Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0246/з |
Дугаар | 349 |
Огноо | 2020-09-28 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 349
“М-У” ХХК-ийн гомдолтой,
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын
улсын ахлах байцаагч Ш.Ц-д холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0005561 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0405 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 469 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д,
Хариуцагч Ш.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулж,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0405 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-т заасныг баримтлан “М-У” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0005561 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 469 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0005561 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “М-У” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш.Ц-ын давж заалдах гомдлыг хангасан байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №469 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйл, 124 дүгээр зүйлийг тус тус баримтлан Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.
4. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “М-У” ХХКомпани нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №0005561 дугаартай шийтгэлийн хуудсаар “М-У” ХХК-д зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх үндэслэлээр 6.066.192 /зургаан сая жаран зургаан мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 5 үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасан. /Хавтаст хэргийн 1-3 хуудас/
5. Харин 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уг нэхэмжлэлийг эс хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасан. /Хавтаст хэргийн 32 дугаар хуудас/
6. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх №128/ШШ2020/0405 дугаартай шийдвэрээр ....Өрсөлдөөний тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-т заасныг баримтлан “М-У” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0005561 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай... гэж шийдвэрлэсэн байна. /Хавтаст хэргийн 171-177 хуудас/
7. 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ахлах байцаагч Ш.Ц нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0405 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх Давж заалдах гомдол гаргасан байна. /Хавтаст хэргийн 198-199 хуудас/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №469 дугаартай магадлалд: .../Хариуцагч Ш.Ц нь давж заалдах гомдолдоо “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн мэдээллийн төвийн 1800-1284 утсанд 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд амны хаалт, гар ариутгагч бодисын үнэ нэмэгдсэн, хомсдол үүссэн талаар нийт 94 иргэн хандсанаас 89 иргэний гомдол, санал нь амны хаалттай холбоотой. Иймээс агентлагийн даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/06 тоот удирдамжийн дагуу Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудыг удирдлага болгон Нийслэлийн 6 дүүргийн 21 эмийн сан, 1 эм ханган нийлүүлэх байгууллагад хяналт, шалгалтын ажлыг явуулсан. Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс “М-У” ХХК-ийн М м салбар нь амны хаалт /№95/-ыг худалдан борлуулж байсан үнэ тодорхойгүй, орлогын /дотоодын/ баримтад амны хаалт /№95/ 104 ширхэг үлдэгдэлтэй байгаа боловч хэрэглэгчдэд борлуулахгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.
8. Дээрх үйлдэлд нь “М-У” ХХК-д зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2002000068 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, 6.066.192 /зургаан сая жаран мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийн торгууль ногдуулсан болно.
9. “М-У” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 тоот тогтоолоор “Улаанбаатар хотын эмийн сангийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч”-ээр тогтоогдсон байдаг.
10. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “М-У” ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн албан бичигт хавсаргасан мэдээлэлд тус компанийн ахлах менежерээс эмийн сангууддаа 01 дүгээр сарын 29-ний өдөр “№95” амны хаалтыг борлуулахгүй байх, 30-ны өдөр амны хаалтны худалдах үнэ 2500 төгрөг болсон гэх цахим мессежийг илгээсэн байх боловч 31-ний өдөр “№95” амны хаалтыг борлуулахгүй байх тухай мессежийг дахин хүргүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглох асуудлыг зохицуулсны дотор 7.1.1-т “зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.
11. Эмийн сангийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн энэхүү үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн дээрх зүйл заалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын хэмжээнд эмийн сангийн борлуулалтын зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзэлдэг эрүүл мэндийн аж ахуй эрхлэгч нийтийн эрүүл мэндэд онц ноцтой нөхцөл байдал үүссэн буюу гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт дөнгөж шилжсэн цаг үед амны хаалтныхаа борлуулалтыг хязгаарласан нь амны хаалтны зах зээлд сөргөөр нөлөөлөх, хомсдол үүсэх нөхцөл бүрдүүлсэн гэж үзсэн.
12. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа... үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж заасан.
13. “М” ХХК нь Улаанбаатар хотын эмийн сангийн жижиглэн борлуулалтын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр 2019 онд тогтоогдсон бөгөөд импорт болон үйлдвэрлэлийн зах зээлд давамгай аж ахуй эрхлэгч биш юм.
14. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч “М-У” ХХК нь “№95” амны хаалтыг үйлдвэрлэгч биш, мөн импортоор оруулан ирдэггүй зөвхөн дотоодын борлуулагч нараас зах зээлийн ханшаар худалдан авч өөрийн эмийн сангуудаар худалдаалдаг....гомдол гаргагчийг давамгай байдалтай аж ахуйн нэгжийн ноёлох ажиллагаа явуулж зохиомлоор үнэ өсгөж борлуулалтыг хязгаарласан гэх байдал тогтоогдохгүй байна гээд улсын байцаагчийн актыг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хүлээн авч шийдвэрлэснийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
15. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч улсын байцаагчийн давж заалдах гомдлыг хянаж шийдвэрлэлээ.
16. Анхан шатны шүүхээс шийтгэлийн хуудсанд заасан “амны хаалтны борлуулалтыг зогсоосон” гэх зөрчил болох үйлдэл, эс үйлдэхүйн талаар, хяналт шалгалтыг удирдамжийн хүрээнд хийгдсэн эсэх зэргийг дүгнэлгүй, маргаж буй үйл баримтад буруу дүгнэлт өгч, нотлох баримтыг буруу үнэлж, “тус компани нь” амны хаалтыг худалдан авсан үнээсээ доогуур үнээр борлуулсан нь хэрэгт авагдсан гэрээ болон 1 дүгээр сарын 27-30-ны өдрүүдийн е-баримтаар тогтоогдсон ....“N95” амны хаалтыг үйлдвэрлэгч биш, мөн импортоор оруулж ирдэггүй зөвхөн дотоодын борлуулагч нараас... худалдан авч өөрийн эмийн сангуудаар худалдаалдаг болох нь баримтуудаар тогтоогдож байх тул аж ахуйн нэгжийн ноёлох үйл ажиллагаа зохиомлоор “үнэ өсгөж” борлуулалтыг хязгаарласан гэх байдал тогтоогдоогүй” гэж дүгнэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий болоогүй байна.
17. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 1/06 дугаар хяналт шалгалтын удирдамжаар Шинэ коронавирусын халдварын дэгдэлттэй холбогдуулан амны хаалт, эмнэлгийн спирт, гар ариутгагч бодис борлуулагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, судалгаа хийж Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгахад хяналт шалгалтын үндэслэл, зорилго нь чиглэжээ.
18. Уг үндэслэл нь, зорилгын хүрээнд улсын байцаагч “М” м салбарт хяналт хийхэд “N95” амны хаалтны үлдэгдэлтэй атлаа борлуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зогсоосон үйл ажиллагааг тогтоож, энэ нь Өрсөлдөөний тухай хуульд заасан хориглох үйл ажиллагааг явуулан уг хуулийг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д зааснаар шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байх бөгөөд зорилгодоо нийцээгүй, удирдамжид заагаагүй асуудлаар шалгалт хийсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
19. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0005561 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “М-У” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш.Ц-ын давж заалдах гомдлыг хангасугай ....../ гэж шийдвэрлэжээ.
20. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж, хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Ш.Ц-ын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн үндэслэлгүй гомдлыг хангасан байна. Уг гомдолд:
21. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн мэдээллийн төвийн 1800-1284 утсанд 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд амны хаалт, гар ариутгагч бодисын үнэ нэмэгдсэн, хомсдол үүссэн талаар нийт 94 иргэн хандсанаас 89 иргэний гомдол, санал нь амны хаалттай холбоотой гэх боловч уг 89 иргэний гомдол нь М м эмийн сантай холбоотой гомдол байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Үүнээс үзэхэд Шударга өрсөлдөн, хэрэглэгчийн төлөө газар нь иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу “М М” эмийн сангийн салбарт шалгалтын ажиллагаа явуулж зөрчил илрүүлсэн мэтээр тайлбар хүргүүлсэн нь үндэслэлгүй байна.
22. Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс “М-У” ХХК-ийн М м салбар нь амны хаалт /№95/-ыг худалдан борлуулж байсан үнэ тодорхойгүй, орлогын /дотоодын/ баримтад амны хаалт /№95/ 104 ширхэг үлдэгдэлтэй байгаа боловч хэрэглэгчдэд борлуулахгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон гэх боловч “М-У” ХХК нь импортоор бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэггүй бөгөөд нийгмийн хариуцлагын үүднээс эмийн санд борлуулагдаж байсан маск дууссан, тасалдал үүссэн байсныг арилгах зорилгоор дотоодын зах зээлээс тухайн зах зээлийн ханшаар “И з х” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний дагуу 11.000 /арван нэгэн мянга/ ширхэг маскийг худалдан авсан. Уг гэрээний дагуу нэг ширхэг маскийг 3600 төгрөгөөр худалдан авч зохих татвар, зардлыг нэмж 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5700 төгрөгөөр борлуулагдах үнийн санал батлагдаж салбар эмийн сангуудаар буюу М м эмийн сангийн салбарт хүргэгдсэн. Гэвч уг үнийн асуудлаар компанид: иргэдээс бусад эмийн сангуудад хямд үнэтэй байна гэх мэдээлэл ирсэн. Иймээс “М-У” ХХК нь нөхцөл байдалд дүгнэлт хийж өндөр үнээр иргэдэд борлуулахаас татгалзаж эмийн сангуудын борлуулалтыг түр зогсоож үнийн судалгааг явуулсан байна. Уг судалгаагаар А ф эмийн санд “N95” амны хаалт ширхгийн үнэ 2500 төгрөг байсан. Иймээс л компанид алдагдал хүлээж иргэдийг хямд үнэтэй маскаар хангах үүднээс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хямдруулан 2500 төгрөгөөр худалдаж эхэлсэн. Энэ нь хэргийн материалаар хангалттай нотлогдож байна.
23. “М-У” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 тоот тогтоолоор “Улаанбаатар хотын эмийн сангийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч”-ээр тогтоогдсон байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “М-У” ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн албан бичигт хавсаргасан мэдээлэлд тус компанийн ахлах менежерээс эмийн сангууддаа 01 дүгээр сарын 29-ний өдөр “№95” амны хаалтыг борлуулахгүй байх, 30-ны өдөр амны хаалтны худалдах үнэ 2500 төгрөг болсон гэх цахим мессежийг илгээсэн байх боловч 31-ний өдөр “№95” амны хаалтыг борлуулахгүй байх тухай мессежийг дахин хүргүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглох асуудлыг зохицуулсны дотор 7.1.1-т “зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон гэх боловч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “М-У” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тогтоогоод 2020 оны 01 дүгээр сарын 29-ний шалгалтаар зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох зорилгоор борлуулалтыг зогсоосон гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн хуулийг буруу тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл “М-У” ХХК нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч учраас ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн байна. Түүнээс ямар шалтгаанаар борлуулалтыг зогсоосон, тухайн үеийн амны хаалтны зах зээлийн ханш хэдэн төгрөг байсан, тухайн үед зах зээлд яагаад амны хаалтны хомсдол үүссэн байсан мөн “М-У” ХХК нь нийгмийн хариуцлагын үүднээс үнийг хямдруулж компанид алдагдал хүлээсэн зэргийг дутуу шалгасан байна. Ноёлох үйл ажиллагаа нь зах зээлд бусад өрсөлдөгчийг хаан боогдуулах, бусад өрсөлдөгчийг хуйвалдан гаргах, нөгөө талаас хэрэглэгчийг хясан боогдуулах гэсэн ийм зах зээлийн тодорхойлолт байгаа. Харин “М-У” ХХК-ийн хувьд тэр дундаа М м салбарт үлдсэн 104 ширхэг маскийг борлуулахыг түр зогсоосноор зах зээлд хомсдол үүсгэх боломжгүй. Тэгээд ч тухай үед зах зээлд амны хаалтны хомсдол үүссэн байсан нь “М-У” ХХК-тай хамааралгүй юм. Үүнээс үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь шалгалтын ажиллагааг дутуу явуулсан байж хуулийг буруу хэрэглэсэн нь харагдаж байна. Мөн дараах баримтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Үүнд:
24. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “М-У” ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн албан бичигт хавсаргасан мэдээлэлд тус компанийн ахлах менежерээс эмийн сангууддаа 01 дүгээр сарын 29-ний өдөр “№95” амны хаалтыг борлуулахгүй байх, 30-ны өдөр амны хаалтны худалдах үнэ 2500 төгрөг болсон гэх цахим мессежийг илгээсэн байх боловч 31-ний өдөр “№95” амны хаалтыг борлуулахгүй байх тухай мессежийг дахин хүргүүлсэн байна гэх нь үндэслэлгүй хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “№95” амны хаалтыг борлуулахгүй байх тухай мессеж нь Салбар эмийн сангуудтай ямар ч холбоогүй Forward буюу зөвхөн өмнө явуулсан мессежийг хуулийн зөвлөх Б.А уруу илгээсэн байна. Түүнээс амны хаалтыг борлуулахгүй байх талаар дахин мессеж илгээгдээгүй үндэслэлгүй юм. /Хавтаст хэрэг 83-84 хуудас/
25. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхэд гаргасан тайлбар нь үндэслэлгүй болох нь мөн баримтаар тогтоогдож байна. Үүнд:
26. “М-У” ХХК-ийн М м эмийн сангийн салбарын Дотоод орлогын баримт /Хавтаст хэрэг 45 хуудас/-д хоёр өөр төрлийн үнэ бичигдсэн байна. Эхний хүснэгтэд “...Маск цаасан Н95/0304662/ тоо-150 нэгж өртөг 3600...” гэж бичигдсэн нь Компанийн худалдан авалт хийсэн зардлын мөнгөн дүнг тусгасан байна. Харин дараагийн хүснэгтэд бичигдсэн “...Маск цаасан Н95/0304662/ тоо-150 нэгж үнэ 5700...” гэсэн нь М м салбараар зарагдах үнэ байна. Гэтэл үүнийг буруу тайлбарлаж дотоодын орлогын баримт ойлгомжгүй, Н95 амны хаалтыг худалдан борлуулж байсан үнэ тодорхойгүй гэсэн нь үндэслэлгүй байна.
27. “М-У” ХХК нь “И з х” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний дагуу 11000 ширхэг Н95 амны хаалтыг ширхгийн үнэ 3600 төгрөгөөр авч тус бүтээгдэхүүний үнэ дээр компанийн үйл ажиллагааны зардал, НӨАТ зэргийг нэмж 5700 төгрөгөөр борлуулахаар болсон боловч үйлчлүүлэгч, иргэдээс маскны үнэ өндөр тогтоосон талаар гомдол, мэдээлэл ирсэн. Үүний дагуу “М-У” ХХК нь нийгмийн хариуцлагын үүднээс борлуулалтыг түр зогсоож зах зээл дээр байгаа Н95 маскны үнийн судалгааг хийсний үндсэн дээр компанид алдагдал хүлээн ширхгийн үнийг нь 2500 төгрөгөөр борлуулсан. Гэтэл зах зээлийн үнийн судалгаа хийх борлуулалт түр зогсоосон үйлдэлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хариуцлага ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн “Бодит нөхцөл байдалд тохирсон байх” гэдэг зарчимд нийцэхгүй байна. “М-У” ХХК нь үнийн судалгаа хийх, үнэ хямдруулах ажиллагаа нь программаар явагддаг тул нэг хоногийн хугацаа шаардагддаг. Түүнээс зах зээлд тухайн бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол бий болгосон, ашиг олсон, ноёлох үйл ажиллагааг хууль бусаар ашигласан зүйл байхгүй нь хэргийн материалаар нотлогдож байна.
28. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 469 дугаарын магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
29. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
30. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0005561 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн “М-У” ХХК-д 6,006,192 төгрөгийн торгууль ногдуулсныг хүчингүй болгуулахаар тус компаниас гомдлын шаардлага гарган маргажээ.
31. Хавтас хэрэгт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Л-ын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр баталсан 1/06 дугаар хяналт шалгалтын удирдамж, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинэ короновирусийн халдварын дэгдэлттэй холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 04 тоот “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг шинэчлэн тогтоох тухай” тогтоол тус тус авагдсан байна.
32. Тус удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтын ажлын танилцуулгад дурдсанаар 6 дүүргийн 21 эмийн сан, 1 эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаатай танилцсан ба үүнд “М-У” ХХК-ийн “М” м салбар хамрагдсан бөгөөд шалгалтын үеэр тус эмийн сангийн эрхлэгч О.Ц-ээс тайлбар, мэдээлэл авахад N95 маскны үнэ хэдээр зарж байгаа нь тодорхойгүй, кассын дүн, орлогын баримтын дүн зөрүүтэй, орлогын /дотоодын/ баримтан дээр N95 маск үлдэгдэлтэй байгаа боловч хэрэглэгчдэд борлуулаагүй нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах” гэсэн хориглолтыг зөрчсөн үйлдэл юм. Энэ талаар “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 04 дүгээр тогтоолоор “Улаанбаатар хотын эмийн сангийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч”-ээр тогтоогдсон “М-У” ХХК нь амны хаалтны борлуулалтыг зогсоож дээрх хуулийн заалтыг зөрчсөн” гэж давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
33. Хэдийгээр нэхэмжлэгч “зах зээлийн үнийн судалгаа хийх зорилгоор борлуулалтыг түр зогсоосон” гэж тайлбарлаж, гомдлын нэг үндэслэл болгож байгаа боловч уг үйлдэл нь хуулиар тухайлан хориглосон эрх зүйн харилцааг зөвтгөх бодит нөхцөл болохгүй.
34. Иймд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 469 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН