Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01577

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01577

 

Л.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/01803 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Л.Н-

Хариуцагч: НШШГГт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 674 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1046 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 661 дугаар тогтоолоор Л.Н-, Ц.С-нараас 299,503,607 төгрөг гаргуулж, Улаанбаатар хотын банканд олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11/336 дугаар шинжээч томилох тухай тогтоолыг үндэслэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 16 дугаар байрны 01 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаартай 165 м.кв талбайтай орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 417,450,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаар 3 хоногийн дотор талуудад мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй. Харин энэ үнэлгээний талаар бид 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын хамт хүлээн авч мэдсэн. Ингээд шүүхэд нэхэмжлэлээ 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан, үнэлгээний талаар мэдсэнээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацааны дотор гомдлоо гаргасан байгаа. Эд хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн ханшаас хэт доогуур, үнэлээд байгаа эд хөрөнгө өнөөдрийн байдлаар 850,000,000 төгрөг байгаа.

Түүнчлэн, үнэлгээ хийгээд байгаа 11111 тоотод нэхэмжлэгч Л.Н- огт амьдардаггүй, харин 9/5 тоотод 2015 оноос хойш амьдарч байгаа. Одоо 11111 тоотод хэн амьдардаг нь тодорхойгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх боломжтой, гэхдээ хэн амьдарч байгааг нь бид мөн тодруулж чадахгүй байгаа. Мөн шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулаагүй байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.2, 18.5, 18.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 44.1, 8.1, 9.3.2-т заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон байх эрх бүхий этгээдийг томилсон баримтгүй байхад шүүх баримтыг дараа нь нөхөж авсан. Түүнчлэн, эд хөрөнгө хураасан тогтоол, битүүмжилсэн тогтоолыг гаргахдаа хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолууд дээр хөндлөнгийн гэрчээр Б.Т-, С.Б- гэсэн хоёр хүнийг хоёр удаа оролцуулсан нь хууль зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 674 дугаар шийдвэрээр Л.Н-, Ц.С- нараас 301,229,275 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Тус газар нь Л.Н-, Ц.С- нарт холбогдох гүйцэтгэх хуудсыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгч нарт дуудаж өгсөн боловч Л.Н-, Ц.С- нар нь төлбөрийг төлж барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгч нарт дуудаж өгсөн боловч, төлбөрийг төлж барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар гудамж, 16 дугаар байрны 01 тоотод байрлах, 165 м.кв талбай бүхий орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21290248/01 дугаар актаар битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21290248/03 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4-137/21915, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4-137/22136 тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй бөгөөд төлбөр авагчаас барьцаа хөрөнгөд шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан тул тус газраас Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээг тогтоолгосон.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь барьцаа хөрөнгиийг 417,450,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн. Шинжээчид эрх, үүргийг хуульд заасны дагуу танилцуулсан. Хөрөнгийн үнэлгээний төвийн захирал нь Р.З гэдэг хүн болох нь баримтаар тогтоогдож байгаа. Эд хөрөнгө хураасан тогтоолын талаар нэхэмжлэгч өмнө нь гомдол гаргаад ерөнхий шийдвэр гүйцэтгэгч тогтоолыг хүчингүй болгож дахин ажиллагааг явуулсан байгаа. Тэгээд ч нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэдгийг баримтаар няцааж чадахгүй байна. Нэхэмжлэгч Л.Н- нь барьцааны зүйл болсон 11111 тоот орон сууцандаа амьдардаггүй байж болно, өмчлөгч гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нэгэнт тогтоогдсон, тэгээд шүүхийн шийдвэрт уг орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуул гэсэн. Үүний дагуу бид ажиллагаа явуулсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй. Харин нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Тиймээс эд хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй, тус газраас явуулсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Худалдаа, хөгжлийн банк ХХК, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн боловч нэхэмжлэгч Л.Н- нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй, манай байгууллагад нэг ч төгрөг төлөөгүй, банкны эрх ашгийг хохироож байна. Мөн нэхэмжлэгч нь өмнө явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаанд гомдоод байх шиг байна. Энэ талаараа шийдвэр гүйцэтгэгчдээ гомдлоо гаргаж, асуудлаа урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байсан. Түүнчлэн барьцааны зүйл болсон, шүүхийн шийдвэрт заасан хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаа ажиллагаа явуулж байгаа, нэхэмжлэгч Л.Н- 11111 тоотод бодит байдлаар оршин суухгүй байгаа учраас эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Л.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгч Л.Н-гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь материаллаг болон процессын асуудлыг аль алийг нь зохицуулсан хууль бөгөөд нэг нэгэнтэйгээ салшгүй холбоотой ажиллагаанууд юм. Тухайлбал, эд хөрөнгийн үнэлгээ гаргахын тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл 49.1, 49.2, 54.1, 54.4, 41.4 дүгээр зүйлүүдэд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан Хөрөнгө үнэлэх ажиллагааг хийхээр хуульчилж өгсөн. Гэтэл хөндлөнгийн хоёр гэрч гэх Б.Т-, С.Б- нарыг хөндлөнгийн гэрчээр 2021 оны 03 сарын 25 болон 2021 оны 11 сарын 02-ны өдөр дахин дахин гэрчээр байлцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн бөгөөд гэрчүүдэд хууль сануулаагүй байгаа нь илэрхий алдаатай ажиллагаа болсон байдаг. Түүнчлэн, нэхэмжлэгчид дээрх хураах, битүүмжлэх ажиллагааг мэдэгдээгүй тул тус ажиллагаанд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс мөн төлбөр төлөгчид мэдэгдээгүй тул хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан тэмдэглэл хөтөлсөн болох нь хэргийн баримтаас харагдана. Иймд тухайн хураах, битүүмжлэх тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргаагүй гэх шүүхийн тайлбар үндэслэлгүй бөгөөд эд хөрөнгө үнэлэх ажиллагаа нь бүхэлдээ хуульд нийцээгүй гэж үзэхээр байна. Шүүх Хөрөнгө үнэлгээний тав ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь хуульд нийцсэн тухай дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэх нь хэсгийн 5-т дурдсан байдаг. Шинжээч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тайлбар мэдүүлэг өгөхдөө үнэлгээ хийсэн үл хөдлөх эд хөрөнгөнд орж үзээгүй тухайгаа мэдүүлсэн бөгөөд хаалганы завсараар ерөнхий байдлыг ажиглахад тухайн байр нь пентхаус байсан гэх тодорхойгүй тайлбар хийсэн байдаг. Гэтэл дээрх тайлбарыг шүүх үндэслэн үнэлгээ хуульд нийцсэн хэмээн дүгнэж буй нь илт үндэслэл муутай байна. Учир нь Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолоор баталсан Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний аргачлал журамд нийцээгүй байдаг. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хууль сануулсан гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч шинжээчид хууль сануулсан гэж тайлбарласан болов ч ямар хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай тайлбарлаж хэлээгүй болохоо шүүх хуралдааны мэтгэлцээний үед тайлбарласан болно. Хэрэгт авагдсан 2021 оны 11 сарын 24-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч Г.Баярбаатард эрх үүрэг, хариуцлагыг сануулсан гэх баримд ямар хууль сануулсан нь тодорхойгүй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.1 -д заасан Хараат бус байх хуулийн зарчимд нийцээгүй. Түүнчлэн шинжээч Г.Баярбаатарыг шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 04145 захирамжаар шинжээчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, мөн шинжээчийг хэргийн бүх үе шатад байлцуулан хэргийн оролцогчидтой адил байдлаар тайлбар мэдүүлэг өгсөн нь шүүгчийн итгэл үнэмшилд шууд нөлөөлж хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь мөн тухайн үнэлгээ хийсэн хаягт амьдардаггүй болохоо удаа дараа тайлбарласан бөгөөд түүнийгээ нотлох үүднээс түүнийгээ нотлох үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 38 дугаар зүйлд заасан нотлох үүргээ биелүүлэх боломжоор хангаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар гаргаагүй болно.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О: НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны дагуу яуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Л.Н- нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж маргажээ.

3.а. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00674 дугаар шийдвэрээр Л.Н-, Ц.С- нараас 299,503,607.31 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж, Улаанбаатар хотын банк ХХК-д олгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Л.Н-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж, 16 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай хувийн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахыг НШШГГт даалгаж шийдвэрлэжээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дүгаар сарын 08ы өдрийн 001/ХТ2020/00661 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /1 хх, х.77-93/

3.б. Иргэн, хуулийн этгээд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан.

3.в. Нэхэмжлэгч Л.Н- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08ы өдрийн 1490 дугаар захирамжийн дагуу 182/ГХ2021/00081 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ. /1 хх, х.76, 94/

Дээрх гүйцэтгэх хуудасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 21290248 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /1хх, х.95/

4.а. Хариуцагч НШШГГ нь дээрх шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж, 16 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай орон сууцыг 2021 оны 3 дугаар сарын 25ы өдрийн 21290248/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 21290248/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураажээ. /1 хх, х.108, 116/

4.б. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 7/95 дугаар тогтоолоор 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 21290248/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21290248/03 дугаар тогтоолоор хураан авсан болох нь баримтаар тогтоогдож байна. /1хх, х.130/

4.в. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасан хөндлөнгийн гэрч дахин оролцохыг хуулиар хязгаарлаагүй, мөн хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн өмнөх хураан авах ажиллагаа хүчингүй болсон тул дахин оролцсон гэж үзэх боломжгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

5.а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11/336 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж, 16 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэлгээг Хөрөнгө үнэлгээний төв ХХК-аар тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д заасантай нийцсэн. /1 хх, х.142-155/

5.б. Хариуцагч байгууллага нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх 191200010 дугаар тусгай зөвшөөрөл бүхий Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Г.Баярбаатарыг шинжээчээр томилсон байх ба шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулан эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулсан байхаас гадна шинжээч томилох тогтоолын 3 дахь заалтад шинжээч санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан байна. Иймд уг ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. (1 хх, х.143).

5.в. Шинжээч Хөрөнгө үнэлгээний төв ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж, 16 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай орон сууцыг 417,450,000 төгрөгөөр үнэлгээний тайланд үнэлжээ

5.г. Хариуцагч нь дээрх үнэлгээний тайланг төлбөр төлөгч Л.Н-, Ц.С- нарт 2021 оны 12 дугаар сарын 03ы өдөр шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт нийцжээ. /1 хх, х. 156/

Хавтаст хэрэгт авагдсан Монгол шуудан ХК-ийн бүртгэлийн дэвтрийн хуулбараас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 03ы өдрийн 4/137/23423 дугаартай мэдэгдэх хуудас буцаагдсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. /1 хх, х.51/

5.д. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч орон сууцны үнийг өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргаар тус тус тооцоолохдоо www.unegui.mn /үнэгүй.мн/, remax.mn /ремакс.мн/ зэрэг зарын сайт дээр худалдахаар зарлагдсан тухайн үнэлэгдэх хөрөнгөтэй нэг байршилтай, шинж чанарын хувьд ижил төстэй, зах зээлд худалдан борлуулагдахаар санал болгосон хөрөнгүүдийг харьцуулах замаар хөрөнгийн үнэ цэнийг тогтоожээ. Иймд уг орон сууцны зах зээлийн үнэлгээг 417,450,000 төгрөг гэсэн дүгнэлт нь хуульд нийцсэн байна.

5.е. Нэхэмжлэгч нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй тул Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж, 16 дугаар байрны 1 тоод хаягт байршилтай 165 м.кв талбайтай орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй.

5.ё. Төлбөр төлөгч Л.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөр төлөгчийг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж, 9 дүгээр байрны 5 тоод хувийн сууцанд амьдардаг, 16 дугаар байрны 1 тоотод оршин суудаггүй, бусдын эрх ашиг хөндөгдөж байна гэж тайлбарлах боловч уг байранд нэхэмжлэгч оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж, 16 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч нь Л.Н- болох нь 000411849 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх тул өөр байрны үнэлгээг гаргасан гэх гомдол үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээтэй холбоотой маргаан шийдвэрлэхэд дуудлага худалдааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан суурь зохицуулалтад нийцсэн эсэхийг шалгаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09ий өдрийн 182/ШШ2022/01803 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт гэснийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуянгийн гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.БЯМБАСҮРЭН

                                         ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                  С.ЭНХБАЯР