Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00026

 

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00026

 

 

......- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2016/00922 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ...-н нэхэмжлэлтэй

Хариуцагч .....- ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ...-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.    

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр .....- ХХК-ийн менежер ХХХХ-тай ХГ/01/2015 дугаар бүхий макетны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компанийн ХХХ, ХХХ, ХХХ гэх нэр бүхий төслүүдийн макетний ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээ ёсоор миний бие тус гэрээт ажлыг 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 33 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж, ажлын хөлсөнд 30 000 000 төгрөг авахаар болж, урьдчилгаа 10 000 000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 20 000 000 төгрөгийг бартераар авах болсон. Гэвч захиалагчийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай зураг төслийг өгөхгүй хожимдуулсантай холбоотой ХХХ, ХХХ төслийн макетийг 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд ХХХ төслийн зурагт өөрчлөлт оруулах болсон учир макет хийх ажлыг түр хойшлуулсан. Макетны ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д хариуцагч талаас ажлын зураг төслийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 хоногийн дотор багтаан өгч, ажил гүйцэтгэх боломжоор хангана гэж заасан байдаг. Тиймээс хариуцагчийн зүгээс нэмэлт төсөвтэй холбоотой материалуудыг заасан хугацаанд өгсөн бол нэхэмжлэгч нь ажлаа 100 хувь хийж гүйцэтгэх боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс ХХХ хорооллын макетны ажлын материалыг хугацаандаа өгөөгүй тул Иргэний хуулийн 355.1-д зааснаар гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь өөрөөсөө 12 000 000 төгрөгийн материал авч ХХХ, ХХХ хорооллын ажлыг хийж гүйцэтгэсэн. ХХХ, ХХХ төслийн макетын ажил нь нийт ажлын 72 хувь бөгөөд ажлын хөлс нь 21 600 000 төгрөг бөгөөд урьдчилгааны 10 000 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 11 600 000 төгрөгийг, гэрээний 3.2-т зааснаар алданги 5 800 000 төгрөгийг гаргуулахаар тооцсон. Иймд ХГ/01/2015 дугаар бүхий макетны ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ХХХХ, ХХХ төслийн макетны ажлын үлдэгдэл 11 600 000 төгрөг, алданги 5 800 000 төгрөг, нийт 17 400 000 төгрөгийг хариуцагч .....- ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ...-тай .....- ХХК-ийг төлөөлж ажил гүйцэтгэх гэрээг ХХХХ хийсэн байдаг. Гэвч гэрээнд заахдаа ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн тохиолдолд ажлын хөлсийг ажил гүйцэтгэх акт үйлдсэний дараа хөлсийг өгнө гэж 2 тал харилцан тохирч урьдчилгаа болгож нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгийг өгсөн. Гэрээний 3.5-д зааснаар гэрээнд ажлыг тогтоосон хугацаанд хүлээлгэж өгөх ёстой байтал гэрээний дагуу акт үйлдээгүй, нэхэмжлэгч талаас ажлаа хүлээлгэж өгөөгүй. Нэхэмжлэгч нь ямар ажлыг яаж хийж гүйцэтгэсэн тухайгаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч талаас 10 000 000 төгрөгийн урьдчилгаа аваад энэ талаараа тайлан тооцоог гаргасан баримт байхгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, мөн хариуцагч талд хийсэн ажлаа тайлагнаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч .....- ХХК-иас 15 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч .....- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 236 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг манай компанийн зүгээс огт хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байгаа ба иргэн ...- болон ".....-" ХХК нарын хооронд байгуулсан ХГ/01/2015 тоот гэрээний 2.1-р заалтад Гэрээгээр гүйцэтгэх макетны ажлын үнийг 30 000 000 төгрөг бөгөөд нийт төлбөрийн 33.3% буюу 10 000 000 төгрөгийг бэлнээр үлдсэн 66.6% буюу 20 000 000 төгрөгийг бартераар буюу автомашин эсхүл орон сууцны төлбөрт оролцуулан төлөхөөр тохиролцон гэрээг байгуулсан. Бид гэрээнд заасан ёсоор 10 000 000 төгрөгийг бэлнээр 2015.02.05-ны өдөр иргэн ...-д өгсөн. Мөн бид гэрээг байгуулахдаа "ХХХ", "ХХХ" "ХХХ" гэсэн гурван ширхэг төслийн макетыг хийлгүүлэхээр тохирсон ба ...- нь ХХХ төслийн макетны ажлыг хийж өгөөгүй байж төлбөрийг нэхэмжилж байгаа нь гэрээг зөрчиж хуулинд нийцэхгүй байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2016.10.11-нд хуралдсан шүүх хуралдаанд манай албан тоотыг үл харгалзан манай компанийн төлөөлөл байхгүй байхад нэхэмжлэгч талын хоёр гэрчийг оролцуулан шүүх хуралдааныг явуулан шийдвэр гаргасныг бид мөн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ...- нь хариуцагч .....- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт ХХХХ, ХХХ төслийн макетын ажлын хөлсний үлдэгдэл 11 600 000 төгрөг, алдангид 5 800 000 төгрөг, нийт 17 400 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ХГ/012015 тоот Макетын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд энэхүү гэрээгээр хариуцагч .....- ХХК-ийн захиалгаар нэхэмжлэгч ...- нь ХХХ, ХХХ, ХХХ гэх нэр бүхий 3 төслийн макетны ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсөнд нийт 30 000 000 төгрөг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т зааснаар захиалагч .....- ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 10 000 000 төгрөгийг гүйцэтгэгч ...-д шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч ...- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ХХХ, ХХХ төслийн макетыг захиалагчид хүлээлгэн өгсөн, ...ХХХ төслийн зургийг өгөөгүйгээс уг төслийн макетыг хийх боломжгүй болсон гэж тайлбарласан ба гэрч ХХХХ, ХХХХ нарын мэдүүлэг, хариуцагч байгууллагын ажилтнуудтай цахим шуудангаар харилцаж байсныг баталгаажуулсан үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бичгийн баримт, фото зураг зэргээр нэхэмжлэгч ...- нь дээрх 2 төслийн макетын ажлыг хийж гүйцэтгэн хариуцагч .....- ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг болон Макетын ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.1, 3.2, 4.4-т тус тус зааснаар хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө, алдангийн хамт шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг ...ХХХ, ХХХ төслийн макетын ажил нь адил хэмжээтэй буюу тус бүрдээ 128 дм.кв, 1 дм.кв нь 84 270 төгрөгөөр үнэлсэн, ХХХ төсөл 100 дм.кв гэж тооцож гэрээ хийсэн, нийт ажлын 72 хувь бөгөөд ажлын хөлс нь 21 600 000 төгрөг бөгөөд урьдчилгааны 10 000 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн ... гэж тодорхойлсныг шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсэргүүцсэн тайлбар гаргаагүй зэргээс үзэхэд анхан шатны шүүх үлдэгдэл төлбөр 11 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч .....- ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...хийж гүйцэтгэсэн ажлаа акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарласан байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүйн гадна Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2.-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцох тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т захиалагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээг хугацаанд нь дуусгавар болгоогүй тохиолдолд ...гэрээний гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч ...-н хийж гүйцэтгээгүй ажлын хэмжээг 8 400 000 төгрөгөөр тодорхойлж, үүнээс алдангийг тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлаж 4 200 000 төгрөгийн алданги тооцон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Харин хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч .....- ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ оролцсон, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11ий өдрийн 183/ШШ2016/00922 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 355.1, 227 дугаар зүйлийн 227.3 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч .....- ХХК-ийн төлсөн 237 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Н.БАТЗОРИГ