Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 707

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

хохирогч Ж.Э,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваагийн М холбогдох эрүүгийн 1705000310051 тоот дугаартай 2 хавтаст хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.М нь согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 9а дугаар гудамжны 3 тоотын цоожийг эвдлэн, хууль бусаар нэвтэрч орж иргэн Ж.Эын эзэмшлийн болор рунк 50 ширхэг, болор стакан 7 ширхэг, болор чихрийн таваг 11 ширхэг, болор мартини 2 ширхэг, бүрмэл төмөр чихрийн таван 4 ширхэг, аккумлятор зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: Би Ж.Эын эд зүйлсийг Алтанхуягийн гэрээс ганцаараа хулгайлж авсан нь үнэн.  Намайг хулгай хийхэд Мөнхзул байгаагүй. Харин би хулгай хийчихээд Батмөнхийн гэрт очиход Мөнхзул тэнд байсан юм. Эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон хохиролын үнэлгээг зөвшөөрч байна. Хохиролыг төлж барагдуулна гэв.    

 

Хохирогч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт:  Би нийт 1.929.800 төгрөгийн эд зүйлээ нөхрийн ах Алтанхуягийн гэрээс хулгайд алдсан. Энэ үнэлгээ бол зах зээлийн үнэлгээ биш зөвхөн миний бараагаа худалдаж авсан үнэ юм.  Харин сахлын машин, аккумлятор болон 1 хайрцаг болор таваг, 1 ширхэг стакан буцааж авсан. Буцаан авсан эд зүйлсийнхээ үнийг хасаад одоо 1.758.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ж.Э мөрдөн байцаалтанд: Би 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд гэртээ байж байтал нөхөр Бямбаагийн утас руу төрсөн ах Алтанхуяг нь залгаад манай гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь би нөхрийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 9а-3 тоот гэрт нь явж очсон юм. Би хувиараа Билэг их дэлгүүрт болор шилэн эдлэл 2007 оноос хойш зардаг болсон ба нөхрийн ах Алтанхуягийн гэрийн хажуу өрөөнд болор, шилэн эдлэлээ агуулах болгон хураадаг юм. Хулгай орсон байна гэхээр нь явж очтол Алтанхуяг ах цагдаа дуудсан байсан ба би давхар цагдаа дуудсан юм. Цагдаа иртэл гэрт оролгүй байж байгаад цагдаа ирэхээр нь ороход уг байшингийн ертөнцийн зүгээр баруун талын вакум цонхыг нь хагалаад хулгай орсон байсан.

Би эд зүйлээ бүртгэж үзэхэд манай агуулахын үүдэн хэсэгт байсан том цаасан хайрцаганд байсан 50 ком хайрцаг, нэг хайрцган дотроо 6 ширхэгтэй болор рунк, болор стакан 7 хайрцаг, нэг хайрцаг дотор 6 ширхэгтэй, 2 хайрцаг болор мартин, нэг хайрцган дотроо 6 ширхэгтэй, том чихрийн болор таваг 8 ширхэг, жижиг болор таваг 4 ширхэг, бүрмэл чихрийн төмөр элсэн сахрын таваг 4 ширхэг алга болсон байсан. Би шаардлага гарахаараа очиж авдаг байсан тул яг хэзээнээс хойш хэдэн удаа орж, хулгайлж авсан гэдгийг мэдэхгүй байна. Хулгай орсон өдрөөс 4-5 хоногийн өмнө нөхөр очиж үзэхэд агуулахын өрөөнд байсан 28 метрийн урттай кабелийн хар утас алга болсон байсан. Надад нийт учирсан хохирлын үнэлгээгээр 1.809.800 төгрөг гэж гарсан байгаа тул би алдсан эд зүйлсээ энэ үнээр нь үнэлж байна. Алтанхуяг ахын хааяа хамт архи уудаг М, Мөнхзул нар авч явсан байсан. Яагаад гэвэл хулгай орсон өдөр Алтанхуяг ах нэг айл руу ороход тэр хоёр барьчихсан сууж байсан гэсэн. Хулгайд алдсан болор эдлэлүүдээс хулгай хийсэн хүмүүстэй Алтанхуягийн таарсан гэх хашааны хойд талын айлын настай эмэгтэйгээс 1 хайрцаг болор таваг, 1 ширхэг стакан буцааж авсан. Мөн тухайн айлаас автомашины аккумлятороо буцааж авсан. /1-р хх-ийн 4-5х, 77х, 194-196/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Алтанхуяг мөрдөн байцаалтанд:... Би 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчимд худгаас ус авах гээд явж байтал худгийн хажуу талд Мөнхзул, М нартай таартал тэр хоёр Монгол стандарт нэртэй 750 граммын архи барьчихсан байсан. Ингээд би усаа авч гэртээ тавьчихаад эргэж гарч ирээд М, Мөнхзул нартай уулзаад М надад архи хийж өгөх үед миний утас дуугараад охин Энхжаргалантай ярьсан юм. Миний утас болдоггүй тул чанга яригч дээр тавьж байгаад ярихад охин Энхжаргалан “та усанд оролгүй удчихлаа манайд халуун ус ирсэн байна, хүрээд ир гэхээр нь за” гэж хэлээд утсаа таслаад Мын хийж өгсөн архийг уулгүй амсчихаад яваад өгсөн. Ингээд би 21 дүгээр хороолол руу охиных руугаа явлаа гэж хэлээд салаад явсан. Гэртээ орж дотуур хувцсаа аваад 13 цагийн үед гэрээсээ гарсан ба охиныхоосоо 17 цагийн үед эргэж Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн-Нарангийн 9а-3 тоотод гэртээ ирэхэд байшингийн баруун талын вакум цонхыг хагалж хулгай орсон байсан. Ингээд гэртээ ороход гэрийн эд зүйлс эмх замбараатай байсан ба дүү Бямбаагийн эхнэр Энхжаргалын агуулах болгосон жижиг өрөөнд хулгай орсон байхаар нь дүү Бямбаадаа мэдэгдэж, цагдаа дуудсан. Хулгай орсон өдөр М, Мөнхзул хоёрыг байж магад гэж бодоод Батмөнхийн гэрт яваад очтол хоол идээд сууж байсан. Тэгэхээр нь та хоёр авсан юмнуудаа өгчих, цагдаа дуудсан бас дүүгээ дуудсан байгаа, авсан зүйлээ эргүүлээд өгчих гэхэд М нь цуйван идэж байсан сэрээгээ бариад босоод ирэхээр нь айгаад гарч зугтаагаад дүү Бямбаадаа хэлээд эргэж явж ортол М, Мөнхзул хоёр хулгай хийсэн эд зүйлсээ аваад явчихсан байсан. Ингээд Батмөнхөөс тэр хоёрыг хаачсаныг  асуухад аваачсан эд зүйлсээ өгөөд уучлалт гуйна гээд гарсан гэж хэлсэн. 2016 он гарахаас өмнө би өдрийг нь санахгүй байна, надад Энхжаргал 3 ширхэг стакан, чихрийн таваг өгч байсан. Сүүлд М дотор муу байна, үхэх гээд байна гэхээр нь 3 ширхэг стаканаа өгөөд тэрийг нь Баянгол зах дээр аваачиж нэгийг нь 5.000 төгрөгөөр өгөөд, 15.000 төгрөгөөрөө Чандмань дэлгүүрээс 2 шил архи аваад М, Мөнхзул нарын хамт гадаа сууж байгаад уусан. Тэрнээс хойш хулгай орсон өдөр тэр хоёртой архи уугаад хамт явсан зүйл байхгүй. /1-р хх-ийн 70-71х, 78х/ гэх мэдүүлэг,  

 

Гэрч П.Батмөнх мөрдөн байцаалтанд: Би 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал Ө.Мөнхзул, Д.М хоёр гаднаас хэдэн цаг болж байсныг одоо санахгүй байна, би гэртээ хоол хийгээд сууж байтал гаднаас хайрцагтай эд зүйлс торонд хийчихсэн барьж орж ирээд үүдний хэсэгт тавьсан байсан. Хэдэн тортой, цүнхтэй эд зүйлс барьж орж ирснийг мэдэхгүй. Алтанхуяг орж ирээд гарч явсан. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй ба Алтанхуяг ах дуугүй гараад явчихсан. Тэгтэл Ө.Мөнхзул, Д.М хоёр юм хулгайлсан бололтой, цонхоор нь ороод болор хундага хулгайлсан гээд юм яриад байснаа Алтанхуяг ахад эргүүлж аваачиж өгнө гээд эргээд гараад явсан. Удалгүй Алтанхуяг ах орж ирээд М, Мөнхзул хоёрыг асуухаар нь танайх руу буцааж юмыг чинь аваачиж өгнө гээд гарсан. Тэгээд Мөнхзул, М хоёр хаачсаныг мэдэхгүй ба сүүлд сонсоход төрсөн эгч Цэвэлмаад хайрцагтай болор эдлэл хэн нь бэлэглэсэн талаар мэдэхгүй, хулгайн эд зүйлс байна гээд аваачиж өгсөн гэж сонссон. /1-р хх-ийн 87х/ гэх мэдүүлэг,  

 

Гэрч П.Цэвэлмаа мөрдөн байцаалтанд: Би Баянгол дүүргийн 10-р хороо Зүүн Нарангийн 4-10б тоотод нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг ба 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ач хүү Тэмүүжингийн төрсөн өдөр болсон. Ач хүүгийн төрсөн өдрийг тэмдэглээд сууж байтал 17 цаг 30 минутын орчим төрсөн дүү Батмөнхийнд хааяа ирдэг зүс таних М нь цонхоор ач хүүгийн чинь төрсөн өдрийн бэлэг гэж 2 хайрцагтай зүйл өгсөн. Мын өгсөн 2 хайрцагтай эд зүйлийг гэртээ тавьчихаад байж байтал 20-30 минутын дараа зүс таних Алтанхуяг гаднаас ах Бямбаа, цагдаа нартай хамт орж ирсэн. Цагдаа нар нь айлд хулгай орсон байна гэхээр нь М, Мөнхзул хоёр сая манайхаар дайраад 2 хайрцагтай эд зүйл өгчихөөд хойшоо гараад явлаа, өгсөн эд зүйл нь энэ байна гээд Бямбаагийн эхнэрт өгсөн. Тэгэхэд хоёр хайрцагтай зүйлийн нэг нь болор рунк байсан ба эхнэр нь мөн байна гээд аваад явсан. /1-р хх-ийн  242-243х/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Д.М мөрдөн байцаалтанд: “...2016 оны 5 сарын 15-ны өдрийн 12 цагийн үед найз Мөнхзул, Алтанхуяг нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цагаан худгийн хажуу талд нэг шил 500 граммын Стандарт нэртэй архи хувааж уусан юм. Архиа хувааж уугаад тэндээсээ яваад дахиж архи олж ууя гээд Өргөө кино театрын ар талд хоёрдогч түүхий эд авдаг газрын хажууд явж байтал хуучны таньдаг, тэр хавиар архи уудаг хүмүүстэй таараад тэд нартай нийлээд 10 гаран хүн 750 граммын нэрийг нь мэдэхгүй архи уусан юм. Архи ууж дуусаад тэндээс явтал Мөнхзул би хүнтэй уулзаад чадвал архины мөнгө, чадахгүй бол нэг хайрцаг тамхи олж ирье гээд явах үед Алтанхуяг за байж бай гэрээсээ шилэн стакан байгаа тэрийг чадвал зараад архи авч ууя, би хүнээс асуугаадхая гэж хэлээд Алтанхуяг ах явсан. Орсон газар нь Идэр заан гэх нэртэй хүнсний зах байдаг. Тэнд орчихоод гарч ирээд явъя гэж хоёулаа манайх руу очоод аваад ирье гэж хэлээд бид хоёр Баянгол дүүргийн 10 дугаар хороо цагаан худгийн ертөнцийн зүгээр зүүн талд байдаг гэрт нь очоод чи гадаа байж бай би орчихоод ирье гээд гэрлүү орсон юм. Би гадаа хүлээгээд зогсож байтал нэг их удалгүй 5 гаран минутын дараа гартаа хайрцагтай ... шилэн стакан барьсан гарч ирээд бид хоёр цуг нөгөө хүнсний зах дээр очоод ахин намайг гадаа байж бай гээд гадаан нь хүлээгээд байж байтал гартаа 15.000 төгрөг барьсан гарч ирсэн. Алтанхуяг ахыг гарч ирэх үед Мөнхзул 13 дугаар сургуулийн завсраар гарч ирж байгаа харагдахаар нь бид хоёр урдаас нь явж очиход архи олдсонгүй, нэг хайрцаг тамхи олдлоо гэж хэлэхээр нь за наадах чинь яахав гээд Алтанхуяг ах, Мөнхзул бид гурав 13 дугаар сургуулийн хойд талд байдаг нэг давхар хүрэн тоосгон дэлгүүрээс 2 шил 750 граммын Стандарт архи аваад Алтанхуяг ахын гэрт нь очиж уусан юм. 2 шил архиа хувааж уугаад дуустал Алтанхуяг ах тасраад уначихаар нь Мөнхзул бид хоёр гэрээс нь гараад гадуур  явж байгаад орой 21 цагийн үед Алтанхуяг ахынд очиж байшингийнх нь баруун талын хашаа байшин хоёрынх нь завсрын вакум цонхыг нь гартаа зузаан даавуу ороож байгаад цохиж хагалж ороод гэрт нь орсон юм. Өдөр Алтанхуяг ах 3 хайрцаг стакан барьж гарч ирэхдээ дүүгийнхээ агуулахын өрөөний цоожийг алхаар цохиж онгойлгоод орчихсон гэж хэлсэн юм. Тэр үгийг нь санаад агуулахын өрөөний цоожийг нь мулталж ороод үүдэнд байсан 10 хайрцаг шилэн рункүүд, жижиг аккумляторыг аваад өрөөний цоожийг нь эргүүлж зүүгээд цонхоороо гараад Мөнхзул бид хоёр хамт гэрээс нь уруудаад Мөнхзул хайрцагтай рункээ торонд хийгээд авч явсан. Би аккумляторыг Батмөнхийн гэрт оруулж тавьсан юм. Ингээд Мөнхзул бид хоёр цааш яваад хулгайлж авсан шилэн рункнүүдээ Өргөөгийн баруун талын цайны газар болон  тэр хавиар байсан газруудаар орж нэгийг нь 5000 төгрөгөөр зарсан. Мөнхзул хагалсан цонхны хажууд байшингийн хажууд зогсож байгаад надаас хайцагтай рунк аваад торонд хийсэн юм. Гэрээс нь гарч ирээд авсан рункээ тоолоход 10 хайрцаг нэг хайрцаг дотроо 6 ширхэгтэй байсан. Нийт 60 ширхэг рунк авч зарсан Алтанхуяг ах гэртээ тасарчихсан унтаж байсан. Алтанхуяг ах  өөрөө хааяа зарж архи авч уудаг байсан. Хулгай хийсэн өдрийн өмнөх өдөр Алтанхуяг ах 7 ширхэг рунк зарж архи уусан гэж сонссон. Би Алтанхуяг ахын гэрээс хулгай хийсэн 60 ширхэг болор стакан зарчихсан. Аккумляторыг нь би Батмөнхийнд үлдээчихсэн байсан. Батмөнхийн гэрээс очоод Алтанхуяг ахын дүү нь авсан гэсэн. Хулгай хийсэн зүйлээ бүгдийг нь зараад архи уучихсан. Сахлын хутга алга болсон гэж сонссон бид гуравыг архи ууж байхад ширээний доод талд нь байж байсан. /1-р хх-ийн 8-10/,

Би тэр хаалганы цоожийг нь эвдээгүй, би улаан уул дэлгүүрийн гаднаас явж очиход Алтанхуяг рункнуудыг нь уутанд хийчихсэн байсан. Тэгээд бид хамт явсан. Алтанхуяг надад хэлэхдээ дүү энийг зараад утасныхаа төлбөрийг хий гэсэн гэж надад хэлсэн. Бид хоёр хамт Идэрзаан хүнсний дэлгүүрийн гадна очоод би гадна үлдсэн Алтанхуяг дотогш ороод удалгүй мөнгөтэй болоод гараад ирсэн. Дотор ороод хэнд зарсан талаар би мэдэхгүй. Бид хоёр буцаж Улаан уул дэлгүүрт очиж Алтанхуяг өрөө өгөөд 2 шил архи авсан. Бид хоёр хамт гэрт нь очиж авсан архийг нь хувааж уусан. Тэр өдрийнхөө орой 21 цагийн орчим Алтанхуяг 5 хайрцаг рунк гаргаж надад өгөөд Өргөөгийн тэр хавиар аваачаад зарчих гэхээр нь би авч Өргөөгийн тэр хавьд очоод зарах гэж явж байгаад Мөнхзултай таараад хамт явж Өргөөгийн тэр хавьд явж байсан хүмүүст зарчихсан юм. Би хамт архи ууж рунк зарсан нь үнэн  боловч би хаалга үүдийг нь эвдэж цонхыг нь хагалаагүй болохоор уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. /2-р хх-ийн 16-17, 67-68/ гэх мэдүүлгүүд,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 53-58/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 190-191/

 

Шүүгдэгч Д.Мын хувийн байдалтайгаар холбоотойгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 118х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 15х, 131х/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Мөрдөн байцаалтын явцад хэрэгт сэжигтэн Д.М нь хохирогч Ж.Эын эд зүйлсийг хулгайлах гэмт хэргийг Ө.Мөнхзултай бүлэглэж үйлдсэн талаар мэдүүлсэн байх ба Баянгол дүүргийн Прокурорын газраас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаартай прокурорын тогтоолоор Ө.Мөнхзулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурьдаж байна.

 

Түүнчлэн Д.Мт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.М согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн-Нарангийн 9а дугаар гудамжны 3 тоотод байрлах  Б.Алтанхуягийн амьдардаг байшингийн цонхыг хагалан орж Ж.Эын эзэмшлийн нийт 1.929.800 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Эын”...цагдаа ирэхээр нь ороход уг байшингийн ертөнцийн зүгээр баруун талын хашааны талд байдаг вакум цонхыг нь хагалаад хулгай орсон байсан...”, гэрч Б.Алтанхуягийн”...17 цагийн үед эргэж гэртээ ирэхэд байшингийн баруун талын вакум цонхыг хагалж хулгай орсон байсан. Ингээд гэртээ ороход гэрийн эд зүйлс эмх замбараатай байсан ба дүү Бямбаагийн эхнэр Энхжаргалын агуулах болгосон жижиг өрөөнд хулгай орсон байхаар нь дүү Бямбаадаа мэдэгдэж, давхар цагдаа дуудсан...М, Мөнхзул хоёр хулгай хийсэн эд зүйлсээ аваад явчихсан байсан...” гэрч П.Батмөнхийн”Би 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал Ө.Мөнхзул, Д.М хоёр гаднаас ...хайрцагтай эд зүйлс торонд хийчихсэн барьж орж ирээд үүдний хэсэгт тавьсан байсан...Тэгтэл Ө.Мөнхзул, Д.М хоёр юм хулгайлсан бололтой, цонхоор нь ороод болор хундага хулгайлсан гээд юм яриад байснаа Алтанхуяг ахад эргүүлж аваачиж өгнө гээд эргээд гараад явсан...” гэрч П.Цэвэлмаагийн”...Цагдаа нар нь айлд хулгай орсон байна гэхээр нь М, Мөнхзул хоёр сая манайхаар дайраад 2 хайрцагтай эд зүйл өгчихөөд хойшоо гараад явлаа, өгсөн эд зүйл нь энэ байна гээд Бямбаагийн эхнэрт өгсөн. Тэгэхэд хоёр хайрцагтай зүйлийн нэг нь болор рунк байсан ба эхнэр нь мөн байна гээд аваад явсан...” гэх тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 53-58/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 190-191/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Д.Мын холбогдсон гэмт хэрэг нь 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд түүнд холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

Прокуророос Д.Мыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан                    зүйлчилж ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзнэ.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүхээс шүүгдэгч Д.Мыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд  нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд Д.Мын хууль бус үйлдлээс хохирогч Ж.Эд нийт 1.929.800 төгрөгийн хохирол учирснаас 171.800 төгрөгийн эд зүйлс биет байдлаар буцаан олгогдсон байгааг хасаж тооцон шүүгдэгч Д.Маас 1.758.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Эд олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд  нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.  

 

Шүүх, шүүгдэгч Д.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзсэн болно.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж байна.