 67-79/, шүүгдэгч/хохирогч Г.Нын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 80-92/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 108/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь өөрийгөө хамгаалах гэж Г.Ныг цохьсон, гэм буруугүй гэж байгаа боловч хохирогч, яллагдагчаар Г.Нын өгсөн мэдүүлэг, мөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр Б.Г нь Г.Ныг гарах гэж байхад нь араас нь очиж уучлал гуй гэснээс үүдэн маргалдаж улмаар харилцан зодолдсон үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Г нь өөрийгөө хамгаалсан буюу аргагүй хамгаалалт  хийсэн болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй, Г.Нын миний биед гэмтэл учруулсан талаарх мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна. Иймд Б.Г гэм буруугүй гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 15 дугаар байрны 1 давхарт байрлах “Ананд” хүнсний дэлгүүр дотор иргэн Г.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Ннь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 15 дугаар байрны 1 давхарт байрлах “Ананд” хүнсний дэлгүүр дотор иргэн Б.Гтай хувийн таарамж тохиромжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.Нын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчоор Г.Нын: “......Ананд дэлгүүр орж нэг хайрцаг Кастер тамхи худалдан авсан. Тэгээд тэр дэлгүүрээс НӨАТ-ын баримт нэхтэл ...50 орчим насны худалдагч эмэгтэй баримт байхгүй, өгөхгүй гэхээр нь авсан тамхиа буцаагаад ав гээд худалдагч эмэгтэй рүү шидэх жаахан маягтай өгчихсөн чинь хүү нь гээд залуу гарч ирээд ээжийгээ өмөөрөөд миний нүүрэн тус газар 9-10 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, хохирогчоор Б.Г: “...тухайн үед согтуу тэгж байгаад гарах байх гэж бодоод хийж байсан ажлаа хийгээд сууж байтал тэр залуу дэлгүүрээс бүр гарахгүй орилж хашхираад ээж рүү дайраад ...гарахдаа ээж рүү худалдаж авсан тамхиа шидэхээр нь би тэр залууг очоод ахаа та яагаад байгаа юм бэ, ээжээс уучлалт гуйчих гэсэн чинь тэр залуу эргэж харснаа ээж рүү “өө чиний хамгаалагч байсан юм уу” гэж хэлээд миний хоолойг боогоод толгой орчим хаашаа ч хамаагүй цохиод байхаар нь ...би арга буюу өөрийгөө хамгаалах гэж 1-2 удаа тэр ахыг цохих шиг болоод салсан...” /хх-н 19-20/, гэрч Л.Эын: “...тэр залуу манай дэлгүүрээс авсан Кастер тамхиа миний өөдөөс шидээд гарах гээд явах үед манай хүү арын барааны агуулахаас гарч ирж таараад над руу тэр залууг тамхи шидэж байгааг харсан бололтой нөгөө залуу руу очоод ах яагаад байгаа юм бэ, та манай ээжээс уучлалт гуйчих гэж хэлсэн чинь тэр залуу над руу эргэж харснаа их чанга дуугаар “өө чиний хамгаалагч байсан юм уу” гэж хэлээд манай хүүг шууд ална гэж хэлээд аль гар гэдгийг нь санахгүй байна, манай хүүг цохих гэхэд нь хүү маань доошоо болоод эхний цохилтоос нь бултсан. Тэгээд манай хүүг тэр залуу шууд хоолойгоор нь багалзуурдаад ална гээд дайрахаар нь би сандраад орилоод нөгөө залуу, хүү 2-ыг салгах гээд дундуур нь орсон боловч дийлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-23/, гэрч Ч.Нгийн: “...Би дуудлага аваад Ананд дэлгүүрт очиход ...хариулт мөнгө өгсөнгүй гэж Г.Н гэх залуу хэл амаар доромжилсон маргаан болж байхад хажуу талаас нь Л.Э гэх эмэгтэйн хүү болох Б.Г гэх залуу ээжийгээ өмөөрч Г.Н гэх залуутай бие биенээ боож маргасан байсан. Намайг дуудлага аваад очихоос өмнө хоорондоо маргалдахаа болиод хүлээж байсан. ...хоёр биенээ боосон гээд Г.Н, Б.Г нарын хүзүү улайсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/, гэрч Г.Сын: “...Г.Н гэгч нь дэлгүүрт орж ирээд Л.Э гэх эгчтэй НӨАТ-ын баримтаас болж маргаан хийж байхад Л.Э гээд эгчийн хүү Б.Г ээжийгээ өмөөрч Г.Н гэгчтэй маргаан хийж хоорондоо барьцалдаж, заамдалцсан гэж байсан. ...Б.Г, Г.Н нарын хүзүү боолгосон бололтой улайсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/, шинжээчийн 7659, 7720 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Г, Г.Ннарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г, Г.Ннар нь хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ннь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г, Г.Ннарын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Г, Г.Ннарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Г.Ныг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял буюу ялыг ялгамжтай оногдуулах санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Б.Г, Г.Ннарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, хэн алиных нь буруутай үг, үйлдлээс гэмт хэрэг гарсан, хэн алиных нь биед хөнгөн хохирол учирсан зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг адил оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цамцыг Г.Ннь авна гэж мэдүүлсэн тул түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Н, Б.Г нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Г.Ннарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цамцыг Г.Над буцаан олгосугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Г.Ннарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР