Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 737

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Д.Эрдэнэчимэг,

           Шүүгдэгч: М.Д, Э.Б, Б.П нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.П, Э.Б, М.Д нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805041140849 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Д, урьд ял шийтгэлгүй,

            2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , урьд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

            3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.П, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч М.Д, Э.Б, Б.П нар нь бүлэглэн “2018 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва рестораны автобусны буудал дээр иргэн П.Лийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Дий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө найзуудтайгаа цуг хорооллын эцэст бааранд орсон. Баарны гадаа найзтайгаа таараад яриад зогсож байхад хохирогч ирээд та нар бид нартай мэндэлсэнгүй, намайг нэгийн эсрэг нэг зодолдъё гэж хэлсэн. Тэгсэн Б.П гарч ирсэн. Б.Пг чи намайг таньж байна уу гэхэд Б.П чамайг таньж яадаг юм гэж хэлээд маргалдаж, зууралдаж тэр хоёр газар унасан. Тэгсэн хажуунаас нь Билэгт цохьсон. Хохирогчийг газарт унахад би өшиглөсөн” гэв.

Шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг баарнаас гараад ирэхэд манай найзыг бариад авсан байсан. Хохирогч чи намайг танихгүй байна уу гэхэд нь би танихгүй байна гэсэн. Тэгээд Б.П тэр хоёр барьцалдаж авахаар нь би хажуунаас нь цохьсон” гэв.

Шүүгдэгч Б.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Баарнаас гарч ирээд хохирогчтой маргалдаж, цохилцсон. Ноцолдож байгаад газар унасан” гэв.

Хохирогч П.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед жинсэн яактай нь ирээд салгасан. Тэгээд бид хоёр зууралдаад газар унасан, тэгэхэд хүмүүс ирээд салгахаар нь би босоход нэг хөл орж ирээд миний зүүн нүд рүү өшиглөсөн. Тэгэхэд миний нүд харанхуй оргиж оч манараад би боссон. Гэмтлийн эмнэлэг ороод үзүүлэхэд нүдний ухархайн дээд яс хугарсан, доод яс бяцарсан байна гэж хэлсэн. ...бид нар хоорондоо маргалдаж байгаад хоёр тийшээ салах гэтэл Пүүжээ гэдэг хүүхэд ирээд чи одоо хэн бэ гээд над руу тулж ирэхэд хажуунаас нэг нь хавсарч унагаахад би нүүрээ дараад газар унахад дээрээс нүүр нүдгүй өшиглөөд байсан. Тэгээд би босох гэтэл миний нүүр рүү хэн нэг нь өшиглөсөн. ...Тэд нар бүгдээрээ нийлж газар унагаж байгаад дээрээс толгой руу өшиглөөд байсан. Тухайн үед би нүүрээ дарсан байсан болохоор хэн өшиглөөд байгааг харж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Гэрч А.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бааран дотроос П.Л гарч ирээд та нар ах нарынхаа хажууд тамхи татлаа больцгоо гэхэд М.Д гэх хүүхэд нь өөрт чинь ямар хамаатай юм гээд хэрүүл болсон. Тэгээд Б.П цаанаас ирээд П.Лтай маргалдаад хоорондоо муудалцаж, заамдалцаж, зууралдсан. Тэгэхэд хажуу талаас эрээн шорттой жижиг залуу П.Лийг 2, 3 удаа толгой руу нь цохиод цаашаа зугатаахад би араас нь хөөсөн. Тэгээд эргээд иртэл зодоон болоод дуусчихсан. П.Л намайг нүд рүү цохьчихлоо цагдаа дуудна гээд М.Дийг бариад зогсож байсан ...Зодоон болохоос өмнө нүд нь зүгээр байсан. Харин зодоон болсны дараа зүүн нүд нь хавдсан харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Шинжээчийн 9667 тоот дүгнэлтэд: “...П.Лийн биед зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн нүд, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 41/,

Сэжигтэн, яллагдагчаар Э.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад өөрийн найз М.Д, Ж, Б, Б, Б.П нарын хамт “Энжое” бааранд орж сууцгаасан. Бааранд бид нар хүний нэг, нэг шил пиво захиалж уусан. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байхад Б.П бид 2 бааранд байхад нөгөө хэд гадаа гарсан байсан. Тэгээд би гадаа гарахад манай хэд 2, 3 ахтай юм яриад зогсож байсан. Б.П араас гарч ирээд нэг ахтай нь мэндлэхэд хажуу талаас нь хар подвалктой ах надтай мэндэлсэнгүй гэхэд Б.П би чамтай яахаараа мэндэлдэг юм гэж хэрүүл хийсэн. Тэгээд тэр хоёр бие биенийгээ заамдаж аваад хоёр биенийгээ цохилцоод байсан. Тэгээд би хамт явж байсан нэг залуутай нь муудалцаад эргээд хартал Б.П хар подвалктой ахтай зууралдаад байхаар нь би очоод нөгөө ахын толгой руу 2 удаа цохиход Жамъяансүрэн намайг татаж аваад би цаашаа зам гараад зугатаагаад явсан. ...би сэжигтнээр өгсөн мэдүүлгээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед хохирогчийн нүдэнд гэмтэл учруулаагүй. Харин хохирогчийн дух руу 2 удаа гараараа цохиж 1 удаа гэдэс хэсэг рүү нь  өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-51-52, 65-66/,

Сэжигтэн, яллагдагчаар Б.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...подвалктой ах чи яагаад надтай мэндлэхгүй байгаа юм гэхээр нь чамтай мэндэлж яадаг юм гэхэд намайг ирээд заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдахад хажуу талаас Б, М.Д хоёр ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд дахиад бид хоёр зууралдахад намайг заамдаад эрүү рүү цохьсон, би зөрүүлж толгойг нь уургалж аваад толгой руу нь 2 удаа цохиод бид хоёр ноцолдож байгаад газарт унасан. Тэгээд бид хоёр босоход хажуу талаас хэн нь мэдэгдэхгүй уг залууг цохих шиг болсон. Бид нар 2 тийшээ салахад уг залуугийн зүүн нүд улайсан харагдсан. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44, 69-70/,

Сэжигтэн, яллагдагчаар М.Дий мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед Б.П хохирогч П.Л хоёр хоорондоо зууралдаад газар унасан. Тэгээд унахад П.Л манай найз Б.Пгийн дээр нь дараад унасан. Тухайн үед газарт тэр хоёрыг унах үед П.Лийн дух нь харагдахаар нь би доороос нь өлгөж гутлынхаа урд дээд хэсгээр өшиглөсөн. Тэгээд тэр хоёр зууралдаад Б.П хохирогч П.Лийн дээр гарахад би гутлынхаа ар хэсгээр толгой хэсэг рүү нь өсгийдсөн. Тэгээд тэр хоёр босч ирээд салцгаасан. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа....хохирогч П.Лтай сайн дурын үднсэн дээр эвлэрч эмчилгээний зардал 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан тул надад оногдуулах ялыг хөнгөрүүлж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43, 61-62/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн бичлэг бүхий сиди, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-25/, Компьютер томографийн оношлогоо /хх-н 42/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 85-101, 130-133, 137-139/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 146/, Хохирогчийн хүсэлт /хх-н 150/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Д, Э.Б, Б.П нар нь бүлэглэн “2018 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва рестораны автобусны буудал дээр иргэн П.Лтай маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч П.Лийн: “...бид нар хоорондоо маргалдаж байгаад хоёр тийшээ салах гэтэл Б.П гэдэг хүүхэд ирээд чи одоо хэн бэ гээд над руу тулж ирэхэд хажуунаас нэг нь хавсарч унагаахад би нүүрээ дараад газар унахад дээрээс нүүр нүдгүй өшиглөөд байсан. Тэгээд би босох гэтэл миний нүүр рүү хэн нэг нь өшиглөсөн. ...Тэд нар бүгдээрээ нийлж газар унагаж байгаад дээрээс толгой руу өшиглөөд байсан. Тухайн үед би нүүрээ дарсан байсан болохоор хэн өшиглөөд байгааг харж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/, гэрч А.Гийн: “...Б.П цаанаас ирээд П.Лтай маргалдаад хоорондоо муудалцаж, заамдалцаж, зууралдсан. Тэгэхэд хажуу талаас эрээн шорттой жижиг залуу П.Лийг 2, 3 удаа толгой руу нь цохиод цаашаа зугатаахад би араас нь хөөсөн. Тэгээд эргээд иртэл зодоон болоод дуусчихсан байсан. П.Л намайг нүд рүү цохьчихлоо цагдаа дуудна гээд М.Дийг бариад зогсож байсан. ...Зодоон болохоос өмнө нүд нь зүгээр байсан. Харин зодоон болсны дараа зүүн нүд нь хавдсан харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, шинжээчийн 9667 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан тухайн хэргийн үйл баримтыг тогтоосон бичлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч М.Д, Э.Б, Б.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг буюу “гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх”-ийг журамлан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байх тул давхар ерөнхий ангийн дээрх заалтыг журамлах шаардлагагүй болоыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Д, Э.Б, Б.П нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь хохирогчтой надтай мэндэлсэнгүй гэх таарамж тохиромжгүй харьцааны улмаас маргалдсан буюу тодорхой санаа сэдэлттэй, түүнчлэн, хохирогч нь шүүгдэгч Б.Пг түрүүлж цохисноос уг гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Д, Э.Б, Б.П нар нь согтуурсан үедээ хохирогч П.Лтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгч нараас эмчилгээний зардлаа бүрэн авсан, сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 150/ бичгээр гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч М.Д, Б.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Э.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч Э.Б урьд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байх ба уг торгуулийн ялыг биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан торгуулийн ялыг төлсөн болох нь банкны баримтаар тогтоогдсон тул түүнд энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй болно.

          Прокурор шүүгдэгч Э.Бэд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал буюу урд ял шийтгүүлсэн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар ялын санал гаргаж танилцуулсан нь үндэслэлтэй байна.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

          Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.П, Э.Б, М.Д нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д, Б.П нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр, шүүгдэгч Э.Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д, Э.Б, Б.П нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР