Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 421

 

                                                            Г.Мт холбогдох                                                               

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр магадлалтай, Г.Мт холбогдох 1925003870053 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2019 оны 5 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн, Иөншөөбү овогт Г.М нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 3  сар 13 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Маас 170.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Бд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...3 жил 3 сар 10 хоногийн...” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “... 5.6 дугаар зүйлийн 4...” гэж, тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...55...” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.М гаргасан гомдолдоо: “...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би LG гар утсаа 50.000 төгрөгөөр зарах бодолтой байсан ч Ч.Бд 25.000 төгрөгөөр зарсан. Үүнийг хамт байсан М болон гэрч Ж.Б нар мэдэж байгаа болно. Миний авсан утас LG гар утас байсан. Тухайн үед хохирогч Ч.Бг яг ямар гар утастай явж байсныг тогтоох бүрэн боломжтой. Гэтэл хохирогчийн үгийг үнэн гэж үзээд миний үгийг авч хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Samsung S3 гар утас LG гар утаснаас хамаагүй үнэтэй учраас би аваагүй утасныхаа төлөө илүү мөнгө төлөх нь хуульд нийцэхгүй, шударга биш. Хэрэг гарсан өдөр хохирогч ямар утастай явж байсныг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэвэл хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоох боломжтой тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх Г.Мыг иргэн Ч.Бгийн гар утсыг дээрэмдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хохирогчийн мэдүүлгийг үндэслэн тогтоосон. Тухайн үед хамт байсан гэрч С.Ц, Ж.Б нар хохирогч Ч.Бгийн гар утасны загвар, маркийг мэдэж байсан эсэх нь тодорхойгүй, мөрдөгч тэднээс мэдүүлэг авахдаа энэ талаар асууж тодруулаагүй. Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар дүгнэлт хийхдээ хоёр гэрч гар утасны маркийг мэдэж байгаа эсэх тодорхойгүй нөхцөл байдал нь хохирогчийн мэдүүлгийг няцаах үндэслэл болохгүй гэж, мөн хохирогч өөрийн дээрэмдүүлсэн гар утас болон хэргийн талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрчүүд хохирогчийг яг ямар гар утастай байсныг мэдэж байсан эсэх тодорхойгүй нөхцөл байдал нь Г.Мын Ч.Бд LG маркийн гар утас байсан гэж мэдүүлсэн мэдүүлгийг няцаах үндэслэл бус, харин ч тэднээс энэ талаар мэдүүлэг авах, цаашилбал тухайн өдөр хохирогчийн биедээ авч явсан гар утасны маркийг тодруулж, магадлахгүйгээр дан ганц хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж, дүгнэх боломжгүйг харуулна. Учир нь хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй байхад нотлох баримтад үндэслэхгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж хохирлын хэмжээг тооцож, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5, 36.3 дугаар зүйлийн 1 болон 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт нийцээгүй тул Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.М нь хохирогч Ч.Бг айлган сүрдүүлж, хүч хэрэглэж довтлон хүрэмний халаасанд байсан Самсунг эс-3 маркийн гар утас, өмдний арын халаасанд байсан бэлэн 50.000 төгрөгийг дээрэмдсэн авсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа “Самсунг эс-3 маркийн гар утас дээрэмдүүлсэн” гэдэг бөгөөд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дээрх утсаа хэрхэн худалдаж авсан талаар тодорхой мэдүүлсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Мт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт орших “Хүлэг” захын гадна хохирогч Ч.Бгийн 120.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-3 загварын гар утас болон 50.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж, нийт 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд 2 жил хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Мын өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялын хэмжээг “1 жил 3 сар 10 хоног” гэж, мөн түүний цагдан хоригдсон хоногийг “55 хоног” гэж тооцон, шүүгдэгч Г.Мын нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 3 сар 10 хоногоор тогтоож, энэ талаар шийтгэх тогтоолд зөвтгөсөн өөрчлөлт оруулсныг үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзэхэд хохирогч Ч.Б анх Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-11/ болон мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ Самсунг Эс-3 загварын гар утсаа дээрэмдүүлсэн, тухайн гар утсыг 2018 онд 160.000 төгрөгөөр худалдаж авсан /хх-23, 25, 27/ гэж удаа дараа мэдүүлснийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэн, хохирогч Ч.Бг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтуудыг үнэн зөв, хууль ёсны шаардлагыг хангасан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоохдоо хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хохирогч Ч.Б ямар загварын гар утастай байсныг дахин шалгуулах” талаар шүүгдэгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                     Б.БАТЦЭРЭН           

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН